Categories
мэдээ нийгэм

Цэргийн жинхэнэ албанд татах, элсүүлэх ажил 10 сарын 15-наас эхэлнэ

Нийслэлийн
Засаг дарга “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион
байгуулах тухай” А/774 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн
хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч,
түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах,  гэрээт
цэрэгт элсүүлэх  ажлыг   2014 оны 10 дугаар сарын 15-наас 19-ний
өдрүүдэд зохион байгуулна. Мөн энэ захирамжаар цэргийн жинхэнэ албаны татлагыг
удирдан зохион байгуулж ажиллах “Цэрэг татлагын товчоо”-г байгуулж,
даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллахаар
боллоо. Харин дүүргүүдэд Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан цэрэг
татлагын товчоог байгуулах бөгөөд тус товчоо нь товчооны бүрэлдэхүүнд
орсон  гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, цэрэг татлага, халалтын
ажилтай  холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, тухайн
ажлыг гүйцэтгэх онцлогийн талаар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны
татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулах үүрэг хүлээж байна.
Харин дүүргүүдийн Засаг дарга нар цэрэг татах, халах ажлыг зохион байгуулалтаар
хангаж, байр, тээврийн хэрэгслээр ханган, шаардагдах төсөв хөрөнгийг хуульд
нийцүүлэн гаргахыг нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо. Цэргийн жинхэнэ
албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг
дүүргүүдийн цэрэг татлагын товчоо хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл
бүрийн сургалтад хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч
хэрэгжүүлэх юм. Харин цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг цэрэг татлага
дууссан өдрөөс хойш гурав хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын
товчоонд ирүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгос эмч дуучин Т.Ариунааг үнэ төлбөргүй эмчилнэ

  МУГЖ Т.Ариунаа
энэ оны тавдугаар сард тайзнаас унаж хөлөө бэртээсэн бөгөөд тэрээр мэс ажилбар
хийлгэсэн ч хөл нь төдийлөн сайжрахгүй байгаа гэнэ. Тэгвэл дуучин бүсгүйн
хөлийг Солонгосын нэгэн эмч үнэ төлбөргүй эмчилж өгөхөө мэдэгджээ.

Түүний Солонгос фэн нь улсдаа нэртэйд тооцогдох эмнэлгийн мэс заслын эмч бөгөөд
сүүлийн үед энэ мэргэжлээрээ гаршиж яваа алдартай эмч гэнэ.
Эмч залуу энэ талаар “Монголын нэрт дуучин бүсгүйн хөлийг эмчилж эрүүл саруул
болгох нь миний нэр төрийн хэрэг. Эмч гэж яваагийн утга учир. Тиймээс эрхэм
дуучинд манай эмнэлэг ямар ч үнэ төлбөргүйгээр эмчилгээ хийх болно. Учир нь
тэрээр миний сонсох дуртай дуучдын нэг” хэмээн ярьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Авто зам, шугам сүлжээний ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн
төсөл нийслэлийн 21 байршилд хэрэгжиж байна. Тус төслийг Нийслэлийн ИТХ-ын
дарга Д.Баттулгаар ахлуулсан “Төслийн удирдах хороо” удирддаг бөгөөд хорооны ээлжит
хурал боллоо.

Хурлаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Орон сууцны VII
хороолол орчмын Ё, В, К, Й хэсэгчилсэн талбайд хийгдэх автозамын барилга
угсралтын ажлын хөрөнгийг шийдвэрлэх тухай
хэлэлцлээ.
Тус нутаг дэвсгэрийн нэгж талбарт төсөл хэрэгжүүлж буй “Бэрэн” ХХК-ийн барьж
байгаа VII хорооллын эхний ээлжийн 1440 айлын орон сууц болон 300 хүүхдийн
сургууль, цэцэрлэгийн цогцолбор энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно. Тиймээс
тус хэсгийн 1,2 километрийн автозамыг барих шаардлагатай байгаа юм. Уг авто зам
нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээ,
зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа 2,25 метрийн өргөнтэй явган хүний
зам бүхий 1,2 километр урттай. Энэ ажлын хүрээнд 1,2 километр автозамын
гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах байгууламжийг барина.
 Хэвтээ тэнхлэгийн авто зам нь Ногоон нуурын гудамжийг Цагдаагийн
гудамжтай холбож буй холбоос автозам. Харин босоо тэнхлэгийн автозам нь Их
тойруугаас Цагдаагийн гудамж руу хойшоо нэвтрэх боломжтой холбоос
автозам юм. Холбоос автозамуудыг барьснаар Улаанбаатар хотын автозамын сүлжээ
сайжирч, хөдөлгөөний ачааллыг сааруулах эерэг нөлөөтэй гэж Нийслэлийн Авто
замын газраас мэдээллээ. Мөн шинээр ашиглалтад орж буй орон сууцны VII
хорооллын иргэдийг тоосжилтгүй, эрүүл орчинд амьдрах, хатуу хучилттай авто
замаар зорчих нөхцлөөр хангана.  Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд 2,03 тэрбум
төгрөг шаардлагатай бөгөөд Төслийн удирдах хорооны гишүүд хэлэлцээд нийслэлийн
төсвийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Орон сууцны VII хороолол орчмын Ё
хэсэгчилсэн талбайд баригдах бага сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийн инженерийн
шугам сүлжээний гадна шугам холболтын төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, тогтоол
гаргахаар боллоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн инженерийн шугам
сүлжээний асуудлыг нийслэл хариуцаж байгаа тиймээс нийслэлийн ИТХ-ын дарга,
Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга 2015 онд гэр хорооллын дахин
төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний ажилд шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөг
11 сарын 01-н гэхэд гаргах  үүргийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний
газарт өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэн усыг үрэлгэн зарцуулж байна, тэр өндөр төлбөр төлнө

Ус хэрэглэгч аж ахуйн нэгж ямар үйл ажиллагаа явуулж байгаагаас
хамааран Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг Засгийн газрын 2013
оны есдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолын дагуу усны төлбөрийг өөрөөр
төлөх болсон.

Өөрөөр хэлбэл ашигт малтмал олборлогч нэг шоометр ус ашигласныхаа
төлөө нийт сав газруудын дунджаар тооцоход ойролцоогоор 561 төгрөг 90
мөн¬гө, аж ахуй эрхлэгч хүнд үйлдвэрлэл эрхэлдэг бол 176 төгрөг 60
мөнгө, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг бол 103 төгрөг
30 мөнгө, архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэгч ашигласан усныхаа
шоометр тутамд 103 төгрөг 30 мөнгө төлнө. Мөн ус бохирдуулсаны төлбөрийн
тухай хууль 2012 онд шинээр батлагдсан иргэн болгон ус бохирдуулсны
татвар төлөгч болгохоор өргөн хэмжээний судалгаа явагдаж байгаа аж.
Тиймээс усны бохирдолд нөлөөлж байгаа аж ахуйн нэгж, иргэн бүр төлбөр
төлөх, ашигласан усаа эргэн цэвэршүүлэх, дахин ашиглах үүрэг хүлээж
байна. Үүний дагуу ус цэвэрлэх байгууламж байгуулсан аж ахуйн нэгжүүд
хэд хэд байгаа гэнэ. Тодруулбал уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг 140 гаруй аж ахуйн нэгж хаягдлын сантай болжээ.
Тэгэхээр
усны хэрэглээн дээр бүгд тэгш эрхтэй гамтай, байгальд ээлтэйгээр
хэрэглэсэн нь бага төлж, хайр гамгүй хандсан хэсэг нь илүү төлөх болсон
байна

Categories
мэдээ нийгэм

Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын
мэндэлсний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойд зориулан МАН-ын
Удирдах зөвлөл, Ю.Цэдэнбалын академи, Нийслэлийн МАН-ын хороо, мөн
Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд, ач охин Анастасия Зориговна нар өнөөдөр
хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Ю.Цэдэнбал нь 1916 оны
есдүгээр сарын 17-нд Увс аймгийн Давст суманд айлын тав дахь хүү болон
мэндэлжээ. Есөн настайдаа буюу 1925 онд Улаангомын шинээр байгуулсан
сургуульд элсэж, 1929 онд төгссөн. Мөн онд боловсролоо үргэлжлүүлэхээр
Эрхүүг зорьсон байна. Есөн жилийн турш Эрх, Улаан-Үдийн хооронд аялж,
Сибирийн Санхүү, Эдийн засгийн институцыг онц дүнтэй төгсөж, санхүү
эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ. Улмаар 1938 онд Улаанбаатар хот руу
буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны
гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны
дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа
Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг
хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны
Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны
наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн
хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

Харин 1984 оны наймдугаар сард Ю.Цэдэнбал агсныг тэтгэвэрт нь гаргаж,
Орос улсад аваачсан бөгөөд тус улсад 1991 оны дөрөвдүгээр сарын 20-ныг
хүртэл амьдарч, насан өөд болсон юм.

Онцлоход, 2016 онд түүний 100 насны ой тохиох бөгөөд ойн арга хэмжээг
ёслол хүндэтгэл дүүрэн өнгөрүүлэх  ажлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
хариуцан ажиллахаар болсон ажээ.

Categories
мэдээ нийгэм

Үсчин, гоо сайханчид шилдгээ тодруулна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын
газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн “Аварга үсчин, гоо сайханч-2014” тэмцээнийг энэ сарын 30-нд зохион байгуулахаар
болжээ.
Хотын хүмүүсийн стиль имижийг тодорхойлдог үсчин, гоо сайханчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан
туршлага солилцох зорилготой уг тэмцээнийг Монголын үсчин гоо засалчдын
мэргэжлийн холбоо, Монголын үсчин гоо засалчдын холбоо хамтран зохион байгуулж буй аж.
Тэмцээнийг эрэгтэй сонгомол засалт, эмэгтэй урт үсний үдшийн
самналт, эрэгтэй урт үсний өдөр тутмын засалт, эмэгтэй урт үсний задгай самналт, хумс засалт, хуримын нүүр будалт
гэсэн зургаан төрлөөр явуулах ажээ.
Дашрамд дуулгахад тэмцээнд оролцогчдыг энэ сарын 25-ны өдөр хүртэл дүүргийн
Тамгын газрын 211 тоотод бүртгэх бөгөөд тэмцээнд оролцогч нарт сургалт явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Жолоочийн албан журмын даатгалд иргэд хяналт тавих боломжтой боллоо

Улсын хэмжээнд замын
хөдөлгөөнд идэвхтэй оролцдог 445 орчим мянган тээврийн хэрэгсэл байдаг. Үүний
90 орчим хувь нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагджээ. Эдгээр жолооч нар
өөрсдийн албан журмын даатгалын гэрээгээ даатгалын нэгдсэн санд орсон эсэхийг
тэр болгон мэддэггүй

Тэгвэл даатгалд
хамрагдсан хүн бүр өөрсдийн мэдээллийг гар утаснаасаа хянах боломжтой болжээ.
Хэрэв та ухаалаг гар утастай бол Плэй стор цэс рүү орж
Автодорцов программыг татаж авах боломжтой юм. Энэ программ дээр таны
даатгалын бүх мэдээлэл болон нөхөн төлбөрийн мэдээлэл байрлаж байна. Түүнчлэн
даатгалын нэгдсэн санд бүртгэлтэй эсэхээ мэдэх боломжтой гэж Албан журмын
даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангиудад шалгалт хийжээ

Нийслэлийн
прокурорын газраас Нийслэл, дүүргийн прокурорын газрын харьяа хяналтад байгаа хорих ангиудад
“Ялтнаас хорих ангийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт”-ийн байдлыг шалгасан байна.
2014 оны эхний хагас жилийн байдлаар хорих ангиудад ял эдлэж буй нийт 2327
ялтнаас 2437 өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн захиргаа нь хүлээн авч шийдвэрлэжээ. Тэдгээр өргөдөл, гомдол, хүсэлтийн 1840-ийг нь хорих ангиудын өөрийн эрх хэмжээнд
шийдвэрлэх асуудлаар, 35 өргөдөл, гомдлыг прокурорын байгууллагад хандаж, 562 өргөдөл, гомдол хүсэлтийг
бусад байгууллагуудад  хандаж гаргажээ.
Шалгалтаар нийт хорих ангийн захиргаа ялтнаас амаар гаргасан өргөдөл, гомдол,
хүсэлтийг хүлээж авахдаа зохих бүртгэл судалгаанд хамруулж улмаар тэмдэглэл үйлдэж
тухайн ялтнаар гарын үсэг зуруулж авдаггүй, нийгмийн ажилтнууд ялтны гаргасан өргөдөл, гомдол,
хүсэлтийг бүртгэлд бүрэн хамруулдаггүй, өргөдөл, гомдлын бүртгэл нь  эмх цэгцгүй, замбараагүй, ойлгомж муутай бичсэн, ялтнуудын гаргасан өргөдөл, гомдол,
хүсэлтийн шийдвэрлэлтийн хариуг тухайн ялтанд танилцуулж гарын үсэг зуруулж
ялтны хувийн хэрэгт хавсаргадаггүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн бөгөөд шалгалтын дүнг үндэслэн Нийслэл, дүүргийн прокурорын газраас хорих 401, 409, 429 дүгээр ангийн
дарга нарын нэр дээр прокурорын шаардлага хүргүүлсэн ба
цаашид анхаарах асуудлуудын талаар хорих 405, 461 дүгээр ангийн
дарга нарт прокурорын  албан тоот хүргүүлэн ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалт болж байна



МАН-ынхан
“Найрамдал” зусланд чуулж байна. “Бидний шийдэл – Шинэ хот, Хамтдаа шийдье”
уриан дор бүсийн зөвлөгөөн-2014 зөвлөгөөнийг хоёр дахь өдрөө зохион байгуулж
байна. Уг зөвлөгөөнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй удирдлагууд, мөн нийслэл болон есөн
дүүргийн МАН-ын намын хорооны төлөөлөгчид оролцож байгаа гэнэ.Зөвлөгөөнд
оролцогчид хотын хөгжил дэвшил, эдийн засгийн орчин, иргэдийн амьдрал ахуйг
сайжруулах талаар шинэ гарц, гаргалгаа гаргаж санал солилцож буй юм байна.
Зөвлөгөөнөөс гаргасан шийдлүүдийг 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах ажэý.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хаана хаана зам засч байна вэ?

Энэ онд хийгдэх зам засварын өргөтгөл шинэчлэлтийн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хийгдэж буй зам засварын ажлын талаар мэдээллийг сонирхуулъя.

 1. БЗД, Монелийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхэд замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 30-нд дуусна. 

 2. ХУД, Төвийн салааны уулзвараас Сонсголонгийн гүүрний хойд хэсэг хүртэлх замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил зунжин үргэлжилж байна. Энэ ажил төлөвлөгөөний дагуу арваннэгдүгээр сарын 15-нд дуусах ажээ. 

 3. ХУД, Яармагийн гүүрнээс хойш ТЭЦ-3-н баруун хойд уулзвар хүртэл замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 2014.07.20-с 2014.11.05-ны өдрийн хооронд хийхээр төлөвлөн түр хаасан. Ажил хэвийн явагдаж байгаа аж.

 4. ХУД, Яармаг “Америк” сургуулийн арын зам цөмөрсөнтэй холбогдуулан зам доогуур явсан худгийн хоолойг нөхөн сэргээж, засварлахад хойд талын зорчих хэсгийг 2014.09.14-с 2014.09.16-ны хооронд бүрэн хааж урд талын зорчих хэсгээр урсгал сөрүүлэн хөдөлгөөн зохион байгуулж байна.

 5. СБД, Бээжингийн гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдуулан 11-р хорооллын уулзвараас зүүн тийш Лхагвасүрэн жанжингийн хөшөөний зүүн хойд уулзвар хүртэл, Сэлбийн гүүрний баруун талаас зүүн тал хүртэл зорчих хэсгийг бүрэн хаасан. Бээжингийн гудамжны зам засварын ажил нь 2014.04.30-с 2014.10.30-ны хооронд хийгдэх юм.

 6. СБД, Бээжингийн гудамж ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш Лхагвасүрэн жанжингийн хөшөөтэй уулзвар хүртэл замын хучилт нөгөөдрөөс эхэлнэ. Энэ замыг хэсэгчилэн хаах бөгөөд замын ажил 14 хоногийн хугацаатай үргэлжлэх гэнэ. 

 7. СБД, Гэндэнгийн гудамж, UB Mart худалдааны төвөөс Япон улсын ЭСЯ-ны уулзвар хүртлэх замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2014.09.09-с 2014.09.25-ны хооронд хийгдэж байгаа тул хэсэгчлэн түр хаасан.

 8. СБД, Чойдогийн гудамж, ГХЯ-ны баруун урд уулзвараас “Сонгодо” эмнэлгийн зүүн хойд уулзвар хүртэл хаасан замыг хуваарийн дагуу өнөөдөр нээх ажээ.

 9. СХД, Моносын Уулзвараас ТЭЦ-4-ийн уулзвар хүртэл замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнгөрсөн долдугаар сараас хойш хийгдэж байгаа. Энэ хэсгийг аравдугаар сарын 31-нд нээжх юм байна. 

10. СХД, Баянхошууны замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан Жанцан дэлгүүрийн уулзвараас хойш 400 м газрыг энэ сарын 6-наас хаасан бөгөөд маргааш нээх аж.  

11. ЧД, Энхтайваны өргөн чөлөө, УИД-ийн баруун болон хойд хэсгийн замуудад хучилт хийх тул энэ сарын 16-18-ны өдөр хүртэл хэсэгчлэн түр хаана.

 12. СБД, Чойдогийн гудамж Blue Sky төвийн урд замыг дулааны шугам шинэчлэн солихтой холбогдуулан энэ сарын 15-20-ны өдрийг хүртэл хэсэгчлэн түр хаасан.