Categories
мэдээ нийгэм

Хордсон 16 хүүхдийн биеийн байдал сайжирч эхэлжээ

“Монос” эмийн сангийн салбараас худалдаалсан тайвшруулах үйлчилгээтэй Фенобарбитал гэх эмэнд 16 хүүхэд хордсон хэрэг дуулиан дэгдээсэн. Дээрх  хүүхдүүд хордлого авснаас хойш зургаан хоног өнгөрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдний биеийн байдал сайжирчээ. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан хүүхдүүд энгийн тасаг руу шилжсэн байна. 

Categories
мэдээ нийгэм

Хувьсгалчдын гудамжинд 7 хоног зам хаана

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хөтөлөөс Жанцангийн уулзвар хүрэх 1.2 км авто замыг 2014 оны 8 дугаар сарын 18-ны06:00 цагаас эхлэн бүтэн хааж, суурь асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Замын хөдөлгөөнийг 8 дугаар сарын 26-ны өглөө нээх бөгөөд энэ хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн болон нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтыг Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газраас хийнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим сургуулиудад хими, физикийн лаборатори олгоно

 Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн хичээлийн жилд 100 сургуульд хими, физикийн иж бүрэн лаборатори олгосон. Тэгвэл удахгүй бусад сургуулиудад өгөхөөр бэлдэж байна гэж БШУЯ-наас мэдээллээ. Тус  лаборатори нь 10 иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжтэй, багш, сурагчийн туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх боломжтой дэлхийн жишигт нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн юм. Үүнийг хэрэглэн суралцсанаар хүүхдүүд самбар дээр бичсэн физик, химийн томьёог бодит байдал дээр туршин үзэж, илүү сонирхолтой байдлаар суралцах боломж бүрдэх аж. Өнгөрсөн жил шинэ лабораторитой болсон сургуулийн сурагчид физик, химийн хичээлдээ маш хурдан ахиц гаргажээ. 

Categories
мэдээ нийгэм

Дунд, ахлах ангийнхны дүрэмт хувцсыг энэ сарын 30-н хүртэл худалдаална

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг өнгөрсөн жилээс үндэсний үйлдвэрүүд нэгдэн дотооддоо оён нийлүүлж буй. Тэд өнгөрсөн жил бага ангийн сурагчдыг дүрэмт хувцасаар хангасан бол энэ жилээс дунд ахлах ангийн сурагчид шинэ дүрэмт хувцсаар жигдрэх юм. 

Дунд, ахлах ангийнхны дүрэмт хувцасны нийлүүлэлт өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн. Энэ сарын 30 хүртэл дүрэмт хувцас борлуулах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах аж. 

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх иргэдийн шалгаруулалт өнөөдөр UBS телевизээр шууд дамжуулна

Наймдугаар сарын 1-нээс газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Бүртгэл өчигдөр дууссан билээ. 

Тэгвэл цахим бүртгэлийг өнөөдөр 12.00 цагаас эхлэн хааж, бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах болж байна. Шалгаруулалтыг өнөөдрийн 12.00 цагаас эхэлж UBS телевизээр шууд дамжуулна. Өчигдрийн байдлаар нийслэлийн иргэдээс 265 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлтээ илэрхийлж цахим бүртгэлд бүртгүүлсэн юм. Гэхдээ тэднээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүснэ.

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу дээрх иргэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн IV хороо Тариан булагийн I хэсэг, Багахангай дүүргийн II хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй болно.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгойн төслийн гэрээг гадаадын хэвлэлүүд ингэж бичиж байна

Рио Тинто Оюутолгойн зэсийн төслийг хэрэгжүүлж, эрчим хүч үйлдвэрлэх станц барих 6.5 тэрбум ам.долларын гэрээг Монголын Засгийн газартай байгуулсан гэж Ройтерс агентлаг онцоллоо. Төслийн санхүүжилт шийдэгдсэнээр бүтээн байгуулалт ирэх есдүгээр сарын 30-наас эхлэх юм байна.   

    Монголын Улсын өмчит Таван Толгойн нүүрсний уурхайн ойролцоо баригдах цахилгаан станцын гол хэрэглэгч нь Оюутолгой компани байх юм. Төслийн ажил хэрэгжсэнээр 2017 он гэхэд орон нутгийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг хангах ажээ. Оюутолгой одоогийн цахилгааны эх үүсвэрээ Хятадын улсын өмчит “Өвөр Монголын эрчим хүч” корпорациас нийлүүлдэг. 

“Turquoise Hill” компанийн гүйцэтгэх захирал Кэй Пристли “Хамтын ажиллагааны гэрээ Оюутолгойн тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, эдийн засгийн чухал ач холбогдолтой” хэмээн ярьжээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж үзжээ. 

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар зэс гаргахыг завдав

 “Петро чайна дайчин тамсаг” компанийн “Норд бенз” маркийн ачааны автомашинд 240 кг зэс нууж хилээр давуулахыг завджээ. Уг хэргийг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтынхан илрүүлсэн байна. Дээрх аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан тус компанийн түүхий тос тээвэрлэдэг авто машинуудад гэнэтийн шалгалт хийх үеэр дээрх хэрэг илэрчээ. Хэргийг одоо аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Харшлын өвчлөл 1.5 дахин нэмэгджээ

Арьс өнгөний эмч нарын II их хурал өчигдөр болжээ.Тус хуралд эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа оролцож, “Сүүлийн жилүүдэд харшлын гаралтай өвчин сүүлийн арван жилийн дундажтай харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн байна. Энэ нь та биднээс хамааралгүйгээр нийгэм, бидний хүрээлэн байгаа орчинтой салшгүй холбоотойгоор ихсэж байна. Өнөөдөр хүн ам нь хоол хүнс, ахуйн хэрэглээндээ химийн бүтээгдэхүүн оролцсон бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон, нөгөөтэйгүүр байгаль экологийн тэнцвэр алдагдсан, агаарын бохирдол бий болсон зэрэг нь бас нөлөөлөх хүчин зүйл болж байна. Харшил нь XXI зууны өвчин болоод байна. Үүнтэй тэмцэж буй эмч мэргэжилтнүүд шинэ технологийг нэвтрүүлж, түүнийг амьдралд хэргэжүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд хамтын хүчээ нэгтгэн ажиллах нь зүйтэй. Мөн салбарын яамны зүгээс та бүхнийг бүнийг дэмжиж ажиллах болно” хэмээн хэлжээ.

Арьс өвчин судлалын салбар нь Монгол Улсын эрүүл мэндийн ууган салбаруудын нэг аж. Арьсны эмч нь дотрын эмч, харшлын эмч, дотоод шүүрлийн булчирхайн болон мэдрэлийн эмчийн үүргийг давхар гүйцэтгэдэг юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Бөхийн өргөөний гаднах талбайд “Сайн өдрийн зах” гарна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачлагаар энэ сарын 2-ноос эхлэн “Сайн өдрийн зах” үзэсгэлэн худалдаа ажиллаж эхэлсэн билээ. Үзэсгэлэн худалдаа өргөжин тэлж маргаашаас эхлэн Бөхийн өргөөний гадна талбайд гарахаар болжээ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэд, худалдан авагчиддаа ченжгүй худалдан авалт хийхэд нь зориулан байршлын тоог дүүргийн удирдлагын зүгээс  нэмжээ. “Сайн өдрийн зах”-аас үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн хийсэн бүтээл, гутал хувцас, дээл, гутал, шүр сувдан эдлэл, оёдол хатгамал болон эх орныхоо  хөрсөндөө тарьсан хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүнийг ямар нэгэн нэмэгдэлгүйгээр үйлдвэрлэгчийн гараас худалдан авах боломжтой юм.

“Сайн өдрийн зах” үзэсгэлэн худалдаа нь тусдүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудал буюу “Торгоны зам”дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбай, Бөхийн өргөөний гаднах талбайд ажиллаж байна. 

Categories
мэдээ нийгэм

Хот доторхи төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглоно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Улаанбаатар хот доторхи төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг  хориглосон шийдвэр гаргалаа. Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журамд зааснаар аюултай ачаа гэдэгт, ачих, тээвэрлэх, буулгах, сэлгээ хийх үед болон хадгалалтын явцад тэсрэх, гал авалцах, уурших, асгарах, зэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, эд хөрөнгөнд аюул, хор уршиг учруулж болзошгүй ачаа гэж тодорхойлсон байдаг байна. Өнөөдрийн байдлаар ийм төрлийн ачааг хотын дотор тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах явцад мөрдөх горим дэглэм зөрчигдөхгүй гэх  баталгаа байхгүй гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байгаа юм.  Албан бус судалгаагаар 2014 оны эхний 3 сарын байдлаар зөвхөн Улаанбаатар төмөр замаар хотын дотор 52 төрлийн 3,6 сая тонн аюултай ачаа буусан гэсэн мэдээ байна.

НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх олон улсын зөвлөмжид “Аюултай ачааг хүн амын суурьшлын бүсээс гадагшаа гарган  аюулгүй бүсэд радиоактив, Исэлдэлт, Тэсэрч дэлбэрэх, Нитроглицерин, Амьсгаа боогдуулах, Зэврээх, Өвчин үүсгэх, Шатамхай гэсэн 8 төрлөөр ангилан кодолж, хуваан задалж жижиглэн, хэсэг хэсэг болгон зориулалтын тээврийн хэрэгслээр хотруу оруулан тээвэрлэх”-ийг зөвлөсөн байдаг.  Энэхүү зөвлөмжийн дагуу Улаанбаатар хот руу төмөр замаар аюултай ачаа ачиж тээвэрлэн ирж байгаа ачаа тээврийн галт тэргийг Багахангайд зогсоож аюултай ачааг буулган,  тэндээс хэсэгчлэн зөөвөрлөж байхаар төлөвлөж байна. 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Багахангай дүүргийг үйлдвэр үйлчилгээний дагуул хот болгон хөгжүүлэхээр тусгасан бөгөөд тээвэр логистик, бөөний худалдаа, хүнс хөнгөн үйлдвэрлэл, малын түүхий эдийн анхан шатны үйлдвэрлэл хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл, аюултай бодисын  агуулах зэрэг нь Багахангай дүүрэгт байх  юм. 

Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн байгаа орчныг химийн бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аюултай, хортой ачааг хотын суурьшлын бүсэд оруулах, тээвэрлэх, хадгалахыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хориглолоо. Энэ хугацаанд шаардлагатай зохион байгуулалтын ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.