Categories
мэдээ нийгэм

42 аж ахуйн нэгж, иргэдийн гаргасан гомдлын дагуу арга хэмжээ авчээ

ШӨХТГ-аас барилгын ажил үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж буй. Хяналт шалгалтад нийт 73 аж ахуйн нэгж, хувь иргэнд 710 иргэнээс хохирол нэхэмжилсэн өргөдөл ирүүлээд байгаагаас одоогийн байдлаар нийт 42 аж ахуйн нэгж иргэдийн гаргасан гомдлын дагуу арга хэмжээ авчээ.

Давж заалдах шатанд явж байгаа аж ахуй нэгжүүд

“Ачлал трейд” ХХК, “Отбар” ХХК, “Өгөөмөр Монгол” ХХК, “Эн Эм Си Жи” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд ШӨХТГ-аас гаргасан Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт, торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрөлгүй хуулийн хугацаандаа тус газарт давж заалдах гомдол гаргаад байна.

Шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа аж ахуйн нэгжүүд

“Тайгам-Алтай” ХХК, “Тектоник” ХХК, “Сүрэг Агт” ХХК, “МД ТОФ” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд тус газраас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган шүүхийн байгууллагаар асуудал нь хэлэлцэгдэж байна.

Түүнчлэн “Тост-Өргөө” ХХК, “Монь ивээл” ХХК, “Нутгийн Зам” ХХК, “Эн Ар Си” ХХК, иргэн 3.Ууганцэцэг, “Коконар” ХХК, “Богда холдинг” ХХК, “Фужиан лянхө” ХХК гэсэн аж ахуйн нэгж, хувь иргэдийн нэр дээр гомдол гаргаад хяналт шалгалтын ажил хийгдэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Б.Билэгтийн гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээж авсангүй

Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тэрбээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх Засгийн газрыг тогтоолыг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ.  Өнгөрсөн сарын 18-нд гаргасан уг гомдлыг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэхийн тулд түүнийг ажлаас нь чөлөөлсөн шалтгаан, үндэслэлийн талаарх тайлбарыг долоо хоногийн дотор ирүүлэхийг Засгийн газраас хүссэн аж. Гэвч Засгийн газар хариу ирүүлээгүй тул Төрийн албаны зөвлөлөөс Б.Билэгтэд “Уг маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий зохих байгууллагад хандах боломжтой” гэсэн хариуг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн яам нээлттэй өдөрлөг зохионо

Засгийн газрын хөтөлбөрийн дагуу төрийн байгууллагууд иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилан таниулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу Хууль зүйн яам өөрийн харьяа агентлаг байгууллагуудын хамт есдүгээр сарын бямба гаригт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү өдрийг угтаж Хууль зүйн яам харьяа байгууллагуудынхаа дунд “Эрх чөлөөтөй Монгол хүн” 10 хоногийн аяныг зарласан байна.

Аяны хүрээнд  иргэдэд нээлттэй үйлчилж, Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өөрийн байгууллагад хийгдсэн шинэчлэл, өөрчлөлт, шинэ тутам нэвтрүүлсэн үйл ажиллагаа, болон шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хууль,журмуудын  үйлчлэлийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг идэвхижүүлэх зорилготой юм.  Мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж алба хаагчид сайн дурын арга хэмжээнүүдийг ч зохион байгуулах нь нээлттэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон  Хорих 411,Цагдан хорих  461 дүгээр ангийн нийт 150 гаруй албан хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс явуулж буй  цус хандивлах  “Амьдрал бэлэглэе” арга хэмжээнд нэгдсэн бол Хууль зүйн яамны алба хаагчид нэг өдрийн цалингаа Мөнгөн гүүр эмнэлэгт байрлаж буй улсын Түлэнхийн төвийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хандивлахаар шийдвэрлэжээ. 

Categories
мэдээ нийгэм

Барилгын ажил хийж байсан гурван хүн амиа алдлаа

-ХӨДӨЛМӨР, АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА ХАНГААГҮЙГЭЭС ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ-

Хан-Уул дүүргийн III хорооны нутагт баригдаж буй “River stone-2”
хотхоны барилга дээр ажиллаж байсан гурван залуу уржигдар ослоор амиа алджээ. Тодруулбал,
арван давхар барилгын наймдугаар давхарт гадна талын өнгөлгөөг хийж байсан гурван
ажилчны дүүжин хавтангийн тросс тасарчээ. Өндрөөс унасан гурван ажилчны хоёр нь
ослын газарт амиа алдсан байна. Нөгөө хохирогч нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан
аж. Талийгаачид 17-23 насны залуус бөгөөд их сургуульд сурдаг оюутнууд байжээ.

“River stone-2” хотхоныг “Девелопмент” компани бариулж байгаа аж.
Тус компани нь 2009 оноос “Шунхлай” группын харьяа барилга угсралт, шинэчлэлийн
төслүүдийг хариуцан ажиллаж эхэлжээ. Улмаар 2011 оноос бие даан үйл ажиллагаа явуулж
эхэлсэн байна. “River stone-2” хотхоны барилга угсралтын ажлыг “Девелопмент” компанийн
захиалгаар “Чанамон” компани гүйцэтгэж байжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
барилгад шалгалт хийж өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдөр барилга угсралтын ажлыг
зогсоох шийдвэр гаргаж байжээ. Учир нь тус барилгын ажлыг батлагдсан зураг төсөлгүй
гүйцэтгэж байсан аж. Мөн барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй
гүйцэтгэж байжээ. Тиймээс зөрчлийг арилгатал үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг
гаргаж байжээ. Гэтэл захиалагч компани гүйцэтгэгчээ солин үйл ажиллагаагаа үргэлжлүүлж
байгаад дээрх ослыг гаргажээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг компанийг
хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангаагүйгээс осол гарсан гэсэн урьдчилсан
дүгнэлт гаргасан байна. Осол гарах үед гүйцэтгэгч компаниар “Boby construction”
компани ажиллаж байсныг “Девелопмент” компанийн Эрсдлийн удирдлага хариуцсан мэргэжилтэн
Э.Сүнжидмаа мэдэгдсэн юм. Тэрбээр “Манайх захиалагч компани. Гүйцэтгэгч компанид
ийм харамсалтай хэрэг гарчээ. Бидний хувьд захиалагчийнхаа зүгээс авах арга хэмжээг
авч осол гарсан даруйд барилгын ажлыг зогсоосон. Мөн холбогдох байгууллагуудад хандсан
байгаа. Одоо ослын талаарх дүгнэлт гарахыг хүлээж байна” гэсэн юм. Тус компани барилгын
ажлыг зогсоосон гэж байсан ч өчигдөр барилгын ажилчид ажилдаа ирсэн талаар хохирогчийн
ар гэрийнхэн ярьж байсан. Мөн гүйцэтгэгчээр ажиллаж байсан өөр нэгэн компанийнхан
ажлаа хийхээр ирээд осол болсныг дуулаад явсан гэнэ.

 

“ТАЛИЙГААЧИЙГ ЯМАР КОМПАНИД
АЖИЛЛАЖ БАЙСНЫГ Ч МЭДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА”

Талийгаач О-ийн ар гэрийнхэн “River stone-2” хотхоны барилгын талбай
дээр өчигдөр ирсэн байв. Осол болсон газарт буян үйлдэхээр ирсэн тэд сэтгүүлчдийн
асуултад ийн хариулсан юм.

 

-Хохирогч
энэ барилга дээр удаан ажиллаж байгаа юу?

-Талийгаач Их засаг олон улсын их сургуулийн дөрөвдүгээр курсэд сурдаг
байсан юм. Хичээл нь эхлэх болоогүй байгаа учраас сургалтын төлбөртөө нэмэр болох
гэж барилгын компанид туслах ажилчнаар орлоо гэсэн. Есдүгээр сарын 5-ны өдөр энд
ажилд орсон юм билээ. Ажилд орсны маргааш нь энэ компанийнхан амарчээ. 7-нд нь ажлаа
хийж байгаад 12.00 цагийн орчимд осолдсон бололтой юм.

-Ар
гэрийнхэнд нь ослын талаар хэзээ мэдэгдсэн бэ?

-Талийгаач хоёр ахтай. Барилгын компаниас ах руу нь 13.30 цагийн
орчимд холбоо барьж осол болсон талаар хэлсэн. Биднийг эмнэлэгт очиход нас барчихсан
байсан. Уг нь дүү минь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэгдэж байхдаа
ухаантай байсан юм билээ. “Миний ахын утасны дугаар” гээд эмчид утасны дугаар хүртэл
хэлсэн гэсэн. Хэрвээ бидэнд цаг алдалгүй мэдэгдсэн бол амьд байхад нь уулзах боломж
байсан. Хугацаа алдаж хэл хүргэсэнд гомдолтой байна.

-Хөдөлмөр
хамгааллын наад захын шаардлага хангаж ажиллаагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан
байна.

-Барилга, хот байгуулал­тын сайдад дуулгамаар бай­на. Энэ компанид
яагаад хөдөл­мөр хамгааллын ажилтан ажиллуулаагүйг асуумаар байна. Тэр өдөр хөдөлмөр
хамгааллын ажилтан лав байгаагүй гэж сонслоо. Би талийгаачийг ямар компанид ажиллаж
байсныг ч мэдэж чадаагүй байна. Ослын талаар хариуцсан байгууллагууд нь мэдсэн юм
уу. Өнөөдөр лав энд ажилладаг хүмүүс юу ч мэдээгүй ажлаа хийхээр ирж байна шүү дээ
гэв.

Ц.ӨРНӨХ 

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны зорилтот бүлгийн талаар зөвлөлдөнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр Нүхт корпорэйт цогцолборт зохион байгуулж байна.

Зөвлөгөөн нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оролцогчтой байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой юм. Зөвлөгөөнд яамд, Төрийн орон сууцны корпораци, Үндэсний статистикийн хороо болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба зорилтот бүлэг, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа, өрхийн орлого, зарлагын статистикийн мэдээллийг холбогдох албаныхан өгнө.

Categories
мэдээ нийгэм

Монгол эмэгтэйчүүдийн холбоо 90 жилийн ойгоо тэмдэглэнэ

Монголын эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдсаны  90 жилийн ойг ирэх аравдугаар сард тэмдэглэхээр болжээ.  Ойн арга хэмжээний талаар өчигдөр мэдээлэл хийлээ.     Ирэх  сарын 08-ны өдөр СТӨ-нд  баярын хурал зохиож,  тэргүүний манлайлагч 90 эмэгтэйг МЭХ-ны шагналаар шагнаж урамшуулах юм байна.  

Манай улсад анх 1924 оны гуравдугаар сарын 19-нд “ Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр эмэгтэйчүүдийн анхны байгууллага үүсэж байжээ. 

Categories
мэдээ нийгэм

Ц.Бат суллагдлаа

Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Батыг 100 хоног цагдан хорихоор болсон. Түүнийг Зам тээврийн сайдын Л.Гансүхийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж ийн 100 хоног баривчлахаар болоод байсан юм. Тэгвэл Давж заалдах шатны шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, батлан даалтад гаргажээ.

Юутай ч түүний төмөр замын асуудлаар жиргэсэн жиргээ ийн цагдан хоригдоход хүргээд байсан нь нийгэмд тэр дундаа  жиргээчдийн дунд багагүй шүүмжлэлийг бий болгоод авсан. Улмаар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж жиргээчид тайван жагсаал хүртэл хийж байсан. Тэгвэл ийн багагүй асуудал, маргааныг дагуулсан түүний үйлдлийг Давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Чингэсийн талбайд цуглаан болно

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн энэ сарын 10-нд буюу маргааш Чингэсийн талбайд 12:00  цагаас  “Эх орондоо эзэн болцгооё” цуглаан зохион байгуулахаар болжээ.  

Тус хөдөлгөөнийхөн шүүхийн алдаатай шийдвэрүүдээс болж хохирч байгаа иргэдийн гомдлыг барагдуулахыг энэ цуглааныхаа үеэр шаардах аж.  Тиймээс үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэх хүсэлтэй хүн бүрийг тус цуглаанд оролцохыг уриалан дуудсан юм. 

Энэ арга хэмжээний үеэр  “Ээжүүдийн холбоо”, “Залуучуудын холбоо” , “Ахмадын холбоо” зэргийг байгуулж,  шат шатанд олон нийтийг шударга бус байдалтай тэмцэхэд уриалж байгаа аж.

Мөн тэд  Засгийн газрыг огцруулах зэргээр биш зөвхөн хариуцлага алдсан албан тушаалтныг хариуцлага хүлээлгэдэг системийг бий болгохыг шаардах ажээ.  

Categories
мэдээ нийгэм

“Энх тайвны гүйлт”-д оролцогчид Монголд ирлээ

Дэлхийн энх тайвны төлөө номлодог Шри Чинмойн үзэл санааг дэмжигчид сайн санаагаар нэгдэн “Энх тайвны гүйлт”-ийг зохион байгуулж ирсэн билээ. Энх тайвны гүйлт нь дэлхийн гүрнүүдийн эв  найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой, олон улсын буухиа гүйлт юм. a

Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид жил бүр дэлхийн 100 гаруй орны мянга мянган сургуулиар зочилдог. Монгол улс энэхүү гүйлтэд  гурав дахь удаагаа нэгдэн орж байгаа бөгөөд гүйлтийг удирдагчид өчигдөр Улаанбаатар хотод буудаллаа.  Тэд энэ сарын 15-ны өдөр Замын Үүдийн боомтоор БНХАУ-ын оролцогчдод галт бамбарыг шилжүүлэн өгөх аж. Энх тайвны гүйгчид одоогоор галт бамбараа дэлхийн 140 орноор аялуулаад байгаа юм байна. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Долоон буудалд явуулын хөдөлмөрийн бирж ажиллана

Нийслэлийн алслагдсан гэр хорооллуудын ажилгүй иргэдэд хүрч ажиллах зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс санаачлан, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дэмжлэгтэйгээр ажиллуулж байгаа Явуулын Хөдөлмөрийн бирж маргааш  Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох 7 буудалд ажиллана.

Өнгөрсөн хугацаанд явуулын хөдөлмөрийн бирж Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн алслагдсан хороод, автобусны эцсийн буудлууд, оюутны Б хотхон зэрэг газруудаар ажиллаж 650 гаруй ажил хайгч иргэнийг бүртгэж 198 ажил хайгчийн шууд ажлын байранд зуучилж, 107 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулжээ. Мөн намрын ургац хураалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Намрын ажил- Залуус” төсөлд ажиллаж түр ажлын байраар хангагдах сонирхолтой ажил хайгч, залуучуудыг бүртгэж байгаа юм байна.

Иргэд та бүхэн Явуулын хөдөлмөрийн биржээр үйлчлүүлж байнгын, цагийн болон түр ажлын байранд үнэ төлбөргүй, шууд зуучлагдахын зэрэгцээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдах боломжтой юм.