Categories
мэдээ нийгэм

Эмийн жор баригч нар номын дуу сонслоо

 “Эмийн мэргэжилтний ёс зүй, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг нийслэлийн нийт эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөллүүдийг хамруулан зохион байгуулав. 

Энэхүү хагас өдрийн сургалтаар эмийн зохистой хэрэглээний зохицуулалт, эмийн сангийн стандартын хэрэгжилтийн байдал, мансууруулах, сэтгэцэд эмийг үйлдвэрлэх, импортлох, худалдах журмын тухай, эмийн мэргэжилтний ёс зүйн хандлага зэрэг сэдвүүдээр лекц орлоо. 

 Эмийн мэргэжилтний ёс зүй, эмийн зохистой хэрэглээ сургалтыг нээх үед “Эмнэлгийн мэргэжилтэн бүр хариуцлага, ёс зүйг хамгийн өндөрт тавих ёстой” хэмээн ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Я.Буянжаргал хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

14 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн
найруулгыг өнгөрсөн сард баталсан. Ингэснээр шүүхийн шийдвэрээр
хүчингүй болсон 106 зөвшөөрлийг сэргээх хууль эрх зүйн орчин бүрдсэн
байна.

Гурван шатны шүүхээс 106 тусгай
зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тусгай зөвшөөрөл
олгосныг үндэслэлгүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс
тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг хохиролгүй болгохын тулд Засгийн
газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолоор
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын
хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон
шалгаруулалтын журам”-ыг баталсан.

Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн
нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн
баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажсан зардлаар тухайн
талбайн “босго үнэ”-ийг тогтоож байгаа. Ийнхүү гарсан зардлыг
баталгаажуулж, босго үнэ тогтоосон  эхний 14 талбайд ашигт малтмалын 
хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахад бэлэн
болсон тухай Ашигт малтмалын газраас мэдээллээ. Энэхүү 14 талбайд гарсан
зардлаа баталгаажуулсан, тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн
нэгжүүд босго үнэ төлөх шаардлагагүйгээр сонгон шалгаруулалтад оролцох
давуу эрхтэй юм байна.

Эхний ээлжинд зарлах 14 талбайн товч
мэдээллийг хүргэж байна. Тус 14 талбай нь таван аймаг, нийслэлийн нутаг
дэвсгэрт харьяалагдах ба нийт 163.565.05 га талбайг эзэлж буй аж.
 Талбайн хэмжээний хувьд хамгийн бага талбай нь 94.49 га, хамгийн том
талбай нь 56.098.52 га байгаа юм.

Талбайн нэр Талбайн хэмжээ /га/ Аймаг
  Довцог худаг 56,098.52 Дорноговь
  Хашаатын хөндий 22,428.06 Баянхонгор
  Товцог хайрхан уул 20,008.53 Баянхонгор
  Ногоон тал 13,664.08 Дорноговь
  Амгалант 10,943.15 Өмнөговь
  Хөх хошууны худаг 9,732.27 Дорноговь
  Хар ат уул 4,283.93 Баянхонгор
  Улаан эрэг 9,546.52 Баянхонгор
  Могойт 4,501.65 Дундговь Өмнөговь
  Бага хөх цав 4,454.54 Дундговь
  Цогт хайрхан уул 1,313.75 Баянхонгор
  Чойдог худаг 1,130.96 Ховд
  Хонхор дэрс 102.02 Баянхонгор
  Хөхтолгой 94.48 Улаанбаатар
         

х

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдох мэдээллийг Ашигт малтмалын газраас болон АМГ-ын цахим хуудас www.mram.gov.mn авч болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөг болно

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтан  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар, “Бэнкэл” ХХК-тай хамтран  “Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөгийг хоёрдахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг энэ сарын 23-25-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

Нийслэлийн иргэд олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери, төрөл бүрийн хүнс, хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломжтой юм байна. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг  1000-3000 төгрөгөөр иргэдэд худалдаалах юм. Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажиллагаатай ижил агуулга, хэлбэрээр энэхүү өдөрлөгийг уламжлал зохион байгуулахаар болж буй юм байна.

Энэ удаагийн өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид, циркийн авъяаслаг жүжигчид оролцож ая дуугаа өргөхөөс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаануудыг зохион явуулах аж.  Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2014” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Аварга адуучин” маргааш тодорно

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Адуучин” тэмцээн маргааш “Хүй долоон худаг”-т болно. Уг тэмцээнд аймаг бүрээс шалгарсан 21 адуучин өрсөлдөж шилдгээ шалгаруулна.

Тэмцээнд оролцогчид уурга шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах гэсэн дөрвөн төрлөөр уралдах ба ялагч нь “Аварга адуучин” цол, найман сая төгрөгийн эзэн болно.  “Адуучин” тэмцээний үеэр Хүй долоон худагт үндэсний хувцас загвар, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт болно.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэг шинэ цэцэрлэгтэй боллоо

БШУЯ-ны захиалгаар хүн амын тоо ихтэй Сүхбаатар дүүргийн 16-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Канад технологийн модон бүтээцээр баригдсан шинэ цэцэрлэг энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэж эхлэх юм байна.Боловсрол, шинжлэх ухааны яам,Дэлхийнбанк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнд энэ намар хэд хэдэн шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна. Харин яамны зүгээс энэ хичээлийн жилд нийтдээ 102 цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн байгууллага Богд ууланд ойн цэвэрлэгээ хийж байгаа гэв

Богдхан ууланд ойн цэвэрлэгээ нэрээр хүмүүс мод огтолж байгаад,  хоёр хүн хүнд гэмтсэн гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ талаар Богдхан уулын хамгаалалтын захиргааны ажилтан М.Соёлмаагаас тодруулахад  ташаа бөгөөд албаны эх сурвалжгүй мэдээлэл цацагдсан байна гэлээ. Тэрбээр хэлэхдээ, жил бүр БОНХ-ийн Сайдын тушаалаар ойн сан бүхий аймгуудад тодорхой хэмжээний талбайд ойн цэвэрлэгээний ажил хийгддэг бөгөөд  энэ хүрээнд тендэрт шалгарсан хоёр компани Богдхан уулын Төрхурах, Бумбатын аманд ойн цэвэрлэгээ хийж байна. Цэвэрлэгээний ажил есдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэнэ.

Төрхурахийн  аманд  Ц.Эрдэнэсүх захиралтай “ЭБЭ” ХХК-ний 20 гаруй ажилчин ажиллаж байгаа, тэдний нэг н.Эрдэнэ гэгч залуу энэ сарын 16-ны өдөр унагаж буй модны үзүүрт хүзүү, гараа шавхуурдуулж гэмтэл авсан байна. Гэмтэл согогийн эмнэлэг түүний гэмтлийг амь насанд аюулгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдах гэмтэл бус хэмээн дүгнэлт гаргаж, тэрбээр одоогоор гэртээ эмчилгээ хийлгэж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хавдрын эмнэлэгийн орчны тохижилтыг хийж байна

АНУ дахь Төвд-Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээнтний санаачилга, сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар барьж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөл болох Хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын шинэ эмнэлгийн барилгын орчны тохижилт, авто зам болон авто зогсоолын ажлыг “Гудамж” төслийн санхүүжилтээр “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Туршилтаар хэрэгжүүлж буй нийтийн тээврийн шинэ үйлчилгээний автобусны маршрут

Өнөөдрөөс эхлэн 10 өдрийн турш Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 25 компанийн автобус, микро автобус цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна. 500 төгрөгийн нэг тасалбараар нийтийн тээврийн хэрэгслээс гадна төмөр замын RAILBUS-аар өдрийн турш хэдэн ч удаа сэлгэлт хийж, үйлчлүүлэх боломжтой. Туршилтын шинэ үйлчилгээтэй холбогдуулан цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр явахын тулд автобусны зарим чиглэлд өөрчлөлт орсон.  Энхтайваны өргөн чөлөөн чиглэлд 80 автобус 2 минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус 3 минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус 7 минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус 8 минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваариар үйлчилж байна. Маршрутын өөрчлөлтийг зургаар танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн дотуур байруудад их засвар хийлээ

Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай  хуулиар Боловсрол, шинжлэх ухааны  сайдын төсвийн багцад батлагдсан “Их, дээд сургуулийг дэмжих хөрөнгө оруулалт”-аас  Монгол улсын их сургуульд 1,386.2 сая төгрөг төсөвлөсөн. МУИС энэ мөнгөөр оюутны 1,2,3,5-р байруудын цонхыг бүрэн сольж, дээврийн засвар, фасад, гадна хашааны засварыг хийж, Сургалтын нэгдсэн албаны нэг цэгийн үйлчилгээний төв байгуулан, лаборатори, сургалтын тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна. Оюутны дотуур байрууд цонх, дээврээсээ дулаан алддаг, дээврээс нь дусаал гоождог, өвөлдөө маш хүйтэн гэх зэрэг жил бүр хэл ам дагуулдаг байсан. Сургуулийн багш нарын хэлж байгаагаар дээрх батлагдсан төсөв өмнө нь байгаагүй их хөрөнгө оруулалт юм байна. Үүний ачаар энэ жил дотуур байрны оюутнууд маань дулаан, тохьтой өвөлжих нь гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

500 төгрөгийн тасалбараар RAILBUS-аар зорчих боломжтой

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Хотын захиргаа, нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 25 автобусны компани, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хэрэгжүүлж буй цагийн хуваарийн дагуу богино эргэлтийн нийтийн тээврийн хэрэгслээр хэдэн ч удаа сэлгэлт хийн үйлчлүүлэх боломжтой нийтийн тээврийн шинэ үйлчилгээ өнөөдөр эхэллээ. Иргэд 500 төгрөгийн нэг тасалбараар аль ч нийтийн тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлэх боломжтой бөгөөд 2-7 минутын зайтай автобусууд чиглэлийн давхцалгүйгээр иргэдэд үйлчилж байна. Өдөрт нэг удаа худалдаж авсан 500 төгрөгийн  тасалбараар төмөр замын RAILBUS-аар ч үйлчлүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төмөр замын RAILBUS-ын буудлыг зургаар танилцуулъя.