Categories
мэдээ нийгэм

Адуучин 2014 тэмцээн боллоо

Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Адуучин 2014” тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Монголчуудын адуу эдлэх соёлыг олон нийтэд  түгээн сурталчлах, энэ соёлыг хадгалж хамгаалж үлдэх, эзэмшихэд энэ “Адуучин” тэмцээн чухал ач холбогдолтой. Бидний бахархал болсон энэ соёл, уламжлалыг олон нийтэд сурталчилж, хүртээл болгох үүднээс ирэх жилээс энэ тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулах болсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмцээнд оролцогчдод хандаж хэллээ.

Аймаг бүрээс шалгарч ирсэн шилдэг адуучдаас Хэнтий аймгийн Биндэр сумын адуучин Х.Бат-Эрдэнэ шилдгийн шилдгээр шалгарч Ерөнхий сайдаас шагналаа гардлаа.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх гол, мөрний усны түвшин буурчээ

Гол, мөрний усны горимын тойм:

2014 оны наймдугаар сарын хоёрдугаар арав хоног

1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд голын усны түвшин наймдугаар сарын хоёрдугаар арав хоногт ерөнхийдөө хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-40 см ахиу байлаа.

Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Суман, Урдтамир, Хойттамир зэрэг голууд өмнөх арав хоногт түвшний хэлбэлзэл багатай хугацааны дундуур буурсан хандлагатай байна.

Хангайн арын Идэр голын дунд болон Хануй, Суман голын арав хоногийн дундаж түвшин 2013 оны мөн үеийнхээс 10-30 см их , бусад голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-40 см бага түвшинд байна.

Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Сөгнөгөр зэрэг голууд энэ арав хоногийн эхээр 5-10 см нэмэгдээд хугацааны сүүл рүү аажим буурсан явцтай байна. Хүдэр, Ерөө, Санзай, Сэлбэ, Сөгнөгөр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2013 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-10 см их харин Туул, Хараа, Тэрэлж зэрэг голууд 10-30 см бага түвшинд байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш аажим буурсан ба хоногийн түвшний өөрчлөлт 5-10 см байлаа. Сэлэнгэ мөрний дагуух усны түвшин арав хоногийн дундаж утгаараа өмнөх оны мөн үеэс 20-50 см бага харин Орхон голын дагуу 10-50 см их түвшинд байна.

2.Номхон далайн ай савын гол мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн өврөөс эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн зэрэг голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 2-5 см буурсан бол Хэрлэн голын адаг буюу Чойбалсан хот орчмоор хугацааны эхээр үерийн түвшинг 5-10 см даван үерийн байдалд шилжсэн байна. Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшинхугацааны турш буурсан хэдий ч Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр харин Улз голын усны түвшин хугацааны турш буурч түвшний өөрчлөлт багатай байлаа.

Номхон далайн ай савын дээр дурьдсан голуудын арав хоногийн дундаж утга өмнөх 2013 оны мөн үе болон олон жилийн дундаж түвшнээс 20-90 см их байв.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Алтай нуруунаас эх авсан Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр зэрэг голууд өмнөх арав хоногийн турш аажим буурсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 60-120 см бага харин ус судлалын харуул Ховд-Мянгад, Буянт-Ховд орчимд олон жилийн дунджаас 10-20 см ахиу түвшинд байна.

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Завхан, Заг, Хүнгүй, Түй, Зүйл, Цагаантуруут, Байдраг, Онги зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш аажим буурсан хандлагатай буюу хоногийн түвшний хэлбэлзэл 1-2 см байсан байна. Завхан, Түй, Шаргалжуут, Онги, Таац голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10-50 см их, олон жилийн дунджаас 20-50 см бага байв.

Увс нуурын сав газрын Чигж, Түргэн, Баруунтуруун, Тэс, Хариг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш түвшний хэлбэлзэл багатай ба арав хоногийн дундаж утгаараа эдгээр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-30 см бага харин Хархираа голын хувьд 5-10 см их байна.

Наймдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл манай орны ихэнх гол, мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байна гэж УЦУОХ, Ус судлалын сектороос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-2 градус хүрч цочир хүйтрэнэ. 

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2014 оны 8 дугаар сарын 24-ний 20 цагаас 2014 оны 8 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

2014 оны 8 дугаар сарын 26-наас 2014 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 27-нд зарим газраар, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь болон зүүн зүгийн ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-нд зарим газраар секундэд 12-14 метр, 27-28-нд баруун зүгийн нутгаар, 29-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.  

Categories
мэдээ нийгэм

Дайчин нөхөрлөлийн замаар залуус хамтдаа

Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож, энэхүү  ойг нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт ч өргөн дэлгэр тэмдэглэж байна.  Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон Халх голын байлдаанд оролцож байсан ахмад дайчдынхаа гавьяаг алдаршуулах ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулсаар байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд Халх голын ялалтын тухай асуулт хариултын тэмцээн, нийслэл болон орон нутагт байгаа ялалтын хөшөө дурсгалуудыг сэргээн засварын ажлууд хийгдсэн юм. Халх голын байлдааны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг “Дайчин нөхөрлөлийн замаар” хэмээх  Орос – Монгол залуусын нэгдсэн тойрон аялал билээ. Энэхүү аяллыгБатлан хамгаалах яам, Монголын залуучуудын холбоо хамтран  зохион байгуулж байгаа бөгөөд 4 удаагаа зохион байгуулагдаж буй уг аялалд  МЗХ  анх удаа хамтран оролцож байгаа юм. Монгол-Оросын залуучууд оролцсон “Дайчин нөхөрлөлийн замаар”  тойрон аялал энэ сарын 19- ний өдөр  Монгол Улсын дархан хил Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гараагаа эхэлсэн билээ.  Оросын талаас оролцогч 75 залууг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирэх үед  Монголын талын зохион байгуулагчид болох Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хилийн шалган нэвтрүүлэх албаны удирдлага, аймгийн Засаг даргын Тамгын Газар, Монголын Залуучуудын Холбооны төлөөлөгчид  болон Алтанбулаг сумын иргэд хүндэтгэлтэйгээр хүлээн  авсан юм. Тэдний аялал цааш үргэлжилж Дархан хотоор дайран, Орхон аймаг  руу хөдөлсөн юм.  Найрамдлын  Дархан хотод цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, соёл урлагийн уран бүтээлчид “Дархан 50 цогцолбор”-ын талбай дээр хүндэтгэл үзүүлж,  уран бүтээлчдийн тоглолт, БХЯ-ны шагнал, урамшуулал болон Дархан хотын удирдлагын мэндчилгээгээр үргэлжилж  ОХУ-аас суугаа эрхэм консул нийт оролцогчдод цаашдын аялалд нь амжилт хүссэн юм. Очсон аймаг бүрт  орон нутгийн удирдлагын төлөөлөл, цэргийн ангийн удирдлагууд, МЗХ-ны салбар зөвлөлүүд угтаж аван,  өндөр ач холбогдол өгч, зохион байгуулалт сайтай ажилласны үр дүнд тойрон аялалд эхнээс нь дуустал амжилттай оролцох хүсэл эрмэлзлэлийг Оросын залуучуудад төрүүлсэн жинхэнэ залуучуудын арга хэмжээ болж чадсан юм. Халх голын 75 жилийн ойн “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцох Залуучуудыг 2014 оны 8 сарын 22-ний өдрийн 19 цагт Улаанбаатар хотноо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүлээн авч, Монгол-Оросын залуучуудын танилцах уулзалт цэнгүүнийг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа Д.Мөнх-Очир,  МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нар оролцсон юм. Үйл ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжилж  аялалд оролцож буй Монгол-Орос залууст ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, МУАЖ Ө.Баярмагнай, ардын хөгжмийн “Жонон” хамтлаг болон аялалд оролцож буй авьяаслаг залуус  мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэд 8-р сарын 23-ны өглөө Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн Оросын Эрхүү хотоос буухиачлан авчирсан “Мөнхийн гал”-ыг  дурсгалын цогцолборт асааж  ахмад дайчидаа алдаршуулан, хүндэтгэл үзүүлсэн билээ ,  Мөн Маршал Г.К.Жуков, Улсын баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөлөө. Үүний дараа  “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцогч Монгол-Орос залуусыг МЗХ тусгайлан хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бөгөөд энэ үеэр  МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат тойрон аялалыг  амжилттай зохион байгуулж буй ЗХЖШ-ын удирдлагууд болон аялалд  оролцогч Монгол-Орос залуусыг МЗХ-ны  хүндтэй цол тэмдгээр  шагнаж цаашид аяллаа амжилттай үргэжлүүлэх урам зоригийг нэмлээ. “Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцогчид  24-нд Халх гол руу хөдлөх бөгөөд  тэд Хэнтий, Дорнод аймгаар дайран Халх голд очих аж.  Тойрон аялалд оролцогчид Эрхүү хот – Алтанбулаг – Сэлэнгэ – Орхон – Дархан-Уул – Улаанбаатар – Хэнтий – Дорнод – Халх гол гэсэн маршрутаар нийт 5500 км аялж байгаа юм.  Аяллын зорилго нь Халх голын дайнд оролцсон ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэж, тэрхүү түүхийг танин мэдүүлэх, гавьяа шагналаар нь бахархах, эх оронч үзлийг залууст төлөвшүүлэх, мөн Орос-Монгол ахан дүүсийн найрамдалт харилцааг улам бэхжүүлэхэд оршиж байгаа билээ. 

Categories
мэдээ нийгэм

“Цагийн ажил-2” хөдөлмөрийн яармаг болно

Монголын залуучуудын өдөр маргааш буюу наймдугаар сарын 25-нд болно. Тэртээ 92 жилийн өмнө Монголын залуучуудын хөдөлгөөн үүсч, үг хэлэх эрх чөлөөгөө хангуулахаар албан ёсоор нэгдэж байжээ. 1997 онд Монгол Улсын Засгийн газар тогтоол гарган, жил бүрийн наймдугаар сарын 25-нд энэхүү түүхэн өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Түүнээс хойш манай улс Залуучуудын өдрийг тэмдэглэн ирсэн бөгөөд даруй 17 жилийг ардаа орхижээ.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор наймдугаар сарын 25-нд буюу “Монголын залуучуудын өдөр”-өөр 10.00-17.00 цагийн хооронд “Цагийн ажил-2” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна.

Хөдөлмөрийн яармагт 15-аас 20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучууд шууд зуучлагдахаараа онцлог юм. Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн залуучуудыг Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлуудад хамруулах бөгөөд хичээлийн бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах ажээ.Хөдөлмөрийн яармагт оролцсоноор ажил олгогчид хүний нөөц бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, лед дэлгэцээр компанийхаа сурталчилгааг гаргах, их дээд сургуулиудын оюутан залуучуудын төвлөрлийг бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчилах бол ажил хайгчид цагийн ажлын байранд шууд зуучлагдах, ажлын байрны талаарх бүх мэдээллийг авах, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжийг сонгох, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй байх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Японы эрдэмтэд агаар мандлын судалгааг хамтран хийв

Монгол улсын Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуул, Япон улсын Фукуока Их Сургууль, Куйшю Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг агаар мандлын дээд давхаргын агаар дахь аэрозолын найрлагыг тодорхойлох туршилт, судалгааг  энэ сарын 10-20-ны өдрүүдэд Горхи-Тэрэлж дэхь ШУТИС-ийн туршилт судалгааны талбайд амжилттай хэрэгжүүлсэн байна.

Судалгааны баг Горхи-Тэрэлжийн орчимд газрын гадаргуугаас дээш Стратосферийн давхарга хүртэлх орон зайд агаарын бөмбөлөг болон автомат удирдлагатай, судалгааны жижиг нисэх онгоцыг (UAV) ашиглан агаар мандлын босоо тэнхлэгийн дагуу агаарын массын найрлагыг тодорхойлох судалгаа явуулсан юм. Хэмжилтийн дээжийг Япон улсад шинжилж үр дүнд судалгааны багийн экспертүүд дүн шинжилгээ хийж хамтарсан судалгааны тайлан гаргах аж. Мөн энэхүү туршилт судалгааны талаар Япон улсын RKB телевизийн сэтгүүлчид баримтат киноны  зураг авалт хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Залуус цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэгийг цэвэрлэв

Ажиа Гэгээнтний  санаачилгаар,  гадаад дотоодын сүсэгтэн олон шавь, сайн санаат хүмүүсийн хандиваар босож буй “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн бүтээн байгуулалтын ажилд Монголын залуучуудын холбоо нэгдэжээ. Тодруулбал, Монголд анх удаа хүүхдэд зориулан баригдаж буй энэхүү эмнэлгийн нээлт энэ сарын 28-нд боно. Нээлтийн арга хэмжээнээс өмнө буюу өчигдөр залуус нэгдэж, барилгын дараах их цэвэрлэгээг хийсэн байна.

Монголын залуучуудын холбооноос санаачилсан энэхүү сайн үйлсийн аянд Энэрэл нигүүсэл оюун билгийн төв, МЗХ – ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж , Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн зүүн бүс ОНӨААТҮГ, Цус сэлбэлтийн үндэсний төв, Залуу дугуйчин клуб хамтран зохион  байгуулсан бөгөөд дэмжигч байгууллагаар Cannondale дугуйн дэлгүүр, ДЦС- 4 ТӨХК-ий залуучуудын зөвлөл, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Сүү хувьцаат компани,  MNG event consulting business service, Хан – Уул дүүргийн Түшээ дунд  гол – Өргөө ОНӨААТҮГ, НЗД-ын дэргэдэх ХЗСХТЦ-ын Залуучуудын төв, Монголын Сурагчдын холбоо, МУИСОХ,ОК хамтран оролцсон юм.

Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн бүтээн байгуулалтын ажилд туслахаар нийт  70 гаруй хүүхэд багачууд, оюутан залуус хүрэлцэн ирсэн. Уг үйл ажиллагааны нээлтэнд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат,  Энэрэл нигүүсэл оюун билгийн төв тэргүүн Ажиа Ринбүүчий, Анагаах ухааны доктор Ч.Батнайрамдал, “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эмчилгээ хариуцсан захирал н.Алтанцэцэг гэхчилэн нэр хүнд бүхий зочид хүрэлцэн ирж үг хэлсэн юм.

Өнөө цагийн бурханы шашны оройн дээд эрдэмтэн мэргэдийн нэг болох Ажиа Ринбүүчий хүүхэд залуустаа хандаж “Хүн ямар ч шашныг шүтэх нь онцын чухал биш. Чухам хүний төлөө сайн сайхан зүйл хийх, буян хийхэд шашин хамаагүй. Эмнэлэг барих болсон минь ч шашинтай шууд хамааралгүй. Өвчин, зовлон ямар ч шашинтай, хэнийг ч тойрохоо хүрвэл тойрдог нь ертөнцийн жам. Гагцхүү орчлон хорвоод хүнд тустай, буян хийж байх нь хорвоогийн сайн буян юм шүү” гэдгийг онцгойлон хэлж байв.

Сайн үйлсийн аян нэгдсэн залуус  долоон давхар эмнэлгийн  цонхны дотор тал, паар, залгуур арчих,эмнэлгийн өрөө танхимуудад цэвэрлэгээ хийсэн ба гаднах талбайн хогийг цэвэрлэн,  гадаад талбайд нь ДЦС-4 ТӨХК-ийн  залуучуудын зөвлөлийн  хийсэн төмөр сандалыг байршууллаа. Сайхан сэтгэл, эрч хүчээр дүүрэн залуус “ Олны хүч оломгүй далай”  гэдгийг харуулсан юм. Их цэвэрлэгээнд оролцсон бүх залуусыг  “Сүү” ХХК-ий хамт олон  идээний дээж болсон цагаан сүү, амтат таргаар дайлсан юм. Ажиа Гэгээнтэн өөрийн болон олон сайхан шавь, сүсэгтэн  олны хандиваар баригдсан энэхүү эмнэлэг нь нийт 75 ортой байх бөгөөд дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай байх аж. Уг эмнэлгийг  тун удахгүй ашиглалтанд оруулж Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан баяр энэ өдрүүдэд тохиож байна.

Тухайн үед эдүгээгийн Дорнод аймгийн  Халх гол сум дайны талбарт хамгийн их хүнд ачааг үүрсэн байдаг билээ. Өөрөөр хэлбэл, фронт дээр байсан манай эх орны хамгийн хүнд ачааг үүрсэн засаг захиргааны нэгж юм.

Ийм учраас Халхын голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Халх гол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

14 талбайд сонгон шалгаруулалт зарлажээ

Ашигт малтмалын газарт баасан гаригт “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулахт зарлах тухай” сэдвээр хэвлэлийн бага хурал болов.

Баянгол дүүргийн шүүхийн  2013 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор “Ашигт малтмалын тухай хууль”-ийн  20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн  26.9 дүгээр зүйл заалтуудыг  тус тус зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр 106 тусгай зөвшөөрөл олгосон байна гэж үзэж  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2006 оны “Ашигт малтмалын тухай хууль”-ийн дээрх заалтууд нь “Цуцлагдсан, дуусгавар болсон,  талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцааж өгсөн бол”  хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохгүй, сонгон шалгаруулалтын журмаар олгохоор  зохицуулсан байдаг. 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дээрх талбайнуудад сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангах, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс  Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоол гарч  тус тогтоолоор  “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.

Тус журмаар тухайн талбайд зарлах сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох,  сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс томилох, сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зохицуулалтыг  журамлаж өгсөн.

Сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоохдоо ашигт малтмалын хайгуулын  талбайг эзэмшиж эхэлсэн үеэс хүчингүй болох  хүртэл  хугацаанд зарцуулсан зардлыг жил бүрийн хайгуулын ажлын тайлан, санхүүгийн болон татварын тайланд тусгасан зардлаар тооцон тогтоож байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажсан зардлаар тухайн талбайд зарлах сонгон шалгаруулалтын  “босго үнэ”-ийг тогтоож гаргасан зардлаа баталгаажуулсан эхний 14 талбайд ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болсоныг мэдэгдэж байна.

Дээрх 14 талбайд гаргасан зардлаа баталгаажуулсан тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд босго үнэ төлөхгүйгээр сонгон шалгаруулалтад оролцох давуу эрхтэй.

Эхний ээлжинд зарлах 14 талбайн товч мэдээлэл:

Тус 14 талбай нь 6 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдах ба нийтдээ 163,565.05 га талбайг эзэлж байна. Үүнээс:

•    Баянхонгор аймагт  6

•    Дорноговь аймагт 3

•    Дундговь аймагт 1

•    Өмнөговь аймагт 1

•    Дундговь болон Өмнөговь аймгийг дамнасан 1

•    Ховд аймагт 1

•    Улаанбаатар хотод 1 талбай харъяалагдаж байна.

Талбайн хэмжээний хувьд хамгийн бага талбай нь 94.49 га, хамгийн том талбай нь 56,098.52 га байх аж. 

Categories
мэдээ нийгэм

Сондгой тоогоор төгссөн автомашины хөдөлгөөн хязгаарлагдана

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан авто зам, уулзваруудын засварын ажлыг дуусгаж, хөдөлгөөн нээх, автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “ Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний  ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/714 дугаар захирамж гаргасан.

Захирамжийн дагуу /08 дугаар сарын 22/-өөс эхлэн 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 07-21 цагийн хооронд  автомашины улсын дугаарын сүүлчийн орон  тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар түр зохицуулалт хийж байна. Энэ зохицуулалтын дагуу өнөөдөр автомашины улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин хязгаарлагдсан бүсэд замын хөдөлгөөнд оролцох юм.