Categories
мэдээ нийгэм

Хятад иргэнийг албадан гаргахаар болжээ

Өнгөрсөн мягмар гаригийн  12:40 цагийн орчим Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн хойно баригдаж байсан “MCS” компанийн барилгад гал гарсан. Тэр үеэр тус барилгад ажиллаж байсан хятад иргэд гарч зугатсан гэх мэдээлэл байгаа бөгөөд тэдгээрийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас шалгахаар авч явсан юм байна.   Тэгвэл тэдгээр хятад иргэд бизнес ангиллаар орж ирсэн атлаа өөр чиглэлээр ажиллах гэж байсан нь илэрчээ. Тиймээс тэднийг Монгол Улсаас албадан гаргах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг энэ сарын 6-нд нээнэ

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км автозам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Өнгөрөгч сарын 22-ны өдрөөс ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийгээд байгаа билээ. Бээжингийн гудамжны зам засварын ажил ерөнхийдөө дуусч байгаа бөгөөд цаг агаарын байдал хүндрэхгүй бол энэ сарын 6-нд нээх юм байна. Харин гүүрийн засварын ажлыг ирэх сарын 30-ны өдөр хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Цэвэр агаар” төслийнхөн сэтгүүлчидтэй уулзлаа

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа, цаашид хийх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан, Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд нарын албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчидтэй  зангиагүй уулзалт хийлээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэр хорооллын 185 мянган  айл өрхийн 70 хувь нь бүрэн  шаталттай  сайжруулсан зуух худалдан авсан бол энэ жил 80-аад хувь нь хангагдах гэнэ. Өөрөөр хэлбэл ирж буй халаалтын улиралд 16  мянган өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр борлуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь нийт өрхийн 80 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Улаанбаатар Цэвэр-агаар төслийн хүрээнд өнгөрөгч 2013 онд гурван  зорилтот өрхийн хоёрыг нь төсөлд хамруулж, 45 мянган өрхийг сайжруулсан зуухаар ханган, зорилтынхаа 60 хувийг биелүүлсэн байна. Харин өнөөдрийн байдлаар 28  мянга гаруй айл өрхөд зуух хүргэх, суурилуулах, сургах ажлыг хийжээ. 

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтыг эрчимжүүлэхийг яамнаас зөвлөжээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан ургац хураалтын ажлыг эрчимжүүлэхийг салбарын яамнаас тариаланчдад зөвлөжээ.  Монгол Улс энэ намар 439.2 мянган тонн улаанбуудай, 160 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 48 мянган тонн тосны ургамал, 23 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан тооцоог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргаад буй.  Сүүлийн  мэдээгээр 63.8 мянган га тариаг ангилан хадаж, 42.2 мянган га-г шууд хурааж, нийтдээ 135.6 мянган га-гаас 207.6 мянган тонн үр тариа хураан авсан байна. 7.9 мянган га-гаас 95.1 мянган тонн төмс, 4.5 мянган га-гаас 56.9 мянган га хүнсний ногоо, тус тус хураан авснаар үр тарианы хураалт 59.3 хувь, хүнсний ногооны хураалт 55.6 хувьтай явж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Барилгын компаниудад шалгалт хийлээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийн мөрөөр “Албан мэдэгдэл-хяналт, шалгалт” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, шалгалт явууллаа.

Энэ үйл ажиллагааны хүрээнд барилгын компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлээр зөрчил дутагдлаа арилгах талаар албан мэдэгдэл хүргүүлсэн байна. Албан байгууллага аж ахуйн нэгжүүд албан мэдэгдлийн хариу бичигт бүх зөрчил дутагдлаа арилгасан гэж бичсэн боловч цагдаагийн алба хаагч нар газар дээр нь очиж үзлэг шалгалт явуулахад хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.

Тодруулбал, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэр байхгүй, байгаа дэвтэр дээрээ хөтлөлт хийгдээгүй, зориулалтын малгай өмсөөгүй, хамгаалалтын тор татаагүй, мэргэжлийн инженер хүрэлцээгүй, удирдлагаар хангаж ажиллаагүй зэрэг барилгын ажил явуулахад зайлшгүй шаардлагатай хэд хэдэн нөхцөлийг зөрчин ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд холбогдох журмын дагуу арга хэмжээ аван ажилласан байна. 

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдыг үдлээ

Өмнөд Судан улсын Дарфур мужид энхийг сахиулахаар Монголын цэргийн хээрийн II шатны албан хаагчдыг үдэх хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр боллоо. 

Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яамны удирдлага болон бусад албаны хүмүүс, энхийг сахиулагчдын ар гэрийнхэн оролцсон юм.

Энэ удаагийн энхийг сахиулах ажиллагааны Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлэгийн VI ээлжийн багт Зэвсэгт хүчний анги байгууллага 19, ЭМЯ, ШШГЕГ, ОБЕГ зэрэг бусад байгууллагын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх бөгөөд цэргийн захирагчаар дэд хурандаа В.Баярсайхан, штабын даргар хошууч А.Гансүх нар есөн сарын хугацаатай үүрэг гүйцэтгэх аж.

Өмнөд Судан улсын Дарфур мужид үймээн самуун, дайралт, зэвсэгт мөргөлдөөн их байгаа бөгөөд манай улсын 68 албан хаагч цэргүүд болон мужийн иргэдэд эмнэлгийн II шатны тусламж үзүүлэх юм. Гэхдээ нийт бүрэлдэхүүн 5000-7000 хүнд эмчилгээ үзүүлэх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар цэвэр агаар” төслийнхөн зангиагүй уулзалт хийнэ

 Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа болон хийх ажлын талаар “Цэвэр агаар” төслийнхөн болон Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил хариуцсан албаны хүмүүс маргааш сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх гэж байна.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, “Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан, “Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд нар оролцож сонгуулийн хорооны байранд нээлттэй ярилцах аж.

Улаанбаатар хотын агаарын чанар 2014 оны есдүгээр сарын дунд 10 хоногийн шинжилгээний дүнгээр өмнөх 10 хоногийн дундаж дүнтэй харьцуулахад агаар дахь хүхэрлэг агууламж ижил түвшинд, азотын давхар ислийн агууламж бага зэрэг өссөн дүнтэй гарчээ. Хүйтний эрч чангарах тусам агаар дахь хорт бодисын хэмжээ улам нэмэгддэг. Тиймээс иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй утаанаас салахаар “Улаанбаатар цэвэр агаар” төслийг урт хугацаанд хэрэгжүүлээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим брокерын эрхийг түдгэлзүүллээ

Санхүүгийн зохицуулах хорооноос журам зөрчсөн зарим брокер, дилерүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг түтгэлзүүлсэн талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, “Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журам”-ын 3.1, 8.1 дахь заалт Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80.1 дэх заалтыг зөрчсөн нэр бүхий үнэт цаасны компаниудын дараах мэргэжилтнүүдэд арга хэмжээ авахаар болжээ. Дашдорж овогтой Нармандах, Эрдэнэбилэг овогтой Алтансүх, Ширэндэв овогтой Батжаргал, Ванданлувсан овогтой Баттулга, Сурмаажав овогтой Мягмарсүрэн нарын ажил, үйлчилгээ явуулах эрхийг гурван сараар түтгэлзүүлсэн байна. Цаашдаа үнэт цаасны компаниудын эрх бүхий албан тушаалтан, дотоод хяналтын ажилтан нар нь компанийн брокер, дилерийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулжээ. 

Categories
мэдээ нийгэм

Боловсролын “Түүхийн танхим” нээгдлээ

Монголын ахмад багш нарын холбооноос санаачлан Засгийн газрын гуравдугаар байранд боловсролын яамны 90 жилийн түүхийг өгүүлэх “Түүхийн танхим”-ыг нээлээ. Энэ өдрүүдэд Монгол Улсад боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа.

Тиймээс нийт төрийн албан хаагчид, олон нийтэд боловсрол, шинжлэх ухааны салбар, яамны түүхийн мэдлэг олгох зорилгоор уг танхимыг нээсэн байна. Түүхийн танхимд анхны Гэгээрлийн яам байгуулах Засгийн газрын тогтоолоос эхлээд анхны гэгдэх олон чухал баримт бичиг, анхны сургуулийн барилга, үе үеийн багш, сурагчдын эдлэж хэрэглэж байсан зүйлс гэх мэт олон үзмэрүүд багтаж байгаа аж. Дээрх үзмэрүүдийг үзэж, сонирхох хүсэлтэй хүмүүст Засгийн газрын гуравдугаар байрны 401 тоот танхим үргэлж нээлттэй байх юм.

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбар улирлын хамаарлаас гарна

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн угсармал байшин үйлдвэрлэх үйлдвэр барьж буй “Гранд байшин” компанийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

ХБНГУ-ын “Weiler” компаниас үйлдвэрийнхээ бүх тоног төхөөрөмжийг авсан тус компанийнхан үйлдвэрээ ирэх 10 дугаар сарын 15 нд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Үйлдвэр ажиллаж эхэлснээр хана, хучилтын хавтан, багана, дам нуруу, цонх, хаалга, шат зэрэг байшин барихад хэрэгтэй бүх зүйлийг үйлдвэрлэж, захиалагчийн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж угсарна.

Барилгын үндсэн эд ангийг бүрэн цутгамалаар хийх юм байна. Энэ үйлдвэрийг ажиллуулснаар 150 ажлын шинэ байр гарч ирнэ. Энэ жил 60-701 ам метр, 2016 оноос 200.000 ам метр буюу бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөсөн талаараа танилцууллаа.

Түүнчлэн  “Манай барилгын үнэ нь зах зээлийн ханшаас хямд байна” гэж үйлдвэрийнхэн хэлж байв. “Барилгын салбарт ажиллаж буй олон хүн өвөл ажилгүй болдог бол “Гранд байшин” компанийн үйлдвэр ашиглалтанд орсноор жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой болно.

“Weiler” компанийн тоног төхөөрөмжийг дэлхийн 32 улсад хэрэглэж, 68 давхар барилга барьжээ.  Ийм технологийн барилга найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй юм байна. Угсармал орон сууцны хороолол гэлтгүй амины орон сууц гээд бүх төрлийн байшинг Гранд байшин компанийн байшин үйлдвэрлэх үйлдвэрт үйлдвэрлэх юм.

Барилгын салбарыг улирлын хамаарлаас гаргах салбарын яамны бодлого дэмжлэгээр тус компанийн барьж буй үйлдвэрээс гадна Эрэл компани Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК үйлдвэр барихаар ажиллаж байгаа юм. Эдгээр үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үед манай улсад өвлийн улиралд ч барилгын ажил явагдана.