Categories
мэдээ нийгэм

Япон эмч нар зүрхний үзлэг хийнэ

Энэ сарын 9-ний өдрөөс 11-ний хооронд Дорнод аймгийн Чойбалсан хотноо Япон эмч нар үнэ төлбөргүй зүрхний үзлэг хийхээр боллоо.

“Хариу нэхээгүй тус” төрийн бус байгууллага Японы “Зүрх хамгаалах төсөл” ТББ-тай хамтран сүүлийн жилүүдэд зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж, оношилж байгаа юм. Японы зүрхний эмч нар хамтын ажиллагааны хүрээнд жилд 2 удаа Монголд ирж ажилладаг гэнэ. Зүрхний төрөлхийн гажиг, эмгэгтэй хүүхэдтэй бол эдгээр өдрүүдэд Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэг хийлгэж, оношлуулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Аймгийн удирдлагууд цахим хуралдлаа

     

Сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулдаг “Аймгийн цахим хурал” өнөөдөр болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг удирдан явууллаа.

Засгийн газар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдаж, хөдөөгийн хөгжлийн бодлогыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Сумын төвийн шинэчлэл” төсөлд 16 сумыг хамруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Дундговь аймгийн Гурвансайхан сумын шинэчлэлтэй газар дээр нь танилцсан. Эдний ажлын туршлага, шинэлэг зүйлээс санаа авч ажиллах нь зүйтэй. Энэ шинэчлэлд сумын иргэдийг оролцуулах, хяналт тавиулах, гудамж, зам талбай гаргах зориулалтаар иргэдийн хашааг нүүлгэн шилжүүлэхэд иргэдээс тодорхой хувийг гаргуулах зэргээр төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангаж ажиллахыг Ч.Сайнбилэг дарга зөвлөлөө.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нар тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

11 аймгийн төвд оношилгооны төв байгуулсан нь эхнээсээ үр дүнгээ өгч байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвөөс Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Увс, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Оношилгооны төв байгуулж, 20 гаруй нэр төрлийн аппарат, багаж тоног төхөөрөмжийг нийлүүлснээр энэ 3 сарын хугацаанд 85 мянга гаруй хүнд үйлчилж, зөвхөн эдгээр 11 аймгаас Улаанбаатар хотыг зорьж оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэдийн урсгалыг 25 хувиар бууруулсан байна. Эдгээр төвд дутуу болон шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, химийн урвалж бодисын зардлыг 2015 оны төсвийн төсөлд тусгуулах нь зүйтэй.

Энэ 2014 онд Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор ажиллаж байна. Өмнөговь, Сүхбаатарын замын ажлын гүйцэтгэл сайн байна. Хөвсгөл, Дорнод аймгууд анхаарч ажиллах шаардлагатайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Ашиглалтаас гарсан аюултай барилгуудыг нураана

Хүн амьдарч болохгүй 150 гаруй барилга нийслэлд байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудаас хийсэн шалгалтаар н ашиглалтын шаардлага хангахгүй эдгээр барилгыг нураахаар болжээ.  Үүнээс эхний ээлжинд Нийслэлийн засаг даргын захирамжаар 21 барилгыг нураахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, Нэхэмлийн шар, Баянгол дүүргийн 30 дугаар байруудыг нураах ажээ. Барилгуудыг нураасны дараа тухайн газарт нь дахин  төлөвлөлт хийж, орон сууцны хороолол барих юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний ээлжийн барилгууд энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоогоод байна.  Эдгээр байршилд 13 488 нэгж талбарын 1325,8 га талбай хамрагдаж байгаа бөгөөд төлөвлөлтийн бүсэд нийт 690 72 хүн ам амьдарч байгаа юм. Одоогийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нийт 17 байршилд 686,1 га талбайд 29 компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий батламжаа гардаж авсан бол  11 төсөл хэрэгжүүлэгч компаниуд 577 нэгж талбарын 26,6 га талбайг иргэдтэй зөвшилцөн чөлөөлжээ.  Чөлөөлсөн талбайд эхний ээлжийн 3200 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд 2014 онд нийт 4000 орчим айлын орон сууцны барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.   Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар товч мэдээллэхэд,  Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны орчим, 51 га талбай бүхий  газарт  “Баганат өргөө” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж байна.

Нийт талбар дээр 59 айлын газрыг чөлөөлсөн бөгөөд 2014 оны 4 дүгээр улиралд 566 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах юм. Мөн 2015 онд 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.  Мөн тус хорооны 42.8 га талбайд “Гангар Инвест” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж байна. Төсөл хэрэгжих талбар дээр 50 айлын газрыг чөлөөлсөн бөгөөд энэ онд 1000 айлын орон сууцны ажил эхлүүлсэн байна. 544 айлын орон сууцыг энэ ондоо багтааж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд байршилтай Орон сууцын 14 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийн талбайг А, Б, В, Г, Д, Ё, З  гэсэн блокд хуваасан.  Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны орчим, 7 га “А” хэсэгчилсэн талбайд “Бүрд констракшн” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд 89 айл өрхийг түрээсийн байранд оруулж, ажлын талбайд 110 айлын газрыг чөлөөлжээ.

Эхний ээлжнд ашиглалтанд оруулах 3 блок барилгын ажлыг энэ сард  эхлүүслэн байна.  2015 онд 3760 айлын орон сууц болон 960 хүүхдийн сургуулийг ашиглалтад оруулах юм.

Баянзүрх дүүргийн 13, 14 хорооны орчим, 11.3 га “Б” хэсэгчилсэн талбайд “Моннис урбан девелопент” ХХК төсөл хэрэгжүүлэчээр шалгарсан.  Төслийн хүрээнд  106 айлын газрыг чөлөөлж,  түрээсийн байранд оруулжээ. 2014 онд 360 айлын орон сууцыг мөн 2015 онд 1260 айлын орон сууц болон 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжийн 15 давхар барилгын суурийн бетон цутгалтын ажил эхэлжээ.

Харин Чингэлтэй дүүргийн хувьд 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 72 дугаар сургууль орчмын 15 га хэсэгчилсэн талбайд “Асар өргөө” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Эхний ээлжийн барилга барих 6 айлын газрыг худалдах, худалдан авах гэрээгээр чөлөөлсөн бөгөөд 2 блок тус бур 5давхар 48 айлын орон сууцын барилгын ажил эхлэж, 1 дүгээр блок суурийн цутгалт, 2 дугаар блок газар шорооны ажлыг  хийжээ. 2014 оны 4-р улиралд 40 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тус байршилд “Буурал сутай” ХХК мөн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Нийт 6 айлын газрыг чөлөөлөн 12 давхар карказан орон сууцын 1 блок барилгын ажил 2 давхар хүрсэн. 2014 онд 96 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцын 7 дугаар хорооллын байршилд  төсөл хэрэгжүүлэх талбайг И, З, Е, Ё1, К1, Л, Ш, Ё, Ү гэсэн хэсэгчилсэн хуваасан. Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 7 дугаар хороолол, “И” хэсэгчилсэн талбайд “Асар өргөө” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 4 айлын газар чөлөөлж, эхний ээлжийн 16 давхар карказан барилгыг ашиглалтад оруулахаар ажлаа эхэлсэн. 2014 оны 04 дүгээр улиралд 165 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

  Сүхбаатар дүүргийн орон сууцны 7-р хороолол 7,8,9,10,11,12 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх 210 га “Ё” хэсэгчилсэн талбайд “Бэрэн грүпп” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Нэгж талбар дахь 60 айлын газрыг чөлөөлж  4 блок барилга тус бүр 2-оос 3 давхар хүртэл угсралтын ажил эхэлсэн.  2014 онд 2000 айлын 3 орон сууцны барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 Мөн 2015 онд цэцэрлэг сургуулийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар шав тавьж барилгын газар шорооны ажил эхэлжээ. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа орчмын 13 га талбайд “Цэлмэг Ази” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Төслийн талбайн 2 хэсэг газар дээр нийт 14 айлын газар чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайг хашаалан эхний ээлжинд 300 айлын орон сууц барихаар төлөвлөн сууриа ухаснаар барилгын ажил эхлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын талбайг Б1, Б2, В1, В2, Г, Г1 гэсэн хэсэгчилсэн талбайд  хуваасан.  Сонгино хайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Г, Б1, В1 хэсэгчилсэн талбайд “Хера пропертийз” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.

Нийт 28 айлын газрыг чөлөөллж, ажлын талбайд 189 айлын 3 блок орон сууцны барилга барьж байгаа бөгөөд блок тус бүр 2 давхар хүртэл угсралтын ажил хийж байна.

Мөн цахилгаан болон дулаан дамжуулалтын 3 пүнкт барьж шугам сүлжээнд холбосон. 2014 онд 300 айлын орон сууц мөн  2015 онд 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтан оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үнэртэнд дурлагсад бие биедээ сүрчиг бэлэглэх нь

Үнэртэй усанд дурлагсдын клуб /Mongolian Fragrance Lovers/-ээс санаачлан клубын бүх гишүүдийн уулзалт буюу Үнэртэн бэлэглэх өдрийг зохион байгуулахаар болжээ. Үнэртэй ус сонирхдог, тансаг үнэртнүүдийн талаар сонирхол нэгтэй хүмүүстэйгээ санал солилцохыг хүсвэл наймдугаар сарын 9-ны бямба гаригт 19.00 цагаас хотын төвд орших Явуугийн цэцэрлэгт очоорой. Энэ өдөрт зочлох хүмүүсийг өөрийн үнэртний цуглуулгаасаа гурваас доошгүй дээжис буюу тестэр (Жижигхэн буюу 1 – 5 мл савтай, үйлдвэрийн эсвэл гараар юүлж хийсэн, нэрийг нь бичсэн) авчирч, клубын найзууддаа бэлэглэж болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Оны эцсээр Хөшөөтөөс нүүрс экспортолно

Хөшөөтийн нүүрсний уурхайд оператор шалгаруулж нүүрсээ олборлуулахаар болсноор Mongolia Energy Corp  компани үйлчилгээний хураамжаас 2014 онд 1.7 сая ам.долларын орлого олох боломжтой болжээ. Оператортой байгуулсан уг гэрээ нь 35 жилийн хугацаанд хүчинтэй юм. Тэгвэл компани IV улирлаас эхлэн нүүрсээ экспортлохоор төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Есүгэн охины аминд хүрсэн буруутнуудад ял оноолоо

2012 онд Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн баруун талд “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ны захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ны барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын 7 давхарт цутгалт хийхээр автопомт байрлуулах явцдаа 10-38 УНУ улсын дугаартай 50 метрийн урттай  бетон зуурмаг шахуургын хоолойг унагаж замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэний амь нас хохироосон харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгтэй холбогдох шүүх хурал саяхан болж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Гантөмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарыг тус тус 1.6 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Болдыг  барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгний торгох ялыг тус тус оногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хайрхан сумын наадамд С.Эрдэнэ сайд нисдэг тэргээр очоогүй гэв

Архангай аймгийн Хайрхан сумын наадам долдугаар сарын 25-26-нд болсон. Сумын наадамд нутгийн алдар цолтнууд хүрэлцэн очсон юм. Тухайлбал, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нарын зочид очсон байна.

Наадмын үеэр “Томас Эйр” компанийн “Эйртрактор АТ-602” загварын нисдэг тэрэг шүхэрчдийг буулгаж, наадамчин олны нүдийг баясгасан юм. Хөдөөгийн зон олны тэр бүр хараад байдаггүй энэ үйл явдал тэдний магнайг нэг тэнийлгэх шиг болсон гэнэ. Харин энэ нисдэг тэргээр С.Эрдэнэ сайд нутагтаа очсон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Эл асуудалд эрхэм сайд дараахь тайлбарыг хийжээ.  “Би Хайрхан сумын ойд оролцсон. Гэхдээ нисдэг тэргээр очоогүй. Монгол Улсын гавьяат эдийн засагч цол саяхан хүртсэн Б.Хулдорж гуай энэ нутгийн хүн. Түүний төрсөн хүү нь хувийн онгоцтой юм билээ. Аавынхаа нутгийн наадамчдыг баярлуулах гэж онгоцоо нисгэж, шүхэрчдийг хөлсөлсөн юм гэсэн. Яагаад нисдэг тэргийг надтай холбоод байгааг ойлгохгүй байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

84.000 иргэн газар өмчлөхөөр бүртгүүлжээ

Нийслэлийн таван дүүргийн 1524 га газрыг 14954 иргэнд өмчлүүлэхээр, бүртгэж эхэлсэн. Бүртгэл эхэлснээс хойших гурав хоногт 84.000 орчим иргэн газар өмчлөх хүсэлтээ баталгаажуулжээ. Эхний өдөр системд дөрвөн сая гаруй хандалт ирж, серверийг гацааж байсныг бодвол одооноос ачаалал буурч байгаа гэнэ. 

Хүсэлт гаргасан иргэдийн тоо өмчлүүлэх газрын нэгж талбараас илүү гарсан тохиолдолд программ автоматаар сонгож, өмчлөгчийг сонгох аж. Журмын дагуу газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу хүлээн авсан иргэн ажлын 10 хоногийн дотор дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж, өргөдлөө гарган, газрын гэрчилгээгээ авна.

Categories
мэдээ нийгэм

Анхны явуулын хөдөлмөрийн бирж

Монгол Улсын Засгийн газар “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2016 он хүртэл нийт 150.000 ажлын байрыг шинээр бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. 

Энэхүү зорилтын хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэж эдийн засгийн чадавхийг бий болгох, ур чадварыг хөгжүүлэх олон талт бодлого барьж ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам,  Монголын Залуучуудын холбоо, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний  төв, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаагаа явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхлээд байна. 

Явуулын хөдөлмөрийн бирж нь нийслэлийн гэр хороолол, олон нийтийн газрууд болон алслагдсан дүүрэг, хороодод ажиллаж Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ирсэн бүх нээлттэй ажлын байрыг иргэдэд санал болгож иргэдийг байнгын, цагийн болон түр ажлын байранд зуучлахаас гадна Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл өгч, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулах юм. 

Мөн Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг гар бие оролцуулах тал дээр Явуулын хөдөлмөрийн биржээр дамжуулан хүний нөөц бүрдүүлэлт хийн ажиллах юм.

Явуулын хөдөлмөрийн биржид Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн зуучлалын мэргэжилтэн тогтмол ажиллахаас гадна Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн болон ажиллах хуваариас хамаарч харъяа дүүргийнх нь хөдөлмөрийн хэлтэсийн мэргэжилтэн ажиллаж мэдээлэл өгөх юм.