Categories
мэдээ нийгэм

А.Гансүх сайд Ц.Батыг уучилжээ

Зам  тээврийн сайд А.Гансүх инженер Ц.Батыг уучилжээ. Тэрбээр энэ уучлалаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлж, жиргээчдийн хүсэлт гэдгийг давхар дайжээ. Мөн сайд “Цаашид олон хүн гүтгэлэг доромжлолын золиос битгий болоосой гэж итгэж энэ алхмыг хийлээ. Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” хэмээн жиргэжээ.

Инженер Ц.Бат нь Зам тээврийн сайд А.Гансүхийн нэр хүндэд халдсан хэргээр шүүхээс 100 хоногийн баривчлах ял сонсч, сар орчмын хугацаанд хоригдсон юм. Харин давж заалдах шатны шүүхээс түүний хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Ц.Батыг батлан даалтад гаргаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаяр нарыг суллахыг шаардана

Ц.Мөнхбаяр нар УИХ-д өргөн барьсан урт нэртэй хуулийг эсэргүүцэн Уул уурхайн яам болон “Централ тауэр”-т тэсрэх бодис тавьсан, төрийн ордон руу буу шийдэмтэй заналхийлж, олон нийтэд айдас төрүүлсэн хэмээн буруутгагдаж, өнгөрөсөн жилийн энэ өдөр хоригдож байжээ.

“Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр есдүгээр сарын 16-ний өдөр иргэний нийгмийн байгууллагууд хамтран Чингис хааны нэрэмжит төв талбайд жагсаал хийх болсон тухайгаа мэдээлсэн. Тэд жагсаалаараа эх орон, байгаль дэлхийгээ хамгаалж, бусдад сануулга өгсний төлөө буруудаж хоригдсон Ц.Мөнхбаяр нарыг шоронгоос гаргахыг уриалж, цаашид шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ. Мөн  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлж, Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар эрх баригчдаас асууна гэдгээ ч хэлж байсан.

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны салбарт Хойд Солонгостой хамтарна

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны хооронд байгуулах “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол Пхеньян хотын Ардын соёлын ордонд болжээ. Санамж бичигт Монголын талаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, Солонгосын талаас БНАСАУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны орлогч дарга Жан Рён Хёг нар гарын үсэг зурсан байна. Ёслолын арга хэмжээнд тус ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон БНАСАУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны албан тушаалтнууд байлцжээ.

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. Тус замын төгсгөлийн хэсэг буюу Жанцангийн уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх нэг км замын суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэн өнөө өглөө замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. 14 метр өргөнтэй зорчих хэсгийн тэмдэг, тэмдэглэгээг маргааш буюу есдүгээр сарын 17-нд хийнэ. Тавдугаар сарын 9-нөөс эхлэн замыг хэсэгчлэн хааснаар далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуур ус зайлуулах таван төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлууд хийгдсэн юм. Гэрэлтүүлэг, явган хүний замын ажлууд хийгдэх бөгөөд зам барилгын ажлын гэрээ энэ оны 10 дугаар сарын 30-нд дуусгавар болно гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Ажиа гэгээнд шагнал гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11 цагт Төрийн ордноо Ажиа гэгээнийг хүлээн авч шагнал гардуулах юм байна. Ажиа гэгээн сүүлийн жилүүдэд манай оронд хэрэгтэй хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож байгаа бөгөөд сүүлийн жишээ гэхэд “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийг ашиглалтад оруулсан билээ. Ямартай ч өнөөдөр Ажиа гэгээнт Төрийн тэргүүн Алтангадас одон гардуулахаар болсон бололтой. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын хориог цуцална

Өвөрхангай аймгийн Сант суманд энэ сарын 10-ны өдөр 15 настай С.Мягмарсүрэн тарваганы давсаг залгиснаас болж, залгиур хоолойн тарваган тахал өвчин туссантай холбогдуулан тус газарт хөл хорио тогтоогоод байсан билээ. Харин өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж, тус суманд тогтоосон хориог өнөөдөр цуцлахаар болсныг мэдэгдсэн. Тарваган тахал өвчнөөр өвдөж, эмнэлэгт хүргэгдсэн хүүгийн бие сайжирсан бөгөөд түүний ээж, аав болоод өвчний голомттой бүсэд байсан 62 иргэнийг үзлэгт хамруулахад өвчний шинж тэмдэг илрээгүй ажээ.

Мэргэжлийн байгууллагын өгч буй мэдээллээр 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байдаг аж. Энэ жилийн тухайд, тарваган тахлын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга цахилгаан автомашиныг өөрийн албан хэрэгцээнд ашиглана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашин үйлдвэрлэдэг Япон Улсын “Митсубиши моторс” корпорацид хамтран ажиллах санал тавьсан. Нийслэлийн Засаг даргын саналын дагуу өнгөрсөн 6-р сард тус корпораци 2 цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, туршилтын шугамаар албан хэрэгцээнд  ашиглаж байна. Туршилтаар ашиглах явцад нэг сарын хугацаанд 60 000 төгрөгийн цахилгааны зардлын тооцоо гарчээ. Уг автоамшиныг бүтэн цэнэглэсэн тохиолдолд хэрэглээнээсээ хамаарч 4000 төгрөгөөр 130-150 км зам туулах хүчин чадалтай бөгөөд утаагүй, хүлээмжийн ялгаруулдаггүй давуу талтай.

Тус корпорациас 3 дахь цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, хүлээлгэн өгсөн юм. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаата хотын Захирагч Э.Бат-Үүл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизу, “Митсубиши моторс” корпорацийн Хойд Азийн оффисын Ерөнхий менежер Ёойчи Шимизу нар оролцлоо.

Энэ үеэр Хотын дарга “Агаарын бохирдлын багагүй хувийг эзэлдэг автомашинаас ялгардаг утааг багасгах, иргэдийн төсвийг хэмнэх зорилгоор цахилгаан автоамшиныг бид туршилтаар ашиглаж байна. Манайд өмнө нь хандивласан 2 автомашиныг Үндэсний их баяр наадмаар иргэдэд үйлчлэхэд их таатай хүлээж авсан. Сард 60 мянган төгрөгийн зардал гарна гэхээр манайхан огт итгэж өгөхгүй байсан юм. Гэтэл энэ цахилгаан автомашиныг Канад Улсад амжилттай туршсан бөгөөд манай улсын эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицох уу гэдгийг бид энэ өвөл турших гэж байна. Хэрэв туршилт амжилттай болвол хамгийн түрүүнд нийслэлийн харъяа агентлагуудыг цахилгаан автомашинаар хангахаар төлөвлөж байгаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн татварын багагүй мөнгийг хэмнэнэ. Харин өнөөдөр хүлээн авч буй энэ автомашиныг би албан хэрэгцээнд ашиглахаа мэдэгдэж байна” гэлээ. “Митсубиши моторс” корпорациас Хотын захиргаатай цаашид хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

“Manaikhoroo.mn” сайт ажиллаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба АНУ-ын Азийн сантай хамтран нийслэлийн  орон сууцны болон гэр хорооллын 152 хороонд амьдрах орчны газрын зураглалыг гаргаж байгаа. Энэ зураглалыг хийхэд Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, хороодын хэсгийн ахлагч нар, иргэдтэйгээ хамтран хорооныхоо  үндсэн мэдээллийг газрын зураглалд тэмдэглэн, дүүргүүдийн мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүд мэдээллийн санд оруулж байна.  

Эдгээр зураглалд үндэслэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газар нийслэлийн хэмжээнд хийгдэх гол ажлуудын төлөвлөлтөнд тухайн хороонд дутагдаж байгаа болон шинэчлэн өөрчлөх шаардлагатай саналуудыг тусгах юм. Нийслэлийн зарим хороод иргэдийн оролцоотой хийсэн газрын зураглалаа хорооныхоо байранд байршуулан иргэдэд мэдээллийг нээлттэй өгч эхэлсэн.

БЗД-ийн 27-р хорооны иргэд өөрийн амьдарч буй хороогоо хичнээн хүн ам, хэдэн өрхтэй, дэлгүүр, сургууль, цэцэрлэгийн тоо хэр хүртээмжтэй байгааг зураглалаасаа харан ярилцаж  саналаа хэлж эхэлсэн. Өмнө нь иргэд хороодын мэдээллийг зөвхөн зохих зөвшөөрлийн дагуу л холбогдох мэргэжилтнээс авдаг байснаас хэд дахин илүү боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог. Өөрийн амьдарч буй орчноос гадна  бусад хороодын мэдээллийг ч иргэд цахим хэлбэрээр харна гэвэл “Manaikhoroo.mn” сайтаас мэдээллээ  авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Зарим гудамжийг шинээр нэрлэлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014
оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 150 дугаар тогтоолоор нийслэлийн зарим
гудамжийг шинээр нэрлэж, сунгалаа. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний
газраас хэлэлцүүлсэн саналын дагуу шинээр 9 гудамжийг шинээр нэрлэж, 4
гудамжны нэрийг сунгалаа. Шинээр нэрлэж, сунгасан гудамжны нэрсийг
хүснэгтээр танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Гудамж нэрлэх тухай

Д/д

Гудамжны нэр

Гудамжны байршил

Тайлбар

1.

Худгийн гудамж

Авто плазагаас хойш 16-р сургууль хүртэл гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

2.

Бэлхийн гудамж

Сэлхийн зуслангийн уулзвараас хойш Бэлх ресорт ХХК хүртэлх гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

3.

Сангийн хорооны гудамж

Бөхийн өргөөний зүүн талаар урагшаа Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж хүртэлх гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

4.

Самбалхүндэвийн зам

Хүчит шонхор захын урд талаас нарангийн энгэрийн шинэ замаар  Хувьсгалын зам хүртэлх гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

5.

Ноолуурын гудамж

Хан-Уул дүүргийн Хос өргөө орон сууцны урд уулзвараас баруун тийш 
Алтай, Гоёо кашмерийн үйлдвэрийн баруун талаар үйлдвэрийн гудамж хүртэлх
гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

6.

Баруун Сонсголонгийн гудамж

Морингийн замаас Буянт ухаа I хорооллын баруун талаар хойш чигээрээ автобусны эцсийн буудал хүртэлх гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

7.

Хайгуулчдын гудамж

Хүнсчдийн гудамжны төгсгөлөөс нефьтийн агуулахын зүүн талын баруун
уулын үерийн далангаар урагш эргэж Монгол фүүд махны үйлдвэрийн хойд
талаар төмөр замын гарам хүртэлх

Гудамж шинээр
нэрлэх

8.

Тахилт гудамж

Хилчин холбоочдын гудамжнаас баруун тийш Тахилтын амны автобусны эцсийн буудал хүртэлх гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

9.
 

Эмээлт зам

Товчооны замын төгсгөлөөс шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймгуудын замаар нийслэлийн хил хүртэлх

Гудамж шинээр
нэрлэх

 

Гудамж нэрлэх, сунгах тухай

Д/д

Гудамжны нэр

Гудамжны байршил

Тайлбар

1.

Бага тойруу

Цэцэг төвийн уулзвараас урагшаа Сөүлийн гудамж  хүртэлх гудамж,
СУИС-ийн зүүн урд талын уулзвараас МУБИС-ийн баруун урд уулзвар хүртэл
хагас дугуй тойрууг

Гудамж сунгаж нэрлэх

2.

Тэнгэр рашааны гудамж

Зайсангийн тойруугаас  Америк сургуулийн араар явж хүүхдийн хорих ангийн араар явж Зайсан толгой хүртэлх гудамжийг   

Гудамж сунгаж нэрлэх

3.

Б.Шаравын гудамж

Дунд голоос ШУТИС-ийн харьяа Механик инженерийн сургуулийн зүүн
талаар урагш явж  Чингисийн өргөн чөлөөг нэвтэрч    Хан-уул Худалдааны
төв хүртэлх гудамжийг

Гудамж  сунгаж нэрлэх

4.

Найрамдалын зам

Москвагийн гудамжны төгсгөлөөс Номингийн агуулах, Цэргийн хотхон,
Ногоон зоорийн урдуур баруун тийш  Найрамдал зуслан хүртэл

Гудамж сунгаж нэрлэх

Categories
мэдээ нийгэм

Үндэсний “Номын баяр” болно

“Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уриатай номын баяр энэ сарын 20-нд буюу ирэх бямба гаригт Чингисийн талбай дээр болно. Энэ үеэр тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншлагад гарсан, уншлагад гараагүй номын үзэсгэлэн дэлгэгдэх аж.

Мөн Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их уншигддаг уран зохиолын номын рейтингийг тогтоох, номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт зэрэг ном тойрсон олон олон үйл явдал болох гэнэ.

Уламжлал ёсоороо 16 дахь баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид. Тэд өөрсдийн ном бүтээлээ сурталчлан оролцож гарын үсэгтэй худалдаалах юм. Харин ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50 хувь хямдруулан худалдаална. Мөн зохион байгуулагчдын зүгээс төрийн болон бизнесийн байгууллагуудад хандан номын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, ном худалдан авч, тархи оюунаа цэнэглэн оюундаа хөрөнгө оруулахыг уриаллаа.