Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа захиргааг эсэргүүцэж байна

МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, оюутнууд МУИС-ийн захиргааны шийдвэрүүдийг хууль бус, луйврын шинжтэй хэмээн эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулахаар болжээ.  МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс сургуулийнхаа захиргаанд хандаж хэд хэдэн шаардлага бичиг гаргасан ч захиргаа асуудлыг нь шийдэж өгөхгүй байгаа гэнэ. Тодруулбал МУИС-ийн шинэчлэл, өөрчлөлтийн улмаас төгсөх курсийн оюутнууд өрөнд орсон, түүнчлэн энэ жил сургалтын төлбөр 30-100 хувь нэмэгдсэн. Үүгээр зогсохгүй ирэх жил мөн сургалтын төлбөрийг нэмэх гэж байгаа аж. Энэ тухай МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, оюутнууд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарласан. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Өлзийт хорооллоос Шувуун фабрик хүртэлх замыг маргааш хаана

Өлзийт хорооллоос Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх 9.06 км авто замыг гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, явган хүний зам, ногоон байгууламжтай болгож бүрэн шинэчлэх гэж байгаа. Одоогоор зам барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд маргаашнаас тус замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Замыг арваннэгдүгээр сарын 30 хүртэл хаахаар болсон байна. Иймд одоо ашиглаж байгаа замын урдуур түр туслах замаар машинуудыг явуулахаар төлөвлөжээ.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махны талыг нь борлуулжээ

Нөөцийн махны худалдаагаар 7483.6 тонн буюу 50.2 хувийг одоогоор худалдан борлуулаад байна. Үүнээс хонины мах 3900.1, ямааны мах 1069,8 , үхрийн мах 2513, 7 тонныг борлуулжээ. Улаанбаатар хотод жижиглэн худалдааны 350 цэгээр 6.268.8 тн (52.2%) мах худалдсан байна. Үүний  3449.4 тонн нь хонины, 817.4 тонн нь ямааных, 2002.0 тонн нь үхрийнх аж. Нийслэлд “Хүчит шонхор”, “Нарантуул-II” худалдааны төв зэрэг 14 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа аж. Нийслэл бэлтгэсэн 12,000 тонн махныхаа 50 гаруй хувийг худалдаад байгаа гэнэ. Орхон аймагт 33 цэгээр 683,6 тн мах худалдан борлуулсаны 302,1 тонн нь үхрийн, 249,8 тонн нь хонины, 131,7 тонн нь ямааны мах байна. Дархан- Уул аймагт 110 цэгээр нийт 531,3 тонн мах борлуулсан байна. Үүнээс үхрийн мах 209,5 тонн, хонины мах 200,9 тонн, ямааны мах 120,8 тонн мах байгаа аж. Нийт 1000 тн мах бэлтгэсний 53 хувийг худалджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Иен чангарсаар байна

Ам.доллартай харьцах иенийн ханш сүүлийн хоёр сарынхаа дээд түвшинд хүрсэн талаар “Bloomberg”  мэдээллээ.Украин дахь сөргөлдөөн, Вьетнам дахь Хятадын эсрэг эмх замбараагүй явдлын улмаас аюулгүй валютын эрэлт өссөн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа аж. Лондон дахь “Canadian Imperial Commerce”-ийн валютын ахлах шинжээч Жереми Стретч “Үнэт цаас эрсдэлтэй байгаа учраас хөрөнгө оруулагчид иенийг сонгож эхэллээ” гэсэн байна.  Өчигдөр ам.долларын эсрэг иений ханш 0.1 хувиар чангаран, нэгж “ногоон” 101.36 иентэй тэнцсэн байна.  Лондонд их үдийн алдад 101.24 иен нэг ам.доллартай тэнцсэн нь гуравдугаар сарын 17-ноос хойших хамгийн чанга үнэлгээ аж. 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар төсвийн мөнгийг ингэж хэмнэнэ

Манай улсад үүссэн эдийн засгийн хямралт байдлыг даван туулахын тулд “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлан хэрэгжүүлж буй. Үүнтэй холбогдуулж Засгийн газар ээлжилт хуралдаанаараа төсвийн зардал хэмнэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж Засгийн газрын тогтоол гаргажээ. Уг тогтоолын дагуу төсвийн зардлыг хэмнэх нь улсын эдийн засгийг хямралаас гарахад тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж үзэж байгаа ажээ. Төсвийг хэмнэлтийн горимт шилжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хүргэж байна. 

Categories
мэдээ нийгэм

Байгууллагууд стандартын дугуйн зогсоол хийлгэж болох нь

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачилгыг энэ сарын 21-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Санаачилгын хүрээнд Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн баг болох Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбооноос стандартын дагуу хийгдсэн дугуйн зогсоолын санал гарч, энэхүү саналыг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх аж. Байгууллагууд зөвлөгөө авч өөрсдөө унадаг дугуйн зогсоол хийх эсвэл МЗХ-оор дамжуулан стандартын дагуу дугуйн зогсоолыг хийж  өгөх байгууллагуудтай холбогдож болох юм байна.  

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Манай эдийн засаг 2030 он гэхэд арав дахин өснө

Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, “Нова Терра” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа. Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийг¬дэх ажил болон өнөө¬гийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэе.

-Өнөөдрийн Монголын эдийн засгийн талаар ямар байр суурьтай байгаа вэ. Төрийн түшээд улс төрийн өнцгөөс намын байр сууриа илэрхийлээд байх юм. Таныг бизнес эрхлэгчийн хувиар голтой хариулт хэлэх байх гэж бодож байна?

-Манай эдийн засаг өнөө¬дөр нөгөө байдгаараа л байна гэдэг шигээ байна. Биднийн гол сорилт бол яаж 5-10 жилийн дотор өнөөдрийн 10 тэрбумын (ам.доллар) хэм­жээнээсээ 20 тэрбум, 30 тэр­бум болж өрсөлдөх чадвартай болох вэ гэдэг асуудал. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэхийн тулд, эдийн засгийн загварыг шинэчлэх ажил бидний өмнө байна. Зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэх бүрт Монголын иргэд, бизнесүүд түүнийг нь шууд мэдэрдэг болсон. Нэг талаасаа бид түүнд нь зохицож амьдрах шаардлагатай байгаа бол нөгөө талдаа эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төлөвлөлт, бодлого, татвар, санхүүгийн системтэй болох хэрэгтэй байна. 

Мөн бид шинэ эх үүсвэрээс түргэн хугацаанд хөгжлийн санхүүжилтийг босгож, дэд бүтцээ барьж, шинэ ажлын байртай болох шаардлага тулгарч байна.

Уул уурхайн салбар байнга өсөлттэй явж чадахгүй байгаа тул түүнтэй зохицсон шинэ системийг бид бий болгох гэж байна. Манай эдийн засаг 2030 он гэхэд дахиад 10 дахин томорно гэдэгт би бат итгэлтэй байгаа. Энэ процессийг шууд хийх гээд яараад байгаа нь зүй ёсны юм. Эдийн засгийг хурдан томруулж чадвал тодорхой нэг мөчлөгт амсдаг бэрхшээлүүд байхгүй болно. Өнөөдөр бидэнд зовлон болоод байгаа зүйлс эдийн засаг тэлчихвэл маргааш нь мартагдчихна. Бид үргэлж ирээдүйгээ хардаг. Тиймээс таван жилийн өмнө юу хэрэглэж байснаа эргэн санах гэхээр бараг мартчихсан байдаг. Хүмүүсийн хэрэгцээ эдийн засгаа дагаад хурдан өөрчлөгдөж байна. Монголчууд дэд бүтэцтэй байснаар эх орондоо үр бүтээлтэй, эрүүл амьдрах орчин нэмэгдэнэ. 

-Тэгэхээр аливаа шийд¬вэрт бизнесийн оролцоо их чухал байх нь ээ?

-Бидэнд 20 гаруй жилийн бизнесийн туршлага байна.Эдийн засгийн 80 хувийг үйлдвэрлэж байна. Монголын бизнес өрсөлдөх чадвартай байх нь эдийн засаг эрүүл өсөх нэг гол тулгуур юм. Бизнесийг өрсөлдөх чадвартай болгохын тулд эдийн засгийн сайн төлөвлөгөө хийх шаардлага байгаа. Эдийн засгийн 80 хувийг үйлдвэрлэж байна. Монголын бизнес өрсөлдөх чадвартай байх нь эдийн засаг эрүүл өсөх нэг гол тулгуур юм. Бизнесийг өрсөлдөх чадвартай болгохын тулд эдийн засгийн сайн төлөвлөгөө хийх шаардлага байгаа. Эдийн засаг өнөөдрийнхөө энэ бүтцээр яваад байвал таван жил болоод орлого буурдаг цикль хэвээр л үлдэнэ. Өнөөдөр иргэн, бизнес, төр ширээний гурван талд гарч суучихаад “Танай эдийн засаг л болохгүй байна” гээд байгаа. Монгол гэдэг чинь нэг л эдийн засаг тул, бүгдээрээ энэ эдийн засгийнхаа төлөвлөлтдөө хамт оролцоод явах нь чухал. Түүнээс улбаалан бүтээн байгуулалт эмх замбараатай болно. Тэгснээр хэн юу хийхээ мэддэг болох юм.

-Яах аргагүй төр, бизнес хоёр бие биедээ нуруу нуруугаа харуулчихаад хэцүү байна л даа. Тал талын оролцоотой шийдвэр гарч чадах уу?

-Төр нь иргэн, бизнесийн оролцоотой шийдвэр гаргадаг нөхцөлийг бий болгох нь 100 хоногийн гол үүрэг байх ёстой болов уу. Түүнээс юмыг шүүмжлээд суух амархан. Тийм ч хууль, татвар, энэ зүйл болохгүй хэцүү байна гээд байвал дараа жил ч гэсэн ингээд л сууж байна. 

Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Боломжийг хүн бүрт олгоод нээлттэй талбарыг бий болгож бүх хүмүүстэйгээ бэрхшээл, туршлагаа ярилцан нэг шийдвэр гаргавал сайн шийдвэр гарна гэсэн үг. Өөрсдийнх нь эрх ашгийг хөндөж буй асуудал дээр хамгийн их эрх ашиг нь хөндөгдөж буй хүмүүс асуудлаа яриад шийддэг болбол зөв гарц болно. 

-Эдийн засгийг эрчим¬жүүлэх зөвлөл 100 хоногийн хүрээнд ямар ажил хийх вэ?

-Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийнхөн 10 тэрбумаас 20 тэрбумд яаж хурдан хүрэх вэ гэдэг дээр бүгд санал бодлоо уралдуулж байна. Өсөлтийг дэмждэг системтэй болох нь чухал. Түүн дээрээ анхаарч ажиллана. Монголын эдийн засаг гэдэг том зургаа хэн ч харсан ойлгомжтой болгох ёстой. Хүн бүр л өөр өөрийн зургаа хараад явж байсныг шинэчлэх хэрэг гарч байна. Иргэд, бизнес эрхлэгчид бол татвар төлөгчид. Тиймээс татварыг эдийн засгийн өсөлтийг дэмжсэн болгож өөрчлөхөд зөвхөн татвар хураадаг нэг нь биш, татвар төлдөг хоёртойгоо суугаад шийдвэл эрүүл үйл явц, зөв шийдвэр гарна. Одоогийн тогтолцоо 10 тэрбумын эдийн засагт таарахгүй байгаа юм. Бид 10-20,30 тэрбум руу дэвшсэн эдийн засагтай болъё гэвэл түүнийг дэмжсэн тогтолцоотой болох хэрэгтэй. Монголчууд дэлхийн зах зээлийн нэг хэсэг болчихоод сайн дурын уран сайханч шиг жижиг концерт тоглож болохгүй. 

-Өнөөдөр бид юу хийж чадаж байна. Юуг чадахгүй байна?

-Манай эдийн засгийн загвар нь уул уурхай, хөдөө аж ахуйд түшиглэсэн хэвээр байгаа. Тиймээс бид байгаагаараа байгаа. Монголын эдийн засгийг тойроод Хятад, Орос, Япон, Солонгос, мөн Энэтхэгийн зах зээл гээд тоогоор хэлбэл гурван тэрбум гаруй хүнтэй том зах зээл бий. Бид нэг талаасаа далайд гарцгүй ч нөгөө талдаа асар уудам, байгалийн гамшгаас хол газар нутагтай. Гурван сая хүн амтай жижигхэн, 11 орчим тэрбум ам.долларын эдийн засаг. 45 сая толгой малтай, газар доороо асар их уул уурхайн анхан шатны нөөцтэй. Дээр нь нар, салхи усны эрчим хүчний нөөцтэй улс. Хүн амын ихэнх хувь нь эдийн засгийн идэвхтэй насан дээрээ яваа. Нөгөө талаасаа Монголын эдийн засаг хэдхэн жилийн өмнө нэг тэрбум байсан бол одоо арав дахин томорчихсон. 

-Тэгвэл эдийн засгийн бүтэц буруу байгаа гэж ойлгож болох уу?

-Буруу ч биш л дээ. Манай эдийн засгийн байгаа нь л энэ. Яагаад ийм бүтэцтэй байна гэхээр дэлхийн зах зээл, борлуулдаг өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүн нь уул уурхайн бүтээгдэхүүн. Энэ нь үнэ цэнэтэй бараа хэдий ч биднээс шалтгаалахгүй зэс, нүүрсний олон улсын үнэ хэлбэлздэг. Үнийн хэлбэлзэл нь эрэлттэй шууд холбоотой. Хэрэглэгчдийн эдийн засаг тэлж байна уу, үгүй юу гэдгээс шалтгаалдаг. Түүнээс Монголд хүмүүс үнийг зохицуулах контролдох боломжгүй. Бид харин зардлаа буюу, хэрхэн илүү хямдаар, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдээ хүргэхээ шийдэж чадна. Энэ бол өрсөлдөх чадварын нэг хэсэг. Өнөөдөр манай хамтарч ажилладаг Австралид ч Улаанбаатартай адил хөрөнгийн хомсдол бий болж бизнес удааширч байна гэж гомдоллож байгаа. Бид дэлхийн эдийн засгийн адилхан нэг талууд юм. 

-Ухаалаг төр эдийн засагт хэр чухал үүрэгтэй вэ? 

-Бид өмнөх туршлагаасаа хараад алдаагаа давтах ёсгүй. Өмнө нь бид яарвал даарахын алдаануудыг гаргаж байлаа. Олон мэргэжлийн хүн сайн төлөвлөөд гаргах ёстой шийдвэрээ, заримдаа тооцоололгүй хурдан хийх гээд байдгаас болж алдах гээд байдаг. Бизнес бол тэгдэггүй. Аливаа бизнесмэн хүн үргэлж ирээдүйгээ тооцоолдог. Хамгийн гол нь 10 төгрөгийг яаж 20 төгрөг болгох вэ гэдгээ үргэлж бодож явдаг. Засгийн газар үүн дээрээ алдаад байх шиг санагддаг. Урт хугацаанд төлөвлөөд хийх ёстой ажлаа хэтэрхий яарч хийх гэснээс болж, богино хугацаанд хийчих ажлаа хугацаа алдан сунжруулдаг. Байраа сольсон энэ үзэгдлийг нэг талбар дээр хардаг болох хэрэгтэй. 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ гэж байхаар 100 жилд нь яаж өрсөлдөх чадвартай байлгах вэ гэдэг бодлогын шийдвэрийг өнөөдөр бид гаргах ёстой. Энэ хүрээнд олон ажил хийгдэж байгаа. 100 хоногийн дараа зарим бизнес ашигтай ажиллаж байхад зарим нь бага ашигтай ажилласан хэвээрээ л байна. Өнөөдрийн 10 тэрбумын хэмжээтэй эдийн засаг бол хоромхон зуур өөрчлөгддөг зүйл биш. 100 хоногийнхоо хугацаанд сайн төлөвлөлтөө гаргаад явбал жинхэнэ утгаараа ухаалаг эдийн засаг, төр рүү явж байгаагийн нэг илрэл болно. Олон улсын стандартын дагуу хөгжлийнхөө төлөвлөлт, санхүүжилт, бүтээн байгуулалтыг хийх асуудал нэн тэргүүнд тулгарч байна. 

-100 хоногийн дараа эдийн засаг яах бол?

-100 хоногийн дараа наадам сайхан болоод дуусчихсан, намрын ид ажил эхлэх гэж байгаа тэр дүр зураг угтах болно. Хамгийн гол асуудал нь өнөөдөр төр засаг гээд хэдэн нөхдүүд, бизнесийнхэн гээд хэдэн хүн, бусад иргэд гээд монгол хүн гурав хуваагдчихаад байгаагаа нэгтгээд, хамтарсан өөрчлөлтүүд эхэлнэ. Манай ардчилсан тогтолцоонд бид­ний сонгосон Засгийн газар нь эдийн засгийнхаа холбогдолтой шийдвэрүүдийг гаргадаг. Тэр үйл явцад нь иргэн болон бизнесийн субьект нь оролцдоггүй хаалт­тай систем байгааг өөрчлөх гэж оролдож байна. Таны амьд¬ралд шаардлагатай шийдвэрийг танаас асуулгүй өөр хүн гаргаад байвал ямар вэ. Энэ буруу арга барилаас болж өнөөдөр үл ойлголцол үүсээд байна. 

-Эдийн засгийн хүндрэлд хэт их улс төржилт нөлөөлөөд байна уу гэж харагдах боллоо?

-Ардчилсан улсад нам, сонгууль, Засгийн газар нь байнга өөрчлөгддөг. АНУ-д, Японд ч гэсэн өдөр бүр улс төржиж л байдаг. Тэглээ гээд тэр хүнд би амьдралаа даатгаж болохгүй. Миний амьдрал, бизнес надаас шалтгаална. Ардчилал, улс төржилт гэдэг нь бидний сонгосон зам. Бид 24 жил ардчилсан замаар замнаж, түүндээ итгэдэг, ойлгодог боллоо. Хөрөнгө оруулахаар ирсэн хүмүүст би хамгийн түрүүн манай эдийн засаг ийм, манай нийгэм ардчилсан тогтолцоотой, дөрвөн жилд сонгууль болдог болохоор Засгийн газрын бодлогод өөрчлөлт гарна. Сүүлд нь битгий ингэчихлээ, тэгчихлээ гэж хэлээрэй. Одооноос хамтдаа түүнийгээ анхаараад явъя гэж хэлдэг. Тэр нь ч амар байдаг юм. Ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн давуу тал надад их байгаа. Тэр давуу тал нь дөрвөн жилийн дээшээ доошоо савладаг савлагаанаас илүү байдаг тул энэ нийгэмд сэтгэл хангалуун байдаг. Хамгийн гол нь хүнд өөрийнхөө амьдралыг битгий хариуцуул гэдэг зарчим надад үйлчилдэг.

-Сүүлийн үед бизнесийн салбарынхан ам.долларын ханшийн савлагаанаас болж ихээхэн хохирол амсч байна. Цаашдаа ам.долларын ханшийг яах ёстой вэ. Монголбанк валютын ханшийг өсгөөд байна гэсэн мессэж тарах боллоо?

-Гурав, дөрөвдүгээр сард ам.долларын ханш өсдөг. 2011, 2012, 2013 онд ч гэсэн бид валютын ханш өсч байна яах вэ гэж байсан. Манай эдийн засгийн  загвар ийм байгаа тул орлого олдог өөр эх үүсвэртэй болохгүй бол энэ давтагдаад л байх юм. Өөрийн бизнес дээр ярихад валютын ханшийн савлагаанаас болж миний амьдрал муудаагүй. Бизнес хийж байгаа хүн энэ бүхнийг эртнээс тооцоолох ёстой. Тооцоолохгүйгээр юм хийж байгаад хад мөргөчихвөл дахин тэр алдаагаа гаргахгүй байх хэрэгтэй. Өнөөдөр ямар эдийн засаг байгаа вэ гэдгээ хүн бүр мэдэж байх учиртай. Өнөөдөр ам.долларын ханш өсч байгааг судлаад үзэхээр олон шалтгаан харагдана. Орж ирэх валютын урсгал багассанаас болж байна гээд бид оношоо тогтоочихлоо. Үүн дээрээ ажиллаж байна. Эдийн засгийн загвар өөрчлөгдөхгүй бол 2015, 2016, 2017 онд ийм л байх болно. Нүүрсний үнийг хянаж чадахгүй болохоор түүнд таарсан менежментийг хийх шаардлага бидний өм­нө тулгараад байна. Бид олон жил ингэж зовохгүйн тулд эдийн засгаа томруулах шаардлагатай. Бизнес, хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой байвал таатай харагдана. Өнөөдөр Монголд хөрөнгө оруулах орчин хумигдаад байна гээд байгаа ч энэ нь түр зуурынх юм. 

-Бондыг та юу гэж хардаг вэ. Зарим нь зөв зүйл нөгөө хэсэг нь өрийн бичиг гэж харж байна?

-Бонд гэдэг чинь нэг талаасаа уг нь сайн зүйл. Хөгжлийн санхүүжилт, төлөвлөгөөтэй зарцуулалт байх хэрэгтэй. Хамгийн энгийнээр хэлэхэд Чингэс бонд өдөрт нэг цагийг надад бэлэглэж байна. Биднийг илүү бүтээмжтэй бай гээд “Гудамж” төслөөр Улаанбаатарын бэрх замын уулзваруудын бөглөөсийг тайлж эхэлсэн. Ингэснээр түгжрэлээс өглөө 30 минут, орой 30 минут хождог болсон. Иргэн Бямбасайхан нэг цагийг өөр бүтээмжтэй зүйлд зарцуулж байна. Ухаалаг хөгжлийн санхүүжилтийг бид авч хэрэглэж сурах хэрэгтэй. Өмнө нь би Азийн хөгжлийн банкинд ажилладаг байлаа. Тус банкны гол зорилго гишүүн орнуудынхаа хөгжлийг хангахад зориулж санхүүжилт хийдэг. Гудамж, төмөр зам, нисэх онгоц гэх мэт зүйлст санхүүжилтээ төвлөрүүлж зээл өгдөг юм. Итгээд өгсөн зээлийг нь зөв зарцуулж дэд бүтцээ барьж чадвал эргээд эдийн засагтаа эерэг үзүүлэлтүүдийг авч ирдэг. Энэ мэтчилэн хүн бүрт нэг цагийг бэлэглээд байвал тэр нь асар их баялаг болж чадна. Хөгжлийн санхүүжилт ихэнхдээ зээлийн хэлбэрээр явдаг. Ирээдүйгээсээ энэ мөнгийг авч хэрэглэж байгаа ч ирээдүйдээ орлого нь ихэсч, зээлээ төлдөг болох зарчим. Зээл авдаг хүн хариуцлагатай болдог. Өнөөдрийн нийгэмд их бага хэмжээнээс хамаараад бүх л хүн зээлтэй байна. 10 төгрөгөө 20 төгрөг болгож чадна гэдгээ мэддэг хүн зээл авдаг. Тэр зээлийг авахгүй бол 20 төгрөг хэзээ ч бий болохгүй. Хэрэгцээтэй зүйлсээ өнөөдөр бүтээн байгуулах хэрэгтэй. Бид асар их хариуцлагатай цаг мөчид амьдарч байна. 

-Өнөөдөр манай эдийн засаг хүндэрсэн үү эсвэл хямарсан уу?

-Монголын эдийн засаг өнөөдөр өсөх гээд дуншиж буй шатандаа явж байна. Өгөгдөхүүн нь ямар байгаа билээ, нөхцөл байдал нь ямар байгаа билээ. Эдийн засгийн загвар, системтэйгээ холбоотой асуудал. 

-Монголын эдийн засгийн эерэг нөлөөллүүд хэзээнээс харагдаж эхлэх вэ. Уул уурхайд гэрэл гэгээтэй зүйлс харагдах юм уу?

-Одоо ч гэсэн эдийн засагт эерэг нөлөөллүүд явагдаж байгаа. Гудамжинд гараад хар. Сонин унш. Ажил хайсан хүмүүс, ажлын байрны зар зөндөө байна. Тийм болохоор хэт нэг талаас хандаж болохгүй байх. Манай компани гэхэд сүүлийн хоёр сарын дотор ажиллах хүчээ 30 хувиар нэмэгдүүлсэн. Энэ чинь хийх ажил байгаа болохоор хүн нэмж авч байгаа хэрэг. Хэрэв хийх ажил, мөнгө байхгүй байсан бол би хүн авч ажиллуулахгүй шүү дээ. Өнөөдөр эдийн засагт болж байгаа зүйлсийг сайн ойлгож харах ёстой. Амьдрал дуусдаггүй шиг эдийн засаг хэзээ ч зогсдоггүй. Эдийн засаг хэзээ ч өнөөдрөөс муудна гэж байхгүй. Учир нь өдөр бүр эдийн засаг тэлж байгаа юм. Бид шороон замаар явж байгаад засмал замтай болсноор тэр замаа сайжруулж, урт, өргөн болгоно уу гэхээс шороон замаараа дахин явахыг бодохгүй. 

-Бондыг та хэрэгтэй зүйл гэсэн. Монгол орны зээлжих зэрэглэл буураад В- түвшинд хүрсэн гэж байна. Үүн дээр ямар бодолтой байгаа вэ?

-Хамгийн дээд түвшин нь ААА байдаг. Монгол Улс эдийн засаг томорч ААА зэрэглэл рүү явна. Энэ нь хамгийн найдвартай эдийн засаг. Үүнд хөрөнгө оруулах, зээл өгөхөд эргэлзэх шаардлагагүй. Бидэнтэй холбоотой асар их зүйл байна. Энгийнээр хэлэхэд хариуцлагагүй байгаагийн нэг илрэл. Үүнийг засч залруулах нь бидэнтэй холбоотой. Олон өгөгдөхүүнээс хамаарч энэ зэрэглэлийг гаргадаг. Хамгийн гол нь Монголд итгэх итгэл асар их суларсан. Энэ бол сүүлийн хэдэн жил болсон үйл явцуудтай холбоотой. Одоо миний хүсч байгаа зүйл В- түвшнээс яаж дээшээ явуулах вэ гэдэг дээр анхаарч байна. Монгол хүн өөрсдөө л үүнд анхаарахгүй бол гадныхан зээлжих түвшинг нэмэгдүүлэхгүй. Өөрсдөө хичээх хэрэгтэй. Үүнд тодорхой цаг хугацаанаас гадна дэлхийн зах зээлээс хамаарах юм. 

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ганцхан Монгол гэлтгүй олон оронд нэмэгдэж байна гэдэг нь үнэн үү?

-Бид 25 жилийн өмнө өөрсдийн сонголтоо хийсэн. Үнэ зах зээлийн зарчмаар л явдаг. Талхны үнийг нэг дарга тогтоолгүйгээр талх үйлдвэрлэгч зах зээлээ харж байгаад үнэ тогтоодог зарчим руу орсон. Ямар тогтолцоо руу орсон гэдгээ хамгийн гол нь бодох хэрэгтэй. Нэг дарга асуудлыг шийддэг байсан бол олон асуудал шийдэгдэх байсан биз. Өнөөдөр бидэнд иргэн, бизнес, засаг хамтраад шинэчлэлт хийх л зам байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зарим газар цахилгааны хязгаарлалт хийнэ

Цахилгаан шугам тоноглолд засвар хийх гэж байгаатай холбогдуулан тавдугаар сард  дараах хуваарийн дагуу түр хугацаагаар цахилгааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байгаа. Тэгвэл тавдугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдөр цахилгаан эрчим хүчийг түр тасалж, засвар хийгдэх газруудын мэдээллийг хүргэж байна.

Баянзүрх дүүрэг

10.30-18.00 цагт: 10, 14, 20, 23-р хороо. Консулын 1-4, Дүүргийн 1-р гудамж, 81, 81А, 83, 84-р байр, Монгол шуудан транс, Цагаан-Уул СӨХ, Бридж, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ, Монгол Контракт, Гамба ХХК-иуд, Шинэ өргөө СӨХ, Ватиканы газар, Гэгээнтройцк сүм, Дэвшилт, Фгуп госзагрансобтвенность, Ором байшин, Мастер Хайндс, Ньюдьюрал, Финанслайн ХХК-иуд, Торговой дом /Сэрж интернэшнл, Баатархайрхан, Хужирбулангийн 1-19-р гудамж, Баяндөхөм, Хилийн цэргийн 288, Эрдэнэтолгойн 1, 40, 41, 50, 51, 52 задгай, Дан байрууд, 92-р сургууль, Ачлахуй өрхийн эмнэлэг, ЭМН-ийн 15-р төв, Бум цайз СӨХ, Цагаан өд, ЭХО хангал ХХК-иуд орчимд;

Баянгол дүүрэг

10.30-18.00 цагт: 6, 8, 19-р хороо 25, 26, 27, 29, 31, 47-2 байр, 6, 8, ОХ-5, Инэл-12, 37Б-р байр, Хөгжил хотхон 25, 25-1, 25-2, 25-3-р байр, Цагдаагийн 60 айл, Глоб констракшн, Гоё ертөнц цэцэрлэг, ААББ ХХК, тэр орчмын хэрэглэгчид;

 Хан-Уул дүүрэг

10.00-18.00 цагт: 4, 5-р хороо Арцатын 8, Яармагийн 1, 2-р гудамж;

 Сонгинохайрхан дүүрэг

10.00-18.00 цагт: 10-р хороо Хөтөлийн 1-4-р гудамж орчимд;

11.00-18.00 цагт: 1, 2, 3-р хороо Орбитын 5, 32-36, Баганарангийн 25-р гудамж орчимд;

 Багахангай дүүрэг

10.00-17.00 цагт: Үнэгтэй гэр хорооллын хэрэглэгчид;

 Налайх дүүрэг

10.00-17.00 цагт: Дулааны станц;

 Төв аймаг

10.00-18.00 цагт: Батсүмбэр сумын Будаан толгой, Мандалын ар, Хужирын тохой, гэр хороолол, Цагаан нуга, Баянгол, Сөгнөгөр, Соёл, Миний зуслангууд, Скаут, Батсол ХХК, МШХХТГ ХХК, Улсын асрамжийн газар орчимд.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Шударга бус хандвал бид жийгдэх биш хаяад явах чадвартай улс төрийн хүчин шүү

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Таны өргөн барьсан Хяналтын тухай хуулийн  төслийг  өнгөрсөн долоо хоногт  УИХ-аар хэлэлцээд унагачихлаа. Юу нь болохгүй байв аа?

-Энэ бол реформын шинжтэй том хуулийн төсөл. Маш олон талын харилцаа, ашиг сонирхлыг хөндөж байгаагаараа онцлог. Үндсэндээ 100 гаруй хуулийг судалж, 83 хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан. Энэ төсөл нь эдийн засаг, бизнесийн таатай орчныг сайжруулахад онцгой ач холбогдолтой. Хэт их давхардсан олон тооны хяналт шалгалт явуулахыг болиулж, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд чиглэсэн байсан юм. Энэ чиглэлээр иргэдээс нэлээд шүүмжлэл ирдэг шүү дээ. Тиймээс Засгийн газар эрс шинэчлэл хийе гэдэг байр сууринаас энэ хуулийн төслийг боловсруулсан. Нөгөө талаар төр бүхнийг хянаж чадахгүй учраас хамгийн гол зүйлдээ төвлөрсөн, мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгох нь чухал байна. Дэлхий нийтийн хандлага ч ийм байгаа. Улс орнууд баялаг бүтээгчдэдээ илүү хүндэтгэлтэй хандаж, тэдэнд итгэл үзүүлж, зөвлөн туслах, сургалт явуулах хэлбэрээр хяналт хийдэг болсон байна. Энэ чиглэлээр хуулийн төслийг боловсруулсан учраас сайн болсон гэдгийг нь хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл УИХ дээр яагаад дэмжигдсэнгүй вэ гэдэг асуудал бий. Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх тухай хэлэлцэхэд  зарим гишүүд  картаа хийж ирцээ бүртгүүлсэн мөртөө дараагийн асуудал дээр нь орж ирээгүй болохоор тэдний кноп эсрэг саналд тооцогдоод явчихсан. Кнопны асуудлаас болоод хуулийн төсөл дэмжигдсэнгүй гэж хувьдаа үзэж байгаа. Харин МАН-ынхан зориуд хуулийн төслийг дэмжээгүй.  Тэд шинэчлэлийг үгүйсгэж, аж ахуйн нэгжийг хяналт, шалгалтаар дарамталж байхыг хүсэгчид болон хувирсанд нь харамсаж  байна. 

-Төслөө дахиад өргөн барих уу?

-Хуулийн төсөл санаачлах эрх Засгийн газраас гадна УИХ-ын гишүүнд ч бий. Тиймээс гишүүдтэй хамтарч дахин өргөн барина.  Хүн ам, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хяналтын оновчтой, зөв тогтолцоо бүрдүүлэх нь  улстөржөөд байх асуудал биш шүү дээ. Нян бактер Ардын намын гишүүн үү,  Ардчилсан намынх  уу гэж ялгалгүй хэнийг нь ч байсан адилхан хордуулна. Тийм болохоор хяналтын зөв тогтолцоо бүрдүүлэх нь хүн бүрт хэрэгтэй.  

-Аж ахуйн нэгжийг дарамтаас яаж гаргахаар энэ хуульд заасан бэ. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах асуудал ч тусгагдсан гэдэг зүйлүүд яригдаж байсан…

-Ер нь бол хяналт шалгалт байх ёстой. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг байгуулсан нь зөв. Гэхдээ 2003 оноос хойш энэ байгууллагын удирдлага бараг жил бүр солигдож, шинэ томилогдон ирсэн дарга болгон өөрийнхөөрөө хүнд суртлыг бий болгодог байж. Жишээ нь мэргэжлийн хяналтын байгууллагын жолооч нь хүртэл байцаагчийн үнэмлэхтэй болсон гашуун сургамж бий. Өөр бусад салбарын том дарга нарыг ч байцаагчийн үнэмлэхээр шагнадаг байж.  Энэ нь хяналтын байгууллагыг үнэ цэнэгүй, хүнд суртлын аппарат болгон хувиргаж, олон нийтэд муухай харагдуулах болсон байна. Мөн  ямар ч шаардлагагүй зүйлүүдийг хянаж шалгаж, төвөг чирэгдэл учруулдаг байж. Энэ бүхнийг цэгцлэх асуудлыг төсөлд тусгасан. Хяналтын байгууллага хүнс, эм, хүрээлэн байгаа орчин, хөдөлмөрийн аюулгүй байдалд л хяналт тавина. Бусад хяналтуудыг төрийн болон мэргэжлийн байгууллагууд өөрсдөө хийнэ. Жишээ нь соёлын өв, байгаль орчныг хамгаалах хяналтыг тус тусынх нь яамд хийдэг байхаар зохицуулсны зэрэгцээ салбарын яамд бодлогын хэрэгжилтээ хангах хяналтыг тус тусын мэргэжлийн байгууллагаар хийлгэж байхаар төсөлд тусгасан. 

-Засгийн газрын ажил хэр байгаа талаар яриагаа үргэлжлүүлэх үү. Сая нэг хэсэг бужигнасан ч бүх зүйлийн ард гарах шиг боллоо… 

– Улс төрийн холбогдолтой оволзож байсан асуудлууд намжиж байна. Та бүхэн мэдэж байгаа нэг сайдыг өөрийнх нь хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс чөлөөллөө. Харин шинэчлэл хийе гэж зорьж байгаа сайд маань танхимдаа үлдэж чадлаа.  Манай Засгийн газар  өдөрт дор хаяж 12-оос доошгүй  цаг, бүтээлч  ажиллана гэдэг зорилго тавиад зүтгэж байна.Боломжийн ажиллаж байгаа гэж боддог. Мэдээж бид бүгдийг сайхан болгож байна гэж ч хэлэхгүй. Алдаа, дутагдлаа засч сайжруулахын төлөө явж байна. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тоолуур гүйж эхлээд долоо хонож байна. Энэ өдрүүдэд юу амжуулав аа?

-100 хоногт хийх 70 гаруй ажлыг зургаан бүлэгт хувааж ангилан хэрэгжүүлээд эхэлсэн байгаа.  Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх,  валютын ханшаа тогтворжуулах, төмөр зам барих ажлаа яаравчлах гээд хийх ажил маш их байна. Ямартай ч энэ долоо хоногийн хугацаанд нэг сайхан мэдээтэй. Монголчууд нэгдэж нийлж, хөрөнгө оруулалтыг босгож, Хөтөлд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн үндэсний үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Ямар ч байсан эдийн засгаа эрчимжүүлэх ажлууд түрүүчээсээ эхэлж байна. Мэдээж 100 хоногийн богино хугацаанд  өргөс авсан юм шиг бүгдийг сайхан болгочихно гэж үгүй. Тэгэхээр зөвхөн 100 хоногоор хязгаарлахгүйгээр цаашдын хөгжлийн гарцыг нээсэн олон  ажил,  хуулийн зөв зохицуулалтын суурийг тавина. Аливаа ажилд  хариуцлагатай, сахилгатай, ам ажлын нэгдэлтэй, дэгтэй Монгол байх  нь чухал байна.  

-100 хоногийн дараа үр дүн гарахгүй бол Засгийн газар хариуцлага хүлээнэ гээд том амлалт өгчихсөн байгаа бил үү?

-Мэдээж үр дүн гарахгүй бол хариуцлага хүлээж болно. 

-Сүүлийн үед ухаалаг төртэй болох тухай ярьж байна. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ухаан гэдэг юм чинь хүнд л заяасан чадавхи шүү дээ. Ухаалаг төр гэсэн  ухагдахуун дэлхийд байдаггүй байх аа. Харин хариуцлагатай, үүрэгтэй, сахилга баттай, шударга төр гэж бий.  Ухаалаг төр гэж ерөнхийд нь томьёолоод байх юм. Энэ үүднээс харвал өмнө нь тэнэг төртэй байсан юм уу гэсэн асуулт ч урган гарна аа даа. Нэршлийн хувьд бодолцож үзмээр санагддаг. Ер нь бол төрд зүтгэж байгаа хүн  манлайлагч, зарчимч, шударга байх ёстой гэж боддог. Жишээ нь, төрийн  хар хүн гэхээр Самбуу, Гэндэн, Амар зэрэг хүмүүсийн дүр төрх буудаг. Төрийн хүн бусдаар хүндлүүлтэл ажилладаг байх ёстой. Нэг жишээ хэлье.  Хуучин Улс төрийн товчоонд Дэжид гэж мундаг хүн байлаа. Тэр хөдөө суманд ажлаар очоод хонохдоо өглөө эрт босч, айлуудын өрхийг татаж, галыг нь түлж өгдөг байсан гэдэг. Дараа нь нөгөө сумынхан “дарга ороод ирнэ” гээд эрт босдог болсон юм гэнэ лээ. Төрийн хүн ийм л манлайлагч байх хэрэгтэй. Төрд алба хааж байгаа хүмүүсээ ёс зүйтэй, чадварлаг, сэтгэл, зүтгэлтэй, зарчимч, ухаалаг болгоход илүү анхаарлаа хандуулмаар байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  гар утсаар жишээ аваад л, энэ утас нь ухаалаг, нөгөөх нь  ухаалаг биш гээд яриад байна лээ. Үнэндээ  зөвхөн технологи ашигласнаар төр ухаалаг болчихгүй шүү дээ. Агуулгыг биш хэлбэрийг шүтэж, явцуу утгатай, популист уриа лоозон болгохгүй, бодлогын дорвитой шинэтгэл хийх нь чухал байна. 

-Н.Алтанхуяг сайдад  өөрийнх нь намын фракциуд дээр нэмээд “Шударга ёс” эвсэл доторх фракциуд гэж ажлыг нь гацаах, түгжих чөдөр бий болчихоод байгаа тухай яриа бий. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Олгой хагаравч тогоондоо гэж үг бий. Бусад намын дотоод асуудал руу орж мэдэмхийрэх нь зохимжгүй. Гаднаас нь ажиглахад АН-ын доторх фракцын тогтолцоо нь их төвөгтэй байх шиг  байгаа юм.   Миний хувьд угаасаа фракцлахыг сайшаадаггүй.Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдгийг  яаж ч бухимдсан, тохиролцсон, наймаалцсан ч бодох учиртай. Өөрсдийн босгосон “гэр” ээ шатаачихвал яах билээ дээ. Тиймээс зарим үед хувийн байр суурь, үзэл бодолтой зөрчилдөж байлаа ч олонхийнхоо саналыг  хүндэтгэж  дагах нь ардчиллын зарчим.Зөвхөн АН-ын дарга, Ерөнхий сайд  Н.Алтанхуяг гэлтгүй, би ч гэсэн амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. 

Манай намд “Тэрбишдагвыг огцруулна” гэж хашгирдаг хүн мэр сэр байдаг. Гэхдээ үүнд нь эмзэглэдэггүй.  Аливаа  улс төрийн намд янз бүрийн асуудал гарна.

Лидер хүн бол улс орон, ард түмнийхээ төлөө биеэ умартаж, нэг ёсондоо өөрийгөө золиосолдог. Тийм учраас бусдыг сайн зохион байгуулж, зөв удирдаж, асуудлыг давж гарах л ёстой.

-“Шударга ёс” эвслийнхэн  бол  эрх баригч. Гэвч яагаад эрх баригчид ажлаа хийхгүй байна гээд шүүмжлээд байдаг юм бэ?

-Хамтарч ажиллаж  байгаа гээд амаа үдүүлсэн, ус балгасан юм шиг дуугүй байх албагүй. Бурууд нүд хурц байж, алдвал цаг тухайд нь хэлж, сэрэмжлүүлж байх нь ажилд тустай. Хоосон магтаалд умбаж, бялуурч байснаас бодитой шүүмжлэл ажил урагшлахад түлхэц болдог учраас тийм ч муу зүйл биш ээ. Ер нь ажил хийх явцад  санал зөрөлдөхийг алийг тэр гэхэв. Тийм учраас манай бүлгийн гишүүдээс шүүмжлэл хэлдэг.  Гэхдээ үүнийг   хамтарч засаг барьж байж , муухай харагдуулах гэлээ гэхээсээ илүү  санал, зөвлөгөө гэсэн утгаар нь хүлээн авч, харин ч  ажлаа сайжруулах нь чухал шүү дээ. 

-МАХН, АН-ын хооронд хийх гэж байсан нууц гэрээ саяхан нийтэд ил болсон. МҮАН-ынхан үүнд нэлээд эмзэг хандаж байх шиг байна лээ?

-Бид аль ч намтай хамтын ажиллагааны гэрээ хийж болно шүү дээ. МҮАН-ынхантай ойлголцож ажиллаж байна. Ер нь бол бид Ардын намтай ч хамтарч ажиллах гэрээний асуудлыг өмнөх даргатай нь ярьж байсан. Улс төрийн намууд хоорондоо хамтарч ажиллах асуудал бол нууж хаагаад, гайхаад байх асуудал биш ээ.  АН-тай тэр гэрээг хийхээр төсөл маягийн юм боловсруулчихсан байтал ноорог нь алдагдаж, хэвлэлд гарсан л даа. Энэ ноорог манай намын ердөө гурван хүнд байсан.  Хэн нь задалсныг хэзээ нэгэн цагт нам дотроо ярих байх.

-Төслийн ноорог хэн хэнд  байсан юм бэ, нэг нь мэдээж та байх?

-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын дэд дарга Л.Цог,  бид гуравт байсан. Мэдээж би  гадагш нь задлаагүй. 

-Энэ гэрээг хэзээ байгуулах гэж байсан юм бэ?

-Дөнгөж ярьж эхлээд төсөөллөө цаасан дээр буулгасан даруйд гадагшаа алдчихсан нь хариуцлагагүйн шинж, санаатай ч үйлдэл байж мэднэ.

-Тэр төсөөлөл хэзээ гэрээ болж баталгаажих юм бэ. Эсвэл баталгаажуулчихсан юм уу?

-Гэрээгээ боловсруулж л байна. 

-Энэ гэрээг хийнэ биз дээ. Нийтэд ил болчихлоо гээд больчихсон юм уу?

-Хийнэ ээ. 

-Тэнд тусгасан заалтуудын талаар яриач. Н.Энхбаяр даргыг НҮБ-д ажиллуулна гэх мэтийн зүйлүүд нэлээд байсан… 

-Цаасан дээр буусан нооргийг харчихаад асуудлыг дэвэргээд байгаа болохоос ноцтой зүйл байхгүй ээ. Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа НҮБ-д ажиллуулах тухай яригдаж байсан юм билээ. Н.Энхбаяр гэдэг хүн 60 нас ч  хүрээгүй.  Энэ хүн Монгол төрийн бүх л өндөр албан тушаалыг хашсан, оюуны бядтай, сэтгэлгээний цар хүрээ өргөнтэй, өндөр боловсролтой. Зүйрлэж хэлбэл, Монгол төрийн ой санамж ч гэж хэлэхэд буруудахгүй байх шүү. Ийм хүний оюуны нөөц чадавхийг эрт “тэтгэвэрт” гаргачихмааргүй л байна. Тэр бол НҮБ-д ажиллах хэмжээний хүн мөн шүү дээ. Түүний туршлага, мэдлэг, чадварыг шавхаж  ажиллуулах нь  ард түмэнд ч, улсад ч хэрэгтэй. Монголдоо болдоггүй гээд байгаа юм бол гадаадад яагаад ажиллуулж болохгүй юм гэсэн үүднээс  санал болгож төсөлд тусгасан хэрэг. Гэхдээ энэ нь эцэслэж, батлагдаагүй, төсөөлөл  төдий зүйл.

-О.Баасанхүү гишүүнийг өргөдлөө татахад хүргэсэн санамж бичиг нь энэ гэрээнээс тусдаа юу? 

-Тусдаа. Аль нэгийнх нь ажил хэн нэгэнд нь таалагдахгүй бол огцруулах бичиг өгч гүйхээ больё гэж ярилцсан юм. Бид нэгэнт хамтарч ажиллаж байгаа бол хэн, хэн  рүүгээ “чулуу” шидээд яахав, тууштай, хариуцлагатай  байя гэсэн үүднээс  санамж бичигт гарын үсэг зурсан юм. Элдэв гацаагүйгээр ажлаа хиймээр байна шүү дээ.

-Ажил хиймээр байсан бол энэ санамж бичгийг арай эрт гаргах байж дээ гэж бодогддог уу. Эдийн засаг хүнд  ажил ихтэй байхад О.Баасанхүү гишүүн бараг хоёр сар шал дэмий юм ярьж, төрийн ажлыг цалгардууллаа гэх хүмүүс бий…

-Харин О.Баасанхүү гишүүний энэ үйлдлээс сургамж авч, хамтарч байгаа намууд хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг ухамсарлаж, санамж бичиг гаргалаа л даа. О.Баасанхүүгийн хувьд улс төрд орж ирж байгаа шинэ залуу. Сайн хуульч, цаашаа улам  өсөх ирээдүйтэй залуу боловсон хүчин. Залуу хүнд алдаа, оноо байлгүй яахав. Намын дэд  даргын албыг хашиж байгаа миний хувьд хүн болгонтой толхилцох сонирхол байдаггүй. Хэлэх, ярих зүйлээ гишүүддээ шулуухан хэлчихдэг. Баасанхүүг УИХ-ын гишүүнийхээ  хувьд асуудал тавина гэхэд намын зүгээс хориглоогүй. Харин асуудалд нухацтай хандахыг түүнд сануулж байсан. 

-Н.Энхбаяр дарга түүнийг дуудаж уулзаад өргөдлийг татуулсан ч гэх юм?  

-О.Баасанхүү нэг их айхтар тохиролцоо хийгээд явах хүн биш. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлэхээр  Сөүлд очихдоо намынхаа дарга Н.Энхбаяртай уулзсан юм билээ. Түүнийг нь  мушгин гуйвуулаад, хардаад байх шаардлагагүй ээ. 

-“Шударга ёс” эвслийнхэн дотроо хэр таарамжтай байгаа вэ?

-Мэдээж санал зөрөлдөх зүйлүүд гардгийг нуугаад яахав. Гэхдээ бидний дунд сүрхий ангал үүсчихээгүй, хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. “Шударга ёс” эвслийн  бүлгийн дарга Н.Батцэрэг ч ажлаа сайн  хийж байна. Зарим нэг гишүүн “хуйвалдлаа, луйвардлаа, та нар л сайд болсон. Бид та нарын төлөө кноп дарж суудаг боллоо” гэх мэтээр гоморхлын үг хэлдэг  тал бий.

-Тэр гомдогсод нь бүлгээсээ гарсан Д.Батцогт, Х.Тэмүүжинтэй үзэлцдэг О.Баасанхүү, Засгийн газрын шүүмжилдэг Г.Уянга нарын гишүүдийг хэлээд байгаа юм шиг сонсогдоод байна…

-Тэр гэж нэрийг нь онцолж зарлаад байх нь зохимжгүй. Ер нь гомдлын үг хэнээс ч гарч болно. Би ч хэлж болно шүү дээ.  

-С.Баярцогт гишүүн МАН-ыг Засгийн газарт оруулах санал хэлсэн. Үнэхээр түүний хэлдгээр эдийн засаг хүндэрсэн үед тал талаасаа мэдлэг чадвартай хүмүүс нь тэр энэ нам гэлтгүй цуглаад Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулбал зөв юм шиг. Та ямар байр суурьтай байна вэ?

-Тэгээд АН, “Шударга ёс” эвсэлд чадваргүй хүмүүс байна гэх гээд байна уу. 

Сөрөг хүчнээ засагт  урьж оруулаад, хяналтгүй болгож, МАНАН татуулаад ямархуу байдалд хүргэснийг олон түмэн сайн мэдэж байгаа. С.Баярцогт Оюу толгойн гэрээг хариуцлагагүй хийсэн гурван сайдын нэг нь. Энэ хүн үнэндээ зөвшилцөл, эв нэгдэл  гэдгээр халхавч хийж ханцуйн дотроо наймаалцаж асуудлыг шийддэг байснаа санагалзсан юм байлгүй дээ. 

-Ардын намыг Засгийн газарт урьчихвал танай намынхан жийгдчих учраас та болгоомжлоод байна уу?

-Бид хамтарч хийсэн гэрээнийхээ дагуу хэлсэн ярьсандаа хүрч ажиллана. Хэрвээ шударга бус үйл ажиллагаа явуулбал харин ч бид жийгдэх биш хаяад явах чадвартай улс төрийн хүчин шүү. 

-Гэхдээ яалт ч үгүй Оюу толгой зогссон учраас өнөөдөр төсөв, эдийн засагт хүндрэл гарч, хөрөнгө оруулалт буурсан нь бодит үнэн. Оюу толгойг өмнөх дөрвөн жил улдан эсэргүүцэгчид сайд дарга болсон нь байдал хүндрэхэд нөлөөлсөн гэж үзэх хүмүүс бий? 

-Оюу толгойн ордыг олж нээгээгүй гээд  Монголыг төсөөлөөд үз. Ямар ч байсан сөнөхгүй. Харин ч илүү хөгжихийг үгүйсгэхгүй. Үнэндээ Оюу толгой Монголын хөгжлийн ганцхан  гарц биш шүү дээ. Үеийн үед, Монгол орныг хөдөө аж ахуйн салбар тэжээж ч ирсэн, цаашид тэжээсээр байх болно гэдэгт итгэдэг. Монгол Улсын хөгжлийн гарц-Хүнс, хөдөө аж ахуй номондоо өмнө нь энэ тухай бичиж байсан. Сүүл хөхөж өсч,  сүү ууж  өтөлдөг ард түмэн Монголоос өөр  байхгүй гэж.  Тиймээс   бид газар тариалан,   мал аж ахуйгаа хөгжүүлж, хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжвэл хөгжлийн гол тулгуур багана нь тэр болно. Зөвхөн уул уурхайгаас тэр дундаа Оюу толгойгоос хамааралтай болно гэвэл манай улсын эдийн засаг нэг хөл дээрээ догонцсон, тогтож чадахгүй байгаа хүнтэй л адилхан байдалд  хүрнэ. Тэнцвэрийг зөв олно гэдэг хамгийн чухал. 

-Оюу толгойг эсэргүүцэгчдийг ард түмэнд таалагдахын төлөө улс төр хийдэг популистууд гэж үзэх нь бий. Эрх барьж яваа таныг тэгвэл тэдний нэг гэж харах байх даа? 

-Оюу толгойг бид эхнээсээ эсэргүүцэгчид биш, сайжруулахыг хүсэгчид. Гэрээг харилцан ашигтай байдлаар хийхийг хэлж, сануулж байсан. Дараагаар нь тааруухан хийсэн гэрээгээ сайжруулаач ээ, тогтоол, шийдвэрийг биелүүлээч гэсэн шаардлага тавьж байсан юм. УИХ-ын тогтоол бол хууль. Энэ хуульд гэрээг нийцүүлэхийг зорьж байлаа.Монгол Улсад, ард түмэнд  өгөөжтэй болгохыг зорьж, тодорхой санал санаачилга гаргахаар санаатайгаар бидэнд эсэргүүцэгчид гэсэн цол гуншин өгч, захиалгатай гутаахыг оролдож эхэлсэн гэж боддог. Түүнээс бид Оюу толгой төслийг хэрэгжүүлэхийг огтхон ч эсэргүүцээгүй. Одоо харин өмнөх нөхдүүдийн хийсэн алдааг бага сага ч гэсэн залруулж, гэрээг сайжруулахыг чармайж байна. Оюу толгойн хөрөнгө оруулагчтай ойлголцож, аль аль талдаа ашигтайгаар асуудлыг шийдэхэд тодорхой ахиц гарч байгаа. 

-Х.Баттулга сайдын талаар таны бодлыг сонсохгүй өнгөрч болохгүй нь. Сайд нарыг ийм маягаар нэг нэгээр нь сугалж, Засгийн газрыг ганхуулах төлөвлөгөө ч гэх юм… 

– Хөдөө аж ахуйн салбарт түүхэндээ одоогийнх шиг эрх мэдэл, хөрөнгө мөнгө, ажиллах боломж олдож байсныг мэдэхгүй юм байна. Намайг Хөдөө аж ахуйн сайд байхад жилийн төсөв нь ердөө 11 тэрбум төгрөг байлаа. Гэтэл одоо зөвхөн нэг хүлэмжийн аж ахуйд ногдож байгаа мөнгө нь 13 тэрбум төгрөг болжээ. Дээрээс нь ноос ноолуур, мах, арьс ширэнд өгч байгаа урамшууллуудыг хар. Ерөөсөө мөнгөнд умбасан л яам байна. Гэхдээ дургүй хүнийг хүчээр бариад байлтай биш. Дургүй ламыг дарж байж сахил хүртээвэл шал дордоно гэдэг дээ.Тиймээс Х.Баттулгын хүсэлтийг хүндэтгэж үзэх учиртай.

-Х.Анхбаяр гэдэг бизнесмэн залуутай та ямар холбоотой юм бэ. Тэр залуу шоронд хоригдож, байцаагдаж байгаа юм билээ?

-Анхбаяр гэдэг бизнесмэн залууг мэднэ. Тэр бол Монгол Улсын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан Монгол Улсын баатар Нянтайсүрэнгийн ач хүү. Герман, англи, орос хэлтэй өндөр боловсролтой залуу. Германд намайг Элчин сайд байхад тэнд жуулчны байгууллагад ажилладаг байсан юм. Бид гэр бүлийн ах дүү шиг сайн харилцаатай. Улс орны эдийн засаг гээд  олон сэдвээр хууч хөөрдөг л байсан. Танай сонинд гарсан мэдээллээс харвал “Чи Тэрбишдагватай ямар холбоотой вэ” гэж  байцаагаад байгаа юм билээ.Тэрнээс бид хоёрын дунд  авлига болон хууль бус ямар ч зүйл  байхгүй гэдгийг баттай хэлж чадна.  Харамсалтай нь төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж яваа хүмүүсийг адалж шоронд хийж, АТГ-аар сүрдүүлж, сонгуульд нэр дэвших болохоор захиалгаар нэрийг нь татуулдаг бохир улс төр байна л даа. 

Анхбаярын компанид ажиллаж байсан  нэг залуу надтай саяхан ирж уулзаад түүнийг “20 гаруй кг жин хаяад, үс нь цайчихсан, нуруун дээр нь том ургацаг гарсан. Бие нь нэлээд хүнд байгаа учраас эмнэлэгт хэвтүүлэхэд туслаач” гэсэн. Түүнийг эмнэлэгт хэвтье гэхээр зөвшөөрдөггүй гэж байгаа. Ингэж цаг алдаж байгаад түүнийг  дараагийн Амарсайхан болгох гээд байгаа юм уу. Гэмт хэрэг нь нотлогдоогүй байхад олон сар шоронд хорьчихсон байна. Энэ залууг надтай ямар нэгэн авлигын асуудлаар холбогдсон гэх худал  гүжирдлэг үргэлжлээд байвал  дахиад хэлэх үг бий.  Энэ удаа ингээд орхиё. 

-Тэгвэл Н.Энхбаяр, Х.Анхбаяр хоёр  ямар холбоотой юм бэ?

-Н.Энхбаяр даргыг Анхбаяр гэдэг хүн таньдаг байж болохгүй юу. 

-Ер нь АТГ гэж бизнес эрхлэгчдийг барьж хорьдог, дарамталдаг газар болчихлоо гэдэг шүүмжлэл байна л даа… 

-АТГ гаднынхны шахалтаар байгуулагдсан нь үнэн шүү дээ. Тухайн үед “Наад АТГ чинь өөрөө авлигын газар болчих вий” гэж Засгийн газрын хурал  дээр сануулж байсан хоёр сайдын нэг нь би. Нөгөө нь Хүрэлсүх. Ноднин яалаа Н.Энхбаяр гэдэг  нэг л хүнийг баривчлах гэж 600 цагдаа явуулж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсаныг хүмүүс санаж байгаа.  Саяхан чуулганы хуралдаан дээр Дэмбэрэл гишүүн  “Өндөр боловсролтой 100 бизнесмэнийг шоронд хийж байна. Тэдний нэг нь л зуу, цаашлаад мянган  хүнийг ч  ажлын байртай болгох чадалтай гэдгийг   бодооч”  гэж  хэлж байна лээ. Үнэн шүү дээ. Буруу юм хийсэн байж болно, түүнийг шүүгээд, учруулсан хохирлыг  барагдуулахад  болоо биз дээ. Миний хувьд авлига хээл хахуультай хийх тэмцлийг үгүйсгээд байгаа юм биш. Авлига авч болохгүй шүү гэж сануулж зөвлөж, соён гэгээрүүлж, сургалт явуулж, урьдчилан сэргийлж  байх ёстой атал АТГ шулуухан хэлэхэд  цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг, дарамталдаг, айлгадаг байгууллага болчихлоо. Бас үйл ажиллагаа нь нэг тал руу хэт хэлбийгээд байна уу гэж ажиглагдаж байна.  Үнэндээ цөөхөн монголчууд ингэж бие биеэ үзэн ядаж, хийж бүтээе гэсэн нэгнээ юм л бол авлигач гээд барьж хориод, буруутгаад, эцэст нь үхэлд хүргээд байж болохгүй ээ. 

-Эцэст нь асуухад, Орос, Хятадыг холбох таван шугамыг Монголоор дайруулах тухай асуудал юу болж байгаа вэ?

-Миний хувьд Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссыг ч ахалдаг. Өнөөдрийг хүртэл эрхэлж ирсэн ажлын туршлага зэргийг харгалзан үзэж  энэ хариуцлагатай ажилд томилсон байх. Засгийн газар хоорондын комиссын хүрээнд  хий, нефтийн хоолой, төмөр зам, эрчим хүч, засмал замыг Оросоос Хятад руу тавихдаа Монголоор дайруулах асуудлыг ярьж байгаа. Ажилд ахиц дэвшил гарч байна. Тухайлбал, Монгол-Оросын  хооронд 1200 км зам тавих ажил өнөө жил бараг эхлэх болов уу. Төмөр замд шинэчлэл хийж тахир муруй замыг тэгшилж хос төмөр зам тавих асуудал яригдаж эхэлсэн.Оросоос нефтийн бүтээгдэхүүн авах хоолойг Хятад руу тавихдаа Монголоор дайруулах талаар саяхан  Роснефтийн дарга манайд ирж яриад явлаа. Удахгүй хийн хоолой тавих асуудал нааштай шийдэгдэнэ гэсэн итгэлтэй  байна. Хэрвээ хийн хоолойг Монголын нутгаар дайруулбал  секунд тутамд мөнгө орж  байх болно. Энэ  нь хөгжлийн бас нэгэн түлхэц, шинэ гарц болж чадна. Энэ жил Монгол-Оросын Засгийн газрын хоорондын  комиссын хурлыг  Улаанбаатар хотод зохион байгуулна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

“УРБАНЕК”-ийн захирлынх гэр бүлээрээ математикчид ажээ

-“УРБАНЕК”-ААС УРЛАГ РУУ ХӨЛ ТАВИВ-

Монголчуудыг Польшийн “Урбанек” салаттай танил­цуулж, амтанд нь оруулсан эрхэм бол Баатаржавын Лхаг­важав хэмээх сүйхээтэй эр. Сүүлийн үед тэрбээр ком­панийнхаа ажлыг дүү нар­таа даатган өөрөө урлагт ханцуй шамлан ороод бай­гаа билээ. Б.Лхагважав захир­лын “Урбанек” компани дээрх урлангаар нь зочиллоо. Ур­лан­гийнхаа хаалгыг цэ¬лий­тэл нээх тэр агшинд өөрийнх нь суудаг ширээний ард Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач О.Дарамбазарын “Аялгуут солир” хэмээх бүтээл шууд нүдэнд тусав. “За манай урланд тавтай морил. Би гэдэг хүн сүүлийн үед ийм л зүйл хийж байна даа” гэсээр ханандаа өлгөсөн зургуудыг заалаа. Тэрээр шинэхэн бүтээлтэйгээ “байлдаж” байхад нь иржээ. Түүнийг гартаа томоо гэгчийн бийр атгачихсан байсныг сая л нэг анзаарах сөхөө гарав. Ханан дахь будаг нь хатаж амжаагүй эдгээр бүтээлүүд нь саяхан Blue Mon галарейн хойморт заларч дэлхийн суут хөгжмийн зохиолч Фредерик Шопений бүтээлүүдийн хамт бийр бэхсээр амь оруулсан уран зургууд “эгшиглэжээ”. Үүн дээр уянга нэмж Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Хулангийн 

“Арванесдүгээр зуун, аравдугаар он гуравдугаар сар, нэгний өдөр

Аялгуут нэгэн солир огторгуйгаас харважээ

Дэлхийн тойрог замыг тэрбээр гэрэлтүүлсээр

Дэргэдүүр шатаж өнгө¬рө¬хөд нь аялгуу эгшиг дуурсчээ

Сэрэмгүй харвасан тэр од сэтгэлийн сонор мялаасан

Аялгуут тэр солирыг хү¬мүүс Фридерик Шопен гэж нэрлэжээ” хэмээх тэр­гүүт шүлгүүд нь зураач О.Дарам¬базарын шинэхэн бүтээлүүд мөн үзэсгэлэнгийн тайзнаа хамт гарч урлаг сонир­хогч¬доор дүнгээ тавиулжээ. Уг үзэсгэлэнгийн гол зорил­го урлагийг урлагаар илэр­хийлэхийг зорьжээ. Урлагийг урлагаар нь илэрхийлэх нь орчин үеийн урлагийн гол асуудал болоод байгаа. Тэгвэл яруу тансаг аялгууг зургаар, зургаа яруу найргаар илэрхийлсэн байна. 

Б.Лхагважавын суудаг ширээний цаадах тасалгааны цэцэг цонхон зүг наранд тэмүүлж буй аятай сүртэйхэн ч ургасан харагдана. Түүний ширээгээр дүүрэн уран зураг, хөгжмийн онолын номнууд байх. Ширээнийх нь эсрэг талд бийр багс, тосон будагнууд замбараагүй өрөгджээ. Үнэхээр л уран бүтээлчийн уур амьсгалыг тэндээс л мэдэрч болох. Түүний хувьд багаасаа л урлагт ойр явсан бөгөөд энэ хүслээ биелүүлж байгаа нь тэр юм байна. Энэ үед хаалга тогшин орж ирсэн бүсгүй кофегоор дайлахын зэрэгцээ мань хүн Ф.Шопены “Хувьсгал” этюдийг сонсгов. Нам гүмхэн өрөө нэг л түргэн эр зоригийн хэмнэлд автаж, ямар нэгэн зүйлд уриалан дуудах мэтэд цонхоор тусах нарны гэрэлд саяхан тэмүүлж байсан цэцгэн дээр үүлэн сүүдэр тусарч харагдав. Энэ л агшин бас л нэгэн урлагийн бүтээл юмсан уу даа гэх бодол тархинд эргэлдэж байсан юм аа. Бидний урлагийн тухай яриа эндээс эх авч хэсэгтээ л хөвөрлөө. Мөн уртын дуунуудаар ном гаргаснаа танилцуулж, үүнд л монгол философи яваад байгаа юм шүү дээ гээд чин сэтгэлээсээ уртын дууны шүлгүүдийг уншиж өглөө. “Энэ сайхан бүтээлүүдээ бүгдийг нь урлагийн бурхадаараа дуулуулж чадаагүй нь даанч харамсалтай байна даа” гээд номын хавтсыг алгаараа арчих маягтай болоод дээр тавилаа. “Та чинь Урбанекаасаа илүү урлагт цаг гаргаад байна уу даа” гэхэд “Урлаг хүнийг гайхалтай болгодог. Чин сэтгэлийг нээдэг. Гоо зүйн таашаалыг өгдөг” гэсэн юм. Урлангийнх нь өрөөний сонирхол татах нэг зүйл хананд өлгөөтэй байсан нь чонын арьс байлаа. 10 гаруй жилийн өмнө найз нөхөдтэйгээ явж байхдаа гөрөөлсөн чонын арьс гэдгийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ярилцлага авахаар очиход хэлж байсан билээ. Тэрбээр Ф.Шопений нэрэмжит төгөлдөр хуурчдын конкурсыг зохион байгуулдаг уламжлалтай тэгвэл саяхан болсон конкурсээ олон улсын хэмжээнд зохион байгуулсан байна. “Нэг томоохон конкурстай байх нь манай орны нэр хүндийн асуудал. Ф.Шопений нэрэмжит конкурсыг зохион байгуулах орон зай нь Монголд байна. Эрхүү, Свердловск, Сибирь, Хятадын хойд хэсгийн мужийнхан оролцох боломжтой” гэлээ. Тиймдээ ч цар хүрээ нь өргөжиж Шанхай хотын Хөгжмийн консерватурын 15 настай хүү ахлах насанд тэргүүн байрт шалгарсан гэнэ.  

“БҮХ ЗҮЙЛД УРЛАГ ХЭРЭГТЭЙ”

Хүн бүхэнд бурханаас өгсөн урлагийн өгөгдөхүүн байдаг. Тодорхой нэг агшинд түүнийгээ хэн илэрхийлж чадаж байгаа нь уран бүтээлч болдог тухай ярилаа. Хүн бүр хоббитой байх ёстой. Тэр нь юу байх нь тухайн хүний өөрийн асуудал юм. Хүн хоббигоо дагаж төгс хөгждөг гэлээ. Польш залуучууд гэхэд хөгжмийн урлагийг гаргууд эзэмшсэн байдаг ажээ. Хүн бүр ноот хараад уншчихдаг гэнэ. Түүний хувьд өөрт таалагдсан нэг уран зургийг зураачаас нь авч болох ч тэгж боддоггүй бололтой. Ганцхан уран зураг худалдан авахын оронд тухайн уран бүтээлчийн гайхалтай олон уран бүтээл гараас гаргах тав тухтай орчныг бүрдүүлж өгөхийг эрмэлздэг ажээ. “Манай бизнесийнхэн мөнгөтэй байгаа бол уран бүтээлчдээ дэмжиж байгаасай гэж хэлмээр байна. Энэ бол эх орондоо оруулж буй том хөрөнгө оруулалт. Монголын баялаг болно. Оюу толгой Өмнөговьд байгаа бол оюуны толгойнууд Монголоор дүүрэн байгаа” гээд зургаа үргэлжлүүлэн зурахаар суув. 

“Ер нь тэгээд бүх зүйлд урлаг хэрэгтэй” гэсээр бидний яриа үргэлжилсэн юм. Өнөөгийн нийгэмд аливаа юмс үзэгдлийг хийж буй хүмүүс урлаг талаас нь харалгүй, өөр өнцөг барьж байгаагаас буруу замаар будаа тээх эхлэл тавигдаж байгааг нуусангүй. Түүний хувьд улс төрийн замаар нэлээд хэдэн жил явж байгаа нэгэн. Гэсэн ч манайхан улс төрийг “урлаг” болгож чадахгүй байна даа хэмээн харамсан өгүүлэв. Ийн ярилцсаар бид урлангаас нь гарч тэдний гэрийн зүг хөдлөх боллоо. “Урбанек” компанийн урд талд УБТЗ-ын Зүтгүүрийн депо бий. Монголд анх орж ирсэн зүтгүүрээс эхлээд бүхий л зүтгүүрүүд тус компанийн замын эсрэг талд байх. “Энэ бүх зүтгүүрүүд өөр өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй юм билээ. Сэтгүүлч та нар сурвалжилбал сонин зүйлс гарна даа” гэсээр машиндаа суугаад Нарны зам дагуух ачаалал ихтэй замын хөдөлгөөнд нэгдлээ. Тэгснээ “Миний найз бид гурав ажил дээрээс хөдөлж байна шүү” хэмээн эхнэр рүүгээ утас цохив. Энхтайваны гүүр давлаа. “Манайх энүүхэнд ойрхоон эргээд л орчихно” гээд машинд эгшиглэж байсан сонгодог аялгууг үл мэдэг суллав. Лифтээр явсаар 10 давхарт гарч ирлээ. “Манай хүн хаалгаа цэлийтэл нээчихсэн байх чинь” гэсээр гэр рүүгээ яваад орлоо. Өрхийн тэргүүн “Бид ирчихлээ” гээд цаашаа хэл өгөв. “Та гурав ирээ юу. Дээшээ сууцгаа” гэсээр гэрийн эзэгтэй уриалгахнаар инээмсэглэн зочдын өрөөндөө урив. Өрөөний голд тавьсан буйданг эзэгнэнхэн сууж Б.Лхагважавын гэргий Б.Ариунтуяагийн аягалж өгсөн цайг оочингоо ширээн дээрх номнуудыг эргүүлж суулаа. Гэргий нь төгссөн сургуулийг минь асууж, яагаад манай гэр бүлийг “Танайд өнжье” буландаа оруулахаар сонгов гэх мэтчилэн асуултуудаар “буудаж” эхлэв. Хүнээс асуулт асууж хариулт авдаг мань мэтэд сонин санагдаж байсныг нуух юун. Энэ хооронд Б.Лхагважав хөөргөө барьсаар гар зөрүүлэв. Эртний энэ хөөрөг нэлээд хэдэн үе дамжсан чамин эд. Өвөөгөөс нь аавд нь ааваас нь өдгөө өөрт нь өвлөгдөж ирээд байгаа нь энэ. Төд удалгүй гэрийн эзэгтэй хоолны ширээнд урьж польш хоол болох бигосоор дайлав. 

Өрхийн тэргүүн Б.Лхагважав 1969 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн юм байна. Аав Базарсадын Баатаржав нь ЗХУ-ын Москвагийн Радио технологийн дээд сургуулийг төгсөөд Завханы холбооны ерөнхий инженерээр ажиллахаар болох үед ээж Алтанхуягийн Дондовсамбуу нь УБДС-ийг Хими-биологийн багш мэргэжлээр төгсч таарсан байна. Залуу боловсон хүчнүүд нутагтаа ажиллаж байхад нь Б.Лхагважав мэндэлсэн ажээ. Аав нь Холбооны дээд сургуульд 20 гаруй жил багшлахдаа энэ салбарын бүхий л сэхээтнүүдийг бэлдэж өгсөн ачтан юм байна. Холбооны АТС технологийн аналоги системийн хамгийн том мэргэжилтэн нь аав минь байсан, 10 гаруй жилийн өмнө бурхан болсон доо гэлээ. Харин ээж нь Зоос гоёлд 10 гаруй жил ажиллаж байгаад сүүлд өөд болтлоо урт цагааны гоёл чимэглэлийн газар мастераар ажиллаж байжээ. Ижий минь дуу сайхан дуулдаг, хүний хайлан байлаа даа гэхэд нүдний аяганд аяндаа нулимс дүүрээд ирэв. Ээж минь “Цомбон туурайтай хүрэн”-г хэнээс ч илүү дуулна. Манайх чинь таван хүүтэй дээр нь аав, өвөө нэмэгдээд долоон эрэгтэй хүнтэй амьдардаг байлаа шүү дээ гэсэн юм. Лхагважавын уртын дуу судлах болсон шалтгаан нь өвөө, ээж хоёроос нь улбаатай юм билээ. Өвөө нь мөнгөн хэрэглэлийг маш сайхан эдэлж хэрэглэдэг тул Алтанхуяг гэдэг нэр нь Мөнгөнхуягаар солигдох хэмжээнд алдаршсан байна. Нутаг усандаа алдартай уртын дууч, уяач, бөх байсан аж. Өвөө нь 1914 онд төрснөөсөө хойш хэд хэдэн төрийн нүүр үзэж “Жаргалтайн дэлгэр”-ээ дуулсаар 2000 он хүртэл сайхан амьдарсандаа гээд бахтай нь аргагүй ярих. Бид тав эмээ, өвөө дээрээ өссөн нэг бодлын азтай хүүхдүүд. Хөгшчүүлийн гар дээр өссөн хүүхдүүдийг харахад амьдралдаа тэр бүр алдсан хүн байдаггүй юм билээ гэв. 

ААВЫНХАА МЭРГЭЖЛИЙГ ӨВЛӨСӨН ГЭР БҮЛИЙНХЭН

Лхагважав аав ээжээс тавуулаа юм байна. Тэр дундаа таван эрэгтэй хүүхэд гэнэ. 

Түүний ах Энхбат нь аавынхаа мэргэжлийг өвлөн тухайн үеийн ЗХУ-ын Тбилис хотод холбооны мэргэжил эзэмшээд дараа нь АНУ-д магистрын зэрэг хамгаалж мэргэжлийнхээ чиглэлээр Өмнөд Техасын их сургуульд таван жил багшилжээ. Монгол хүн АНУ-ын томоохон сургуульд багшилна гэдэг мэдлэг чадвартай л хүний хийх ажил. Харин отгон дүү Энх-Амгалан нь АНУ-д өнгөрөгч онд мөн информатикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, одоо сургуульдаа багшилж байна. Дүү Эрдэнэбат, Энхтөр хоёр нь “Урбанек” компанидаа ажилладаг бөгөөд Лхагважавын арын албанд тохоон томилогдсон юм байна. Одоохондоо хоёр дүү маань ч гэсэн хилийн чанадад байгаа гэсэн юм. Дүү Энхтөр нь уулын спортоор хичээллэдэг бөгөөд 2013 онд Франц улсад байдаг 4810 м өндөр Монблан ууланд гарсан бол өнгөрөгч баасан гаригт ОХУ-ын Кавказын уулс дунд оршдог Эльбрусийн оргил 5642 метрт гарсан байх ёстой гэсэн юм. Дүүгээ уулын спортод хөтөлсөн хүн нь Лхагважав өөрөө гэнэ. Түүний хувьд долоо хоног бүрийн бямба гаригт Богд ууланд аялал хийдэг уламжлал тогтоод таван жил болсон юм байна. Тухайн үед дүү нь дагаж ууланд гардаг байсан ч нэг л мэдэхэд мэргэжлийн уулчдын эгнээнд шилжин дэлхийн дээвэр оргилуудад гарах их хүсэл тээж явах болжээ. Лхагваа захирал Хан Богд уулаа аавыгаа гэж сэтгэлдээ сүсэглэж явдаг тул уул усандаа ойр байх гэж Богд ууланд гардаг юм билээ. Түүн шиг завгүй хүнд ууланд гарах шиг жаргал байдаггүй бололтой. Хэдхэн жилийн өмнө уулын багш Батболдынхоо хамт ууланд гарахад 40 гаруй хүн л явдаг байсны 10 гаруй нь монголчууд бусад нь гадныхан байдаг байлаа гэв. Таван жилийн өмнө нийслэлийн нэг сая гаруй иргэн өглөө ингэж унтаж байхаар цэвэр агаарт гараасай гэж боддог байжээ. Одоо өдөрт 1000 орчим хүн цэвэр агаарт гарахын далимд Богд ууланд гарах болсон нь сайн талтай ч байгаль орчныг бохирдуулах сөрөг үр дагаврыг ч нэмэгдүүлсэн хэмээн харамсангуй өгүүлэв. Ууланд гарахдаа буухдаа хог түүсээр байгаад таардаг болжээ. Хуучин байгалиа хайрлаж ууланд явдаг байсан бол одоо албан байгууллагууд албадлагын шинжээр ууланд явж байгаа нь байгаль орчноо сүйтгэх гэм болж байгааг хэлэв. Гоё зүйл рүү хэт орчихоор саар тал нь давамгайлчих гээд жаахан хэцүү шүү гээд эхнэрийнхээ аягалж өгсөн ногоон цайнаас оочлоо. 

Тэрбээр Хатан Туул голоо ижийгээ гэж боддог ажээ. Өвөлдөө харзны усанд орчихдог юм. Ижийнхээ өвөрт сэрэх шиг л сайхан шүү дээ гээд гурван ес тачигнаж байх үеийн харзны ус сайхан даа гээд хөхиүн инээв. Харзны ус гэдэг байгалиас бидэнд заяасан гайхамшиг. Нэг метр гаруй зузаан мөс байхад хэсэгхэн газар харзалж байгааг нь хараад усанд ямар нэгэн зүйл бий гэж боддог гэнэ. Харзны усанд ороод гарахад бие сэргээд хачин сайхан гээд бахархангуй өгүүлэв. Харзны усыг тусад нь судлах хэрэгтэй гэдгийг нэмж хэллээ. Б.Лхагважав Хан Богд уул, Хатан Туул ээждээ долоо хоногт нэг очоод золгочихдог юм. Сэтгэл санаа гэж хачин сайхан сэргээд ирнэ шүү гээд хөөргөө даалинд нь хийгээд эргүүлэн тавилаа. Биднийг ийн ярилцаж байх зуур гэргий Б.Алтантуяа нь Японы Элчин сайдын яам руу очиж визээ авчихаад удахгүй ирье гээд гэрээс гарлаа. “Урбанек”-ийн Лхагважавыг зөвхөн бизнесмэн, сонгодог урлагийг дэмжигч, уран бүтээлч, улс төрч гэж бодож байсан нь үгүй юм билээ. Гимнастикийн холбооны дэд ерөнхийлөгч, гимнастикийн спортын хоёрдугаар зэрэгтэй аж. Түүний хувьд 1988 онд Польшт оюутан болж очсон байна. Тухайн үед нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд түүнийг оюутан байхад ид өрнөж байжээ. Монголд болох нийгмийн өөрчлөлтийг тэнд харсан болохоор Польшийн үндсэн хуулийг орчуулах санаа төрж, эх хэл дээрээ хөрвүүлж байснаа дурсав. Манай монголчууд АНУ-ын үндсэн хууль, Францын хүний эрхийн тунхаг, Францын хардын бичиг, Бельги, Норвеги, Япон улсын үндсэн хуулиудыг орчуулсан байдаг тул агуу ихийн өмнө даруухан байх гэж өвөг дээдсээсээ ичиж орчуулж байсан тухайгаа дурссан юм. Тэрбээр 1995 онд сургуулиа төгсөн эх орондоо иржээ. Чөлөөт нийгмийн зах зээлд ажиллаж эхэлсэн тэрбээр эдийн засаг санхүүгийн эрх чөлөөг бий болсноороо эдийн засгийн гайхамшгийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байдаг. Өнөөгийн хүндрэлээс санхүүгийн эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөлийн хууль гаргах нь чухал. Одоо харин манайхан хуулиа төгс хийж чадахгүй байгаа тул аль ч нам засаг барьсан ийм байдалд хүрэх байсан гэлээ.   

МАТЕМАТИКИЙН ГЭР БҮЛИЙНХЭН

Гэрийн хаалга дуугарч гэргий нь охиноо дагуулан орж ирсэн юм. Эл гэр бүлийн гэрэл гэгээ нь бага охин нь ажээ. “Шинэ эрин” сургуульд сурдаг гэнэ. 

Эхнэр нь “Нөхрийнхөө зурсан зургийг эхлээд харахад сонирхолтой санагддаг ч удалгүй дасчихдаг ш дээ” хэмээн нөхрийнхөө зүг харан инээмсэглэв. Байгалийн тансаг байдал хийгээд гэр хорооллын багширсан дүр зураг хананд нь өлгөөтэй байна. Энэ мэтчилэн өөрийнхөө зурсан олон зургуудыг ханандаа өлгөжээ. Гэргий Ариунтуяа нөхрийнхөө хэдэн зургийг өөрийн өмч болгоод авсан байна. Тэрбээр ханийнхаа зургуудыг өрөөнүүдийнхээ дунд талд байрлуулжээ. Зургуудын доохно талд гэрийнхээ гал голомт болсон тулгыг байрлуулсан нь донжтой харагдана. Энэ тулга ч мөн өөрийн гэсэн түүхийг тээж ирсэн гэнэ. 2001 оны наадмын өмнөхөн явж байтал Өвөрхангайгаас ирсэн гээд хэдэн дархчууд дөрөө, тулга хийснээ үзэсгэлэнд тавиад буцах гэж байжээ. Тэгээд л мань хүнийг “Нутаг явах гэсэн юм аа. Ядаж зардлаа хийх гэсэн юм. Тулга авах уу” гэхэд нь машид таалагдсан тул худалдаж авчээ. Бага охин Уянга нь ноднин анхныхаа зургийг зурсан бол сүүлд нь зуслангийнхаа байшинг хэвлүүхэн зуржээ. Хүүхдүүдийнхээ өрөөг байгалийн шинжлэх ухааны номуудаар дүүргэсэн гэхэд болно. Охин Уянга нь балетын хөдөлгөөн хийж байгаа харагдав. Учрыг лавлахад балетаар хичээллэдэг гэлээ. Тэднийх Польшоос нүүж ирээд хориннэгдүгээр хороололд гал голомтоо бадрааснаас хойш тавдугаар хороололд гурван өрөө байранд амьдарч байгаад өдгөө төвхнөөд буй цэлийсэн гурван өрөө байрандаа нүүж ирээд есөн жил болж байгаа нь энэ аж. 

Гэргий Ариунтуяа нь боксын дасгалжуулагч, ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн охин билээ. Банди багш гэргий Цэцэгдэлгэрийн хамт математикийн анги дүүргэсэн юм билээ. Тэдний том хүү Энхжаргал нь АНУ-ын Мичиганы их сургуульд эдийн засаг, математикийн чиглэлээр гуравдугаар курст сурдаг аж. Явахаасаа өмнө математикийн улсын олимпиадаас мөнгө, хүрэл медалиудыг нэлээдгүй авч байсан нь медалиудаас нь харж болохоор байлаа. 50 гаруй медаль гэрийнх нь хойморт байх агаад бүгд математикийн олимпиадынх гэсэн юм. Казахстанд болсон олон улсын математикийн олимпиадад оролцож байжээ. Өрхийн тэргүүний хувьд математикийн олимпиадын хэд хэдэн медальтай юм билээ. Тухайн үед улсын олимпиадын эхний зургаан байрт шалгарсан хүүхдүүдийг олон улсын олимпиадад явуулдаг байсан үе. Лхагваа тухайн үед долдугаар байрт шалгаран нөөц хүүхдийн тоонд багтан бэлтгэгдэж байсан аж. Куба улсыг Гавана хот руу зургаан найз нь тэгээд явжээ. Харин хүү минь аавынхаа явж чадаагүй олимпиадаас тусгай байрын шагнал авсан гээд сэтгэл өег суулаа. Удаах охин Нармандах нь химийн чиглэлээр сурч байгаад АНУ-ын Массачусетсийн их сургуулийн биотехнологийн чиглэлээр сурахаар яваад хэдхэн хонож байгаа аж. Саяхан математикийн докторын зэрэг хамгаалсан Т.Баяртөгс нь Лхагваа захирлын багын нэг ангийн сурагч бөгөөд гэргий Ариунтуяатай хамт Их сургуулийг дүүргэжээ. Б.Ариунтуяа “Нэг мэдсэн чинь гэр бүлээрээ тоо бодох дуртай болчихсон байна” гээд инээмсэглэв. Тэрбээр өдгөө “Урбанек” компанийнхаа санхүүг хариуцан ажиллаж байгаа гэсэн. Б.Лхагважав, Б.Ариунтуяа нар МУИС-ийн математикийн ангид хамт сурч байжээ. Гэргий нь ханьдаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, халамжтай хүн шүү дээ хэмээн магтав. Өглөө эрт хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөөд ажилдаа явдаг тухайгаа өрхийн тэргүүн хэлсэн юм. Тэрбээр Польшт сурч байхдаа гэргийдээ бичиж байсан чамин захидлууд, гэргий нь өөрт нь хариу болгон бичиж байсан хайрын захидлуудаа хадгалжээ. 100 орчим хайрын захидлаа гарган ирж сонирхуулсан юм. 

2008 оны Бээжингийн олимпийг гэр бүлээрээ үзэж аавынхаа дасгалжуулсан тамирчдыг дэмжсэн байна. “Маргааш Бадар-Ууган Кубын тамирчныг яаж зодохыг хараарай” гэж аваргын алтан медалийн төлөөх тоглолтын урьд өдөр нь хэлж байжээ. Үнэхээр ч хэлснээр нь болох тэр мөчид мэргэжлээ дэлхийн хэмжээнд эзэмшсэн хүн гэж аавыг л хэлнэ дээ хэмээн Лхагважав хадам ааваараа бахархаж суусан байна. Тэрбээр нэг төрийн далбаа авчирсан нь 2008 оны олимпийн алт, мөнгөн медаль хүртэхэд Бээжингийн тэнгэр дор намирсан далбаа байлаа. Олимп үзсэн хүмүүсийн гарын үсэг, сэтгэлийн үгсийг бичсэн тэрхүү далбааг харахад сайхан санагдаж байв. Монголын улс төрчид эдгээр тамирчдад асар их өртэй. Тэдний сонгуулийн луйврын дараагаар манайд эмх замбараагүй байдал бий болоход тэднийг тамирчид нэгтгэж чадсан гэдгийг хэллээ. Лхагважавынх гэдэг айл үнэт номын сангаас гадна гадаад орнуудаас дурсгал болгон авч ирсэн сувинерүүд өрөөтэй байсан юм. Зурагтныхаа хажууд цагаан вааранд тогосны өд шигтгэсэн нь тунчиг сайхан харагдана. 

ХУРГАНЫ АРЬСАН ДЭЭЛНЭЭС “УРБАНЕК” КОМПАНИ ХҮРТЭЛХ 21 ЖИЛ

Б.Лхагважав Польшт оюутан байхдаа Монголоос хурганы арьсан дээл хийж аваачиж зардаг байжээ. Тэрбээр Монголоос анх зургаан доллартай хилийн дээс алхаж хичээл эхлэхэд 12 хоног дутуу байсан тул зах дээр гарч бараг л Польшоор мэндэлж сурахаасаа өмнө оймс, цагаан бээлий аваачсанаа борлуулж байжээ. “Зах зээлд Польшоор захаар дамжин орж байлаа шүү дээ” хэмээн анхны бизнесийнхээ тухай дурслаа. Польшт уламжлалт хэд хэдэн үйлдвэрүүд байсан ба манайхан тэндээс нь даршилсан ногоо зөөдөг байсан үе гэнэ. 1990-ээд оны эхэн үед Венера гээд шар тагтай цуу, Болгараас дунайский салат наадмын үеэр ирдэг байсан. 1991 онд Венера цууны үйлдвэрт очиж хоол амтлагч оруулж эхэлсэн бөгөөд 1993 онд “Урбанек” компани дээр очиж гэрээ байгуулан Монгол руу оруулж эхэлсэн байна. Түүнээс өмнө Польшт байгаа монголчууд ихэнх нь тус компаниас “Урбанек” салатыг монгол руу зөөдөг байжээ. Сүүлдээ тэндээс авсан үнээсээ хямдхан шахуу зарж эхлэх хүртэл өрсөлдөөн бий болж байсан гэнэ. Тиймээс нэг гарт бариулах шаардлагатай болсон тул компани байгуулсан юм даа гэв. Түүнийг анх бизнес хийж эхлэхэд аав нь “Миний хүү контейнерээр наймаа хийхгүй бол наадах шиг чинь наймаа гэж юу байхав дээ” гэж хэлсэн нь ой тойнд нь нэгийг бодогдуулсан хэрэг. Тиймээс л ганзагаас контейнерт шилжин өнөөдрийн өндөрлөг өөд мацаж эхэлсэн байна. Аав минь өөд болтлоо миний хамгийн том хамтрагч байсан. Аливаа нэг системийн онолыг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн бол ямар ч зүйлийг томоор харж чаддаг гэдгийг хэллээ. Энэ 21 жилийн хугацаанд чанараараа л бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн итгэлийг хүлээснийг ярьсан юм. 

Гэр бүлийн хоёр ганцхан математикт сонирхолтой байсангүй гимнастикийн хоббитой юм байна. Тэрбээр 1986 оны гимнастикийн улсын аваргын мөнгө, 1987 оны Бүх ард түмний спартакиадын мөнгөн медаль хүртэж байсан дурсамжаа хуваалцан медалиа үзүүллээ. Гимнастикийн холбооны дэд тэргүүний хувьд Монголд гимнастикийн спорт хөгжсөнөөс хойш 50 жилийн дараа залуучуудын олимпоос Г.Эрдэнэболд алтан медаль хүртсэнд талархаж явдаг нь илтэд мэдрэгдэв. Лхагваа захирал мөн 2005 оноос хойш монгол бичгийг хичээнгүйлэн суралцаж хэнээс ч илүү уншиж, бичиж, архивын материалыг кирилл бичигт буулгадаг болжээ. Учир нь түүнийг сурагч байх үед монгол бичгийг заадаггүй хаалттай байж. Уртын дуунуудад монгол ухаан явааг өөрийн эмхлэн гаргасан номон дээрээсээ жишээ татан ярьсан юм. Адам Смитийн “Үндэсний баялаг” тэргүүт бүтээлүүдийг номын сангаасаа гаргаж ирээд номын утга тэнгэр мэт агуу гэдгийг батлах. Мөн бурхан багшийн холбогдолтой олон шилмэл бүтээлүүдийг уншиж байгаагаа ч хэлж байв. Сүүлийн хэдэн жил эрхзүйн чиглэлийн маш олон номон дээр хамтарсан байдлаар ажиллаж байгаа гэнэ. Хэвлэгдээд гарсан 10 орчим номоо дэлгэн үзүүлэв. Тэдний гэр бүлийнхэн бүгд номын мөр хөөх болсон шалтгаан нь аавтай нь холбоотой байсан гэнэ. Дээхнэ үед шалгалтын материал задарлаа гээд нэг хэсэг шуугьдаг байсан. Тэгвэл шалгалтын материал задарсан гээд хүүхдүүд тэдний онцоор дүүрэн цуглачихсан маргаашийнхаа шалгалтын тоог бодуулах гээд үүдэнд нь хонох шахам болж өнждөг байжээ. Аав нь сургууль соёлын мөр хөөж эрдэм боловсролтой болохыг чухалчлан захьдаг байсан тул үр хүүхдүүд нь аавынхаа захиасыг өнөөдрийг хүртэл биелүүлж үр хүүхдүүдээ аавынхаа захиасаар хүмүүжүүлж байгаа аж. Энэ мэт туулсан зам, хийсэн ажилтай Баатаржавын Лхагважавынд өнжихөд ийм байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын зөвлөхөөс эхлэн ажилласан гээд яривал түүний улс төр хийгээд эдийн засаг санхүү, бизнес, урлаг, эрхзүй, иргэний нийгмийн тухай гүнзгийрүүлэн ярихад өөр “симфони” тоглогдох нь гарцаагүй билээ. 

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН