Жил бүрийн тавдугаар сарыг улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд” болгосон. 15 жилдээ зохион байгуулагдаж байгаа татвар төлөгчдийн өдрийг энэ жил “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор өнгөрөөх аж. Үндэсний татварын алба уг өдрүүдээр татварын хуулийг сурталчлах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг явуулах аж. Мөн энэ үеэр татварын албад татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр ТЕГ-аас явуулах “Санал асуулгын хуудас” –аар татвар төлөгчдөөс санал авч дүгнэх, “Татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх байр”-аар үйлчлүүлж буй татвар төлөгчдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхюм байна.
Category: нийгэм
Газрын тосны хайгуулын 22 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Үүнээс гурван талбайд олборлолт, 18 талбайд хайгуулын ажил хийгдэж байна. Нэг талбайн гэрээ өнгөрсөн сарын сүүлчээр дуусгавар болжээ. Шинээр зургаан талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, хоёр талбай сонгон шалгаруулалтын шатандаа явж байгаа юм байна. Мөн нэг талбай нээлттэй байгаа аж.
Урьдчилсан байдлаар энэ онд хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд 650 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, 782 мянган тонн түүхий тос олборлох, улсын төсөвт 227 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна.
Энэ ажлын хүрээнд 5 дугаар сарын 09-ний 22:00 цагаас эхлэн 6 дугаар сарын 09-нийг дуустал Зурагтын шинэ эцсийн буудлаас цааш 2 км замын хөдөлгөөнийг хаахаар боллоо. Нэг сарын хугацаанд Баянхошууны уулзвараас хотын төв рүү зорчих урсгалыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож, харин сөрөг урсгалын хөдөлгөөнийг Зурагтын шинэ эцсийн буудлаас шороон замаар Баянхошуу чиглэлд зохицуулж явуулах юм байна. Зам хааснаар гурван цэгт зам доогуурх борооны ус зайлуулах төмөрбетон дөрвөлжин хос хоолой угсрах, замын өргөтгөлийн газар шорооны ажил ба газар чөлөөллөх ажлыг хийх юм. Энэ хэсгийн замын зурваст нийтдээ 122 айлын хашаа, байшин, дэлгүүр зэрэг объектууд замын өргөтгөх зурваст орсон тул газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байгаасаас 4 дүгээр сарын байдлаар 5 айл хашаагаа татаж газар чөлөөлжээ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
-Шаардлага биелүүлэхгүй байгаа худалдааны төвүүдтэй хатуу тэмцэнэ-
Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журамд заасны дагуу нийтийн үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болсон билээ.
Гэтэл “Барс-2”, “Нарантуул-2”, “Хүчит шонхор” худалдааны төвүүд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тавьсан ариун цэврийн өрөөнийхөө төлбөрийг үнэгүй болгох шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул дээрх байгууллагуудад тус бүр 784 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Энэхүү торгуулийг тавдугаар сарын 15-ны дотор төлж барагдуулан, зөрчлөө арилгахгүй бол дахин торгууль тавих арга хэмжээ авах талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Нийтийн худалдаа, үйлчилгээний газруудад дээрх журмыг 2014 оны хоёрдугаар сараас мөрдүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 13 үйлчилгээний байгууллага ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй үйлчилгээтэй болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ талаараа мэдэгджээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 сарын 20-ны хуралдаанаар VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар шийдвэрлэжээ.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаад байна.
Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний шавийг 2013 оны 12 дугаар сарын 29-нд Тусгаар тогтнолын талбайд тавьсан бөгөөд үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан зохион байгуулагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлэх зорилгоор түүний дурсгалын хөшөөний загвар шалгаруулах уралдааныг энэ сарын 5-ны өдрөөс ирэх долоодугаар сарын 1-ний өдрийн хооронд явуулахаар болжээ.
Уралдаанд оролцох уран бүтээлчдийн бүтээлүүдийг 2014 оны зургаадугаар сарын 23-27-ныг дуустал Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордоны 13 давхарт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтэс хүлээн авах юм.
Ардчиллын буянаар Монголчууд харь орон руу сурч, ажиллаж, амьдрахаар явах болсоор удаж байна. Манай орны иргэд монголоос борц, ааруул, тарваганы боодог тэргүүт хүнсний бүтээгдэхүүнийг хил давуулах гэж байгаад баригдаж торгуулах явдал ихэссэн.
Тэгвэл БНСУ-д амьдарч, сурч, ажиллаж байгаа иргэддээ хандаж хэлэхэд тус улсын хилээр оруулахыг хориглосон малын гаралтай бүтээгдэхүүн, даршилж, нөөшилсөн хүнсний зүйлсийг хилээр оруулахыг завдвал таван сая хүртэлх воноор торгож байгааг анхааруулж байгаа аж.
Э.ЭНХ
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн үйл ажиллагаа болоод тоног төхөөрөмжийн байдалтай танилцлаа. Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийг “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори” болгон өөрчлөн зохион байгуулсан аж. Тус лаборатори нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, Шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн удирдах, Шинжилгээний ур чадварын сорилтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг ажээ.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд өнөөдрөөс эко үйлчлэгч
нар ажиллахаар болсон гэнэ. Нийт 23
гудамж, 11 хэсэг, 2278 өрхтэй тус хороо иргэдийнхээ дундаас
13 хүнийг сонгож, эко үйлчлэгчээр
ажиллуулахаар болжээ. Хариуцаж авсан гудамжаа цэвэрлэх үүрэгтэй
эко үйлчлэгчид нэг өрх
сард 1000 төгрөгийн
урамшуулал олгох юм байна. Нэг гудамжиндаа 75-90 айлтай гэнэ. Харин эко үйлчлэгчийн
ажилд хорооны Засаг даргын ажлын алба, ахмадын зөвлөл,
урамшуулалт эргүүлийнхэн хяналт тавих юм байна.
Хорооны зүгээс эко үйлчлэгч
нарыг ажлын үнэмлэх, хувцас, багаж хэрэгсэлээр
хангахаар болжээ.
Э.ЭНХ
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ дахь Монголын соёлын төвөөс хамтран зохиодог Монгол судлалын олон улсын 8 дугаар бага хурал энэ сарын 2-4-нд Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралд Монгол Улс, АНУ, ОХУ, БНСУ-ын 20 шахам эрдэмтэн, судлаачид уригдан оролцож, Монголын түүх, уран зохиол, өнөөгийн Монголын нийгэм дэх тулгамдсан асуудлууд, боловсрол гэсэн 4 салбар хуралдаанд илтгэл тавьж, мэдээлэл хийв.
Элчин сайд Б.Алтангэрэл бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газраас гадаад дахь монгол судлалыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, үүнд шинээр байгуулагдсан “Монгол судлалыг дэмжих сан” дорвитой дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол судлалын бага хуралд оролцож буй эрдмийн цол зэрэгтэй хүмүүс олон болж, тавьж буй илтгэлийн чанар сайжирч байгааг олзуурхан тэмдэглэж, цаашид олон улсын Монгол судлалд хувь нэмрээ оруулахуйц арга хэмжээ болгон хөгжүүлэхийн төлөө ажиллахын чухлыг тэмдэглэв.
Өмнөх жилүүдийн Монгол судлалын бага хурал манай улсын түүх археологи, утга зохиол, хэл шинжлэлийн асуудлаар зохиогддог байсан бол энэ удаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд, тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөө, ололт амжилт, алдааг үнэлж цэгнэх, шинжлэн дүгнэх зэргээр шинэ сэдвүүдийг хөндөж ярилцав.
Бага хурлын нэг салбар хуралдааныг нэрт эрдэмтэн Хангины Гомбожавын дурсгалд зориулсан бөгөөд түүний амьдрал, уран бүтээлийн талаар Монгол-Америкийн соёлын нийгэмлэгийн тэргүүн Санжийн Алтан илтгэл тавьж, Х.Гомбожавийн шавь, Монголч эрдэмтэн А.Кэмпи, яруу найрагч Ч.Дагвадорж нарын хүмүүс дурсамжаасаа хуваалцлаа.
Х.Гомбожав бол АНУ-д монгол судлалын үндсийг тавьж бэхжүүлсэн, Монгол Улсыг НҮБ-д элсэх, Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох зэрэг түүхэн үйл явдалд гар бие оролцсон гавьяатай нэгэн билээ.
Хурал зохион байгуулагчдын зүгээс төлөөлөгчдийг АНУ-ын Конгрессын номын санд зочлуулж, Монголын судар бичгийн өв соёлтой танилцуулав. Мөн Монголын соёлын төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ өөрийн цуглуулгаасаа 1920-иод оны Монголын хууль цаазын эх бичвэрүүдийг эх хувиар нь дэлгэн үзүүлж сонирхууллаа. АНУ дахь Монгол Улсын ЭСЯ дээр зохион байгуулагдсан энэ удаагийн бага хуралд нийт 50 гаруй төлөөлөгч оролцов.
Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9771 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 933, 102 дугаарт 5105, 103 дугаарт 3733 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 686, зам тээврийн зөрчил 292, гал түймэр, аврах ажиллагааны 15, гэмт хэрэг, зөрчлийн 1759 бодит дуудлага хүлээн авчээ.
Түүнчлэн урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор оюутан, сурагчдын хонхны баяр болох нь ихэсдэг. Энэ үеэр амралт зугаалгаар явж байгаад архидан согтуурах, үертэй усанд живэх, сэтгэл санааны байдлаас шалтгаалан амиа хорлох, татсан тамхиа унтрааж хаяагүйгээс гал түймэр гаргах зэрэг хэргүүд ихээхэн гардаг байна. Иймд оюутан, сурагчдыг тэмдэглэлт баярын өдрөөрөө амралт зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа.