Categories
мэдээ нийгэм

МУБИС “шилэн цэцэрлэгтэй”-тэй болно

Монгол Улсын Боловсролын их сургууль
энэ жилээс дэргэдээ ахлах сургуультай болжээ. Уг ахлах сургуульд эхний
удаад  20 гаруй сурагч элсүүлэн хичээлийг нь эхлүүлээд байна. Ахлах сургуулийн сурагчдад МУБИС-ийн эрдэмтэн профессорууд
хичээл зааж байгаа ажээ. Ийнхүү ирээдүйд багшийн мэргэжил эзэмших хүүхдүүдийг дунд
сургуулиас нь эхлэн чанартай, гүнзгийрүүлсэн сургалтаар бэлдэх болжээ.

 Түүнчлэн МУБИС дэргэдээ
лаборатори цэцэрлэгтэй болохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ. Энд  ирээдүйд цэцэрлэгийн
багш болохоор суралцаж буй оюутнууд дадлагаа хийж байх юм. Үүний зэрэгцээ уг
лаборатори цэцэрлэгт түшиглэн эрдэмтэн багш нар болон оюутнууд туршилтын ажлаа
хийх гэнэ.

 Тухайлбал, уг цэцэрлэгийн зарим анги нь гаднаасаа нэвт харагддаг шилэн
ханатай байх бөгөөд багш хүүхдүүдтэйгээ ажиллаж, сургалтын үйл ажиллагаа явуулж
байх үед гадна талаас нь хүүхдүүдийг ажиглан, тэдний зан төлөв, нас сэтгэхүй,
бие бялдрын онцлогийн талаар төрөл бүрийн судалгаа хийх боломжтой юм
байна. Хүүхдүүдийн анхаарал хэдэн минут төвлөрч байгаа, ямар сэдвийг
ярихад илүү сонирхож байна гэх мэтээр ажиглалт хийх ажээ. Ингэснээр багш нар
сургалтын үйл ажиллагаагаа амьдрал, практикт ойр, илүү бодитой болохоос гадна
сургалтын хөтөлбөрийг мөн түүнд нийцүүлэн боловсруулах нь.

Categories
мэдээ нийгэм

Галзуурсан адуу хүн хазжээ

Төв аймгийн Алтанбулаг суманд галзуурсан адуу хоёр хүнийг хазжээ. Мал эмнэлгийн эмч нар уг адууны тархинаас дээж аван лабораторийн шинжилгээнд оруулсан байна. Сүүлийн үед тус суманд байгалийн голомтод галзуу өвчин хэд, хэд бүртгэгдсэн аж. Бүр тус сумынхан галзуурсан байх магадлалтай чонын мах хувааж идэж байсан тухайгаа ярьжээ. Чонын мах идсэн хүмүүст галзуугийн вакцин хийсэн гэнэ.

 Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн сүлжээгээр зарлагдсан бүх хүүхэд олдсон гэв

Олон нийтийн сүлжээгээр “Хүүхэд алга болсон тул олж өгч тусална уу” гэсэн зурагтай зар явдаг. Хүмүүс түүнийг цааш түгээсээр байдаг билээ. Гэтэл face­book, twittereer хайгаад байгаа хүүхдүүд аль хэдийнэ олдсон аж. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийхдээ “Сүүлийн үед хүүхэд хайж байна гэсэн зурагтай зар олон нийтийн сүлжээгээр дамждаг болсон. Жишээлбэл, есдүгээр сарын 4-нд алга болсон гэх хүүхдийг цагдаагийн алба хаагчид тэр өдрөө олоод эцэг, эхэд нь өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл 10 гаруй мянган хүн цааш түгээгээд явж байна. Олон нийтийн сүлжээгээр алга болсон гэж зарлагдсан бүх хүүхэд олдсон. Гэтэл хэдэн, сар жилээр интернэт орчинд хайж байна гэсэн зар яваад байгаа нь хүүхдэд өөрт нь эрсдэл бий болж байгаа юм. Ангийнх нь найз нөхөд тэр зарын талаар эвгүй үг хүүхдэд хэлбэл яах билээ. Цахим сүлжээгээр өөрийнх нь тухай мэдээлэл түгээд байгааг мэдсэн хүүхэд цочролд орох эрсдэлтэй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ талаарх мэдээллийг түгээхдээ цагдаагийн алба хаагчидтай зөвлөхийг хүсч байна” гэсэн юм. Мөн сүүлийн үед хар машинтай хүмүүс хүүхэд хулгайлах боллоо, эд эрхтэнг нь авч байна гэсэн эх сурвалжгүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарах болсон. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ “Өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн эд, эрхтэнг худалдаалах зорилгоор хулгайлсан гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Facebook хуудас дээр хар машинтай хүмүүс хүүхдийг хулгайлах гэж байгаад туранхай байна гээд машины цонхоор шидсэн гэх мэдээлэл тарж байгаа. Ийм мэдээлэл түгээсэн иргэн “Манай найзын хүүхдэд ийм зүйл тохиолдлоо” гэсэн нь хүмүүст айдас төрүүлсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан. Бид мэдээллийн дагуу шалгахад эх сурвалж тодорхойгүй, мэдээлэл түгээсэн иргэн нөхрийнхөө хамт ажилладаг хүний хажуу айлд хоёр сарын өмнө тохиолдсон явдлын тухай бичсэнээ хэлсэн. Цагдаагийн байгууллага энэ аман яриаг шалгаж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн энх тайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил
бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг Олон улсын энх тайвны өдөр болгон
зарласантай холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар,
шашны болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүд 2001 оноос
хойш энэ өдрийг хамтран тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.

Олон улсын Энх тайвны өдрийн 2014 оны
үйл ажиллагаа нь “Хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн оршин эрхтэй”
хэмээх уриан доор явагдаж байгаа бөгөөд Монгол Улсад уламжлал ёсоор
есдүгээр сарын 21-нд Чингисийн талбайн урд цэцэрлэгийн Энх тайвны хонхон
дээр тэмдэглэх гэж байна.

Уг арга хэмжээнд эв нэгдэл, энх тайвны
төлөөх мөргөл залбирал, үзэл санаагаараа нэгдэхээр Монгол дахь шашны
төлөөллүүд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, төр засгийн болон олон
нийтийн төлөөлөл оролцох аж. Арга хэмжээг нээж НҮБ-ын суурин зохицуулагч
бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин
Синаноглу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүний илгээлтийг
уншиж танилцуулаад, зул өргөж, Энх тайвны хонхыг цохих юм байна. Дараа
нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашнуудын төлөөлөл Хинду,
Иудей, Буддын шашны төлөөлөл Дашчойлин хийд, Шинто шашны Оомото Монгол
Төв, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо, Христийн шашны төлөөлөл
Католик Сүм, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Бахай шүтлэг зэрэг
шашнууд үүсэл, он дарааллынхаа дагуу энх тайван, амар амгалангийн төлөө
мөргөл залбирлаа уншин зул өргөж, Энхтайвны хонхыг цохих ёслолыг
үйлдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Дүнжингарав төвд “Органик монгол” өдөрлөг болж байна

Дүнжингарав худалдааны
төвд “Органик монгол” өдөрлөг болж байна. Монгол Улсын Засгийн газраас “Намрын
ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээг хүн амын хүнсний хангамж, аюулгүй
байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо,
хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх,
сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд,
хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох
зорилгоор уламжлал болгон 9 дэх жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа
нь энэ юм. Энэхүү өдөрлөлгийг МҮХАҮТ-ын
Органик Монгол үндэсний хөдөлгөөн, Фэйсбүүкийн Органик Монгол хөтөлбөр группын
хамт олон зохион байгуулж байгаа юм. 

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг 10 хоног хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй
тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м
гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 22-ноос эхлэн
зам хаахаар болжээ.

Ингэхдээ ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн
хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийхээр болсон
байна.

Замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа нээх аж.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг ирэх даваа гаригаас бүтэн хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж
байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 метр гүүрийн өргөтгөл,
шинэчлэлтийн ажлын хүрээнд
2014 оны есдүгээр сарын 22 буюу
ирэх даваа гаригаас эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг
бүтэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ.
Замын хөдөлгөөнийг
10 хоногийн дараа нээхийг мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын сагсчид эхний хожлоо авлаа

Азийн спортын 17-р наадам БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Эрэгтэй 20 баг өрсөлдөж байгаагаас Монгол Улсын шигшээ баг Хонг Конг,
Мальдив БНУ, Кувейт улсын багууд урьдчилсан шатны “А” хэсэгт багтсан.

Манай сагсчид өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Хонконгтой хийж, 86:77-ын
харьцаагаар хожлоо. Энэ тоглолтод Т.Санчир 31 оноо, 13 самбар,
Б.Билгүүн 27 оноо, 7 самбар, О.Ууганбаяр 12 оноо, 5 самбар, О.Сэргэлэн 7
оноо, 5 самбар авсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд Чингисийн талбайг угааж байна

Яг одоо оюутнууд Чингисийн талбайг угааж байна. Өнгөрсөн жил Сүхбаатар
дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны
холбоо хамтран Чингисийн талбайг угааж, цэвэрлэн нийслэл хотоо цэвэр
цэмцгэр байлгахыг уриалж байсан. Энэ удаа тус сургуулийн оюутнууд
санаачилга гарган Чингисийн талбайг угааж, цэвэрлэхээр шийдсэн нь ийнхүү
биелэлээ оллоо. Энэхүү үйл ажиллагаанд тус сургуулийн 2000 оюутан
оролцож юм байна.

Categories
мэдээ нийгэм

Барилгын Политехник коллежийг Алтан гадас одонгоор шагнав

Жаран жилийн ой нь тохиож байгаа Барилгын Политехник коллежийг Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Алтан гадас одонгоор шагнав.
Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж, Алтан
гадас одонг тус сургуулийн туганд зүүж өгөв.

Барилгын Политехник коллежийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигт “Монгол Улсын барилгын салбарт
мэргэжилтэй, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хүч хөдөллмөр, авьяас
чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан
хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Барилгын Политехник коллежийг
Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн
үгэндээ “Монгол Улсын барилгын салбарын хөгжлийн түүхэнд улс эх орондоо
их бүтээн байгуулалтыг цогцлоож ирсэн танай сургуулийн үе үеийн багш,
сурган хүмүүжүүлэгч, төгсөгч, ажилтан, ажилчдад түүхт 60 жилийн ойн
баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

Монголчууд бидний өвөг дээдэс барилга, архитектурын баялаг уламжлалтай 
ард түмэн байсныг одоогийн бидний амьдран буй гэр, түүгээр ч зогсохгүй
Хүннүгийн үеэс үлэмж хэмжээтэй булш, онго, тахилын байгууламжийг барьж
байгуулж байснаас харж болно. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Египетийн
хаад газрын гадаргаас дээш пирамид босгож байсан бол манай өвөг дээдэс
газрын гүн рүү хаад язгууртныхаа булш, онго, тахилын байгууламжийг барьж
байгуулж байжээ. Иймд Монголчуудын барилгын салбарын түүх нэгэн жарнаар
хязгаарлагдахгүй эртний уламжлалтай гэдгийг энд онцлон хэлэхэд таатай
байна.

Монгол Улсын хөгжлийн тэргүүн эгнээнд барилгын салбарын хөгжил байх
ёстой. Барилгын салбарын хөгжлийн чиг хандлагыг ажихад байгаль орчин,
нийгэмд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай байхыг
шаардах болжээ. Тиймээс бүтээн байгуулалтыг өрнүүлэх, барилга барих
мэргэжилтэн олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадварлаг байх ёстой гэдгийг
төр, засгийн зүгээс сүүлийн жилүүдэд онцгой анхаарч байна. Энэ
шаардлагад хүрэхийн тулд багш, сурган хүмүүжүүлэгч, суралцагчдын
ажиллах, сурах орчин нөхцөлийг өрсөлдөхүйц түвшинд хүргэх, барилгын
үйлдвэр технологийн уламжлал шинэчлэлийг шинжлэх ухааны үндэстэй
хослуулахыг цаг үе шаардах боллоо.

Цаг үеийн шаардлага, дэлхийн жишигт хүрэх нь Та бидний бэлтгэн гаргасан
мэргэжилтэй ажилтан, багш нарын ур чадвараас ихээхэн шалтгаалах болно.
Барилгын Политехник Коллежоос олон арван алдар суутай чадварлаг ажилтан,
боловсон хүчин бэлтгэгдэн гарч байсныг бид мэднэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Барилгын Политехник Коллежийн 60
жилийн ойг тохиолдуулан, улс эх орныхоо нийгэм эдийн засаг, бүтээн
байгуулалтын салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж төрийн дээд
шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.

Түүхт 60 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа танай хамт олонд болон 
барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргахад эрдэм мэдлэгээ
зориулсан үе үеийн багш, удирдлага, төгсөгч, суралцагчиддаа сайн сайхныг
хүсэхийн ялдамд барилгын салбарт амжилт бүтээлээрээ жигүүрлэн манлайлах
их үйлсэд тань амжилтыг хүсье” гэлээ.