Categories
мэдээ нийгэм

Гурван жил өвдөөгүй, эрүүл мэндийн даатгал төлөгчид урамшуулалтай

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 5
дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалд
даатгуулагчийг урамшуулах журам”-ыг  баталсан  аж. 

Энэхүү журмаар эрүүл мэндийн
даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалсан гурван  жил эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж,
үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн  үзлэгт нэг
удаа хамруулах, оношлогоо шинжилгээний багцыг тодорхойлох, эмнэлгийн байгууллагыг
сонгох  урамшуулал олгохоор болжээ.  Даатгуулагч оношлогоо, шинжилгээний
багцаа болон эмнэлгээ өөрөө сонгох, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх
боломжийг бүрдүүлсэн  журам юм байна.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ
хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн бөгөөд дараалсан гурван  жилийн хугацаанд эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээ аваагүй даатгуулагч НДЕГ-ын вэб хуудаснаас цахим хэлбэрээр
урамшууллын эрх хангасан эсэхээ шалгах,  өөрийн
харьяа нийгмийн даатгалын байгууллагадаа хандан эрүүл мэндийн даатгалын
гэрчилгээнд тэмдэглэгээ хийлгэснээр урамшууллын оношлогоо, шинжилгээний багц
болон нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмнэлгүүдээс сонгон
үйлчлүүлэх боломжтой.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь
урамшууллын үйлчилгээ авах нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг 80
000 төгрөгөөр  тооцон  2014 онд болзол хангасан 100,0 орчим мянган
даатгуулагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар
төлөвлөжээ.

Дээрх  болзолыг хангасан иргэд  ерөнхий шинжилгээ , хавдар, харшил
гэсэн гурван багцаас сонголт хийх эрхтэй.  Хавдрын багц сонгосон иргэн хавдрын бүх
төрлийн шинжилгээ хийлгэж болно. Харин хавдар илрээд цааш эмчлүүлэх бол өөрсдөө
төлбөрөө төлнө. Эрүүл мэндийн яамнаас баталсан 70 гаруй эмнэлэг үйлчилгээ
үзүүлнэ. Гурван жил эмнэлгийн үйлчилгээ аваагүй гэсэн “Урамшууллын
эрх” гэсэн дардасаа дэвтэр дээрээ даруулаад сонгосон эмнэлэг дээрээ очиж
энэ гурван багцаас шинжилгээ үнэгүй хийлгэх ажээ. 









Categories
мэдээ нийгэм

Бөөрний архаг дутагдалтай өвчтөний гемодиализийн аппаратаар эмчлүүлэх асуудлыг шийдвэрлэлээ

Бөөрний
архаг дутагдалтай өвчтөнд гемодиализийн эмчилгээ хийлгэдэг аппарат төрийн
эмнэлгүүдэд хангалтгүй байдгаас иргэд хувийн эмнэлэгт дээрх эмчилгээг төлбөртэй
 хийлгэж байна. Гемодиализийн аппаратад
нэг удаа орж эмчлүүлэхэд 250.000-320.000 төгрөг байдаг нь иргэн, хувь хүнд
хүндээр тусч байгаа бөгөөд цаашид эмчлүүлэх боломжгүй болоод байгаа хэсэг
өвчтөнүүд болон тэдгээрийн ар гэрийн хүмүүс  Эрүүл мэндийн яаманд хандлаа. 

Дээрх
иргэдтэй Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Я.Буянжаргал уулзаж, өнөөгийн бодит байдлын талаар тодорхой мэдээлэл өглөө.
Тухайлбал, гемодиализийн аппарат нэн шаардлагатай байгаа эмнэлгүүдэд одоогоор
30 ширхэгийг суурилуулж байна. Тодруулбал, Улсын нэг болон хоёрдугаар төв
эмнэлэгт тус бүр дөрвийг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Өвөрхангай, Орхон,
Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Сүхбаатар, Дархан-Уул,
Булган, Говь-Алтай, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл, согог судлалын
үндэсний төвд тус бүр хоёрыг, Дорноговь аймаг, Багануур дүүргийн Нэгдсэн
эмнэлэгт тус бүр нэгийг хуваарилсан. Дээрх аппаратуудыг тун удахгүй ашиглалтад
оруулснаар бөөрний архаг өвчтэй хүмүүсийн эмчилгээ хийлгэх ачааллыг тодорхой
хэмжээгээр бууруулна. Тэрээр мөн 2015 оны төсвийн саналд гемодиализийн аппарат
худалдан авахад 4 тэрбум төгрөгийн санал хүргүүлснийг уламжлав.

 Гемодиализийн
эмчилгээг хийлгэх шаардлагатай байгаа дээрх 31 иргэний эмчилгээг үргэлжлүүлэн
хийлгэхээр тэдний оршин суугаа газар, эмнэлгийн ачааллыг харгалзан уг тусламж,
үйлчилгээ авах хуваарийг гаргаснаа дуулгалаа. Салбарын яам өөрсдийн нөөц,
боломжоо ашиглан иргэдийн тавьсан асуудлыг ийнхүү шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

“Англо-Американ” компанийн төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын
газрын дарга П.Цагаан өнөөдөр уул уурхайн дэлхийд тэргүүлэгч компанийн нэг
“Англо-Американ” группын бизнес хөгжлийг хариуцсан тэргүүн Ж.Харман нарын
тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Англо-Американ”-ын төлөөлөгчид
Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой бөгөөд тусгай зөвшөөрөл олгож эхлэхийг
хүлээж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаа энэ үед Монгол
Улсад  хөрөнгө оруулах бодолтой байгааг сайшаав. Мөн манай улсад хөрөнгө
оруулж, үйл ажиллгагаа явуулах аливаа компани нь аль болох үндэсний компаниудыг
дэмжих, тэдний бараа үйлчилгээг авч, үндэсний боловсон хүчнийг ажиллуулж, орон нутгийн
иргэдийг үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулах нь нийгэмд зөв ойлгогдох,
нөгөөтэйгүүр бэрхшээл багатай байдгийг анхааруулсан юм.

Уулзалтын төгсгөлд нэмж хэлэхдээ
зарим хөрөнгө чинээтэй компани эзэн орноос том мэт загнадаг алдааг давтахгүй
байхыг зөвлөв.

 

Categories
мэдээ нийгэм

Оросын мэдээний сайт уншигчдын Монголын талаарх сэтгэгдэл

“Военное обозрение” сайт “Монгол
цэрэг-техникийн тусламжийг Оросоос авна” нэртэй мэдээ гарсан бөгөөд уншигчид нь
их сонирхолтой сэтгэгдэл үлдээжээ. Сайтад гарсан мэдээний сэтгэгдэл гэдэг хэдийгээр
баримт материал биш ч олны анхаарлыг татдаг нь нууц биш. Тиймээс дээрх мэдээний
дор орсон зарим нэгэн уншигчийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.

Баракуда гэгч Украины иргэн
“Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд авчихгүй дээ. Хичнээн их хөрөнгө орууллаа. Одоо
тэгээд бүхнийг шинээр эхлэх гэж үү?” 

Мөн Украины иргэн Андрей “Бид
монголчуудтай цэрэг цуглуулан Киев руу дайрна. Монголчууд тэгэх тусмаа анх удаа
ямар Киев руу дайрч байгаа биш” гэжээ. Үүний хариуд нь Баракуда “Монголчууд
одоо тэр талаар юу ч мэдэхгүй” гэв. 

Тус сайтын өөр нэгэн зочин Саша
“Монгол дэлхийн хоёрдугаар дайнд бидэнд маш их тус болсон. Морь тутмын нэг нь л
гэхэд Монголоос ирж байсан. Би энэ талаар мэдэхгүй л дээ, гэхдээ Монголоос бас
мах ирдэг байсан, бүр сүргээрээ шүү. Тэр хараал идсэн хоёрдугаар фронтоос илүү
чухал тусламж байсан. Монгол дайны эхний өдрөөс л бидэнд тусалж эхэлсэн. Үүнийг
бид хэзээ  ч мартаж болохгүй” хэмээлээ.

Хар хурандаа гэж өөрийгөө нэрийдсэн
нэгэн зочин “Монголд их хэмжээний ураны орд газар байдаг. Энэ чинь
ирээдүйд эрчим хүч шүү” гэв. Өөр нэгэн зочин “Америкчууд сүүлийн үед
Монголыг байнга сонирхож байгаа. Бидэнд түймэрт автсан хил лав хэрэггүй. Ийм
замыг бид туулсан, тиймээс зохих дүгнэлтийг хийсэн бололтой” гэж бичжээ. 

“Империал Колорад” гэгч зочин “Манай
бага ахан дүүс шиг лав бидний нуруунд хутга дүрээгүй ард түмэн дээ. Тусламж
үзүүлэх гэж байгаа нь зөв шийдвэр. Манай ар тал найдвартай байх ёстой”. Харин
Миг гэж өөрийгөө нэрлэсэн зочин “Монголд ямар нэгэн өнгөт хувьсгал гарах вий
дээ” гэж ихэд эмээв. Тэгвэл “ДМБ” гэгч “Монголчуудын харуулын цэрэг гэрэл зураг
дээр үнэхээр сайхан гарчээ, дэгжин байна” гэж магтлаа. Үүний хариуд Алекс
“Түүхэн уламжлалаа дагаж байна” гэж мэдэмхийрэв.

Игорь гэгч эр “Би Монголд цэргийн
алба хашиж байсан. 70-80-аад онд ЗХУ тэнд бүхэл бүтэн арми байлгаж байсан юм
шүү” хэмээв.   

А.S.ZZZ “Монгол мах ямар сайхан гэж
бодно оо. Үхрийн, адууны мах гээд – хамгийн шилдэг бэлчээрт таргалдаг. Бас сүү,
ангийн үс… Бидний ширээнд зориулан хүнс нийлүүлэхээр бас нэг улсыг татан
оролцуулж байх шив. Тэгэх тусмаа бидний эртний стратегийн түнш шүү дээ” гэж
бичсэн байна.

Аргын гэгч “Монгол ч үнэхээр малаар
баян шүү. Тэгээд тэдний бүсгүйчүүл надад их таалагддаг юм” гэсэн коммент
үлдээжээ.

Адыр гэгч Казахстаны иргэн “Та нар
өнөөгийн нөхцөл байдлаас их хол байгаа бололтой. АНУ Монголтой цэргийн хамтын
ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа. Монголын цэргийнхэн АНУ-тай хээрийн сургууль
зохион байгуулдаг. АНУ болон НАТО-гийн цэргийн бааз Монголын нутаг дэвсгэрт бий
болох нь Орост лав таалагдахгүй”.

Үүний хариуд Сергей “Монгол далайд
гарцгүй. Орос, Хятад хоёр нийлээд Монголд бааз байгуулахыг лав зөвшөөрөхгүй”
гэлээ.  

Харин Роман нэлээд том хэмжээний
коммент үлдээснийг та бүхэнд одоо хүргэе. “1991 онд бид Монголыг орхиход тэд
өөр нөлөө бүхийг улсыг хайж эхэлсэн. Тэгээд ч Хятадад Өвөр Монгол гэж бий,
тиймээс л хятадууд Гадаад Монголоос татгалзахгүй гэдгээ нуудаггүй. Ийм учраас
монголчууд Ирак болон Афганистан дахь америкчуудын түрэмгийлэлд оролцсон. Гэсэн
хэдий ч сүүлийн үед батлан хамгаалах салбарт Монголтой хамтын ажиллагаагаа
сэргээж байна. 2012 онд гэрээ хэлцлийн дагуу зарим нэгэн төрлийн зэр зэвсэг
нийлүүлсэн. Тэдгээрийн дотор “Т-72А” загварын 50 танк, 40 “БТР-70М” машин
байгаа. “Т-72”  болон “БТР-70”  Монголын зэвсэглэлд байгаагүй. Энэ
бүх зэвсгийг Өвөр Байгалийн Атамановка суурин газар засаж сэлгэсний дараа
шилжүүлэн өгсөн гэж боддог” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Ахмадын сувилалыг концессийн гэрээгээр барих талаар хэлэлцэнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит
хуралдаан 2014 оны 9 сарын 08-нд болно. Хуралдаанаар , Хүүхдийн хөгжлийн төв,
Ахмадын сувилалыг концессийн гэрээгээр барих зөвшөөрөл олгох
тухай,  Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах
хөтөлбөр батлах тухай, Хан-Уул дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн
парк байгуулах, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк
байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Мөн НИТХ-ын  ээлжит 19 дүгээр хуралдааны товыг  зарлаж, тус
хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан тасрах газрууд

9
дүгээр сарын 5-ны Баасан гарагт өвлийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор шугам
тоноглолд засвар үйлчилгээ хийх тул дараах газруудад цахилгаан эрчим хүчийг
түр хязгаарлана
гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс мэдэгдлээ.

 

Баянзүрх дүүрэг

10.30-17.00 цагт: 20-р хороо Гачууртын төв,
Баяндөхөм, Шинэ найдварын аян, Давсны үйлдвэр болон тэр орчмоор,

 

Сүхбаатар дүүрэг

10.00-18.00 цагт: 1, 2-р хороо 56, 55-р
байрууд болон Замын цагдаагийн газар тэр орчмын хэрэглэгч

10.30-11.30 цагт: 6, 7, 8-р хороо БТ 29, 40,
44-р байр, Амила цэцэрлэг, Батшил СӨХ, Эмнэлэг техник ХХК, ДУДСургууль,
Банкны 84 СӨХ, Говийн бараа ХХК, Кинг Артур ресторан болон тэр орчмоор

10.30-17.00 цагт: 14-р хороо Нийслэлийн
өмчийн харилцааны газар, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 33, 36, 42,
Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж

12.00-13.30 цагт: 6-р хороо БТ 1, 2,
73-байр, Хүүхдийн урлан бүтээх төв, Чингис шар айрагны уушийн газар, УСУГ-ын
салбар, Эх газар, Майм констракшн, Ногоон урлан СӨХ, Мөнх замбала дэлгүүр,
ҮБТДСургууль, Өсвөр үеийн хөгжлийн төв болон тэр орчмоор,

 

Хан-Уул дүүрэг

11.30-12.00 цагт: Иргэн Батцэцэг, Гансүх

12.30-13.30 цагт: Диюу Би Би ХХК, Ганцоож,
Айраг бор, 49-р цэцэрлэг, Батбросс ХХК, Морингийн 0-10-р гудамж, Задгайн
хэрэглэгчид

14.00-15.00 цагт: Индра трейд, Академи БТТ,
Морингийн 0-10-р гудамж болон тэр орчмоор

16.30-17.30 цагт: 10-р хороо Худаг, Авто
замын газар, Идэр Их ХХК, Халуун ус, Морингийн 10-15-р гудамж,

 

Сонгинохайрхан дүүрэг

10.00-11.00 цагт: 22-р хороо Хилчин 22, 38-р
гудамж

11.00-12.00 цагт: 22-р хороо Хилчин 6, 7,
11-р гудамж

12.00-13.00 цагт: 22-р хороо Баянголын амны
зарим хэрэглэгчид

15.00-16.00 цагт: 1-р хороо Ерөнхийлөгчийн
тамгын газрын ажилчдын зуслан

16.00.17.00 цагт: 22-р хороо Хилчин 45, 49,
69-р гудамж,

 

Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 7, 2-р хороо Бадрал,
Нарлагийн гудамжууд, Локаторын цэргийн анги.

  

Categories
мэдээ нийгэм

Шарагчин туулай өдөр

Аргын
тооллын есдүгээр сарын 05. Сугар гариг. Билгийн тооллын 11. Элдэв тэнгэртэн
одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6.24 цагт мандаж 19.30 цагт жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын
үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, мал
аж ахуйн үйл, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар
хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь,
тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс
шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
мэдээ нийгэм

Увс, Ховд аймагт цахилгааны хязгаарлалт хийж байна

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 76
хувийг ОХУ-аас авдаг бөгөөд Дөргөн, Тайширын усан цахилгаан станц үлдсэн
хувийг хангадаг байна. Энэ сарын 2-ноос эхлэн Увс, Ховд аймагт
цахилгаан тасарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-аас өвөлжилтийнхөө
бэлтгэлийг хангахаар цахилгаан станцууддаа засварын ажил хийж байгаатай
холбоотой гэнэ. Хэдэн хоногийн хугацаатай цахилгаан хязгаарлаж байгааг
тус аймгийн иргэн Б.Цолмонгоос тодруулахад “Энэ сарын 2-ны өдөр
цахилгаан тасарсан. Долоо хоногийн хугацаатай хязгаарлалт хийнэ.
Өглөөний 05.00-23.00 цаг хүртэл хязгаарлалт хийж байгаа. Манай аймаг
ОХУ- аас цахилгаан авч хэрэглэдэг. ОХУ өвөлжилтийн бэлтгэлээ хангахын
тулд цахилгаан тасалж байгаа гэх мэдээлэл гарч байна. Дөргөн цахилгаан
станц зарим нэг албан байгууллагуудын цахилгааныг өгч байгаа” гэв. Харин
ОХУ цахилгааны шугам сүлжээндээ засвар хийж байгаа тул эрчим хүчийг түр
хугацаагаар хязгаарлах талаар бичгээр мэдэгдсэн байна. Ингэхдээ Ховд,
Увс аймгийн, эрчим хүчийг тасалжээ. Ховдын цахилгааныг өглөө 05-23.00
хүртэл хязгаарлаж байгаа учраас Дөргөний усан цахилгаан станцаас
цахилгаан авч байгаа гэнэ. Гэхдээ оргил ачааллын үед хүчин чадал нь
хүрэлцэхгүй байгаагаас аймгийн төв, эмнэлгийг л цахилгаанаар хангаж
байгаа аж. 

  

Categories
мэдээ нийгэм

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг сайжруулна

Манай оронд 1990-ээд оны эхэн хүртэл хууль бус мод бэлтгэл байгаль орчны
эсрэг хэргийн 10 хувийг л эзэлж байсан бол одоо хууль бусаар ашигт
малтмал олборлох, мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн 1, 2 дугаар
байрт нэрлэгдэж байна. Улс дамнасан энэ төрлийн гэмт хэргийн улмаас
дэлхийн хэмжээнд жилд 10 тэрбум ам.долларын хохирол учирдаг тул
экосистемийг зохицуулагч түлхүүр болох ойн нөөцийг хамгаалах, нөхөн
сэргээхэд бүх улс орон онцгойлон анхаарч байна.

МонголУлс 2012 онд байгаль орчны хуулиа багцаар нь шинэчилсэн. Зах
зээлийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулсан шинэ зохицуулалтын үр дүнд орон
нутагт ойн ангийн бүтэц ажиллаж эхэлсэн ч хууль бус мод бэлтгэлтэй
холбоотой нэмэлт зохицуулалт шаардлагатай байна гэж салбар хариуцсан яам
үзжээ. Энэ асуудлыг зохицуулахаар БОНХЯ-наас боловсруулсан Ойн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, дэмжлээ.

Одоогийн тогтолцоогоор манайд Байгаль орчны эсрэг хэрэг зөрчилд
шинжээчийн дүгнэлт гаргах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг
тогтоох мэргэжлийн шинжээч, лаборатори болон тусгайлсан нэгж байхгүй.
Иймд байгаль орчны мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан тодорхой
хэмжээний төлбөр төлж хохирлын хэмжээг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт
гаргуулдаг болохоор хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн, олон нийтийг
идэвхтэй оролцуулсан хяналтын тогтолцоо бий болгох, урамшуулах,
урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлжээ. 

Энэ үзэл баримтлалын дагуу УИХ-аас Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулж баталбал төр, иргэн, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын
ажиллагаа эрс сайжирч, хэрэг зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлага
дээшилж, эцсийн дүндээ хууль бус мод бэлтгэл дорвитой буурна гэж тооцож
байна.

Categories
мэдээ нийгэм

Хүн амины хэрэг үйлдсэн хоригдлууд оргожээ

Ганц худаг буюу Хорих 461 дүгээр ангиас өчигдөр хоёр хоригдол оргожээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хоригдлуудын нэг нь хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдэн ялаа эдэлж байсан аж.

Тэд өчигдөр орой харуул хамгаалалт буух үеийг тааруулан ийнхүү оргосон байна.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээллийн
албанаас тодруулахад, “Бидэнд энэ мэдээ ирсэн. Гэхдээ дэлгэрэнгүй
мэдээлэх боломжгүй байна” гэлээ.