Categories
мэдээ нийгэм

Сумочид буяны үйл хийж байна

Өнгөрдөг нагояа башёд 30 дахь түрүүгээ авч сумо бөхийн түүхэн амжилтад ойртон ирж байгаа Хакухо аварга тэргүүтэй сумочид өдгөө эх орондоо амарч байгаа билээ.  Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал амралтын үеэрээ Гачуурт дахь “Бадамлянхуа” асрамжийн төвд зочилж,  тус төвийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан, хандив өргөжээ.

 Мөн сумоч Токитэнкү А.Хүчитбаатар төрөлх нутаг Төв аймгийн Алтанбулаг сумынхаа наадамд хүрэлцэн очсон бөгөөд нутгийнхаа настан буурал, хөгшчүүлд хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулжээ. Өнгөрсөн жил А.Хүчитбаатар Төв аймгийн 90 жилийн ойгоор нутагтаа бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин хоёрыг бэлэглэсэн нь хөдөөгийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ оруулсан сайхан ажил болсон юм.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх хамтарсан комиссын хоёрдугаар хуралдаан болж байна

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээр”-ийг баталж гарын үсэг зурсан.

Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журамын дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Онцгой байдлын ерөнхий газар, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Үндэсний ойн түймэртэй тэмцэх газар болон Ойн улсын хороо хамтран 2012 оны 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод “Хил орчмын бүсийн ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан комиссын анхдугаар уулзалт”-ыг зохион байгуулсан.

Хоёр Улсын хамтарсан комиссын анхдугаар уулзалтаар хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, түймрийн давтамж, тоо хохирлыг бууруулах, хил орчмын бүс нутгийн ой, хээрийн түймэртэй тэмцэх, унтраах үүрэг бүхий Онцгой байдлын байгууллага болон мэргэжлийн албадын түймэр унтраах техник, багаж хэрэгслийг сайжруулах, чадавхийг нэмэгүүлэх зорилгоор хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, ач холбогдол, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, зөвшилцөх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2 дугаар уулзалтыг 2014 оны 08 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Энэхүү хоёрдугаар уулзалтанд Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Гал унтраах хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч Ц.Нямбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга, онцгой байдлын ахмад С.Баасансүрэн,  БНХАУ-тай хил залгаа Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар, БНХАУ-аас Ойн улсын хорооны орлогч дарга ноён Жан Зень Лунг, Олон улсын харилцааны газрын дэд захирал хатагтай Жан Хун Янь, ӨМӨЗО-ны Ойн албаны дарга ноён Хө Цень Жүн зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хуралдаанаар ой, хээрийн түймэр гарсан талаарх мэдээ, мэдээлэл дамжуулах, шинэ техник, багаж хэрэгслийг нэвтрүүлэх, ой, хээрийн түймэр унтраах, дадлага, сургууль”-ийг жил бүр хамтран зохион байгуулах, хил залгаа бүс нутгийн Мэргэжлийн байгууллагын ой, хээрийн түймэртэй тэмцэх, унтраах чадавхийг бэхжүүлэх зорилгоор талууд гал унтраах техник, багаж хэрэгслийн тусламж үзүүлэх, ой, хээрийн түймрийн мэдээ, мэдээллийг утас, факс, болон цахим хэлбэрээр дамжуулан шуурхай солилцох, тэдгээрийг  ашиглах, ажиллах сургалт зохион байгуулах, түймрийг унтраах ажиллагаанд оролцож буй алба хаагч, иргэдийг шаардлагатай тохиолдолд хялбаршуулсан журмаар Улсын хил нэвтрүүлэх дадлага, сургуулийг зохион байгуулах талаар тус тус санал солилцож хамтран ажиллах санамж бичигт  гарын үсэг зурна.

Categories
мэдээ нийгэм

Г.Бадамрагчаа АТГ-ыг ажлаа хийхгүй байна гэв

Кино найруулагч  Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар гартаа авахыг оролдсон гэх үндэслэлээр 2012 оноос эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээр хэргийг нь цагаатгасан билээ. Энэ хугацаанд түүнийг хорих 461 дүгээр ангид гурван сар хорисон байдаг. Өөрийн хоригдсон талаар болон Авлигатай тэмцэх газарт хандсан талаараа найруулагч Г.Бадамрагчаа өчигдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Улсын прокурорын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандан “Ямар хүмүүс намайг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан. Гэмт буруутай хүмүүсийг нь шалган тогтоон хариуцлага тооцож өгөөч ээ” гэсэн хүсэлт явуулжээ. Хүсэлтийн дагуу Ерөнхий прокурорын газраас гурав хоногийн дараа “Энэ бол Нийслэлийн прокурорын газартай хамааралтай асуудал байна. Нийслэлийн прокурор хариугаа өгөх бол уу” гэсэн утгатай хариу өгсөн байна.  Мөн АТГ-аас түүнийг дуудан нэг удаа мэдүүлэг авсан бөгөөд  дахин хариу ирүүлээгүй аж. 

 Гэтэл саяхан орон нутгаар кино зураг авалтын ажлаар яваад иртэл түүнийг хэлмэгдүүлээд явж байсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатар гэдэг хүн цахим хуудсаар өөрийгөө хэлмэгдсэн талаар нийтэлсэн байжээ. 

 Г.Бадамрагчаа хэвлэлийн хурлын үеэр “Энэ хэргийг шүүхээр гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж тогтоогоод хэрэгсэхгүй болгочихоод байхад Д.Цогтбаатар олон нийтийн цахим сүлжээ ашиглан “Үндэслэлтэй байсан, Монголын төрийг би  аварсан байхад намайг хэлмэгдүүллээ” хэмээн бичсэн байна. Тиймээс би  АТГ-ыг ажлаа хийж, энэ хэргийг дахин шалгахыг шаардаж байна” гэсэн юм. Мөн цааш нь “Шүүх намайг буруугүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон ч эргээд Д.Цогтбаатарыг гүтгэсэн хэрэгт унах юм шиг байна.  Сүхбаатар дүүргийн цагдаагаас намайг дуудаж  Д.Цогтбаатар гэдэг хүнийг гүтгэсэн гэж мэдүүлэг авсан” гэв. 

 Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Хоригдож буй аавуудыг хүүхдүүдтэй нь уулзуулна

Манай улсын хэмжээнд жил бүрийн наймдугаар сарын 8-ныг “Аавуудын өдөр” болгон 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ талаар Монголын эрэгтэйчүүдийн нэгдсэн холбоо болон “Сайхан Монгол аав” ТББ-аас дэлгэрэнгүй мэдээллээ. Энэ жил аавуудын баярыг угтан дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж. Тухайлбал, наймдугаар сарын 6-нд  зохион байгуулагчид хүүхдийн зуслангуудаар зочилон хүүхдүүдийн дунд “Миний аав, миний бахархал” сэдэвт захидлын уралдаан зарлаж,  аав нарт нь захидлыг дамжуулах юм байна. Мөн наймдугаар сарын 7-нд нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах байр болон, хорих 431 дүгээр ангиуд дээр эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг зохион байгуулж, эцэг хүүхдүүдийг хооронд нь уулзуулан эрүүл мэнд, спорт соёлын арга хэмжээ явуулах ажээ. 

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Аавуудын эрүүл мэндийн өдөрлөг болно

Манай улс “Аав нарын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг болсоор 11 дэх жилээ угтаж байгаа билээ. 

Өнөө жилийн хувьд энэ өдөр Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, “Сайхан аав” төрийн бус байгууллага хамтран “Миний аав-Миний бахархал” аавдаа илгээх захидлын уралдаан, аав нарын эрүүл мэндийн өдөрлөг, “Аавын бахархал” хэлэлцүүлэг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 

Мөн Монголын эрэгтэйчүүдийн холбооноос хорих ангид хүмүүжиж байгаа аавуудыг хүүхдүүдтэй нь уулзуулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Түүнээс гадна  төрийн байгууллагуудтай хамтран иргэдийг ажилд зуучлах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. 

Т.Гэрэл

Categories
мэдээ нийгэм

Их майдар цогцолборт хутагтууд заларлаа

Шашин, соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан, дотоод, гадаадын иргэдэд хотоос холгүй эрүүл орчинд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой үзвэр үйлчилгээний томоохон цогцолборын ажлыг Төв аймгийн Сэргэлэн сумын, Өгөөмөрийн аман дахь Зүрх толгойд эхлүүлээд буй.

Энэ нь “Их Майдар” төслийн хүрээнд бүтээн босгож буй Майдар бурхны хөшөө болон Майдар эко хот юм.

Уг цогцолбор болон хот нь 110 мянга гаруй га газрыг хамрах бөгөөд төслийн эхний шатанд 54 м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108 м өндөр Зарлиг увидсын суварга босгох аж.

Тэгвэл II Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан түүний болон Ламын гэгээн, Манзушир хутагтын өргөөний шавыг өчигдөр энэ цогцолборт тавив.

Энэхүү үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Д.Чойжамц, Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов, ССАЖЯ, Төв аймгийн ЗДТГ болон Жавзандамба хутагт төвийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр Хүрээ цамын бүжиг, хурдан дааганы уралдаан, Төв аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн болов.

Хамба Д.Чойжамц “Энэ бол чухал үйл явдал. 1990-ээд оны үед хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод жижиг байшингууд барьж байсан бол өнөөдөр хаана ч байхгүй томоохон цогцолбор барьж байна. Хөгжилтэй олонх улсад сүсэгтэн олныг сүсэг бишрэлээр хангах ариун газар байгуулж, үүнд нь төр засаг, сүсэгтэн олон тусалдаг. Үүнд нь өдөрт давхардсан тоогоор дотоод, гадаадын 2.5 сая хүн очдог гэдэг юм билээ. Энэ цогцолбор ч гэсэн тийм болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Майдар бурхан бол Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай.

Бурхан багшийн Ирээдүй цагийн дүр болох Майдар бурханыг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буйгаараа онцлог.

Энэ цогцолборт “амилуулж” буй Майдар бурхан нь Нью-Йорк хотод байрлах Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр гэдгээрээ Азидаа болон дэлхийн уран байгууламжийн нэгд бүртгэгдэх аж.

Одоогоор Их Майдар бурханы бодьсатва дүр, 108 м өндөр Зарлиг увидасын суваргын ажил 10 хувьтай байгаа бөгөөд 16.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь 2016 онд ашиглалтад орох юм байна.

ЭКО БУЮУ БОГИНО ЗАМЫН ХОТ

Дэлхийн зарим улсад эко хот бий. Тэгвэл манай улс ч хэдэн жилийн дараа ийм хоттой болно. Их майдар бурхны хөшөө болон түүнийг хүрээлэн бий болох соёл урлагийн цогцолбор нь хотын шинэ төв болох аж.

Үүний дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгэж буй. Тэдний төлөвлөснөөр ийм хот байгуулахын тулд дөрвөн үе шаттай ажил хийх юм байна. Бид эко гэхээр зүлэг, мод, цэцэгс, цэвэр агаарыг хамгийн түрүүнд төсөөлдөг. Тэгвэл энэ нь өрөөсгөл ойлголт аж.

Ажил, гэр, үзвэр үйлчилгээ, өдөр тутмын хэрэгцээг хангахын тулд аль болох хол явалгүйгээр хүрэх боломжтой газрыг богинын замын буюу эко хот хэмээн нэрийддэг аж. Ийм хотыг бий болгосноор эрчим хүчээ хэмнэх, замын түгжрэл багасах гээд олон талын ач холбогдолтой юм байна. Тухайлбал, Герман улсад ийм эко хот бараг байхгүй гэнэ.

Харин эко хороолол олон бий. Тэр ч байтугай Азид дэлхийн жишигт нийцсэн ийм хот байхгүй гэдгийг “Майдар эко хот” төлөвлөлтийн багийн удирдагч Штефан Шмитц хэлсэн.

Түүнчлэн  манай урд хөршид ийм хот олон байдаг ч жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадаагүй байдаг аж.

Тэгэхээр манайх дэлхий жишигт нийцсэн хоттой болно гэсэн үг. Харин энэ хот 110 гаруй мянган га талбайг хамарч байгаа бөгөөд 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн ажилтан хүний амь аварчээ

Энэ жил Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байх Аварга тосон рашаан сувилал ч амрагчдаар дүүрэн байгаа аж. Гэхдээ, энэ сарын 2-нд Аварга тосонд гэр бүлээрээ амарч байсан 12 настай Д.Энхжин хэмээх охин нууранд эрсдэх шахжээ.

Тухайн үед НЗЦГ-ын ахмад Г.Баяржаргал тус газарт гэр бүлийн хамт амарч явахдаа охиныг аварсан байна. Охин нуурын эрэг дээр жижиг хөвөгчөөр хөвж байгаад салхинд туугдан нуурын гол руу орчихсон аж. Тухайн үед гэрийнхэн нь хий дэмий сандралдахаас өөр зүйл хийж чадахгүй байхад Г.Баяржаргал нь авхаалж самбаа гарган нуурын гол руу сэлж охиныг аварсан тухай Д.Энхжингийн эмээ Ичинхорлоо ярьж байна.

Тэрбээр “Өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж өрөөлийг аврах хүн тийм ч олон биш. Ийм хүмүүс олон байгаасай. Тэр замын цагдаагийн ахмад Баяржаргал гэдэг хүүд насан туршдаа талархаж явах болно. Юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай” гэсэн байна.

Харин Замын цагдаагийн ахмад Г.Баяржаргал “Тухайн үед эрэг дээр олон хүн байсан ч яг охиныг аврахаар зориглоод орчих хүн олдохгүй байсан. Охины ээж, эмээ хоёр нь сандарсан байдалтай яахаа мэдэхгүй байсан. Тиймээс би нуур руу орсон. Нуурын гол хүрэхэд нэлээд цуцсан байсан. Гэхдээ хүний амь гээд шүд зуугаад тэсээд охинд хүрч эрэг рүү хөвөгчтэй нь татаж гаргасан. Тухайн үед нэлээд салхитай байсан учраас буцаад эрэг рүү сэлэхэд хүндрэлтэй байсан” гэжээ.

Г.Баяржаргалын хувьд өмнө нь бас нэг хүний амийг гол усны аюулаас аварч байсан нэгэн гэнэ. Мөн Замын цагдаагийн газартаа нэр хүндтэй, сайн алба хаагч болох тухай хамт ажиллагсад нь хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим шуудангаа хакердуулж, мөнгөө луйвардуулахгүй байхыг анхаарууллаа

Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт цахим шуудангаа хакердуулсан, мөнгөө луйвардуулсан гэх гомдол ихээр ирэх болсонтой холбогдуулан  дараах анхааруулгыг гаргажээ. Тус анхааруулгад:

-Цахим шуудан илгээж буй э-мэйл хаягийг шалгах

-Үсэг тоо тэмдэгт бүрийг нарийн шалгах /жишээ нь: m үсгийг rn (r+n) гэж бичсэнийг ялгадаг байх/

-Харилцаж буй байгууллагын домайн нэр мөн эсэхийг шалгах

-Цахим шуудангаар ирсэн банкны нэр, дансны дугаар, байгууллагын нэр зэргийг нягтлах, факс, утсаар холбогдож тулгалт хийх

-Цахим шууданд хандаж буй ажилчдын бүртгэл хийх

-Цахим шуудангийн нууц үгийг стандартын дагуу хийх /хамгийн багадаа 8 тэмдэгт 0-9 хүртлэх тоо, a-z, A-Zүсэг, тусгай тэмдэгт: _-+=!@%*&”:./ зэргээс бүрдэнэ. Жишээ нь: 1R2rt@Aor#Bt

-Нууц үгийг тогтмол хугацааны давтамжтай сольдог байх

Цахим шууданд сэжигтэй хандалт хийгдсэн болон ирсэн цахим шуудан сэжигтэй санагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай хандахыг мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын охинд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг Цэвэр агаар сангийн хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа талаар АТГ-ын мөрдөн шалгах газрын дарга Э.Амарбат мэдээлж байсан. Тэгвэл АТГ-аас А.Саранзаяад холбогдох хэргийг прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Мөрдөн байцаалтын явцад А.Саранзаяа нь Цэвэр агаар сангийн шугамаар бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслэж, зохих журмын дагуу хяналт шалгалт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийхийг зөвшөөрсөн болох нь тогтоогджээ. 

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн хашаанд барьсан барилгыг нураалаа

БГД-ийн Засаг даргын Тамгын газар болон тус дүүргийн газрын алба хамтран дүүргийн хэмжээнд сургуулийн хашаанд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа байшин барилгуудыг албадан нураахаар болжээ. Үүний эхлэл болгож тус дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, 40 дүгээр сургуулийн хашаанд үйл ажиллагаагаа явуулж буй “New capital” компанийн “Champions” биллиард, теннисний клубын байрыг өнөөдөр нураалаа. Уг клуб нь 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тухайн үед “Түр ажиллах” зөвшөөрөл авч байсан байна. Тиймээс дүүргийн газрын албаны зүгээс газраа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан ч тодорхой шийдэлд хүрээгүй тул ийнхүү албадан нурааж байгаа аж. 

Барилгыг нураахад 10 гаруй сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг эхний ээлжинд Засаг даргын Тамгын газраас гаргах ч “New capital” компаниас шууд төлүүлэх гэнэ. 

Газрыг чөлөөлсний дараа тус газарт дүүргийн Спорт цогцолборын барилгыг барих ажээ.

Т.ГЭРЭЛ