Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд Азийн хотуудын дарга нар чуулна

Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2014 оны 8 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”- ыг  “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.  Форумд БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга, Тяньжин, Хайлаар, Шиньян, Хөх хотын төлөөлөгчид, ОХУ-аас Владивосток, Якутск, Новосибирск, Эрхүү, БНСУ-аас  Пёнчан, Япон улсаас Нигата, БНАСАУ-аас Пхеньян, Венсань, Хамхын, Расон хотууд, манай улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чингис, Баруун-Урт, Чойбалсан зэрэг нийт 20 хотын дарга, төлөөлөгчид, ОУ-ын байгууллагууд оролцох юм. Хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон оролцогч хотуудын дарга нар нээж үг хэлнэ.

Хуралдаан  “Хотуудын тогвортой хөгжил-Амжилтын туршлага”, “Хотуудын тогтвортой хөгжлийн талаарх 7 дахь удаагийн Хот байгуулалтын Дэлхийн форумын үр дүнгийн танилцуулга, “Хотын удирдлага болон Үйлчилгээний хангамж-технологи, Инновацийн туршилт хийх”,  Зүүн хойд Азийн хотуудын Эдийн засгийн хөгжил, Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэх юм. Форумын үеэр оролцогч хотуудын танилцуулга мэдээлэл, чөлөөт хэлэлцүүлэг, Улаанбаатар хоттой танилцах аялал хийнэ. Тус форумыг нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотноо анх удаа хийж байгаа бөгөөд энэ нь нийслэл төдийгүй улс орны гадаад харилцаа, улс төр, эдийн засагт чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж зохион байгуулагчид дүгнэж байна. Форумаас “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын хамтарсан албан мэдээ гаргах бөгөөд цаашид уламжлал болгон 2 жил тутамд зохион байгуулах талаар ярилцана. Энэ нь Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой  хөгжил,  эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“UB food Festival” амралтын өдрүүдэд болно

Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас Вива сити хороололтой хамтран “UB food Festival”-2014 хоолны фестивалийг  энэ сарын 16,17-ны өдрүүдэд  хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү фестиваль нь хоолны соёлыг олон нийтэд таниулах, гадны орнуудын хоолны соёлтой танилцах боломж олгодогоороо ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид тайлбарлаж байна. Фестивальд Монголын 40 гаруй шилдэг ресторан, зоогийн газрын ахлах тогооч нар оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн Фестивалийн үеэр гэр бүл, хамт олон найз нөхдөөрөө хүрэлцэн ирсэн иргэдэд шилдэг тогооч нарын  хийсэн амтат хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна. Мөн 5×1 метр хэмжээтэй бялуу хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулахаар төлөвлөжээ.  

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрний 4 баганыг Хүннүгийн үеийн зургаар гоёлоо

Нийслэл хотын иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах ажиллах нөхцөлийг бүрдүүлж,  хотынхоо өнгө төрхийг орчин үеийн хөгжлийн өндөр түвшинд хүргэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, уран бүтээлчидтэй хамтран нийслэлийн гудамжийг 3D зургаар гоёж байсан. Харин энэ удаа Энхтайваны гүүрний дөрвөн баганад Хүннүгийн үеийн хүн, мал, амьтдын  дүрс бүхий зураг зурж, Жуковын музейн ногоон байгууламжийн чулуунуудын зохиомж бүхий зургаар гоёжээ. Мөн Амгалан өртөө, Нарантуул захад байрлах рейлбусын зогсоолыг зохиомжлон будаж орчныг нь тохижуулсан. Нийслэлийн гудамжинд өнгө нэмэх хувийн хэвшлийнхэний санаачилгыг дэмжин  Яармагийн зам дагуу туршилтын журмаар 60 нарс мод тарьж байгаа. Цаашид нийслэлийн Захирагчийн ажлын албанаас иргэдийг тохилог орчинд амьдарч ажиллахад нь зориулж олон тохижилтын ажлуудыгшат дараатай хийхээр төлөвлөж байгаа ажээ. 

Categories
мэдээ нийгэм

“Сэлэнгэ 2014”-д ОХУ-ын 500 цэрэг оролцохоор иржээ

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2014” цэргийн хээрийн сургуульд оролцох Оросын зүүн тойргийн (ВВО) цэрэг, техникийг ачсан галт тэрэгний хоёр ч цуваа мягмар гаригт Монголд ирсэн байна. “Цэргүүд Дорнодын Баянтүмэнд цувааг буулгасныхаа дараа хээрийн сургууль хийх Мөнхөтийн туршилтын талбай хүртэл 15 км-ийн марш хийх бөгөөд уг хээрийн сургуульд ВВО-гийн 500 цэргийн албан хаагч болон 100 техникийн нэгжийг оролцуулж байна” гэж Гордеев хэлсэн байна.

Оросын  нисэхийн  баазын МИ-24 нисдэг тэргүүд ийнхүү анх удаа Монголд болох хээрийн сургуульд оролцох гэж байна. Түүнчлэн Монголд анх удаа 152 мм-ын өөрөө явагч их буу “Акация” болон бөөнөөр галлах “Град” систем, зенитийн “Шилка” зэрэг өөрөө явагч  төхөөрөмжүүдийг оросууд авчирсан байна. Цэргийн хамтарсан хээрийн сургууль наймдугаар сарын 12-27-нд Дорнод аймагт үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Украины нийслэлийг Улаанбаатар болгожээ

Дэлхийд алдартай АНУ-ын СиЭнЭн мэдээллийн агентлаг Украйны Засгийн газар босогчдод эзлэгдсэн Славянск, Краматорск хотыг эзэлж, буцаан хяналтаа тогтоож буй тухай шуурхай мэдээлжээ. Ингэхдээ тэд дэлгэцийн дүрсэнд Украины нийслэлийг Киев биш Улаанбаатар хэмээн үзүүлж, мэдээлсэн байна. Үүнийг “Санаандгүй алдаа гэж үзэж болохгүй”, “Өдөөн хатгалга” хэмээн Украйны олон иргэн үзэж, дургүйцлээ илэрхийлэх болсон байна. Тиймээс украинчууд  СиЭнЭн агентлагт хандаж энэхүү мэдээлэлдээ залруулга хийж, монголчуудаас уучлал гуйхыг хүссэн захиа илгээхээр болсон тухай олон улсын хэвлэлүүд уламжилж байна. 

Categories
мэдээ нийгэм

Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөсөн гэх хэрэгт сэжигтнээр татагдаад буй Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болж өнгөрлөө. Өмнөх удаад  Г.Алтанхүүгийн өмгөөлөгч эмчилгээ хийлгэж байгаа гэдэг шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй гэдгээ мэдэгдэж, хойшлуулах хүсэлтийг бичгээр илгээсэн юм. Мөн  хохирогч Б.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд оролцож чадахгүй болсон гэдгээ шүүх бүрэлдэхүүнд мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулсан юм. Г.Алтанхүү нь талийгаач Ц-гийн биед гэмтэл учруулж, зоддог байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Харин өчигдөр болсн шүүх хуралдаанаар Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүх удтал хэлэлцсэний эцэст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна. 

Categories
мэдээ нийгэм

Засаг дарга хүүхдийн зохиолчтой хамтран ажиллаж байна

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог энэ сарын сүүлчээр Увс аймгийн Малчин, Цагаанхайрхан, Өндөрхангай, Өлзийт, Бөхмөрөн, Сагил, Түргэн сумдад “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” лекц уншихаар болжээ. 

Өнгөрсөн хавар Улаангом хотод уншсан түүний лекцэнд аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн ирж суугаад өндөр үнэлэн тийнхүү бүх сумдын эцэг эх, багш нарт уншуулахаар урьсан юм байна. Д.Цэндсүрэн дарга өөрөө хүүхдийн оюуны хөгжлийн асуудлыг тэргүүн зэрэгт тавьж нийт сургуулиудын номын сангийн фондыг баяжуулах зорилгоор 260 сая төгрөгийг хуваарилан өгчээ. Түүний 70 сая нь БШУЯ-наас ирүүлсэн мөнгө юм байна.

Ийнхүү ирээдүй үеийнхний оюуны хөгжлийн төлөө 23 жилийн турш Монголын бүх аймгийн нутгаар нүүдлийн номын сан аялуулж эдүгээ зуу гаруй мянган км зам туулаад яваа хүүхдийн зохиолч, хүүхдийн сэтгэлгээг номоор хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж буй засаг дарга нар хамтран ажиллах болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн чанадад төгсөгчдийн өдөрлөг болно

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж БНХАУ-ын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторантаар суралцаж байгаа болон суралцахыг хүсэж байгаа оюутан залуус мөн төгсөгчдөд зориулсан өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ерөнхий консулын газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Өвөр Монгол дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-Д төгсөгч Монгол оюутнуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд  хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү өдөрлөгийнхөө үеэр залууст мэдээлэл олгох, зөвлөгөө өгөх, ажлын байр санал болгох, сургалт, судалгаа явуулах, БНХАУ-ын ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад элсэлт авах ажээ.  Өдөрлөг энэ сарын 13-нд 10.00-17.00 цагийн хооронд Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”-д зохион байгуулагдана. 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлуудаас…

09:00 цагаас 2014.08.13-17-ны өдрүүдэд Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан “Олон улсын хурал, сургалт”-ыг Монгол улсад анхлан зохион байгуулах  үйл ажиллагааны нээлт ЭМЯ-наа болно.

10:00 цагаас  Зүүн хойд азийн хотын мэрүүд, төлөөлөгчдийн форумыг Нийслэлийн Засаг даргын санаачлагаар анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  НЗДТГ-ын Б танхимд болно.

10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан  НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх гэрээ байгуулах, эрх олгох тухай , “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг шинэчлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

10:30 цагаас Нийслэлийн 375 жил, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд UB FOOD FESTIVAL-ийг энэ сарын 16,17 –ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан  нийслэлийн Соёл урлагийн газраас хэвлэлийн бага хурал зараллаа. Хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын А танхимд болно.

11:00 цагаас УИХ-д суудалгүй намууд “Засгийн газрыг огцоруулах 9 үндэслэл” сэдвээр Сонгуулийн ерөнхий хорооны зааланд хэвлэлийн бага хуралт хийнэ.

11:00 цагаас  Чингисийн талбайд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол болно. Энэхүү ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, Монголын Оюутны холбооны удирдлага болон хөтөлбөртэй холбоотой бүхий л хүмүүс оролцоно.

14:00 цагаас Г.Занабазарын нэрэмжит Монголын Дүрслэх Урлагын Музейн үзэсгэлэнгийн танхимд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгээс Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яамтай хамтран Чехословакийн археологич Лумир Йисл (1921.04.18 – 1969.11.22)-ийн хувийн архивт хадгалагдаж байсан урьд өмнө нийтийн хүртээл болоогүй 1957- 1963 онуудад монголд ажиллаж байхдаа авсан ховор нандин гэрэл зургуудаас бүрдсэн “Монголын 108 төрх” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

18:00 цагаас Чингисийн талбай дахь Их майдар төслийн байранд Бясалгал, сэтгэлийн амарлилын тухай чөлөөт ярилцлага болно.

Categories
мэдээ нийгэм

ИХШХЕГ-ын албан хаагчид авлигаас ангид байхыг уриалж байна

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байцгаая” аяныг 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлаж байна.

Энэхүү аян нь байгууллагын албан хаагчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Аяныг өрнүүлснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүрэх төрийн үйлчилгээний чанар сайжирч, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх аж.