Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр соёл, урлагийн ажилтны өдөр

Өнөөдөр соёл урлагийн байгууллагын ажилтны өдөр тохиож байна. Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүүгээ 21 дэх жилтэйгээ золгож байна. Засгийн газрын 2010 онд баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд ССАЖЯ-наас олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд  өчигдөр “Чингисийн Хүрээ” цогцолборт өдөрлөг зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 20-ноос эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хаахаар болжээ.

Энэ хугацаанд өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийх юм байна. Ажил арав хоногийн хугацаанд үргэлжилж, улмаар замыг нээх аж.

Categories
булангууд мэдээ нийгэм нэг-ангийнхан

Үндсэн хуулийг бүтээсэн нэг ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа тун өвөрмөц нэг ангийг урилаа.
Өнөөдөр байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 24 жилийн
ой тохиож байгаа түүхэн өдөр. Тиймээс тухайн үедээ “Нэг ангийнхан” болж, анхны Ардчилсан
Үндсэн хуулийг баталж байсан Улсын бага хурлын гишүүдийг энэхүү буландаа урив. Тэднийг
“Монголын түүхэнд улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг
бүрдүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан парламент” хэмээн түүхийн номуудад тэмдэглэсэн
байдаг билээ.

Анхны парламентын гишүүдтэй өчигдөр Төрийн ордноо уулзах боломж тохиосон
юм. Учир нь түүхэн ойг тохиолдуулан өнөөгийн УИХ-ын дэд дарга, тухайн үеийн Улсын
бага хурлын дарга, БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч Р.Гончигдорж  ахмад гишүүдээ хүлээн авч уулзлаа. Энх орныхоо
өнцөг булан бүрээс 53-уулаа цуглаж байсан анхны парламентчидаас энэ өдөр 20 гаруй
хүн иржээ. Тэдний дунд, одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж,
Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, Сангийн сайд
асан Ц.Өөлд, МҮАН-ын дарга М.Энхсайхан, Сангийн дэд сайд асан Т.Очирхүү, иргэн Д.Ламжав
нарын олон эрхмүүд байснаас гадна тухайн үеийн Улсын бага хурлын Тамгын газарт ажиллаж
байсан ажилтнууд хүрэлцэн ирсэн байлаа. Тэр бүр уулзалдаж чаддаггүй ахмад парламентчид
нэг л сайхан дотно, элгэмсэг байдлаар тэврэлдэн уулзалдах нь нүднээ тусч байлаа.

Энэхүү анхны парламен­таас өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын
дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Л.Болд, Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд
асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан С.Баяр, Д.Балдан-Очир, Т.Очирхүү нарын зэрэг
улс төр, нийгмийн олон зүтгэлтнүүд улстөрч байхын анхны “хичээлээ” заалгаж байсан
гэхэд болох билээ. Улсын бага хурал 1990-1992 оны хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж
байв. Ингэхдээ Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Социал демократ нам, Монголын
үндэсний дэвшлийн нам гэсэн дөрвөн намын төлөөлөл болох 53 гишүүнээс бүрдэж байсан
юм. Тэднийг Ардчилсан Үндсэн хууль болон бусад суурь хуулиудыг батлуулах зорилготойгоор
таван жилийн хугацаатай сонгож байсан ч эдгээр үндсэн үүргээ хоёр жилийн хугацаанд
биелүүлж, хуулиудаа баталж чаджээ. Тиймээс ч өөрсдөө хугацаанаасаа өмнө “буух” хуулийг
баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу 76 гишүүнтэй
шинэ парламентдаа суудлаа тавьж өгсөн хэрэг. Үүнийг ч энэ өдрийн уулзалтыг зохион
байгуулсан Р.Гончигдорж дарга хэлж байлаа. Тэрээр “Өөрсдөө сайн дураараа эрхээсээ
татгалзсан энэхүү үйл явдал нь дараа дараагийн парламентад нэгэн жишиг болж чадсан
юм” хэмээж байлаа. Тэд төрийн эрх барих хоёр жилийн хугацаанд 27 хуулийг шинээр
баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 17 гэрээ, конвенцийг соёрхон баталж байсан
юм.

Эдгээрээс хамгийн онцлог хууль нь Ардчилсан шинэ Үндсэн хууль. Үндсэн
хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаар
ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байсан бөгөөд Бага хурлын байнгын хороодын хэд
хэдэн удаагийн хэлэлцүүлэг, бүх нийтийн санал асуулгын хэдэн арван мянган санал
зэргийг нэгтгэж, жил гаруйн хугацаанд хэлэлцэж байж шинэ Үндсэн хуулийг баталж байлаа.
Ингэхдээ шөнө бүр нэг, хоёр цаг хүртэл хуралдаж, өөрсдийн үзэл бодлоо хамгаалан
хэрүүл, маргаан хийж эвдрэлцэхээс эхлээд эвийн хүчээ нийлүүлэн байж улс эх орныхөө
хөгжлийг чиглүүлэх тулгуур хуулиа баталж байсан гэдэг.

Ийм их нөр хөдөлмөрийг хийж чадсан “Нэг ангийнхан”-ы хувьд малчин,
эксковаторчаас эхлээд хуульч, эдийн засагч, санхүүч, инженер зэрэг салбар салбарын
төлөөлөл багтаж байв. Тухайлбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Г.Лхагважав гуай
малчин ардын төлөөлөл болон Бага хуралд сууж байсан бол барилгачин Б.Искра гуай
жирийн нэгэн ажилчин ангийг төлөөлөн ажиллаж байв. Тэднээс гадна олон багш нар тэнд
багтаж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Түүнчлэн “Үндсэн хуулийн эцэг” хэмээн ард
түмэндээ хүндлэгдсэн Б.Чимид агсан ч энэ парламентын түшиж, тулах туршлагатай хуульч
нь байсан юм.

Парламентын анхдагчдын дунд ердөө хоёрхон бүсгүй ажиллаж байжээ.
Тэдний нэг телевизийн нэвтрүүлэгч Э.Алтангэрэл харамсалтай нь ертөнцийн жамаар бурхны
оронд очжээ. Түүн шиг ангийн нөхдөө орхиод одсон арав гаруй гишүүн бий.

Харин нөгөө бүсгүй болох Ж.Бямбажав гуай Бага хурлын гишүүний албаа
өгснөөс хойш Үндсэн хуулийн Цэц зэрэг өндөр хариуцлагатай хэд хэдэн албан тушаалд
томилогдон, өндөр бүтээлтэй ажилласан нэгэн юм. Тухайн үед хоёрхон эмэгтэйгээ эрхэм
гишүүд маань ихэд хүндэтгэн саналыг нь сайшаан хүлээн авч, дэмждэг байсан хэмээн
Ж.Бямбажав гуай дурсан ярьж байсан билээ. Хоёр бүсгүй маань жендерийн асуудлыг тодорхой
хэмжээгээр хэлэлцэж буй хуулиуддаа оруулж чаддаг байсан гэдэг.

 

ПАРЛАМЕНТЫН ХАМГИЙН ЗАЛУУ ГИШҮҮН С.БАЯРЦОГТДОО СҮҮЛ ҮҮРҮҮЛЖ БАЙЖЭЭ

Булангийн маань зочид тухайн үедээ 23-65 насных байсан юм. Тэдний
хамгийн бага нь өнөөгийн УИХ-ын гишүүн С.Баярцогт гэдгийг олон хүн мэдэх биз ээ.
Дөнгөж их сургуулиа төгссөн шижигнэсэн бор залуу Монголын Залуучуудын холбооны квотоор
парламентын гишүүн болж байв. Түүнээс хойш тэрээр үргэлж төрд ажиллан, УИХ-ын гишүүн,
дэд дарга, сайд гээд хариуцлагатай албан тушаалуудыг хашсаар байгаа юм.

Ангийнхнаасаа хамгийн бага нь байсан тул тухайн үеийн хөгжилтэй олон
дурсамж С.Баярцогт гишүүнтэй холбоотой байдаг. Ардчилсан хувьсгал дөнгөж ялж, эдийн
засаг, нийгмийн байдал хүнд хэцүү байх тэр үед Бага хурлын гишүүдэд өнөөгийн гишүүдийн
эдэлж, хэрэглэж байгаа шиг эрх ямба байсангүй. Зөвхөн “Бага хурлын гишүүн” гэх үнэмлэхээр
автобусанд үнэ төлбөргүй явах л эрхтэй байв. Нэгэн өдөр С.Баярцогт гишүүн автобусанд
суужээ. Тэгсэн тасалбар түгээгч нь учиргүй мөнгө нэхэж, “Чиний бага хурлын гишүүн
гэж юу байдаг юм. Харваас жаахан амьтан байж яасан том ярьдаг юм. Хуурамч үнэмлэх
биз” хэмээн загнасаар тасалбарынхаа мөнгийг авч байсан удаатай гэнэ. Бага хурлын
гишүүн Н.Сампилноровын дурсан ярьснаар С.Баярцогт гишүүн маань хонины таван кг сүүл
үүрээд одоогийн бидний нэрлэж заншсан Сансарын туннелийн байр орж байсан тохиолдол
ч бий. Учир нь Н.Сампилноров гуай Төрийн ордны ресторанд ортол хонины шинэхэн сүүл
зарж байна гэнэ. Өөхөнд нэлээд дуртай тэрээр олдсон дээр нь гэсэн шиг таван кг өөх
авч орхилоо. Гэтэл гэртээ аваачих гэтэл хүч дутжээ. Тэгэхээр нь танхимынхаа залуу
гишүүд болох С.Баярцогт, Сомат хоёрт үүрүүлээд гэр рүүгээ явуулчихаж. “Ямар ч байсан
аваачаад л өгсөн дөө” хэмээн Н.Сампилноров гуай өдгөө хүд хүд инээн сууна. Гэхдээ
бас С.Баярцогт гишүүн  дуугүй байгаагүй гэнэ
лээ. “Улсын бага хурлын гишүүнээр сүүл үүрүүлээд байхдаа яадаг юм” гэж хэлж үзсэн
гэнэ лээ шүү.

Хашиж буй албан тушаалаасаа үл хамааран хаа ч таарсан хөгжилтэй,
хөгжөөнтэй яриа дэлгэж явдаг Ж.Бямбадорж гуай энэхүү уулзалтын үеэр хэзээний бусдыгаа
инээлгэсээр явна лээ. Тэрээр энэ өдрийн уулзалтад орж ирэнгүүтээ л Р.Гончигдорж
дарга, С.Товуусүрэн нарын зэрэгцэн суугааг хараад “Үстэй, үсгүй хоёр зэрэгцээд суучихаж”
хэмээн бусдыгаа инээлгэж байлаа. Үнэхээр ч Р.Гончигдорж дарга урт үсээ боосон байхад
С.Товуусүрэн гуайн толгой харин гялтганаж байсан юм.

Бага хурлын гишүүн Ж.Бямбадорж гуайн хөгтэй явдлууд тун олон. Нэгэн
удаа Боловсролын тухай хуулийн талаар өргөн хэлэлцүүлэг болж байлаа. Бүр тодруулбал,
Намын дээд сургуулийг татан буулгаж, төр, нийгэм судлалын академи байгуулах тухай
асуудал яригдаж байв. Ж.Бямбадорж гуай ч багш учир үе үеийн удирдагчдыг бэлтгэж
ирсэн сайхан сургуулиа татан буулгуулахгүй гээд л үзэж тарлаа. Бүр нүдээ бүлтийлгэж,
нүүрээ улайлгаж байгаад л хэрэлдсэн гэж байгаа. Түүний эсрэг саналтай байж, тэгтэл
нь уурлуулсан хүн бол МҮДН-аас орж ирсэн н.Батсүх байв. н.Батсүх гуай харин багш
мэргэжилтэй атлаа сургуулийг татан буулгахыг гойд дэмжиж байсан нэгэн. Үүнээс үүдэн
хоёр багш үзэл бодлоо тууштай хамгаалан танхимаар нэг хэрүүл болсон гэдэг. Бүр өөрсдийнхөө
саналыг дэмжүүлэх буюу талдаа урвуулахаар бусад гишүүдээ ч ятгаж байсан гэж байгаа.
Эцэстээ Ж.Бямбадорж гуай дийлсэн гэсэн.

Энэ мэт үзэл бодлынхоо төлөөх тэмцэл нь тэр үеийн Бага хуралд байнга
гардаг үзэгдэл байв. Гэхдээ энэ нь ямар нэг хорон хэрүүл бус Монгол орны ирээдүйг
гэрэлтүүлэхийн төлөөх маргаан байсан юм. Ямартаа л Ж.Бямбадорж, Батсүх хоёр тэрхүү
“хүндхэн” хэрүүлийн дараа танхимаас гарах мөчдөө хувь хүнээрээ уулзалдсан байхав
дээ. Тэдний дунд “Чи багш хүн байж, үгүй би чамд хэзээ ч бууж өгөхгүй за” гэсэн
инээдтэй зэрэгцсэн үгс урсаж, бие биенийхээ мөрөн дээр цохиод өнгөрч байсан өдрүүд
зөвхөн үүгээр дуусахгүй.

Бага хурлын гишүүд олон түмний дунд их нэр хүндтэй. Үүнийг нотлох
нэгэн үйл явдал Ж.Бямбадорж гуайд тохиолдсон байх юм. Тэрээр нэг удаа шөнийн 11
өнгөрч байхад Амгалангаас автобусанд суутал нэгэн танихгүй эр “Хүүе. Бямбадорж гуай
тантай золгоё” хэмээснээр автобусанд явсан 20 гаруй хүн түүнтэй золгох болсон гэдэг.
Автобустай холбоотой өөр нэг дурсамж бол Байнгын хорооны даргынхаа машинд дайгдан
гэр рүүгээ дөхдөг явдал. Эрх биш байнгын хорооны дарга учир Д.Лүндээжанцан гишүүн
маань машинтай байж. Тиймээс ч гуравдугаар хороололд байх гэр рүүгээ явахад нь
“Хамт дөхье” гээд л суучихдаг байсан гэсэн.

Хэзээд мөн чанараа алдахгүй зөв хууль, зөв шийдвэр гаргахын төлөөх
өөр нэг маргаан бол мөнгөн дэвсгэртийн тухай хэлэлцүүлэг байв. Ингэхдээ мөнгөн дээр
ямар хүний зураг байх ёстой талаар гишүүд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байв.
Тэдний дунд “Чингэс хаан, Маршал эсвэл бүр Хубилай, Өгөдэй хааныхаа зургийг тавья”
гэсэн санал ч байв. Тэгсэн гишүүн Н.Сампилноров “Зүс барааг нь харж байгаагүй хаадыг
ямар гэж дүрслэх вэ. Нүдийг нь, хамрыг нь ямар байдлаар зурах вэ. Харин түүний оронд
хэний ч мэдэх одоогийн Ерөнхийлөгч П.Очирбатын зургийг оруулъя” гэж. Түүний энэ
яриа танхимыг инээдээр дүүргэж, хүн бүр өөр өөрийнхөө зургийг тавих уу гэх мэтчилэн
хөгжөөнтэй яриа өрнөсөн гэдэг. Н.Сампилноров гуай мөчөөгөө өгөлгүй дарга Р.Гончигдорждоо
хандан гаргасан саналаараа санал хураалгая гэж. Хуулийн дагуу санал хураалт ч болж,
53 гишүүнээс долоо нь дэмжив. Энэ учир дутагдалтай боллоо дахин хураалгая гэсэн
ч дахиад л нөгөө долоо л дэмжиж байсан түүхтэй.

Түүнчлэн төрийн сүлдэнд шонхор шувууг оруулах гэснээс үүдэн шувуунд
мөргөх болж байна уу гэсэн яриа, шүүмжлэл ч гарч байсан удаатай.

Бага хурлын гишүүдийн олонхи нь хөдөө орон нутгаас ирсэн тул тэднийг
Туннелийн өндөр ногоон байруудад түр зуур суулгадаг байсан гэдэг. Шөнийн нэг, хоёр
цаг хүртэл хуралдчихаад хоорондоо хууч хөөрсөн шигээ гэр рүүгээ алхацгаадаг байсан
нь ахмадуудын маань сайхан дурсамжийн нэгээхэн хэсэг. Ням гаригийн ганцхан амралтын
өдрөөрөө бие биенийдээ орж, айраг цагаа уунгаа шатар тоглон цагийг бас ч үгүй үр
бүтээлтэй өнгөрөөдөг байснаа гишүүд маань дурсан ярьж байсан юм. Гишүүд маань тэр
үед сарын 1300 төгрөгийн үндсэн цалинтай байв. Уг нь үүнийг 3000 болгон нэмэгдүүлэхээр
АИХ-д оруулсан ч “ихэднэ” хэмээсэн тул хуучнаараа тогтжээ. Зарим багш, эрдэмтэн
үүн дээр эрдмийн нэмэгдэл авна. Гэхдээ л төдий нэмэгдэхгүй, 2000 төгрөг л болно.
Өнөөгийнх шиг бусад хангамж байхгүй ч тэдний цалин ямар ч байсан болгоод л байсан
тухай ахмад гишүүд маань хуучилж байна лээ.

Улсын бага хурал албан ёсоор тарах үед гишүүддээ бүгдэд нь орон сууц
хуваарилж өгчээ. Тэгсэн одоогийн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд эзэнгүй
байсан тул уг хуваарилалтаас хоцорчихжээ. Чухам яг хаашаа явсан байсныг нь ангийн
нөхөд нь ярихдаа “Угийн л хэл ус сайтай байсан болохоор гадаадад л тэнэж явсан байх”
хэмээсэн. Нэгийгээ байргүй болчих гээд байхаар нь ангийн нөхөд нь хөөцөлдсөөр түлхүүрийг
нь аваад эгчид нь хүргэж өгч байсан нь анхны парламентын гишүүд маань сонгогдсон
нам энэ тэрээсээ огтхон ч хамааралгүйгээр бие биенийхээ төдийгүй улс орныхоо хөгжлийн
төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг, зүтгэдэг байсны нэг жишээ ажээ.  

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Таван байршилд зуслангийн газар өмчлүүлнэ

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь энэ сардаа багтаан таван байршилд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг эхлэхээр болжээ. Үүнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт,  Сүхбаатар дүүргийн  Архустай, Цолмон, Цээнэ гэсэн таван ам хамаарагдаж байгаа аж.

Зуслангийн газар өмчлөх иргэн нь тухайн газраа эзэмших эрх авсан байхаас гадна нэг удаа газар өмчилнө гэсэн Газрын тухай хуульд заасан заалттай нийцсэн байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, та ахуйн зориулалтаар газар өмчилсөн бол давхар зуслангийн газар өмчлэх эрх үүсэхгүй. Тиймээс энэ асуудлыг анхаарах ёстойг мэргэжлийн байгууллага анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх эрхийг баталгаажуулах хугацааг дахин сунгахгүй

НИТХ-ын
тогтоолын дагуу нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар газар өмчлүүлэхээр болсон. Энэ дагуу газар өмчлөх хүсэлтэй
иргэдийг цахимаар бүртгэж 15 мянга орчим  иргэн газар өмчлөх эрхтэй болсон
юм. Иргэдийн өмчлөлийг баталгаажуулах
өргөдлийг хүлээн авах хугацааг 10 хоног хэмээн зарласан ч иргэдийн хүсэлтээр
дахин сунгасан билээ. Иргэдийн өргөдлийг хүлээн авах хугацаа өчигдрөөр дуусгавар
болжээ. Сунгасан хугацаанд амжиж өргөдлөө өгөөгүй иргэдийн газар өмчлөл эрх
хүчингүй болох юм байна.  Баянзүрх
дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 91927 иргэн бүртгүүлж, 909 иргэн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам –
96028 иргэн бүртгүүлж, 4169 иргэн, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар
хороонд байрлах Эрдэнэтолгой – 67920 иргэн бүртгүүлж, 869 иргэн, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр
хэсэг –17075 иргэн бүртгүүлж, 7504 иргэн, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо
Бор-Үзүүр – 8490 иргэн бүртгүүлж, 1484 иргэн газар өмчлөх эрхтэй болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Дарханы замыг шинэчилж эхэлжээ

Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг
хүрэхэд 224 км зайтай. Дархан
хүрэх замын эвдрэлээс болж Баруунхараа буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас Дархан-Уул
аймгийн Хонгор сум орох 18.6 км замыг туулахад суудлын тэрэг дунджаар хоёр цаг зарцуулж байгаа аж. Замын
эвдрэлээс үүдэн Улаанбаатараас гарсан суудлын тэрэг дунджаар дөрвөн цаг
гаруй явж байж зорьсон газраа очдог болжээ. Өмнө нь хоёр цаг хагас яваад очдог
байсан гэнэ. \ Улаанбаатар-Дархан  чиглэлийн замыг
“Дархан АЗЗА” компани Засгийн газраас шийдсэн мөнгөөр долдугаар сараас эхлэн засварлаж эхэлжээ.
Уг замыг хэсэгчилэн засч, зорчих хөдөлгөөнийг эхнээс нь
нээгээд эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш 09 сарын 14 нд цахилгааны түр хязгаарлалт хийгдэх газрууд



“Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй шалтгаанаар
нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын
хүрээнд маргааш буюу 2014 оны есдүгээр сарын 14-ний өдөр дараах газруудад 
цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Төв
аймаг

09.00-17.00 цагт: Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст
сум, Өвөржанчивлан, Шохой, Цонжинболдог чиглэлийн бүх хэрэглэгчид 09.00-18.00
цагт: Баянцогт сумын Дунд Уртын эх, Шимт Уринш ХХК-иуд, гэр хороолол

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал тусвал ийм шинж илэрнэ


Тарвага, мэрэгчтэй харьцснаас хойш зургаан хоногийн дотор өндөр халуурах, булчирхай цочиж томрон
эмзэглэх, цээжээр өвдөх, цустай цэр гарах шинж илэрвэл эмчид яаралтай хандахыг мэргэжлийн
байгууллагаас зөвлөж байна.  

Энэ  сард Өвөрхангай
аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн билээ.
Өвчтөн М, 15 настай, эрэгтэй хүүхэд. Есдүгээр сарын  3-нд тарваганы мах идэж, тарваганы түүхий давсаг залгиснаас
хойш эмнэл зүйн шинж илэрч, сумын эмнэлэгт хандсанаар оношилгоо, эмчилгээнд
хамрагдаж, сумын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажиллагаа үргэлжилж байна. Эмнэлзүй шинж тэмдэг, лабораторийн шинжилгээг үндэслэн
урьдчилсан байдлаар тарваган тахлын залгиурын хэлбэр гэж үзсэн юм. Сумын
Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорио тогтоож, найман
цэгт 24 цагаар эргүүл гаргажээ. Одоогийн
байдлаар нэгдүгээр хавьтлын 54 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх
эмчилгээнд хамруулах, сумын хэмжээнд хоёрдугаар
хавьтлыг илрүүлэх, хяналтад авах ажиллагаанд ХӨСҮТ-ийн
баг бүрэлдэхүүн хамтран ажиллаж эхэлжээ. Өвчтэй
тарвага агнах, тарваганы арьс өвчих, мах эвдэх үед арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед, бөөс, бүүргэнд
хазуулах, тарваганы түүхий эд (хүн мах, элэг, цөс, давсаг ..г.м )-ийг залгих,
махыг түүхий, шүүрхий идэх тохиолдолд, мөн тарваган тахлын уушгины хэлбэрээр
өвчилсөн хүнээс амьсгалын замаар  тарваган
тахлын халдвар дамждаг байна.

Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын
зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт оршдог аж. Одоогоор 17 аймгийн 137 суманд тарваган тахлын
байгалийн голомттой юм
байна.  2009-2013 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга
сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгийн аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн
сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, 2014 оны есдүгээр сарын байдлаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон
Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын байгалийн голомт
идэвхтэй байгааг тогтоожээ.  Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн
Эрдэнэхайрхан,Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний таван тохиолдол бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын болзошгүй аюулаас сэргийлэхийг анхаарууллаа


    Цаг уурын байгууллагаас
ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст,
14-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи
12-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 13-нд говь талын нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар
12-14 м/с хүрч ширүүсэх юм байна.
Иймд хүчтэй салхи шуурганы үеэр бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,
авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд
үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил
төрлөө зөв зохицуулахыг сануулж байна.
Мөн хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж,
бензин шатахууны нөөцтэй замд гарах, үр тариа төмс, хүнсний ногоо хураах, өвс, тэжээл
бэлтгэх зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа энэ үед иргэд, аж
ахуйн нэгж, байгууллагууд цаг агаарын болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг
Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Орхонд анхны цас оржээ




Өнгөрсөн
шөнө Орхон аймгийн төв Эрдэнэт хотод анхны цас орсон байна.
Том том ширхэгтэй нойтон цас өнөөдөр ч үргэлжлэн оржээ.
Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар хүйтрэх төлөвтэй байна гэж тус хүрээлэнгийнхэн онцлон
мэдээлж байна.