Categories
мэдээ нийгэм

Нарийн сухайт- Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай овтозам ашиглалтад орлоо

Концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн үрээр Монгол Улсад анх удаа ашиглалтад орж буй “Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл”-ийн нээлтийн ёслол 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр боллоо. Концессын төслийн уг гэрээг Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 262 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны даргад эрх олгосны дагуу 2011 оны 10 дугаар сарын 26-нд “Ар ди си си” ХХК-тай байгуулсан ба концесс эзэмшигч нь Концессын тухай хуулийн дагуу өөрийн хүчин чармайлтаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр автозамыг барьж байгуулан ашиглалтад өгч байна. Хүнд даацын автозамын урт 44 км, төслийн нийт хөрөнгө оруулалтад 109 тэрбум төгрөг зарцуулжээ.

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл” нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж буй бөгөөд концесс эзэмшигч нь автозамыг энэ өдрөөс хойш 15 жилийн хугацаанд ашигласны дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгнө.

Нээлтийн ажиллагаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат, тус яамны Концессын хэлтсийн дарга Ц.Батбаяр, “Ар ди си си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чулуунзоригт болон албаны бусад төлөөлөгч оролцлоо.

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх болон ногоон уул уурхай хөгжих чухал ач холбогдолтой юмЭдийн засгийн хөгжлийн яамнаас одоогийн байдлаар Концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхээр нийт 14 автозамын шууд гэрээний хэлэлцээг компани, аж ахуйн нэгжүүдтэй хийж байна. Зөвхөн зам гэлтгүй улс орны хөгжил цэцэглэлтэд шаардлагатай бүтээн байгуулалтуудыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх нь Улсын төсвийн ачааллыг багасгах, хувийн хэвшлийнхнээ бодлогоор дэмжих чухал ач холбогдолтой юм

Categories
мэдээ нийгэм

Нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ

30-нд зарим газраар, 10-р сарын 1-нд төвийн нутийн хойд, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 2,3-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 2, 3-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Багш нар БШУ-ны сайдыг шагнажээ

Багш нар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг “Боловсролын шинэчлэлийг тэргүүлэгч онцлох хүн”-ээр шалгаруулж, шагнажээ. Өнгөрсөн бямба гарагт Монголын багш нарын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ардын багш есөн эрдэнэ” ёслолын ажиллагааны үеэр энэ шагналаа гардуулсан байна. Тус холбооноос жил бүр боловсролын чанарт ахиц гаргахын төлөө зүрх сэтгэлээсээ хөдөлмөрлөж байгаа багш, менежер, судлаач эрдэмтэн, сургууль, засаг дарга нарыг шагнаж, урамшуулдаг уламжлалтай. Энэ удаад 25,000 гаруй багшийг төлөөлж салбарынхаа сайдыг шагнаж байгаа нь түүхэнд анх удаа юм байна. Харин яагаад шагнах болсон талаар “Монголын багш нарын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэцгээгээс тодруулахад, “Манай холбоо байгуулагдаад 25 жил болж байна. Монголын бараг бүх багш манай холбооны гишүүн. Тиймээс бид боловсролын хөгжилд сэтгэл зүрхээ зориулж яваа хүмүүсээ тодруулж, урамшуулдаг. Боловсролын салбарт маш олон шинэчлэл хийгдэж байсан. Гэвч үндэсний хэв шинжийг агуулсан, хүүхэд нэг бүрээ гэсэн ийм ажил үндэсний хэмжээнд хийгдэж байгаагүй. Багш бүрийнхээ сэтгэлд нийцсэн, тэднийхээ хөгжилд анхаарсан ийм бодлого өмнө нь гарч байгаагүй. Өмнө нь нэг ангийн 30 хүүхдээс сайн гэснийг нь л улам хөгжүүлээд явдаг байсан бол энэ засгийн шинэ бодлогоор хэний ч хүүхдийг орхилгүй хүүхэд бүрийг жигд хөгжүүлнэ. Авьяас, чадвар, сонирхол дээр нь тулгуурлан хөгжүүлнэ гэж байгаа. Энэ бол хамгийн чухал нь. Мөн багш нартаа ажиллах эрх чөлөөг нь олгосон. Юм болгоныг яамнаас заадаг байсныг болиулсан. Энэ нь багшийн хүүхэддээ зарцуулах цагийг өсгөхөөс гадна маш их итгэл, урам өгч байгаа хэрэг юм. Энэ жил хэрэгжиж байгаа бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг өнгөрсөн жил үндэсний 40 лаборатори сургуульд бүтэн жил туршсан. Үнэхээр гайхамшигтай үр дүнгүүд гарсан. Тийм болохоор Л.Гантөмөр сайдыг бид урамшуулах ёстой. Энэ бол ганц холбооны удирдлагуудын биш бүх багш нарын шийдвэр гэж хэлж болно” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.

-Барилга худалдан авах тухай /Дулааны үр ашиг төслийн хүрээнд баригдсан ус, дулаан дамжуулах тоног төхөөрөмж байрлах 2 барилгыг нийслэлийн өмчид худалдан авах/
-Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Баянзрх дүүргийн 16-рх хороонд байрлах Өнөр бүл төвийн балансад бүртгэлтэй автогражийн барилга, Чингэлтэй дүүргийн 12-р хорооны 61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй барилга/
-Хөрөнгө шийдвэрлэх тухай /Нийслэлийн 2014 оны төсвийн урсгал зардлаас санхүүжүүлэх тухай/
-Дүрэм батлах тухай /Өргөө зочид буудлын дүрэм/
-Дүрэм батлах тухай /Монголын Хүүхдийн ордоны дүрэм/
-Журам батлах тухай /Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам/
-Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонголт хийх үе шатны ажлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах журам/
-Нийслэлийн Налайх дүүргийг “Эко Налайх” дагуул хот болгох тухай
-Журамд өөрчлөлт оруулах тухай /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам/
-Санхүүжилтийн зориулалтыг өөрчлөх тухай /Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил/
– Журам батлах тухай /Иргэний зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох тухай/ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн дахин төлөвлөлтийн туршилтын 10 хоногийн ТАЙЛАН ГАРЧЭЭ

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн тээврийн газар, “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлтийг турших 10 хоногийн ажлын товч тайлан”-г Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан юм.

Энэхүү танилцуулгаас бид дараах товч мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

“НИЙТИЙН ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭ-ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ТУРШИХ 10 ХОНОГИЙН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН”

Арав хоногийн хугацаанд өдөр тутам нийт 422 цэгт 24 аж ахуйн нэгж, байгууллагын 709 борлуулалтын ажилтан ажиллажээ. Нийт 870 автобусанд 360 тасалбар шалгагч ажилласан байна.

ХЯНАЛТЫН СИСТЕМ:

“Нийтийн зорчигч тээврийн сүлжээ үйлчилгээ”-ний туршилтын хугацаанд шинэ төлөвлөлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулж, бүртгэл хяналтын систем, 7 цэгт дундын диспетчерээр бүртгэж, хяналт тавьж ажиллажээ. Үндсэн чиглэлийн, их дунд багтаамжиийн автобус, троллейбусны 25 аж ахуйн нэгж байгууллагын тухайн өдрүүдэд ажилласан тээврийн хэрэгслүүдийн гүйцэтгэсэн рейсүүдийг бүртгэлийн хяналтын систем, дундын диспетчерээр бүртгэсэн байна.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЛТ:

2014 оны наймдугаар сарын 22-31-ний өдрийн хугацаанд сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлтийн туршилтын ажлын талаар найман өдөр тутмын сонин, 19 телевиз, сайтуудад давхардсан тоогоор 72 удаа мэдээлэл тавигджээ.

Иргэдэд зориулсан чиглэлийн гарын авлага /брошур/ 100 000 ширхэгийг хэвлэн тарааж, ухаалаг гар утас, таблет төхөөрөмжинд зориулсан “Авто дорцов” аппликейшны андройд хувилбар гаргажээ.

ИРГЭДИЙН ДҮГНЭЛТ:

Танилцуулганд Үндэсний портал GoGo.mn сайтаар явуулсан санал асуулгын дүнг хавсаргажээ.

10 ХОНОГИЙН ЗАРДЛЫН ТОВЧ ТАЙЛАН

Туршилтын 10 хоногийн хугацаанд 1,3 тэрбум зарцуулна хэмээн тооцоолж байсан. Харин дараах байдлаар зардал гарчээ.

ХҮРСЭН ҮР ДҮН:

Харин дээрх зардлыг гаргаж, 10 хоносны эцэст дараах үр дүнд хүрсэн хэмээн дүгнэсэн байна.

ИРГЭД ЮУ ХОЖИВ?

Нийтийн тээврээр зорчигчдын 30 хувь нь дамжин суудаг бөгөөд тухайн туршилтын хугацаанд дамжин суудаг иргэдийн хувьд 1,215.2 сая төгрөг, дамжин суудаггүй иргэдийн хувьд 959.7 сая төгрөг хэмнэжээ. Ингээд нийт 10 хоногийн хугацаанд 2,174.9 сая төгрөгний зардлыг хэмнэсэн байна.

Харин автомашинтай иргэдийн хувьд дугаарын хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцсоноос дунджаар 28,2 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн гэж үзжээ.

Тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцуулснаас өдөрт дунджаар 170 мянган тээврийн хэрэгсэл хязгаарлагдсан байна. Нэг тээврийн хэрэгслийг өдөрт дунджаар 10 литр шатахуун зарцуулдаг гэж тооцвол:

1 тээврийн хэрэгсэл:

1 өдөрт: 5 литр * 1660 төгрөг = 8 300 төгрөг

5 өдөрт: 5 литр * 1660 төгрөг * 5 өдөр = 41 500 төгрөг

170 000 тээврийн хэрэгсэл:

1 өдөрт: 170000 * 5 литр * 1660 төгрөг = 1,411,000,000 төгрөг

10 өдөрт: 170000 * 5 литр * 1660 төгрөг * 10 өдөр = 14.1 тэрбум төгрөг хэмнэсэн гэж тооцоолсон байна.

ГАРСАН ХҮНДРЭЛ:

  • Иргэд нийтийн тээврийн маршрутын /чиглэл/ талаар мэдээлэл аваагүйгээс дамжин суултаар зорчих зорчилтоо төлөвлөх боломжгүй байдал үүссэн.
  • Буцаж эргэх, дамжин суух талбай байхгүй байснаар богино эргэлтийн цэгүүд буюу зарим зогсоолуудад ачаалал үүссэн.
  • Цаг графикийн дагуу зорчуулахад хүндрэлтэй байдал үүссэн. /замын түгжрэл тодорхой замуудад/
  • Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар орлогын төлөө ажилладаг байсныг болиулснаар зорчигчдыг авахгүй шууд явах асуудал ажиглагдсан.
  • Тасалбарын борлуулалтыг гадна зогсоолуудаар хийж, автобус болгон тасалбар шалгагч нарыг бүрэн ажиллуулж чадаагүйгээс тасалбар авалгүй зорчсон иргэд их байсан.
  • Иргэд дамжин суултгүй зорчих хүсэлтийг ихээр гаргаж, дахин төлөвлөлтийг зогсоох саналыг зарим иргэд ирүүлсэн.
  • Чиглэлийн давхцлыг бууруулах үүднээс дамжин суултыг иргэд зайлшгүй зам хөндлөн гарч нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлагатай болсон.
  • Жич: Буусан зогсоолоос дамжин суулт хийхээр зохион байгуулахад чиглэлийн давхцал буурхааргүй байсан.

Нийслэлийн тээврийн газар арав хоногийн ажлаа ийнхүү тайлагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга жолооч нарт сэрэмжлүүлэв

Хотын дарга Э.Бат-Үүл хотын бүтээн байгуулалт замын ажлын тухай мэдээлэнгээ жолооч нарыг сэрэмжлүүлэв.

Тэрбээр ийнхүү ярьсан юм.

-Нийслэлд энэ жил автозамын бүтээн байгуулалтын олон ажил өрнөлөө.2014 оны 10 дугаар сарын 01-ний байдлаартооцож авсан мэдээллээр нийслэлд нийт 40,94 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км автозамыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавигдсан автозамаас 2,5 дахин өссөн хэмжээний бүтээн байгуулалт юм.
Тухайлбал, Улаанбаатар хотын үүд болсон Яармагийн гүүрээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км автозам удахгүй ашиглалтад орно. 2012 оноос тавигдаж эхэлсэн уг зам зорчих хэсгээрээ 23 м өргөнтэйгөөс гадна замын хажуугаар 10 км урт явган хүний зам тавиад байгаа. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км шинэ авто замыг 9 дүгээр сарын 5-нд байнгын ашиглалтад хүлээн авлаа. Энэ бол нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилтын хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалт бөгөөд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад нэн чухал ач холбогдолтой замууд юм.
Үүнээс гадна Богд уулын араар тавьсан энэхүү зам хурдны зам огт биш бөгөөд хөдөлгөөнд оролцогчдоос илүү анхаарал, ур чадвар шаардагдахаар байгаа гэдгийг онцгой анхаараасай гэж хүсч байна. Ашиглалтад хүлээн авсан зам1.5-5 хүртэл метрийн өндөр далан, 24 огцом эргэлттэй учраас Замын хөдөлгөөний дүрэмд заасанчлан 30 км/цагаас хурдаа хэтрүүлэлгүй, илүү анхаарал болгоомжтой зорчиж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг нийслэлчүүд, жолооч нарт анхааруулъя. Тус замаар зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 6 760 метр аюулгүйн туузан хашилт, анхааруулга бүхий таних тэмдгүүдийг байршууллаа.
Автозамын хүрэлцээ, нэвтрүүлэх чадвар сайжрахын хэрээр жолооч нар хурд хэтрүүлэх зэргээр зам тээврийн осол, аваар ихээр гаргах хандлага ажиглагддаг. Мэргэжлийн байгууллагуудаас ирүүлж буй тоон мэдээллээс харахад хурд хэтрүүлсэн, аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй зам тээврийн осол буурахгүй байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахиж, замын тэмдэг, тэмдэглэгээгээ баримтлан замын хөдөлгөөнд оролцож байхыг уриалж байна.
Замын хөдөлгөөний хууль, дүрмийг чанд сахиж, хурдаа тохируулж явснаар болзошгүй аюул ослоос гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалж чадна.

Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Categories
мэдээ нийгэм

Таван дүүргийн хорооны иргэдэд үйлчлэх танхимыг шинэчлэнэ

Нийслэлийн Засаг дарга “Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн зарим хороодын иргэдэд үйлчлэх танхимын засвар, тавилга,тоног төхөөрөмж худалдан авах ажлын эрхийг шилжүүлэх тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих таван дүүргийн зарим хорооны иргэдэд үйлчлэх танхимын засварын ажил, худалдан авах тавилга болон тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас дүүргүүдийн Засаг дарга нарт шилжүүллээ. Мөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, хороодын иргэдэд үйлчлэх танхимын засварын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Бат-Эрдэнэ: Төрийн далбааг буруу байрлуулсан тохиолдол гарсныг бид даруй засч, залруулсан

БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдаж буй Азийн 17 дугаар наадмын үеэр манай эмэгтэй жүдочдын хоолонд нь БНСУ-ын зүгээс эмэгтэйчүүдийн хэрэглэл хийж, гутаан доромжилсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар наадамд оролцож буй баг тамирчдын амжилт, тэмцээний зохион байгуулалт, тулгарч буй зарим асуудлын талаар Инчонд ажиллаж буй Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.

Энэ үеэр Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ “Монголын жүдо бөхийн тамирчдын хоолонд бохир зүйл хийсэн байсан тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ тал багийн ахлагчийн хувьд та албан ёсны мэдээлэл өгөхгүй юу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “-Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн мэдээлэл үнэн. Бид тэр даруй нөхцөл байдлыг баримтжуулж, холбогдох хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан байгаа. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, багийн ахлагч миний бие хамтраад Азийн олимпийн зөвлөлийн дарга болон Азийн наадмыг зохион байгуулах хорооны даргад захидал бичсэн байгаа. Эхний байдлаар Азийн наадмын Зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйсан. Асуудлыг нягтлан шалгаж байна” хэмээн хариулжээ.

Түүнчлэн “Монголын багийн далбаа буруу байрлуулсан тохиолдол гарсан байна?” гэх асуултад тэрбээр, “-Монголын төрийн далбааг буруу байрлуулсан тохиолдол гарсныг бид даруй засч, залруулсан. Далбаа солигдсон нь Төв стадионд биш, олимийн тосгонд биш, дарвуулт завины тэмцээн болж байгаа газарт болсон явдал гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Техникийн ажилтны буруугаас болсон гэдгийг Зохион байгуулагчдын зүгээс тайлбарлаж, албан ёсоор уучлалт гуйлаа. Дарвуулт завины төрөлд Монголоос тамирчин оролцоогүй. Энд мөн нэг зүйлийг хэлэхэд, энд зарим тэмцээний төрлүүдийг мэдээлэхдээ Монголын хүн амын тоог буруу зөрүү гаргасан, Монголыг Хятадын Хонгконг, Макаотай ижил ойлгогдохоор бичсэн алдаа мадаг гарсан. Тэмцээний шүүлттэй холбоотой асуудал мөн яригдаж байна. Энэ бүхэн дээр бид гомдол гарган, асуудлыг нарийн шалгуулах тал дээр анхаарал тавьж байгаа” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Онгоцнууд цаг хойшлон нисч байна

Өнөөдөр манай агаарын тээврийн компаниуд гадаадын ес, дотоодын таван чиглэлд нисч, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Цас орж, цаг агаар гэнэт хүйтэрсний улмаас гадаад болон дотоодын нислэгүүд багагүй хугацаагаар хойшилж, хүлээлт үүсгэжээ. МИАТ компани л гэхэд өглөөний 8 цаг 45 минутаас нисэх байсан ч 9 цаг 50 минутаас ниссэн бол Эйр чайнагийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэг 16 цаг 30 минут хүртэл хүлээгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчнийхэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллаж байгаад тэтгэвэртээ сууж буй ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх ёслолыг өнөөдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Соёлын төвд болж байна. Уулзалтын үеэр армийн генерал Б.Доржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан баримтат кино үзүүлж, ахмад уран бүтээлчид болон ЦДБЭЧ-ын уран бүтээлчид хэсэгчилсэн тоглолтоо сонирхуулж буй юм. Мөн ахмадуудад зориулан шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа гаргажээ.