Categories
мэдээ нийгэм

Утас цэнэглэгчийг залгууртай нь орхивол…

Сард  гурван ширхэг утас цэнэглэгчийг залгууртай нь орхиход цахилгааны төлбөр 4000- 5000 төгрөгөөр нэмэгддэг байна.

Categories
мэдээ нийгэм

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТББ-УУД ЧУУЛЖ БАЙНА

Гадаад
харилцааны яам, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран зохион
байгуулж буй “Бүтээлч хамтын ажиллагаа” (Creative collaboration) сэдэвт
нэгдсэн чуулга уулзалт Гадаад харилцааны яам дээр болж байна.

Уулзалтыг
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж, Гадаад харилцааны сайд
Л.Болд төлөөлөгчдөд хандан үг хэллээ. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий
сайд Ц.Алтанхуяг болон Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулгын
мэндчилгээг тус тус уншиж танилцуулав.

Үдээс
өмнөх хуралдаанаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал
Ц.Батбаяр “Монгол Улсын гадаад бодлого”, ГХЯ-ны Консулын газрын захирал
Ш.Сүхбаатар “Иргэдийн эрх ашгийг хамгаалах Консулын албаны үйл ажиллагаа”,
Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газрын дарга Д.Баттогтох
“Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл ба шилжилт хөдөлгөөн”, Европ-Монголын
Нийгэмлэг, Швед дэх Монголчуудын Үндэсний холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ
“Гадаадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын байгуулсан ТББ-уудын талаархи
нэгдсэн танилцуулга-мэдээлэл”, АНУ дах Монгол Соёлын төвийн тэргүүн, доктор
М.Саруул-Эрдэнэ  “Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын хэл соёлын
асуудалд”, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын гишүүн Д.Үүрцайх “Давхар харьяалал
бодит үзэгдэл болсон хийгээд шийдвэрлэх арга замын тухайд”,  “Цахим
Өртөө холбоо” ТББ, Британийн Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат“Төрийн
байгууллагууд ба Гадаадад буй Монголчуудын Холбоод, ТББ-дын хамтран ажиллах
тогтолцооны загвар” сэдвээр тус тус илтгэл тавив.

Үдээс
хойш “Монгол орны хөгжилд” аравдугаар чуулга уулзалт болох бөгөөд уулзалтын
хүрээнд Өндөр технологи, Шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн танин мэдэхүй,
Нийгмийн эрүүл мэнд, Бизнес эрхлэлт, Урлаг Соёлын менежмент сэдвээр салбар
хуралдаанууд болно.

Хурлдааны
дүнгээр нэгдсэн зөвлөмж гарах юм.

Энэхүү
чуулга уулзалтаар хилийн чанад дахь Монголчуудын үүсгэл санаачлагаар
байгуулагдсан холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллагуудын төлөөлөл чуулж,
тулгарч буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, төрөөс үйл ажиллагаанд нь дэмжлэг
үзүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах боломж, механизмыг
эрэлхийлэн, бодит үр дүн, хамтын ажиллагааг тууштай эхлүүлэхээр зорьж байгаа
юм.

Түүнчлэн,
гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж суралцаж байгаа монголчуудын сурсан
мэдсэнээ хуваалцдаг, тодорхой асуудал дэвшүүлэн хэлэлцдэг “Монгол орны
хөгжилд” чуулга уулзалтыг Британийн Монголчуудын санаачлагаар 2005 оноос хойш
жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд тохиож буй 10 жилийн ойн чуулга
уулзалтыг хилийн чанадад бус эх орондоо хуралдаж буйтай хамтатган, Гадаад
харилцааны яам, “Цахим өртөө” төрийн бус байгууллагаас “Бүтээлч хамтын
ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч,
Улсын Их хурал,  Засгийн газар, төрийн холбогдох байгууллагаас дэлхийн
өнцөг булан бүрт байгаа монгол иргэд, холбоо нийгэмлэгтэй нягт харилцаа
холбоо тогтоох, дуу хоолойг нь сонсох, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх,
монгол хэл соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх түгээхэд нь онцгой анхаарах
үйл хэргийн урьдач үндэс суурийг бий болгох өндөр ач холбогдолтой гэж үзэж
байна.

Чуулга
уулзалтад хилийн чанад дахь монголчуудын холбоо, нийгэмлэг, ТББ-ын 90 орчим
төлөөлөгч, “Цахим өртөө холбоо” ТББ-ын илтгэгч, судлаач 50 орчим, дотоодын
яамд, агентлаг, холбогдох байгууллагын төлөөлөл бүхий 130-150 төлөөлөгч
оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгорын эмч нар ёс зүйн сургалтанд суув



Баянхонгор
аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар
хорооноос энэ сарын 16-ны өдөр Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, өрх, сумын
эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч тусгай мэргэжилтнүүдэд “Эмнэлгийн
мэргэжилтний ёс зүй ,харьцаа хандлага“ сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион
байгууллаа. 

Сургалтад
ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны нарийн бичгийн
дарга С.Гантуяа оролцож, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн
батлах тухай Эрүүл мэндийн
сайдын 2013 оны 446 тоот тушаал,
эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн талаарх олон нийтийн үнэлэмж, өнөөгийн
нөхцөл байдал, эмнэлгийн мэргэжилтнүүдэд түгээмэл тохиолддог ёс зүйн алдаанаас
хэрхэн сэргийлэх, эмнэлгийн байгууллагын соёл зэрэг сэдвүүдээр хичээл зааж,
харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.  

Categories
мэдээ нийгэм

Усан спорт сургалтын төвийн дулааны шугамыг засварлана

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн
өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг
зохион байгуулах тухай” А/764 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн өвөлжилтийн
бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай орон сууцны хорооллын
доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажил болон Усан спорт сургалтын
төвийн гадна дулааны шугамын засварын ажлын
жагсаалтыг гаргалаа.  Орон сууцны хорооллын доторх инженерийн шугам
сүлжээний шинэчлэлтийн ажилд шаардлагатай 292 042 285  төгрөгийн
269 870 018 төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвөөс санхүүжих орон
сууцны хороолол доторх гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний
өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гарган
гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс,
  22 172 267  төгрөгийг орон сууц нийтийн аж ахуйн их
засварын хөрөнгөнөөс гаргахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт үүрэг болголоо.
Харин Усан спорт сургалтын төвийн гадна дулааны шугамын засварын ажилд 111,5
сая төгрөг зарцуулахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Болортуяа: Хичээл бүр өөр, хүүхдийн оролцоотой явж байна



Энэ хичээлийн жилээс орон
даяар  “Бага боловсролын сургалтын цөм
хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн.
Орхон аймгийн “Эрдэнэт” цогцолбор сургуулийн бага ангийн багш
Б.Болортуяагаас шинэ хөтөлбөрийн
явцын талаар тодрууллаа.

–       “Бага боловсролын
сургалтын цөм хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөртэйгөө гүйцэд танилцав уу?

–       Хөтөлбөрөө бүрэн судалсан. Бас яамнаас энэ зун багш нарт
зориулж сургалт зохион байгуулсан. Энэ шинэчлэлийн талаар багш нар харьцангуй
мэдээлэл сайтай байна. Багш бүрийн гарт цөм хөтөлбөрөө ном хэлбэрээр хэвлэж
өгсөн. Түүнийгээ шинэ сурах бичиг, багшийн номтойгоо харьцуулаад л хичээлээ
явуулж байна даа.

–       Шинэчилсэн
хөтөлбөрийн онцлог нь юу байна?

–       Би Эрдэнэт цогцолбор сургуулийн бага ангийн багшаар 25
жил ажиллаж байна.Намайг ажиллах хугацаанд олон олон өөрчлөлт шинэчлэлийг
хийсээр ирсэн. Энэ удаагийн шинэчлэл хүүхэд бүрт хүрсэн чухал алхам боллоо.
Багш бүр энэ хөтөлбөр удаан хугацаанд явагдаасай гэж хүсч, сэтгэл өндөр
хэрэгжүүлнэ гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байгаа.

–       Сургалтын хөтөлбөрийг
шинэчилж, хэрэгжүүлэхийн ач холбогдол нь юу юм бол?

–       Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багш нарын заах арга, ур
чадвар эрс нэмэгдэнэ. Хамгийн гол нь хүүхэд нэг бүрийн авьяас сонирхол чадвар
онцлог шинжийг нээн хөгжүүлснээр өөртөө итгэлтэй бүтээлч сэтгэлгээтэй зөв хүн
болж төлөвшихөд их үр дүнтэй юм. Энэ л боловсролын гол зорилго гэж боддог.
Тэгэхээр манай бага боловсролын тогтолцоо нэг ёсондоо одоо л зөв тийш чиглэж
байна гэсэн үг.

–       9-р сарын 1-ээс
эхлээд ямар өөрчлөлт гарав?

–       Багш нар сургалтын цөм хөтөлбөр, шинэ сурах бичиг,
зөвлөмжөө уншиж судлаад өөрийн арга туршлагаа хослуулж хүүхэд
нэг бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
эхний  алхамаа хийж байна. Яг одоогоор
хичээл бүр өөрөөр, илүү хүүхдүүдийн оролцоотойгоор явагдаж байна. Тэдний санал
бодлыг сонсч, урам өгөх замаар хүүхдийн сурах хүслийг өдөөж байна. Хуучин
хүүхэд юу гэж бодох нь хамаагүй. Сурах бичиг дээр юу гэж гарсан, багш юу
гэснийг л тулгадаг байсан. Тэр байдлаасаа ангижирч илүү нээлттэй хичээл явагдаж
эхэллээ. Үр дүнд нь хүүхдүүд хичээлдээ идэвхтэй болох хандлага ажиглагдаж
байна. Бас илүү нээлттэй, өөртөө итгэлтэй болж ирж байна. Гэхдээ шинэ хөтөлбөр
хэрэгжиж эхлэнгүүтээ л гэнэт хувцсаа сольсон мэт өөрчлөгдөж, үр дүн гарна гэж
байхгүй. Мэдээж тодорхой хэмжээний багагүй хугацаа шаардана.

–       Тэр хугацааны дараа ямар
үр дүн гарна гэж бодож байна вэ?

–       Багш нарын заах арга зүй бүхэлдээ өөрчлөгдсөн байна.Багш
нар хүүхэд нэг бүрийнхээ ахиц амжилт, хөгжил төлөвшилд анхааран ажиллана. Хүүхэд
нэг бүрийн хичээлд оролцох оролцоо сайжирч сурах хүсэл эрмэлзэлтэй  өөртөө итгэлтэй , чадварлаг, бүтээлч
сэтгэлгээтэй ,зөв дадал хэвшилтэй суралцагчид болсон байна.

–       Тийм болно гэдэгт итгэлтэй байна уу?

–       Ямар хүн хийж байгаа ажилдаа итгэхгүй байх билээ дээ.
Багш хүн яг хүссэн мэргэжлээрээ ажиллаж л байгаа бол энэ бүхнийг хийх нь харин
биднийг аз жаргалтай болгоно гэж бодож байна. Тийм болохоор ирээдүйд гарах сайн
үр дүнд бүрэн дүүрэн итгэлтэй байна.

Л.Цог

Categories
мэдээ нийгэм

ШИНЭ ТЕХНОЛОГИОР БАРЬСАН ДААЦЫН ЗАМ 60 ЖИЛИЙН НАСТАЙ

ШИНЭ ТЕХНОЛОГИОР БАРЬСАН ДААЦЫН ЗАМ 60 ЖИЛИЙН НАСТАЙ


Categories
мэдээ нийгэм

20-р дунд сургуулийн байрыг дөрвөн давхар болголоо

Боловсрол, шинжлэх
ухааны яамнаас нэг тэрбум 600 сая төгрөг зарцуулж БГД-ийн 20-р дунд сургуулийн
байрыг өргөтгөлөө. Хуучин гурван давхар барилга дээр нэг давхар нэмж барьсанаар
15 анги, танхим шинээр нэмэгдсэн буюу 450 хүүхдийн суудал нэмэгдсэн байна. Үүнээс
гадна сургуулийн их засварыг дээрх хөрөнгөөр давхар гүйцэтгэсэн байна. Үүнд,
нийт анги танхимын хаалга, цахилгааны шугам, сургуулийн интернэтийн болон
кабел, дотоод холбооны шугамыг шинэчилж, бүх модон цонхыг вакум цонхоор
сольжээ. Мөн сантехникийн бүрэн засвар хийсэн байна. Баянгол дүүрэгт хүн ам
ихээр суурьшсан, бусад дүүрэгтэй харьцуулахад сургуулийн насны хүүхдийн тоо
илүү. Тиймээс нэг ангид өдрийн гурван ээлжээр хичээллэдэг байж. Харин БШУЯ-ны
хөрөнгө оруулалтаар дээрх асуудлыг бүрэн шийдэж, 12-р сараас хоёр ээлжээр
хичээллэж эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

МОНГОЛ ИРГЭНИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАВ

Монгол Улсаас ОХУ-ын Буриад Улсад суугаа Ерөнхий
консулын газар тус улсын Дээд шүүх, Ерөнхий прокурор болон холбогдох газруудад удаа дараа хүсэлт
тавьсаны дагуу тус улсад ял эдэлж байсан Монгол Улсын иргэн Э-г
хугацаанаас нь нэг жилийн өмнө магадлангаар суллуулж 9 дүгээр сарын 16-ны өдөр эх оронд нь буцаажээв

Categories
мэдээ нийгэм

Хилийн чанад дахь монголчуудын холбооны анхдугаар чуулга уулзалт эхэллээ

Монголчуудын холбоодын анхдугаар
чуулга уулзалт Гадаад харилцааны сайд Л.Болдын санаачлагаар  Улаанбаатар хотноо болж байна.    Европ Монголын
Нийгэмлэгийн тэргүүн, Цахим Өртөө Холбоо ТББ-ын
Н.Номун-Эрдэнэ “Гадаадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын байгуулсан
ТББ-уудын талаархи нэгдсэн танилцуулга мэдээлэл”-ийн тухай илтгэв. Гадаад дахь Монголчуудын холбоо, ТББ-ууд  нийтдээ 114-д хүрсэн ажээ.

Мөн Н.Номун-Эрдэнэ төрийн бус байгууллагуудаас
иргэд хүсэлт гаргахад төрийн байгууллагууд хариулт өгдөггүй, эсвэл зургаан
сар, бүр жилийн дараа “боломжгүй” гэх мэтээр хариу өгдөг талаар жишээ
татаж байлаа. АНУ-ын Вашингтон хотоос Хэл шинжлэлийн ухааны доктор
М.Саруул-Эрдэнэ “Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын хэл соёлын
асуудалд” илтгэлийг тавилаа.

Гадаадад сайн дураараа сургууль
байгуулж, хичээл зааж байгаа багш нар

  • Бодлого төсөв
  • Хөтөлбөр стандарт байгуулах,
  • Сурах бичиг, сургалтын материал
  • Онлайн хичээл материал
  • Хурал зөвлөгөөн сургалт хэрэгтэй байгааг мэдээлжээ.

Гадаадад өсч, хүмүүжиж байгаа хүүхдүүдэд монголд байгаа
хүүхдүүдэд зааж байгаагаас өөр арга барил хэрэгтэй байдгийг  М.Саруул-Эрдэнэ багш онцолжээ.

Мөн М.Саруул-Эрдэнэ “энд
ажиллаж байгаа багш нар маш их хөдөлмөр гаргаж байгаа боловч тэтгэвэр ч авч
чадахгүй. Тийм болохоор зохих хуулинд нь энэ талаар оруулж өгөөсэй” гэсэн юм. Цахим Өртөө Холбоо ТББ-ын
гишүүн Д.Үүрцайх “Давхар харьяалал бодит үзэгдэл болсон хийгээд шийдвэрлэх
арга замын тухайд” илтгэл тавьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирусийн эсрэг шинэ эм нь бүртгэлийн журмын зарим шаардлагыг хангахгүй байгаа

Эрүүл
мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эм, эмнэлгийн
 хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг
ээс элэгний С вирусийн эсрэг шинэ эмийг бүртгэх асуудлын талаар
тодрууллаа.


2014 оны 7 дугаар сараас эхлэн АНУ-аас элэгний С вирусын эсрэг шинэ эмийг
Монголчууд хөнгөлөлттэй үнээр авах болсон тухай мэдээ гарах болсон. Энэ эм
манай улсад орж ирэх ажил ямар шатандаа байна вэ?


Аливаа орны эмийг монгол улсын хүн амд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд
хэрэглэхийн тулд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”, ДЭМБ-ын зөвлөмж,
“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”, холбогдох хууль тогтоомжийн дагуу
улсын бүртгэлд бүртгэдэг.

АНУ-ын
Gilead Sciences компаний элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир)
400мг шахмал эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн
Монгол улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортоор оруулж ирэх
зорилгоор 2014 оны 07 сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг
манай яаманд ирүүлж, Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны
өдрийн хурлаар хэлэлцүүлсэн.

Хурлын
шийдвэрээр Sovaldi (софосбувир) 400мг шахмал эмийн бүртгэлийн материал нь
холбогдох хууль тогтоомж, журмын зарим шаардлага хангаагүй тул тодруулах,
сайтар судалж, дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан.


Аливаа эмийг бүртгэхэд ямар шаардлага тавигддаг вэ?


“Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-д тухайн эмийн чанар,
аюулгүй байдлыг нотлохын тулд дараах шаардлагууд тавигддаг. Үүнд:


Эм үйлдвэрлэгч нь “Эм үйлдвэрлэлийн дүрэм” (GMP)-ийн шаардлага хангасан;


Импортын эм нь гурваас доошгүй улсад бүртгэгдсэн, бүртгүүлэх импортын эм тухайн
үйлдвэрлэсэн улсынхаа бүртгэлд бүртгэгдээд, экспортлогч улсдаа 3-аас доошгүй
жил хэрэглэсэн байх;


Эмийн идэвх, найрлага, тун, тогтвортой байдал нь шинжлэх ухааны туршилт
судалгаагаар нарийвчлан тогтоогдсон;


Эмийн хэрэглэх, хориглох заалт, гаж нөлөө, эмийн харилцан үйлчлэл, тунгийн
хязгаар нь эмнэлзүйн туршилтаар бүрэн нотлогдсон гэх мэт олон шаардлага
тавигддаг.


АНУ-ын элэгний С вирусын эсрэг шинэ эмийг бүртгэхэд ямар шаардлага хангахгүй
байгаа талаар мэдээлэл өгнө үү?


Эмийн бүртгэлийн журамд тавигдах шаардлагын дагуу бүрдүүлж ирүүлсэн бүртгэлийн
эмийн чанар аюулгүй байдлыг нотлох зарим баримт бичгийн талаар зөрүүтэй
мэдээлэлийг ДЭМБ-аас тодруулан судлах,


Sovaldi (софосбувир) 400мг шахмал эмэнд 2013 онд АНУ–ын Эм, хүнсний
зохицуулалтын агентлаг (FDA) бүртгэж, зөвшөөрөл өгсөн боловч зах зээлийн дараах
тандалт судалгаа хийгдэж байгаа, дуусаагүй болохыг тэмдэглэсэн,


”Түргэвчилсэн” бүртгэлийн тусгай шаардлагын дагуу зайлшгүй шаардлагатай эмийн
жагсаалт, зонхилон тохиолдох өвчний эмчилгээ, оношилгооны удирдамж болон
яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагт хэрэглэх, өвчлөл, нас баралтын
тэргүүлэх шалтгаант өвчний эмчилгээ, оношилгооны стандартад тус тус ороогүй нь
бүртгэлийн журмын шаардлага хангахгүй байна.


Монгол улсад шинээр орж буй элэгний С вирусын эсрэг энэ шинэ эмийг манай улсын
лаборатори
д шинжилсэн үү?


АНУ-ын Gilead Sciences компаниас ирүүлсэн бүртгэлийн материалын
хавсралтад Монгол улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх
элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир) 400мг шахмал загвар дээжийг
ирүүлээгүй тул лабораторийн шинжилгээнд хамруулах боломжгүй.


Манай улсад элэгний С болон В вирусын эсрэг эм хэр олон тоогоор бүртгэлтэй
байдаг вэ?


Нийт 29 үйлдвэрлэгчийн 6 нэрийн эм бүртгэлтэй тухайлбал: Ламивудин, Тенофовир,
Телбивудин, Рибавирин, Интерферон, Пегинтерферон гэх мэт. Гэхдээ элэгний С
вирусын эсрэг сонгомол үйлчилгээтэй эм бүртгэгдээгүй тул дээрх Sovaldi
(софосбувир) 400мг шахмал шинэ эмийг зөвхөн элэгний С вирустэй хүмүүст эмнэл
зүйн сорилт туршилт хийсний дараа үр дүнг харгалзан бүртгэх асуудлыг шийдэх нь
зүйтэй гэсэн шинжээчдийн дүгнэлт болон хүний эмийн зөвлөлийн гишүүдийн саналаар
хурлын шийдвэр гарсан.


Элэгний С болон В вирусын эсрэг энэ эмийг жороор олгох уу, манай улсад жорын
бодлого шинэчлэлт хэрхэн хийгдэж байгаа вэ? 


Тийм, элэгний С болон В вирусын эсрэг эмүүдийг эмчийн хяналтанд эмнэлгийн
нөхцөлд эмчлэх буюу эмчийн жороор олгоно.

 Эрүүл
мэндийн сайдын 2013 оны 228 дугаар тушаал “Эрүүл мэндийн байгууллагын хөгжил”
хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчдэд эмийг жороор олгохдоо эмийн үнээс гадна тун
хэмжээ, сав баглаа боодлын зураг харагдахаар, гаж нөлөө, хэрэглэх зааврыг эм
зүйн ажилтан нь шалгах боломжтой мэдээллийг агуулсан цахим жорын системийг
практикт нэвтрүүлэх ажлыг судлан ажиллаж байна.