Categories
мэдээ нийгэм

Хоггүй Улаанбаатарын төлөө хотын мэр бид хоёрын хийж чадах ажил

Улаанбаатарыг хогноос нь салгахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй нь тодорхой болов.  Эх хүний хувьд би хүүхдэдээ “Хогоо гудамжинд хаяж болдоггүй юм шүү” хэмээн сургаж чадна. Бас иргэний хувьд хогоо гудамжинд хаяхгүй, хогийн сав тааралдтал тэсч сурсан. Сэтгүүлчийн хувьд хоггүй хотын төлөө үзэг цаас нийлүүлж сууна. Харин манай хотын  дарга энэ талаар юу хийв. Хотыг хогноос нь салгахад хотын даргын шийдвэр жин дарах нь зүй. Үнэгүй тарааж байгаа  ногоон уутных нь ач холбогдлыг нийслэлийн иргэд нэг л сайн ойлгохгүй яваа. Уут тарааж эхлэхээс өмнө ч нийслэлчүүдэд хогоо хийгээд хаячих элдэв муусайн уут олддог л байсан. Хэрвээ энэ уут хог ангилан ялгах зориулалттай байсан бол ач холбогдолтой эд. Ангилж ялгасан хогоо дахин боловсруулах үйлдвэр олон бол  бүр ч догь. 

“Уул шугамандаа бол” хогны уут тарааж байсан улс орны түүх нэг, хоёроор зогсохгүй. Ерээд оны Тайпэй хотод ч хог хаягдлын уул овоо үүсч байжээ.  Асуудлаа шийдэхийн тулд Тайваны Засгийн газраас  “Хогны уут” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Гурван жил хэрэгжсэн энэхүү хөтөлбөр нь “Хог хаягдал дахин боловсруулах хөтөлбөр”-ийн бэлтгэл болсон аж.  Хогны уут үнэгүй тарааж байсан ч дараа нь иргэд хогоо ангилж хаяж дадсаны дараа  уутаа үнэлэх болсон. Тайваньчууд хогноосоо салахын тулд ямар стратеги барив?  

Эхлээд тэд  хаягдал дахин боловсруулах стандарт батлаж, хууль журамдаа өөрчлөлт оруулсан аж. Дараа нь хогийн уут үнэгүй тарааж эхэлсэн.  Гуравдугаарт нийтийн эзэмшлийн газруудад хог ангилж хаях зориулалттай хогийн савнуудыг хангалттай нийлүүлжээ. Дөрөвдүгээрт олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хүчтэй өрнүүлэв. Тавдугаарт хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгүүд болон хог хаягдал  дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжсэн юм билээ.  

Манайхан хог түүдэг хүмүүст таатай биш ханддаг. Харин хотыг хогноос нь салгахад ихээхэн үүрэгтэй энэ хүмүүсийн хөдөлмөр үнэлэгдэх тусам энэ төрлийн ажлын байр олширч, хотын хог ч багасдаг нь бусад олон орны туршлагаас илэрхий. Ядаж л хоёрдогч түүхий эдийг тогтсон үнэ ханшаас доогуур үнэлэхгүй байхыг хуульчилж, хаягдал түүхий эд авдаг цэгүүдээ оршин суугчдадаа мэдээлэх хэрэгтэй аж. Хаягдал түүхий эд авдаг цэгүүдийн байршил тодорхой бол иргэд хогоо хаана мөнгөөр солихыг мэдэж авна гэсэн үг.  Хан-Уул дүүрэгт  “Нийтийн зар мэдээний самбарт” хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршил, утасны дугаарыг бичиж мэдээлсэн туршлага ч  байна.  Дүүргийн хэмжээнд ийм самбар 270 байдаг гэсэн.  Хаягдал түүхий эд авдаг цэгүүдийн мэдээлэл бүхий ном ч хэвлэгдэх сурагтай.

Яагаад бид хогоо ангилж хаях ёстой вэ? 

Нийслэлд үүсч буй хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг.  Одоогийн байдлаар  үүний зөвхөн 7,6 хувийг нь л ангилж ялгаж чаддаг гэсэн судалгаа бий.  Бусдыг нь ландфилл буюу хөрсөөр дарж булах аргаар булшилдаг.  Хогийн цэг дээр ажилладаг 20-30 хаягдал түүдэг хүн  энэ их хогийн уул овоог бүхлээр нь ялгаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хог үйлдвэрлэж байгаа эхний цэг буюу  хэрэглэгчтэй тулж ажиллах хэрэгтэй байгаа биз.  Иргэд хогоо ангилж хаядаг бол хотын хог 50 хувь багасах учиртай. Хогоо ангилж хаядаг болгоход хотын дарга ногоон уут тараахаас гадна их юм хийх хэрэгтэй  байна даа.

Б.ЯНЖМАА                   

Categories
мэдээ нийгэм

Алмаз үйлдвэрлэдэг болно

Алмазны олборлолт нь
хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд хамгийн хохиролтой,  хортой нөхцөлийг бий болгодог ажээ.  Тиймээс үүнийг өөрчилж, химийн аргаар алмазыг гарган авах технологийг нээсэн байна. Тухайлбал, Стэйнфордын их
сургуулийн хэсэг судлаачид лабораторийн аргаар алмаз гарган авчээ. Тэдний энэхүү ажил тун ч амжилттай
болсон ба хатуулаг, чанар зэрэг нь байгалийн алмазаар дутахааргүй гайхалтай
алмазыг гаргаж авсан гэнэ.

Тэд Канадын “BHP Billiton” компанийн “Ekati” ордоос олборлож
авсан алмазтай хиймлээр гарган авсан алмазаа харьцуулахад ялгагдахгүй байж
чадсан байна

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эх баригчдын өдөр

Жил бүрийн тавдугаар сарын 5-нд олон
улсын эх баригчдын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Манай улсад энэ жил эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид, айл
бүрт хүрч, дэлхий ертөнцийг өөрчилнө” уриан дор тэмдэглэх юм байна.

Мөн энэ өдөр нийслэлийн амаржих газар, дүүргүүдийн эрүүл
мэндийн нэгдэл, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж буй 180 эх баригч нарт “Эх
баригчдын дуу холой” сэдэвт зөвлөлдөх сургалтыг зохион байгуулах аж. Уг сургалт ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвийн Б танхимд зохион
байгуулагдана. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Зуун айлыг орчин үеийн хороолол болгохоор ажиллаж эхэлсэн “Заг” групп дээр өнжлөө” нийтлэл нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ны даваа гаригийн дугаар уншигч танд хүрч байна. Даваа гаригийн эхний нүүрээс сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Зуун айлыг орчин үеийн хороолол болгохоор ажиллаж эхэлсэн “Заг” групп дээр өнжлөө” нийтлэлийг “Танайд өнжье” булангаараа хүргэж байна. Тэрээр Зуун айл орчмын дахин төлөвлөлт ямар болж байгааг “Заг” группийн оффис дээр бүтэн өдрийн турш ажиллаж тэмдэглэжээ. Түүний сэтгүүлчийн үзгээр тэмдэглэснээс ишэлбэл “Хувийн компаниуд ТОСК, НОСК-иас болгоомжилж байна” гэсэн дэд гарчигтай хэсэгт “Заг компанийн гэр хорооллын барилгын төслийг Н.Эрдэмбаяр гэдэг залуу удирддаг юм байна. Түүний ширээгээр нь дүүрэн бичиг цаас, хананых нь нэг талаар долдугаар хорооллын одоо ирээдүйн зураг харагдана. “Төрөөс ТОСК, НОСК гэсэн том корпорациуд байгуулж барилгын компаниудтайгаа
өрсөлдөх юм ярьж байгаа нь түүний эмзэглэдэг сэдэв
гэнэ. Ганц “Заг” ч гэлтгүй гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож байгаа бүх л компанийн эмзэглэж байгаа асуудлын
нэг юм байна. Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд энэ жил 4000 гаруй байшин нийслэлд босох гэнэ” гэх мэтээр хувийн компаниудын үзэл бодол, энэ жил хийгдэх ажлууд гээд иргэдийн хамгийн их сонирхож буй дахин төлөвлөлтийн асуудлаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Энэхүү нийтлэл сурвалжлагыг “Өдрийн сонин”-ны 1, 12, 13 дугаар нүүрээс унших боломжтой.

Мөн өдөр бүр “Өдрийн сонин”-ны Үзэл, бодол нүүрт Монголын шилдэг нийтлэлчид бүтээлээ хэвлүүлж тухайн үеийн улс төр, эдийн засгийн асуудлын үнэнийг хэлж шуугиан тарьдаг билээ. Энэ удаа нийтлэлч Ж.Гангаа “Тариалан эрхлэгчид энэ жил яаж “Эрхлэх” бол” нийтлэлээ хэвлүүллээ. Тэрээр сүүлийн хэдэн сар уншигчдадаа нийтлэлээ хүргэж амжилгүй явсан юм.

Харин улс төрийн мэдээллийн нүүрт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ярилцлагыг нийтлэв. Тэрээр сэтгүүлч Я.Мөнгөнцэцэгтэй хүүрнэхдээ өнөөгийн нийгэм эдийн засгийн байдалд бизнес эрхлэгч хүний хувиар тодорхой тайлбар хийсэн байна. Түүнчлэн цаг үеийн асуудлууд, хэл амны бай болоод байсан хэргийнх нь талаар хүртэл асууж тодруулжээ. Улс төрийн мэдээллийн нүүртмөн Засгийн газрын бямба гаригийн хуралдааны тойм, баасан гаригт болсон Ерөнхий сайдын цагийн үеэр Чингэс бондын талаар яригдсан асуудлуудыг хэвэлсэн бол гадаад мэдээллийг есдүгээр нүүрт тоймлон хүргэсэн байна. Энэ нүүрээс дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа үйл явдлууд хэрхэн үргэлжилж байгааг унших боломжтой.

Урлаг спорт, танин мэдэхүйн чиглэлээр “Эрчимийнхэн нутгийнхаа дэвжээн дээр Камбожийн багийг 3:1-ээр буулгаж авлаа” сэдэвт сурвалжлагыг хүргэж байна. Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “AFC President’s Cup” олон улсын тэмцээн манай улсад болж байгаа. Тус тэмцээнд 11 улсын баг оролцож байгаа бөгөөд А, В хэсгийн тоглолт Филиппин, Шриланкт болж байгаа аж. Харин манайд болж буй С хэсгийн тоглолтод Монголын “Эрчим”, Камбожийн “Свайреин”, Непалийн “Манан” клубүүд өрсөлдөж байгаагаас энэхүү сурвалжлагыг хийсэн байна. Тоглолт хэрхэн өрнөснийг сэтгүүлч С.Алтанцэцэгийн
сурвалжилснаар хүргэлээ.

Тэрчлэн сүүлийн хоногуудад уншигчидтайгаа нийтлэлээрээ
уулзах завгүй явсан П.Хашчулуун “Одоо л хөрөнгө хөрөнгө худалдаж авдаг цаг даа”
хэмээн өгүүлжээ. Тэрээр эдийн засгийн нөхцөл байдлын талаар ийн өгүүлсэн хэрэг.

Categories
мэдээ нийгэм

Буянт-Ухаа хорооллын сугалааны тов гарлаа

Нисэхэд баригдсан хямд үнэтэй “Буянт-Ухаа-1” хороололд орон сууц худалдаж авахаар захиалга өгсөн иргэдийн дундах сугалааг тавдугаар сарын 3, 4-нд буюу энэ амралтын өдрүүдээр зохион байгуулах тухай Төрийн орон сууцны корпорациас мэдэгдэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан билээ.

Тэгвэл сугалааг ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр буюу тавдугаар сарын 10, 11-нд явуулахаар болжээ. Сугалааг МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Барилга экспо-2014” ням гаригт өндөрлөнө

“Барилга экспо-2014” үзэсгэлэнгийн
эхний хэсэг болох Барилгын материал үйлд­вэр­лэгч­дийн үзэсгэлэн өчиг­дөр
нээлтээ хийлээ. Үзэс­гэлэнгийн хоёр  дахь хэсэг болох Орон сууц хаус
дизайны үзэсгэлэн  “Мишээл экспо” төвд бү­­тэн сайн хүртэл үр­­гэлжлэх
юм байна. Бай­шин барилгад ашиг­ласан бүхий л материал нь хүний бие, байгаль
орчинд сөрөг нөлөөгүй, хүний амьдрах ая тухтай байдлыг бүрэн хангасан ус, эрчим
хүчний хэм­нэлтэй барилгыг дэлхий нийтэд “Ногоон барилга” гэдэг аж.

“Барилга экспо-2014” -т оролцож байгаа 200 гаруй компани өртөг
багатай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал үйлдвэрлэдэг болон
барилгын ийм материалуудаар орон сууц, хаус барьдаг гэж зохион байгуулагчид нь
онцолж байна.   

“Орон сууц, хаус дизайны үзэсгэлэн”-д Улаанбаатар хотод захиалга авч
байгаа  60 гаруй хотхон хорооллууд оролцож байгаа аж. Тэд үнэ ханшаа
хямдруулж, найман  хувийн зээлд хамрагдах бо­ломжийг үзэсгэлэнг сонир­хогчдод
амлаж байлаа. Жишээ нь “Орчлон” конст­ракшн Сонгинохайрхан дүүргийн
21 дүгээр хороонд барьж байгаа орон сууцныхаа хорооллын үнийг нэг сая 745
мянган төгрөг болгож байгаа аж. Үзэсгэлэнгийн үеэр захиалга өгвөл дахин 200
мянгаар хямдруулна гэж байв.  “Бэрэн” групп Сүхбаатар
дүүргийн  11 дүгээр  хороонд баригдаж байгаа “Хангай”
хотхоны 21-41 метр квадрат  бүхий  1-2 өрөө байрандаа 36-70 сая
төгрөгийн багцын үнийг санал болгож байлаа. “Эс Девелопмент” 
үзэсгэлэнд зориулж 500 мянган төгрөгийн ваучер гаргажээ. Үзэсгэлэнд оролцогчдод
компаниуд иймэрхүү хөнгөлөлтүүдийг амлаж байлаа. Хувийн хаустай болох хүсэлтэй,
хаус барьж байгаа хүмүүст хандсан зөвлөгөө үйлчилгээ өгөх амины орон сууцны
компаниуд ч  үзсгэлэнд  оролцож шинэ загварын хаус болоод дотоод
заслынх нь  талаар танилцуулж байна. 

“Барилга экспо-2014” олон улсын барилгын үзэсгэлэн яармагийг 
БХБЯ, НЗДТГ зэрэг төрийн байгууллагууд дэмжин, хамтран зохион байгуулагчаар нь
ажиллаж байгаа аж.

Г.ЛХАГВАДОРЖ

 

 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

“Реал Мадрид” шигшээд шалгарлаа

Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө Германы “Байерн Мюнхен”-ийг талбайд нь 4:0 харьцаатай бут ниргэж, Аваргуудын лигийн шигшээд шалгарлаа. Хоёр тоглолтын нийлбэрээр 5:0. Тэд ийнхүү 2002 оноос хойш 12 жилийн дараа финалд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.

Өнгөрсөн шөнийн тоглолтод Серхио Рамос /16\’, 20\’/, Криштиан Рональду /34\’, 90\’/ нар дубль хийснээр өрсөлдөгчөө төвөггүй буулган авчээ. Рональдугийн хувьд Аваргуудын лигт 16 гоол оруулснаар шинэ амжилтын эзэн болж байна.

Өнгөрсөн улиралд хагас шигшээ шатанд Испанийн “Барселона”-г хоёр тоглолтын нийлбэрээр 7:0 харьцаатай буулгаж авсан “Байерн”-ийн хувьд энэ жил аваргаа хамгаалж, түүхэн амжилтын эзэд болохоор зүтгэж байсан юм. Уг нь тэдний хувьд дотоодын лигтээ түрүүлэх болзлоо хэдийнэ хангачихсан, тоглогчид сэтгэл зүй болоод бие махбодийн хувьд харьцангуй давуу байдалд байсан билээ.

Одоо “Реал Мадрид” ирэх тавдугаар сарын 24-нд Португалийн Лиссабон хотноо болох аваргын төлөөх тоглолтод нутаг нэгт “Атлетико Мадрид” болон Английн “Челси” клубын ялсантай нь тоглоно. Тус хоёр багийн хариу тоглолт өнөө шөнө Лондон хотын “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болох билээ. Тоглолт Улаанбаатарын цагаар 02:45 цагт эхэлнэ.