Categories
мэдээ нийгэм

“Railbus”-ыг татан буулгана

Өнгөрсөн зургадугаар сарын 6-наас эхлэн  Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд “Railbus” буюу төмөр
замын автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тухайн үед сүр дуулиантайгаар нээлтээ хийж, зөв шийдэл, хөгжил дэвшил мэтээр ярьж
байсан билээ. Өөрөөр хэлбэл, “Railbus” үйлчилгээнд гарсанаар иргэдэд түргэн шуурхай хүрч үйлчилж, олон нийтийн санааг хамгийн ихээр түгшээж, нийгэмд стрессийг үүсгэдэг замын түгжрэлийг бууруулна гэдгийг ч албаныхан дуу нэгтэйгээр хэлж байв.  Гэвч тус төмөр замын автобус өнөөдрийг хүртэл
үйлчлүүлэгчээ татаж чадаагүй, алдагдалтай ажиллажээ. Нэг
 удаадаа 340 хүнд үйлчлэх боломжтой “Railbus”-аар өдөрт  30-40 хүн хүрэхгүй
хүн үйлчлүүлж байгаа гэнэ. 

  Иймд тус төмөр
замын автобусыг он гарахаас өмнө татан буулгана хэмээн албаны эх сурвалж
мэдээллээ.

 

Categories
мэдээ нийгэм

Зарим барилгын компанийн тусгай зөвшөөрлийг цуцлана

Нийслэлд баригдаж байгаа барилгуудын хөдөлмөрийн аюулгүй
байдлын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн
газар хамтран мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 470 гаруй
барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд эдгээрээс 26 барилгын үйл ажиллагааг
зогсоох акт тавьж, торгууль шийтгэвэр ноогдуулсан ч үйл ажиллагаагаа хэвийн
явуулж буй компаниуд байгаа гэлээ. Тиймээс НМХГ-аас тус үйл ажиллагаагаа
зогсоохгүй хууль бусаар үргэлжлүүлсээр байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг
цуцлуулахаар Барилга хот байгуулалтын яаманд хандахаар болсон байна.

Энэ сарын 7-ны өдөр “S Development” ХХК-ийн захиалгаар
“Бо Бэ констракшн” гүйцэтгэж байсан барилга дээрээс гурван залуу унаж
амиа алдсан хэрэг гарсан билээ. Тухайн өдөр амиа алдсан залуус хөдөлмөр
хамгааллын нөхцөлтэй танилцсан хэмээн гарын үсэг зурсан баримт нь олдсон ба
цагдаагийн байгууллага бичиг хэргийн шинжилгээ хийж өөрсдийнх нь гарын үсэг яг
мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Мөн барилгын осол аваар гарахад
зөвхөн хөдөлмөр хамгааллын инженерт хариуцлага тооцоод байгаа талаар яригдах
болсон. Энэ талаар НЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга
Х.Баянтүмэн “Он гарсаар барилгаас хүн унаж нас барсан 14 тохиолдол гараад
байгаа. Энэ удаагийн хэргээр гурван хүн амь насаа алдаад байна. Мөрдөн байцаалт
эхэлсэн бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс захиалагч, гүйцэтгэгч, ажил
олгогч, хөдөлмөр хамгааллын инженер гээд бүх оролцогч талуудыг ажил үүргийн
хуваарийн дагуу шалгаж байгаа. Одоогийн байдлаар гүйцэтгэгч компанийн захиралд
эрүү үүсгээд байна” гэв

Ирэх долоо хоногоос НМХГ, НЦГ хамтран нийслэлд баригдаж буй
барилгуудаар хамтарсан шалгалт хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Жуулчны мэдээллийн төв ажиллаж байна

Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 60
жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Соёл, спорт, аялал
жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Улаанбаатар төмөр
замын төв буудал”-д Жуулчны мэдээллийн төв шинээр нээн ажиллуулж байгаа билээ.

Жуулчны мэдээллийн төв нь зөвхөн гадаадын иргэдэд бус
гадаадад аялах монголын иргэдэд, Улаанбаатар хотод ирж буй дотоодын жуулчдад иж
бүрэн мэдээлэл, аяллын туслалцааг үзүүлж байна.

Манай улсын зорчигч тээврийн хамгийн том зангилаа болдог тус
буудлаар өдөрт 40 мянган зорчигч, сард 1 сая 200 мянган хүн үйлчлүүлж байна.
ОХУ, Монгол улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноор тус мэдээллийн төвийн
хэрэгцээ улам нэмэгдэх юм гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

“Газрын тос, шатдаг занар-2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ

Газрын тос, шатдаг занар-2014” олон улсын хөрөнгө
оруулагчдын чуулга уулзалт Улаанбаатар хотод анх удаагаа зохион байгуулагдаж
байна. Энэ чуулга уулзалтад газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг
“Роснефть”, “Петрочайна”, “Бритиш газ”, “Снопес”, “Стейт ойл” зэрэг дэлхийн том
корпорациудын төлөөллөөс гадна бусад компани, байгууллагын 300 гаруй төлөөлөгч
оролцож байна.

Чуулга
уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож хэлсэн үгэндээ “Шинэчлэлийн Засгийн
газраас газрын тосны салбарт эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө
 оруулалтыг татах, өрсөлдөх чадварыг сайжруулах болон олон жил яригдаж
байгаа уламжлалт бус газрын тосны асуудлыг тусгасан шинэчлэлийг хийлээ. Төрөөс
эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого болон Газрын тосны тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр шатдаг занар,
нүүрсний давхрагын метан хий зэрэг уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө
оруулалт татах эрх зүйн орчинг бүрдүүлж чадлаа. Уламжлалт болон уламжлалт бус
газрын тосны салбарт  хайгуул, олборлолт, боловсруулалтыг дэмжих зорилгоор
гэрээлэгчийг бүтээн байгуулалтын үе шатанд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх
тухай хуулийн төслийг хамтад нь батлууллаа. Тус салбарын хууль нь олон улсад
өрсөлдөхүйц нөхцөлтэй, ойлгомжтой, уян хатан болсноор хөрөнгө оруулалт
нэмэгдэж, газрын тосны нөөц арвижиж, эдийн засагт оруулах үр өгөөж нь өснө”
гэлээ.

Чуулга
уулзалт газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, Газрын тосны тухай хууль,
хөрөнгө оруулалтын орчин, тус салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв, байгаль
орчин ба орон нутгийн харилцаа, тэргүүний техник технологи, уламжлалт бус
газрын тосны судалгаа ба хэтийн төлөв, дэд бүтэц, ажиллах хүчин зэрэг
сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Манай
улсын газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурвынх нь нөөц тогтоожээ.
Нөөцийн хэмжээг 332,6 сая тонн, үүнээс 43,3 сая тонныг ашиглалтын баталгаат
нөөц гэж тооцож байна. Нүүрсний давхрагын метан хийн  нөөц 3,2 их наяд шоо
метр, шатдаг занарын нөөц 788 тэрбум тонн гэж таамаглаж байна  гэж
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас
мэдээллээ.   
  

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны хүүхдүүд тоглоомын талбайтай боллоо

Баянхошууны хүүхэд багачуудын
тоглох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлж
байна. “Баянхошуу Тэмүүлэл” ТББ  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын
албаны Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтсийн санхүүжилтээр Сонгинохайрхан
дүүргийн 10-р хорооны Зүүнбаян-Уулын 16, 17-р гудамжны уулзварт хүүхдийн
тоглоомын талбай байгуулжээ. Тоглоомын талбай байгуулсан газар нь өмнө нь
үерийн ус урсдаг ашиглалтгүй талбай байсан байна. Шинээр байгуулсан тоглоомын
талбай нь  үерийн ус зайлуулах шуудуутай сагсан бөмбөгийн талбай,
сүүдрэвч, сандал, элсэн талбай, турник, савлуур, 40м урт явган хүний зам,
гэрэлтүүлэг, хогийн сав зэргээс бүрджээ. Төслийг гүйцэтгэсэн “Баянхошуу
Тэмүүлэл” ТББ нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Баянхошууны хүүхэд багачуудын
хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Categories
мэдээ нийгэм

“Шим” группын захирал Л.Цандэлэг: Төр тариаланчдаа боомилж байна

Буудайн үнийг бууруулах, урамшууллыг хасах шийдвэр гаргасантай холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар тариалан эрхлэгчдийн төлөөлөл болох “Шим” группын захирал Л.Цандэлэгтэй товч ярилцлаа.

-Тариаланчид та бүхэн юунаас болж жагсаал зохион байгуулж байгаа юм бэ?

-Өнгөрсөн долоо хоногт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдэл гаргасан. Түүн дээр буудайны үнийг 500 мянган төгрөгөөс дээш гаргавал урамшууллыг хасна. Эсвэл ОХУ-аас буудай оруулж ирнэ хэмээсэн. Мөн гурил үйлдвэрлэгчдэдээ хямдаар өгөхөөр тусгасан. Ингэж тариалан эрхлэгчдээ дэмжихийн оронд төр нь элдэв тогтоол, шийдвэрээр далайлгаж, дарамталж байна шүү дээ. Үүнийг л бид эсэргүүцээд байгаа юм. Бидний хувьд “Та нар өөрсдөө хивгээ 550 мянгад зардаг байж энэ үнээрээ буудай авахгүй гэж юу яриад байгаа юм” гэдэг асуудлыг тавьж байгаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал нар дээрх мэдэгдлийг гаргасан. Гэхдээ энэ бүхнийг “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайхан гэж нөхөр хийгээд байгаа юм. Тэр хүн гурил үйлдвэрлэгчдийн хурал дээр үйлдвэрлэгч нартай уулзаж, тариаланчдын урамшууллыг өгөхгүй байя, хямдаар буудай авъя гэсэн санаачилгыг гаргасан гэсэн. Үүнийг л тариаланчид сонсчихоод эсэргүүцэж байгаа нь энэ.

-Тариаланчдын зүгээс нэг тонн буудайг хичнээн төгрөгөөр өгөх хүсэлтэй байгаа юм бэ?

-Бид одоохондоо үнийн талаар огт яриагүй байгаа. Улаан буудайн өөрийн өртөг гэж нэг зүйл байна. Гэтэл яам өнөөдөр болохоор 430 мянган төгрөг гэж гаргачихаад, маргааш нь түүнийгээ 370 мянга гэх мэтээр хоёр янзаар гаргаад байх юм. Ингэж яам нь гурил үйлдвэрлэгч нарынхаа талд орчихсон. Бидний хувьд нэг тонн буудай дор хаяж 550-600 мянган төгрөг байхаар тооцож байгаа. Бусад үйлдвэрүүд болохоор энэ үнээр нь авч байгаа. Ганцхан тэр “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайхан гэж нөхөр л сайд, төрийн нарийнтай нийлчихээд тариаланчдын эсрэг зүйл зохион байгуулаад байгаа байхгүй юу.

-Хэрэв 500 мянгаас дээш төгрөгөөр худалдаж авбал урамшууллын 100 мянган төгрөгийг өгөхгүй гэдгийг яамнаас тавьж байгаа юм билээ?

-Төр биднийг боомилж байна. Ийм зүйл байж болохгүй шүү дээ. Бид маш их хөдөлмөрийн дүнд буудайгаа хураан авдаг. Гэтэл төр нь бидний хөдөлмөрийг ингэж дор үнэлж, дарамталж болохгүй шүү дээ.

-Тариаланчид та бүхэн цаашид хэрхэх вэ?

-Сая тариалан эрхлэгчид бүгдээрээ цуглаж ярилцлаа. Бид одоо сайдад эсэргүүцлээ албан ёсоор мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлнэ. Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй бол дараагийн шатны арга хэмжээгээ авна.

-Ямар арга хэмжээ вэ, магадгүй буудай нийлүүлэх, нийлүүлэхгүй гэдэг маргаанаас гурилын үнэ нэмэгдэж болзошгүй юм?

-Яг ямар арга хэмжээ авахаа хараахан тохироогүй байна. Гэхдээ УИХ-д ч юм уу хандаж, ийм зохимжгүй шийдвэр гаргасных нь төлөө хариуцлага тооцуулах асуудлыг тавина.

-Та бүхэн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах уу. Яагаад гаднаас буудай авна гээд байгаа юм бэ?

-Бид бүрэн хангана. Хэрэв гаднаас буудайгаа авбал бид дотооддоо улаан буудай тариалахын хэрэг юу байна вэ. Өөрсдөдөө ашигтай рапсаа тариад л байж байя л даа. Төр нь улаан буудайгаа гадаадаас л авдаг юм байгаа биз. Ийм бодол бодоход хүртэл хүргэж байна шүү дээ. Биднийг айлгаад байгаа юм уу, эсвэл дарамтлаад байгаа юм уу. Үндэсний үйлдвэрлэл түүний дотор хөдөө, аж ахуйг унагаах гээд байгаа юм уу. Ганц хоёрхон компанийн эрх ашгийн төлөө олон нийтийн эрхийг ингэж хохироож болохгүй л дээ.

-“Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайхан гаднаас илүү хямд буудай авах гээд байгаа учраас ийм зүйл зохион байгуулаад байгаа юм болов уу?

-Мэдэхгүй. Ямар ч байсан тэр хүн яамны дарга, сайд нарыг л удирдаад байна. Ийм санаачилга гаргаад, түүнийгээ дарга нараар батлуулчихаад бүх нийтэд тулгаад яваад байна.

-Ер нь энэ жил тариалан эрхлэгчдээс хичнээн тонн улаан буудай нийлүүлэхээр төлөвлөөд байгаа юм бэ?

-Буудайн болц арай болоогүй байна. Ер нь бол 400-аад мянган тонн байх болох болов уу. Энэ нь төлөвлөж байсан хэмжээндээ арай хүрэхгүй байгаа.

Т.Гэрэл

 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг
хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн
дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн
есдүгээр
сарын 10-ны өдөр улс төрийн
болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд
өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болгосон юм.

Өнөө өглөө 10.00 цагт улс төрийн өндөрлөгүүд болон
хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд Сонгинохайрхан уулын бэл дэх хөшөөнд очиж цэцэг
өргөлөө. Мөн 12.00 цагаас төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд
болон хэлмэгдэгчдийн төлөөлөл ордны баруун талд байрлах хэлмэгдэгсдийн төв
хөшөөнд  цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

Энэ өдөр хэлмэгдэгсдийн музей үнэгүй ажиллах
бөгөөд 15.00 цагт залуудаа хэлмэгдэж явсан 100 настай буурай Л.Ишжамцынд очиж
хүндэтгэл үзүүлэх аж.

Цагаатгах ажлыг
удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх
хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга
орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан байна. 
Харин 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль
батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16
тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгожээ.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

ХУРАНДАА Д.ЦОГТБААТАР ХЭЛМЭГДСЭЭР БАЙНА

ТЕГын Сөрөх тагнуулын газрын даргаар хурандаа
Д.Цогтбаатар гэдэг хүн ажиллаж байсан нь нийтэд ил болоод нэлээд удлаа. Энэ
хугацаанд хурандаа Д.Цогтбаатар Төрийн нууц задруулсан гэнэ, Германы иргэнийг
залилсан гэнэ, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэнэ…, түүнийг цагдан
хорьсон гэнэ, сулласан гэнэ, ажилдаа орох гэж байгаа гэнэ, дахиад цагдан
хорьсон гэнэ, хорих хугацааг нь сунгасан гэнэ…, иймэрхүү сенсаци дэгдээд
даруй 200 гаруй хоног өнгөрч байтал хурандаа Д.Цогтбаатарын Германы иргэнийг
залилсан гэх хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ гэсэн мэдээ цацагдахад, 10
жил өмгөөлөгч хийсэн өмгөөлөгчийн хувьд, хурандаа Д.Цогтбаатарын удирдлагад
тагнуулын байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байсан албан хаагчийн
хувьд одоо л нэг юм учир начир нь олдож байх шиг байна гэж байтал хурандаа
Д.Цогтбаатарыг цагдан хорих хугацааг дахин сунгасан тухай сонсоод үзэг цаас
нийлүүлэхэд хүрлээ.

Хүнийг цагдан хорих асуудал бол зүгээр нэг үзэгний
үзүүрээр хийгддэг ажил огт биш. Гэтэл хурандаа Д.Цогтбаатарыг нийтдээ 210 хоног
хорьчихоод дахин хугацааг нь сунгасан нь үнэхээр хачирхалтай санагдахгүй байна
гэж үү? Тэгэх тусмаа түүнд тулгасан олон ял нь түрүүчээсээ үгүйсгэгдэж байгаа
нөхцөлд? Би энэ хүнийг муйхраар өмөөрч байгаа юм бишээ. Хэрэв хэн нэгэн үнэхээр
гэмт хэрэг үйлдсэн л юм бол түүний гэм бурууг хуулийн дагуу л тогтоох ёстой.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах хуулийн хамгийн
гол шалгуур бол хэргийн ээдрээ төвөгтэй байдал, цаашид хорьж мөрдөх зайлшгүй
шаардлага 2 байдаг. Түүнд тулгаж байгаа ялуудын дийлэнх нь хүндэвтэр гэмт
хэргийн ангилалд багтаж байх бөгөөд ээдрээ төвөгтэй гэх зүйл байхгүйн дээр ийм
хэргүүдэд дээд тал нь 4 сар цагдан хорих хуультай.

Хэрэв ийм тодорхой хэргийн бодит үнэнийг хуулийн
хугацаанд \2 сар\ нь тогтоож чадахгүй байгаа бол хэргийг мөрдөж байгаа мөрдөн
байцаагч, хяналт тавьж байгаа хяналтын прокурорт нь хариуцлага тооцох нь
зүйтэй. Тэдний арчаагүй, чадваргүй байдал нь хүнийг цаашид хорьж мөрдөх
зайлшгүй шаардлага биш.

Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажил бол маш нууц, асар
их эрсдэл шаарддаг, нарийн төвөгтэй ажил. Тэгээд ч хуулийн хүрээнд прокурорын
зөвшөөрлөөр, прокурорын хяналтан дор хийгддэг. Үнэхээр албан тушаалын бүрэн
эрхээ хэтрүүлсэн л юм бол тухайн үед нь прокурор юу хийж байсан юм бэ?.
Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа бол Үндэсний аюулгүй байдлыг хангах нэг
ёсны үйлдвэрлэл мөн. Тийм болохоор ажлын явцад нь алдаа гарч, хэн нэгний эрх
ашгийг хохироосон бол тэр нь нийгэмд ашигтай зорилгод хүрэхээр хийгдсэнээрээ
үйлдвэрлэл шинжилгээний үндэслэл бүхий эрсдэл тул нийгмийн хор аюул нь
үгүйсгэгдэнэ. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг яриа хэзээ үгүйсгэгдэх  вэ?

Мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нотлох баримтыг өөрийн
дотоод итгэлээр үнэлэх эрхтэй. Тэгэхээр үнэхээр хэргийн холбогдогчид хонзогнож,
хурандаа Д.Цогтбаатарыг гүтгээд байгаа юм биш биз? гэдэг таамаглал дэвшүүлээд,
нөгөө өнцгөөс нь нэг шалгаад үзээсэй. Өдий болтол ингэхгүй байгааг бодоход энэ
хүн хэн нэгэн эрх бүхий албан тушаалтны дургүйг хүргэсэнээс зайлахгүй гэдэг
дүгнэлт хийсэн ч болохоор байгаа юм. Хурандаа Д.Цогтбаатар маань хэнийг тэгтэл
нь хилэгнүүлээ юм бол доо. Хэрэв хувийн атгаг санаагаар түүнийг цагдан хорих
хугацааг зайнаас сунгуулаад байгаа хэн нэгэн албан тушаалтан байх аваас хожмын
нэгэн өдөр бурхны гэсгээлээс мултрах гарцгүй гэдгээ л ойлгоосой билээ.

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг
хүндэтгэх өдөр. Хэлмэгдүүлэлт өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгааг би баттай
хэлж чадна. Монгол хэлний товч
толь бичгээс “хэлмэгдэлт,хэлмэгдүүлэлт”гэсэн үгийг уншиж энэ үгээр гарчиг
тавив. Төрийн албандаа үнэнч шударгаар ажиллаж байсныг Д.Цогтбаатартай ажиллаж
байсан хамт олон гэрчилнэ. Үнэнч шударга хүнээс эмээдэг, үл бүтэх явдалтай цөөн
хүн байхыг үгүйсгэхгүй. Энэ тухай Д.Цогтбаатар захидал, мэдэгдэл бичсэн.
Д.Цогтбаатарыг германы иргэнээс их хэмжээний мөнгө, автомашин, эд зүйл авсан
мэт мэдээлэл цацаж нэр төрийг нь гутаан сэтгэл санааны хохирол, олон сараар
цагдан хорьж эрүүл мэнд, бие махбодийн хохирол, гэрт нь удаа дараа нэгжлэг хийж
хүүхдүүдэд нь сэтгэл санааны хямрал айдас үүсгэж, эхнэрийг нь мөрдөн мөшгөж,
энэ ам бүлийн хэвийн амгалан амьдралыг алдагдуулж байгаа нь “хэлмэгдүүлэлт” мөн.
Гэтэл германы иргэнээс их хэмжээний мөнгө авсан хэргийг нь хэргэсэхгүй
болгожээ. Одоо тухайн үед хийж байсан албан ажилтай нь холбон хэрэгт мөрдөгдөж
байсан этгээдээс гүтгэлэгийн мэдүүлэг авч “яллах” талын нотлох баримт цуглуулж
байгааг Д.Цогтбаатар мэдэгдсээр байтал үл ойшоон түүнийг хэлмэгдүүлсээр байна.     

 

Хууль
зүйн ухааны магистр, бэлтгэл хурандаа Л.Нямзундуй

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг сонгон шалгаруулах гэнэ

Монгол Улсын Засгын газрын 2014 оны
04 дүгээр сарын 04-ний өдрийн “Улаанбаатар хотын Цагдаагийн газар байгуулах
тухай” 115 дугаар тогтоолоор Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын
цагдаагийн газар болгон өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Хууль зүйн
сайд Х.Тэмүүжинд үүрэг болгожээ. Үүргийн дагуу Хууль зүйн сайд 2014 оны 08
дугаар сарын 08-ны өдөр “Улаанбаатар хотын цагдаагийн газар байгуулах тухай”
А/140 дугаар тушаал гаргасан байна. Дээрх тушаалд Цагдаагийн ерөнхий газрын
даргыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй
зөвшилцөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын зохион байгуулалтын бүтцийг
тогтоохыг даалгажээ. Тушаалын дагуу Нийслэлийн Засаг дарга, Цагдаагийн ерөнхий
газрын дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/748, 534 дугаар хамтарсан
захирамж, тушаал гаргаж, Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын
газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.

Хуулийн хүрээнд нийслэл дэх болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн
албаны зөвлөлийн хамтарсан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Сонгон
шалгаруулалт зохион байгуулах тухай” 13/17 тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотын
Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг
нийтэд зарлажээ.

Улаанбаатар хотын цагдаагийн даргаар ажиллах хүн цагдаагийн байгууллагад 15-аас
доошгүй жил ажилласан байх шаардлагатай гэнэ. Түүгээр ч барахгүй  нутаг  тодорхой нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн
байгууллагын удирдах албан тушаалд гурваас доошгүй жил ажилласан
туршлагатай, одоо ажиллаж байгаа хүн байх учиртай аж.

Categories
мэдээ нийгэм

“Талын Монголчуудын морьт үзүүлбэрийн гайхамшиг”

“Талын Монголчуудын морьт үзүүлбэрийн гайхамшиг” 

Гэрэл зурагнуудыг  Ц.МЯГМАРСҮРЭН