Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Үүний дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Налайх дүүрэгт мод тарилаа. Мөн Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун модны талд 12.00 цагт УИХ-ын дарга З.Энхболд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар мод тарисан юм. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ. Энэ үйл ажиллагааг байгууллага, аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн оролцоотойгоор мод тарьж, байгаль дэлхийгээ дээдлэх үзлийг сурталчилдаг. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч болон төрийн өндөрлөгүүд, Хотын удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байсан юм.
Category: нийгэм
Зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн замын зарим хэсгийг хааж, засвар шинэчлэлт хийж байна. Өнөөдрийн 23:00 цагаас 12-ны 6:00 цаг хүртэл Энхтайвны өргөн чөлөөнд Москва хорооллын урдуурх авто замын урд урсгалыг хаана.
Мөн Намъянжүгийн гудамжинд East төвийн зүүн талын авто замын хоёр урсгалыг 10-ны 23:00 цагаас 11-ний 6:00 цаг хүртэл хаах юм байна.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15-ын задгай айлын хашаанд 4 гэр, 3 байшин усанд автлаа гэсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 алба хаагч очиж 3 мотопомпоор усыг бүрэн соруулж ажилласан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 35 дугаар гудамжинд айлын байшинд шар усны үер орлоо гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 8 албан хаагч очиход 4х6 метрийн хэмжээтэй байшинд ус орсон байсныг шороо асгаж усны урсгалыг хааж мотопомпоор усыг соруулж ажилласан байна. Энэ мэтчилэн 9 айл шар усны үерт автлаа гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлынхан очиж ажилласан байна.
БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг баривчлах, нутаг буцаах ажлыг Засгийн газраас нь үе үе зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд тав, зургадугаар сард баривчилгаа хийхээр аян эхлүүлжээ. Хотуудын цагдаагийн газар болон Цагаачлалын алба хамтран үйлдвэрийн цогцолбор газрууд, орон нутгийн аж ахуйн нэгжүүд болон барилгын ажил явуулж байгаа газруудад шалгалт хийж байгаа аж. Мөн айл нүүлгэлтийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаж эхэлжээ.
Солонгост хууль бусаар ажиллаж, амьдардаг иргэдийн тоогоор хятад, вьетнамчууд тэргүүлдэг аж. Мөн манай улсаас цөөнгүй иргэд Солонгост харласан байдаг. Тэнд ажиллаж байгаа монголчуудын яриагаар цагаачлалын албанаас эхний шатанд хагас сар орчим ажиглалт хийдэг аж. Дараа нь хууль бусаар ажиллаж байгаа иргэдэд өөрийн хүсэлтээр нутаг буцах боломж олгодог. Энэ нь мөн л хагас сар орчим байдаг аж. Дараа нь эрчимтэй баривчилгаагаа эхэлдэг байна. Хэрвээ харласан иргэд өөрийн хүсэлтээр гарах хүсэлт гаргавал торгуулиас чөлөөлж, дахин Солонгост ирэх нөхцлийг нь хөнгөвчилдөг байна.
Үүнээс гадна хууль бусаар амьдарч байгаа иргэдийг ажиллуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг 20 гаруй сая воноор торгодог аж. Тиймээс ажиглалтын хугацаанд үйлдвэрүүд ажилчдаа халах нь их байдаг талаар монголчууд ярьсан. Хууль бусаар амьдарч байгаа гэдэг шалтгаар цалин бага өгдөг учраас ажил олгогчид “харласан” хүмүүсийг ажилд авах сонирхолтой. Гэхдээ баривчилгааны үеэр асуудалд орж, торгууль төлдөг учраас “харласан” ажилчдаа түр халах, чөлөө өгөх тохиолдол их байдаг гэнэ. Ажлаасаа халагдсан иргэд баривчилгаа дуустал түрээсийн байрандаа бүгэх шаардлага гардаг аж.
Цагаачлалын алба болон цагдаагийнхан үйлдвэрүүдэд шалгалт хийхдээ байрных нь бүх хаалгыг битүүмжилж, цонхон доор нь ажилчдаа зогсоодог аж. Харласан ажилчид цонхоор үсэрч хөл, гараа гэмтээх, зугтах тохиолдол их гардаг гэнэ. Өнгөрсөн жил гэхэд монгол залуу хоёр давхрын цонхоор үсэрч хөлөө гэмтээж байжээ.
Баривчилгааны үеэр цагаачлалын албаныхан хууль бус иргэдийн талаарх мэдээлэл авах утасны дугаараа зарлалын самбаруудад наадаг. Уг утсанд ирсэн мэдээллийн дагуу гэнэтийн шалгалт хийж, олон хүнийг баривчилдаг байна. Утсаар мэдээлэл өгөх боломжтой учраас Солонгост хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаа монголчууд харласан нутаг нэгтнүүдээ барьж өгнө гэж айлгах тохиолдол ч гардаг байна. Ингэж дарамталж архи, тамхи авахуулж, байрныхаа түрээсийг даалгадаг хүмүүс ч байдгийг тэнд байгаа монголчууд ярьсан. Цөөн тохиолдолд “харласан” иргэн өөрийнхөө талаарх мэдээллийг утсаар өгчихдөг гэнэ. Цалингаа цуглуулаад нутаг руугаа явуулчихсан, дахиж Солонгост ирэх шаардлагагүй гэсэн цөөн хүн ийм сонголт хийдэг талаар нутаг нэгтнүүд нь ярьсан юм.
Цагаачлалын албаныхан гудамжинд сэжигтэй хүн харагдвал “Хүүе” гэх зэргээр эх хэлээр нь дууддаг. Ингэж дуудахад монгол хүн эргэж хардаг аж. Ингээд бичиг баримтыг нь шалгаж, зөрчилтэй байвал шууд баривчилдаг байна.
Солонгос дахь монголчуудын сайт болох www.mglradio.com сайтад баривчилгааны талаарх мэдээлэл, зөвлөгөө их ордог. Энэ сайтаас мэдээлэл, зөвлөгөө авах боломжтойг Солонгост амьдарч байгаа монголчууд ярилаа.
Ц.ӨРНӨХ
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхийг дэмж-сэн. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монгол Улс хөгжих юм уу, хөгжихгүй юм уу. Энэ салбараа дэндүү их улстөржүүллээ. Засгийн эрх барьж байгаа эвслийн бүлгийн гишүүд нь эсрэг зүйл яриад сууж байгаа нь ойлгомжгүй байна. Эсвэл хоёр Засгийн газартай болчихсон юм уу, кабинетын зарчмаар ажиллах ёстой. Эдийн засгийн хүндрэлээс гаръя гэж сар ярилаа. Уул уурхайн салбараа хөгжүүлж байж хүндрэлээс гарна. Эл салбар ДНБ-ий 40 орчим хувийг, төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын 90 хувь нь энэ салбар руу орж байна. Эдийн засаг хөгжихгүй бол ард түмэн яаж сайхан амьдрах юм бэ. Гол нь Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогынхоо гол концепциос хазайж болохгүй. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол цорын ганц сонголт биш шүү. Өрсөлдөх чадвартай, бодлого нь тогтвортой, ойлгомжтой байж уул уурхайн салбар хөгжинө. Хоёрдугаарт, зөвшөөрөл олгохдоо төр захиргааны хүнд суртлыг нэмж болохгүй одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас илүү боловсронгуй болгох ёстой. Монгол Улс Эрдэс баялгийн салбараа тордож, хөл дээр нь тогтоож байж, хөгжинө. Хий хоосон улс төр хийхээ больё” гэсэн юм.
Э.ЭНХ
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Амгалангийн дулааны станцын тоног төхөөрөмжийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Хууль батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөх бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ.
Дараагаар нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцуулсан юм. Уг хуулийн төсөл нь одоо мөрдөгдөж байгаа хуулийг улам сайжруулсан бөгөөд олон зүйл заалт нэмэгджээ. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих юм байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоор тусгажээ. Мөн тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүнийг ажилгүй, цалингүй болгохыг хоригложээ. Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж байгааг сайд онцолсон юм. Энэ хуулийн төслийг дагалдаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсан юм.
УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа төсвийн тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даалгасан. Иймээс нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардлын төлөвлөгөөний тодотголын тухайд УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу энэ сараас он дуустал зарцуулахаар төлөвлөсөн зарим урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар тооцжээ. Нийт 40 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан төсвийн урсгал зардлыг бууруулж төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ зарим арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгасан байна. Тухайлахад, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр 2014 оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр дээр төсвийн тодотголоор 35.0 тэрбум төгрөг нэмж тусгахаар харилцан тохиролцож, шийдвэрлэсний дагуу урсгал зардлыг уг хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн хууль тогтоомжийн дагуу Хадгаламжийн даатгалын санд Засгийн газраас төлөх хөрөнгийн үлдэгдлээс 2014 оны төсвийн жилд нэн даруй олгоход шаардагдах хөрөнгөд эхний ээлжид 7.2 тэрбум төгрөгийг тодотголын төсөлд тусгажээ. Түүнчлэн УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн нийт урсгал зардлыг нэмэгдүүлэхгүйгээр зохих зохицуулалтын зардлыг Төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд зардлыг шилжүүлэхээр төсөлд тусгасан байна. Харин улсын төсвийн 2014 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголын тухайд УИХ-ын 30 дугаар тогтоолоор 2014 оны төсөвт хөрөнгө тусгаж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг нэг бүрчлэн баталсны дагуу Сангийн сайдын 2014 оны төсвийн багцад бөөн дүнгээр батлагдсан “0.0” дүнтэй төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 139.4 тэрбум төгрөгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад шилжүүлэн тусгахаар зохицуулжээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 39.2 сая төгрөгөөр буурч 6,883.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал батлагдсан түвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна. Баасан гаригийн үдээс хойшхи чуулганыг даваа гаригт дэлгэрүүлэн хүргэх болно.
М.МӨНХ
Эрдэнэбатын Баянжаргал хэмээх бүсгүй Японы хайку шүлгийн зарчмаар шинэ ном туурвилаа. Энэхүү номонд орсон яруу найргийг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жигмэдийн Бат¬сайхан “Монгол хайку” хэмээн онцолжээ. Э.Баянжаргал анх Японы алдарт яруу найрагч Мацүо Башёгийн шүлгийг сонирхож хайкуг судлахаар шийд¬сэн гэнэ. Ингэхдээ эх хэлийг нь сурч, хайкуг судлахаас гадна өөрөө бичдэг болсон байна. 2009 онд “Монголын орчин үеийн яруу найраг-III буюу Бүсгүй найрагчдын хайрын шүлэг”, 2011 онд “Огторгуйн далайн гэрэлт шүлгэн сондор оршвой” зэрэг номонд түүний шүлгүүд хэвлэгдэж байсан удаатай. Тэгвэл энэ удаа өөрийн бие даасан хайку шүлгийн номоо ийн гаргаж байна.
Цантай цонхыг
Зүрхээрээ хайлуулна
Бодол урсана… гэж бичсэнийг МУ-ын Төрийн соёрхолт, СГЗ Дарамын Батбаяр уншаад “Борооны дараахь мөөг шиг тэнгэрийн дүлий шиг энэ олон зуун шүлгэн дотор ийм мөр байна уу” хэмээн бичжээ.
“МИАТ” компани ээлжит шинэ хөлөг онгоцоо өнөөдөр хүлээн авна. “МИАТ” компани 2020 он хүртэлх хугацаанд нийт онгоцныхоо 70-80 хувийг шинэчлэх төлөвлөгөө гаргаад байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн онд “Boeing 767-300” загварын шинэ онгоц худалдан авсан билээ. Харин өнөөдөр 16.00 цагт дараагийн шинэ онгоц Улаанбаатарт газардана.
Шатахуунаа дахин цэнэглэхгүйгээр 10 цагийн турш нислэг үйлдэх боломжтой “Гүюг хаан” хэмээн нэрлэсэн энэ онгоц нь бизнес ангиллын 12, энгийн 150 суудалтай юм байна. “Boeing 737-800” онгоцыг 5-15 жилийн хугацаатай үйл ажиллагааны түрээсийн зарчмаар хүлээн авч байгаа юм. Мөн “МИАТ” компани 2016 онд дахин хоёр шинэ онгоц авахаар төлөвлөөд байгаа аж.
ОХУ-ын Хиагт боомтоор хил гарах гэж байсан Монголын иргэн нэгэн эмэгтэйгээс хураан авсан арслан зааны шүдийг Буриадын үндэсний музейд шилжүүлэхээр болжээ. Өнгөрсөн 2013 онд тэр эмэгтэй ОХУ-д борлуулах зорилгоор арслан зааны яс нууж авч гарах гэж байгаад Оросын гаалийнханд баригдсан юм. Оросын гаальчид уг ясыг Эрхүү хотын эрдэмтдэд шинжлүүлэхээр явуулжээ. Эрдэмтэд судлаад залуу арслан зааны шүд, түүх соёл, шинжлэх ухааны асар их үнэ цэнэтэй эд гэж тогтоосон байна. Үүнээс өмнө Хиагтын гаалиас монголчуудаас хураасан динозаврын өндөг, ясыг мөн Буриадын үндэсний музейд шилжүүлэн өгч байсан билээ.
Монгол арслан зааны шүдийг музейд гардуулан өгөх ёслолын ажиллагаа Улаан-Үд хотын Шүүхийн байранд энэ сарын 21-нд болох гэнэ.
Монголд 22 жил амьдарсан Н.Алхаа “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. Түүнийг энэ сарын 15-нд Монгол Улсаас гарахыг ГИХАЭГ-аас даалгасан. Харин өчигдөр ГИХАЭГ шийдвэрээ өөрчилж Н.Алхааг Монгол Улсаас гаргах шийдвэрийг түр хойшлуулжээ. Уг газраас “Вэнь Шин (Н.Алхаа) нь 1999 оноос гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа боловч түүнээс хойш Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хугацаагаа сунгуулахаар удаа дараа хандахдаа зөвхөн гэр бүлийн шалтгаанд үндэслэж байжээ. Монгол Улсад сурч боловсрох, ажил хийх, аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулах, хувийн хэргээр оршин суух зэрэг олон талын боломж хуулиар бүрэн нээлттэй байдаг боловч дээрх БНХАУ-ын иргэн нь 1999 оноос хойшхи 15 жилийн хугацаанд тэр бүх бололцоог ашиглаагүй, олон төрлийн сонголт, хувилбарт үндэслэсэн өргөдөл хүсэлтээ гаргаагүй байна. Гэр бүлийн шалтгаанаар оршин суухаа больсон, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчин худал мэдүүлэг өгсөн нь сайн дураар гарахыг сануулах, улмаар хууль хэрэгжүүлэх бусад бодит шаардлагыг үүсгэсэн юм.
Вэнь Шин өнгөрсөн хугацаанд Монгол Улсын харьяат болох болон цагаачлах хүсэлт өргөдлөө албан ёсоор гаргаж хандаагүй байна.
Вэнь Шин өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө төгрөгийн асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулж байна” гэжээ.
Б.ЦЭЦЭГ