Categories
мэдээ нийгэм

80 мянган оюутан смарт карт захиалжээ

Хичээлийн шинэ жил ойртож байгаатай холбогдуулан 113 мянган оюутанд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг БШУЯ, МОХ, Нийслэлийн нийтийн тээврийн газрууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр олгохоор шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар 80 мянга орчим оюутан смарт карт захиалжээ.

Өнгөрсөн хавар захиалгаа өгсөн оюутнуудын карт хэвлэлтэд орсон учир ирэх сарын 1 гэхэд тараагдах юм байна. Харин нэгдүгээр курсынхны хувьд есдүгээр сарын 1-нд өөрийн сургуулийн оюутны зөвлөл болон Монголын оюутны холбоонд захиалгаа өгснөөр 14 хоногийн дараа картаа авч, үнэгүй зорчих эрх нь үүсэх аж.

Categories
мэдээ нийгэм

“Дисковер Монголиа”-г “Эргэж ирээрэй” уриатайгаар зохион байгуулахаар болжээ

Арав гаруй жилийн тэртээгээс Монголд гадны хөрөнгө оруулагчдыг урин “Дисковер Монголиа” арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Харамсалтай нь энэ удаагийн арга хэмжээнд гадны хөрөнгө оруулагчид бараг бүртгүүлэхгүй байгаа мэдээлэл байна. Монголыг гадаадад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор анх 2003 онд зохион байгуулахад 250 хүн оролцож, түүнээс хойш тус чуулганд оролцогчдын тоо эрс өсчээ. “Дисковер Монголиа” чуулганд 600-800, давхардсан тоогоор 1000 оролцогч ирсэн жил ч бий. Өнгөрсөн жилийн чуулган маш тааруу болсныг салбарынхан мэдээлж байв. Энэ жил бүр ч муудах хандлагатай байгаа бөгөөд нийт 200 гаруй хүн ирэх таамаг байгаа аж. Дашрамд дурдахад, энэ жилийн хөрөнгө оруулагчдын чуулганыг “Welcome back” буюу эргэж ирээрэй уриан дор зохион байгуулахаар болжээ. 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

190 мянга гаруй иргэн газар өмчлөх хүсэлт илгээжээ

Цахимаар газар өмчлүүлэх ажил эхэлснээс хойш нэг долоо хоног өнгөрөхөд одоогийн байдлаар 190 мянга гаруй иргэн газар өмчлөх хүсэлтээ илгээсэн байна. Нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт газар өмчлөх хүсэлт илгээсэн хүний тоо хамгийн их буюу 64000-аас давсан байна. Мөн Хан-Уул дүүрэгт 45000 орчим иргэн газар өмчлөхөөр хүсэлтээ илгээсэн бол Багануур дүүрэгт 11000 гаруй иргэн хүсэлт илгээжээ. Газар өмчлөх хүсэлт хамгийн багаар илгээсэн дүүрэг нь нийслэлийн Багахангуй дүүрэг болж байна. Тус дүүрэгт 5329 иргэн газар өмчлөх хүсэлтээ илгээжээ. Гэхдээ олгогдох газрын тоо нь ердөө 1483 юм.

Categories
мэдээ нийгэм

Хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалт явагдаж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн “Хүн малын гоц, халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” тухай А/239 дүгээр захирамж гарчээ. Энэхүү захирамж дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Яармаг, Нисэхийн шалган нэвтрүүлэх постод “Хяналт шалгалт явуулах” ажлын хэсгийг байрлуулан хяналт шалгалтыг тогтмол зохион явуулж буй юм байна. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар 326 автомашинд үзлэг шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй аж. Энэхүү ажлын хүрээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлагыг 473 хүнд тараах ажлыг зохион байгуулж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Казах түмний “Алтан бүргэд” наадам болж байна

Казах түмний соёл урлагийн “Алтан бүргэд” гурав дахь удаагийн их наадам Налайх дүүргийн зүүн хойд дэнжид өнөөдөр эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү наадмын  ерөнхий зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, “Алтан бүргэд” их наадмын санаачлагчид, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Налайх дүүргийн ЗДТГ ажиллаж байгаа юм.

Энэ жилийн “Алтан бүргэд” их наадам дуу, хөгжим, бүжиг, “Айтыс” буюу харилцаа дуу, “Казах күрес” буюу казах бөхийн барилдаан, “Кыз куар” буюу морьт залуусын наргиант уралдаан, “Көкпар” буюу тулам булаацалдах тэмцээн, казахын урчуудын гэр, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэрэг төрлөөр явагдана. Соёл, урлагийн үйл ажиллагааны бүх төрлийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан багийг наадмын нэрэмжит “Шилжин явах цом”, мөнгөн шагналаар урамшуулах гэнэ.

“Алтан бүргэд” соёл урлагийн анхдугаар их наадмыг 2006 онд Төвийн бүсэд амьдарч байгаа казах иргэдийн дунд Дархан-Уул аймгийн БСГ-ын даргын шийдвэрээр Шарын гол суманд зохион байгуулж байсан билээ. Энэхүү наадам нь Монгол Улсын үндэстэн, угсаатны соёлын олон талт өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаарх төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд казах үндэстний өв уламжлал, соёл урлаг, ёс заншил, спортын төрөл зүйлийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

“Цэрэнбадам” компани Марцын голын голдрилоос 30 жил алт олборлоно

Увс аймгийн Хяргас сумын Марцын голын голдрилд “Цэрэнбадам” компани алт олборлолт хийж буй талаар “Дэлхийн Монгол Ногоон хөгжил”, “Босоо Хөх Монгол” ТББ-ын гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн.

Тус төрийн бус байгууллагынхан энэ сарын 4-нд алт олборлож буй газарт очиж ажиллаад ирсэн гэнэ. “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан “Хяргас сумын хүн, малын ундаалдаг Марцын голын орчимд алт олборлох зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас “Цэрэнбадам” компанид 2013-2043 оны хүртэл олгосон байна. Мөн хяналт тавих үүрэгтэй МХЕГ, БОНХЯ-наас Хяргас сумын Засаг даргад алт олборлохыг дэмжсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Хятадын хөрөнгө оруулалттай “Цэрэнбадам” компанийн захирал эмэгтэй малчдад чихэр жимс  тараан өгч аргадаж бас аргалж, эсэргүүцсэн иргэдийг нь  дарамталдаг. Бас сумын цагдаагийн албан  хаагч нь компанийн талд орж биднийг сүрдүүлсэн. Эх орныхоо газар шороог харийнханд худалдаж, төрсөн нутагтаа гадны хүмүүст дарлуулж байгаа энэ үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэж ярьсан.

“Цэрэнбадам” компанийн үйл ажиллагааг зогсоохоор  Хяргас сумын малчид, ард иргэд гарын үсэг цуглуулж удаа дараа эсэргүүцэж аймаг, сумын удирдлагууддаа ханджээ. Гэвч аймгийн удирдлагууд алт олборлож байгаа компанийг дэмжиж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахыг сануулсан албан бичиг Хяргас сумын Засаг даргад явуулж дарамталсан гэнэ. Тус компанийг алт олборлосноос хойш голоос ус уусан нутгийн иргэдийн 20 гаруй мал үхсэн байна. Иймд иргэд аргаа барахдаа “Дэлхийн Монгол Ногоон хөгжил”, “Босоо Хөх Монгол” ТББ-аас тусламж хүсч, хамтран ажиллахыг санал болгосон аж.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэргүүд”-ийн тангарагийн баяр болно

Монголын оюутны холбооноос санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалахын болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрт 42 их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 410 оюутан хамрагдан, цэргийн алба хааж байгаа.

Тэгвэл энэхүү хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хааж буй оюутан цэргүүд энэ сарын 13-ны өдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд тангарагаа өргөхөөр болжээ. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад албаны хүмүүс оролцох юм байна.

Оюутан цэргүүд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтандаа хамрагдан, цэргийн албаа хааж байна. Тэд хоёр сарын хугацаанд 560 цагийн есөн төрлийн хичээлийг судалсан. Ингэхдээ үндсэн хичээлийнхээ зэрэгцээ 96 цагийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт ороод ийнхүү хоёрдугаар шатны бэлтгэл буюу цэргийн анхан шатны бэлтгэл сургалт, цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээлүүдэд хамрагдаж байгаа юм. Хээрийн бэлтгэлд хоёр сарын хугацаатай гарсан оюутан цэргүүд энэ сарын 15-нд халагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Монголд 1.9 сая орчим ажиллах хүчин байна

Өнөөдрийн байдлаар манай улсад 1.9 сая орчим ажиллах хүчин байна. Харин үүний 63 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам байгаа юм. Тэгвэл эдийн засгийн идэвхтэй болон идэвхигүй хүн ам дахь эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн дийлэнх буюу 52 хувийг эрэгтэйчүүдийг эзэлж байгаа боловч эсрэгээрээ мөн ажилгүй иргэдийн 57 хувийг эрчүүд бүрдүүлжээ. Өнгөрсөн оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж цалин 747,8 мянган төгрөг байна. Энэ нь 2012 оноос  40 хувиар өссөн үзүүлэлт аж.

Categories
мэдээ нийгэм

V цахилгаан станцыг БЗД-т барина

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар V цахилгаан станцын газрын асуудлыг хэлэлцлээ.

Ургах наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд
Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны 5 дугаар
цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн
хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тиймээс яам цахилгаан станц барихаар техник эдийн засгийн үндэслэл болон зураг төслийн ажлаа эхлүүлжээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын  кадастрын хэлтсийн ахлах
мэргэжилтний танилцуулснаар тус компанийн газар эзэмших эрхийг цуцалсан ч
өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг авсаар байжээ.

V цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг саадгүй явуулахын тулд 
тус компанитай харилцан ойлголцож, Баянзүрх дүүргийн Ургах наран
хорооллын замын 8 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргалаа.

Мөн  V дугаар цахилгаан станцыг барьж байгуулах бүтээн байгуулалтын
ажилд барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг
дэвсгэрт Ургах наран хорооллын зүүн талбайд 14 га газрыг Эрчим хүчний
яаманд гурван жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас болгоомжил

Энэ өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, өврийн Цагаантуруут, Богд зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см, Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Ерөө, Тэрэлж болон Туул голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 2-5 см, Увс нуурын савын Тэс, Намир, Хангилцаг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см тус тус нэмэгджээ.

Мөн Чулуут, Туул, Хурх, Барх, Балж, Хэрлэн, Халх, Ховд, Буянт, Хожуул, Байдраг, Цагаантуруут, Таац, Хархираа, Түргэн зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 15-70 см давсан бол Хэрлэн гол Чойбалсан хот орчимд үерийн түвшинг 5 см, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 5 см давсан байдалтай хэвээр байна гэж ЦУОШГ-аас мэдээлж байна.

Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн болон түр зуурын бороо орох тул тухайн үед орсон хур борооны эрчимшлээс хамаарч гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх тул ард иргэд сонор сэрэмжтэй байх. Баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.