Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргээс энэ ондоо багтаж бүх хороодоо гэрэлтүүлэгтэй болгоно

Өнгөрсөн бямба гаригт Хан-Уул дүүргийн
засаг даргын тамгын газраас хороо тус бүрт очиж, иргэдэд нэг цэгийн
үйлчилгээ үзүүлэх нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан байна.
Үүний хүрээнд нээлтийн ажиллагаагаа 14-р хороо  буюу Өлзийт хорооллын
иргэдэд хүрч үйлчилснээр эхлүүлжээ. Энэ нь иргэдэд төрийн үйлчилгээ
ойртож байгаагийн илрэл гэж тэд үзэж буй юм. Энэхүү нэг цэгийн явуулын
үйлчилгээгээ тэд дүүргийнхээ 16 хороодын иргэдэд үзүүлэхээр төлөвлөсөн
нь тус өдөрлөгөөр эхэлж буй юм байна.

Улмаар
Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын дэргэдэх албад хэлтсийн
дарга, мэргэжилтэнгүүдээр өөрсдөдөө хэрэгцээтэй байгаа бичиг баримтаа
бүрдүүлэх, зөвлөгөө авах гэх мэтчилэн тулгамдаад байгаа асуудлуудаа
газар дээр нь шийдвэрлүүлэх боломжийг олгосон  байна. Өөрөөр хэлбэл
дүүрэг, нийслэл дээр очоод бүтээхэд хүндрэлтэй байдаг үйлчилгээнүүдийг
хороон дээр хүргэж ирж байгаагаараа ач холбогдолтой юм. Тухайлбал
өдөрлөгийн үеэр 57 аж ахуй нэгжийн 250 орчим ажлын байрыг иргэдэд санал
болгосон бөгөөд иргэд ч маш идэвхтэй оролцож ажилд зуучлуулсан байна.
Түүнчлэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, гэр хороолын дахин төлөвлөлтийн
талаар мэдээлэл өгч, орон сууцанд яаж хамрагдах талаар, орон нутгийн
хөгжлийн сангаас санхүүжүүлэн хийгдэж байгаа ажлуудын талаар, мөн иргэд
бүлэг байгуулан 20 сая хүртэлх төгрөгийн  тендерт ажил хийх боломжийн
талаар иргэдэд мэдээлэл өгсөн байна.  Мөн цэрэг татлага, даатгал, газар
өмчлөлтэй холбоотой асуудал, дүүргийн төсвийг яаж баталж, иргэдэд тэр нь
яаж хүрдэг талаар, албан бус боловсролын талаар мэдээл гөснөөс гадна
хороо болон дүүргийн алба хаагчид ямар түвшинд ажиллаж байгаа талаар
иргэдээс санал асуулга авч ажилласан байна. Тус өдөрлөгт Өлзийт
хорооллын оршин суугчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүн, ургацыхан дээж,
өөрсдийн гар урлалын зүйл гэх мэтээ дэлгэсэн байна.

Энэ үеэр Улаанбаатараас Өлзийт, Шувуун
фабрик хүртэлх замын ажил үргэлжилж байгаа бөгөөд 12-р сар гэхэд
ашиглалтад орно гэх сайхан мэдээг тус дүүргийн засаг даргын тамгын
газрын дарга Л.Үнэнбат  иргэдэд дуулгажээ. Мөн ХУД нь нийслэлд өөрийгөө
санхүүжүүлдэг хоёрхон дүүргийн нэг бөгөөд нийслэл болон засгийн газраас
мөнгө гуйж царай алдаад явдаггүй учраас иргэдийн санал дээр тулгуурласан
ажил хийхэд ямар ч саад байхгүй. Гагцхүү иргэд саналаа маш зөв гаргах
хэрэгтэй юм” хэмээсэн байна. Өнгөрсөн жил Хан-Уул дүүргийн иргэдээс
авсан саналын дийлэнх хувийг гэр хорооллыг гэрэлтүүлэгтэй болгох санал
эзэлсэн байна. Тиймээс тус дүүргээс энэхүү саналыг хэрэгжүүлж, энэ ондоо
багтаан Яармаг, Нисэхийн бүх хороодыг гэрэлтүүлэгтэй болгох асуудлыг
шийдвэрлэжээ. Энэхүү гэрэлтүүлгийн ажил 100 хувь хийгдвэл Хан-Уул дүүрэг
Улаанбаатар хотын хамгийн гэрэлтүүлэг сайтай дүүрэг болох аж.

  


Categories
мэдээ нийгэм

Арвайхээрт 1.3 км авто замын нээлт болов

Өвөрхангай аймгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Арвайхээр, Хархорин сумдад 3.5 км авто зам, явган хүний зам, үерийн байгууламж барьж, байгуулахаар зорилт тавьжээ. Үүний 2.9 км замыг Арвайхээр хотод барихаар төлөвлөснөөс 10, 11 дүгээр багийн чиглэлд 1.3 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг барих ажлыг “Анандын зам” ХХК хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Энэ сарын 20-ны өдөр Арвайхээрт 1.3 км авто замын нээлтийн үйл ажиллагаа болжээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Зоригт, аймаг, орон нутгийн удирдлагууд, “Анандын зам” ХХК-ын дэд захирал Д.Гэрэлт-Од, иргэд, олон нийт оролцсон байна. 1.3 км авто зам нь улсын төсвийн 978 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгджээ.

“Энэхүү зам ашиглалтад орсноор 10, 11 дүгээр багийн тоосжилтыг багасгах, нийтийн тээвэр явах бололцоог хангах, иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж өгч байгаа. Мөн 10, 11 дүгээр баг нь ирээдүйн бүтээн байгуулалтын гол цэг бөгөөд уг замын баруун талаар 2.7 тэрбум төгрөгийн өртөгтэй шинэ сууршлын бүсийн инженерийн шугам сүлжээ буюу газар доорх хот бий болж байна” хэмээн тус аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлжээ. 

Categories
мэдээ нийгэм

Улсын драмын эрдмийн театрынхан зүүн аймгуудыг зорилоо

Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид зүүн аймгуудыг зориод байна. “Театрын өдрүүд 2014” хөтөлбөр энэ сарын 18-нд Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумаас эхэлсэн бөгөөд амралтын өдрүүдэд Чингис хаан хотод тоглолтоо сонирхуулжээ. Харин ирэх мягмар, лхагва гариг буюу есдүгээр сарын 23, 24-нд Сүхбаатар, 26-28-ны өдрүүдэд Дорнод аймагт тоглох аж.

 “Театрын өдрүүд-2014” хөтөлбөрт “Бүүвэй” уянгын драмын жүжиг, “Нууц амраг чинь больё”, “Эхнэрээ зээлээч” жүжгүүд мөн хүүхдүүдэд зориулсан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжиг тоглогдож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот Өвлийн Универсиад наадмыг 2033 онд зохион байгуулах эрх авахын төлөө өрсөлдөнө

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Өвлийн Универсиад наадам”-ыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авах бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанд асуудлыг Монголын Оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан танилцуулсан байна.

1923-1949 онд Дэлхийн Оюутны Спортын хөдөлгөөн эхэлсэн бөгөөд 1949 онд анхны Универсиад наадам болж, Олон Улсын Оюутны спортын холбоо байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар 173 гишүүнтэй, 60 орчим Олон Улсын спортын холбоодтой хамтран ажилладаг байна.  Олон Улсын Оюутны спортын холбоо нь удирдах зөвлөлийн 8 гишүүнтэй, Ерөнхий Ассемблейгээс Гүйцэтгэх хорооны 23 гишүүнийг сонгодог журамтай. Тус холбоо нь сондгой жил бүр өвөл, зуны Универсиад наадам, тэгш жил бүр оюутны ДАШТ-ийг зохион байгуулдаг. 2013 оны Өвлийн Универсиад наадам Итали Улсын Трентино хотод болсон бол 2015 онд Испанийн Гранада хот, 2017 онд Казахстаны Алма-Ата хот, 2019 онд ОХУ-ын Красноярск хотод болно. Универсиад наадмыг зохион байгуулах эрхийг зургаан жилийн өмнө олгодог байна. 

Харин энэ эрхийг авахын тулд тусгай босго, нөхцөлийг тус хот нь бүрдүүлсэн байх шаардлагатай. Тухайлбал тэмцээнд зохион байгуулах барилга, байгууламжийн шаардлагыг хангасан байх, нээлт, хаалтын арга хэмжээ, проткол, мандат, тамирчдын тосгон, сайн дурын ажилтнууд, эрүүл мэндийн үйлчилгээ, допингийн хяналт, тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоог өндөр түвшинд бэлтгэж, аюулгүй байдал байдал, ослын үеийн ажиллагаа, кэйтэринг, хоол, спонсор, маркетинг, зар сурталчилгаа, соёл, нийгмийн болон тусгай зочдод зориулсан хөтөлбөр, ёслолын арга хэмжээг тусгайлан зохион байгуулах ёстой.  Заавал зохион байгуулах 12 спортын төрлийн хүрээнд нийт 60 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг тул мөсөн байгууламж, талбай төрөл бүрт хоёроос доошгүй, цасан дээрх спортын арга хэмжээ явуулах нийт 10 байгууламж, талбайтай байх бөгөөд эдгээр байгууламжийн хооронд зам тээвэр, холбоо харилцаа хангалттай байх шаардлагатай юм байна.

Тус наадам төлөвлөгөөний дагуу 11 өдөр үргэлжилдэг бөгөөд 50 орны 3000 гаруй оролцогч оролцдог. Энэ наадмыг зохион байгуулснаар олон улсад спортын арга хэмжээ зохион байгуулах чадавхтай гэдгээ харуулах, олон улсын спортын талбарт нэр хүндээ өсгөх, аялал жуулчлалын орлогоо нэмэгдүүлэх, спортын үйл ажиллагаанаас ихээхэн орлого олох, цаашлаад дэлхийн анхаарлыг татах маш том боломж гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм. Зохион байгуулах эрх авахын тулд болзол, нөхцөлийг хангаснаар Улаанбаатар хот нь эрүүл, ухаалаг шийдэл бүхий хот болох ажээ.  

Наадмыг угтаж Улаанбаатар хотод орчин үеийн хотын дэд бүтэц, Универсиадын тосгоны цогцолбор, их дээд сургуулийн техникийн бааз суурь, орчин үеийн зардал багатай, спортын цогцолборууд, нисэх буудлын хүчин чадлыг нэмэх, хурдны зам, тээврийн дэд бүтэц зэрэгт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэх учиртай.  Нийслэл УИХ-аар “Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг батлуулан, хэрэгжүүлж эхэлсэн нь тус наадмыг зохион байгуулах эрх авахын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой гэдгийг харуулж байгааг албаныхан онцолж байна. Бусад орны жишгээр Өвлийн Универсиадад барилга байгууламж, тэмцээн уралдааны зардалд 200-300 сая орчим евро зарцуулдаг гэх тооцоо байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын автобус 4624 хүүхдийг тээвэрлэж байна

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу нийслэлийн  ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн турш сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа. Нийслэлийн Боловсролын газраас авсан мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд  одоогийн байдлаар долоон дүүргийн  47 сургууль, хоёр цэцэрлэгийн 4624 суралцагчийг 130  автобусаар тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Засаг даргадаа хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайдад ханджээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр захирамж гарган аймгийн төвийн суурьшлын бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон юм байна. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн мал бүхий иргэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал илгээжээ.

 Дээрх захирамжийн дагуу нийт 122 өрхийн иргэд Хэрлэн сумын төвөөс нүүхэд хүрч байгаа гэнэ. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байна гэж үзэж дээрх иргэд Засгийн газрын тэргүүнд хандсан байна. Тэд захидалдаа Хэрлэн сумын Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгож өгөхөөс гадна мал бүхий иргэдийн аймгийн төвөөс гаргах шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож өгөхийг хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Утаагүй зуух авах иргэдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

Хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харьяалалтай өрхүүд энэ сарын 22-ноос буюу өнөөдрөөс эхлэн харьяа дүүрэг, хороондоо бүртгүүлснээр утаагүй зуух авах боломжтой боллоо. Бүртгэл энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ. Иргэд захиалгаа харьяа хороондоо биеэр очиж өгөх боломжтойгоос гадна онлайнаар өгч болно. Үүнтэй холбоотойгоор хороодод цахимаар хэрхэн захиалгаа өгөх талаар зөвлөх ажилтнууд ажиллахаар болжээ. Сайжруулсан зуухны зах зээлийн үнэ 272-484 мянган төгрөгийн үнэтэй. Харин иргэд зуухаа 66 хувь хөнгөлүүлснээр 16-228 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна. 

Дашрамд хэлэхэд, өнөө жил 16 мянга гаруй өрхөд шинээр зуух тараахаар бэлтгэл ажлаа базааж байна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын иргэд үндсэндээ 100 хувь сайжруулсан зуухаар хангагдах боломжтой гэж үзэж байгаа аж. Утаагүй зуухыг нийслэлийн зургаан дүүргийн 25-35 хороогоор дамжуулан түгээнэ. Өнгөрсөн хугацаанд хотын төв орчмын гэр хорооллын өрхүүд сайжруулсан зуухаар 100 хувь хангагдсан. Харин энэ удаад 15000 гаруй өрх нь ихэвчлэн нийслэлээс алслагдсан, хотын захад амьдарч буй өрхүүдэд хуваарилагдах аж. 

Categories
мэдээ нийгэм

Ундны усны аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан өнөөдөр 09 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө,  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил батлах тухай, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг батлах тухай асуудлыг хэлэлцэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно

Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж буйгаар өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, маргааш нутгийн хойд хэсгээр, 24-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи өнөөдөр зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг өнөөдөр хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн зам хаахаар болжээ.

Ингэхдээ ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийхээр болсон байна.

Замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа нээх аж.