Categories
мэдээ нийгэм

Авто замаа дуусгахыг үүрэг болголоо

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдын орон нутагт ажиллах томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Тус аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн удирдлагуудтай уулзаж, өнгөрсөн онд БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаар ахлуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын дүнд өгсөн шаардлагын биелэлттэй танилцлаа.

Албан шаардлагаар Бургастайн боомт хүртэл хүнд даацын автомашин явах 168 км замын 60 хувийг 2013 онд, энэ онд үлдсэн хувийг гүйцэтгэж 100 хувь дуусгахаар заасан билээ. Тус компанийн хуулийн хэлтсийн захирал Ц.Халиунаагийн танилцуулснаар  одоогоор 3,1 км цементэн хучилттай  автозам тавьсан бөгөөд энэ онд өөрийн хөрөнгөөр 104 км авто замыг асфальт бетонон хучилттай хийж дуусгахаар төлөвлөжээ. Харин үлдсэн 64 км авто замыг дотоодын компаниар гүйцэтгүүлэхээр гарц хайж байгаа аж. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд мэдээллийг сонсоод энэ ондоо багтаан замаа 100 хувьд гүйцэтгэж дуусгахыг үүрэг болголоо. Дэлхийн зах зээл дээрх төмрийн хүдрийн үнэ унасны улмаас уурхайн үйл ажиллагаа болон гол нь тээвэрлэлт зогсоогүй цагт авто замыг бүрэн гүйцэтгэж дуусгах үүрэгтэйг санууллаа. Хэрэв замаа гүйцэтгэж дуусгаагүй тохиолдолд уурхайн үйл ажиллагааг хаахыг хатуу сануулсан юм.

Мөн уурхайн баяжуулах үйлдвэрийн тоосжилтыг бууруулах ажлын хүрээнд овоолго шороонд бэхжүүлэгч бодис цацах зэргээр арга хэмжээ авч байгаа гэв. Харин замын усалгааг хөрсөн дээр 0 хэм болтол хийлгүй хүлээж байгаа юм байна. Хэрэв замын усалгааг хийвэл зам тээврийн осол гарах эрсдэлтэй гэж үзжээ.

Тус компанийн байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 3,8 тэрбум төгрөгт хүрч, байгаль орчны нөхөн сэргээлтийн зардал 262 сая төгрөг болж байна.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгаа эрчимжүүлж чадахгүй бол Засгийг хэрхэхээ шийднэ гэв

Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдааныхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдаас мэдээлэл авч, эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын төсөл, Төсвийн тодотгол гэсэн асуудлуудыг хэлэлцсэн байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг эхлүүлсэн. Энэ хугацаанд Засгийн газар шахаж ажиллах ёстой. Хэрэв 100 хоногийн хугацаанд эдийн засгийг идэвхжүүлж, цаашлаад эерэг өөрчлөлт гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газраа хэрхэхээ шийднэ. Үүнийг ард түмэн ч хүлээж байгаа” гэв. Хэрвээ эерэг дүн гарахгүй бол Засгийн газрыг огцруулах уу гэсэн асуултад “Огцруулах тийм чухал биш. Эдийн засгийг эрчимжүүлэх нь гол асуудал болохоос хэн нэгнээр оролдох нь чухал биш. Ажил нь үр дүнд хүрэхгүй байна гэдэг бүтэц болохгүй байна гэсэн үг. Хариуцлага хүлээхээ хүрвэл бид өөрсдөө хүлээлгээд явж чадна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулав

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлэг санаачлан Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулж буй “Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр /2014.05.13/ боллоо.  Уулзалтанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг болон УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Одонтуяа, Д.Сарангэрэл,  УИХ-ын гишүүн Соёл,спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд  Я.Санжмятав нар оролцов. Чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ,  “Хувиараа хөдөлмөр эрхэлж амьдралын их ачааг нуруундаа үүрч яваа олон мянган эмэгтэйчүүд өөртөө төдийгүй гэр бүлийнхэндээ, өрөөл бусдад ажлын байр бий болгож, зах зээлд эзлэх байр сууриа бататгаж буйг онцлоод   Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааны дүнг танилцуулав. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн  23 хувь нь зээлийн хүү хэт өндөр гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд жижиг бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь эргэлтийн хөрөнгө болоод байгааг тэмдэглэн хэлсэн юм.


Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга, “Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бол хэтдээ эдийн засгийн тулгуур болох үйлдвэрлэлийг эх орондоо бий болгох гол түүчээ нь гэдэгт итгэж байна. Үндэсний үйлдвэрлэлд том чөдөр болсон импортын бараанд нэн яаралтай татвар тогтоох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ. Арьс шир, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Ж.Саран, Ж.Болорчулуун нар хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүйн дээр БНХАУ-аас маш хямд үнэтэй ирсэн ижил төрлийн бараа бүтээгдэхүүн олноор худалдаалж,  үндэсний үйлдвэрлэлийн борлуулалтад ихээхэн хүндрэл учруулдаг хэмээн тайлбарлав.
Улаанбаатар хотын хэмжээнд 12 мянган жижиг бизнес эрхлэгч бүртгэлтэй байгаагаас 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь 40-55 насныхан байна. Ажил эрхлэлтийн байдлаас харахад оёдол, сүлжмэл эдлэл, ахуйн үйлчилгээ, нийтийн хоол, аялал жуулчлал, гар урлал, бэлэг дурсгал, эсгий эдлэл зэрэг салбаруудаас гадна барилга, арьс шир, модон эдлэлийн бизнест хүртэл эмэгтэйчүүдийн оролцоо их байгаа юм. “Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт чуулга уулзалтанд Улаанбаатар хотод жижиг бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 800 хүн оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Араасаа залгах хойч үегүй Ардчилсан холбооны өвгөд өөрсдөөрөө дуусах уу?

Хуучин бүхэн шинээр солигддог нь жам ёсны л үзэгдэл. Ертөнцийн энэ хууль бидний хүссэн хүсээгүй үйлчилсээр байдаг. Улс төрийн намууд ч энэ хуулиас тойрч гарч чадахгүй. Хорин настай Ардчилсан нам ч бас зугтах аргагүй. Энэ намд шинэчлэл хэрэгтэйг улс төр судлаачид, намын залуу үеийнхэн, хөндлөнгийн ажиглагчид ч хэлж яриад эхэлчихлээ. Ард түмэн аль хэдийнэ анзаарчихсан. Ная хол давсан настай МАХН сүүлийн хорин жилд хэд хэдэн удаа үе солив. Хорин жилийн өмнө идэр насандаа явсан АН-ын лидерүүд үе солих байтугай тэр тухай дурсах ч үгүй намаа хувьчилчихаад хөдөлдөггүй ээ. Манай нам хорьхон настай залуухан улс төрийн хүчин гэж өхөөрддөгч өөрсдийгөө хэдтэйг мартчихлаа. Тэр үед хүүхэд байсан бид өнөөдөр залуусын эгнээнд багтчихаад байхад тэр үед залуу байсан ардчиллын лидерүүд өтөлснөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Улс төрийн хувьд ээлжээ хүлээлгэн өгч, дараа үеийнхэндээ зайгаа тавихгүй бол тэднээс илүү боловсролтой, шинэ цагийн залуус юу ч хийж бүтээж амжихгүй, дэмий л ээлж хүлээн өөрсөдтэй нь хамт тэтгэвэрт гарлаа шүү. Ад үзэгдээд хөгшнөөрөө дуудуулдаг МАХН залуучууддаа боломж олгож л байна. Хорин жил гэдэг бол улс төрийн намын хувьд бүхэл бүтэн цикл юм. Намын шинэчлэл нь насны ангиллаар шийдэгдчихдэг зүйл биш ч залуу үеэрээ цус сэлбэх нь шинэчлэлийн нэг хэлбэр. 1990 оноос хойш Даш-Ёндон, Г.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр нар МАХН-ын даргын албыг ээлжлэн хашихдаа дараа үеийнхнээ бэлдэж, залуучуудыг намдаа татан оруулж ирж, өндийж босоход нь түшиж,тулж ирлээ. Даш-Ёндон сонгуульд нам нь ялагдахад намын удирдлага хариуцлага хүлээх ёстой гээд зайгаа тавьж өгсөн. Н.Багабанди, Л.Энэбиш нар Н.Энхбаярыг дуртай, дургүй ч хүлээн зөвшөөрч байлаа. Н.Багабанди Н.Энхбаярт намын даргаа өгч, Л.Энэбиш орчуулагч Н.Энхбаярыг Соёлын сайд болгож байв. Н.Энхбаяр ч шинэ залуу үеийн бүхэл бүтэн төлөөллийг сайн муу хэлүүлэн оруулж ирсэн юм. Н.Энхбаяр хаанчлалынхаа үед Монголын нийгэм, улс төрд хортой зүйл их хийсэн байлаа ч хожмоо нь муудалцан шоронд явуулахдаа тулж байсан У.Хүрэлсүхийг өнөөдөр намын ерөнхий нарийн бичгийн дарга хүртэлх улс төрд явах замын эхлэлийг тавьж л явсан. Н.Энхбаяр дараа нь дайсан бололцсон М.Энхболд хэмээх, аж ахуйн хүнд улс төрийн орон зайгаа тавьж өгч байв. М.Энхболд С.Баярт өөрийн хүслээр зай тавиагүй ч хотын фракц хэмээх бүхэл бүтэн залуусын шинэ үеийг гаргаж ирэн өөртөө нэгтгэж чадсан. Өнөөдөр тэд нь Монголын улс төрд, намынхаа удирдах түвшинд голлох үүрэгтэй явж байна. С.Баяр эрүүл мэндийн шалтаг тоочсон ч дараа үеийнхэнтэйгээ хэл амаа ололцов. Сү.Батболд Ерөнхий сайдын албаа авмагц Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатарыг танхимдаа багтааж шинэ үеийнхнийг цаашид өсөж дэвжих замыг тавьж өгч байгаагаа илэрхийллээ.

АН-ын лидерүүд харин хэнийг татаж авав. Хэнд зам тавьж өгөв. Залуу гээд байгаа энэ намын лидерүүд нь өнөө л Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, С.Эрдэнэ, Батж.Батбаяр, Н.Батбаяр, Р.Амаржаргал, Г.Батхүү арай дүүмэд нь Ч.Сайханбилэг, С.Баярцогг гээд л болох шив дээ. Аль хэдийнэ үсэнд нь буурал сууж, ач, гучаа тэвэрсэн тэднийг 1990 онд залуу байсныг нь мэдэхээс одоо нялхамсаж ойлгох арга алга. Тэр цагийн залуус жам ёсоороо өвөгцүүлийн эгнээнд жагслаа. Өтөлж яваа тэд өсөж яваа залуусаа хүлээн зөвшөөрдөггүй нь Ардчилсан нам ардчилалгүйн баталгаа болж байна. Зарим улс оронд магадгүй тэднийг залууд тооцож болох ч гадныхны дундаж настай харьцуулбал монголчуудын хэд нь 100 насалдаг билээ гэдгийг бодолцох л хэрэгтэй юм.

Хорин жилийн өмнө ардчиллын өнгө болж гялалзаж явсан өнөөдрийн АН-ын өвөгцүүлийн хажууд МАХН-ын Д.Загджав, Ч.Хүрэлбаатар, Д.Зоригт, Су.Батболд, Г.Занданшатар гэсэн шижигнэсэн залуучууд соёолон азарга шиг дүүхэлзэж байна шүү дээ.

УИХ-ын чуулганы танхимын зүүн жигүүрийг эзлэнхэн суугаа хорин настай гэж сайрхдаг Ардчилсан намын толгойнууд бүхэлдээ шахам шинэхэн цас бударсан мэт цайрч харагдахад баруун жигүүрт суугаа  МАХН-ын толгойнууд гүн шөнийн тэнгэр шиг тас хар байна. АН-ын арай залуу гишүүд нь хүртэл толгой нь цайрчихаад байхад МАХН-ын ахмад гэгдэх Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ч.Улаан нарын нас хэдий харьж яваа ч үсээ тас хараар будуулчихаад хятад лоохууз шиг гялалзаж, жавхалзаж байх юм. Ямар Улаан нэртэй хүний толгой цайрдаггүй л байв гэж. Ертөнцийн жамаар бууралтаж л байж таараа. Залуу үедээ зайгаа тавихаа мэдэж байгаа ч зангаргаа тавихгүй үсээ хүртэл арчилж, биеэ сайхан авч явж байна. Хажууд нь ардчиллын партизанууд хэзээний буурал үснийхээ сүрэнд дарагдан өвгөн харагдана. Өнөөдөр тавьтангуудын эгнээнд жагссан 1990 оны партизанууд арван жилийн дараа энэ янзаараа байвал жар гарсан өвөгцүүл ардчиллын өнгийг тодорхойлох юу л бол.

Хоёр намын шинэ үеийн төлөөлөл болсон дараа үеийн улс төрийг тодорхойлолцох эхний хорин залуусын нэрийг нэгэн хэвлэлд жагсаажээ. Эхний аравт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин гурав л багтаж чаджээ. Үлдсэн нь МАХН-ын залуус. Албан тушаалгүй хүн тэдэн дотор нэг ч алга. АН-ын дээрх залуусын хувьд өнөөдөр ахмад үеийнхнийхээ залуу халуун явсан шиг эрмэг зоримог байж бас л чадахгүй байгаа. АН-ын залуус ахмадуудынхаа хуншгүй авирыг битүүхэн шүүмжилдэг ч дуугарахгүй явсаар өдийг хүрлээ. Бас тэднээсээ өнгөлж гарч ирж харагдахгүй байгаа. Арай түрүүлэн шинэчлэл ярьж зоригтой дуугарсан Ж.Батзанданг аягүй бол адлан өөнтөглөж, намаасаа хөөхдөө ч тулах юм билүү. Нам дотор нь сөрөг хүчин бий болж, залуу үе нь дуугарвал хаздаг хайрдаг болчихсон болохоор ийм болгоомж төрөөд байна.

Улс төрийн гол хоёр хүчний дараа үеийнхний эхний хорьд АН-аас Х.Золжаргал, Б.Батбаатар, Ж.Батзандан, Б.Болор, О.Магнай нар багтав. Эдний зарим нь өнөөдөр ямар нэг албан тушаал, ажил алба хашаагүй явж байгаа. Тэд ахмадуудаа халаагаа өгөхийг хүлээн зэврэх шахаж байхад дахин нэг шинэ үе ирээд хаалгыг нь тогшиж эхэллээ. Сүхбаатарын талбайд өлсөж, жагсаж, тэмцэж явахдаа хорин хэдтэй, гучин хэдтэй байсан ардчиллын алтан хараацайнуудын дараа үеийнхэн нь арав гаруй настай жаалууд байлаа. Одоо тэр жаалууд ах нарынхаа тэмцэж явсан насанд аль хэдийнэ хүрчээ. АН-ын хувьд Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан нар намын даргын албыг хийж үзсэн. Харин залуучуудаасаа хэнийг дэмжиж улс төрд хөл тавиулав аа. Дараа үеийнх нь залуус хэн нэгэн лидерийн дэмжлэг, татаасаар биш бор зүрхээрээ л улс төрд хөл тавьсан. Харамсалтай нь ах нар нь хана хэрэм шиг хаачихаад боломж олгохгүй байна. Шинэ үеэ гаргаж ирэх бодлого байтугай бодол ч АН-ынханд алга. Ардчиллын алтан хараацайнууд өнөөдөр үнэхээр ардчилагчид мөн юм бол ирээдүй үеэ, залгамж халаагаа гаргаж ирэх цаг болжээ. Ардчиллыг өмчлөхийн төлөө тэр үед амь насаараа дайчин тавин өлсөж, тэсгим өвлийн жаварт даарч зогсоогүй гэдэгт найдна. Тэд ардчиллыг Монголын төлөө, ирээдүйн төлөө хийсэн. Монголд ардчиллыг тэр үедээ шинэ цагийн залуус болох тэд авчирч байсныг шууд үгүйсгээд байгаа юм биш. Ардчиллыг зөвхөн өөрсдөөрөө төсөөлөн үнэт зүйл, үзэл баримтлалаа мартаад албан тушаалын амттайхан бялууны хэлтэрхийнд мөн чанараа гээж байгаад нь л халагласан хэрэг. Шинэ хүмүүс л шинэ зүйл хийдэг болохоор дараа үеийнхэндээ боломж олгох хэрэгтэй юм.

Өнгөрсөн нөхөн сонгуулиар жишээ авъя л даа. МАХН шинэ залуу Д.Зоригтыг дэвшүүлсэн бол Ардчилсан нам Б.Батбаатарыг зольж, Р.Бурмааг дэвшүүлсэн. Залуучууд хоорондоо өрсөлдсөн бол хоёр намын жинхэнэ шинэ үеийн төлөөллийн тулаан сонгуулийн үр дүнг яаж ч эргүүлээ билээ. Нас тогтсон намбалаг авгай, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй цэл залуухан Д.Зоригттой рингэн дээр гараад зогсохоор бооцоогоо хэнд нь тавих нь ойлгомжтой шүү дээ. Улс төрийн нам хорин жил болоход үүсгэн байгуулагсад нь хорин настай байдаггүй. Хорин жилийн өмнө нэг настай улс төрд хөл тавиагүй л бол тэр үеийн залуусын хамгийн залуу нь дөч гарч, ахмад нь 60 гарчихсан явна. Харин тэд өөрсдийгөө залуу гэж эндүүрсээр л байгаа.

АН-ын дарга Н.Алтанхуягийн хоёр хүүхэд намынх нь ҮЗХ-д байдаг. Батж.Батбаярын хүү нь Иргэний зориг намаас сонгуульд өрсөлдөн намын хутгуур болж өсч өндийж байна. Дараагийн сонгуульд Н.Алтанхуягийн хүүхдүүд Батж.Батбаярын хүүтэй өрсөлдөөд л явж байх юм гэнэ. Тэдний бэлтгэж буй дараа үе нь нэг иймэрхүү. Арван жилийн дараахь Ардчилсан намын хувь заяа бүрхэг байгаа нь эндээс харагдана. “Алтан гадас” гээч МАХН ч биш, АН ч биш, Ардчилсан нам дахь МАХН-ын төлөөлөгчид ч юм шиг, МАХН-аас Ардчилсан намд илгээсэн төлөөлөгч ч юм шиг хэдэн нөхөд хамаг сандал суудлыг нь эзлээд АН-ын хойч ирээдүйг биш эхнэр хүүхдээ ажилтай, өөрсдөө албан тушаалтай болж л хожлоо. Тэдний хувьд юун ардчилал, юун Ардчилсан нам бололтой.

Хамгийн сүүлд хуралдсан МАХН-ын их хурлын төлөөлөгчдийн дундаж нас дөчин нэг, хоёртой гэж байсан бол АН-ын их хурлын төлөөлөгчдийн дундаж нас тавь гаруй настнуудаар дүүрснийг тооллогын комисс нь зарласан.

Өмнөх парламентад АН-аас сонгогдсон гишүүд хамгийн залуу байсан бол энэ УИХ-д МАХН-ын залуус түрж, хамгийн, залуу нь Ж.Сүхбаатар тэргүүтэй гишүүд болчихлоо.

МАХН-ын дараа үеийнхэн аль хэдийнэ бэлэн жагсаж, ихэнхийнх нь хүүхдүүд төрийн албанд шургалж, хэлтсийн даргаас газрын дарга болчихсон байх жишээний. Үгүй ядаж л бизнест амжилттай яваа. Эсвэл гадаадад төрийн тэтгэлгээс суралцаж, зарим нь аймаг нийслэлийн удирдлагын түвшинд ажиллаж байна.

МАХН-д байдаг фракц бүлэглэл АН-д ч дутахааргүй олон тоотой бий. МоАХ МҮДН, Алтан гадас, Зүүн хойд Ази, Кроун гээд л нэрлэвэл нэлээдгүй хэдийг дурдах вий.

Яахав, Р.Гончигдорж ид гялалзаж явах үедээ Н.Алтанхуяг, С.Баярцогт, Л.Гансүх, Г.Батхүү, Ч.Сайханбилэг, З.Энхболд нарыг татаж, “Алтан гадас”-ын хүчийг зузаатган, цусыг сэлбэсэн байх талтай. Гэхдээ АН-ын хүчийг нэмж цусыг шинэчилсэн гэвэл бас эргэлзээтэй.

Харин Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл , Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав хэнийг гаргаж ирэв. Одоо хэн нь шинэ үед хүлээн зөвшөөрч гаргаж ирж чадах бол гэсэн асуулт байна.

Эдэн дотроос шинэ үеэ гаргаж ирэх хүн байв уу. Өнөөдөр МАХН бодлого зангиддаг гол хүн болох ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг У.Хүрэлсүхэд хариуцуулж чадсан. АН залуучууддаа боломж өгч бялууны хэлтэрхий амсуулж чадахгүй байлаа гэхэд намынхаа энэ байр суурин дээр залуу хүн тавьчих эр зориг гаргаж яагаад болохгүй гэж.

1990 онд Улс төрийн товчоог хуучинсагаар нь дуудаж, хуугаар нь буулгаж байснаа санаж байгаа бол тэд ухаан зарж, тулаан хийлгүй дараа үеийнхэндээ боломж олгосныг бас мартах ёсгүй. Хувь заяа шоглоомтойгоор хуучныг чинь сануулж байна. Ард түмэн ардчиллыг хүлээн зөвшөөрөөгүй биш, зөвшөөрсөн. Тиймээс ч ардчиллынхныг анхны сонгуулиар алгаа тосч угтсан. Түүнээс хойш яагаад ардчиллынхан дараалан дампуурч, ялагдаад байв. Тэд ардчилалтай Ардчилсан намыг хүссэнээс “алтан хараацай”-нуудыг ардчиллыг насан туршдаа өмчлөөд өнөөх коммунистуудаасаа ялгарахгүй дал, наян жил төр бариад зантайгаад суухыг хүсээгүй.

2004 оноос хойш Ардчилсан нам олигтой сөрөг хүчин байж сөрж чадсангүй. Эрх баригч ч байсангүй. Ядаж олигтой сөрөг хүчин байсан бол гудамжинд сөрөг хүчин байгуулан эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн олон жижиг намуудын лидер залуус Ардчилсан намд орох байлаа. Сөрөг хүчин шиг байж чадаагүй болохоор нь ардчилсан үзэлтэй тэр залуус тусдаа нам байгуулж сөрөг хүчний хийгээгүйг хийх гэж зүтгэсэн. Эрх баригч болж чадсан бол аль нэг яаманд дараа үеийнхнээсээ татаж оруулаад тэдний хүч чадлыг нь ашиглаж болох байв. Харамсалтай нь алийг нь ч олигтой хийсэнгүй. Хүнтэй зүйрлэвэл эр хүн, эм хүний үүргийн алийг нь ч гүйцэтгэж чадахгүй саармаг хүйстэн буюу манин нам болж хувирсан. Манин хүн үр хойчоо үлдээх боломжгүйтэй адил манин нам ч хойч үеэ үлдээж чаддаггүй юм байна. Ийнхүү араасаа залгах хойч үегүй Ардчилсан намын өвөгцүүл өөрсдөөрөө л дуусах дээрээ тулчихлаа.

Нэгэн эрхмийн хэлж байсанчлан ардчилсан хувьсгалын эхний эгнээнд явсан нөхдийн дунд Улс төрийн товчоог унагах гэсэн тухайн цаг үеийн МАХН-ын зарим лидерүүдийн захиалгаар шургалсан нөхөд энэ намд байдаг юм биш биз. МАХН-ын тэр захиалагчид нийгэм тэр аяараа ардчиллыг дэмжиж хүлээж байсныг гадарлаагүй болов уу. Улс төрийн товчоог унагах оролдлого нь улс төрийн шинэ хүчнийг гаргаж ирэхэд түлхэц болохын чинээ санаагүй биз. Ингээд л МАХН-ын гишүүн байсан баахан залуус уугуул намынхаа захиалгаар ардчилсан шинэ нийгмийн далбаан дор Ардчилсан намд шургалж гарч ч чадахгүй өнөөдөртэй золгосон байж болох юм.

Ардчиллаас ухрах замгүй болсон зарим нь угшлаа мартахгүй өдийг хүрч МАХН-тай одоо болтол хүзүү, толгой холбоод шинэ үеийнхэндээ чөдөр тушаа бэлдэж, хаалт халхавч болж суудаг юм биш байгаа даа. Хэрэв ардчиллын шинэ үе гараад ирвэл юун наадам, юун цагаан сар гэдэг шиг л МАХН-ын өвөрт шургалахгүй болчихно гэж АН-ын ахмад үе дараа үеийнхнээ дарж суудаг байж болох юм. МАХН энэ хооронд хорьхон жилийн түүхтэй хэрнээ аль хэдийнэ өтөл нам болсон АН-ыг харж инээн өөрсдөө бол коммунизмыг баримтлагч өвгөдөөсөө сэмхэн салсаар байна. Ирэх 2012 оны сонгуулиар МАХН-ын бүхэл бүтэн шинэ үе улс төрд хөл тавих бэлтгэл хангагджээ. АН харин залуусаасаа холдож, өвгөдөө өөгшүүлсээр өдий хүрчихлээ дээ. Дараа үеийнхэндээ хаалгаа нээж өгөхгүй бол араасаа залгамжгүй Ардчилсан намын мөхөл хаяанд ирчихсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Бурмаа: Эрх баригч нам бүхнийг шийддэг тэр нийгэм рүү орох нь


УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа. 

-Та Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг хугацаа алдалгүй тайлуулах хүсэлтэй байж, намынхаа эсрэг кноп дарсан дөрвөн гишүүний нэг. Хэрэв Засгийн газарт хөдөлгөөн орвол эдийн засаг улам тогтворгүй болно. Та яагаад эсрэг санал өгсөн юм бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь учир дутагдалтай байна. Тиймээс Ерөнхий сайд нь давхар байгаад бусад нь давхар алба хашихгүй” гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-аас “Чиг үүргийн сайд нар нь “давхар дээл”-тэй байж болно” гэсэн шийдвэр гарсан. Сайд нарын “давхар дээл”-ийг 2014 эсвэл 2016 оноос тайлна гэсэн сонголтоор санал хураалт явуулсан. Миний хувьд “Нэгэнт чиг үүргийн сайд нарыг УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрөөд салбарын сайд нарыг л гишүүн биш байх тохиолдолд 2016 оныг хүлээгээд яахав. Одоо хэтэрхий олон сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж буйг болиулах боломж нь байна” гэсэн байр  сууринаас саналаа өгсөн. Хэрвээ Ерөнхий сайд нь УИХ-аас, бусад нь гаднаас гэсэн санал хураалтын дүн гарсан байсан бол оны хувьд би бодох л байсан. Энэ хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яригдаж байхад сайд нарын 50 хувь нь УИХ-ын болон Засгийн газрын гишүүн давхар хашиж болох санал гаргаж байлаа. Харамсалтай нь энэ саналыг манай бүлгийн дарга Д.Эрдэнэбат татаж авсан. Харин санал хураалтын явцад УИХ-ын гишүүн чиг үүргийн сайд нар байж болно гэсэн заалт дэмжигдсэн л дээ. Тэгэхээр чиг үүргийн сайд нар үлдээд, намын нэрийн жагсаалтаар сонгогдсон гишүүд маань сайдаа хийгээд үлдэх юм бол цаана нь долоо, найман сайдын асуудал байгаа юм. Угтаа 19 сайдын 50 хувь нь нэг дор өөрчлөгдөх юм бол Засгийн газрын тогтворгүй байдал,  огцрох тухай асуудал хөндөгдөнө. Иймд хуулийг энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлээд эхэлсэн бол сайд нарыг үе шаттайгаар өөрчлөх боломжтой байсан. Тухайлбал, эхний ээлжинд 3-4 салбарын сайдыг УИХ-ын гишүүн бус хүнээр томилчих, дараа нь дахиад ийм тооны сольчих юм бол Засгийн газар огцрох тухай асуудал байхгүй шүү дээ.  АН-д сайдын албыг хашчихаар чадварлаг хүмүүс бий.
-Та яагаад заавал зарим сайдыг солих шаардлагатай гэж үзээд байгаа юм бэ?
-“Тодорхой салбарын сайдууд болохгүй байна, хөрөнгө оруулагчдыг үргээчихлээ” гэж маш их шүүмжлэл дагуулж байгаа. Ерөнхийлөгч хүртэл “Үнэхээр болохгүй байгаа сайд нарыг солих эрх нь Ерөнхий сайдад байгаа” гэж телевизийн ярилцлагад орохдоо хэлж байсан. Бодит байдал дээр зарим сайдын ажил үүрэг нь хангалтгүй байхад Засгийн газраа тогтвортой байлгана гэсэн нэрээр 2016 оныг хүртэл яваад байх уу. Хэрэв ингэвэл улс оронд, ард түмэнд хохиролтой. Дээд тал нь долоо, найман сайдыг сольчихвол Засгийн газарт айхтар  бэрхшээл үүсэхгүй. Цаана нь яамдад хоёр дэд сайд байна. Төрийн нарийн бичгийн дарга, яаманд байгаа бүхэл бүтэн аппарат ажилладгаараа ажиллаад л явна. Гагцхүү УИХ-ын гишүүн бус хүн сайдад томилогдсоноор тухайн салбарт илүү анхаарал төвлөрнө.
-Ер нь сайд нарын “давхар дээл”-ийг тайлах асуудал яагаад өмнөх засгийн үед яригддаггүй байсан юм бэ?
-Өмнө 11 сайдын ес нь “давхар дээл”-тэй байлаа гэхэд УИХ-ын үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлдэггүй байсан. Одоо айхтар нөлөө үзүүлж байна. Наад зах нь ирцийн асуудал байна. Засгийн газрын гишүүдийн асуудлыг ярих болохоор 17 сайд бүгд ирээд чуулганы хуралдаанд суучихдаг. Харин залгуулаад агаарын бохирдлын асуудлыг яриад эхлэнгүүт хоёрхон сайд сууж байх жишээтэй. Өглөө нь картаа хийгээд ирцэнд бүртгүүлчихээд гараад явчихаар энэ нь дараагийн оруулж ирж байгаа бүх хуулийн төсөлд эсрэг санал өгсөн болдог. Давхар алба хашихаар цаг зав муутай, сайдынхаа ажил руу яараад явчихдаг. Гэтэл УИХ-д тэдний суудал нь хоосон, кноп нь тэдний өмнөөс эсрэг санал өгсөн болж гардаг.
Засгийн газрын гишүүдэд кабинетын зарчим гэж бий. “Аль нэг сайдынхаа өргөн барьсан хуулийн төсөл, тогтоолын төслийг кабинетын зарчмаар дэмжинэ” гэдэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрынхаа өргөн барьсан бичиг баримтын эсрэг байр суурь илэрхийлэхгүй, дуугарахгүй, шүүмжлэл өгөхгүй гэсэн байр суурьтай гэсэн үг. Засгийн газрын оруулж ирж байгаа зарим хууль, тогтоолын төсөл боловсруулалт тааруу, шаардлага хангахгүй байгаа нь ажиглагддаг. Хэрэв тэд зөвхөн УИХ-ын гишүүн байсан бол маш соргогоор анзаарна. Сайн хууль гаргуулахын төлөө ажиллаж, шүүмжлэлтэй нүдээр харна. УИХ маань маш олон талаас хэлэлцэж, нягталж, тунгааж хууль тогтоомж гаргах ёстой. Гэтэл 17 хүн нь УИХ-ын гишүүний эрх үүргээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын шийдвэрээ кабинетын зарчмаар дэмжинэ гэдэгтээ барьцаалагдаж байгаа нь ажиглагддаг.
-УИХ чанартай хууль тогтоомж гаргахгүй байна гэж хэлэх гээд байна уу?
-УИХ маань хэвийн үйл ажиллагаа явуулж байх ёстой. Бүрэн ирцтэйгээр гишүүд хэлэлцэж байгаа асуудалд анхаараад ухамсартайгаар товчлуураа дарах учиртай. УИХ маань ард түмнийг төлөөлж, гаргасан хуулийнхаа хэрэгжилтэд болоод Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. УИХ-ын 76 гишүүний 39 нь ирвэл ирц бүрддэг. Улмаар тэдний 19, 20 нь сайд байх юм бол яах вэ. Энэ тохиолдолд УИХ Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавих чадамжгүй болно. Ийм байдалд одоогоор хүрээгүй ч  анхаарах ёстой асуудал.
-УИХ-аас ажлын хэсэг байгуулаад Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой байдаг биз дээ?
-Тиймээ. Гэтэл дахиад л өөрсдөөр нь Засгийн газрын гишүүдийн оролцуулсан ажлын хэсэг байгуулдаг. Энэ нь эргээд сайд хүн сайдынхаа ажилд зарчимч маягаар хяналт тавьж чаддаггүй байдалд хүргэдэг. УИХ хууль тогтоох чиг үүргээ биелүүлж, Засгийн газраас хараат бус байх ёстой. Харин одоо Засгийн газраас хараат болчихлоо. Бүр УИХ маань Засгийн газрынхаа утсан хүүхэлдэй болох аюул харагдаж байна. Энэ нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт унагаж байгаагаар харагдлаа. Намын удирдлагаас гишүүддээ чиглэл өгч, эсрэг санал гаргасныг нь намаас хөөнө, хасна гэж айлгадаг үзэгдлийг саяын энэ санал хураалт ил болгож байна. УИХ-ын дээр Засгийн газар  гарч, толгойд нь намын удирдлага гэж цөөхөн хүн суучихаж. Бид 1990 оноос энэ байдлыг өөрчлөхийн тулд явсаар ирсэн. Өнгөрсөн 25 жилийн хөдөлмөр зүтгэлээ ингэж талаар болгомооргүй байна. Эргээд эрх баригч нам, намын төв хороо бүхнийг шийддэг тэр нийгэм рүү орох нь байна шүү дээ.
-Санал хураалт болохын өмнө танай намын бүлэг хуралдаад тоглоомын дүрмээ баталчихсан байсан гэсэн. Сайд нарын давхар дээлийг тайлах хуулийг 2016 оноос хэрэгжүүлэх дээр бүгд санал  нэгдчихээд яг санал хураалгахад та дөрвөн гишүүн тохирооноосоо буцчихсан юм биш үү?
-Бүлэг дээр санал хураалт явуулахад эсрэг саналтай байгаа хүмүүс нээлттэй хэлсэн.Харин би цөөнх болсон хэсэгт байсан бөгөөд “Би бүлэг дээр сайн нягталж ярьсангүй. Итгэл үнэмшил төрөөгүй нөхцөлд энэ бүлгийн олонхиор гаргасан шийдвэрийг дагахгүй шүү” гэдгээ хэлсэн.
-Тэгэхээр та эсрэг санал өгөхөө анхнаасаа хэлж байж ээ?
-Тиймээ. Би бүлгийн хурал дээр эсрэг санал өгнө гэдгээ анхнаасаа хэлээд яваад байгаа. Сүүлд ч гэсэн Төрийн байгуулалтын байнгын хороон дээр намын гишүүд “Сайд нарын “давхар дээл”-ийг 2016 оноос хэрэгжүүлэх шийдвэрт санал өг” гэхэд “Би энэ оноос хэрэгжүүлэхэд нь саналаа өгнө” гэдгээ хэлсэн.
-Р.Бурмаа гишүүн хоёр ч сонгуулийн хууль дээр ажилласан. Хуулиа маш сайн мэддэг хүн атлаа ингэж намынхаа эсрэг санал өгсөн нь олон нийтэд хардлага дагуулаад авсан. Тухайлбал, “МАН-ынхантай ижил байр сууринаас кноп дарсан нь ямар нэгэн ашиг сонирхол агуулсан байж таарна” гэж байсан л даа…
-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МАН санаачлаагүй. Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” хийх алхмын хүрээнд санаачилсан хууль. Төрийн данхар бүтцийг багасгах Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжинэ гэж эрх баригч, сөрөг хүчний гишүүд бүгд гарын үсэг зурсан. Тэгэхээр би сөрөг хүчин гээд байгаа МАН-ынхантай тохирчихоод тэдний санаачилсан хуулийг дэмжээд яваад байгаа юм биш. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна. “Засгийн газрыг огцруулахгүйгээр тогтвортой ажиллагааг нь дэмжээд  зарим нэг сайдыг сольчихвол УИХ, Засгийн газар маань хэвийн, чанартай ажиллах юм байна” гэж харсан миний итгэл үнэмшил. Тэрнээс МАН-ын зүгээс “Тэг ингэ” гэж дарамталсан юм ч байхгүй.Тэдэнтэй хуйвалдаад хаа нэг газар ямар нэгэн тохироо хийгээд яваагүй.Тэгэхээр би дахин хэлье. Ерөнхийлөгчийн ухаалаг төр рүү хийх алхмыг одооноос хэрэгжүүлж эхэлье гэсэн саналыг дэмжиж тийм шийдвэр гаргасан.
-АН-ын Хяналтын хорооны дүгнэлт танд ирсэн байх. Жагсаалтаар орж ирсэн таныг намаас хөөвөл Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ гишүүн болно гэсэн мэдээлэл нэлээд цацагдсан. Ер нь намын дүрэмд эсрэг  санал өгсний төлөө ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Хяналтын хорооны дүгнэлт миний өмнө байж байна. Намайг хөөх болсон үндэслэлийг нь намын дүрмийн зүйл заалтаар нь аваад үзвэл “Өөрийн нам дангаар болон хамтарч байгуулсан Засгийн газар, сонгогдсон Засаг даргыг намын шийдвэрийг зөрчин огцруулсан нь тогтоогдвол намаас хасна” гэсэн байгаа. Миний өгсөн саналаас болоод Засгийн газар огцорчихоогүй. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг юм болоод байна л даа. Намын хариуцлага гэж бий л дээ. Энэ шийтгэлийг ноогдуулахдаа ҮЗХ-ны хуралд танилцуулж, дэмжлэг авсны үндсэн дээр намын удирдлага шийдвэр гаргана. Үүнээс өөр тохиолдолд намаас гаргах шийтгэл ноогдуулахгүй. Тэгэхээр үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хуралдуулах ёстой. Манай намын ҮЗХ жилд хоёроос доошгүй удаа хуралдах байтал сонгуулиас хойш нэг ч хуралдаагүй. Жигүүр байгуулагдаж, хурлаа зарлахыг шаардаад ч нэмэр болсонгүй.
-Х.Баттулга сайд давхар дээлээ  тайлах хүсэлтээ гаргачихлаа. Энэ байдлаас засаг хөдөлж магадгүй гэсэн шум яваад байна л даа…
-Нэг гишүүн чөлөөлөгдье гэхээр засаг хөдөлнө гэж таамаглаж болохгүй. Ерөнхий сайдад өөрт нь маш том эрх мэдэл байгаа шүү дээ. Зарим сайдаа чөлөөлж, солих эрх нь түүнд бий. Гэтэл бүлгийн хурал дээр асуудалтай сайдуудаа нухацтай ярья гэхээр “Ямар ч асуудал байхгүй, намын гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсан. Тэрийг дага” гээд байна. Бид хэдий болтол “Асуудал алга” гээд нүдээ таглачихаад “Намайг олоорой би нуугдчихлаа” гэдэг жаахан хүүхэд шиг явах юм бэ. Үнэнээс нуугдаж чадахгүй шүү дээ. Надад Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд сард 140-150 иргэний өргөдөл гомдол ирж байна. “Гарч байгаа хууль, Засгийн газрын тогтоол шийдвэрүүд зөрөөд байна, тэтгэвэр авах гэтэл болохгүй байна”, “Ийм ажил эрхлэх гэсэн чинь тийм саад бэрхшээл тулгарлаа” гэх зэрэг өргөдөл гомдол байнга ирдэг. Энэ нь асуудал байгааг харуулж байна шүү дээ.
Засгийн газрын бичиг баримт сайн, тэрийг нь дэмжээд явахаас өөр аргагүй байсан бол ондоо хэрэг. Гэтэл Засгийн газрын оруулж ирж байгаа бичиг баримтуудад нэлээд өөрчлөлт орж байна.Тухайлбал, Боомтын тухай хуулийн төслийнх нь ажлын хэсгийг М.Батчимэг гишүүн ахлаад явсан. Уг төслийн 50-иас дээш хувьд нь өөрчлөлт орсон. Төрөөс эрдэс баялгийн салбарыг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг анх Засгийн газраас оруулж ирэхэд маш хангалтгүй, түүхий юм байсан. Ажлын хэсгийг С.Одонтуяа  гишүүн ахлаад 50-иас дээш хувьд нь өөрчлөлт оруулсан. Уг нь ийм хангалтгүй төслүүдийг Засгийн газрт буцааж өгөх ёстой. Харин ч бид Засгийн газрыг дэмжээд түүхий төслүүд дээр нь цаг, хүчээ зориулж засч янзалж гаргаж байна.
-Хяналтын хорооны шийдвэрийн дараа Х.Баттулга сайд та хоёрын  хамт авахуулсан зураг цахим хуудсаар нэлээд тарсан. Таныг түүний ятгалгад автаж, ямар нэгэн албан тушаалын тохироо хийчихсэн юм биз гэсэн яриа тарсан. Та үүнд тайлбар өгөхгүй юу?
-Тийм зүйл үнэндээ байхгүй. Харин тэр зургийн тухайд Баянхонгор аймгийн Баянлиг суманд шинэ сумын нээлтэд оролцоод явж байхдаа овоон дээр түр зогсч авахуулсан юм. Х.Баттулга сайд дараа нь жиргэчихсэн байна лээ. Х.Баттулга сайд намын даргад “Энэ хөөх шийдвэрээ эргэж хараач ээ, ийм асуудал байж болохгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж байгаа хэрэг” гэж саналаа хэлж байсан. Гэтэл намын дарга маань түүний саналыг хүлээж аваагүй. Ингээд Х.Баттулга сайд “Би ч бас хөөгдье” гэсэн.
-Та одоо МоАХ-нд харьяалагдаж байгаа бил үү?
-Тийм.
-МоАХ ҮЗХ-г шахаж хуралдуулан АН-д эргэлт хийх алхам болно гэж үзэгсэд байгаа?
-Юу нь эргэлт байхав дээ. АН бол дүрмээ сахиад хуралдаад явж байх ёстой. ҮЗХ хуралдана гэхээр элдэв хар санаа гаргаад байх шаардлагагүй. Нам доторх аливаа асуудлыг дарж, цөөхөн хүн толгойд нь шийдээд байвал буруу тийшээ явна. Аль болох нээлттэй, гишүүдээрээ яриад явбал АН зөв замаар л явна.
-Та Хяналтын хорооны шийдвэрт бухимдаж, бүлгийнхээ хаалттай хуралдааны үеэр гишүүд рүү үсчин, “Та нартай нэгийгээ үзнэ ээ” гээд хаалга саваад гарсан сурагтай. Үнэхээр бүлгийн гишүүдтэйгээ зөрчилтэй байгаа хэрэг үү?
-Тийм зүйл байхгүй. Би бүлгийн хуралдаа суугаад явж байна. Харин сонин хэвлэлд бичсэн шиг зүйл бүлгийн хурал дээр болоогүй. Үүнийг бүлгийн ажлын албаны хүмүүс нотолно. Би зарчим л ярьсан. Энэ тухай хуралдааны протоколд хүртэл тэмдэглэсэн байна.
-Таныг Дорнод аймагт дүүгээ Засаг дарга болгох гээд тэнд очиж нэлээд бужигнуулсан сурагтай байсан?
-Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл байна. Манай дүү Дорнодын МАН-ын гишүүн биш, одоо нам бус. Улаанбаатарт амьдардаг, хувийн бизнес эрхэлдэг. Миний хувьд харин ч АН-аас нэр дэвшсэн Ганбатыг Засаг дарга болоход нь дэмжсэн.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Донецкийн бүгд найрамдах улс байгуулахаа мэдэгдлээ

Украины Донецк, Луганск мужуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд Украинаас тусгаарлах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан билээ.  Түүний дүнгээс үзэхэд оршин суугчдын дийлэнх нь буюу 85-аас дээш хувь нь тусгаар улс болохыг дэмжжээ. Өнөөдөр Донецкийн мужийн албаны хүмүүс  үүнтэй холбогдуулан хэвлэлийн бага хийгэлээ. Тэд санал асуулгын дүнг танилцуулаад тус муж нь Украины  бүрэлдэхүүнээс гарч Донецкийн бүгд найрамдах улс байгуулахаар болсон тухайгаа албан ёсоор мэдэгдэв.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Э.Баярт: Автобус дамжиж суухад тасалбарын үнэ хямдарна

Нийтийн тээвэрт нэвтрэх  цахим төлбөрийн системийн  талаар Нийслэлийн тээврийн газрын зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Баяртаас тодрууллаа.

-Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх давуу тал нь юу вэ?
-Цахим төлбөрийн систем нэвтрүүлэхээр сүүлийн хэдэн жил судалгаа хийж  бэлэн болголоо. Нэг автобусанд 3-4 төхөөрөмж суурилуулна. Эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын  GPS систем нэвтрүүлнэ. Мөн автобусны зогсоолыг автоматаар зарлах, бүрэн хэмжээний камерын систем бүхий автобусын удирдлагын системийг суурилуулна. Төлбөрийн цахим картаар үйлчлэх систем буюу автобусанд суусан, буусан зорчигчдын тоог зогсоол бүрээр гаргаж зорчигч урсгалын судалгаанд ашиглах, цахим карт дээр тулгуурлан зайнаас хамаарч төлбөрөө төлдөг боломжтой болох юм. Зорчигчдод автобусны цагийн хуваарийг  гар утас болон автобусны зогсоолд байрлах электрон самбараар  мэдээлэх юм.
-Бүх хүмүүс карт авах ёстой юу?
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан зэрэг хүмүүст төрөөс өгдөг нөхөн олговор картанд нь байршина. Тухайн хүн мөнгөөрөө хэдэн удаа нийтийн тээврээр зорчихоо тооцоолно гэсэн үг. Энгийн хүмүүс ч  карт авч болно. Мөн төлбөрөө бэлнээр болон урьдчилж төлсөн ч болно. Хүмүүсийг үйлчлүүлж хэвшиж сурах хүртэл нь эхний ээлжинд кондуктор хяналт тавина.
-Ингэснээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Автобусны байрлал, рейс, цагийг нарийн хянах, шуурхай зохицуулалт хийх боломжтой болно. Нөхөн олговорын хуваарилалтыг оновчтой болгох, автобусанд дамжиж суухад хөнгөлөлт үзүүлж зорчигчдыг шуурхай мэдээллээр хангах давуу талтай.  Үйлчилгээний чанар, соёл ч сайжирна. Харин хөрөнгө мөнгийг хөгжлийн банкнаас олгохоор болсон. Энэ систем удахгүй үйлчилгээнд нэвтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Улсын тэргүүний сумдад шагнал гардуулав

Монгол Улсын Засгийн газраас гаргасан болзлыг бүрэн хангасан дөрвөн сумыг хоёр жил тутамд шалгаруулж, урамшуулдаг. Энэ удаад Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенчийг улсын тэргүүний сумдаар шалгаруулж, сум бүрт гэрчилгээ олгон 100 сая төгрөгөөр шагнаж энэ мөнгөний 90 хувийг тухайн суманд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжүүлэх, ажлын байр нэмэх, сумын төвийн тохижилтыг сайжруулахад зарцуулахыг сумын Засаг дарга нарт даалгасан Засгийн газрын тогтоол гарсан юм.  
Өнөөдөр шагналыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гардуулж, шилдэг сумдын удирдлага, нийт иргэдэд баяр хүргэж үг хэллээ. Тэрээр 330 сумаас шалгарч, тэргүүлэхэд их хөдөлмөр зүтгэл гарсан гэдгийг тэмдэглээд хөдөө орон нутгийн иргэд, малчид  орон нутагтаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж бүтээн байгуулалт хийсэн,  ажлын байрыг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргасан зэрэг олон үзүүлэлтээр дээрх сумдыг шалгаруулсныг хэллээ.
Улсын тэргүүний сум болсон нь энд ажиллаж амьдарч байгаа  иргэдийн аж байдлын түвшин, төрийн байгууллагуудын хамтын үйл ажиллагаа дээшлэхэд түлхэц болсон үйл явдал боллоо гэж Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц шагнал гардахдаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй   харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголчууд тийм ч спиртлэг биш юм байна

Дэлхий нийтийн нэг хүнд оногдох спиртний хэрэглээг графикаар харуулжээ. Архин далайд сэлүүр үгүй завин дээр байгаа мэтээр яригддаг монголчуудын спиртний хэрэглээ дэлхийн хэмжээнд хүн амд ногдох хувийг сонирхвол харьцангуй бага юм. Бүр сураггүй гээд хэлчихэж болохоор байгааг зургаас харна уу.  Африкийн ихэнх орнууд нэмэх нь Хятад, Монголын иргэд тийм ч их спирт хэрэглэдэггүй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Хоролсүрэнд дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнд Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс дахин эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Түүнийг бусадтай бүлэглэн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр МИАТ ТӨХК-иас 297,000 ам.долларыг Хонг Конгийн нэр бүхий компанийн данс руу удаа дараа шилжүүлж улмаар буцаан авч ашигладаг байсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.