Categories
мэдээ нийгэм

Путиныг ирэх үеэр хөдөлгөөний түр хязгаарлалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович манай улсад маргааш буюу есдүгээр сарын 3-ны өдөр ажлын айлчлал хийхээр болоод буй.Энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.  Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг,  Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийхээр болжээ. Гэхдээ энэ ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулна гэж байна. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас хүсэв. Хамгаалалт хийгдэх нутаг дэвсгэр, цагуудын талаарх мэдээллийг тухайн үед нь Цагдаагийн ерөнхий газрын алба ёсны цахим сайт болох www.police.gov.mn, цахим хуудас www.facebook.com/policemng хаягууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх юм байна. Үүнээс гадна  “Авто радио 96,3” фм дээр долгионоо тааруулан тухайн өдрийн ачаалалтай зам, цагийн талаархи мэдээллийг тогтмол хүлээн авах боломжтой аж. 

Categories
мэдээ нийгэм

Ажиа гэгээнд хүндэтгэл үзүүллээ

Өнгөрсөн долоо хоногт “Энэрэл нигүүсэл оюун билгийн  төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвданы санаачилгаар бүтээн босгосон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” нээгдсэн.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Ажиа гэгээнтэнд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барьж эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. Тус эмнэлэг нь манай улсын анхны цусны эмгэг, хавдрын өвчтэй хүүхдэд зориулсан төрөлжсөн эмнэлэг болж байгаа юм.

Хүүхдийн цусны эмгэг хавдрын эмнэлэг нь подволтойгоо долоон давхар. барилгын нийт өртөгийг анх 4.1 тэрбум төгрөг гэж тооцоолж байсан ч зах зээлийн үнэ ханшаас шалтгаалж зургаан тэрбум гаруй төгрөгөөр босжээ. Хамгийн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглосон тус эмнэлэг нь 4600 м квадрат талбайтай, нийт 75 ортой. дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай юм. Мөн Ажиа гэгээнтэн энэ эмнэлэг бол олон түмний буянаар боссон эмнэлэг, Монголчууд нэг нэгнээ хүлээлгүй хийх хэрэгтэй хэмээж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй 1289 иргэн байна

Цахимаар эхний таван байршилд  газар өмчлөх эрхтэй болсон иргэд 15 хоногийн дотор өргөдлөө баталгаажуулах ёстой байсан билээ. Тэгвэл өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн хүсэлтийг  өнгөрөгч бямба гарагт автоматаар хүчингүй болгосон талаар албаныхан мэдээллээ.  

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүү “Энэ жилээс эхлэн нийслэлийн хэмжээнд 52 байршлын 15 га газрыг өмчлүүлэхээр болсон. Газар өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар сонгож, эхнээсээ өмчлүүлээд явж байна. Гэвч газар өмчлөх эрх нь үүсчихээд байхад өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн эрх наймдугаар сард дууссан. Одоогоор хэчнээн иргэн эрхээ баталгаажуулаагүй вэ гэх албан тоо гараагүй байна. Бидэнд мэдэгдснээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын аманд газар өмчлөх эрхтэй болсон 4189 хүнээс ердөө 2900 нь л өргөдлөө баталгаажуулсан гэх мэдээ ирээд байгаа. Тэгэхээр эрхээ баталгаажуулаагүй 1289 иргэн байгаа гэсэн үг. Энэ тоо бусад дүүргүүдээс нэмэгдэх магадлалтай” гэлээ. 

Categories
мэдээ нийгэм

Г.Болдбаатар аваргын аав, ээжид хүндэтгэл үзүүллээ

“Челябинск 2014” жүдо бөхийн дэлхийн аваргаас манай баг, тамирчид нэг алт, нэг мөнгөн медальтай буцаж ирсэн билээ. Тэмцээний эхний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин, ОУХМ Г.Болдбаатар  алтан медаль хүртэж, эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан юм.

 Мөн багийн төрөлд манай эмэгтэй жүдочид Францын багтай өрсөлдөж, мөнгөн медаль авсан. .

Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын удирдлагууд болон багш дасгалжуулагч нар Булган аймгийн Хангал суманд намаржиж буй Г.Болдбаатар аваргын  аав, ээжид нь баяр хүргэн, хүндэтгэл үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ахмад дайчдад шагнал гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан зарим ахмад дайчдад шагнал гардуулна. Ёслолын ажиллагаа маргааш 11.00 цагаас болох юм байна. Халх голын дайнд оролцсон ахмад дайчдаас эдүгээ 34 нь энх тунх амьдарч байгаа ажээ. Тэдний хамгийн отгон нь 95 настай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар самар түүвэл 2.8 сая хүртэл төгрөгөөр торгоно

Хууль бусаар самар бэлтгэсэн нь тогтоогдвол иргэнийг 2.8 сая хүртэл төгрөгөөр торгох юм байна. Уг нь хуш модны самрыг жил бүрийн аравдугаар сарын 15-наас хойш түүх ёстой байдаг аж. Ингэснээр болц нь гүйцэж, түүхэд ч хүндрэл багатай тусдаг байна. Гэвч наймдугаар сараас эхлэн хүмүүс самар түүж, иргэдийн гар дээрээс худалдаалж эхэлдэг билээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Иргэн бүр 25 кг хүртэлх самрыг түүх эрхтэй байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

ТӨХ-ны дарга “МИАТ” ХК-ийн дарга нарыг дуудаж уулзжээ

Өнөөдөр Төрийн өмчийн хорооны удирдлага “МИАТ” ХК-ийн Тамгын газрын дарга Б.Баасанцогт, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Даваасүрэн нарыг дуудаж уулзсан байна. Уулзалтаар “МИАТ” ХК-ийн 2014 оны хагас жилийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын тайланг сонсчээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс, Ухаалаг төр лүү” санаачлага болоод Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд төрийн өмчит хуулийн этгээд, компаниудын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар талууд ярилцсан байна.

Энэ үеэр холбогдох албаныхан “МИАТ” ХК-ийн одоогийн бүтцийг цогцоор нь сайжруулах, боловсон хүчний чадавхийг ахиулах, ажиллагсдийн ёс зүй, дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар ТӨХ-ны удирдлагын түвшинд санал санаачлага гаргаж ажиллахаа илэрхийлжээ. Мөн “МИАТ” ХК-ийн хариуцлагатай албан тушаалтан болон гадаад улс оронд төлөөлөгчөөр сууж буй зарим хүмүүстэй хариуцлага тооцох, ёс зүйн асуудлыг эргэж ярихаар энэхүү албаны уулзалт өндөрлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1-нд дөрвөн хүүхэд зам тээврийн осолд оржээ

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд улсын хэмжээнд дөрвөн хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх насны, гурав нь сургуулийн насны хүүхэд байсан аж.

Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр сургуульд нь явуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо ногоон гэрлээр гарах ёстой талаар хэлж ойлгуулах хэрэгтэй. Мөн жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал, сонор сэрэмжтэй оролцохыг холбогдох албанаас анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт төмсний үйлдвэр барьж байна

“Буянт баялаг өгөөж” ХХК-ийн тариаланчид, болон хувь хүмүүс нийлэн  Ховд аймгийн Буянт суманд төмс боловсруулах үйлдвэр барьж эхэлжээ.  Тус үйлдвэр нь 150 кг төмс боловсруулах хүчин чадалтай бөгөөд төмсний гурил, цардуул, чипс, шарсан төмс зэрэг бүтээгдэхүүн бэлтгэх юм байна. Энд нийтдээ 25-35 хүн ажиллуулах боломжтой аж. Одоогоор барилгын ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Тус үйлдвэрийг барихад Монгол Улсын Засгийн газраас 269 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газраас эмгэнэл илэрхийллээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар албан үүргээ гүйцэтгэж яваад, автомашины ослын улмаас харамсалтайгаар амий алдаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хүнд гарз тохиолдсонд гүнээ эмгэнэн гашуудаж байна.

Амь эрсэдсэн албан хаагч та бүхний минь  Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Улс эх орондоо зориулсан ажил үйлс тань Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

Талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн гүн эмгэнэл илэрхийлж байна.

 Монгол Улсын Шадар сайд, ажлын алба

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, даргын зөвлөлийн гишүүд,

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн