Categories
мэдээ нийгэм

Ахуй үйлчилгээний уулзварыг нээлээ

Хичээлийн шинэ жил эхэлсэнээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ахуйн үйлчилгээний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг 24 цагаар гүйцэтгэн, өнгөрсөн шөнө замын өнгө хучилтыг бүрэн хийж, дуусгасан байна.

Ингэснээр Ахуйн үйлчилгээний зорчих урсгал бүрэн нээгдэж, дээрх бүс рүү зорчиход бэрхшээлгүй боллоо. Дээрх замд мөн өнгөрсөн шөнө тэмдэг, тэмдэглэгээр бүрэн хийж дуусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын 196 иргэн гадаадад гэмт хэрэгт холбогджээ

Энэ оны эхний найман сард хилийн чанадад манай улсын нийт 196 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газарт ирүүлжээ. Энэ хугацаанд БНХАУ-д 116, БНСУ-д 28, Турк-д 6, Хонконг-6, АНУ-д 13, ОХУ-д 6, Чех-д 4, Польшид  4, Сингапурт  5, Тайваньд 3, Унгарт  2, Австри, Англи, Франц Улсад тус бүр 1 иргэн саатуулагдсан байна.

Хэргийг төрлөөр нь авч үзвэл хулгай 102, хүний амь нас хохироосон 2, хориотой бараа хилээр нэвтрүүлэх, хил гаалийн журам зөрчсөн 22, визийн хугацаа хэтрүүлэн оршин суух журам зөрчсөн 22, биеэ үнэлсэн 10, танхайн хэрэг 16, хүчин 9, хар тамхи биедээ авч явсан, хэрэглэсэн 4, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хэрэгт монголчууд сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа аж.

Үүнээс гадна гадаадын 21 оронд 148 иргэн ял эдэлж байгаа бөгөөд тэдний 36 нь хар тамхи, 33 нь хулгай, 12 нь танхай, үлдэх 67 нь бусад хэргээр ял хорих ял эдэлж байна.  Харин ялтан шилжүүлэх гэрээний дагуу БНСУ-аас 2, Чех улсаас нэг иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь эдлүүлэхээр шилжүүлэн авчирчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржав анхны тушаалаараа Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн хурандаа нарыг шалгах үүрэг өгчээ

ЦЕГ-ын шинэхэн дарга тэргүүн комиссар С.Баатаржав анхныхаа тушаалыг гаргалаа. Өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газрын хуралдаанаар томилогдож, баасан гаригт тэргүүн комиссар цол авсан С.Баатаржав ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрыг хуралдуулав. Ингэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн гэх хурандаа болон зарим газар хэлтсийн дарга нарыг шалгах асуудлыг ярилцсан байна. Улмаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдлын хэлтэст хурандаа нарыг шалгах үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын дарга Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, УМБГ-ын дарга Ц.Батсүх, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх нарыг шалгаж эхэлсэн аж. 

Тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогдсон  Г.Сарангэрэлийг дээрх хурандаа нар зориуд хөдөлгөсөн хэмээн үзэж байгаа бололтой. 

Categories
мэдээ нийгэм

Болгарын Благоевград мужид суух өргөмжит Консулын газрын нээлтийн үйл ажиллагаа болов

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсын Благоевград мужид суух Өргөмжит консулын газрын нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Софи хотноо болов. Тус мужид суух Өргөмжит консулаар Эдийн засгийн ухааны доктор, БАЛКАН Консалт компанийн тэргүүн Пенчо Иванкин томилогдсон юм. 

Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад харилцааны яамны Ази, Австрали, Номхон далайн газрын захирал Ангел Обецов, Өргөмжит консул Пенчо Иванкин нар үг хэлж, Өргөмжит консулд түүний патент, тамга зэрэг шаардлагатай материалуудыг гардуулан өгч, ажлын өндөр амжилт хүсэв.

Өргөмжит консул Пенчо Иванкин нь Болгар Улсын Благоевград мужид ажиллах Монгол Улсын анхны Өргөмжит консул бөгөөд тэр бээр тус мужид ажиллаж, амьдарч, сурч буй Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол-Болгар хоорондын  бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсыг Болгар Улсад сурталчлах ажилд  өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа  илэрхийлэв.

Өргөмжит консулын газрын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Дүгэржав, Зөвлөх Д.Ганболд, Гуравдугаар нарийн бичгийн дарга А.Амартүвшин, Болгар Улсын Гадаад харилцааны яамны Ази, Австрали, Номхон далайн газрын захирал Ангел Обецов, тус газрын Зүүн өмнөд азийн хэлтсийн дарга Краснодар Колев, Өргөмжит консул Пенчо Иванкин болон Болгар Улсын төр, засгийн байгууллагын холбогдох албаны хүмүүс, бизнесийн салбарын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.

Categories
мэдээ нийгэм

Автобуснууд хуучин маршрутаараа явж эхэллээ

Замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулсан билээ. Мөн энэ үеэр нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршиж, маршрутыг нь өөрчилсөн юм. Тухайлбал, иргэд нэг өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар зорчиж эхэлсэн. Иргэд 500 төгрөгний тасалбарыг дэмжиж байсан ч, шинэ маршрутад шүүмжлэлтэй хандаж байсан тул өнөөдрөөс эхлэн туршилтын хугацааг зогсоож байгаа юм. Өнөөдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчилж байна.  

Categories
мэдээ нийгэм

ЗБГХТГ-ын дарга Ц.Батсүхийг ажлаас нь чөлөөлжээ

ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав өнгөрсөн баасан гарагт ажлаа хүлээж авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэрбээр ажлаа хүлээж авсаныхаа дараа хэд хэдэн хүнийг албан тушаалаас нь буулгажээ.  Тодруулбал,  ЗБГХТГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өттэй хоолоор үйлчилсэн гэх хятад хоолны газрыг түр хаажээ

Энэ сарын 27-ны өдөр Кино үйлдвэрийн баруун талд байрлах “Лян Хө” хэмээх Хятад хоолны газар өттэй хоолоор үйлчилсэн мэдээ цахим ертөнцөөр тараад байсан.

Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу МХЕГ, НМХГ-ын удирдлагаас өгсөн үүргийн дагуу БЗД-ийн  МХХэлтсийн даргын баталсан 11/105 тоот удирдамжтай шалгалтаар Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Нандинхүү” ХХК-ний “Лянь – Хө” зоогийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. 

Уг шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг үндэслэн улсын байцаагчийн 11 заалт бүхий 28-03-207/171 дугаартай акт үйлдэн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Улмаар  “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16.1.3 дахь заалтыг үндэслэн тус аж ахуй нэгжид 960,000 мянган төгрөгөөр торгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд 92-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

Маргааш 9 дүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр.

Энэ өдөр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТР-ээр хичээл заадаг уламжлалтай. Харин УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог билээ.

Энэ удаад УИХ-ын дарга З.Энхболд Барилгын Политехник коллежийн “Эрдмийн баяр”-ын нээлтэнд оролцох бөгөөд тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт,  даваа гаригийн 09.00 цагт Эрдмийн өргөөндөө болох юм.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг 08:20 цагт Баянзүрх дүүргийн  92 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

В.Путины айлчлал зургаан цаг үргэлжилнэ гэлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх лхагва гариг буюу есдүгээр сарын 3-нд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ. Гэхдээ түүний айлчлалын хөтөлбөрийг олон нийтэд ил болгоогүй байгаа юм. Ямартаа ч түүний айлчлал зургаан цаг үргэлжилнэ гэдгийг албаны хүн хэллээ. 

Энэхүү айлчлалын хүрээнд манай улсын зүгээс транзит тээвэр, төмөр замын царигийн асуудлаас гадна Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх асуудлыг ярилцахаар төлөвлөөд байгаа юм байна. Мөн ОХУ руу зарим хүнсний бүтээгдэхүүн ялангуяа мах экспортлох асуудал болон нийгэм соёлын бусад хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцах гэж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” арга хэмжээ өндөрлөв

“Оюутан цагдаа” арга хэмжээг өнгөрсөн зургадугаар сарын 25-наас энэ сарын 25-ны хооронд зохион байгуулж, хаалтаа хийлээ.  “Оюутан цагдаа”-д  гадаад хэлний мэдлэг бүхий эрэгтэй 34, эмэгтэй 54, нийт 88 оюутныг Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төвд холбогдох хууль, эрх зүйн анхан шатны мэдлэг болон хэрхэн аюулгүй байдлаа хангах, харилцааны соёлын талаарх мэдлэгийг олгох 12 цагийн сургалтыг зохион байгуулж, нийт 88 оюутантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Оюутан цагдаа нар Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Төмөр замын буудал, Нисэх онгоцны буудал, Хүй долоон худаг зэрэг жуулчид, гадаадын иргэд ихээр зорчдог цэгүүдэд ажиллажээ.

Ингэхдээ давхардсан тоогоор 238 цагдаагийн алба хаагчтай хамтран ажиллаж, нийт 12823 иргэнд туслалцаа үзүүлэн ажилласнаас 10083 гадаадын иргэнд тусламж үзүүлэн, гэмт хэрэгт өртөж хохирсон таван гадаадын иргэнийг харьяа цагдаагийн хэлтэст хүргэн өгч, 22871 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, хэвлэмэл хуудсыг тараан холбогдох мэдээллээр ханган ажилласан байна.