Categories
мэдээ нийгэм

“Заавал хэвшүүлэх 21 дадал” ном хэвлэгдэн түгээгдэж эхэллээ

Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг өрнүүлж байна.

  Энэхүү үйл ажиллагаа нь улсын хэмжээнд өрх, айл бүрт хүрэх зорилготой. Архи, тамхи, стресс, хөдөлгөөний дутагдал  зэргийг  амьдралын буруу дадал хэвшлээс үүдсэн өвчин, эмгэг гэж нэрлэх болсон. Манай орны хувьд төдийгүй дэлхий дахинаа амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалсан эмгэг, өвчлөлүүд нэмэгдэж байгааг харгалзан  ЭМД сангийн санхүүжилтээр өрх бүрт амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүдийг бууруулахад  энэхүү арга хэмжээ тус болно гэж ЭМЯ найдаж байна.

  Амьдралын буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг хянаж бууруулан, эрт арга хэмжээ авбал халдварт бус өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүний дотор зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижин өвчнийг 90 хүртэл хувиар, хорт хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг ДЭМБ зөвлөж байгаа юм. Хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг 100 хувь гэж үзвэл, амьдралын хэв маягаас үүдсэн хүчин зүйлс 50-55 хувийг, удамшлын хүчин зүйлс 15-20 хувийг, гадаад орчны хүчин зүйл 20-25 хувийг, эмнэлгийн хүчин зүйл 10 орчим хувийг тус тус эзэлж байгаа нь хүн бүр өөрөө эрүүл мэндээ хамгаалж чадахыг харуулж байна.

 Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгосноор иргэд эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болж, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой дээрхи “Эрүүл мэндийн довтолгоо”–ны гарын авлага болох “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг хэвлүүлэн өрх бүрт хүргэхээр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад түгээж эхэллээ. Эдгээр газрууд хүлээн авсан гарын авлагаа өрх бүрт түгээж, Заавал хэвшүүлэх 21 дадлаа иргэдэд тайлбарлан таниулж, эдгээр дадлуудыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой болохыг ухуулан хэвшүүлэх ажлуудыг зохион байгуулах юм.

Эрүүл мэнд хэмээх энэ эрхэм баялагыг “Заавал хэвшүүлэх 21 дадал” – ыг амьдралдаа хэвшүүлснээр та өөртөө болон гэр бүлийхэндээ бэлэглэх болно.

Categories
мэдээ нийгэм

“Монгол-Солонгосын эдийн засгийн форум” Их тэнгэрт болж байна

“Монгол-Солонгосын эдийн засгийн форум” өнөөдөр “Их тэнгэр цогцолбор”-т болж байна. Форумд Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дарга Г.Батхүү, Солонгос-Монголын Хамтын Aжиллагааны Форумын дарга Жүн Жан Сон, Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дэд дарга, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Корейн Эйр” компанийн захирал Жи Чан Хун, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд нар болон хоёр улсын парламент, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцож байна. 

Форумы  төлөөлөгчдийг Тавантолгой ХК, Оюутолгой ХХК болон Монгол Улс дахь БНСУ-ын компаниудын үйл ажиллагаатай танилцуулах аж. Мөн хоёр орны улс төр, бизнесийн салбарт цаашдын хамтын ажиллагааг далайцтай өрнүүлэх талаар хэлэлцэх аж. Форумд Солонгосын талаас 100 гаруй төлөөлөгч иржээ.   

Categories
мэдээ нийгэм

Голын усны түвшин нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт манай орны ихэнх нутгаар бороо орсон тул голын усны түвшин нэмэгджээ. Өчигдрийн байдлаар Хангайн нурууны арын Чулуут, Хойттамир, өврийн Цагаантуруут, Богд зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см, Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Ерөө, Тэрэлж болон Туул голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 2-5 см, Увс нуурын сав Тэс, Намир, Хангилцаг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см тус тус нэмэгджээ.

Мөн Чулуут, Туул, Хурх, Барх, Балж, Хэрлэн, Халх, Ховд, Буянт, Хожуул, Байдраг, Цагаантуруут, Таац, Хархираа, Түргэн зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 15-70 см давсан бол Хэрлэн гол Чойбалсан хот орчимд үерийн түвшинг 5 см, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 5 см давсан байдалтай хэвээр байна гэж Ус, цаг уур судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээллээ. 

Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр түр зуурын бороо орох төлөвтэй байна. 

 Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Ц.Мянганбаярт торгуулийн ял ногдуулжээ

Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Ц.Мянганбаярт холбогдох “2013 оны наймдугаар сараас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлхи хугацаанд Өвөрхангай аймгийн  Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүт гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаль орчинд нийт 378.087.860 төгрөгний онц их хэмжээний хохирол учруулсан”  хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, 2014 оны зургаадугаар сарын 19-ний өдөр харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байдаг.

Дээрхи хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны наймдугаар сарын 05-ний өдрийн  хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Ц.Мянганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 т зааснаар 1.000.000 төгрөгний  эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хиагтын албанд Цэргийн гавъяаны одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнгөрсөн баасан гаригт буюу наймдугаар сарын 8-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад зочилж, Холбооны Аюулгүй байдлын албаны /ХАБА/ Хиагтын албанд Цэргийн гавъяаны одон гардууллаа. Тамгын газрын дарга П.Цагаан, Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав болон албаны бусад хүмүүсийг халуун дотноор угтан авлаа.

 Угтан авсан хүмүүсийн дунд ОХУ-ын ХАБА-ны Буриад Улсын Хилийн удирдах газрын дарга, хошууч генерал И.В.Бондарев, ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх И.Н.Аржаев, ОХУ-аас Монголын Дархан хотод суугаа ерөнхий консул А.Ц.Доржиев, ОХУ-ын ХАБА-ны байгууллагуудын Монгол дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Г.В.Соленков тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа.

 Одонг гардуулахын өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын дарга Вячеслав Владимирович Наговицын,

Эрхэм хүндэт дайчид, хилчид ээ,

Хүндэт нөхөд өө,

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийн зарлигийн дагуу ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс дахь ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны Хиагтын албанд Цэргийн гавъяаны одон гардуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлэхээр бид энд хуран цуглаад байна.

 Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хилчид та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ хүндтэй шагнал нь хилчид, ОХУ-ын зэвсэгт хүчин хоёр орны хил хамгаалах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хүндтэй гавъяаг илэрхийлж байгаа юм.

Халхын голд ялалт байгуулсны түүхэн 75 жилийн ойн босгон дээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монголд хийх албан ёсны айлчлалын өмнөхөн энэхүү одонг гардуулж байгаадаа таатай байна. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлал манай хоёр орны найрамдалт харилцаа, бүх талын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх нь дамжиггүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр Оросын ард түмэн нь монголчуудын төлөө, Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цусаа урсгасан ард түмэн юм. Халхын голын дайн үүнийг дэлхийд харуулсан. Хиагтын хилчид энэхүү дайнд тулалдаж явсныг дуулахад сайхан санагдаж байлаа. Монголын ард түмэн үүнийг хэзээ ч мартахгүй. Ахмад дайчид та бүхэнд гүнээ талархал илэрхийлье.

Халхын голын дайнд ЗХУ-ын Эх орны дайны цуут жанжин, маршал Георгий Константинович Жуковын цэргийн удирдагчийн авъяас билэг тодорсон билээ.

Өнөөдрийн энэ тэмдэглэлт үйл явдал Хиагтад болж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Монголын XX зууны түүх энд эхэлж, Ардын хувьсгалыг эхлүүлэгчид 1921 онд энд цугларч байсан.

Монгол, Орос бол үүрдийн хөршүүд. Манай хоёр улсыг залгах торгон хил дэлхийн хамгийн амгалан тайван хил. Энэ бол бидний найрсаг харилцааны үнэт зүйлсийн нэг билээ. Монголчууд “Нуур амгалан бол нугас амгалан” гэдэг шиг, “Хил амгалан бол улс амгалан”.

Сайн хөршийн хэлхээ холбоог хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн харилцаа, хилчдийн хамтын ажиллагаа хамгаас чухал юм. Бид энэ харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллахад бэлэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнд дахин баяр хүргэж, улсынхаа хилийг хамгаалан, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлж буй энэ сайхан үйлсэд тань амжилт хүсэн ерөөе.

Баярлалаа” гэв.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 90 дугаар тоот зарлигийг “Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жил, Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тус тус тохиолдуулан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс дахь Холбооны Аюулгүй байдлын албаны Хиагтын албыг Цэргийн гавъяаны одонгоор шагнасугай” хэмээн уншиж танилцуулснаар одонг гардууллаа.

Дараа нь ОХУ-ын Буриадын Засгийн газрын дарга В.В.Наговицын хэлсэн үгэндээ “Энэхүү шагнал нь зөвхөн манай хилчдийн хувьд төдийгүй хоёр орны харилцаанд түүхэн чухал үйл явдал боллоо. Хиагтын албаны түүхэнд гадаадын улс орноос ийм хүндтэй одон гардаж авч байгаагүй билээ” хэмээн тэмдэглэв.

Арга хэмжээний үеэр хилчид, орон нутгийн удирдлага хэлсэн үгэндээ хоёр орон дайны хүнд бэрх жилүүдэд харилцан бие биедээ тусалж, түүхийн шалгарлыг даван туулсаар ирснийг дурдаж байлаа. Тухайлбал Халхын голын дайнд ЗХУ 50 гаруй мянган цэрэг илгээсэн ба үүний 16 мянга нь буриад цэргүүд байсан, мөн Дэлхийн II дайны үед Монгол 500 мянган морь болон их хэмжээний хувцас, хэрэгсэл ЗХУ-д илгээж байсныг дурсан санав. Түүнчлэн дайны дараах жилүүдэд ЗХУ нь Монголын бүтээн байгуулалт, боловсрол, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт асар их хувь нэмэр оруулсан, үүнийг бидний хойч үе мартах ёсгүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан онцоллоо. Хиагтын хилчид хөрш орнуудыг хөндийрүүлэн тусгаарлах бус харин хоёр орны ард иргэдийн эв нэгдлийг улам бүр батжуулсаар ирснийг хилийн цэргийн удирдлагууд сайшаав. 

Одон гардуулах ёслолын дараа танхимд цугларсан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сэтгүүлчид уг арга хэмжээг хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой, хоёр орны хилчдийн урам зоригийг бадраасан үйл явдал болж буйг дурдаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын хооронд визгүй зорчих гэрээ хэлэлцээр байгуулах эсэх талаар асуув. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хариуд нь Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах олон чухал асуудлыг шийднэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

 Хиагт хотыг Орос, Монголын найрамдлыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсных нь төлөө 1973 онд Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Ингэснээр тус хот нь гадаадын төрийн дээд шагнал хүртсэн дэлхийн анхны хот болсон түүхтэй. 

Categories
мэдээ нийгэм

“Монгол уран бүтээл” (Монгол контент) –хөтөлбөр батлагдлаа

Өнөө үед Монгол улсад явуулж буй өргөн нэвтрүүлгийн зах зээлд Монголын үндэсний уран бүтээл гадаадын бүтээлд байр сууриа алдсаар байгааг судалгаа харуулж байна.  Тухайлбал: 2014 оны 3 дугаар сарын эхний 2 долоо хоногийн хугацаанд телевизийн 23 сувгаар нэвтрүүлсэн 3100 орчим цагийн хөтөлбөрт хийсэн судалгаанаас үзэхэд, уран сайхны киноны хөтөлбөрийн 29.21% нь Монгол уран бүтээл, 70,79% нь гадаадын уран бүтээл байна. Түүнчлэн БНСУ-ын уран бүтээл нийт уран сайхны киноны 37.22%-ийг дангаар эзэлж байгаа нь монгол уран бүтээлээс илүү байна. Эндээс харахад Монгол Улсын иргэн, хүүхэд, өсвөр насныхны телевизээр үзэж буй гурван кино тутмын хоёр нь гадаадынх, мөн гурван кино тутмын нэг нь солонгос кино болсон байна. Түүнчлэн Монголын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн нийт мэдээллийн 5,9 хувийг хүүхдэд зориулсан хөтөлбөр эзэлж байгаа бөгөөд хүүхдийн  нас сэтгэхүйд нийцсэн үндэсний нэвтрүүлэг хангалтгүй байна. Түүх, хэл соёл, зан заншил, хүүхэд залуучуудын ёс суртахуун, зан төлөвт сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулгыг хязгаарлах хяналтын тогтолцоо, эрх зүйн орчин хангалтгүй байгааг анхааралдаа авах цаг болсон байна.

  Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед манай иргэд боломжит бүх сувгаар мэдээлэл хүлээн авах болсон хэдий ч үндэсний уламжлалт ёс заншлaa хадгалсан, Монголын түүх, соёлын холбогдолтой бүтээлүүдийн эзлэх хувь хэмжээ бага байгаа нь хүүхэд залуучуудын төлөвшил, хүмүүжил, монголын соёлын өвөрмөц төрх байдлыг дархлаажуулахад учир дутагдалтай байсныг харгалзан үзэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас “Монгол уран бүтээл буюу Монгол контент” хөтөлбөрийг боловсруулж  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

       “Монгол уран бүтээл” /Монгол контент/ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үндэсний агуулгатай уран бүтээлийн тоо нэмэгдэн чанарт ахиц гарч, урын сан баяжиж уран бүтээлчдийн ур чадвар дээшлэхийн зэрэгцээ манай иргэд монгол үндэсний соёл түүхээсээ суралцах боломжтой болох юм. Түүнчлэн Монголын уламжлалт түүх, соёл, зан заншлыг хүүхэд, залуучууд, иргэдэд сурталчлан таниулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг үндэсний уран бүтээлээр баяжуулах, нийгэм-эдийн засгийн хөгжилд чиглэгдсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг онцгойлон дэмжих, монгол урлагийн бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд “Монгол уран бүтээл” (Монгол контент)хөтөлбөр чухал  ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд зөвшөөрөлгүйгээр тээвэр эрхлэгчдийг шалгажээ

Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд зөвшөөрөлгүйгээр тээвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтанд нийт 272 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас их багтаамжийн автобус 55, бага оврын автобус 192, суудлын автомашин  25 байсан байна.

Шалгалтаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага стандартыг хангаагүй 8 зөрчил, автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зөрчиж хууль бусаар зорчигчийг илүү үнээр тээвэрлэсэн 64 зөрчил, нийтийн зорчигч тээврийн цагийн хуваарь болон чиглэл баримтлаагүй 19 зөрчил илэрсэн байна.  Зөрчил гөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд автотээврийн тухай хуулийн дагуу 590 мянган төгрөгийн  торгууль, шийтгэврийн арга хэмжээ тооцож, техник хяналтын үзлэг оношлогоонд ороогүй, тээвэрлэлтийн баримт бичиггүй  4 тээврийн хэрэгслийг түр саатуулж журамлажээ.

Мөн “Автотээврийн тухай хууль”-д заасаны дагуу зөрчилтэй 21 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  жолоочийн үнэмлэхийг түр хугацаагаар хураасан байна. Шалгалтын үеэр нийтийн тээврийн үйлчилгээний “ЭМСИД” ХХКомпани нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, хажуугийн шил хагархай 19-003 гарааш дугаартай автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллуулсан байсныг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар түр хугацаагаар зогсоожээ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

”Хичээлийн Шинэ Жил 2014” үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүрэг хамтран “Глобал Ивэнт” компани нь “Хичээлийн шинэ жил 2014” нэртэй нийслэлийн нэгдсэн үзэсгэлэн худалдааг ирэх сарын 16-24-ний өдрийг дуустал 9 хоног Чингисийн талбайд 100 гаруй аж ахуй нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийг хамруулан нэгдсэн асар майханаар зохион байгуулахаар болжээ. Нэгдсэн үзэсгэлэн худалдаа их, дээд сургууль, дунд сургууль, цэцэрлэг, зуучлалын төв, сургалтын төвийн өдөрлөг, хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн, номын нэгдсэн, гар утас компьютерийн худалдаа гэсэн хэсгээс бүрдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мах, сүүний үнэ буурчээ

2014 оны 8-р сарын 6-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.8 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 6-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 6.1 хувь, үхрийн ястай махны үнэ 2.5 хувь, үхрийн цул махны үнэ 8.3 хувь, адууны махны үнэ 5.4 хувиар буурч, ямааны махны үнэ 4.0 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 3.6 хувь, адууны махны үнэ 5.6 хувь, ямааны махны үнэ 4.0 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ, үхрийн цул махны үнэ  өөрчлөлтгүй байна.

2014 оны 8-р сарын 6-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6595 төгрөг, үхрийн /ястай/ мах 7760 төгрөг, үхрийн цул мах 8990 төгрөг, адууны мах 5940 төгрөг, ямааны мах 5955 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2014 оны 8-р сарын 6-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.8 хувиар буурч, 1-р зэргийн гурилын үнэ 2.0 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 10.1 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 2-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар буурч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувиар өсч, бусад гурил өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 6-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 2.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 6-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ өөрчлөлтгүй, манжингийн үнэ 17.7 хувь, луувангийн үнэ 11.6 хувь, сонгины үнэ 0.8 хувь, байцааны үнэ 16.8 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхоос байцааны үнэ 6.6 хувь, луувангийн үнэ 5.2 хувь, манжингийн үнэ 8.3 хувь, төмсний үнэ 9.5 хувиар буурч, сонгины үнэ тогтвортой байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 06-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.0 хувь, задгай сүүний үнэ 9.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос бүх сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.                    

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 5.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос 0.8 хувиар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг эмч маргаашаас элэгний үзлэг хийнэ

Энэтхэгийн “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж маргаашаас эхлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэл элэгний үзлэг хийх юм байна. Тэрээр гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдаг аж. Мөн шинэ өвчтөн, доноруудад үзлэг хийж, хагалгааны урьдчилсан бэлтгэлээ хангадаг байна.

Вивек Виж эмч маргааш хуучин өвчтөнүүдээ үзэх бол энэ сарын 12, 13-нд 09:00-16:00 цагт хүмүүст Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоотод үзлэг хийх юм байна. Тэрээр Энэтхэг улсад анх удаа нэгэн зэрэг элэг, бөөр шилжүүлэн суулгасан эмч бөгөөд 700 гаруй өвчтөнд элэгний мэс засал хийсэн байна.