Categories
мэдээ нийгэм

Бага ангийн багш нар сургалтанд хамрагдаж эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг өнгөрсөн хичээлийн жилд 40 сургуульд туршсан. Туршиж боловсруулсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-өө энэ жил орон даяар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байгаа юм байна. Шинэ хөтөлбөрийн дагуу энэ жилээс эхлэн бага ангийн хичээлийн явц, багшийн заах арга, хүүхдийг үнэлэх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичгүүд гээд бүгд шинэчлэгдэж байгаа юм. Бага боловсролын чанарыг сайжруулахын тулд нэн тэргүүнд үндэсний хэмжээний бүх сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарт шинээр баталсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг танилцуулах шаардлагатай. 

Тийм учраас БШУЯ-аас өнгөрсөн өдрүүдэд бүх ЕБС-уудын захирал, сургалтын менежерүүдэд сургалт зохион байгуулсан байна. Харин энэ өдрүүдэд аймаг, сум, дүүрэг бүрийг бүсчлэн хувааж, шинэ хөтөлбөрөөр хичээлээ хэрхэн явуулах талаар бага ангийн багш нарт сургалт явуулж байна. Сургалтанд 17099 багш оролцож байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Туушин зочид буудал орчмын замаар зорчих боломжгүй гэв

БНХАУ-ын дарга Си Жинпин өнөөдөр Монголд хүрэлцэн ирсэн. Улмаар түүнийг Төрийн ордны дэргэдэх “Туушин” зочид буудалд байрлуулахаар болсон талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Хятадын даргыг манай төрийн тэргүүнүүд 16 цагт  Чингисийн талбайд хүлээж авна. БНХАУ-ын даргыг айлчилж байгаатай холбоотойгоор Чингисийн талбайг тойрсон төв замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан байна.  Чингисийн талбай,  “Туушин” зочид буудлын ойр орчимд  цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учир автомашины хөдөлгөөнийг хааж, явган хүмүүс ч хамгаалалттай газар руу нэвтрүүлэхгүй байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн 18-р хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд БШУЯ-ны захиалгаар хүн ам ихээр суурьшсан Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Канад технологийн модон бүтээцээр баригдсан шинэ цэцэрлэг энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэж эхлэх юм байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд 102 цэцэрлэгийн байр барьж ашиглалтад оруулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэгчид төрийн гурван өндөрлөгт ханджээ

“Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагаас БНХАУ-ын дарга айлчилж байгаатай холбогдуулж төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүлжээ.  Хоёр орны төрийн тэргүүн  айлчилж буй энэ үед Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хойд урд хөршийн зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах талаар асуудлыг уламжилж өгөхийг тэд төрийн гурван өндөрлөгөөс хүсчээ. Ши Жиньпин, В.Путин хоёрт энэ хүсэлтийг уламжилж ажил болгож чадвал үндэсний үйлдвэрлэл хөгжиж, эдийн засаг солонгорно гэж тус төрийн бус байгууллагынхан үзэж байгаа аж. Европын холбоо Орост худалдааны хориг тавьсан энэ үе  Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Орос руу гаргах түүхэн боломж гэж тэд хэлж байна. 

Categories
мэдээ нийгэм

Ирэх даваа гаригаас цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ

Ирэх даваа гаригаас цэцэрлэгийн бүртгэл эхлэх юм байна.  Энэ намар цэцэрлэгийн насны 243 мянган хүүхэд байгаа ч тэднийг хүлээж авах цэцэрлэгүүдийн хүчин чадал 197 мянган хүүхдэд хүрэлцэх гэнэ. Цэцэрлэгийн тоо өнгөрсөн жилийнхээс 4000 хүүхдийг нэмж авахаар хүрээгээ тэлсэн ч энэ намар дахиад 46 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэх нь тодорхой болжээ. Нийт цэцэрлэгийн 764 нь улсынх бол 303 нь хувийн цэцэрлэг байгаа юм. Харин нийслэлд хувийн цэцэрлэг улсынхаас гурав дахин их байгааг судалгаагаар тогтоожээ. Хотод нийт 430 гаруй цэцэрлэг ажиллаж байгаагийн ердөө 178 нь улсын цэцэрлэг юм байна.  Хувийн цэцэрлэгийн сарын төлбөр байршлаасаа хамаарч 120-550 мянган төгрөг байгаа гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Арван сурагч тутмын дөрөв нь түрээсийн сурах бичиг ашиглана

Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн сурах бичгийг эцэг, эхчүүд худалдаж авахгүй аж. Харин дунд, ахлах ангийн сурагчдын хувьд 10 хүүхэд тутмын найм нь төрийн санхүүжилтээр хэвлэгдсэн сурах бичиг хэрэглэх юм байна. Мөн 10 хүүхэд тутмын дөрөв нь үнэ төлбөргүй сурах бичиг хэрэглэх гэнэ. Үүнээс гадна нэг өрхөөс гурваас дээш хүүхэд суралцаж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулиараа дамжуулан 100 хувь үнэ төлбөргүй сурах бичиг ашиглах боломжтой юм байна. Мөн 10 хүүхэд тутмын дөрөв нь түрээсийн сурах бичиг хэрэглэх тооцоо гарчээ. Тодруулбал, бүх хичээлийн сурах бичгийг сургуулиасаа багцаар нь түрээсийн хураамж төлж ашиглах юм байна.Тухайлбал, арваннэгдүгээр ангийн 12 нэр төрлийн сурах бичиг байлаа гэхэд зах зээлд зарагдаж байгаа үнэ нь 45 мянган төгрөг байдаг аж. Харин хүүхдүүд 14 мянган төгрөгийн түрээсийн үнийг төлж, бүх сурах бичгээ ашиглах боломжтой юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Хятадын талтай “Ялтан шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурна

Хятад улсын дарга Си Зинпиний айлчлал өнөөдөр эхэлж байгаа билээ. Төрийн ордонд 16:00 цагаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар хоёр улс “Ялтан шилжүүлэх гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцох тухай протоколд гарын үсэг зурах юм байна. 

Манай улс “Ялтан шилжүүлэх гэрээ”-г 2011 оны зургаадугаар сарын 16-нд үзэглэсэн ч түүнийг дагалдах тусгайлсан гэрээг байгуулаагүй байсан тул өнөөдрийг хүртэл энэ үйл ажиллагаа хийгдэхгүй байсаар иржээ.

 “Ялтан шилжүүлэх гэрээ”-нд өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд гарын үсэг зурснаар 30 хоногийн дараанаас гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна. Манай улсын иргэд өнөөдрийн байдлаар дэлхийн 21 орны шоронд ял эдэлж байгаа аж. Үүнээс Хятад улсад 40 орчим хүн ял эдэлж байгаа бөгөөд Хятадын бүс нутаг дотор Хонконгод 16 хүн ял эдэлж байна. Нийт ял эдэлж буй 40 хүнээс 36 иргэн нь хар тамхины хэрэгт холбогдсон байдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх чанга дэглэмтэй хориход ял эдэлнэ

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд энэ сарын 18-19-нд хэлэлцсэн юм. ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарыг эд хөрөнгө завшсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан гэсэн үндэслэлээр АТГ-аас багагүй хугацаанд шалгасан.

Хэргийн холбогдогч нар ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” олон улсын буудлын инженер, техникийн ажилтнуудын хийх боломжтой, ажил үүргийн хуваарьт нь тусгасан “Оператор”- ын хөрөнгийг завшихын тулд “Электрон системс” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулжээ. Улмаар тус компанийн дансанд нэг тэрбум гаруй төгрөг шилжүүлж, улсад хохирол учруулсан байна.

Мөн “Медиа саммит лимитед” компанийн Хонконг дахь HSBS банк дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон системс” ХХК-ийн “Голомт” банк дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан авч мөнгө угаасан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж шүүх үзжээ. “Электрон системс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Батболдод чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгө завшсан буруутайд тооцон зургаан жил зургаан сарын хугацаанд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон гурван хүнээр улсад учруулсан нэг тэрбум 62.9 төгрөгийг төлүүлэх, тодорхой хэмжээний эд хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэжээ. 

Categories
мэдээ нийгэм

“Импайргаз монголиа” ХХК-нд бүхэлд нь шилжүүлэхийг зөвшөөрлөө

“Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хайгуул, олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд “М Си Эс Петро Лимитед” ХХК нь Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Импайргаз монголиа” ХХК-тай “Борзон-VII” талбайд байгуулсан Бүтээгдхүүн хуваах гэрээний эрх, үүргийг бүхэлд нь шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна. Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд шаардагдах техник-технологи, санхүүжилтийг БНХАУ-ын талын хувь эзэмшигч “Өвөрмонголын Чинхуа Групп” ХХК хариуцах, Австралийн “JORK” стандартын дагуу нөөцийг тогтоох, эдийн засгийн хувьд үр ашигтай нөөц тогтоогдсон тохиолдолд хувь нийлүүдэгчид Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулах үйлдвэр барихаар нэгдсэн шийдвэрт хүрсэн байна. 

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын дарга “Туушин” зочид буудалд байрлана

БНХАУ-ын дарга Ши Жинпин өнөөдөр Монголд айлчилна. Хятадын дарга Төрийн ордны дэргэдэх “Туушин” зочид буудалд байрлахаар болжээ. Тэрээр 11.40 цагт Монголд газардах  юм байна. Харин төрийн тэргүүнүүд Хятадын даргыг 16.40 минутад Чингисийн талбайд хүлээж авахаар болжээ. Маргааш Ши Жинпинд зориулсан бэсрэг наадам  Чингисийн өргөөнд болох гэнэ.