Categories
мэдээ нийгэм

Цагдан хорих 461 дүгээр ангиас хоёр хүн оргожээ

-ТЭД БҮСЧИЛСЭН ХАМГААЛАЛТ БУУСНЫ ДАРАА ҮҮРЭЭР ОРГОСОН АЖ-

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан хоёр хүн өчигдөр үүрээр оргожээ. Өчигдөр биднийг тус хорих ангид очиход алба хаагч нь мэдээлэл өгөх албаны хүн байхгүйг онцлоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-т шаардлагатай мэдээллийг хүргүүлсэн гэсэн юм. Өөр эх сурвалжийн мэдээлснээр уржигдар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийх үеэр ШШГЕГ-ын харьяа нийслэл дэх хорих ангиудад бүсчилсэн хамгаалалт авчээ. Өөрөөр хэлбэл, хамгаалалтыг чангаруулж, хорих ангийн алба хаагчид өндөржүүлсэн байдалд ажилласан байна. Цагдан хорих 461 дүгээр анги ч бүсчилсэн хамгаалалттай байсан аж. Хамгаалалт айлчлал дууссаны дараа буужээ. Харин хоригдож байсан иргэд өчигдөр өглөө 04.00 цагийн орчимд оргосон аж. Тухайн үед хамгаалалт буусан, хуягуудын анхаарал суларсан байсныг оргосон хүмүүс ашигласан бололтой юм. ШШГЕГ-аас болсон явдлын талаар тодруулахад “Хоригдож байсан хоёр хүн оргосон. Тэд хулгайн гэмт хэргээр шалгагдаж байгаа. Одоогоор баривчлаагүй байна. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Оргосон хҮмҮҮс

хэн бэ

Үүрээр оргосон хоёр хүн онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдаад байжээ. Тэдний нэгийг Энхсайханы Гантөмөр гэдэг. Тэрбээр 23 настай. Э.Гантөмөр хүн амины болон залилангийн хэргээр шалгагдаж байсан аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай хөнөөсөн хэрэгт холбогджээ. Мөн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллагдсан байна. Хуулийн тус зүйл ангид “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Оргосон өөр нэг яллагдагчийг Буян-Өлзийн Амарбаясгалан гэдэг. Тэрбээр 22 настай. Хулгайн хэргээр шалгагдаж байхдаа оргожээ. Б.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 буюу “Бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар ялласан аж.

Тэд баригдвал холбогдсон дээрх хэргээс гадна оргон зайлсан гэх зүйл анги нэмэгдэх юм.

Оргодлуудыг өчигдөр нийслэлд эрэн сурвалжилсан ч 19.00 цагийн байдлаар олдоогүй байсан юм. Тэд гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй аж. Мөн гар утсаар бусадтай ярьсан гэх сэжиг илрээгүйг эх сурвалж хэллээ. Мөн нийслэлээс гараагүй байх магадлалтай аж. Учир нь нийслэлээс гарах бүх постуудад оргодлуудын талаарх мэдээллийг хүргүүлж, цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж байгаа аж.

Хаалгаар гарЧ оргосон уу

Цагдан хорих 461 дүгээр ангийн хашааны хаалгаар л биш бол оргох боломжгүйг эх сурвалж онцолсон. Тиймээс хоригдож байсан хоёр иргэн хамгаалалт суларсан үед хашааны хаалгаар гарсан байх магадлалтай аж. Эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн жилүүдэд Цагдан хорих 461 дүгээр ангийнхны ажлын хариуцлага суларсан. Хоригдож байгаа хүмүүс хуяг, харуулуудынхаа өрөөгөөр орж гараад явж байдаг болсон гэнэ. Наадмын өмнө мөн тэндээс нэг хүн оргоод хоёр цагийн дараа баригдсан аж. Энэ талаарх мэдээллийг дотооддоо нууцлаад өнгөрсөн гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Үүний дараа тухайн өдөр ажилтай байсан хуягт цалингийн хувиар торгох хариуцлага тооцоод өнгөрчээ. Энэ удаад хоёр хоригдол оргосон талаарх мэдээллийг өчигдөр өглөө 9.00 цагийн орчимд ШШГЕГ-т мэдэгдсэн байна.

Цагдан хорих 461 дүгээр ангид шүүхээр хэрэг нь шийдэгдээгүй байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг шүүгчийн захирамжаар хорьдог. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон ч гэм буруутай нь нотлогдоогүй байгаа иргэд тэнд эрх чөлөөгөө хязгаарлуулдаг гэсэн үг. Тиймээс ч анх хоригдож байгаа, шүүгдэхээ хүлээж байгаа иргэдийн сэтгэл санаа ялтнуудтай харьцуулахад тогтворгүй яаж ч мэдэхээр байдаг аж. Тэр утгаараа цагдан хорих ангийн харуул хамгаалалт маш сайн байх ёстой гэдэг шаардлага тавигддаг. Бас оргон зайлж магадгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, мөрдөн байцаалтын явцад саад учруулж мэднэ гэж үзсэн хүмүүсийг шүүхийн шийдвэрээр төрийн хамгаалалтад хорьдог. Тэр утгаараа төр тухайн хүний амь нас, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Гэтэл Цагдан хорих 461 дүгээр ангид төрийн хамгаалалтад байсан хүн амиа алдсан хэрэг гарсан. Мөн “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар өрөөндөө шатсан хэрэг гарсан. Түүний өрөөнд гал гаргахуйц эд зүйл оруулснаараа төр буюу хорих ангийнхан үүргээ гүйцэтгээгүй гэсэн үг. Энэ удаад ч цагдан хорих ангийнхны харуул, хамгаалалт муугаар гэмт хэрэгт шалгагдаж байсан хоёр хүн оргожээ.

Ц.ӨрнӨх

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн дотуур байрны 90 гаруй хүүхэд талхнаас хордсон бололтой

-ХҮҮХДҮҮД ТОЛГОЙНЬ ХҮЧТЭЙ ӨВДӨХ, ОГИХ, ТАТАЛТ ӨГӨХ УХААН АЛДАХ ЗЭРЭГ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧЭЭ-

Баян-Өлгий аймагт 90 гаруй хүүхэд хоолны хордлогод орж энэ сарын 3-ны орой эмнэлэгт хэвтжээ. Хүүхдүүдийн биеийн байдал тааруу байгаа гэнэ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хордлогын тасагт 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ талаар Баян-Өлгий аймгийн албаны эх сурвалжтай холбогдож хүүхдүүдийн биеийн байдал, ямар хүнсний зүйлээс болж хордсон талаар мэдээлэл авсан юм.

Энэ сарын 3-нд 19:00 цагт Баян-Өлгий аймгийн зургадугаар сургуулийн дотуур байрны 126 хүүхэд оройн хоол идсэн гэнэ. Тухайн өдрийн хоолны цэсэнд хар цай, ногоотой шөл, хоёр хэрчим талх зэрэг байсан гэнэ. Тус сургуулийн дотуур байрны хоёр тогооч хүүхдүүдэд оройн хоолыг бэлтгэж өгчээ. Дотуур байранд амьдардаг хүүхдүүд оройн хоолоо идэж дуусаад 30 орчим минут болоод биеийн байдал тавгүйрхэж эхэлжээ. Өнөө жил дунд сургуульд орсон нэгдүгээр ангийн гурван хүүхэд толгой нь эргэж, бие нь салгалж чичирч эхэлсэн байна. Нэгдүгээр ангийн хүүхдүүдэд дээрх шинж тэмдэг илэрсний дараа сургуулийн эмчийг дуудсан байна. Сургуулийн эмчийг гэрээсээ дотуур байранд ирэх хооронд 90 гаруй хүүхдийн дотор нь муухай оргиж, огиулж, зарим хүүхдэд таталт өгч эхэлсэн байна. Байрны багш, тогооч, сургуулийн багш, захирлыг ирэх үед дотуур байрны тасаг бүрт хүүхдүүд босч чадахгүй байдалтайгаар орон дээрээ эвхрэлдэн хэвтэж байсан аж. ингээд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн машин, онцгой байдлын газрын автомашинаар хүүхдүүдийг эмнэлэг рүү зөөсөн байна. Эмч нар хүүхдүүдэд хийсэн анхны үзлэгээр “Хүүхдүүд хүнсний төрлийн ямар нэгэн зүйлд маш хүчтэй хордсон. Хордлогын улмаас хүүхдүүдийн бие салганах, дотор муухай оргих, бөөлжих, тархи толгой нь хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Хордлого тайлах эмчилгээ хийж эхэллээ. Хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд байгаа учир ар гэрийнхэнтэй нь холбоо барьж дууд” гэжээ.

Шинжилгээний

хариу ирэх дОлОО хоногт гарна

Дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн хөдөө орон нутгаас хүүхдүүдийн аав, ээжийг дуудах ажил хийгдэж эхэлсэн байна. Харин Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтсээс дотуур байрны хоёр тогоочид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар ямар нэгэн химийн бодис хоолонд нь хийж хүүхдүүдийг хордуулсан байж магадгүй хэмээн цагдаа нар үзэж тогооч нарыг саатуулсан гэнэ. Харин хүүхэд хордсонтой холбогдуулан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар тухайн өдрийн хоолны материал, хоолны дээж зэргийг битүүмжилж лабораторийн шинжилгээ хийлгэхээр явуулжээ. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах юм байна. Хүүхдүүд хордлогод орохоосоо өмнө ногоотой шөл, хар цай, талх идсэн байна. Хүүхдүүдийн хэлж буйгаар тухайн өдрийн хоолонд ирсэн хоёр хэрчим талх идсэн хүүхдүүд хордлогод орсон гэнэ. Харин шөлөндөө талх дүрж идээгүй хүүхдүүдийн биед хордлогод орсон шинж тэмдэг илрээгүй байна. Дотуур байрны тогооч хүүхдүүдэд өгөх талхаа өөрсдөө хийдэг байна. Тухайн өдөр хийсэн талхандаа түргэн исгэгч, элсэн чихэр, бага зэргийг масло хийсэн байна. Хүүхдүүд талхны ямар төрлийн хольцноос болж хордсон гэдэг нь тодорхойгүй байгаа гэнэ. Харин хоолны хүнсний ногоог нутгийн иргэдээс гэрээгээр худалдан авдаг байна. Тогооч нар талх барихдаа түргэн исгэгчийг дэлгүүрээс худалдаж авсан гэж ярьсан байна.

 

Categories
мэдээ нийгэм

Түгжрэлийг бууруулах 17.6 км авто зам байнгын ашиглалтад орлоо

Шинэ бүтээн байгуулалт” дунд
хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны
санхүүжилтээр  2012 оны зургадугаар сарын
25-наас энэ сарын 01-ний хооронд гэрээ байгуулан хэрэгжүүлсэн
Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам
өнөөдрөөс байнгын ашиглалтад орлоо.

Автозамын ажлыг хүлээж авах, нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд
Н.Алтанхуяг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус барилгын ажлыг “ЭСТО” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажлын явцад өдөр
тутмын ажлын зөвлөхийн хяналтыг “Монконсалт” ХХК хийжээ. Уг зам нь 8 м өргөн
зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл
байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7 у/м хүчитгэсэн төмөрбетон гүүр, 19
у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу Зайсан орчимд 1.2 км хэсэгт
гэрэлтүүлэгтэй. Тойруу ихтэй, огцом эргэлтүүдтэй учраас 6 760 м замд 
аюулгүйн туузан хашилт, анхааруулга, таних тэмдгүүдийг байршуулсан бөгөөд
хурдны зам биш гэдгийг жолооч нарт анхааруулж байгаа юм. Нээлтийн үйл
ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын замын
түгжрэлийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэх 17,6 км автозамыг гэрээний дагуу
хийж гүйцэтгэсэн нийт замчдад шагнал гардууллаа

 

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан албан хаагчдын ар гэрт тусламж үзүүлэхээр болжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүл “Буцалтгүй тусламж олгох тухай” А/751 дугаар захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу 2014 оны энэ
сарын 01-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад автомашины ослын улмаас
харамсалтайгаар амь насаа алдсан нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур
дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн,
гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын ахмад
Ж.Эрдэнэбаяр, гал түймрийн улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад
Ч.Ганхүү, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нарын ар гэрт тус
бүр 1.000.000  төгрөгийн буцалтгүй тусламж  олгохоор шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга З.Энхболд молебдин боловсруулах үйлдвэрийг сурталчлав

УИХ-ын дарга
З.Энхболд өөрийн твитертээ   “ Эрдэнэтэд Монгол-Оросын хамтарсан молебдин боловсруулах
үйлдвэр ашиглалтад орлоо. 250 байнгын ажлын байр” хэмээн мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Р.Болд: Халх голын дайн үүссэн шалтгаан их гүрнүүдийн зүгээс Монголыг төмөр зам тавих орон зай гэж үзсэнтэй холбоотой

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Халх голын дайн ба төмөр зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газрын байранд хийлээ. Уг хурлыг ШУА-ийн олон улс судлалын хүрээлэн, Кэмбрижийн их сургуулийн Монгол, Өвөр Азийн судалгааны төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Олон улсын эрдэмтэд энэ удаа Халх голын дайн эхлэх болсон шалтгааныг эдийн засгийн талаас нь тайлбарласан нь содон байлаа. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Р.Болд Халх голын дайныг төмөр замтай холбож тайлбарласан сонирхолтой илтгэл тавьсан юм. Түүнээс энэ талаар тодруулав.

Халх голын дайнд төмөр зам ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Миний хийж байгаа дүгнэлт Халх голын дайн байлдаан үүссэн шалтгаан нь их гүрнүүдийн зүгээс Монголыг төмөр зам шинээр тавих орон зай гэж үзэж байсантай холбоотой. Одоо хүртэл бид Халх голын байлдаан хилийн зөрчил, хилийн шугам тодорхойгүй байснаас үүдэлтэй гэдэг ойлголттой явж ирлээ. Тэр бол нэг талын асуудал. Асуудлын мөн чанарыг сайтар ухвал төмөр замтай холбоотойгоор Халх голын байлдаан эхэлсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл Халх голын байлдаан болсон газар нутаг 1939 онд алслагдсан, зэлүүд цэрэг стратеги, эдийн засгийн ач холбогдолтой ямар нэг бүтэц байхгүй. Хамгийн ойрхон нь Хянганы нурууны баруун, Манжуурын гүнээс Халуун рашаан хүртэл татсан төмөр зам байсан. Хамгийн ойрхон хот суурин гэвэл 3000 хүнтэй Баянтүмэн хот байсан. Гэтэл яагаад тэнд Япон, Манж Гогийн тал байлдааны ажиллагаа явуулав гэдэг асуултанд Зөвлөлтийн мэргэжилтнүүд их эргэлзэж байсан байгаа юм. Хэрэв анзаарсан бол Зөвлөлтийн түүх бичлэгт япончууд Халх голын байлдаан эхлэхдээ зориуд төмөр замаас алслагдсан газрыг сонгож авсан гэдэг. Гэтэл Халхын голын байлдаан эхэлсэн гэж үздэг 1939 оны тавдугаар сарын 11-нд хилийн ойролцоо Манж Гогийн ч тэр Зөвлөлт, Монголын ч тэр цэргийн томоохон ач холбогдол байгаагүй.
1946-1948 онд Токиод болсон Алс Дорнодын Олон улсын цэргийн шүүхээс Халх голын хэрэг явдал бол БНМАУ, ЗСБНХУ-ын эсрэг Квантуны армиас явуулсан цэргийн түрэмгий дайн байсан гэж дүгнэсэн. Тэгсэн мөртлөө дайн явуулахад Японы Засгийн газрын оролцоог нотолж чадсангүй гээд шүүх өөрөө зөрчилтэй дүгнэлт хийсэн байдаг. Халхын сүмийн хэрэг явдал 1935 оны нэгдүгээр сард гарахад Алс Дорнод дахь Зөвлөлтийн цэргийн байгууллагаас Сталинд юу гэж илтгэсэн гэхээр Халхын сүмийн хэрэг явдал нь яагаад Япон, Манж Гог өдөөн хатгав гэхээр Солонаас Халуун рашаан хүртэл төмөр зам тавьж байна. Төмөр зам цаашаа Халх голын хөндийгөөр Хайлаар хүртэл үргэлжлэх юм. Тэгэхээр энийгээ халхлахын тулд Халх голын хөндийг өөртөө авахын тулд энэ өдөөн хатгалгыг хийжээ гэдэг анхны дүгнэлт, танилцуулгыг хийсэн байх юм. 1939 оны таван сард түрүүний хэлдэг Халх голын байлдаан эхлэхэд Монголд байлдаж байсан 57 дугаар армийн корпусын удирдлага Москвад илтгэхдээ Япон Манж Гогийн тал Халх голд ойрхон тавьж байгаа төмөр замаа халхлахын тулд байлдааны ажиллагаа эхэлжээ гэсэн байр сууриа танилцуулж байсан. Гуравдугаарт 1939 оны долдугаар сарын 14-нд тухайн үеийн Коммунист намын Улстөрийн товчооноос Монголын цэрэг, эдийн засгийг бэхжүүлэх хэд хэдэн заалттай тогтоол гаргасан юм. Дайны үед шүү дээ.

Тийм үү. Энэ тухайгаа тодруулаач?

-Үүний нэг нь Совольёвск өртөөнөөс Баянтүмэн хүртэл төмөр зам тавина. Баянтүмэнгээс Тамсагбулаг хүртэл нарийн төмөр зам тавих шийдвэр гаргаад ажилдаа орсон. Энэ байлдааны ажиллагаа шууд төмөр зам эхлүүлэхэд нөлөөлсөн. Үүнээс өмнө төмөр зам тавих саналыг БНМАУ-ын удирдагчид Зөвлөлтийн талд 1937 оны дөрөвдүгээр сард тавьсан л даа. Зөвлөлтийн тал “Маш зүйтэй санал байна” гэж хүлээж авсан. Яагаад зүүн талын төмөр зам тавих саналыг Ерөнхий сайд Амар, маршал Дэмид нар гаргаж байсан нь бас учиртай. 1937 оны наймдугаар сарын 14-нд 57 дугаар онцгой корпусыг Монголд байрлуулах шийдвэрийг Зөвлөлтийн тал гаргахдаа Совольёвскоос Баянтүмэн хүртэл төмөр зам тавь. Үүнийг Монголын Засгийн газартай ярьж шийд гэсэн заалттай явсан. Үүнийг хэрэгжүүлж чадаагүй. Хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан Фриновский, Смирнов гээд Оросын коммунист намын төв хорооны комиссийнхон Монголд ажиллаад 1937 оны арван сарын дундуур буцаж очоод Сталинд танилцуулсан саналдаа юу гэсэн гэхээр Монголыг түшиц газар болго. Монголд өгсөн бүх тусламж энд чиглэгдэнэ гэсэн заавар өгсөн байсан. Япон, Хятадын дайн тухайн үед эхэлчихсэн байсан. Сталин ч гэсэн Зөвлөлтийн цэргийг Монголд томилох болсон шалтгаанаа Японы цэрэг урдаас нэвтрээд Монголоор дамжаад Өвөр байгалийн төмөр замыг таслах гэж байна. Үүнээс сэргийлэх зорилготой цэргээ орууллаа гэж байсан. Фриновский, Смирнов нар танилцуулгадаа юу гэж дурдсан гэхээр Монголд ойрхон чиглэлд төмөр зам тавих талаар бид Японоос хоцорчихжээ. Ийм учраас гүйцэх хэрэгтэй гэсэн. Энэ нь Монголын эдийн засаг хөгжилд нэмэртэй. Ингээд Наушикаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавья гэсэн ч Зөвлөлтийн дотоод байдлын улмаас энэ саналаа бас хэрэгжүүлж чадаагүй. 1938 онд маршал Чойбалсан ЗХУ-д очоод Сталинтай уулзахдаа мөн Наушик Улаанбаатарын төмөр зам тавих саналыг тавьсан л даа. Түрүүн анзаарсан байх. Ерөнхий сайд Амар, маршал Дэмид нар зүүн хэсгээр төмөр зам тавья гэсэн. Чойбалсан болохоор Улаанбаатар-Наушикаар төмөр зам тавья гэсэн. Тэр үед засгийн эрхийн төлөө тэмцэл явж байж. Төмөр зам тавих төслийн гаргалгаа нь бас өөр өөр. Дотоод бодлогын асуудал бас тухайн үед байж. Ингээд дайны үед төмөр зам тавих шийдвэр гаргаад төмөр зам эхэлсэн. Дайн дуусаад, Халхын голын гэрээ хэлэлцээр Москвад явах үед Гадаад хэргийн ардын комиссар Молотов, Зөвлөлтөд сууж байсан Японы Элчин сайдтай гал зогсоох гэрээ хэлцэл хийж байхдаа гэнэтхэн пал хийтэл “Танай Хянганы нурууны баруугаар тавьж байгаа төмөр зам чинь Монголын хилд ойрхон учраас байлдааны ажиллагаа эхлүүлсэн биз дээ. Танай төмөр замын ажилд саад болохгүйн тулд Нөмрөгийн голын сав газрыг танайд өгчихье. Оронд нь та нар Манж Гогийн нутгаас тэрэнтэй адил газрыг Монголын талд өг” ингээд асуудлаа түргэн шийдье гэсэн санал тавьсан. Ингээд тохиролцсон. Зөвлөлтийн удирдагчдын толгойд энэ байлдааныг япончууд төмөр замаас эхлэлтэй явуулсан гэсэн дүгнэлт байж. Дараа нь 1941 оны дөрөвдүгээр сард Зөвлөлт, Япон хоёр төвийг сахих гэрээ байгуулахын өмнөхөн Японы тал мэдэгдэл хийсэн. Халуун рашаанаас Хайлаар хүртэл төмөр зам тавих гэж байсан. Тэрийгээ зогсоолоо гэсэн. Зөвлөлтийг өдөөхгүйн тулд стратегийн хувьд аюул учруулсан төмөр замаа зогсоолоо гэсэн. Дээр нь Халуун рашаан хүртэл төмөр зам тавихаар техник эдийн засгийн үндэслэлийг 1934 онд хийж байжээ. Тэр үед Япон манж го-гийн тал БНМАУ-ын хилийн шугамыг шинэчлэх зураг шинээр хийж байсан. Японы жанжин штабын зүгээс төмөр зам тавих ТЭЗҮ-гээ бодоод хилийн шугамыг Халх голоор зур гээд чиг өгч. Хилийн шугамыг яагаад өөрчилсөн гэхээр төмөр зам барихад садаа болгохгүйн тулд тийм шийдвэр гаргаж байж. Харилцан уялдаатай эдгээр зүйлсийг аваад үзэхээр Халх голын байлдаан төмөр замаас болсон юм гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

Төмөр замын эрх ашиг тухайн улсын ашиг сонирхол болж XX зууны дайны үндсэн шалтгаан болсон гэж Японы их сургуулийн судлаач Бүрэнсайхан дүгнэж байсан. Төмөр замаар ер нь юу зөөх гээд тэмцээд байсан юм бол?

-XIX зууны дундаас эхлээд төмөр зам бол эдийн засгийн хөгжлийг хурдасгах үндсэн хүчин зүйл болж байсан. Төмөр зам бол бусдыг колончлох хэрэгсэл. Төмөр зам бол бусдын нөлөөнд цөмрөх стратегийн хэрэгсэл, зах зээлээ өргөжүүлэх хэрэгсэл байсан. Төмөр зам бол эдийн засгийн утгаараа бүтээн байгуулалтын ажил. Төмөр замыг зөвхөн ашигт малтмал зөөхөөр, цэрэг, танк зөөхөөр гэж хийдэггүй. Төмөр замыг хэрэгтэй үед юунд ч ашиглаж болно. Тухайн үед Японы тал төмөр замыг цэвэр цэрэг стратегийн зорилгоор барьж байсан. Зөвлөлтийн тал ч бас тийм зорилгоор барьж байсан. Энхийн цагт бол төмөр зам энхийн бүтээн байгуулалтын зорилгоор л ашиглагдана шүү дээ.

Одоо ч гэсэн манайд нарийн өргөн цариг гэсэн маргаан яваад байдаг төмөр замыг дагасан том гүрнүүдийн ашиг сонирхол яваад байна гэсэн үг үү?

-2010 онд УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахдаа хөндлөн шугамаа барьчихъя. Хоёрдугаар ээлжинд нарийн шугамаа барьчихъя гэсэн. Тэр баримт бичигт хоёулаа байж байгаа. Яагаад ингээд хоёр тийш нь талцуулаад байгааг би мэдэхгүй.

Том гүрнүүдийн эрх ашиг яваад байгаа гэж ойлгож болох уу?

-(толгой сэгсрэв) Төрийн бодлого нь гарчихлаа. Төрийн бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайн нөхцөл байдалдаа зохицуулаад аль алиныхаа эрх ашийг бодолцоод явна биз дээ. Нэг онцлох юм манай улсын Орос, Хятадыг холбосон хөндлөн төмөр замыг давхар л болгох ёстой. Өнөөдөр энэ дан шугамаар асуудал шийдэгдэхгүй. Өргөн нарийн төмөр замын талаар маргалдах нь ач холбогдол багатай. Хэн үүнийг яриад байна гэхээр зүгээр л ойлгохгүй улсууд яриад байгаа юм.

Б.Янжмаа

 

Categories
мэдээ нийгэм

Нисэхийнхэн Ц.Батаар удирдуулахыг хүсч А.Гансүхэд урилга илгээж байжээ

Зам тээврийн сайд А.Гансүх өөрийн
хариуцдаг салбарын тэргүүлэх инженерүүдийн нэг Ц.Батын жиргээгээр шүүмжилсэнийх
нь төлөө эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан билээ. Түүний гаргасан
гомдлын дагуу өдгөө Ц.Бат 100 хоногийн хугацаагаар баривчлах ял авч хоригдоод
байгаа. Ц.Батыг эрх чөлөөгөө хасуулснаас хойш долоо
хоногийн дараа сайд Гансүх түүний жиргээнд хэрхэн гомдсон тухайгаа Монгол
ТВ-ийн  “Оргил цаг” хөтөлбөрийн үеэр анх удаа ам нээж, ингэхдээ
Ц.Батыг өөрөөс нь “албан тушаал гуйсан, мөн Ц.Бат нь удирдах албан тушаалд
тэнцээгүй” гэх мэтээр буруутгасан юм.

Сайд А.Гансүхийн ярилцлагын дараа
цахим ертөнцийн жиргээчид Ц.Батыг үнэхээр иргэний нисэхийн салбарт дарга болж
чадах хүн мөн эсэхээр шуугилдаж эхэлсэн юм. Зарим нь түүнийг мэргэжлийн сайн
удирдагч байх байсан гэж үзсэн бол зарим нь сайд эгчийнхээ оролцоотойгоор албан
тушаалд хүрэх гэж оролдсон гэж үзэж буруутгасан юм. Гэвч Ц.Батын эгч
Ц.Оюунгэрэл дүүгээ салбарынх нь сайдтай зөвхөн уулзуулж өгсөн, дүү нь
мэргэжлийн хувьд салбартаа үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн хэмээн хариу
мэдэгдээд байгаа юм.

Баримтаас үзэхүл Ц.Бат, А.Гансүх
нарыг ИНЕГ-ын асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн өрөөнд уулзахаас дор хаяж
 хоёр сарын өмнө, тухайн үед Зам тээврийн сайдад нэр нь нэгэнт дэвшээд
байсан, УИХ-аар орж батлагдахаа хүлээн дуншиж байсан сайд А.Гансүхийн нэр дээр
нисэхийн салбарын дөрвөн холбооноос Ц.Батыг Иргэний Нисэхийн
Ерөнхий газрын даргад нэр дэвшүүлж, дэмжиж өгөхийг хүсч хамтарсан уриалга
илгээж байжээ.  

онголын Нисэх буудлуудын холбоо,
Монголын нисгэгчидийн холбоо, Монголын агаарын хөлгийн инженер техникийн
ажилчидын холбоо, Монголын агаарын спортын холбоодоос тус тус хамтран илгээсэн
уг уриалгад Ц.Батын нисэхийн салбарт хийж бүтээсэн зүйлийг салбарынхан нь
хэрхэн өндрөөр үнэлдэгээ сайд болох А.Гансүхэд мэдэгдсэн нь тэр байж.

 

Categories
мэдээ нийгэм

Нисэх-Яармагийн замыг энэ сард ашиглалтад өгнө

Яармагийн
гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо
хүртэлх 13.7 км авто замын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Уг ажил улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй.  Замын  нийт
 уртад суурь хучилт, 9 км замд өнгө хучилт, 10 км замын хоёр хажуугаар
явган хүний зам хийгээд байна. 2012 оноос он дамжин баригдаж байгаа энэхүү
замыг есдүгээр сардаа багтаан ашиглалтад өгөх юм.
Замын зорчих хэсгийн өргөн – 11.5*2=23 м, Явган хүний зам  4 м,
Тусгаарлах зурвас 8 м, Замын нийт өргөн 46 м байх юм.  Хучилтын хийцийн
хувьд асфальтобетон хучилт дээд үе – 4 см, доод суурь хучилт 5 см, буталсан
чулуун суурь үе – 20 см, Хөлдөлтөөс хамгаалах үе – 45 см байна гэж
Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Болц гүйцээгүй самар халдварт өвчин тараах эрсдэлтэй

Хуш
модны самрын болц аравдугаар сарын 15-наас эхэлдэг бөгөөд “Ойн дагалт баялаг
хамгаалах, зохистой ашиглах журам”-аар энэ үеэс самар түүх албан ёсны
зөвшөөрлийг олгодог гэж МХЕГ-аас мэдээлэв.

Журмаар
иргэн, аж ахуйн нэгж байгууллага ойгоос шинжилгээ, судалгааны зориулалтаар нэг
удаа 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар нэг удаа 25 кг хүртэлх дагалт
баялаг түүж бэлтгэхийг зөвшөөрдөг байна. Зөвшөөрлийг орон нутгийн Ойн ангиар
дамжуулж олгох бөгөөд ойн анги байхгүй тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн
байгаль хамгаалагч олгоно.

Болц
гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахдаа хялбар биш учир модны гол ишийг
мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалан түүж, хуш модны гол иш, титмийг гэмтээдэг.
Түүнчлэн болц гүйцээгүй самар нь давирхайлаг учир нян, вирусаар амархан
бохирдож, халдварт өвчин тараах нөхцөл болдог аж. Иймд холбогдох хууль, журамд
заасан хугацаанд нь самрыг түүж бэлтгэх хэрэгтэй юм.

Манай
орны байгалийн ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг хушин ой эзэлдэг
аж.

 

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны талаар зөвлөлдөнө

 Буянт-Ухаа хорооллын хямд үнэтэй
гэгдэх орон сууцанд орохыг хүсэгчид олон ч банкны зээл авч чадахгүй олонхи нь
бүдэрсэн. Байрны урьдчилгаа 30 хувийг төлнө гэдэг жирийн иргэдийн  хувьд хүнд даваа болсныг Буянт-Ухаа тойрсон
үйл явдлууд  харуулсан билээ. Юутай ч
нийслэлийн удирдлага  хүн амын төлбөрийн
чадварт нийцсэн орон сууцанд анхаарал хандуулахаар шийдсэн бололтой. Нийслэлийн Засаг дарга “Зөвлөгөөн зохион байгуулах тухай”  захирамж гаргасан талаар   Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 Зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын
хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын
асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллаж байна. “Төлбөрийн чадварт нийцсэн
орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт төрийн болон
төрийн бус байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн энэ
сарын 09-нд болно.  Хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулахад
шаардагдах 8.750.000 төгрөгийг Тамгын газрын батлагдсан урсгал зардлын төрийн
өмнөөс гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон гэнэ шүү.