Categories
мэдээ нийгэм

Автомашин борлуулагчдын төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр задгай талбайд автомашины худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

Агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга 2013 оны “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээнүүдийн тухай” А/980 дугаар захирамж гаргасан. Мөн энэ ажлыг хурдасгах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор ” барьж байгуулах тухай 29 дүгээр тогтоол гаргасан юм. Тогтоол, захирамжийн дагуу цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 1-ний дотор ил задгай талбайд автомашин борлуулагчдыг заагдсан талбайд нүүлгэн, шилжүүлнэ.

Харин дээрх шийдвэртэй холбоотойгоор автомашин борлуулагчид “Худалдааны цогцолбор бүтээн байгуулах, нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг дэмжиж байгаа ч өнөөдрийн байдлаар тухайн газарт бүтээн байгуулалтын ажил хангалтгүй, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй байгаа тул 10 дугаар сарын 1-нд ашиглалтад орох эсэхэд итгэл муутай байгаа” гэдгээ уулзалтын үеэр хэллээ. Тиймээс ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж борлуулагчид болон худалдан авагчдын наад захын хэрэгцээг нэг дор төвлөрүүлж өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр “Авто худалдааны төв” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн хурлаар бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байгаа тухай нарийвчилсан мэдээлэл авч, энэ асуудлаар 9дүгээр сарын 29 буюу ирэх даваа гаригт дахин борлуулагчидтай уулзана” гэлээ.

Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтаар автомашины худалдааны төвийн дулааны цэг, цахилгаан, оношилгооны төв, цайны газар, 00 зэргийг ашиглалтад оруулна гэдгийг тус цогцолборын удирдлагууд мэдээлж байгаа юм.

Одоогоор Улаанбаатар хотод автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг томоохон 9 зах нийт 25 орчим га талбайд ойролцоогоор 7000 автомашины худалдаа эрхэлдэг бөгөөд шинэ техникийн зах руу нүүлгэснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна гэсэн тооцоо байна.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний эвэр, гоёо гаргахыг завджээ

Манай улсын иргэд Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын Зүүн хатавчийн боомтоор хууль бусаар их хэмжээний амьтны эвэр, гоёо гаргаж байгаад Хятадын хилчдэд баригджээ. Цагаан зээрийн эвэр 1.43 тонн, цагаан гоёо 5.05 тонн гэх мэтчилэн зүйлс байжээ. Энэ мэдээ Хятадын телевизүүдээр цацагдсан аж. Бичигт- Зүүн Хатавч боомт Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 1046 дугаар тэмдгийн орчимд байдаг гэнэ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу боомтын хоёр талд оршдог байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын зөвлөхүүдтэй уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр Бүгд Найрамдах Чех улсын Олон Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Олон Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын зөвлөхүүд өөрийн улсын ногоон хөгжлийн бодлого, өнгөрсөн үеийн сайн болон муу туршлага, өнөөгийн хүрсэн амжилтын талаар товч танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудын талаар харилцан санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, төрөөс баримталж буй ногоон хөгжлийн бодлого болон хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулаад Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах талаар төр, засгийн зүгээс онцгой хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

“Зуншин” компанийн барилгын ажлыг зогсоожээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Олимп хотхоны баруун талд “Зуншин” компанийн барьж байгаа барилгын ажлыг МХЕГ-аас зогсоожээ. Уг барилга дээр 18 настай охин дүүжин өргөгчнөөс унаж амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ барилгын захиалагч нь “Кандер” компани аж. Үүнээс гадна СБД-ийн нэгдүгээр хороо, нэгдүгээр сургуулийн урд талд “Зуншин” компанийн барьж байгаа “Болор мэлмий” үйлчилгээ, орон сууцны барилгын ажлыг зогсоосон гэнэ. Захиалагч нь “Макс өргөө” компани юм байна. Энэ барилгаас 30 настай эрэгтэй унаж хүнд бэртээд байгаа юм..

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна

Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэх болсон. Үүний хүрээнд Чингисийн талбайд өнөөдөр Эрүүл мэндийн байгууллагууд оюутнуудад үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна. Аяны хүрээнд аймаг, дүүргийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн төвүүд уг аяныг зохион байгуулж, оюутнуудад хүрч ажиллах, оюутны эрүүл мэндийг үзлэгийг үнэ төлбөргүй хийх, “Оюутан залууст ээлтэй клиник” нээх, “Эрүүл мэндийн довтолгоо”-ны арга хэмжээг оюутан, залуусын дунд өрнүүлж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх сайн дурын сургагч багш бэлтгэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Авто машин худалдаалагчид нүүх боломжгүй гэжээ

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр задгай талбайд автомашины худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзжээ. Агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга 2013 оны “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээнүүдийн тухай” захирамж гаргасан юм. Энэ ажлыг хурдасгах зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчдийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор ” барьж байгуулах тогтоол гаргасан. Тогтоол, захирамжийн дагуу цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа. Ирэх сарын 1-ний дотор ил задгай талбайд автомашин борлуулагчдыг заагдсан талбайд нүүлгэн, шилжүүлэхээр болоод буй.
Автомашин борлуулагчид уулзалтын үеэр худалдааны цогцолбор бүтээн байгуулах, нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг дэмжиж байгаа гэдгээ уулзалтын үеэр хэлсэн байна. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил хангалтгүй, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй байгаа тул аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох эсэхэд итгэл муутай байгаагаа хэлжээ. Тэд хотын удирдлагаас ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлж борлуулагчид болон худалдан авагчдын наад захын хэрэгцээг нэг дор төвлөрүүлж өгөхийг хүссэн байна.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Авто худалдааны төв” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн хурлаар бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байгаа тухай нарийвчилсан мэдээлэл авсаны дараа ирэх даваа гаригт борлуулагчидтай дахин уулзахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Золгүй байдлаар 9 хүн амиа алджээ

2014 оны 9-р сарын 23-с 24-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1228 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 46 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 9 хүн, хулгайлах 20 гэмт хэрэг, бусдын биед гэмтэл учруулах 1 гэмт хэрэг, танхайрах 8 гэмт хэрэг, залилан мэхлэх 1 гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 18, осол 21 гарч 18 хүн гэмтсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Санчирыг онцлох тоглогчоор нэрлэжээ

Сан Францисктод төвтэй, спортын мэдээллийн “bleacherreport.com” сайтад Азийн наадамын сагсан бөмбөгийн тухай мэдээлэл гарчээ. Тус мэдээлэлд манай шигшээ багийн түлхүүр тоглогч Т.Санчирыг 1/8 шигшээ тоглолтын онцлох гурван сагсан бөмбөгчийн нэгээр нэрлэсэн байна. Тэрбээр тоглолтод дунджаар 21.4 оноо, 7.6 самбараас авсан бөгөөд хамгийн тэсрэлттэй тоглогч аж. Т.Санчирын хамт Казахстаны Антон Пономарев, Казахстаны Анатолий Колесников нарыг Азийн сагсан бөмбөгийн блогчин Ник Бедард онцлон нэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч заналхийлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг шүүмжилж, твиттер хуудсанд жиргэснээс үүдэж нэгэн залуу заналхийлэлд өртсөн байна. Тодруулбал, жиргээч Н.Болор-Эрдэнэ МХБХ-ны үйл ажиллагааг шүүмжилсэнд түүнд МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд ийм зурвас илгээсэн байна.

Дашрамд дурьдахад Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит IV Их хурал арваннэгдүгээр сард зохион байгуулагдах гэж байгаа. Энэхүү хурлаар Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинэ Ерөнхийлөгчийг сонгох бөгөөд сонгуульд одоогоор зургаан хүн нэр дэвшин өрсөлдөхөөр болсон юм.

ХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид

1. Б.Ганболд – Монголын Хөлбөмбөгийн Холбооны одоогийн Ерөнхийлөгч

2. Т.Лхагвадорж – “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга

3. Э.Амарсайхан – С1 сэтгүүлч , “2050” ТББ-ын захирал

4. Б.Мэдрээ – Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал

5. Г.Ганхүү – “Дэрэн-хөлбөмбөг” спорт клубийн ивээн тэтгэгч, Шар айраг хамтлагийн ахлагч

6. А.Ганбаатар – Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч

Categories
мэдээ нийгэм

Нурах аюултай 41 барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ

МХЕГ-аас ашиглалтын шаардлага хангаагүй, олон жил болж буй барилга байгууламжид хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

Шалгалтын явцад төрийн өмчит 656 сургуулийн 242 нь аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай байгаа тухай дүгнэлтийг гаргасан байна. Тухайлбал, Гадаад хэлний дээд сургууль, ШУТИС-ийн II байр, МУИС-ийн “Г” байрны үйл ажиллагааг зогсоон, СУИС-ийн төв байранд засвар шинэчлэл хийх шаардлага тавьжээ. 686 цэцэрлэг уг шалгалтад хамрагдсанаас 251 нь ашиглалтын шаардлага хангаагүй, нийслэл, орон нутгийн 532 эмнэлгийн 161 нь эмчилгээ үйлчилгээ авч буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадахгүй байгаа нь тогтоогджээ.

Түүнчлэн улсын хэмжээнд 37, нийслэлд 12 байгууллага зориулалтын бус байранд үйл ажиллагаа эрхэлж байжээ. Соёл урлагийн байгууллагын 401 барилга байгууламжаас 194 нь иргэдэд үйлчлэх боломжгүйг тогтоосон байна. Олон жил болсон, ашиглалтын хугацаа дууссан ДБЭТ (1950 он), УДЭТ (1958 он), ЦДБЭЧ (1937 он), Байгалийн түүхийн музей (1956 он), Спортын төв ордон (1958 он) үүнд багтжээ.

Мөн ашиглаж байгаа орон сууцны 3000 барилгын 260 нь олон жил болсон, ашиглалтын шаардлага хангахгүй байгааг тогтоож, нурах аюултай 41 барилгын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Олон хүнд эрсдэл учруулж болзошгүй Урт цагааны барилга, төмөр зам, сүүний үйлдвэрийн ажилчдын байрыг яаралтай засах шаардлагатай аж. Шалгалтад хамрагдсан сургуулийн 60, эмнэлгийн 40, үйлчилгээний байгууллагын 25, орон сууцны 15 хувь нь засвар үйлчилгээ хийсэн байна.