Categories
мэдээ нийгэм

Цахим түүврийн аргаар 14954 иргэн шалгарчээ

Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор наймдугаар сарын 1-нээс эхэлж газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Тэгвэл цахим бүртгэлийн эцсийн хугацаа баасан гариг буюу наймдугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагт дуусч,  бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулсан байна.

Цахим бүртгэлд нийт 281440 иргэн бүртгүүлснээс цахим түүврийн аргаар 14954 иргэн газраа өмчиллээ. Тодруулбал,

  •     Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 28000 иргэн бүртгүүлж, 909 иргэн газартай болов.
  •     Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 90155 иргэн бүртгүүлж, 4169 иргэн газартай болов.
  •     Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 63976 иргэн бүртгүүлж, 869 иргэн газартай болов.
  •     Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг – 16072 иргэн бүртгүүлж, 7504 иргэн газартай болов.
  •     Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 7993 иргэн бүртгүүлж, 1484 иргэн  газартай боллоо.

Газар өмчлөх эрхтэй болсон иргэд энэ сарын 18-наас эхлэн 10 хоногийн дотор харьяа дүүргийн холбогдох газарт материалаа бүрдүүлж өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хүүхдийн клиник эмнэлэг байгуулахыг дэмжлээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатар хотын хүүхдийн эмнэлэг байгуулах тухай, хүүхдийн клиник сувиллын  харьяаллын тухай гэсэн  зургаан багц асуудлыг нийслэлийн эрүүл мэндийн газраас танилцуулсан юм.

Жилдээ 40 орчим эх амаржиж байгаа нийслэл хотын төрөх эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал болохыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Өнөөдрийн хүүхдийн тусламж үйлчилгээ  ямар байгааг танилцуулсан. Амбулаторийн тусламж үйлчилгээг найман дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн кабинет, 131 өрхийн эрүүл мэндийн төв, дөрвөн тосгоны эрүүл мэндийн төвөөр  хүрч үйлчилж байна.

Хүүхдийн яаралтай тусламж үйлчилгээг Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламж нэгж, нийслэлийн яаралтай  тусламжийн тусламжийн төвийн  Сонгино-Хайрхан  Баянзүрх дахь салбар хүүхдэд хүргэж ажиллаж байгаа.

Хүүхдийн ерөнхий мэс заслын үйлчилгээ болон хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг эх хүүхдийн эрүүл мэндийн төв хүргэж үйлчилж ажилладаг байна.

Энэ үеэр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ “ашиггүй зүйлд зарцуулахдаа их зарцуулдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл Монгол наадам цогцолборт 17 тэрбум төгрөг зарсан биз дээ. Эрүүл мэндэд зарахаараа юу билээ, яасан мөнгө гэж  болохгүй.  Энэ асуудал манай улсад амин чухал зүйл” гэлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотын хүүхдийн эрүүл мэнд клиник эмнэлэг барих тухай асуудлын нэлээд нухацтай ярилцсаны үндсэн дээр дэмжлээ. 

Categories
мэдээ нийгэм

53 мянган смарт карт хэвлэлтээс гараад байна

2014-2015 оны хичээлийн жилд нийтдээ 113 мянган оюутан  нийтийн тээврээр үнэгүй зорчино гэсэн тоо гарсан. Үүнээс 63 мянган оюутан өнгөрсөн хавар захилгаа өгсөн байгаа юм. Одоогийн байдлаар 53 мянган цахим үнэмлэх хэвлэлтээс гарсан байгаа аж. Харин үлдсэн смарт карт энэ сарын 25-н гэхэд  хэвлэлтээс гараад дуусчихна гэж албаныхан ярьж байна. Иймээс ирэх есдүгээр сарын 1-н гэхэд 60 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой болох юм. Мөн смарт картаа захиалсан оюутнууд өөрсдийн захилгатаа хяналтыг тавих боломжтой болсон байгаа. Тодруулбал, Монголын Оюутны холбооны www.student.org.mn вэб хуудсанд хандаж, карт шүүх гэдэг цэс рүү орж, өөрийн овог, нэр, регистрийн дугаараа оруулснаар өөрсдийнхөө захиалгыг хянах боломжтой болсон. Түүнчлэн смарт картаараа дамжуулан оюутан залуус маань дурын банкнаас 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах боломжтой.

Харин нэгдүгээр курсад орсон 30 мянган оюутнууд аль сургуульд орсноос хамаарч, тухайн сургуулийнхаа  оюутны холбоо, зөвлөл дээр очиж захиалах боломжтой юм. Хуучин бол оюутны холбоо  есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж байсан харин энэ жилээс захиалгыг хавраас авч байгаа онцлогтой. Иймээс шинээр захиалсан оюутнуудын смарт картыг ирэх аравдугаар сарын 1-н гэхэд хэвлэж, гар дээр олгох гэрээтэй байгаа аж.  

Categories
мэдээ нийгэм

Мянган оюутны байрны төлбөрийн асуудал энэ сарын 20-нд тодорхой болно

Энэ жил шинээр ашиглалтанд орж байгаа Мянган оюутны дотуур байрыг Монголын оюутны холбоо менежментийг хийж байгаа боловч төр захиргааны байгууллага учраас төлөөлөн удирдах зөвлөлтэй аж. Энэхүү зөвлөлд нь Боловсролын их сургууль, Шинжлэх ухааны их сургууль, МОХ, БШУЯ-наас  байдаг байна.   Иймээс одоогийн байдлаар төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүй байгаа учир уг байрны төлбөрийн асуудал шийдэгдээгүй аж. 

Тэгэхээр хуучин  мянган оюутны байрны төлбөр нэг сар нь 68 мянган төгрөг байсан бол энэ жилийн төлбөрийн асуудал энэ сарын 20 гэхэд  тодорхой болох аж.

Categories
мэдээ нийгэм

“Сэлэнгэ-2014” Дорнодын их талд эхэллээ

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2014” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль Дорнодын их талд эхэллээ. Хоёр орны уламжлалт найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл болсон эл сургууль өнөө жил Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. 

Хоёр орны Зэвсэгт хүчний 1000 гаруй цэргийн алба хаагч, 100 гаруй нэгж техникээр хүрээгээ тэлсэн “Сэлэнгэ-2014” хамтарсан хээрийн сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын ЗХЖШ-ын ЕЗЦ-ийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, “Сэлэнгэ-2014” хамтарсан сургуулийн монголын талын удирдагч, ЗХЖШ-ын ЕЗЦК-ийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, оросын талын сургуулийн удирдагч, ОХУ-ын 36 дугаар армийн командлагчийн орлогч, штабын дарга, хошууч генерал Валерий Евгеньевич Шарагов, монголын талын сургуулийн удирдагчийн орлогч, хурандаа Д.Баасандамба, оросын талын сургуулийн удирдагчийн орлогч, ОХУ-ын армийн артиллерийн дарга, хурандаа Сергей Иванович Лисай, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Сүхбаатар болон ЗХЖШ-ын зарим удирдлагууд, хамтарсан сургуульд оролцогч хоёр орны цэргийн алба хаагчид, хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо. 

Энэ үеэр бригадын генерал Р.Сүхбат хэлсэн үгэндээ, “Манай хоёр орон олон жилийн түүхэн уламжлал, халуун дотно сайн хөршийн найрамдалт харилцаатай байж, бүхий л салбарт хамтран ажиллаж ирсэн баялаг түүхэн замналтай билээ. Тэр дундаа манай хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа үнэтэй байр суурийг эзэлсээр ирсэн бөгөөд монгол, орос дайчид дайны хүнд бэрх жилүүдэд Халхын голын талбарт зовлон жаргалаа хуваалцаж ирснийг бидний түүх мартаагүй” хэмээн онцолсны дээр бид хамтдаа ахмад үеийнхнийхээ бий болгож, түүхийн шалгуур сорилтуудаар шалгагдсан тэрхүү найрамдал нөхөрлөлийг үргэлжлүүлэн энхийн үйлсэд санаа нэгдэн хамтран ажиллаж, хээрийн сургуульд мөр зэрэгцэн оролцож байгаагаараа онцлог гэдгийг дурдсан юм. 

Харин хошууч генерал Валерий Евгеньевич Шарагов хэлсэн үгэндээ, “Долоо дахь удаагаа явагдаж байгаа энэхүү хээрийн сургууль нь хоёр орны Зэвсэгт хүчний мэргэжлийн бэлтгэл, ур чадварыг харуулж байна. Манай хоёр орны харилцаанд найрамдал, харилцан ойлголцол ямагт эн тэргүүнд байх болно гэдэгт итгэлтэй байна. “Сэлэнгэ-2014” хээрийн сургууль нь манай хоёр орны ард түмнүүдийн дайчин нөхөрлөл, бие биедээ харилцан туслах холбиршгүй уламжлалыг дэлхийн нийтэд дахин харуулж байна” хэмээн тодотгов. 

Ийнхүү хоёр орны мөрдэс нэгт дайчид уламжлалт хээрийн сургуулиа өвөг дээдсийнхээ амжилт, ялалтаа дархалсан их талд эхлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Ромын Пап Монгол Улсын Ерөнхийлөгчид зурвас илгээжээ

БНСУ-д айлчлал хийсэн Ромын Пап Фрэнсис буцах замдаа А2А 4000 дугаартай агаарын хөлгөөр Монгол Улсын нутаг дээгүүр өнгөрч явахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн зурвас илгээжээ.

Тэрбээр өөрийн гараар бичсэн зурвасдаа “Монгол Улсын нутаг дээгүүр нисэх онгоцоор явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн адислаж байгааг минь хүлээн авна уу. Монголын ард түмний энх тунх байдал, хөгжил дэвшлийн төлөө залбиръя. Фрэнсис Пап 2014 оны наймдугаар сарын 13-ны 21 цаг 29 секунд” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Говь-Алтай аймгийн Цогт суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Уг өвчнөөр өвчилсөн байх магадлалтай хүн нь Цогт сумын төвд амьдардаг 25 настай эрэгтэй аж. Тэрбээр хашаандаа тарваганы боодог хийж, хоёулаа идсэн бөгөөд гурван өдрийн дараа буюу энэ сарын 13-нд халуурч, сумын эмнэлэгтээ ханджээ.

Харин тарваганы боодог хамт идсэн хүн нь Улаанбаатар хотод орж ирсэн байжээ. Түүний Сонгинохайрхан дүүрэг дэх хаягийг олж, одоогоор ХӨСҮТ-ийн тусгаарлах өрөөнд хэвтүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй юм байна. Тарваган тахал мөн эсэхийг тодруулах лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд хариу нь одоогоор гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм

“UB Food Festival-2014”-ийг зориорой

Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд нийслэлийн Соёл урлагийн газар, Вива Сити хороолол, М-Си-Эс Проперти, “Грийн Катеринг” ХХК-иуд хамтран энэ сарын 16, 17-ны өдрүүдэд “UB Food Festival-2014” үйл ажиллагааг “Вива Сити” хороололд зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагааг нь хоёр дахь жилдээ болж буй юм. Дэлхийн томоохон хотуудын иргэдийн хүсэн хүлээдэг фестивалуудын тоонд гэр бүл, найз нөхөд, хамт олонд зориулагдсан хоолны фестивалууд ордог.  Энэхүү үйл ажиллагаагаар Улаанбаатар хотын шилдэг ресторан кафенууд, нарийн боов, шингэн хүнс үйлдвэрлэгчид,  болон дистрибюторуудыг сурталчлах таниулах зорилготой юм байна.

Уг фестивалийн үеэр орон орны амтат хоолыг 1000-3000 төгрөгийн үнэтэйгээр амталж, ахлах тогооч нарын хоол хийх үзүүлбэр, урлагийн тоглолтууд, бартендер шоу, хөгжөөнт  тэмцээнүүдийг сонирхох боломжтой. Мөн онцлох үзүүлбэр болох 5х1 метр хэмжээтэй “Найрсаг Улаанбаатар” бялууг хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулах аж. “Энэхүү фестивалиас дуу хөгжмийн аянд, цэвэр агаарт цагийг сайхан өнгөрөөж болох тийм л уур амьсгалыг мэдэрнэ. Амралтын өдрөө ая тухтай өнгөрөөж, дэлхийн олон орны шилдэг хоолны үзүүлбэр, амт чанар, хоол хийх гайхамшигийг нэг дороос үзэхийг хүсвэл энэхүү арга хэмжээнд ирээрэй” гэж зохион байгуулагчид нь хэлж байна. Түүнчлэн энэ жилийн арга хэмжээнд Монголын тогооч нарын холбоо, “Facebook”-ийн “Sweet kitchen” /Бүтээлч бүсгүйчүүдийн групп/, “Гоё хоолтой газар хаана байна”, “Taste it. Энийг хар даа” групп болон бусад байгууллага дэмжин оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хална

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө халахыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 14 хэм дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Пхеньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотноо анх удаа болох гэж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцох БНАСАУ-ын Пхеньян хотын дарга Ча Хуй Рим болон албаны төлөөлөгчдийг өнөөдөр(08.16) Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа. Уулзалт НЗДТГ-ын А танхимд болсон бөгөөд Монголын талаас НЗД-ын экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, НЗД-ын төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Отгонбаатар, НЗДТГ-ын гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг болон БНАСАУ-ын албаны төлөөлөгчид байлцлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: “Манай улсад тавтай морилно уу. Бидний урилгыг хүлээж авсан та бүхэнд баярлаж байна. Өнгөрсөн онд хоёр улсын хотуудын уулзалтыг анх удаа Пхеньян хотноо хийж байсан. Өнөөдөр Пхеньян хотын ардын хорооны дарга Ча Хуй Рим та төлөөлөгчдийнхөө хамт хүрэлцэн ирсэнд баяртай байна. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танай улсад албан ёсны айлчлалыг хийсэн. Тухайн үед хоёр хотын хамтын ажиллагааны уулзалтыг анх удаа хийлээ. Өнөөдөр хоёр хотын хамтын ажиллагааны уулзалт болж байгаад баяртай байна. Та бүхнээс суралцах зүйл их байна.

БНАСАУ-ын Пёнъян хотын дарга Ча Хуй Рим: “Үзэсгэлэнт Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл таньтай уулзаж байгаадаа миний бие сэтгэл өндөр байна. Энэ удаа Зүүн хойд Азийн хотын дарга нарын формд биднийг урьж оролцуулж байгаад талархаж байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа сайжирч байгаад бид бүхэн баяртай байна. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн, тухайн үед сайд байсан Н.Баттулга нар манай улсад айлчиллаа. Энэхүү айлчлалууд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд маш их ач холбогдлыг өгсөн. Анх 2003 оноос хоёр хот ах дүүсийн харилцааны хот болж ирсэн. Энэ нь хоёр хотын хамтын ажиллагааны үндэс болж ирсэн юм. Энэ удаа Улаанбаатар хотноо болж буй Зүүн Азийн хотуудын бүс нутгийн уулзалт ард түмний эрх ашигт нийцсэн өндөр уулзалт болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд Э.Бат-Үүл дарга таньтай уулзаж байгаа завшааныг ашиглаад хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашид хамтран ажиллах болно. Эрхэм таньд болон танаар дамжуулж Улаанбаатар хотын иргэд та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулж, хоёр хотын хамтын ажиллагаа улам сайн өргөжинө гэдэгт итгэж байна. Хотыг цэцэрлэгжүүлэх, барилгажуулах гээд та бүхнээс судлах зүйл маш их байна. 2013 оны дөрөвдүгээр сард УИХ-ын тогтоолоор Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Бидний энэхүү ажлын хүрээнд хийх ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Энэ ажилд танай улсаас туршлага солилцоод зогсохгүй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд улам их ач холбогдол болно. Би Солонгос хүмүүсийн ажилсаг зангыг хараад бахархдаг. Та бүгдийн саналыг баяртай хүлээж авах болно. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форм бидэнд маш их үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна. Бидний урилгыг хүлээж авсан та бүхэнд баярлалаа.

Энэхүү уулзалтад БНАСАУ-ын Пёньян хотын дарга Ча Хүй Римээс гадна Ганвон мужийн Венсан, Өмнөд Хамгён мужийн Хамх, Расөн хотын ардын хорооны дарга нар болон албаны хүмүүс оролцлоо. БНАСАУ-ын төлөөлөгчдийн хувьд өнөөдөр, маргааш Улаанбаатар хоттой танилцана.

Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”- ыг “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор зохион байгуулах гэж байна. Форумд БНХАУ, ОХУ, БНСУ, БНАСАУ, Япон, Монгол Улсын зэрэг нийт 20 хотын дарга нар, төлөөлөгчид, олон улсын байгууллагууд оролцох юм.