Categories
мэдээ нийгэм

Маргааш OWL дурангийн нээлт болно

ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв ба Солонгосын Одон орон сансар судлалын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улаабаатар хотоос баруун тийш 55 км-т Тавантолгой дахь газар хөдлөлтийн станцыг түшиглэн OWL дуранг суурилуулах ёслолын үйл ажиллагаа маргааш 09.00 цагт болох гэнэ. 

Тус дуран нь 45 см-ийн голчтой, Ричи-Критьений оптик системтэй, автомат дуран бөгөөд дэлгэгдэж онгойдог хагас бөмбөлгөн дээвэртэй павилонд байрлуулжээ. Солонгос улс одоогоор төрөл бүрийн зориулалттай 15 орчим хиймэл дагуултай бөгөөд Солонгосын тал эдгээр хиймэл дагуулуудыг дагаж мөрдөх, тэр орчмын сансрын хог хаягдлыг ажиглах, мөргөлдөөнөөс үүсэх аюулыг тооцоолох гэх мэт судалгааны ажилд тус дуранг ашиглах ажээ. Мөн дуранг дэлхий орчмын болон гол бүслүүрийн бага гараг, сүүлт од, гамма тэсрэлтийн дараах оптик гэрэл гэх мэт олон чиглэлийн судалгаанд ашиглах боломжтой учраас энэ чиглэлээр хамтарсан ажиглалтуудыг хийх, харилцан мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зэрэг зорилтыг тавьсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт 358 оюутан, залуус ажилтай болжээ

Монголын Залуучуудын Холбооноос өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан “Цагийн ажил” хөдөлмөрийн яармаг, “Төгсөгч-2014”, “Явуулын хөдөлмөрийн бирж”-ээр дамжуулан өнгөрсөн долоо хоногт 689 оюутан, залуус бүртгүүлснээс 358 нь байнгын болон цагийн ажлын байртай болжээ.

Нийслэлийн захирагчийн Дамбадаржаа, Сэлбэ, Бэлх дахь ажлын албаны хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 15-р хороонд явуулын биржийг хоёр өдөр ажиллуулжээ. Туушин зочид буудалтай хамтарч “Цагийн ажил” өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөг нь уг зочид буудалд зөөгч, хаалгач, өрөөний үйлчлэгч зэрэг ажлын байруудыг цагийн болгож байгаагаараа онцлог байсан байна. “Явуулын хөдөлмөрийн бирж”-ийг өөрсдийн хороонд ирж ажиллах саналууд тасралтгүй ирж байгаа бөгөөд энэ долоо хоногт МУИС-ын байруудаар ажиллах аж. 

Categories
мэдээ нийгэм

Ээжүүдийн холбооныхон маргаашаас эхлэн суулт хийнэ

“Хүсэл зоригоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн болон “Ээжүүдийн холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд 2014 оны есдүгээр сарын 10-ны өдрийн жагсаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн шаардлагын хариуг өгөхгүй байгаа тул маргаашаас эхлэн суулт хийх болсноо мэдэгдлээ.

Тус холбооныхон Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2014 оны энэ сарын 20-ны дотор хүлээн авч уулзахыг, УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагуудтай зөвшилцөх уулзалтыг зохион байгуулахыг шаардаад байсан юм. Гэвч шаардлагын хариуг өгөхгүй байгаагаас гадна авсан эсэх нь тодорхойгүй байгаа учраас тэд тэмцлийн дараа, дараагийн хэлбэрийг сонгох болсон хэмээн мэдэгдлээ.

Мөн “Ээжүүдийн холбоо”-ны зохицуулагч нар “МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрох хүртэл тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгон “ясаа цайтал” тэмцэх болно. Нийслэлийн хэв журмын газрынханд хандаж хэлэхэд, бид та нараас жагсах зөвшөөрөл авах ёсгүй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр өдөр шөнө тэнцэнэ

Жил бүрийн гурав болон есдүгээр сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг. Маргаашнаас эхлээд өдрийн цаг богиносож, шөнө уртсах юм. Харин арванхоёрдугаар сарын 22-нд хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болдог бол зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр, богино шөнө болдог билээ. 

Categories
мэдээ нийгэм

“Шүүх ба олон нийт” хөтөлбөр батлагджээ

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр Шүүхийн сургалт, “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийв. Энэхүү хуралд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн төлөөлөл оролцож, тус шүүхээс 2014 оны эхний есөн сарын Шүүн таслах ажиллагааны талаар болон олон нийтийн анхаарал татсан хэргүүдийг шийдвэрлэсэн байдлын тухай мэдээллийг өглөө.

ШЕЗ-өөс батлан хэрэгжүүлэх “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ажлыг цогц, нэгдсэн бодлоготойгоор төлөвлөжээ. Шүүх хуралдааны нээлттэй байдлын хүрээ нэмэгдэх, шүүх, шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байлгах механизм тогтоох, шүүгчийн сонгон шалгаруулалтад олон нийтийн хяналтыг бий болгох зэрэг ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

БНТУ-ын батлах хамгаалахыг сайд энэ долоо хоногт монголд айлчилна

Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй Туркийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр тохиож байгаагаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд зөвхөн батлан хамгаалах салбараар зогсохгүй хоёр улсад холбогдох бусад олон сэдэвт асуудлаас гадна бүс нутгийн болон олон улсын асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.  

БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз энэхүү айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд                             Д.Бат-Эрдэнэтэй уулзаж, албан ёсны хэлэлцээр хийж, зарим гэрээнд гарын үсэг зурж, хамтарсан хэвлэлийн мэдэгдэл хийж, сэтгүүлчидтэй уулзана.

Мөн тэрбээр Ирак, Афганистан улсад болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл болсон цэргийн алба хаагчидтай уулзан, талархлаа илэрхийлэхээс гадна Төрийн ордонд айлчилж, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох болно.

Түүнчлэн БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлалын хүрээнд Архангай аймгийн нутагт байрлах Түрэгийн хөшөө, дурсгалын цогцолбор, нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Тоньюкукийн хөшөө, Цонжин Болдогт байрлах Чингис хааны дурсгалын цогцолборт зочилно.

Categories
мэдээ нийгэм

Бумбатын амны рашааныг цэвэрлэжээ

Хүн амын ундны усны эх үүсвэр, байгалийн нөөц газрыг хамгаалах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр Баруун салааны амны Бумбатын рашааныг Сонгинохайрхан дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор  2013 онд Байгалийн нөөц газрын ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан дээрх газрын хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилтоос сэргийлэх ажлын хүрээнд “Амьд Байгаль” ТББ-ын санаачлагыг дэмжин, нийслэлийн Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Цэвэр агаар төсөл, Агаарын чанарын алба, Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдтэй хамтран их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Түлш ачиж явсан машин шатжээ

Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотоос Говь-алтай аймаг руу 60 орчим тонн түлш ачиж явсан машин шатсан хэрэг гарчээ. Шатахуун тээвэрлэж явсан машин ямар нэгэн компаний харьяа биш бөгөөд хувь хүн түлш тээвэрлэж явжээ.

Азаар хүний аминд хүрээгүй, хохирол багатай өнгөрсөн  боловч жолооч галыг унтрааж чадалгүй гал унтраах ангийг дуудсан байна. Жолооч хэлэхдээ “Хүний захьсан хийн баллон дэлбэрч гал алдсан, ёмксныхоо амыг нээсэн байсан учраас их хохирол авсангүй. Хэрвээ хуурай өвсөнд гал авалзсан бол үүнээс ч илүү хохирол амсах байлаа” гэжээ. Сүүлийн үед орон нутгийн замд гарах осол аваар их байгаатай холбогдуулан шатахуун тээвэрлэж буй жолооч нар ажлын хариуцлага алдахгүй байж, сонор сэрэмжтэй байхыг энэхүү мэдээлэл анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Монголын туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байна

Монгол Улс биднээс өмнө цахим сонгууль зохион
байгуулсаныг хүлээн зөвшөөрөхийн сацуу цахим тоног төхөөрөмж ашигласан Монголын
сонгуулийн байгууллагын туршлагыг 
нэвтрүүлэхийг зорьж байна.

Энэ тухай  Дэлхийн сонгуулийн байгууллагуудын
ассоциацийн тэргүүн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга ноён Ли Ин
Бүк  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий
Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр онцлон тэмдэглээд  Монголын сонгуулийн байгууллага нь парламент
болон иргэдийнхээ итгэлийг хүлээн авч чадсаныг бас чухалчиллаа.

Тэд
уулзалтын явцад  хоёр улсын  сонгуулийн байгууллагуудын явуулж буй үйл
ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл хийж, цаашид
хамтран ажиллах талаар ярилцав.

Сонгуулийн
байгууллага нь ардчиллыг төлөвшүүлэх, түүнийг тогтвортой хөгжүүлэх, сонгуульд
иргэдийн итгэлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тийм учраас олон
улсын сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа, хуримтлуулсан туршлага судлах, мэдээлэл
солилцох, боловсрол, сургалтаар дамжуулан сонгуулийн байгууллагад ажиллагсдын
чадавхийг дээшлүүлэхэд  Дэлхийн
сонгуулийн байгууллагуудын ассоциацийн үйл ажиллагаа чиглэгдэж байна. Энэ
байгууллагыг үүсгэн байгуулахыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо анхнаас
нь тууштай дэмжиж  итгэл  үзүүлсэнд талархаж байгаагаа ноён Ли Ин Бүк
илэрхийллээ.

Мөн
харилцаа, хамтын ажиллагаа олон улсын сонгуулийн байгууллагын түвшинд
төдийгүй  хоёр улсын сонгуулийн
байгууллагын хүрээнд идэвхтэй хөгжиж байгааг тэрээр цохон хэлэв.

 Өнгөрсөн
хугацаанд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисс нь сонгуулийг ажиглах, сонгуулийн
талаарх сургалт, семинарт оролцуулах, туршлага судлах, техник хэрэгслээр
туслалцаа үзүүлэх зэргээр ойр дотно хамтран ажиллаж ирсэнд сэтгэл ханамжтай байна
гэдгээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны 
дарга Ч.Содномцэрэн илэрхийлэв.

Уулзалтын
үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн, Дэлхийн
сонгуулийн байгууллагуудын ассоциацийн тэргүүн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн
комиссын дарга Ли Ин Бүк нар хоёр улсын сонгуулийн байгууллагуудын хооронд  харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг
зурлаа.

Энэ
баримт бичгийн дагуу хоёр байгууллага нь сонгуулийн тогтолцоо, сонгуулийн
автоматжуулсан систем, сонгогчдын боловсрол зэрэг  чиглэлээр хамтран ажиллах түүнчлэн талууд
шинжээчид болон ажилтнуудаа харилцан илгэж туршлага судлуулах, сонгуулийг үр
дүнтэй зохион байгуулах талаар хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, сургалт,
семинар зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар харилцан
ойлголцов.

Уулзалтын
үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн олон улсын
болон хоёр улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь
нэмрийг нь үнэлж Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциацийн тэргүүн, БНСУ-ын
Үндэсний сонгуулийн комиссын дарга Ли Ин Бүкийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий
Хорооны Хүндэт медалиар шагнав. Ноён Ли Ин Бүк энэхүү шагналыг хүртэж буй
гадаадын анхны иргэн юм гэж СЕХ-ын хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хайгуулын лицензийн өргөдлийг ирэх долоо хоногоос авч эхэлнэ

Засгийн газрын өнгөрсөн долоодугаар сарын 28-ны өдрийн тогтоолын хавсралт болон Уул уурхайн сайдын энэ сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг олон нийтэд зарласан. Хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нийт нутаг дэвсгэрийн 19.88 хувь буюу 31.09 сая.га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бөгөөд үүнээс 13.39 хувийг өргөдлөөр, 6.49 хувийг сонгон шалгаруулалтаар олгох юм. Төрийн үйлчилгээг олон нийтэд ил тод хүргэх үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох ба өргөдөл гаргах дугаарыг есдүгээр сарын 24- ны өдрөөс эхлэн www.haiguul.mram.gov.mn цахим хуудсанд хандан авах боломжтой гэнэ.