Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр эгнээгээр зорчих хэсгийг нэмлээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2012 оны наймдугаар сараас эхлэн Таван шараас  Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобус зорчдог болсон. Энэхүү шийдвэр гарснаар нийтийн тээврийн их багтаамжийн автобусны эргэлтийн хугацаа ойртож, 40-45 минут зорчдог байсан газарт 30-35 минутад зорчих боломжтой болсон гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.
Тиймээс нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах замуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга  2014 оны 5 дугаар сарын 16-нд А/395 дугаар захирамж гаргалаа. Ингэснээр энэ сарын 23-наас эхлэн Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын 4 замын уулзвараас Эрэлийн уулзвар хооронд, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхасын баруун урд уулзвараас Их тойруугаар Доржийн гудамж Цайз захын уулзвар, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвараас Самбуугийн гудамж Гэсэрийн уулзвар хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобусыг зорчуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Лондонд анхны брайль гар утсыг худалдаалж эхэллээ

Лондон хотноо төвтэй  “OwnFone” фирм харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэлхийн хамгийн анхны брайль гар утсыг бүтээжээ. Энэ талаар  BBC мэдээлсэн байна. Анхны брайль  гар утас ар болон нүүрэн талдаа брайль үсэгтэй аж.  Өмнө нь энэ утастай ижил төрлийн гар утас бүтээж байсан ч худалдаанд гаргаагүй гэнэ. Энэ  утас нь брайль үсэг мэдэхгүй хүмүүст зориулж, энгийн текстийг ч товгороор хэвлэж өгснөөрөө онцлог юм байна. Гар утсыг Англи улсад худлдаанд гаргаж эхэлжээ. Үнийг  нь 60 фунт стерлингээр тогтоожээ.

Categories
гадаад мэдээ

Эрхүүд онц байдал тогтоожээ

ОХУ-ын Эрхүү мужид ойн түймэр гарсаны улмаас онц байдал тогтоожээ. Тус мужийн  захирагч С.Ерошенко ийм шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдлээ. Эрхүүгийн Железногорске-Илимск, Дальний Нижнеилимске газруудад түймэр гарснаас хот, тосгодыг  тэр чигээр нь үгүй хийх аюултай байгаа гэнэ. Тиймээс оршин суугчдийг нь яаралтай нүүлгэж шилжүүлсэн байна.   

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагвын хэлсэн 22 ишлэл

  • Хамтарч ажиллаж  байгаа гээд амаа үдүүлсэн, ус балгасан юм шиг дуугүй байх албагүй.
  • АН-тай тэр гэрээг хийхээр төсөл маягийн юм боловсруулчихсан байтал ноорог нь алдагдаж, хэвлэлд гарсан л даа. Энэ ноорог манай намын ердөө гурван хүнд байсан.  Хэн нь задалсныг хэзээ нэгэн цагт нам дотроо ярих байх.
  • Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа НҮБ-д ажиллуулах тухай яригдаж байсан юм билээ. 
  • Тэр бол НҮБ-д ажиллах хэмжээний хүн мөн шүү дээ.
  •  Монголдоо болдоггүй гээд байгаа юм бол гадаадад яагаад ажиллуулж болохгүй юм гэсэн үүднээс  санал болгож төсөлд тусгасан хэрэг.
  • Аль нэгийнх нь ажил хэн нэгэнд нь таалагдахгүй бол огцруулах бичиг өгч гүйхээ больё гэж ярилцсан юм. Бид нэгэнт хамтарч ажиллаж байгаа бол хэн, хэн  рүүгээ “чулуу” шидээд яахав, тууштай, хариуцлагатай  байя гэсэн үүднээс  санамж бичигт гарын үсэг зурсан юм.
  • О.Баасанхүү гишүүний энэ үйлдлээс сургамж авч, хамтарч байгаа намууд хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг ухамсарлаж, санамж бичиг гаргалаа л даа.
  • О.Баасанхүү нэг их айхтар тохиролцоо хийгээд явах хүн биш. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлэхээр  Сөүлд очихдоо намынхаа дарга Н.Энхбаяртай уулзсан юм билээ.
  • Сөрөг хүчнээ засагт  урьж оруулаад, хяналтгүй болгож, МАНАН татуулаад ямархуу байдалд хүргэснийг олон түмэн сайн мэдэж байгаа.
  • Хэрвээ шударга бус үйл ажиллагаа явуулбал харин ч бид жийгдэх биш хаяад явах чадвартай улс төрийн хүчин шүү.
  • Сүүл хөхөж өсч,  сүү ууж  өтөлдөг ард түмэн Монголоос өөр  байхгүй.  
  • Бид газар тариалан, мал аж ахуйгаа хөгжүүлж, хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжвэл хөгжлийн гол тулгуур багана нь тэр болно.
  • Оюу толгойн хөрөнгө оруулагчтай ойлголцож, аль аль талдаа ашигтайгаар асуудлыг шийдэхэд тодорхой ахиц гарч байгаа.
  • Намайг Хөдөө аж ахуйн сайд байхад жилийн төсөв нь ердөө 11 тэрбум төгрөг байлаа. Гэтэл одоо зөвхөн нэг хүлэмжийн аж ахуйд ногдож байгаа мөнгө нь 13 тэрбум төгрөг болжээ.
  • Дургүй ламыг дарж байж сахил хүртээвэл шал дордоно гэдэг дээ.Тиймээс Х.Баттулгын хүсэлтийг хүндэтгэж үзэх учиртай.
  • Х.Анхбаяр гэдэг бизнесмэн залууг мэднэ. Тэр бол Монгол Улсын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан Монгол Улсын баатар Нянтайсүрэнгийн ач хүү.
  • Танай сонинд гарсан мэдээллээс харвал “Чи Тэрбишдагватай ямар холбоотой вэ” гэж  байцаагаад байгаа юм билээ.Тэрнээс бид хоёрын дунд  авлига болон хууль бус ямар ч зүйл  байхгүй гэдгийг баттай хэлж чадна. 
  • Түүнийг эмнэлэгт хэвтье гэхээр зөвшөөрдөггүй гэж байгаа. Ингэж цаг алдаж байгаад түүнийг  дараагийн Амарсайхан болгох гээд байгаа юм уу.
  • “Наад АТГ чинь өөрөө авлигын газар болчих вий” гэж Засгийн газрын хурал  дээр сануулж байсан хоёр сайдын нэг нь би. Нөгөө нь Хүрэлсүх.
  • Засгийн газар хоорондын комиссын хүрээнд  хий, нефтийн хоолой, төмөр зам, эрчим хүч, засмал замыг Оросоос Хятад руу тавихдаа Монголоор дайруулах асуудлыг ярьж байгаа.
  • Оросоос нефтийн бүтээгдэхүүн авах хоолойг Хятад руу тавихдаа Монголоор дайруулах талаар саяхан  Роснефтийн дарга манайд ирж яриад явлаа.
  • Хэрвээ хийн хоолойг Монголын нутгаар дайруулбал секунд тутамд мөнгө орж  байх болно.
Categories
гадаад мэдээ

Балкан үерт автаж 40 гаруй хүн амиа алдлаа

Балкан үерт автсанаас Серби, Босни, Герцоговинд нийтдээ 44 хүн нас барсан тухай мэдээллээ. Нэлээд хэмжээний хохирол амссан тухайгаа өчигдөр мөн Хорват мэдэгдсэн юм. Өчигдөр ОХУ-ын Онцгой албанаас Серби руу аврах ажиллагаанд хэрэглэгдэх хэрэгсэл тоног төхөөрөмж бүхий хоёр онгоц Серби рүү илгээсэн билээ. Оросын аврагчид байгалийн гамшигт нүүрлээд буй газарт хүрэлцэн очсон даруйдаа 2000 хүнийг аварсан байна. Өнгөрсөн лхагва гаригаас Балканы нутагт тасралтгүй борооо орсноос үерт болж харсний нуралт үүсээд байгаа юм.

Ю.Дэлгэр

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өвөг дээдсийнхээ алдааг засах боломж бидэнд л байгаа

Хүн төрөлхтөн хэдэн мянганы турш олон ч зүйлийг нээн хөгжүүлсээр иржээ. Өнөөгийн өндөр барилгуудаас эхлээд тог цахилгаан, өдөр тутмын хүнс гээд хэрэглээ бүхэн байгалиас хүний нийгэм рүү шилжсэн бүтээлүүд. Гэхдээ шинэ санаа, шинэ бүтээл бүхэн төгс байсангүй. Зохион бүтээгчид нь хүртэл харамсч, амиа егүүтгэсэн бүтээлүүд ч цөөнгүй байдаг.
Автомат буу, атомын бөмбөг гээд бүтээгдээгүй бол энэ дэлхий дээр илүү сайхан байх тохиолдлуудыг нэрлэвэл цөөнгүй юм. Энэ жагсаалтад мэдээж архи орно. Архийг хүн төрөлхтөн чулуун зэвсгийн үеэс төмөр, хүрэл зэвсгийн шатанд ахисан даруйдаа нээн илрүүлсэн гэдэг. Бараг хоолоо олигтойхон болгоод идчих чадамжгүй нөхдүүд улаан буудайг нэрж сархад үйлдвэрлэн согтуурч “солиордог” байсан байгаа юм. Нэг ёсондоо гурил идэхийн тулд бус согтуурахын тулд улаан буудайг тариалдаг байж, бидний дээд өвөг. Архи гэдэг ундаа араасаа хар барааныг дагуулдаг гэдгийг олж нээсэн хүмүүс нь тухайн үедээ мэдээгүй байж таарна. Тэгэхээр архи, архины хэрэглээ хүнтэй хамт төрөөгүй, төрмөл биш учраас таслан зогсоож болох тал бас байна. Үүнийг хувь хүний ухамсраар шийдэх боломжтойг олон ч эрдэмтэн хэлдгийг л хэрэгжүүлчих хэрэгтэй байгаа юм. Хүн бүр үүнийг ухамсарлаж ойлговол улмаар бидний хэрэглээний жагсаалтаас хасагдах боломж байгааг ч олж харах хэрэгтэй. Нэг ёсондоо өвөг дээдсийнхээ алдааг засч хүний нийгэмд ямар ч хэрэггүй атомын бөмбөг, автомат буу, архи, тамхинаас татгалзах боломж зөвхөн бидэнд л байгаа. 

Л.Мөнхтөр

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж маргааш В.Путинтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-21-нд БНХАУ-ын Шанхай хотноо эхлэх Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын IV дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна. Хурлын  үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдтэй уулзах аж. БНХАУ-ын дарга Си Жинпинтэй өнөөдөр уулзах нь. Харин  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй маргааш уулзана.
АХАИББХ хуралдуулах санаачилгыг Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр анх дэвшүүлж байсан юм. Азийн 24 улс гишүүнээр нь  ажиллаж байна. АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газар нь Казахстаны Алматы хотод байрладаг аж. Манай улс уг бага хурлын анхны уулзалтаас эхлэн оролцож байна. 2001 оны зургадугаар сард гишүүнээр нэгдэн орж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Гарцаар ингэж гардаг болжээ

Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд иргэд гарцгүй газраар зам хөндлөн гараад байвал маргааш нь тухайн цэгт явган хүний гарам хийчихдэг. Харин манайд…

Categories
мэдээ цаг-үе

Б.Баясгалан: Казинотой болчихвол маргаашнаас нь л ашгаа өгөөд эхэлнэ

Эдийн засгийн хүнд байдлаас гарах олон арга чаргыг төрийн түшээд эрэлхийлж байна. Магадгүй манай улс казиногийн биз­нестэй байсан бол эдийн засаг өнөөдрийнх шиг туйл­дахгүй байсан ч юм бил үү. Ийм бодолтой олон хүн бий. Улс төрөөс хараат бус, энэхүү утаагүй үйлдвэрлэл улсад орж ирэх валютын урсгалыг эрчимжүүлэх нь лавтай.
Барууны орнуудад олон жил казиногийн диллерээр ажиллаж байгаад эх орондоо ирсэн мэргэжилтнүүдийг уншигч тантай уулзуулж байна. Тэднийг Б.Баясгалан, Д.Мөнхзул, В.Чулуунцэцэг гэдэг юм.

-Та нар хаанахын казинод хичнээн жил ажилласан бэ. Эх орондоо хэзээ ирцгээв. Одоо ямар ажил эрхэлж байна?
-Б.Баясгалан: Анх 1997 онд Мон­голд казино байгуулагдаж, бидний хэдэн залуус дилерээр ажиллаж байлаа. Тухайн үед Англиас мэргэжилтэн ирж, хичээл заасан юм. Ингээд “Чингис” зочид буудлын нэг давхарт ажиллаж байсан казино жил орчмын дараа үүдээ барь­сан шүү дээ. Харин биднийг багш маань Чех Германы хил дээр байгуулсан казино­доо ажиллахыг урьсан. Мон­голоос 60 гаруй залуу тэнд очиж ажилласан. Зарим нь эх орондоо ирчихсэн бай­­гаа. Одоо дор бүрнээ ху­вийн бизнес эрхэлдэг. Эдийн засгийн энэ уруудаж байгаа байдал бизнесийн салбарынханд үнэ­хээр хүнд тусч байгаа. Тиймээс Монголд казинотой болчихвол маш хурдан хугацаанд хөгжих боломж бий.
-В.Чулуунцэцэг: Бид­нийг анх очиж ажиллахад эзгүй шахам байсан газар богино хугацаанд барилга байгууламжаар дүүрч, хөгж­­сөн л дөө. Одоо ч Чех Германы хил дээр болон өөр бусад оронд казинод ажиллаж буй монголчууд олон байгаа. Тэдэнд эх орондоо ирэх хүсэл тэмүүлэл нь их бий. Гэвч ажлын байр байхгүй болохоор ирж чаддаггүй. Тэндээ өндөр цалинтай казинодоо ажиллах сонирхолтой байдаг л даа. Хэрэв Монголд казино байгуулагдвал дуртайяа ирэхэд бэлэн шүү гэцгээдэг.
-Д.Мөнхзул: Би АНУ-ын Карнавал хөлөг онгоцон дээрх казинод ажиллаж байсан. Тэнд ажиллаж байгаа хүнийх нь тоо 1200 бол 3500 гаруй хүн үйлчлүүлдэг. Хөлөг онгоцон дээр ресторан, зочид буудал, үзвэр үйлчилгээ гээд бүгд бий. Дэлхийг тойроод явдаг. Манайхаар хоёр жижиг сум нүүгээд байна гэсэн үг. Зогсоолоос 3-5 км-ийн зайд бүх үйл ажиллагаа автоматаар зогсдог хуультай. Хөлөг онгоц буудаллах газруудад том том брэндийн дэлгүүрүүд, худалдаа үйл­чил­гээ цэцэглэсэн байдаг. Хөлөг онгоцноос тэр олон үйлчлүүлэгч буугаад мэдээж шопинг хийнэ шүү дээ. Ингээд орой нь хөлөг онгоц хөдөлж, портноос таван метр холдонгуут казиногийнх нь үйл ажиллагаа эхэлдэг. Нэг ёсондоо тэр улсын хилээс гарангуут ажил эхэлнэ. Миний хувьд Карнавал дээр 5-6 сарын гэрээтэй ажилладаг байлаа.
Энэ хугацаанд дэлхийг тойрон аялчихаад хоёр сар амардаг байсан. Тэр ажил маш өндөр цалинтай, хангамж сайтай, надад их таалагддаг байсан юм. Гэвч хичнээн удаан хүний нутагт ажиллаж, амьдрах юм бэ гээд эх орондоо ирсэн. Одоо тэнд бидний нэг найз ажиллаж байгаа. АНУ-д казино тоглуулдаг маш олон хөлөг онгоц байдаг.
-Эдийн засгийг идэвх­жүүлэх 100 хоногийн төлөв­лөгөөг саяхан батлахдаа Казиногийн хууль санаачлах тухай тусгасан. Хэрэв кази­но байгуулах хууль эрх зүйн орчин бүрдчихвэл байр­лалын хувьд хаана байсан нь тохиромжтой вэ?
-Б.Баясгалан: Зарим хүн аялал жуулчлалын сал­барыг хөгжүүлэх үүднээс Буйр нуур дээр байгуулах нь зүйтэй гэж үздэг. Эсвэл хил дагуу ч юм уу гэдэг. Миний бодлоор Алтанбулагийн хил дээр казино байгуулаад дэмий. Оросууд тийм ч их орж ирж тоглоод байхгүй. Хамгийн түрүүнд Замын-Үүдэд байгуулсан нь дээр. Замын-Үүд чөлөөт бүс болж өргөжих учраас тэнд казино байгуулбал бүс нутгийн хувьд тохиромжтой.
-В.Чулуунцэцэг: 1997 онд казино байгуулагдахад хамгийн гоё орчин бүрдэж чадаж байсан. Монголд мөнгө­тэй, дипломатууд орж ирж тоглодог байлаа.
-Б.Баясгалан: Тэр жил Кувейтийн шейх баахан бие төлөөлөгчидтэйгээ ирсэн юм. Шейхийг дагалдан явж байсан хүмүүс казино тоглож, Монголд маш их мөнгө үлдээ­сэн жишээ байна. Манай улс казинотой болчихвол дэд бүтэц нь хамгийн түрүүнд хөгжих боломжтой.  
Д.Мөнхзул: Яг үнэндээ Монголд жуулчид ирээд үзэж харах юм байдаггүй шүү дээ. Гадаадын тэр их мөнгөтэй хүмүүс очсон газар болгондоо казино тоглож кайф авдаг. Тэгэхээр манайд казино байгуулсан нь яаж ч бодсон ашигтай.  
-Монгол Улсаас хоёр мян­­ган км-ийн радиуст кази­но байдаггүй юм билээ. Тэгэхээр жуулчдаас гадна тоглогчид их ирэх байх…
-Б.Баясгалан: Казино өөрөө энтертаймент бизнес. Одоо манай хот метротой болох зорилт тавьж байгаа. Тиймээс метро санхүүжүүлэх мөнгө босгож болно. Хүүх­дийн паркийг жинхэнэ дис­­нейлэнд шиг болгох бо­ломж­­той. Хон­конгт гэхэд хүүхдийн паркаа казиногийн орлогоор байгуулсан байдаг. Казиногийн тог­логч­дын 50 хувь нь хятадууд байдаг. Яг хажууханд маань том зах зээл байна гэсэн үг. Тиймээс манай улс казинотой болчихвол ашигтай.
-Д.Мөнхзул: Хэрэв арав гаруй жилийн өмнө манайд казино ажилладгаараа ажил­лаж байсан бол улс орон маань өнөөдрийнх шиг ийм эдийн засгийн хүнд байдалд орчихгүй байсан ч юм билүү. Маш сайхан хөгжчихсөн байх нь ойлгомжтой.
-В.Чулуунцэцэг: Манай төрийн томчууд цаг нь боло­хоор казино байгуулна гэсээр өдий хүрлээ. Тэр цаг нь хэзээ ирнэ гэж. Америкчууд гэхэд XVIII зуунд казино байгуулсан. Тэд цаг нь ирчихлээ гээд гэнэт энэ бизнесийг эхлүүлчихээгүй шүү дээ.
-Казиногийн талаар тэр орчинд нь очиж үзээгүй хүмүүс буруу ойлголттой байдаг шүү дээ. Олон жил дотор нь ажилласан та бүхэн энэ тухай үнэнийг хэлэх байх?
-В.Чулуунцэцэг: “Казино бол хар мөртэй. Тэнд архи­далт, биеэ үнэлэлт байдаг. Казино бол бузар булай” гэсэн нийтлэг ойлголт байдаг. Тийм биш шүү дээ. Хүмүүс мэдэхгүй юмныхаа дайсан байдаг. Казиногийн тоглогчид архи уудаггүй. Харин казинод орж тоглоод, тэр сайхан зүй­лийг нь мэдэрсэн хүмүүс тэс ондоо ойлголттой байдаг. Тийшээ халамцуу хүнийг огт оруулдаггүй.
-Б.Баясгалан: Эрчүүд нь жен­тельмэн хувцаслаж, бүсгүйчүүд нь гоо сайхнаа гайхуулсан тансаг бүхнийг цогцлоосон тийм л ганган дэгжин байдаг. Хамгийн боловсон бизнес юм.
-Ингэхэд казино ямар үр өгөөжтэй бизнес вэ. Манай улсад хууль эрх зүйн орчин бүрдчихвэл хэдий хугацаанд ашгаа өгөх бол?
-Б.Баясгалан: Сингапур, Макао, Өмнөд Солонгос хур­дан хөгжихөд казиногийн биз­нес тодорхой түвшинд нөлөөлсөн. Манай улсад өнөө­дөр хууль батлагдвал маргааш үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Монголын дээгүүр Хятад, Японы гээд сул мөнгө нисээд байна. Үүнийг буулгаж, Монголдоо авч үлдэх ёстой. Бид бол тэр технологийг эзэмшсэн залуус байгаа юм.
-В.Чулуунцэцэг: Кази­нотой болчихвол адаглаад л 1500 хүний ажлын байр бий болно. Нэг дор маш олон хүн Монголд ирэх болохоор онгоцны нислэг нэмэгдэнэ. Тэрийгээ дагаад үзвэр үйл­чилгээ, худалдаа наймаа хүр­тэл цэцэглэнэ. Нэг хүн багаар бодоход Монголд 10-20 мянган ам.доллар үлдээнэ. Японд гэхэд энэ бизнесийн ашиг орлогыг аль хэдийнээ тооцоолоод казино байгуулах хуулиа баталчихлаа.
-Д.Мөнхзул: Казино маш онцгой татвартай. 70-80 ху­вийг тухайн улс нь авдаг. Манайд казино ганцхан жил ажилласан. Казино ажил­ласан тэр жил буюу 1997 онд хамгийн өдөр татвар төл­­сөн байгууллагаар казино шал­гарч байсан. Яаж ч бод­сон казино эдийн засагт нэмэр­тэй. Монголд ирээд, валютаа солиулаад манай нутаг дэвсгэр дээр л тоглоно. Ингэснээр валютын энэ галзуурлыг дарж өгнө.
-Эрсдэлгүй бизнес гэж байхгүй. Тэгэхээр казино ямар эрсдэлтэй вэ?
-Б.Баясгалан: Казиног ажил­луулах үндэсний мэргэ­жилтэн, менежерүүд байхгүй тохиолдолд гадныханд хамаг ашиг орлогоо алдах аюултай. Харин азаар манай улсад өнгөрсөн 20 жилийн хугацаанд мэр­гэжлийн боловсон хүчин хангалттай бий болсон. Эдгээр боловсон хүчин бүгд гадаадад ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа.Өөр нэг эрсдэл нь хүмүүс казинод донтож, хамаг юмаа өгөөд туучихдаг. Тэгэхээр энэ мэт сөрөг талыг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй л дээ. Тухайлбал, орон орны Казиногийн хуулийг судлаад харахад төрийн албан хаагчид болоод 40 нас хүрээгүй бол казинод орж болохгүй гэх зэрэг заалтуудыг тусгасан байдаг. 20 насныхан бие даан ажил хийж, мөнгө олох нь байтугай аав ээжийнхээ мөнгөөр сурал­цаж байдаг нас шүү дээ. Тиймээс өөрсдөө мөнгө олдог, ухамсар суусан үедээ, тийм насандаа казино тог­лож болно гэж хуулиар зохицуулдаг юм билээ. Хэрэв манайх казинотой болчихвол монголчууддаа квот тогтоо­гоод өгчих хэрэгтэй.  

Манайх казиногүй бо­лохоор мөнгөтэй хүмүүс гадагшаа явж тоглодог. Тэ­гэхээр манай улсад ка­зи­­ногийн эрх зүйн ор­чин бүрдчихвэл мон­гол­чуудыгаа оруулдаг байх ёстой санагддаг…
-Б.Баясгалан: Ер нь хэн дуртай нь казинод ороод байж болохгүй. Манайхны амьдрал ямар билээ дээ. Орон байраа барьцаанд тавиад тоглочих вий гэсэн эрсдлээс болгоомжилж бай­гаа юм. Нийгэмд байр сууриа олчихсон, бизнес эрхэлж байгаа хүмүүс орох нь бол нээлттэй байхаар хууль­чилбал зүгээр болов уу.
-В.Чулуунцэцэг: Синга­пурын казинод гэхэд ар гэрээс нь гомдол ирвэл тэр хүнийг бүх насаар нь казинод тоглох эрхийг нь хасах хуультай. Иймэрхүү хамгаалалт байж болно.
Б.Баясгалан: Казиногийн үүдэнд нь хар дансанд оруулж болохгүй хүнийхээ нэрийг бичсэн байдаг юм.
-Д.Мөнхзул: Улс улсын казино өөр л дөө. АНУ-д гэхэд сэтгэхүй нь өөр байдаг юм билээ. Тэнд 18 болон 21-ээс дээш насныхан тоглож болох насны хязгаартай. Хүүхдүүд нь насанд хүрэхийг тэсэн ядан хүлээдэг. Тэгээд аав ээж нь хүүхдүүддээ гоё юм зааж өгч байгаа юм шиг дагуулж ирээд зааж сургадаг.
Б.Баясгалан: Энэ бол ирээдүйн эрсдлээс сэргийлж байгаа нэг арга. Хятад хүний нэг соёл бол мөрийтэй тоглож сурах байдаг гэнэ л дээ. Мон­гол эр хүн морь унаж сурсан байхтай адил. Монголд бол асуудлыг Монголынхоо уламж­лал соёл талаа барих нь зөв байх. Энэ утгаараа гэвэл бид Монголчуудаа кази­нод тоглуулах гэхээсээ илүү гадаадын баячуулд кази­ногийн үйлчилгээ үзүүлэх талаас нь илүү харж байгаа.
-Манай улсад казиногийн хууль батлагдчихлаа гэхэд лицензийн асуудал үүснэ. Ер нь бусад орны туршлагаас харахад казино төрд байсан нь дээр үү, эсвэл гадны хөрөнгө оруулагч байх шаардлагатай юу?
-Д.Мөнхзул: Хэрэв гадны­хан их хувь эзэмшвэл Монголд орж ирэх мөнгө буцаад л гараад явчихна. Бараг төрийн өмчит 51 хувь байх ёстой болов уу. Дараа нь үндэсний казиногийн салбар хөл дээрээ  босоод ирвэл илүү хувийг үндэсний бизнес эрхлэгч нартаа тэр хувьцаагаа улс нь зарах уу, хадгалж үлдэх үү, улсын асуудал.  Хамгийн гол нь улс нь хяналтаа сайн тавих чадамжтай байх ёстой.  
-Б.Баясгалан: Германд бол төр нь гол хяналтын хувиа эзэмшдэг. Лас Вегаст хувийн хэвшлийнхэн илүү их  хувь эзэмшдэг хувилбарууд бий л дээ. Солонгост зарим хувийг улс нь эзэмшдэг. Монголын хувьд гадны хөрөнгө оруулалт 15-20 хувиас илүү байх ёсгүй гэж үздэг. Хятад юм уу, Орос зэрэг орнуудад хувь эзэмшүүлэхийг бид эсэр­гүүцэж байна. Харин гурав­дагч орнуудаас байж болж байна. Учир нь хөрш орнууд казиногийн лиценз эзэмших нь цаашдаа манай улсын дотоод хэрэгт олон талаас нөлөөлөх эрсдэл үүсэх магадлалтай.
-В.Чулуунцэцэг: Германд казино нь улсынх болчихсон. Тэнд казино байгуулж бай­сан хүмүүс дандаа Чех гээд европын казиногийн хууль­тай орнууд руу ороод ирсэн. Тэ­гээд хээл хахууль их болсон. Манай монголчууд авлига авч, тэ­рүү­гээрээ сайхан амьдардаг улстөрчид олонтой шүү дээ.
-Монголд казино бай­гуул­чихлаа гэхэд мэр­гэжилтнүүдийг хэн бэлтгэх вэ?
-Б.Баясгалан: Бидний хувьд Бирм, Чех, Монголд багшилж байсан. Сургалт явуулж байсан. Менежмент талдаа бид казиног босгож дөнгөнө. Гадаад болон до­тооддоо казиногийн чиглэ­лээр ажиллаж байсан 300 гаруй боловсон хүчин бий. Тэд Мон­голд казинотой бол­бол дур­тайяа эх орондоо ирцгээхэд бэ­лэн. Гэтэл ажлын байргүй боло­хоор гацчихаад байгаа. Үндэс­ний боловсон хүчин бид казиногийн бизнесийг олон усын стандартын дагуу ажиллуулах гол баталгаа болж чадна. Үндэсний мэргэжлийн боловсон хүчин байхгүй то­хиолдолд энэ бизнесийг эрх­лэхэд аюултай гэдгийг дахин хэлье.
-Казиногийн бизнес эрхэлдэг улс орнуудын ашиг орлогыг сонирхуулахгүй юу. Мөн манай улсад ямар ашиг харагдаж байна вэ?
-Б.Баясгалан: Дэлхийн улс орнуудын казиногийн сал­бараас олж буй орлого жил ирэх тусам нэгэгдэж байгаа. Энэ үзүүлэлтээрээ хамгийн их ашиг олсон казино сүүлийн үед Макаогийнх болж байгаа. Макаогийн жилийн орлого  38-40 тэрбум доллар хүрсэн тухай уншиж байсан. Монголын хувьд гэвэл Казиногийн биз­нес хөгжлүүлснээс хойш 2018 онд гэхэд улсын төсвийн тав, 2025 онд 10, 2032 онд 20 хувийг тус тус бүрдүүлэх боломжтой болно. Улсын төс­­вийн 20 хувийг бүрдүүлэгч энэ салбарыг бий болгоход хам­гийн гол нь улсаас их хэм­жээний хөрөнгө оруулалт шаар­дагдахгүй. Үүнийг л улс төрч, эдийн засагчид ойлгоосой гэж хүсэж байна. Казино бол мэргэж­лийн бо­лов­­сон хүчин, хууль эрх зүйн зөв орчин хоёр л байхад өөрөө хөгждөг бизнес. Учир нь энэ салбарт хөрөнгө оруулах бизнесменүүд манай Монгол болон олон улсад хангалттай бий.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

400-аас дээш оноо авбал их дээд, сургуульд элсэх эрхтэй болно

Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд  өмчийн хэлбэр харгалзахгүй их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго /хэмжээст/ оноог тухайн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт 400  байхаар  Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарчээ.
Энэхүү босго оноог тогтоохдоо өнгөрсөн жилүүдэд их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлсэн байдалд Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн судалгааг үндэслэсэн байна. Боловсролын үнэлгээний төв нь 2005 оноос хойш улсын хэмжээнд нэгдсэн байдлаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа үнэлгээний олон улсын туршлагыг хэрэгжүүлж, хэмжээст онооны ойлголтыг оруулж ирсэн бөгөөд түүн дээр үндэслэн элсэгчдийн шалгалтын онооны жагсаалтыг гаргажээ. Босго онооны 50 хувьтай тэнцэх гүйцэтгэл нь 450 оноотой тэнцэж байгаа боловч энэ хичээлийн жилийн хувьд босго онооны хэмжээг тогтоохдоо өнгөрсөн оны элсэлтийн судалгааг үндэслэн 85 хувь нь  элсэх боломжтой  байхаар тооцож 400 гэсэн босго тоог гаргасан байна. Тодруулбал элсэгч та хийх ёстой ажлынхаа 50 хувийг хийсэн байхад л 400 оноо авч их, дээд сургууль, коллежид элсэх эрхээ олж авлаа гэсэн үг.
Өнөөдрийн практикаас харахад сургуулиуд хэдийгээр элсэлтийн журамдаа босго оноо тавьдагч түүнийгээ мөрддөггүй, чөлөөтэй элсүүлсээр ирсэн. Энэ нь чанаргүй элсэгчдийн тоог жилээс жилд нэмэгдүүлж эргээд нийгэмд дипломтой ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлэх сөрөг тал үүсгээд байгаа юм. Тиймээс чанартай мэргэжилтэн бэлтгэх нэг чухал эх сурвалж нь элсэгчдийн чанар сайн байх явдал юм.  Ийм нөхцөл байдлыг тооцож үндэсний хэмжээнд босго оноо тавьж, мөрдүүлэх  нь зүйтэй гэж  БШУЯ-наас үзжээ.
Босго оноог жил бүр шинэчлэн тогтоож болох бөгөөд өмнөх жилийн шалгалтын  материалыг харьцуулан  судалж, онооны хэмжээг өөрчлөх замаар уян хатан зохицуулалт хийх боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байна.