Categories
мэдээ нийгэм

53 аппарат хүлээлгэн өглөө

Эрүүл
мэндийн яамнаас хэрэгжүүлж буй  Эрүүл мэндийн довтолгоо аяны хүрээнд
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 18, Сонгинохайрхан дүүрэгт 35
ширхэг цусны даралтын аппарат хүлээлгэн өгчээ. Ингэснээр иргэдэд цусны
даралтаа байнга хянах боломж бүрдэж байгаа аж. Засгийн газар, Азийн
хөгжлийн банк хооронд 2007 онд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын
хөгжлийн хөтөлбөр-3” төслийн хүрээнд нийлүүлэх 142 аппаратын 53-ыг нь
ийн хүлээлгэн өглөө. Цаашид хэрэгцээг бүрэн хангахад 450 ширхэг аппарат
шаардлагатай аж. Үүнийг худалдан авахын тулд Эрүүл мэндийн сайдын 2014
оны төсвөөс 387 сая төгрөг гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарт 1.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ

Замын цагдаа нар өнгөрсөн арванхоёрдугаар сараа эхлэн “Police reader” гэх ухаалаг төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн. Жолоочийн болон тээврийн хэрэгслийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан энэхүү төхөөрөмжийг ашиглаж, дүрэм зөрчигчдийг бэлэн мөнгөөр торгохоо больсон.

Ингэж бэлэн бусаар торгодог болсноор өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд замын цагдаагийн байгууллагын төсөвд 1.2 тэрбум төгрөг төвлөрчээ. Өөрөөр хэлбэл дөрвөн сарын хугацаанд жолооч нарт 1.2 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан гэсэн үг. Ингэснээр Замын цагдаагийн газрын төсөвт оруулах орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгджээ. 

Г.Ган

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 7591 ажлын байр бий болжээ

Даваа гаригбүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Хөдөлмөрийн
сайд Я.Санжмятав оролцож, тус яамнаас хэрэгжүүлж буй найман хөтөлбөр, төслийн талаар
мэдээлэл хийсэн юм. Энэ жил нийтдээ 68569 ажлын байр шаардлагатай байгаагаас
8500 нь инженер техникийн ажилтнууд байх бол туслах ажилтнууд 16400, мэргэжлийн
43679 ажилтан хэрэгтэй гэнэ. Хөдөлмөрийн яамны харьяа МСҮТ, политехникийн 80 орчим коллеж ажилладаг бөгөөд эдгээрт 42.7 мянган
хүн суралцаж байгаа юм байна. Өнгөрөгч онд мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад
хамрагдсан хүмүүсийн 80 орчим хувь нь ажлын байраар хангагджээ. Дэлхийн эдийн засаг
хямрах явц Монголыг дайрч байгаа ч гэсэн сөрөг хүчний мэдэгдэж байгаа шиг олон мянган
аж ахуй нэгж хаалгаа барьсан зүйл байхгүй гэдгийг Хөдөлмөрийн сайд мэдэгдлээ. Улсад
бүртгэлтэй 76 мянган аж ахуй нэгжээс 51 мянга нь үйл ажиллагаагаа явуулж, татварын
тайлангаа өгдөг аж. 20 гаруй мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй гэв. Аж
ахуй нэгжүүд эдийн засаг хүндэрч байгаа энэ нөхцөлд хэн нэгнийг ажлаас халахыг урьтал
болгохгүй байгаа гэсэн юм. Өнөөдөр улсын хэмжээнд нэг сая 103 мянган хүн ажил эрхэлж
байгаа юм байна. 180 мянган иргэн төрийн байгууллагад ажилладаг бол 915 гаруй мянган
хүнийг ажиллуулж байгаа баялаг бүтээгчдээ дарамтгүй орчинд ажиллах нөхцөлийг хангахаар
Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгаа гэсэн юм.

Яамны зүгээс аюулгүй ажиллагааны
тал дээр онцгой анхаарч байгаа бол Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн бодлогоо Их хуралд
өргөн барихад бэлэн болжээ. Хөдөлмөрийн төв бирж www.hudulmur.mn вэб сайтаар дамжуулан
онлайн зуучлалын үйлчилгээ нэвтрүүлсэн. Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг
56 мянган аж ахуйн нэгж, компанийн 39 мянга нь энэ сайтад бүртгүүлж, сул
ажлын байрны талаарх мэдээллээ байршуулж байна. Өнгөрсөн сарын 1-нээс ажиллаж эхэлсэн
энэ үйлчилгээнд 204 мянган иргэн хандсан бөгөөд өдөрт 1700 хүн нэвтэрч ажил хайж
байна. 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд шинээр 7591 ажлын байр
бий болжээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор тавдугаар сард
энэ тоо нэмэгдэнэ гэсэн юм. 2012-2013 онд үйлдвэрлэлийн ослоор нас барсан иргэдийн
тоо 40 орчим хувиар багассан ч уул уурхай, зам, барилгын салбарт үйлдвэрлэлийн осол,
гэмтлийн тоо буурахгүй байна. Энэ нь аюулгүй ажиллагааг анхааралгүй орхигдуулдаг,
ажилтнаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, аюулгүй ажиллах дадал
заншилд сургадаггүй, үндэсний стандарт, хууль дүрмийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагын
түвшинд хангалтгүй байгаатай холбоотой гэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэллээ.
Улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлж байна.
Уул уурхай, барилга, авто зам, мал аж ахуй, газар тариалан болон бусад салбарт их
бүтээн байгуулалтыг хийж буй нийт ажилтан, ажил олгогчод хандан “Нэн түрүүнд ажлын
байранд аюулгүй ажиллагаа”-г ханган ажиллахыг уриалан “Ажил эхэллээ, аюулгүй ажиллацгаая” гэсэн ил захидал илгээснээ энэ үеэр танилцууллаа.
Мөн Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 1000 орчим ажил олгогчтой
хамтран ажиллаж байгаа гэдгийг мэдэгдлээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Хотын нутаг дэвсгэрээс элс, хайрга олборлуулахгүй

Нийслэлийн Засаг даргын  захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүн даацын авто машины тээвэрлэлтэд тавих хяналтыг эрчимжүүлэхээр боллоо.

Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглож хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныхад үүрэг болгосон байна. Мөн технологийн хатуу хучилттай авто зам, ложистикийн төв байгуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгажээ.

Түүнчлэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж, эвдэгдсэн газрын хэмжээг тогтоож тухайн талбайн 75-аас доошгүй хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлгэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон байна.

Тус захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагны үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт  тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын хоёр талбайтай болгож, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байхаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Солгой” Н.Төмөрхуяг ард түмэндээ талархана

Монгол Улсын гавьяат жүжигчин “солгой” хэмээх Н.Төмөрхуяг ард түмэндээ зориулж талархалын тоглолт хийхээр болсон байна. Тэрбээр энэ удаа залуу дуучин Д.Балдантай хамтран тоглоно.

Залуу дуучин энэхүү тоглолтын үеэр Н.Төмөрхуягийн дуулж ард түмэндээ хүргэсэн “Амьдрал хайр дээр тогтдог”, “Насны намар”, “Зүрхний уяа”, “Саа мөнгөн Хэрлэн” зэрэг хуучны дуунаас өөрийн өнгө төрхөнд тохируулан, шинээр найруулан дуулж хүргэхээр бэлтгэж буй юм байна.

Тэд 2012 онд МУГЖ Н.Төмөрхуягийг анх амьдруулсан “Хорвоод ганцхан ээждээ” дууг хамтран дуулсан нь олны талархалыг хүлээж байсан билээ. МУГЖ Н.Төмөрхуягийн залуу дуучин Д.Балдантай хамтран ард түмэндээ өргөж буй талархалын тоглолт энэ сарын 19-ний өдөр Монгол бөхийн өргөөнөө болох юм.

Categories
мэдээ нийгэм

Тариалан эрхлэгчид өнөө жил хэрхэн “ЭРХЛЭХ” вэ?

Жил болгон л 420-иод мянган тонн улаан буудай хурааж авч гурил үйлдвэрлэнэ
гэсээр байгаад энэ тоог бараг цээжилчихэж. Хүний тоо өсөөд байхад гурилын хэрэгцээ
нэмэгдэх ч үгүй, хасагдах ч үгү сүүлийн хэдэн оныг үдлээ. Энэ намар аанай л нөгөө
400 мянгаа барьчихвал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангачих аж. Энэнээс илүү ургац
хураавал авах газар олдоггүй, ялангуяа тээрэмнээс үлдсэн үлэмж хивгийг малчид мөнгө
гарздан малдаа авч өгөхөө болиод удаж байгаа. Хивэг байтугай хадлан бэлдээгүй байхад
мал нь өсөөд байгаа юм чинь арга байж уу. Мянган жилийн уламжлалт тариачин
хөрш хоёр орон маань биднээс талх, мантуу автлаа мөн ч өдий биз дээ. Тэгэхлээр
манай өнөөгийн зах зээлийн багтаамж нь ойр мөддөө энэ л хэмжээнд газар тариалангаа
бариад явчих дүр төрх харагддаг. Одоо нэмж дэмжих, хөгжүүлэх, хөхиүлэх аминд тулсан
шаардлага төдий л баймааргүй. Эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байгаа үндэсний үйлдвэрлэл
гэвэл Монголд гурил будаа, төмс ногоо яах аргагүй мөн. Төр засаг зөвхөн энийг нь
зөвтгөсөн үндэслэлээр тариалан эрхлэгчдийг эрхлүүлдэг байх. Түүнээс будаа, төмс
хоёрыг ноднин зах дээр хахтал нь ургуулаад
өгөхөд үнэ, инфляци хоёр нохой хуцсан чинээ тоогоогүй. Гадуур бүх хэрэглээний үнэ
өсөөд байхад ногоочид илүүдэл төмсөө зоориноосоо гаргаж тонн тонноор нь хог дээр
асгаж байв. Үүнд хөдөөгийн борог амьдралаас төрийн томцуул төдийгүй орон нутгийн
хурган дарга нар хүртэл хол тасарсан хийрхэл багагүй нөлөөлсөн юмдаг. Дээр доргүй
л үндэсний үйлдвэрлэл гэцгээн, явж явж монголоороо
байгаа буянт малын мах, хүнс ногоо л хамгийн ориг нь гэж туйлшраад байсан чинь бодит
байдал дээр тийм байж чадаагүй. Хяналт шалгалтаас алс зайд хэн дуртай нь аж ахуй
гэгчийг эрхлэн гаднаас элдвийн химийн хор, бордоо, сав баглаа дур дураараа зөөж
ирцгээн тариа ногоо төдийгүй сүү цагаан идээгээ хүртэл амар хялбар аргаар боловсруулан
иргэдийг хууран мэхэлж үлэмж хохироосон билээ. Хувиараа аж ахуй эрхэлж байгаа газруудын
ажлыг сонирхож байхад ухвар мөчид этгээдүүд ногооны зэрлэг зулгаахаасаа залхуураад
Хятадаас хамгийн хүчтэй аюултай хор авчирч ирээд талбайдаа цацах зэргээр хөдөө гадаа
нүднээс далдуур ямар заваан юм хийж байгааг мэдэж байгаа амьтан алга.

Тэгэхлээр одоо хариуцлагатай уул уурхай, барилгын осол аваар гэхээсээ
илүү олон нийт хүнсний аюулгүй байдалдаа санаа зовцгоох боллоо. Тариан талбай дээр
улаан буудайтай хамт мутацид орчихсон байж болзошгүй хачин ургамлууд зэрэгцэж урган
улмаар гурилын амт чанарыг өөрчилсөн гэх юм. Энэнээс болж олон мянган тонн үр тариа
ноднин цавуулаггүй гэсэн нэрийн дор гологдсон. Засгийн газар томоохон гурилын үйлдвэрүүдийг
шахсаар байгаад дотоодын буудайг авахуулсан.
Тэнд үйлдвэрлэсэн гурилаар иргэд цагаан сарынхаа бууз баншийг ч хийж чадаагүй. Төрөл
бүрийн нарийн боов хийдэг жижиг дунд үйлдвэрүүд аргаа бараад орос казах гурил импортоор
оруулж ирэн үйлдвэрлэлээ явуулж байна. Тэр нь хаа очиж хамаагүй найдвартай экологийн
цэвэр бүтээгдэхүүн болж таарлаа. Уг нь бид тэднээс илүү эко бүтээгдэхүүн гаргах
боломжтой ч тийм жудагтай үндэсний тариаланчид тун ховорджээ. Ер нь бидний өдөр
тутам хэрэглэж буй, гуанз ресторанаар дамжин ирэх хүнсний бүтээгдэхүүнийг хаанахын
хэн гээч ямар мэдлэг боловсрол, хариуцлагатай нөхөр бэлдэж суудаг вэ? Хүний биед
өвчин тусгах хэмжээний химийн хор “үндэсний үйлдвэрлэгчид”-ээс илэрлээ гэсэн зориг
муутайхан мэдээлэл энэ хавар цацагдаад нам дарагдсан. Тэр худлаа биш. Арай гэж үндэсний
үйлдвэрлэлээ сэргээх гэж ядаж байхад зарим нь ингээд хамаг итгэл найдвар нураагаад
хаячих юм. Одоо үүгээр далимдуулан Эрээний ногоо эргээд ирэх нөхцөл нь бүрдчихлээ.

Энэ хаврын онцлогийн хувьд
тариаланчид будаа тарьж 400 мянгаар улсад тушаах уу, эсвэл рапс ургуулж 800 мянгыг
олох уу гэсэн хоёр сонголттой сууцгаана. Дээрээс рапс битгий тарь гэж байгаа боловч
үгэнд нь ордог аж ахуй байгаа ч юм уу. Ихэнх нь ашгаа хараад рапс руу хошуурах чиг
хандлагатай. Тэдний хувьд тэр нь ч дээр биз. Ядахнаа л мэргэжлийн агрономичтой,
америк, канад техниктэй, энэ хэрээрээ газар тариаланд эргэлт буцалтгүй орчихсон
дундаас дээш хүчин чадалтай мэргэшсэн компаниар
хүнсний аюулгүй байдлаа тоглуулбал хожим буух эзэн буцах хаягтай юм даа.
Тэр жижиг “сайн дурын уран сайханчид”-ыг гал тогоо руу хамаагүй ойртуулмааргүй байна.
Эрх баригчдад сонгогчдоо алдахгүй байх, нэг ч болтугай ажлын байраар дамжуулан эмзэг
давхаргынханд сэтгэл гаргасан царай үзүүлдэг эрх ашгийн өрөөсгөл сонирхолтой. Тэгвэл
ард түмний гэгээлэг хэсэг нь арай өөр, ядаж эрүүл байхыг хүсч байна шүү дээ. Харин
төмсний хувьд Буриадад экспорт хийх нүх олсон бололтой. Энэ сургаар төмсний жижиг
аж ахуйнууд хөдөлгөөнд орж үрийн төмс сураглацгаах болж. Техникийн парк шинэчлэлийн
хувьд төмсний аж ахуйд Хятадын пад пад хүүхдийн тоглоом шиг жижигдээд Оросын улаан
трактор нь идэж уух нь дийлдэхгүй аль нь ч размер таарахгүй зовоодог аж. Мал, тариалан
хоёрын мөнхийн зөрчилдөөн аанай л хэвээрээ. Нэг ам бүлтэй өрх байлаа гэхэд аминдаа
хэдэн малтай бас тариа ногоотой. Тэгэхлээр одоо хоёуланг нь зэрэгцүүлж тавьчихаад
өөрөө өөртэйгөө л хэрэлддэг юм байх даа. Тариа ногоог малаас хамгаалах шалгарсан
арга нь гэвэл талбайгаа хаших эсвэл гүн суваг ухах. Хашааг төмрөөр, модоор, тороор
янз бүрээр хийж үзсэн. Бүтэлтэй юм болоогүй. Энэ тал дээр төр олон нийт бүр зориуд
анхаарал тавин хөдөлгөөн өрнүүлж, сум хөгжүүлэх төсөв төслөөсөө нэмэрлээд бичил
блокны үйлдвэрүүд угсраад жаахан цемент олчихвол асуудлыг нэгмөсөн шийдчихмээр юм
билээ. Бусад элс шавар, ус, ажиллах хүчин нь хаа сайгүй бэлэн бий.Эхний ээлжинд
төмс хүнсний ногооны талбайнуудаа дараа нь тариалангийн талбайг блокон хэрмээр тусгаарлаад
аль ч улиралд талбайд мал оруулахыг нь зогсоож чадвал ургац нэмэгдэж заавал химийн
бодис хэрэглэх ч шаардлага багасна. Энэ нь дамаа эрүүл хүнсний баталгаа болох учиртай.

Бараг бүх үйл ажиллагаа нь хувийн хэвшил дээр тогтож явдаг салбар
гэвэл Хөдөө аж ахуйн яам болов уу. Энэ салбар дээр ажиллаж амьдрагсад засгаас цалинжихгүй,
төрийн өмч хариуцдаггүй ч тэндээс хамааралтай асуудал байнга босч байдаг. Малчид
тариачид хувьд гарснаар хэт хувиа бодож бэлчээрийн даац хэтрүүлсэн, тариан талбайг
халаа сэлгээгүй ашиглан хөрс доройтуулсан, хүнсний аюулгүй байдалд итгэл алдруулсан
ноцтой зөрчил гарсаар байна. Үүнийг төр л зохицуулж өгөхгүй бол өөрсдөө зохицож
зөв голдиролдоо орох шинж мөд алга. Хотыг залхаасан хэт төвлөрөл, сум аймгийн төв
дээр хийлгэх ажил олдохгүй ядаж байхад сайн дураараа мал тариан дээр гараад явагсдад
хэн хүнгүй л баяр хүргэж байв. Гэтэл энэ маань төд удалгүй сөрөг үзэгдэл болж хувирлаа.
Нийгмийн бүх давхаргынхны хоол хүнсийг мэргэжилгүй харанхуй нөхдүүд бэлддэг болсон
нь эргэлзээ төрүүлж байна. Тракторын тос шатахуун, оготнын хор, зэрлэг ургамал устгах
грибитици, хот руу аваачиж зарах гэж байгаа манжин лууванг бүгдийг нь нэг амбаарт
оруулаад холиод тавьчихсан байдал бол хөдөөгийн нийтлэг дүр зураг. Одоо ингэсгээд
тариа ногооны талбай дээр мэргэжлийн хяналт, мэргэжилтэн байтугай насанд хүрсэн
том хүн үзэгдэхээ байж, “Монгол орны дотоодын бүх хүнсний хэрэгцээг 100 хувь хангана”
гээд амралтаараа ирсэн сургуулийн жаалуудад хамаг ажлаа даатгаад хаядаг мөн ч бөх
зүрх шүү. Газар тариалан улирлын чанартай болохоороо тасралтгүй дагнасан ажиллагаа
явуулж болохгүй юм. Энэ салбарынхан жилийн гурван улирлын турш дэмий ярьцгаан ганц
зуны сардаа л ажиллахчаа болдог. Манай тариачид зав зав бас дахин завтай жаргаж
байх зуур гадны бусад мэргэжил нэгтнүүд нь хордлогоноосоо салж, нийгмийн хуулинд
захирагдаж, байгалийнхыг нь захирах болсон шинэ дэвшил, технологи, инновацийг эзэмшиж,
улам цомхон чадварлаг болсоор л. Хөдөө орон нутгийг хогийн сав болгон нийгэмд багтаж
шингэхээ байсан шаарнуудыг аваачиж асгаж байсныхаа горыг амссан улс орнууд одоо
улам төвлөрч бүр болж өгвөл нийслэлдээ бөөгнүүлж авахыг хичээж байна.

Categories
мэдээ нийгэм

Өдрийн сонины мягмар гаригийн дугаараас “Увайгүйчүүдийн бах тавыг хангах нь нийгэмд асар их хөнөөлтэй” нийтлэлийг уншаарай

Олон улсын эх баригч эмч нарын өдөр “Өдрийн сонин” эх баригчдын ажлыг
сурвалжилжээ. Клиникийн нэгдүгээр амаржих газар хоногт 40-45 эх амаржиж
байна. Гурван цагийн дотор 11 хүү, нэг охин мэндэлсэн ажээ. Эх баригчдын зүгээс
амаржих гэж байгаа ээжүүдэд хандаж “Төрөх үед хамгийн чухал нь сэтгэл зүй. Сэтгэл
санаагаа 100 хувь бэлтгэж ирнэ гэдэг том амжилт” хэмээн зөвлөсөн юм.

Л.Энх-Амгалан гишүүн “Эрчимтэй хөгжлийн гол локомотив уул уурхайгаа эдийн
засаг биш улс төр болгосны горыг бид амсч байна” гэж ярьсан байна.

“Увайгүйчүүдийн бах тавыг хангах нь нийгэмд асар их хөнөөлтэй”
нийтлэлийг “Өдрийн сонин”-ы гуравдугаар
нүүрээс уншаарай. Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаар нийтлэлч Э.Энэрэл
асуудал хөнджээ.

Замын цагдаа нар тусгай хэвлэгч машинаар торгууль бичдэг болсноор төсөвт
оруулсан орлого нь өнгөрсөн оны мөн
үеийнхээс гурав дахин нэмэгдсэн талаар “Цахим машин замын цагдаагийнхны но-г илрүүлэв
үү” сурвалжлагад өгүүлжээ.

“Тусгай сургуулийн захирал
сурагчдынхаа хөдөлмөрийг мөлжиж, хандивын эд зүйлийг хувьдаа завшдаг” талаар
116 дугаар сургуулийн нярваар ажиллаж байсан хүн ярьсан байна.

“Давхар дээл” тайлах Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ батлалгүй
буцаасны дараа Ерөнхийлөгчийн байр суурь ямар байгааг манай сурвалжлагч
Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаанаас лавлажээ. ”Харамсалтай нь санал хураалтын дүн нийгмийн хүлээлтээс
өөрөөр гарлаа. УИХ хуулийнхаа дагуу тогтоол гаргаж, хууль санаачлагчид ирүүлэх
ёстой. УИХ-ын тогтоол ирсний дараа Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэх байх” гэж
тэр ярьсан байна.

Морин хуурын олон улсын наадамд оролцсон
ХБНГУ-ын иргэн Андреотой манай сурвалжлагч ярилцжээ. Тэрбээр мэдээллийн
технологийн инженер хүн.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны м.кв дутаадаг этгээдүүдтэй шүүхдэлцэж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн
төлөө газраас  цаг үеийн асуудлаар
мэдээлэл хийхдээ хамгийн ихээр
хэрэглэгчийг хохироодог барилгын компаниудын зөрчлийг  онцоллоо.

Барилгын компаниудын хувьд, иргэдэд худалдаж буй
орон сууцныхаа м/кв-аас дутааж, худалдаж байгаа талаарх гомдлыг иргэд өнгөрсөн
жилээс  хойш их гаргах болсон.  Тиймээс Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газар 2013 оны арванхоёрдугаар сараас хойш 50 орчим барилгын
компанид хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар 560 гаруй иргэний орон сууцны
м/кв-аас 4-20 метр талбайг дутаасан буюу гурав орчим тэрбум төгрөгийн хохирол
учруулжээ. Үүний 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг “Тайгам Алтай”, “Тектоник”, “MD
top” гэсэн гурван том компани учруулсан тул тус бүрт 10 сая төгрөгийн торгууль
тавьсан байна. Зөрчилтэй гэж тогтоогдсон нийт 50 орчим барилгын компаниас
одоогийн байдлаар 26 орчим нь иргэдийн хохирлыг барагдуулсан ажээ.

Харин хамгийн их зөрчилтэй нь тогтоогдсон 
гурван том компани иргэдийн хохирлыг барагдуулсан эсэх талаар Шударга
өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн
дарга Ч.Батбаатараас тодруулахад “Тайгам алтай, Тектоник компаниудад тавьсан
улсын байцаагчийн торгуулийн хариуцлагад зарга үүсгэж, шүүхэд мэдүүлсэн байсан.
Хан-Уул дүүргийн Шүүх болон Захиргааны хэргийн шүүхэд компаниудыг торгох
шаардлагыг эхэндээ баталгаажуулсан ч торгуулийг шүүгч нар нь хүчингүй болгосон
байна. Тиймээс бид нэр бүхий шүүгчдийг Шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргаж,
шалгуулахаар өгнө” гэсэн юм.

            Иргэдийн
худалдан авсан орон сууцны м.кв дутуу талаар хяналт шалгалтын ажлыг Шударга
өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар  2013 оны 10 дугаар сараас эхлэн хийж эхэлсэн байна.  Хяналт шалгалтаар барилгын
ажил үйлчилгээ эрхлэгч компаниудын худалдан борлуулсан орон сууцны талбайн
гэрээнд тусгасан хэмжээндээ хүрэхгүй байгаа зөрчил илэрсэн билээ.

Уг
зөрчил нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль,
Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор
баталсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол
Улсын стандарт /MNS-6058-2009/-ыг тус тус зөрчиж байна.

Хяналт
шалгалттай холбоотойгоор өнөөдрийн байдлаар
:

Ирүүлсэн
өргөдөл

Холбогдолтой
ААН

Нийт
хохирлын хэмжээ

Барагдуулсан
хохирол

Хохирлоо
барагдуулсан ААН

Хэрэглэгчийн
тоо

Хохирлын
хэмжээ

604

58

3
306 233 188

27

70
гаруй

1
021 431 931

 Мөн
БХБЯ, МХЕГ, ХЭАХНҮХ-той хамтран тухайн салбарын хууль тогтоомж, гэрээний
хэрэгжилт, хууль эрх зүйн орчин зэргийг судалж санал боловсруулж ажиллаж байна.

Өргөдлийн
тоогоор үзвэл:

ААН-ийн
нэр

Өргөдлийн
тоо

Эзлэх
хувь

Хохирлын
хэмжээ

 

Тайгам
алтай ХХК

213

35,3%

775
921 847

23,5%

МД
ТОФ ХХК

124

20,5%

644
582 082

19,5%

Тектоник
ХХК

39

6,5%

628
367 627

19%

Сүрэнцэцэг

17

2,8%

180
287 200

5,5%

Бусад

176

34,9%

1
071 487 514

32,5%

Нийт

604

100%

  3
300 646 270

100%

Ихээхэн
зөрчилтэй ААН, авч буй арга хэмжээ

  1. 1.    Тайгам
    алтай ХХК-д
    хэрэглэгчдийн
    хохирлыг барагдуулах талаар удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч
    хүлээн зөвшөөрөхгүй, хэрэглэгчдийн хохирлыг барагдуулахгүй байсан тул
    Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дах заалтыг үндэслэн 10 сая төгрөгний
    торгууль ногдуулсан боловч “Тайгам алтай” ХХК-ийн хүсэлтээр ХУД-ийн шүүгч
    н.Тунгалагсайханы шийдвэрээр хүчингүй болгоод байна. Мөн “Тайгам алтай”
    ХХК-ийн зүгээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хүчингүй
    болгуулахаар Захиргааны анхан шатны болон Давж заалдах шатны шүүхэд 2 удаа
    нэхэмжлэл гаргасан боловч ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг
    хэвээр үлдээгээд байна. ШӨХТГ-аас “Тайгам алтай” ХХК-д улсын байцаагчийн
    албан шаардлага биелүүлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дахь
    заалтын дагуу 62 шийтгэвэрийн хуудсаар 59 сая төгрөгний торгууль
    ногдуулаад байна.

БХБЯ,
МХЕГ, ХЭАХНҮХ-той хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсгийн зүгээс “Тайгам
алтай” ХХК-ний удирдлагууд болон хэрэглэгчидтэй гурван талт уулзалт зохион
байгуулсаны дүнд хамтарсан хэмжилт хийж зөрүүтэй гарсан тохиолдолд хохирлыг
барагдуулахаар тохиролцсон гэвч “Тайгам-Алтай” ХХК-ний зүгээс стандартын бусаар
өөрсдийн байр сууриа хамгаалсан байдлаар тухайн хэмжилтийг хийх санал ирүүлсэн
тул манай зүгээс тус саналаас татгалзсан.

  1. 2.    МД ТОФ ХХК нь зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй
    байгаа. Хэрэглэгчийн хохирлыг барагдуулах талаар улсын байцаагчийн албан
    шаардлага хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч шаардлага биелүүлээгүй,
    зөрчлийг арилгаагүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасны дагуу 10
    сая төгрөгийн торгууль ногдуулсан.

МД
ТОФ ХХК-ийн зүгээс уг торгуулийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд
нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлээд байна.

  1. 3.    Тектоник
    ХХК нь
    удаа дараа хэрэглэгчийн
    асуудлыг шийдвэрлэж зөрчлийг арилгах талаар улсын байцаагчийн албан
    шаардлага хүргүүлсэн боловч зөрчлийг шийдвэрлээгүй тул Өрсөлдөөний тухай
    хуулийн 27.1.3-т заасныг үндэслэн 10 000 000 төгрөгийн торгууль
    ногдуулсан.  

Хяналт
шалгалтын явцад 23 хэрэглэгчийн хохирлыг барагдуулж, тохиролцсон талаар албан
бичиг ирүүлсэн. Үүний дагуу хэрэглэгчтэй хэрхэн тохиролцож шийдвэрлэсэн талаарх
дэлгэрэнгүй тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэхийг шаардаад байна гэж тус
газраас мэдээллээ.  

ШӨХТГ-т   мөн тендерийн
будилаан,  интернэт, телевиз, суурин утасны
гурвалсан үйлчилгээний IPTV, шатахуун импортлогч компаниуд тохиролцон үнээ
нэмсэн асуудал, том үйлчилгээний газруудын 00-ыг төлбөргүй болгох зэргээр
гомдол ирсэн байна. Эдгээр асуудлаас зарим нь он дамнасан зөрчил бөгөөд одоог
хүртэл бүрэн шийдэлд хүрээгүй  аж.

Categories
мэдээ нийгэм

Микроавтобусныхан хариугаа шаардлаа

Бага оврын автобуснуудын чиглэлийг өөрчилж, богино шугамд
явуулах болсны улмаас микроны жолооч, кондукторууд өнгөрсөн сарын 25-нд жагссан
билээ. Жагсаалын үеэр тэд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд албан шаардлага
хүргүүлжээ. Эл шаардах бичгийнхээ хариуг авахаар 60 гаруй микро автобусны 120
гаруй хүн дахин цуглав. Өглөө 07.00 цагаас эхэлсэн цуглаан 11.00 цаг хүртэл
үргэлжилсэн юм. Хэдий олон хүн цугласан ч хуучин чиглэлээр явуулж өгөх
хүсэлтийнхээ хариуг авч чадаагүй байна. “Э.Бат-Үүл дарга Нийслэлийн нийтийн
тээврийн газар хариу өгсөн гэсэн. Бидэнд энэ талаар тодорхой хариу, мэдээлэл
алга” хэмээн жолооч, кондукторууд хэлж байлаа. Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгч Б.
Эрхбаяр “Бид нэг компанийн нэр дор нийтийн тээврийн үйлчилгээнд
арав гаруй жил хүчин зүтгэчихээд амьдарлаараа хохирч үлдлээ. Парк шинэчлэлээр
3-5 жил болоод нэг машин сольдог. Байнга муу муухайгаараа чичлүүлж, цагдаад
торгуулж явдаг. Арван жилд нэг ч удаа ээлжийн амралтгүй, өдөр шөнөгүй хүчин
зүтгэж байсан. Эцсийн дүнд нь бид шаардлага хангахгүй байна гэсэн нэрээр
хаягдлаа” хэмээж байв. “Микро автобуснуудыг хуучин шугамаараа нийтийн тээврийн
үйлчилгээ эрхлэх хугацааг хоёр жилээр сунгаж өгөөч. Бидэнд бололцоо олгооч.
Эсвэл төрөөс зохион байгуулж, микроны хоёр жолооч нарын дунд нэг том оврын
автобус өгөөчээ. Хэрвээ тэгэх юм бол өнөөдөр ч хамаагүй микрогоо зогсоож болж
байна. Бид нарыг нэг өглөө ингээд хоолноос нь салгачихаж болохгүй биз дээ”
хэмээн бага оврын автобусныхан  ярьж
байлаа. 

Мөн тэд “Микро автобусны шугамыг өөрчилсөн нь иргэнд ч
хохиролтой. Иргэд микрогоор хотын нэг захаас нөгөө зах хүртэл саадгүй явдаг
байсан бол одоо хоёр, гурав дамжиж байна. Ажлаасаа хоцорч байна. Автобус нь
хүрэлцэхгүй байна. Үүнийг зорчигчид ч хэлж байгаа” гэсэн юм.
Бага оврын автобусууд  хөдөлгөөний
ачаалал түгжрэл үүсгэдэг тул төв орчмын
гол гудамж, замуудыг өнгөрсөн сараас хаахаар болсон. Тодруулбал, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхсын
баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурын гудамжны уулзвар хүртэл, Ногоон
нуурын гудамжны уулзвараас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх замын зүүнээс
баруун чиглэлд
хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гэсэн ч
нийтийн тээврийн үйлдвэрчний холбоо болон туслах чиглэлийн түр хорооны
төлөөллүүд одоохондоо хуучин чиглэлээрээ үйлчилгээ явуулж байх шийдвэр гаргаад
буй.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Хоггүй Улаанбаатарын төлөө хотын мэр бид хоёрын хийж чадах ажил

Улаанбаатарыг хогноос нь салгахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй нь тодорхой болов.  Эх хүний хувьд би хүүхдэдээ “Хогоо гудамжинд хаяж болдоггүй юм шүү” хэмээн сургаж чадна. Бас иргэний хувьд хогоо гудамжинд хаяхгүй, хогийн сав тааралдтал тэсч сурсан. Сэтгүүлчийн хувьд хоггүй хотын төлөө үзэг цаас нийлүүлж сууна. Харин манай хотын  дарга энэ талаар юу хийв. Хотыг хогноос нь салгахад хотын даргын шийдвэр жин дарах нь зүй. Үнэгүй тарааж байгаа  ногоон уутных нь ач холбогдлыг нийслэлийн иргэд нэг л сайн ойлгохгүй яваа. Уут тарааж эхлэхээс өмнө ч нийслэлчүүдэд хогоо хийгээд хаячих элдэв муусайн уут олддог л байсан. Хэрвээ энэ уут хог ангилан ялгах зориулалттай байсан бол ач холбогдолтой эд. Ангилж ялгасан хогоо дахин боловсруулах үйлдвэр олон бол  бүр ч догь. 

“Уул шугамандаа бол” хогны уут тарааж байсан улс орны түүх нэг, хоёроор зогсохгүй. Ерээд оны Тайпэй хотод ч хог хаягдлын уул овоо үүсч байжээ.  Асуудлаа шийдэхийн тулд Тайваны Засгийн газраас  “Хогны уут” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Гурван жил хэрэгжсэн энэхүү хөтөлбөр нь “Хог хаягдал дахин боловсруулах хөтөлбөр”-ийн бэлтгэл болсон аж.  Хогны уут үнэгүй тарааж байсан ч дараа нь иргэд хогоо ангилж хаяж дадсаны дараа  уутаа үнэлэх болсон. Тайваньчууд хогноосоо салахын тулд ямар стратеги барив?  

Эхлээд тэд  хаягдал дахин боловсруулах стандарт батлаж, хууль журамдаа өөрчлөлт оруулсан аж. Дараа нь хогийн уут үнэгүй тарааж эхэлсэн.  Гуравдугаарт нийтийн эзэмшлийн газруудад хог ангилж хаях зориулалттай хогийн савнуудыг хангалттай нийлүүлжээ. Дөрөвдүгээрт олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хүчтэй өрнүүлэв. Тавдугаарт хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгүүд болон хог хаягдал  дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжсэн юм билээ.  

Манайхан хог түүдэг хүмүүст таатай биш ханддаг. Харин хотыг хогноос нь салгахад ихээхэн үүрэгтэй энэ хүмүүсийн хөдөлмөр үнэлэгдэх тусам энэ төрлийн ажлын байр олширч, хотын хог ч багасдаг нь бусад олон орны туршлагаас илэрхий. Ядаж л хоёрдогч түүхий эдийг тогтсон үнэ ханшаас доогуур үнэлэхгүй байхыг хуульчилж, хаягдал түүхий эд авдаг цэгүүдээ оршин суугчдадаа мэдээлэх хэрэгтэй аж. Хаягдал түүхий эд авдаг цэгүүдийн байршил тодорхой бол иргэд хогоо хаана мөнгөөр солихыг мэдэж авна гэсэн үг.  Хан-Уул дүүрэгт  “Нийтийн зар мэдээний самбарт” хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршил, утасны дугаарыг бичиж мэдээлсэн туршлага ч  байна.  Дүүргийн хэмжээнд ийм самбар 270 байдаг гэсэн.  Хаягдал түүхий эд авдаг цэгүүдийн мэдээлэл бүхий ном ч хэвлэгдэх сурагтай.

Яагаад бид хогоо ангилж хаях ёстой вэ? 

Нийслэлд үүсч буй хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг.  Одоогийн байдлаар  үүний зөвхөн 7,6 хувийг нь л ангилж ялгаж чаддаг гэсэн судалгаа бий.  Бусдыг нь ландфилл буюу хөрсөөр дарж булах аргаар булшилдаг.  Хогийн цэг дээр ажилладаг 20-30 хаягдал түүдэг хүн  энэ их хогийн уул овоог бүхлээр нь ялгаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хог үйлдвэрлэж байгаа эхний цэг буюу  хэрэглэгчтэй тулж ажиллах хэрэгтэй байгаа биз.  Иргэд хогоо ангилж хаядаг бол хотын хог 50 хувь багасах учиртай. Хогоо ангилж хаядаг болгоход хотын дарга ногоон уут тараахаас гадна их юм хийх хэрэгтэй  байна даа.

Б.ЯНЖМАА