Categories
мэдээ нийгэм

Зөрчил гаргасан зочид буудлуудын ажлыг зогсоожээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын энэ оны есдүгээр сарын 8-ны өдрийн А/456 тоот захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд “Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн” аяныг эхлүүлэн ажиллаж байгаа аж. Захирамжийн хүрээнд худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр баталсан удирдамжийн дагуу дэн буудал, зочид буудлууд, интернэт, цахим тоглоомын газрууд болон саун, алжаал тайлах төвүүдэд Худалдаа үйлчилгээний хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэс,  Дэд бүтэц  тохижилтын хэлтэс , Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Цагдаагийн I, II хэлтэс хамтран хяналт шалгалт хийжээ.

Одоогийн байдлаар нийт 20 гаруй байгууллагыг шалгалтад хамруулаад байгаа аж. Угтах үйлчилгээний ажилтан ажлын хувцасгүй, буудлын өрөөнд архидан согтуурсан, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн, цагаар өрөө олгосон, архи, тамхи зарсан зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд буудлуудаас илэрсэн байна.Шалгалтаар “Космос Сондор” ХХК-ийн “Космос” буудал, “Моранбон” ХХК-ийн цайны газар, “Ноён капитал” ХХК-ийн “Леадерс” баарны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ. Мөн зарим зөрчил дутагдал илэрсэн газруудыг 250-540 хүртэл мянган төгрөгөөр торгожээ. 

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орлоо

Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Өмнөговь аймгийн төвд баригдсан 50 ортой төрөх эмнэлгийн нээлтэд оролцож,
бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн
салбарын бүтээн байгуулалтын үйл ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт 
шинээр гурван эмнэлэг баригдаж байгаагийн нэг нь 3,2 тэрбум төгрөгийн төсөвт
өртөг бүхий 50 ортой амаржих газар юм.   

“Монгол
Улсын гурван сая дахь иргэнийг өлгийдөн авах шинэ амаржих газар ашиглалтад
орсноор  эрүүл мэндийн салбар ялангуяа эх хүүхдийн тусламж үйлчилгээний
чанар, хүртээмж дээшилж, эрүүл мэндийн  хөгжил, шинэчлэлд үнэтэй хувь
нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.Тус амаржих газар нь
орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нярайн нэн шаардлагатай тусламж
үйлчилгээний тоног төхөөрөмжөөр  бүрэн хангагдсан бөгөөд Лексембургийн
Засгийн газрын төслөөр хэрэгжиж байгаа телемедицины үндэсний сүлжээнд  холбогдсон
төв юм.

Ерөнхий сайд дараа нь
Даланзадгад сумын нэгдүгээр лаборатори сургуулийн багш, сурагчидтай уулзаж,
олон улсын жишигт нийцсэн шинэчилсэн хөтөлбөрийг туршиж байгаатай танилцлаа.
Тус сургууль сургалтын 28 кабинетийг тохижуулан гэрчилгээжүүлснээс гадна 13
ухаалаг самбартай болж хими, физикийн иж бүрэн лабораторийг суурилуулан
сургалтыг цахим орчинд явуулж байна. Хүүхдүүдийн орчин үеийн техник, багаж,
тоног төхөөрөмжтэй харьцаж, ашиглах чадвар нь цаашдаа чадварлаг мэргэжилтэн болох
үндэс суурь болно гэдгийг Ерөнхий сайд хэлээд эрдэм номдоо улам мэрийн
суралцахыг захилаа.

Сургалтын таатай орчныг бүрдүүлж, сурагчдын сурах боломжийг хангахын тулд аймаг
орон нутгийн төсвөөс 216 сая төгрөгийн засварын хөрөнгийг гаргаж, дотоод
хяналтын камерийн иж бүрдэл суурилуулан багшийн хөгжлийн төв байгуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд химийн бодисонд хорджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын
зургадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн
органик нэгдэл агуулсан бодисонд хордсон нь Шинжлэх ухааны академийн
Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр
тогтоогдлоо.

1186048340728f8765b819ebf7e2a087
Хордлогын
шалтгаан нөхцлийг тодруулахаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний
лавлагаа лабораторид халгалж байсан гурил, гурилын шуудай зэрэг 12
дээжийг шинжилгээнд өгөөд байсан юм. Ацетил бүлэг бүхий органик нэгдэл
нь нефтийн бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшинд ихээр агуулагддаг.
Ачиж тээвэрлэх болон хадгалах үеийн аль шатанд  гурил бохирдсоныг
аймгийн Мэргэжлийн хяналтын газар цагдаагийн байгууллагатай хамтран
шалгаж байгаа аж.  
Categories
мэдээ нийгэм

Ногоон картны сугалаа өнөөдөр эхэлнэ

Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсээс DV-2016 Олон үндэстний виз буюу Ногоон картны сугалааны бүртгэлийн товыг өнөөдөр зарлажээ. DV-2016 хөтөлбөрт цаасан бүртгэлийг хүлээн авахгүйгээр электрон хэлбэрээр явуулах юм байна. Сугалаанд бүртгүүлэхийн тулд АНУ-ын Төрийн департа­ментын www. dvlottery.state цахим хуудсаар дамжин бүртгүүлэх ёстой бөгөөд бүртгэл өнөөдөр 12:00 цагаас эхлэн ирэх сарын 3-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ингэхдээ заавал өөрийн биеэр байх албагүй бөгөөд хэн нэгнээр төлөөлүүлж бүртгүүлэх боломжтой юм байна. Оролцогчид шалгарсан эсэхээ мэдэхийн тулд ирэх 2015 оны тавдугаар сарын 5-наас дээрх цахим хуудаст бүртгэлийн дугаараа оруулан харж болох юм. Цахим хаягаар шалгарсан эсэхийг мэдээлэхгүй бөгөөд ийм мэйл хаяг ирвэл хууль бус гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа. 

Categories
мэдээ нийгэм

Нэг сарын дотор 173 иргэн гар утсаа хулгайд алджээ

2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд гэхэд нийслэлийн хэмжээнд “гар утсаа хулгайд алдсан” гэх нийт 173 гомдол, мэдээлэл цагдаа болон хуулийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Хичээлийн шинэ жил эхэлж оюутан, сурагчид хулгай болон дээрмийн гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгдэж байгаа аж. Тиймээс орой үдэш харанхуй гудамж, талбайгаар явахгүй байх, танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байхыг Нийслэлийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүлж  байна.

Categories
мэдээ нийгэм

“MCS” групп онцгой байдлынханд талархал илэрхийлжээ

Өчигдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд гал гарч, барилгын гадна фасад бүхэлдээ шатсан. Өдрийн 12.40 цагийн үед гарсан галыг онцгойгийнхон хоёр цагийн дотор унтрааж, аюулгүй болгосон юм. Тус барилгын эзэмшигч “MCS” групп, “Шангри-Ла Улаанбаатар” ХХК-иас галын үед хурдан шуурхай ажилласан онцгой байдлынханд талархал илэрхийлжээ. Тус байгууллагуудаас илгээсэн талархалд “Галыг түргэн шуурхай унтрааж хүний эрүүл мэнд,  амь насанд аюул учрахаас сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажилласан нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10, 14, 63 дугаар анги, нийслэлийн Аврах анги албан хаагчдад талархал илэрхийлье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу автобус явдаг боллоо

“Цахилгаан тээвэр”  компанийн шөнийн тээврийн үйлчилгээг зогсоож, нийслэлийн Тээврийн газартай хийсэн гэрээ, нэгдсэн даалгаварт өөрчлөлт оруулахаар болжээ. Тус компанийн шөнийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс 2015 оны хоёрдугаар 16-ны өдөр хүртэл зогсоохоор болжээ. Харин “ШҮ 7 буудал-МУБИС”, “ШҮ Нисэх-МУБИС-Ард кино театр” чиглэлийн шөнийн  тээврийн үйлчилгээ хуучин маршрутаар үйлчилгээнд явах юм байна. Үүнээс гадна нийслэлийн Тээврийн газраас “М:11 Нисэх-МУБИС-Ард кино театр” чиглэлийн замналыг “М:11 Нисэх- “Чингис хаан” олон улсын нисэх буудал-Ард кино театр” болгон өөрчилсөн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэгч иргэдийн хүсэлт, зорчин явах эргэлтийг үндэслэн автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийг эмэгтэйчүүдийн хорих руу шилжүүлжээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн  “нялх амраг” гэгдэж байсан Г.Сарангэрэл өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас Луусангийн эмэгтэйчүүдийн хорих буюу ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар анги руу хүргэгджээ. Нийслэлийн шүүхээс түүнийг эмэгтэйчүүдийн хорих ангид хорих шийдвэрийг гаргасан учраас ийнхүү шилжүүлжээ. Тэрээр шүүхээс 1,6 жилийн ял авсан юм. 10 сарын дараа гэхэд магадлан итгэмжлэх шалгалтаар орж ял чөлөөлөгдөх боломжтой аж. 

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүд автомашинтай боллоо

Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 322 дугаар тушаал гарсны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах таван автомашиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо. Нийт гурван зуун гучин найман сая таван зуун мянган төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн таван автомашиныг Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төв, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хуваарилан өгсөн юм. 

Categories
мэдээ нийгэм

АПУ-гийн борлуулагч залуугийн цогцсыг олжээ

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа энэ сарын 15-нд эхэлсэн. Өчигдөр 16.00 цагийн үед Б.Алтанхуягийн цогцсыг Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах уурхайгаас олжээ. Дүүргийн цагдаа нар ашиглагдахаа байсан далд уурхайгаас 10 гаруй хоногийн өмнө амиа алдсан эрэгтэй хүний цогцос олж, Б.Алтанхуягийн ар гэрийнхнээр цогцсыг таниулж мөн болохыг тогтоосон байна.   Талийгаач Б.Алтанхуягийн ар гэрийнхэн “Цагдаагийн байгууллага амиа алдаад 10 гаруй хоносон эрэгтэй хүний цогцос олсон тухайгаа бидэнд мэдэгдсэн. Тэгээд таниулах ажиллагаа явуулсан. Тэр цогцос манай хүний цогцос мөн байсан. Эдэлж хэрэглэж, өмсөж, зүүж явсан бүх зүйл нь таарч байна. Гэхдээ задлан шинжилгээгээр бүр нарийн сайн тогтоогдох байх” гэлээ. Б.Алтанхуяг есдүгээр сарын 15-ны өдөр 11:00 цагийн үед биедээ дөрөв орчим сая төгрөгтэй, “УНК 2983” дугаарын ачааны саарал микро автобусдаа 7-8 сая төгрөгийн бараа ачин, Хонхороос Гачуурт чиглэлийн дэлгүүрүүдэд бараа тарааж яваад сураггүй алга болсон юм.