Categories
мэдээ нийгэм

Арилжааны банкууд ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ

Иргэдээс ШӨХТГ-т арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл, хураамж нэрээр мөнгө суутган авдаг тухай удаа дараа гомдол ирүүлсний дагуу шалгалт явуулжээ.Тодруулбал тус газраас зургаан сарын хугацаанд арилжааны 13 банкинд шалгалт хийхэд зээл олгоход үүсч буй зардал нэрээр нийт зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл авч буйг хууль бус болохыг тогтоосон байна. Улмаар  дээрх шимтгэлийг авахгүй байхыг хүссэн албан бичгийг банкуудад хүргүүлсэн бөгөөд уг шаардлагыг банкууд үндэслэлгүй хэмээн үзэж ШӨХТГ-ыг захиргааны хэргийн шүүхэд өгчээ. 

Categories
мэдээ нийгэм

Есөнбулаг суманд 1000 айлын орон сууц барина

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 11-р гудамжны ар
талд шинээр баригдах “Солонго” 1000 айлын орон сууцны хорооллын дэд
бүтцийн ажлын нээлтийн ёслол боллоо. Уг нээлтийн үеэр тус аймгийн Засаг
дарга О.Амгаланбаатар ажил гүйцэтгэх тендерт шалгарсан компаниудад
батламж гардууллаа. Мөн энэ үеэр тус орон сууцны 1 өрөө байрнаас 5, 10,
20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах хонжворт сугалааг явуулж
төрийн албан хаагчид азтанаар тодорсон байна.

Тус хорооллын дэд бүтцийн ажлыг “ АУЭХ Систем“ ТӨХК , “ Мандал-Голомт “
ХХК, “Ундарга-Алтай“ ОНӨААТҮГ гүйцэтгэхээр болсон бөгөөд энэ оны
сүүлээр дэд бүтцийн ажил дуусч барилгын ажлыг гүйцэтгэх тендер
шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгүүлэх ажээ.

2015 онд эхний 300 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

“МАК” дулааны цахилгаан станц барих зөвшөөрөл авчээ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ үеэр “Монгол алт” (МАК) ХХК, Харбины Олон улсын Эрчим хүчний компаниуд Адуунчулууны 300 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх тухай хоорондын ерөнхий хэлэлцээр хийсэн юм.

БНХАУ-ын даргын айлчлалын дараахан “МАК” ХХК ДЦС-ынхаа тусгай зөвшөөрлийг авчээ. Уг станц нь 300 МВт-ын хүчин чадалтай бөгөөд 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан байна. Адуунчулууны ДЦС-ын төсөл хэрэгжснээр Монгол улсын нефт бүтээгдэхүүн импортын хамаарлыг бууруулж эдийн засгийн тогвортой хөгжилд дэм болох ба өөрийн хэрэгцээг хангах зорилгоор баригдах ДЦС нь нүүрс, химийн үйлдвэртэйгээ цогц байдлаар шийдвэрлэгдэж байгаа нь хөрөнгө оруулалтыг дэмжсэн эдийн засгийн үр ашигтай хувилбар гэж Эрчим хүчний зохицуулах хороо үзэж зөвшөөрөл олгосон байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон Ж.Ганбаатар комиссар цолоо авлаа

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд С.Баатаржавыг
ЦЕГ-ын даргаар томилсон. Улмаар түүнд тэргүүн комиссар цол олгоод
удаагүй байна. Тэгвэл түүний албан тушаалд хэн томилогдох нь тодорхойгүй
байсан ч  Ж.Ганбаатар томилогджээ.  Ж.Ганбаатарын хувьд өнөөдөр Тэргүүн
дэд комиссар цолоо авлаа.

BxFJo-5CEAEZSPW
BxFJo-5CEAEZSPW
Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн багш сурагч хүүхдийнхээ хөлийг скочджээ

Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн багш ангийнхаа хүүхдийн ам, хөлийг скочдсон гэх мэдээллийг эцэг, эх нь хэвлэлийнхэнд мэдээлсэн.

Хүүхдийн эцэг, эх нь цэцэрлэгийн цонхны завсраар харахад багш хүүхдийнх нь ам, хөлийг нь скочдсон байсныг хараад цагдаад гомдол  гаргасан байна.

Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг “Нийгэмд үнэн бодитой мэдээлэл тараагаагүй. Багш амыг нь биш хөлийг нь скочдсон гэсэн. Гэхдээ эцэг, эх нь цонхоор харсан хэрнээ тэр дороо орж ирээгүй, үдээс хойш ийм мэдээлэл тараасан. Бид багшаа өмөөрч байгаа юм биш. Үнэндээ өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийн ачаалал их байна. Энэ явдал ч хүүхдэд сөргөөр нөлөөлж, хэт их ачаалал багш, ажилчдын гомдлыг төрүүлж байна. Ачаалал ихтэй ажиллаж байгаа багш нарт хэцүү байгаа ч хамгийн гол нь үнэн зөв мэдээлэл тараагаагүйд гомдол гаргасан” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Эрдэнэжамъян өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгнө

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал энэ оны гуравдугаар сард болж, анхан шатны шүхээс түүнд улс төрийн алба хоёр жил хашихгүй байх, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 63 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан. 

Улмаар дэд сайд Э.Эрдэнэжамъяны зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдана гэдгээ мэдэгдээд байсан юм. Гэсэн хэдий ч энэ сарын 5-ны өдөр болсон давж заалдах шатны шүүх хурлаар Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулж Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгөхөөр болсон тухай эх сурвалж мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Багш нар халдварт өвчинтэй байсан нь илэрчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 50 гаруй хүүхэд хоолны хордлого авч, зарим хүүхдийн биеийн байдал муу байгаа талаар мэдээлж байсан. Хүүхдүүдийг ямар шалтгаанаар ийнхүү өвчилснийг тогтоохоор Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Ханбогд сумын цэцэрлэгийн хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, цэцэрлэгийн ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдас, ариутгал хийсэн бодисонд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр цэцэрлэгийн хүүхдүүд багш нараасаа халдварт өвчин авсан байх магадлал өндөр байгаа аж. 

Усны таван дээжинд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн 40 арчдасны 26-гаас нь, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрч, цэцэрлэгт халдваргүйтгэл хийсэн гэх хлорамины уусмал нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй буюу 67 хувиар бага байсан нь тогтоогджээ. Цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний вирус илэрсэн байна.  Иймээс эхний ээлжид ажилчдаас халдвар тархаж хүүхдүүд өвчилсөн байх магадлал өндөр байгааг МХЕГ-аас мэдээлж байна

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний зохицуулах хороо ШӨХТГ-ын торгуулийг төлөхгүй гэлээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цахилгааны үнийг зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар нэмсэн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийж  ШӨХТГ-аас гаргасан мэдэгдэлд албан ёсны тайлбар хийлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Э.Самдан “Эрчим хүчний салбар өөрөө төрийн оролцоотой онцгой салбар. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэр өөрөө “Шударга өрсөлдөөний тухай” хуулинд захирагдахгүй. Энэ байгууллагын гаргасан шийдвэр хүчин төгөлдөр буюу цахилгааны үнэ 5 төгрөгөөр нэмэгдсэн хэвээрээ байх болно” гэж мэдэгдлээ. Цахилгааны төлбөрийг 5 төгрөгөөр нэмэгдүүлснээр эрчим хүчний салбарын жилийн алдагдал 10 хувиар буурах боломжтой болжээ.

Харин ШӨХТГ-аас цахилгааны үнэ нэмсэн шийдвэрийг хүчингүй болгож,  ийм шийдвэр гаргасан 6 аж ахуй нэгж, 4 албан тушаалтанд нийт 189 сая төгрөгийн торгууль ногдуулж байгаагаа мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламжийг төлөвлөлтийг ярилцжээ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хотын ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзжээ. Тэд 2015 онд нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтийг хэрхэн хийх талаар ярилцсан байна. Аж ахуйн нэгж байгууллагууд “Мод үржүүлгийн аж ахуй эрхэлдэг газруудыг нийслэлийн зүгээс дэмжих хэрэгтэй байна. Цэцэг тарьж, мод үржүүлдэг байгууллагуудын ажлыг дэмжин ногоон байгууламжийн худалдааны зах барьж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан аж. Харин хотын дарга “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг төлөвлөлттэй хийх шаардлагатай байна. Төлөвлөлтөө хийгээд ир, хамтдаа хийе. Ногоон байгууламжийн худалдааны зах байгуулах ажлыг судалъя. Байршил талбайг нь ч ярилцах хэрэгтэй байна гэсэн хариултыг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар түншлэл-2014” олон улсын үзэсгэлэн худалдаа болно

МҮХАҮТ, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран
“Улаанбаатар Түншлэл- 2014” Олон Улсын үзэсгэлэн худалдааг 19 дахь
жилдээ зохион байгуулах гэж байна.  Үзэсгэлэнд экспортын болон
экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зах зээлийн эрэлт
хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, Олон улсын
стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч
байгууллага аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийг
дэмжигч байгууллагууд хамтран оролцоно.

Үзэсгэлэнгийн хүрээнд “Ази номхон далайн орнуудын дээд хэмжээний чуулга
уулзалт” МҮХАҮТ-д болох бөгөөд MATRADE, TAITRA зэрэг ОУ-ын байгууллагын
гишүүн компаниуд үзэсгэлэнд оролцох юм. Энэ удаагийн үзэсгэлэнд
урьдчилсан байдлаар Малайз, Япон, Тайвань зэрэг улс орноос нийт 40 гаруй
аж ахуйн нэгж оролцож, Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг
сурталчилан, бизнесийн түнш хайх зорилгоор оролцохоор бүртгүүлсэн байна.
_

Үзэсгэлэн доорх нэр төрлөөр явагдана.

.
  • Барилга, барилгын материал
  • Банк санхүү, зээлийн боломж
  • Тоног, төхөөрөмж
  • Эм, эмийн бүтээгдэхүүн
  • Ноос, ноолуур
  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Шинэ техник, технологи
  • Арьсан эдлэл, бэлэг дурсгал
  • Гэр ахуйн хэрэгсэл
  • Гоёл чимэглэл
  • Үндэсний эдлэл
.
Үзэсгэлэнд ирснээр бүтээгдэхүүн,
үйлчилгээнийхээ чанар, хийц загварын түвшинг жишиж үзэх, шинэчлэл байгаа
эсэх, хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнээ цогц хэлбэрээр танилцуулж,
хүргэхээс гадна аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо туршлага судлах, мэдлэг
солилцох, хоршиж ажиллах, зах зээлийн шударга өрсөлдөх олон боломжийг
зохион байгуулагчид олгож байна. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр
төрөл жилээс жилд олширч, шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг
нэвтрүүлснээр худалдан авагчийн сэтгэл ханамж нэмэгдэж, зах зээлийн
эрэлтийг нэмэгдүүлэх нь энэхүү үзэсгэлэнгийн нэгэн зорилт юм. Олон улсын
үзэсгэлэн худалдаа 2014 оны 09 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Мишээл
экспо төвд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.