Categories
мэдээ нийгэм

“Discover Mongolia” чуулга уулзалт ирэх долоо хоногт болно

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” олон улсын чуулга уулзалт 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Прайм инфо” ХХК хамтран  зохион байгуулах энэ удаагийн олон улсын чуулга уулзалт ирэх сарын 4-5-ны өдрүүдэд болно.  Эрх зүйн орчин, алт-нүүрсний өнөөгийн байдал, төслийн санхүүжилт, геологи хайгуул, газрын ховор элемент гэсэн сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд болох бөгөөд чуулга уулзалтад Монгол Улсын  Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг, салбарын бусад албаны хүмүүс оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

56.3 сая төгрөгөөр бичил цэцэрлэг байгуулжээ

Сонгионхайрхан дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд 130 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажлын нэг болох бичил цэцэрлэгийг шаиглалтад оруулсан байна. Тус дүүргийн 15 дугаар хорооны 20 дугаар байрны гадна талбайд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, сүүдрэвч, гэрэлтүүлэг бүхий бичил цэцэрлэгийг нийт 56.3 сая төгрөгийн өртөгтэйгөөр “Ган үүд” ХХК хийж гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

468.8 мянган тонн буудай хурааж авна

Энэ жил улсын хэмжээнд  306.1 мянган га-д үр тариа, 16.2 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 32.3 мянган га-д тосны ургамал, 11.1 мянган га-д тэжээлийн ургамал, 712  га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 373.5 мянган га-д тариалалт хийжээ. Ургацын урьдчилсан балансаар 481.0 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн  тосны ургамал, 30.8 мянган тонн  малын тэжээлийн ургамал хураан авах тооцоо гараад байгаа аж. Энэ нь  нэг га-гаас дунджаар 15.9 цн үр тариа, үүнээс 16.0 цн буудай, 128.6 цн төмс, 138.9 цн хүнсний ногоо, 8.8 цн тосны ургамал, 22.0 цн  малын тэжээлийн ургамал хураан авах боломжийг бүрдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Дулаалгын аян ирэх сарын 15-наас эхэлнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон байраа дулаалах замаар дулаан хэмнэдэг зөв дадалд бүх нийтийг уриалах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Дулаалгын аян зохион байгуулах тухай” А/654 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Дулаалгын аянг 09 дүгээр сарын 13-наас 10 сарын 30-ны хооронд зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд Чингисийн талбай болон нийслэлийн дүүргүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг өвөлжилтийн бэлтгэл хангах, орон байраа дулаалах ажилд уриалж сурталчилгааны өдөрлөг болно. Мөн дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, өртөг багатай, шинэ дэвшилтэт технологийн амины орон сууцнуудын талаар тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж танилцуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хуульчийн мэргэжлийн шалгалтын товыг зарлалаа

Монгол Улсад хуульчдыг тусгай шалгалтаар сонгон шалгаруулж гэрчилгээжүүлэх ажил 2004 оноос эхэлсэн бөгөөд Шүүхийн шинэтгэлийн багц ажил, энэ дундаа хуульчдын эрх зүйн байдал шинэчлэлтэй холбоотойгоор шалгалтын зохицуулалтын хувьд томоохон өөрчлөлт орсон юм.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх шилжилтийн зохион байгуулалт, бэлтгэл ажилтай холбоотойгоор хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2013 онд зохион байгуулаагүй тул эрх зүйч олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсээд байсан билээ.

Тэгвэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох хуульчийн мэргэжлийн шалгалт 2014 оны 11 дүгээр сарын 12, 13, 14-ний өдөр товлогдлоо.

Шинэ хуулиар хуульч ба бусад эрх зүйн боловсролтой этгээдийн эрх үүрэг, хариуцлагын ялгааг тодорхой болгосонтой холбоотойгоор өмнөх сонгон шалгаруулалтаас тус шалгалтын ач холбогдол, үр дагавар мөн өөрчлөгдөж байгаа юм. Тухайлбал цаашид өмгөөлөгчийн тусдаа шалгалт байхгүй, хуульчийн шалгалтанд тэнцсэнээр хуульчдын өөрийн удирдлагын байгууллага болох Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсэх, шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нэмэлт шалгалтгүйгээр эдлэх боломжтой болох юм байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмыг өмнө үйлчилж байсан хууль зүйн зохицуулалтын үр нөлөөний үнэлгээ ба хуульчдын дундах судалгаанд суурилж боловсруулжээ. Судалгааны хүрээнд шалгалтын хэлбэр, агуулгыг шинэчлэх хэрэгцээ тодорхой харагдсан бөгөөд шударга байдалд үл итгэх байдал зонхилж, жинхэнэ хуульчид тавигдах мэдлэг, ур чадварыг сорьж чадахгүй байна гэсэн дүгнэлт хийсэн.

Иймд шинэ журмыг шалгалтын зохион байгуулалтанд аль болох хүний субьектив нөлөөлөл орох бололцоог хязгаарлах, нарийвчлан журамлах, цахим хэлбэрт шилжүүлэх, хяналтын механизмыг ажиллуулах, нууцлал ба шалгалтын шударга байдалд нөлөөлөхөөргүй бүх мэдээллийн ил тод байдлыг хангах, бүртгэл гэх мэт оролцогчдын тооноос шалтгаалан ачаалал шаардсан ажлыг цахимжуулах чиглэлийг барьж боловсруулсан байна. 

Хуульчийн шалгалт нь сорилгын ба бодлогын шалгалтаас бүрдэх бөгөөд аль алиныг нь тусгайлан бэлтгэсэн танхимд, компьютер дээр авахаар бэлтгэж байна. Шалгалтын бүртгэл тов зарласан өдрөөс эхэлж хуульчийн мэргэжлийн шалгалтын өдрөөс 30 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 13-ны өдөр дуусна. Шалгалтанд оролцохыг хүсэгчид дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.legalinstitute.mn/ хаягаар авах, бодлого ба сорилгын шалгалтын туршилтын хувилбаруудыг үзэж сонирхох боломжтой юм. Мөн шалгалтын жишиг сорилгын хураамжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрт худалдаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн тарах цагийг сунгахыг хүсэв

Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт төрийн өмчит цэцэрлэгүүдийн тарах цагийг хойшлуулж, 18.00 цаг болгох хүсэлт илгээжээ.

Төрийн өмчийн цэцэрлэгүүд өглөө 08.00-08.30 цагийн хооронд хүүхдүүдийг хүлээн авч оройн 17.00 цагт тардаг нь ажил албатай аав, ээжүүдийн хувьд “хүүхдээ авах-ажлаа таслах” сонголтод хүргэж гэр бүл болон ажил олгогчид хүндрэл учруулдаг байна.

Иймээс эмэгтэйчүүд, залуу гэр бүлүүдийн ажиллах болоцоог хангаж энэхүү асуудлыг нааштайгаар шийдэж байна гэдэгт итгэж байгаагаа хүсэлтэд дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Дугуйгаар аялагчдыг үнэгүй тээвэрлэнэ

“Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь хоёр үе шаттай хэрэгжинэ. Нэгдүгээр шат нь өнөөдрөөс ирэх сарын 28-ны өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалга, хоёрдугаар үе шат нь 12 дугаар сарын нэгнээс гуравдугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ гэсэн төрлүүдээр явагдана.

“Эрүүл иргэн-Эко хөгжил” хөтөлбөрийн нээлт өнөөдөр 11.00 цагт Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт болно. Дугуйн аялал, зугаалгаар эхэлж буй хөтөлбөр долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хэрэгжих юм. Энэ өдрүүдэд дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, төрөл бүрийн унадаг дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, дугуйн дагалдах хэрэгслийн  худалдаа, дугуй засварын үйлчилгээ, X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, элсний волейболийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк зэрэг цэвэр агаарт амралтын өдрүүдээ өнгөрүүлэх таатай боломжийг нийслэлчүүддээ санал болгож байгаа юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс ирэх сарын 28-ны ням гаригийг дуустал бямба, ням гарагуудад өглөө 10.00  цагаас оройн 20.oo цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын гаднаас 2 цаг тутамд автобус явж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Барилгын коллежийн хичээлийн жилийн нээлтэнд оролцоно

УИХ-ын дарга З.Энхболд жил бүрийн 09
дүгээр сарын 01-ний өдөр шинэ хичээлийн жилийн нээлтэнд оролцдог
уламжлалтай. Тэрбээр энэ жил Барилгын Политехник коллежийн “Эрдмийн
баяр”-ын нээлтэнд оролцох бөгөөд тус сургуулийн шинэ хичээлийн жилийн
нээлт ирэх даваа гаригийн 09.00 цагт Эрдмийн өргөөндөө болох юм.

УИХ-ын даргын зочлон очих Барилгын
Политехник коллежийн хувьд анх 1954 онд Аж үйлдвэрийн техникумын дэргэд
22 оюутантай Барилгын салбар байгуулж улмаар 1960 онд дөрвөн салбар 540
оюутантай Барилгын техникум болгон өргөжүүлсэн түүхтэй. Барилгын
Политехник коллеж нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа бөгөөд
мэргэжлийн анхан шатны 10 мэргэжил, техникчийн таван мэргэжлээр сургалт
явуулдаг юм. Байгуулагдсан цагаасаа хойш 50 гаруй жилийн хугацаанд нийт
8500 гаруй тусгай дунд боловсролтой техникч, 20,000 гаруй барилгын
нарийн мэргэжилтэй ажилчин дипломын дээд боловсролтой инженер бэлтгэн
гаргасан нь өнөөдөр эх орны барилгын болон бусад салбаруудад үр
бүтээлтэй ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Цэцээ гүн” орчмын хогийг цэвэрлэжээ

Хууль сахиулахын их сургуулийн албан хаагчид жил бүр Богд хан уулын оргил буюу “Цэцээ гүн”, “Хийморийн овоо”, Манзуширын хийд  орчмын хогийг цэвэрлэдэг байна.

Энэхүү уламжлалын дагуу их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын 150 орчим сонсогч, албан хаагч өчигдөр Богд хан уулын “Цэцээ гүн”-ий орчмын хогийг цэвэрлэжээ. Энэ удаагийн цэвэрлэгээгээр 120 орчим шуудай хогийг цэвэрлэсэн ба энэ нь өнгөрсөн жилүүдээс харьцангуй бага хог гарсан гэж тус сургуулийн албан хаагч ярив.

Тус сургуулийн сонсогчид “Цэцээ гүн” орчмын хогийг цэвэрлэсний дараагаар олс татах, уулын оргил булаалдах, хээрийн цай чанах, хөгжөөнт буухиа гэсэн дөрвөн төрлийн тэмцээнээр уралджээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” хөтөлбөр дахин хэрэгжинэ

Нийслэлийн Цагдаагийн газар, НИТХ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг өнгөрөгч долоодугаар сарын 1-ний өдрөөс энэ сарын 25-ныг хүртэл хэрэгжүүллээ.

Өнөөдөр ЦЕГ-ын Цагдаа, олон нийтийн төвд “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болж, дээрх байгууллагын удирдлагууд болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн 44 чиглэлд  үүрэг гүйцэтгэсэн 88 оюутан цагдаа нар оролцлоо.  Оюутан цагдаа нар 186 цаг ажилласан ба 600 гаруй мянган төгрөгийн цалин  урамшуулал авсан байна. Энэ жилийн “Оюутан цагдаа” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн учир тус хөтөлбөрийг ирэх жил хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ цар хүрээгээ өргөжүүлэн нийт 200 оюутныг хамруулахаар төлөвлөж буй юм байна.

“Оюутан цагдаа” хөтөлбөрийг жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн. Оюутан цагдаа нар үүрэг гүйцэтгэсэн хугацаандаа 70 гаруй гэмт хэргийг таслан зогсоожээ.  Хөтөлбөр хэрэгжихээс өмнө оюутнуудад жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлагийн хичээлийг мэргэжлийн багш нар заасан билээ.