Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр” болж байна

Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт өнөөдөр “Бүргэдийн баяр” эхэлж байна. 15 удаагаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээг Баян Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газр, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Монголын Бүргэдчид Холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.

“Бүргэдийн баяр-2014” арга хэмжээний үеэр бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан, бүргэдээр амьд ан бариулах, көкпар буюу тулам булаалдах тэмцээн, мөнгө шүүрэх тэмцээн, урианхай суурийн харваа, казах үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах зэрэг төрөл бүрийн арга хэмжээ болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын тэргүүний багш, сургууль, цэцэрлэг тодорч, нэг сая төгрөг гардлаа

Монголын багш нар өнөөдөр баяраа тэмдэглэлээ. 2014 оны шилдэг сургууль, цэцэрлэг, багш нарт шагнал гардуулах ёслол өнөөдөр БШУЯ-нд болов.

Ёслолын үйл ажиллагаанд БШУ-ы сайд Л.Гантөмөр, дэд сайд Б.Ургамалцэцэг болон шилдэг сургуулиудын багш нар оролцов.

2013-2014 оны хичээлийн жилийн “Улсын тэргүүний багш”-аар Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Д.Амаржаргал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл ЕБС-ийн биологийн багш С.Ундрэхгэрэл, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ЕБС-ийн газарзүйн багш Ц.Мөнхбадар нар шалгарлаа. Харин “Улсын тэргүүний сургууль”-иар Дархан-Уул аймгийн Дархан сумын “Од” цогцолбор сургууль, нийслэлийн ХУД-ийн ерөнхий боловсролын 18 дугаар сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын дунд сургууль, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургууль тус тус тодров. “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэг, нийслэлийн БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 24 дүгээр цэцэрлэг, Дундговь аймгийн Сайншанд сумын III цэцэрлэг тус тус шалгарлаа.

Шалгарсан сургууль, цэцэрлэг, багш нарт БШУ-ы сайд Л.Гантөмөр батламж, нэг сая төгрөг гардуулж өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Шинэ үеийн захирал Бооёо Туулыг ажилаас халснаа нуув

Өнөөдөр хошин урлагийн жүжигчин хоёр бүсгүй бие бие рүүгээ халуун ус цацан нэгнээ хүнд гэмтээсэн хэргийн шүүх хурал болохоор товлогдсон боловч шүүх хурлын бүрэлдэхүүн дутуу гэсэн шалтгаанаар хойшлогдсон юм.

Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул болон “Шинэ үе” продакшны уран бүтээлчид хүрэлцэн ирсэнээс сэтгүүлчид “Шинэ үе” продакшны захирал Ариунболдоос жүжигчин Д.Оюунтуулыг ажлаас нь халсан тухай тодруулахад “Халсан барьсан зүйл байхгүй” хэмээн хариулсан юм.Харин жүжигчин Д.Оюунтуулаас энэ талаар асуухад тэрбээр “Би ажилгүй байгаа” хэмээн хариулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нарантуул, Барс захыг хэсэгчлэн хаажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул”, “Хархорин”, “Барс”, “Энхжин”, “Юмт Бөмбөгөр”, “Меркури”, “Эрдэнэбулган” хүнсний зах, 980 гаруй лангуу түрээслэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтаар хамрагдсан захуудад хаяг шошгын шаардлага хангаагүй, импортын хүнс сав баглаа боодлын зөрчилтэй, хугацаа дууссан, хүнсний нэмэлт, импортын янжуур тамхи нь онцгой албан татварын тэмдэггүй, Монгол Улсад худалдан борлуулахыг зөвшөөрсөн тэмдэглэгээгүй, импортлогч нь тодорхой бус дүнсэн тамхи худалдаалсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

“Нарантуул”, “Барс” захууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, “Хүнсний бөөний агуулах” нь халаалтгүй, усан хангамжгүй, гэрэлтүүлэггүй, тоос шороотой стандартын шаардлага хангахгүй байжээ. Энэ нь хүнсний бүтээгдэхүүн чанараа алдах цаашлаад иргэдийн эрүүл мэндэд хор учруулах эрсдлийг дагуулах талаар мэргэжилтнүүд ярьж байна.

Дээрх байгууллагаас эдгээр зөрчил дутагдалд дүгнэлт хийн 21 төрлийн хадгалалтын хугацаа дууссан 2,5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, зургаан нэрийн 241 ширхэг 1.05 сая төгрөгийн янжуур, дүнсэн тамхийг хурааж устгалд оруулахаар болжээ. Мөн таван аж ахуйн нэгжид 28.9 сая төгрөг, 44 иргэнд 7.4 сая төгрөг, найман албан тушаалтанд 30.6 сая төгрөг буюу нийт 53.09 орчим төгрөгийн торгууль ногдуулж, шошгын зөрчилтэй 171 нэрийн бүтээгдэхүүнийг татжээ. Шалгалтаар “Нарантуул” захын өргөтгөлийн хэсэг байрлах хүнсний худалдаа, “Барс”-ын төмөр чингэлэгийн хүнсний худалдааны үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр зогсоогоод байна.

Түүнчлэн бүртгэлгүй худалдаалж буй 59 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Шангри-Ла”-г шатахад 19 хүн галаас зугтан дээд давхарт гарсан байжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас сүүлийн үед гарсан томоохон галын ослын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэдний онцолсноор “Шангри-Ла” зочид буудлын барилгад гал гарахад 19 хүн галаас зугтан барилгын дээд давхарт гарсан байжээ.

“Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах ангийн хоёр баг 12.49 цагт гарсан түймрийн объектэд 2.5 км замыг туулж зургаан минутын дотор ирсэн байна. Анх долоон давхарт гал гарч, түймрийн хэт халалтын улмаас цонхны шил хагаран, гадагш нэвтэрч чийгээс хамгаалах зориулалтаар хийсэн резин шатаж гал дээд давхар руу ассан аж. Гал асар хурдтай тархсан учир аврах ангид дахин хүч нэмж гурван ангийн нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллажээ.

Барилгын эрчим хүч, цахилгааныг тасалсан байсан тул гал унтраах ажиллагаанд хүндрэл учирсан байна. Гэвч аврагчид барилга дотор байсан 19 хүнийг аварч гэмтэл бэртэлгүй гаргаж чаджээ. Аврагчдыг барилга дотор ороход дээрх 19 хүн галаас зугтан барилгын дээд давхарт гарсан байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Бэлэн гоймонгийн стандартыг баталлаа

Стандартчиллын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар бэлэн гоймонгийн стандартыг баталлаа. Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулинд импортын бүтээгдэхүүний орц, найрлага, тайлбар, шошго нь Монгол, Англи, Орос гурвын аль нэг хэл дээр байх ёстой гэж заасан байна. Шинэ стандартаар бэлэн гоймонгийн орц, найрлага, хадгалах хугацааны талаарх тайлбар, мэдээллийг монгол хэлээр орчуулахыг заасан хэмээн Стандартчилал техник зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Дашянжмаа хэлсэн юм. Ингэхдээ тухайн бэлэн гоймонг импортлогч компани Монгол хэл дээр тайлбарыг нааж,хууль дүрэм, стандартыг мөрдөх боломжтой аж. Бэлэн гоймонгийн гурилхэт хуурай хатсан байдаг тул чийглэг хэрэгтэй гэх мэт технологийн горимыг баталжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан цаашдаа шинэ стандартыг мөрдүүлэхээрхяналт, шалгалт хийх гэнэ. Шинээр баталсан стандартуудыг20 хоногийн дотор улсын бүртгэлд оруулж, серийн дугаартай болгон мөрдөж эхлэх юм байна.

Бэлэн гоймонгоос гаднаүнэртэн гоо засал, нэхмэлийн бүтээгдэхүүн, чийг хэмжигч шалгах арга, хувьсах гүйдлийн цахилгаан хэмжлийн төхөөрөмж, шалны уян хулдаас, вагоныүечилсэн загвар,нөөшилсөн жимс, малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих шаардлага зэрэгасуудлыг хэлэлцжээ.

Categories
мэдээ нийгэм

М.Тулгыг зодоогүй нь тогтоогджээ

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад 3.6 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг шалгаж байгаа. Тэднийг цагдан хорих хугацааг өнгөрсөн долоо хоногт сунгасан билээ. Үүний дараа М.Тулгын өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь “Хорих ангийн харгалзагч өшиглөж, хууч өвчнийг нь сэдрээсэн. Үүнээс болж явж чадахгүй, хэвтэрт байгаа” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн. Энэ мэдээллийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх еренхий газраас Цагдан хорих 461 дүгээр ангид дотоод шалгалт явуулжээ. Шалгалтаар харгалзагч М.Тулгыг зодсон нь тогтоогдоогүй байна.

Харин М.Тулга зодуулсан гэх мэдээлэл нь худал болохыг тогтоожээ. Сэжигтэн М.Тулга нь одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Түүнийг батлан даалтад гаргаж, эмчлүүлэх хүсэлтийг өмгөөлөгч нь дахин гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Лондон хотод уран зургийн үзэсгэлэн, Монголын язгуур урлагийн тоглолт зохион байгуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн Лондон хотноо хийсэн айлчлалын үеэр буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ тус улс дахь Азийн соёл урлаг, бизнес болоод бодлогыг сурталчилдаг байгууллага болох Asia House-т уран зургийн үзэсгэлэн, монголын язгуур урлагийн тоглолт зохион байгуулав.
Монголын урлаг, соёлыг сурталчилсан уг арга хэмжээг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга нээж үг хэлэв. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танхимд цугларсан үзэгчдэд хандан үг хэлсний дараа Лондон хотод амьдардаг уран бүтээлчдээс бүрдсэн “Нүүдэлчдийн аялгуу” хамтлагийнхан ая дууныхаа дээжээс өргөлөө.
Урлагийн тоглолтын дараа үзэгчид Британи дахь “Монголын урлаг, соёл Лондонд” ТББ-тай хамтран гаргаж байгаа “Тал нутаг айсуй” уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Уран зургийн үзэсгэлэнд Т.Нурмаажав, Д.Сүхбаатар, Т.Отгонбаяр, Д.Ганбаатар, Ц.Отгонбаяр, Б.Түвшин, Б.Батсүх, Д.Батбилэг зэрэг монголын зураачид болон нидерландын зураач Рене Полак нарын уран бүтээлээс дэлгэн тавив.
Арга хэмжээнд Asia House-ийн гишүүн бизнесийн төлөөллөөс гадна энгийн иргэд, Лондон дахь дипломат корпус, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Азийн газрынхан оролцов.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн даргад өрсөлдөгчид телевизээр халз мэтгэлцэнэ

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа үргэлжилж байна. Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун хэсэгт байрлах санал асуулгын баннерт нэвтэрч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, саналаа өгөх боломжтой. Санал асуулгыг шударга байлгах зорилгоор нэр дэвшигчдийн нэрийг нууцалж А, Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэсэн байна. Санал авах ажиллагаа 10 дугаар сарын 8-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд иргэн таны санал сонгон шалгаруулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Харин нэр дэвшигчдийн нэг үнэлгээ болох халз ярилцлага, мэтгэлцээн аравдугаар сарын 5-ны өдөр (ням гараг) UBS телевизээр 21 цагт шууд үзэгчдэд хүрнэ. Энэ үеэр нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, шүүгчдийн асуултад хариулах юм.

Улаанбаатар хот анх удаа Цагдаагийн газрын даргын албан тушаалд иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад иргэдээс сонгож, байгуулагдсан Нийслэлийн Иргэний зөвлөл голлох үүрэгтэй оролцож байгаа бөгөөд хөндлөнгийн хяналт тавьж, шууд ярилцлагын шүүгчээр ажиллана.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг “Хүдэн”-гээр нээнэ

ССАЖЯ, Соёл урлагийн газар, Туркийн Элчин Сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөл хамтран энэ сарын 8-наас 12-ны хооронд “Улаанбаатар” Олон Улсын кино наадмыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадам нь Дэлхийн шилдэг кино бүтээл, Туркийн кино өдөрлөг, Берлиний Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Дэлхийн Кино урлагийн сан”-гийн шилдэг бүтээлийн өдөрлөг, Монгол кино хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх юм байна. Тус наадмын хүрээнд Берлиний Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Дэлхийн Кино Урлагийн Сан”-ийн шилдэг гурван бүтээлийг олон нийтэд танилцуулах аж.

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг зохион байгуулагчид энэ жилээс “Монгол Кино Хөтөлбөр”-ийг Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах юм байна. 2013-2014 онд бүтээгдсэн найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, залуу найруулагч М.Ивээлийн “Цэн Тогоруу” зэрэг бүтээлийг олон нийтэд үзүүлэх аж. Мөн 2014 онд бүтээгдсэн бөгөөд нээлтээ хийгээгүй кино бүтээлээс сонгон уг наадмын нээлтийн киногоор залуу найруулагч Л.Таванбаярын “Хүдэн” УСК сонгогджээ.