Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны охиноос ээждээ бичсэн захидал

Энэ захидлаа эхлэхээсээ өмнө юуны түрүүнд тэр болгон ил гаргадаггүй ч ээждээ маш их хайртай шүү гэдгээ хэлмээр байна. Аль хэдийн дэлгэрчихсэн үзэсгэлэнт цэцэг та минь цоморлигоо нээж, таньдаа гоо үзэсгэлэнгээ харуулах гэж хичээнгүйлэн тэмүүлж байгаа охиныхоо бодож явдаг энэ хэдэн зүйлийг ойлгоосой гэж хүсч байна.

1. Миний уулзсан эрэгтэй хүүхэд болгон миний найз хөвгүүн гэсэн үг биш шүү дээ. Эрэгтэй найзууд хааяа эмэгтэй найзаас илүү итгэл дааж чаддаг, тэд ямар сайн зөвлөгч , бас сонсогч нар байдаг гэж санана? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд жирийн нөхөрлөл байж болдог гэдэгт би итгэдэг.

2. Сургууль маш хэцүү, би чадах бүх хүчээрээ хичээж л байгаа. Мэдээж онц дүн авахыг хүн болгон л хүсдэг, би ч бас. Хичээл чухал гэдгийг мэдээж охин нь мэднээ. Хичээж байгаа наддаа итгээрэй.

3. Тэгсэн ч би бол өсвөр насны охин шүү дээ гадуур гарч хөгжилдөх хэзээд дуртай. Одоо л дүрсгүйтэж авах нас минь. Юм бүхнийг хийж туршиж үзмээр санагддаг тийм л зоригтой нас. Хүн нэг л амьдардаг ч зөв амьдарч чадах юм бол нэг амьдрах хангалттай. Эргэж хараад харамсахгүйгээр амьдрахыг охин нь хүсч байна, намайг дэмжиж дурсамжаа бүтээхэд минь туслаарай.

4. Гэртээ жаахан оройтож ирлээ гээд би согтууруулах юм уу мансууруулах бодис хэрэглэж байгаад ирсэн гэсэн үг биш ээ. Таньдаа үргэлж нялхаараа харагддаг ч буруу зөвийг ялгаж чаднаа охин нь. Надад зүгээр л итгээд үз, тэгвэл итгэлийг тань алдахгүйн төлөө улам бүр хичээж, хариуцлагаа ухамсарлах болно. Өөртэйгөө зөрчилдөж явдаг энэ насан дээр барьж хорих тусам харин ч тэр зүйл рүү тэмүүлэх гээд байдаг юм билээ. Тийм болохоор охиныгоо зөв залаарай.

5. Би хичнээн том болсон ч гэсэн хорвоотой танилцаж дуусаагүй л яваа. Надад мэдэхгүй чадахгүй зүйлс их байгаа. Алдаа гаргах болгонд минь битгий загнаарай, харин таныг гаргасан алдаагаа засахад минь эелдгээр тусалвал би маш их баярлах болно. Бүхнийг төгс хийж чаддаггүй охин чинь таны багын дүрээс өөр байгаагаа мэднэ ээ. Гэхдээ л таныхаа олон сайхан чанарыг би дуурайсан. Үүнийг хараад танд ч бас гоё байдаггүй гэж үү?

6. Шилжилтийн насан дээр яваа учир миний ааш байнга сайхан байдаггүй, таньтайгаа маргалдлаа гээд хайргүй гэсэн үг биш шүү. Миний үзэл бодол таныхаас өөр, охин чинь хувь хүн болон төлөвшиж явна. Таниас өөр, бас нэг хувь хүн. Миний хардаг өнцгөөс харахыг хааяа ч гэсэн оролдоод үзээрэй, намайг илүү ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

7. Амьдралд олон сонголт гарч ирдэг би ямагт зөвийг нь сонгохыг хичээдэг. Бурууг сонгосон үе байхгүй гэж хэлэхгүй ч зөвийг нь л сонгохыг эрмэлздэг.

8. Миний найзууд бүгд муу зуршилтай биш шүү дээ. Тэд гаднаа галзуу, чанга дуутай, таны мэдэхгүй стилээр хувцаслдаг гээд олон шалтаанаар таньд таалагддаггүй байж болох л юм. Тэгэхдээ тэд таны хайртай охинтой л адил амьдрал гэдэг далай руу дөнгөж хөл тавьж байгаа. Яг л надтай адил тэднийг хайралдаг санаа тавьдаг ээжүүд тэдэнд бий.

9. Намайг өөр хүнтэй харьцуулах бүрт би хэнд ч хэрэггүй мэт санагддаг. Магадгүй таны наызын охин надаас илүү амжилттай байж болох юм. Тэгэхдээ ээжээ амьдрал дөнгөж эхэлж байна, би чаднаа! Та нэг л зүйлийг ойлгоорой би дахин давтагдашгүй цорын ганц.

10. Та надад зааж зөвөлхөд баяртай байдаг ч би амьдралд алдаа гаргаж өөрөө алдаанаасаа суралцмаар байна. Алдаа гэдэг зүйл надад маш нандин. Алдаж л яваг, суралцана, хатуужина. Алпдаад унахад түшээд авах та минь надад байгаа болохоор охин нь ямагт бардам байдаг.

11. Миний хамгийн сайн найз ээж минь байгаасай гэж би хүсч байна. Ээжээсээ хол хөндий өссөн миний үеийн охид буруу сонголт хийхийг би олон харж байсан. Бид бүгдээрээ адилхан, амьдралын талаар мэдлэг маруухан. Тийм болохоор сарын тэмдэг, биедээ гарч байгаа өөрчлөлт, бас хөвгүүдийн талаар таньтайгаа нээлттэй ярилцаж зөв зүйл хийхийг хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдан хоригдогсод өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжтой болов

Цагдан хоригдогсдын эрх зөрчигдөж, өмгөөлөгчтэйгээ ч уулзах боломж олддоггүй гэх гомдол ХЭҮК-т, Монголын өмгөөлөгчдийн холбоонд байнга ирдэг байна. Тэгвэл дээрх байгууллагууд хүний эрхийг бүх талаар зөрчихгүй байх хүсэлтийг Цагдаагийн газар, ШШГЕГ-т удаа дараа илгээж байжээ. Энэ хүсэлтийн дагуу ШШГЕГ, Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр цагдан хоригдож байгаа иргэн өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжтой болж байгаа юм. Манай улсад цагдан хорих 26 газар бий. Тэнд 3000-4000 гаруй хүн саатуулагддаг аж. Тэдэнд өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах бололцоо олгогддоггүй гэнэ. Иймд олон сараар өмгөөлүүлэх эрхээ алддаг байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадахгүй байгаагаа мэдэгдсээр байгаа. Дээрх санамж бичиг хэрэгжсэнээр хоригдогсдын гомдол багасч, хүний эрхийн талаарх НҮБ-ын зөвлөмж, олон улсын эрх зүйн актууд мөрдөгдөж буйн илрэл болно гэж хуульчид ярьж байна. Мөн МХХ-ны Ерөнхийлөгч С.Батсүх ” Энэ шинэ журмаар өмгөөлөгч, хоригдогч хоёр шилэн хаалтны цаанаас утсаар ярьдаг байдал арилж, шууд биечлэн уулзах боломжтой болно” гэж мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Аэро Монголиа” Өмнөговь аймгийн Ханбогд сум руу тогтмол нислэг үйлдэж эхэллээ

Өнгөрсөн лхагва гаригт орон нутгийн агаарын тээв­рийн түүхэнд нэгэн шинэ хуу­дас нээлээ. Учир нь “Аэро Монголиа” компани Өмнөговь аймгийн Ханбогд сум руу анхны тогтмол нислэгээ үйлдсэн явдал юм. Өмнө нь Ханбогд сум руу нислэг үйлддэг байсан ч “Оюутолгой” ажилчдад зориулсан захиалгат нислэг байдаг байлаа. Тэгвэл одоо “Аэро Монголиа” компани Ханбогд сумын “Ханбумбат” нисэх буудалд долоо хоногт хоёр удаа газардаж орон нутгийн иргэдэд үйлчлэхээр болжээ. Энэхүү “Ханбумбат” нисэх буудал нь Ханбогдын сумын төвөөс 40 орчим км-ын зайтай бол “Оюутолгой” ХХК-ийн уурхайгаас найман км зайтай юм байна. Ийнхүү тогтмол нислэгтэй болсноор Ханбогд сумын иргэд болон ойролцоох Манлай, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэд мөн “Оюутолгой” ХХК-ийн ажилчид Улаанбаатар хотруу төвөггүйхэн хүрэх бололцоотой болж байгаа юм. Тодруулбал нутгийн иргэдийн ярьж буйгаар Ханбогд сумаас Улаанбаатар хот хүртэд 660 гаруй км замыг арав гаруй цагийн турш машинаар туул­даг байсан тухай ярьсан. Суудлын машин 40-50 мян­ган төгрөгийн ханштай иргэдэд үйлчилдэг ч олон цаг шороон замд машинд сэгсчүүлнэ гэдэг амаргүй байсан талаар малчид ярив. Харин тогтмол нислэгтэй болсоноор ердөө 1.30 минут агаараар яваад Улаанбаатар ирж, очиж байгаа нь тэдний хувьд цаг хэмнэхээс гадна тав тухыг хангасан явдал боллоо. Орон нутгийнхан “Хөдөөний бид чинь цай уухын зуур хот хүрээ орж оюутан хүүхдээ эргэж тойрчихоод, гурил будаагаа дөхүүлээд ирэх нь байна ш даа” хэмээн их л олзуурхан ярьж байсан. “Аэро Монголиа” компани Голланд улсад үйлдвэрлэсэн, 50 хүний суудалтай “Фоккер-50″онгоцоор үйлчилж байна. Тасалбарын үнэ талдаа 187 мянган төгрөг юм билээ.

“Ханбумбат” нисэх буудлыг “Оюутолгой” ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн өөрсдийн ажилчдыг тээвэрлэх бус орон нутгийн дэд бүтэцэд мөн дэвшилт гарган хамтарч ажиллахыг зорьсон гэнэ. “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэл хариуц­сан дэд захирал Айвен Вел­ла “Манай компани төрийн байгууллагуудтай олон удаа хэлэлцэж, энэ бүс нутгийг хөгжүүлэх, холбогдох бүхий л хууль дүрмийг сахин ажил­лах хүсэл эрмэлзлээ батлан хариулсны эцэст энэхүү дэл­хийн түвшний нисэх буудлыг барих албан ёсны зөвшөөрөл авч байсан. Хоёр жилийн өмнө бид энэхүү хөө­рөх, буух зурвасыг барьж эхлэхдээ өнөөдрийн энэ өдрийг мөрөөдөж байлаа. Бидний зорилгыг биелүүлэхэд тусалсан “Аэро Монголиа” компанид баярлалаа” гэв. Энэхүү нисэх буудал нь орон нутагтаа хамгийн томд орох аж. Түүнчлэн орон нут­гийн нислэгээс гадна шаард­ла­га­­тай бол олон улсын томоохон нислэгийг ч хүлээн авах чадалтай гэсэн.Нисэх буудлын барилгын ерөнхий дизайн нь бөөрөнхий монгол гэртэй төстэй юм билээ. “Аэро Монголиа” компанийн Улаанбаатар-Ханбогд чиглэ­лийн тогтмол нислэг долоо хоногийн лхагва, бямба га­ригт хуваарьтай бөгөөд авиа компанийн зүгээс та­салбараа энэ сар дуустал өндөр настнуудыг 50, орон нутгийн иргэдийг 30 хувь хөн­гөлжээ. Ийн тогтмол нислэг­тэй болсноор жуулчдын тоог нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой гэж нутгийн удирдлагууд үзэж байна.

Д.СҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагууд “Мэдээллийн ил тод байдлын карт”-тай болно

“Ил тод байдал сан” ТББ-аас Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Нийслэлийн 6 дүүргийн төр, захиргааны байгууллагын мэдээллийн ил тод, нээлттэй байдал” төслийн хүрээнд боловсруулсан “Мэдээллийн ил тод байдлын карт” ба цахим сайтын загварын эхний хувилбарыг танилцуулах хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, цахим сайт хариуцсан ажилтнууд, “Ил тод байдлыг дэмжих түншлэл”-ийн гишүүд, судлаач, иргэдийн төлөөлөл оролцлоо.

“Ил тод байдал сан” ТББ нь төр захиргааны байгууллагуудын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зорилготой юм. Ийм ч учраас төрийн байгууллагуудын мэдээлэл хэр зэрэг ил тод байгаа талаар тухайн газрын албан ёсны вэб сайтад судалгаа хийжээ. Ингэхдээ, мэдээллийн нээлттэй байдал, мэдээллийн хүртээмжтэй болон үр ашигтай байдал, агуулгын хувьд хэр зэрэг ойлгомжтой байна вэ зэрэг шалгуур үзүүлэлтийг тусгасан байна. Үүнд ихэнх төрийн байгууллагуудын цахим сайтад дарга нарын дэлгэрэнгүй танилцуулга, удирдлагуудтай холбоо барих утасны дугаар байдаггүй, сайтад хэрэгцээтэй мэдээлэл ховор, ихэнх нь уриа лоозонгийн шинжтэй, сайтад байгаа мэдээлэл ашиглагдахааргүй болж хуучирсан, шинэчлэл муутай гэх зэрэг дутагдалууд байгаа талаар шүүмжлэлттэй хандаж байна. Гэхдээ зарим нэг төрийн сайтын мэдээллийн ил тод байдал нэлээд нээлттэй тал руу хөгжиж байна гэж дүгнэн Нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны вэб сайт болох www.ulaanbaatar.mn -г онцолж байсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг Дарга болон НИТХ-ын тогтоол, тушаал, захирамжийг цаг тухайд нь сайтдаа байршуулж, гадаад руу томилолтоор явсан албан тушаалтны төсвийг дэлгэрэнгүй танилцуулж байгаа нь өмнө нь гарч байгаагүй дэвшилттэй зүйл болж, мэдээллийн ил тод байдлын соёл аажмаар нэвтэрч байгаагийн жишээ хэмээн онцоллоо.

Одоогоор Нийслэл болон дүүргүүдийн ЗДТГ, ИТХ-ын ажлын албаны дарга нарт “Ил тод байдлын карт”-ыг бөглөж өгөхийг хүссэн албан бичгийг явуулжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр иргэд нийслэлийн удирдлагуудын дэлгэрэнгүй танилцуулга болон ажил үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг олон улсын форум болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэн /IRI/-тэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг 10 дугаар сарын 06, 07-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна.

Улаанбаатар хотыг олон нийтэд нээлттэй хот болгох ажлыг шат ахиулах, нийслэл, орон нутгийн захиргааны түвшинд Авлигийн эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулах, Авлигын эсрэг Олон улсын Академийн салбарыг Улаанбаатар хотод нээх эхний алхамыг эхлэх гол зорилготой тус форумаар чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн үзэл баримтлалыг сонсож, туршлагаас нь хуваалцахаар төлөвлөж байна.
Нийслэлийн Засаг даргын урилгаар форумын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Харьяа газруудын дарга нар, Аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Дүүргүүдийн Иргэдийн хурлын дарга нар, Засаг дарга нар оролцохоос гадна гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын төлөөлөгчид, Гадаад улс орноос Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газар, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл гээд нийт 258 төлөөлөгч оролцоно.

Энэ удаагийн чуулганаас Улаанбаатарын тунхаглал, Улаанбаатар хотын Авлигатай тэмцэх стратеги төлөвлөгөөний саналууд гэсэн томоохон баримт бичиг гаргахаар төлөвлөж байгаа юм. Форумын үндсэн илтгэлийг “Авлигад Хяналт Тавих -Институцийн Шинэчлэл ба Иргэний Нийгмийн Дайчилгаа” сэдвээр Станфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд, авлигын эсрэг нийслэлээс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тавих бол Төр ба нийгмийн уялдаа холбоо, Газар хувиарлалт ба өмчийн бүртгэл, Худалдан авах ажиллагаа, Тусгай зөвшөөрөл гэсэн үндсэн 4 сэдвийн дор салбар хуралдааныг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багш нар өнөөдөр баяраа тэмдэглэнэ

Дэлхийн багш нарын өдөр аравдугаар сарын 5-нд болдог. Тиймээс монголын багш нарын баярыг ч энэ өдөр хамтад нь тэмдэглэхээр болсон. Харин аравдугаар сарын 5-ны өдөр ням гаригт тохиож байгаа болохоор багш нар өнөөдөр баяраа тэмдэглэж байна. Багш нарын баярт зориулсан нэгдсэн арга хэмжээ ” Багшаа алдаршуулъя” сэдвийн дор 14. 00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын санаачилгаар индексээр тогтоож, шалгарсан ЕБС, цэцэрлэгийн багш нарт мөнгөн урамшуулал олгоно. Энэ жил нийслэлээс багш нарт 324.5 сая төгрөгийг урамшуулал олгож байгаа юм. Багш нарт мөнгөн урамшуулал олгох ажлыг дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд оролцох ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Шангрила”-гийн барилга гал унтраах автомат системгүй байжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас сүүлийн үед гарсан томоохон галын ослын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила” зочид буудлын барилгад гарсан гал түймрийн талаар онцлон ярьсан юм. 

НОБГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах ангийн хоёр баг 12:49 цагт гарсан түймрийн обьектэд 2.5 км замыг туулж зургаан минутын дотор ирсэн. Анх долоон давхарт гал гарч түймрийн хэт халалтын улмаас цонхны шил хагаран улмаар гадагш нэвтэрч чийгнээс хамгаалах зориулалтаар хийсэн резин шатаж гал дээд давхар руу ассан байсан. Гал асар хурдтай тархаж байсан учраас аврах ангид дахин хүч нэмж гурван ангийн нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүн ажилласан. Барилгын эрчим хүч, цахилгааныг тасалсан байсан тул гал унтраах ажиллагаанд хүндрэл учруулж байлаа. Гэсэн ч бид барилга дотор байсан 19 хүнийг аварч гэмтэл бэртэлгүй гаргаж чадсан” гэсэн юм.

Аврагчдыг барилга дотор ороход дээрх 19 хүн галаас зугтан барилгын дээд давхарт гарсан байжээ. Тус барилга нь 24 давхар бөгөөд хуульд заасанчлан есөн давхраас дээш барилгад байх ёстой гал унтраах бүрэн тоноглолт автомат систем байгаагүй гэнэ. Мөн хөөсөнцөр дулаалга, чийгнээс хамгаалах резинэн материал зэрэг нь хурдан шатдаг учраас гал ийнхүү богино хугацаанд газар авчээ. Чухам барилгын хэдэн хувь шатсан эсэх, галын шалтгаан зэрэг одоогоор тогтоогдоогүй бөгөөд Цагдаагийн газрын хэрэг бүртгэх албанд шилжүүлэн шалгаж байгаа аж. 

Манай улсын гал унтраах аврах ангийн тоног төхөөрөмж, техник хангамж хүрэлцэхгүй байна гэдгийг дээрх түймрийн үеэр иргэд ярьж байсан. Энэ талаар НОБГ-ынхны мэдээлж байгаагаар тус албанд 52 метрийн урттай 12 давхарт хүрэх стандарттай шат байдаг байна. Тэд гал гарсан барилгын дотор, гадна талаас усаар шүршин хөргөлт хийж унтрааж чадсан гэдгийг онцолж байсан юм. 

Categories
мэдээ нийгэм

“АПУ”-ийн борлуулагчийг хөнөөсөн этгээдийг баривчиллаа

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компаний ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа 15 хоног үргэлжилсний эцэст түүний цогцосын Налайхын ашиглахаа байсан уурхай гүнээс ( 15 метр) уржигдар 16:00 цагийн орчимд олсон билээ. Харин түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг өнгөрсөн шөнө Төв аймгийн Зуун мод хотоос олсон гэсэн албан бус мэдээлэл бидэнд ирсэн.

Харин Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг өчигдөр шөнө Хонхороос саатуулсан байна. Сэжигтэн этгээд одоог хүртэл ямар нэг мэдүүлэг тайлбар өгөхгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Талийгаачийн машиныг Төв аймгаас олжээ

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийн унаж явсан машиныг цагдаагийнхан олсон байна. “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг өнгөрсөн шөнө Төв аймгийн Зуун мод хотоос олжээ.  

Харин талийгаачийн цогцсыг Налайх дүүргийн ашиглахаа больсон уурхайгаас, 15 метрийн гүнээс тус амыг сэргээж нүүрс олборлодог дөрвөн залуу хоёр хоногийн өмнө олсон юм.  Эл хэрэгт холбогдуулан хоёр хүнийг сэжигтнээр эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэднийг хайх ажиллагаа улс даяар явагдаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад санал авах ажиллагаа эхэллээ

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн
хуулийн зургадугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хотын Цагдаагийн байгууллагын
даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилно
гэж заасны дагуу уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах салбар
комиссыг Нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны
зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолоор байгуулж, сонгон шалгаруулалтыг
нийтэд зарласан.  Сонгон шалгаруулалтад оролцохоор 6 хүн материалаа
ирүүлснээс зарлагдсан ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг 4
хүн хангагдсан бөгөөд хууль, эрх зүй,ерөнхий эрдмийн шалгалт өгч, дараахь хоёр нэр дэвшигч шалгарлаа.

  • Чойжанцангийн Болдбаатар
  • Дамбийнямын Цэрэндорж

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын
даргыг анх удаа иргэдийн оролцоотой, иргэний зөвлөлийн хяналттайгаар сонгон
шалгаруулах гэж байгаа бөгөөд дээрх нэр дэвшигчид Эрүүл Аюулгүй Улаанбаатар
төлөө хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Нэр
дэвшигчдийн хураангуй мөрийн хөтөлбөрийг Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ,
Үндэсний шуудан сонины 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт нийтэлсэн бөгөөд
дэлгэрэнгүй хөтөлбөрийг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршууллаа. Тухайн албан тушаалын сонгон
шалгаруулалтад иргэдийн санал, үнэлгээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс
өнөөдрөөс эхэлж буй сонгон шалгаруулалтын санал асуулгад идэвхтэй оролцож, нэр
дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, саналаа өгөөрэй. Таны саналыг энэ сарын 08-ны өдрийг дуустал www.ulaanbaatar.mn сайтаар авна. Та саналаа өгөхдөө тус сайтын баруун хэсэгт
байрлах санал авах баннертай танилцаарай. Санал авах ажиллагааг шударга байлгах
зорилгоор мөрийн хөтөлбөрийг танилцуулахдаа нэр дэвшигчдийн нэрийг нууцалж, А,
Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэсэн байна. Харин сонгон шалгаруулалтад нэг үнэлгээ
болох нэр дэвшигчдийн шууд халз ярилцлага, мэтгэлцээн 10 дугаар сарын 05-ны
өдөр /ням гараг/ UBS телевизээр 21 цагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.