Categories
мэдээ нийгэм

“Монголын дуу хоолой радио”-гийн 50 жилийн ой тохиолоо

Одоогоос 50 жилийн тэртээ дэлхийн олон орны сонсогчдод зориулан Монгол орныг сурталчлах гадаад хэлний нэвтрүүлгийн редакцийг Монголын Радиод байгуулсан байна. Энэ бол “Монголын дуу хоолой радио” билээ. Улмаар 1964 оны 10 дугаар сарын 1-нээс Монгол, Орос, Хятад, Англи, Франц, Казах, Япон хэлний нэвтрүүлгүүдийг ээлж дараалан нээсэн түүхтэй. Тэгвэл өнөөдөр МҮОНР-гийн “Цагаан Лавай” студид ахмад ажилчдаа хүлээн авч, баярын хурлаа хийлээ. Бид тус радиогийн үе үеийн уран бүтээлчдийн сэтгэгдэлийг сонслоо.

-“Монголын дуу хоолой радио”- гийн төвлөрсөн редакцийн редактор, сэтгүүлч С.Баяндорж: Олон МУСГЗ энэ радиогоос төрсөн -Танай раиогийн онцлог юу вэ? -Монголын дуу хоолой радиогийн үндсэн редакци буюу төвлөрсөн редакцид ажилладаг. Би одоо 25 жил ажиллаж байна. Монголын түүх, угсаатан зүйн сэдвээр нэвтрүүлэг бэлтгэдэг. Манай редакци бол нэлээн чанартай, хүнд их юм сургадаг редакци юм. Бид чинь монгол хэлээр тодорхой цэгц бичиж сурдаг л даа. Тийм болохоор сайн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтнүүд ихээхэн байна. 1990 онд сонин содон танин мэдэхүйн нэвтрүүлэг хийдэг байсан. Тэр үед л би анх ирж байлаа.

-Та сайхан монгол хувцсаараа гангарчээ

-Би аймгийн заан цолтой, морь уядаг. Угсаатан зүй судладаг болохоор монгол уламжлалаа дээдлэдэг.

“Монголын дуу хоолой радио”- гийн ахмад ажилтан МУСГЗ, Л.Гүнсэн: Анх бүхий л зүйл хэцүү санагддаг байлаа – Монголын дуу хоолой радиогийн 50 жилийн ойн баярын мэнд хүргэе?

-Би монголын дуу хоолой радиогийн ахмад ажилтан хүн. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул. МУИС-ийг 1961 онд химич мэргэжлээр төгссөн. Анх тэр үед томилолтоор ирж байсан. Би уг нь багшаар ажиллах сонирхолтой байлаа. Гэтэл тэр үеийн дарга нар “Чи монголын ард түмний багш” бол гэж загнаж байж билээ. Одоо бодоход үнэн л үг байждээ. Улс төрийн дөр суулгахад энэ радио надад багш байж чадсан. Би 80 настай радиотойгоо нас чацуу, миний анх тулгыг нь түшилцсэн радио маань “50 жил” болчихжээ. Энэ бүхнийг хүмүүс мэдэх албагүй ч Монгол орныг таван том улсад сурталчилдаг хүчтэй зэвсэг юм. Миний анх ажиллаж байх үед бүх зүйл л хэцүү байсан. Харин одоо бол техник, тоног төхөөрөмж ч хөгжчихсөн байна. Бидний үед Японоос их захиа ирдэг байсан. Одоо бол монголын таван том гүүр болж байна даа. Одоо залуучууддаа хандаж хэлэхэд бидний эхлүүлсэн ажлын сайн сайхан авч явж, сайхан нэвтрүүлэг явуулж, улам олон түмний анхаарлыг татаж сайн ажиллаарай гэж хэлмээр байна. Би мөн Хурд агентлагийг анх үүсгэн байгуулцсан юм. Хүн өтлөхдөө янз янзаар өтөлдөг байх миний хувьд ном эрээчиж л сууна даа.

-Монголын дуу хоолой гадаад нэвтрүүлгийн Ерөнхий редактор З.Дэнсмаа: Бид ойгоо сонсогчидтойгоо хамт тэмдэглэж байна -Ойн арга хэмжээ өргөн болж байна уу. Ямар ямар ажил зохион байгуулж байна вэ? -Монголын дуу хоолой радио 1964 онд байгуулагдсан. Энэ жил 50 жилийн ойтойгоо золгож байна. Ойн хүрээнд бид жилийн турш маш олон ажил хэргийг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, гадаад сонсогчдынхоо хүрээнд “Монгол орныг хэр сайн мэдэх вэ?”, асуулт хариултын тэмцээн, зургаадугаар сарын нэгэн хүртэл гурван сарын хугацаанд зохион байгуулсан. Энд 20 орны 200 гаран сонсогч оролцсон. Уралдаанд маш олон сонсогч хамрагдсаныг манай таван хэлний редакци амжилттай нэгтгэж шагналаа гардууллаа. Мөн “Монголын дуу хоолой 50 жил” хэмээх номыг энэ өдөрлөгийн үеэр нээж байна. Энэхүү ном маань Монголын дуу хоолой радио буюу гадаад хэлний нэвтрүүлгийн хувьд анхны түүхэн дурсамж, дурьдатгалын ном болж байна. Мөн удахгүй энэ сардаа 11-13-ны өдрүүдэд бидний сонсогч, редакцийн уулзалт Япон улсын Токио, Осоко хотуудад бидний сонсогч редакцийн уулзалт болох болно. Энэ арга хэмжээндээ бэлдэж байна. Тэгэхлээр бид энэ тавин жилийн ойгоо Монголдоо төдийгүй, нэвтрүүлдэг таван хэлийнхээ сонсогчидтойгоо хамт тэмдэглэж байна. Түүнчлэн энэ жил олон өндөр дээд хэмжээний уулзалт манай оронд болсон. Юу гэвэл, БНХАУ-ын дарга Си Зинфиний айлчлалын үеэр Хятадын олон улсын радиотой хамтраад үйл явдлыг орон даяр шууд нэвтрүүлсэн. Энэ нь бол манай оронд төдийгүй Хятадад шууд дамжсан байгаа. Олон улсын сонсогчдоосоо бид жилдээ дунджаар 2000-2500 цаасан захидал хүлээн авдаг. Сүүлийн үед сонсогчид И-мэйлээр их хандаж байна. Цахим хуудсуудаараа санал бодлоо солилцож байна даа. Ер нь сонсогчид хандах байдал их өсөж байна. Манай Англи хэлний редакцийн нэвтрүүлгийг Германы интернет радио 360 суваг дахин дамжуулж, Герман болон Европын улсуудад цацдаг болсон байна. Энэ мэт олон улсын радионуудтай сүүлийн үед ихээхэн хамтарч ажиллаж байна даа. Оросын радиотой гэхэд олон жил хамтарч ажилласан түүхэн туршлагатай. Мөн Оросын ерөнхийлөгч Владимер Путины айлчлалын үеэр ОХУ-ын олон улсын мэдээллийн агентлагтай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Асашёорюү Өмнөд Солонгост очихгүй

БНСУ-ын Инчён хотноо болж байгаа Азийн наадмын шүүлтийн булхай дэлхий нийтэд шуугиан тарьж байна. 1988 оны Сөүлийн олимпод арга мэх заль хэрэглэн, медаль бөөндөж, олныг шуугиулж байсан солонгосчууд энэ удаад Сөүлийн олимпоо давж гарсан олон будлиан зохион байгууллаа.
Мэргэжлийн сүмогийн их аварга, Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж Инчёоны Азийн наадмын талаар бухимдан жиргэсээр байна. Асашёорюү шүүлтийн булхай, Монголын далбааг буруу харуулсан, Хятадын Монгол гэж зарласан талаар бухимдлаа илэрхийлжээ.
Боксын 56 кг-ийн жинд тоглосон Н.Төгсцогт эзэн орны тамирчинтай илт давуу тоглосон ч шүүгчдийн шийдвэрээр ялагдсан талаар “Цус нөжиндөө хутгалдатлаа нүдүүлсэн Өмнөд Солонгосын тамирчин яллаа. Муу сайн кимчи новшнууд. Манай тамирчин илт давуу байсан” гэж жиргэсэн бол удалгүй бас л тэсвэр нь барагдсан бололтой дахин жиргэж эхлэв.
“Монголдоо ирлээ. Их ядарсан байна. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхэд Монгол орныг хэт басамжилж байна шүү та нар. Өмнөд солонгосчуудаа, сайн бодоцгоо. Түүхээ судал. Худал хуурмаг дүүрэн кино хийхээ боль. Монголын Эзэнт гүрэнд талархаж явцгаа. Би ч энэ улсад цаашдаа бараг очихгүй биз дээ” гэжээ. – See more at: http://sport.time.mn/content/49777.shtml#sthash.Dhop2uzs.dpuf

Categories
мэдээ нийгэм

Дулааны III цахилгаан станцын хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ

Дулааны III цахилгаан станцын II шатны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчлэн, өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгохоор ажиллаж буй.

Эхний ээлжинд тус станцад турбин суурилуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Хоёрдугаар шатанд дунд даралтын станцын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилнэ. Ингэснээр хүчин чадал нь 2 дахин нэмэгдэж, ус болон түлшний зарцуулалт өмнөх хэмжээнд, агаарт ялгаруулж буй утааны хэмжээ 98 хувиар буурах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ю.Балжидмаа “Miss Mongolia 2014” тэмцээний ялагчаар тодорлоо

11 дэх жилдээ зохион байгууллагдаж буй “Miss Mongolia 2014” тэмцээний шилдгүүд өчигдөр тодорлоо. Энэ жилийн “Miss Mongolia-2014” тэмцээний тэргүүн байранд Ю.Балжидмаа тодорлоо. Тэрээр өдгөө 18 настай бөгөөд 181 см өндөртэй юм. Дэд байранд М.Халиунаа, гуравдугаар байрт А.Баярцэцэг нар тус тус шалгарлаа. Түүнчлэн тэмцээний “Авъяаслаг мисс”-ээр Э.Азбилэг, “Спортлог мисс”-ээр Б.Гүнзаяа, “Фото мисс”-ээр Ц.Дэлгэржаргал, “Мисс Модель”-оор Ю.Балжидмаа, “Бикини Мисс”-ээр М.Халиунаа, “Оюунлаг мисс”-ээр А.Баярцэцэг нар шалгарлаа. Энэ удаагийн “Miss Mongolia 2014” тэмцээнд хот, хөдөөгийн 70 гаруй оролцогчоос шилдэг 17 миссүүд тунаж үлдээд байсан юм.


Categories
мэдээ нийгэм

42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-өөс зохион байгуулсан Эвлэрүүлэн зуучлагчдын анхдугаар зөвлөгөөн аравдугаар сарын 2-нд “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд боллоо.

Нийт долоон удаагийн сургалт зохион байгуулж, улсын хэмжээнд 493 хүнд эвлэрүүлэн зуучлагч бэлтгээд байна. Одоогоор иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа юм. Зөвлөгөөнд орон тооны болон орон тооны бус 100 гаруй эвлэрүүлэн зуучлагч оролцож эвлэрүүлэн зуучлал явуулахад тулгарч буй асуудлууд, хууль эрх зүйн зохицуулалт, захиргааны зохион байгуулалтын асуудлууд, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал түүний хөгжил зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс манайд мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монголын судлаач, инженерүүд цөмийн судалгааны төслүүдэд оролцоно

Европын цөмийн судалгааны байгууллага болон Монгол Улсын Засгийн газрын хооронд “Их энергийн физикийн чиглэлд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээр”-ийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олгох тухай захирамж гаргахаар тогтжээ.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар их энергийн физикийн суурь судалгаа болон манай орны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд Монголын судлаач, инженер, техникийн ажилтнууд тус байгууллагын судалгааны төслүүдэд урт хугацаанд оролцох боломж бүрдэх аж.

1954 онд байгуулагдсан, их энергийн физикийн судалгаагаараа дэлхийд тэргүүлж, шинжлэх ухааны танин мэдэхүй, технологийн ололт амжилтад ихээхэн хувь нэмэр оруулдаг Европын цөмийн судалгааны байгууллагад 4000 орчим ажилтан өдөр тутмын судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Словак улсаас үхэр оруулж ирнэ

-Ойрын хугацаанд “Сүү” ХК Словак улсаас үхэр оруулж ирэхээр зэхэж байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс анхаарч буй. Энэ хүрээнд 2016 он хүртэл хугацаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, шингэн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 15 саалийн эрчимжсэн аж ахуй байгуулахаар болжээ. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилээс компаниуд гаднаас үхэр оруулж ирж, фермийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тухайлбал, “Нүүдэлчин” групп” Төв аймгийн Архуст суманд 300 үнээний ферм байгуулан ажиллаж буй.

Мөн ойрын хугацаанд “Сүү” ХК Словак улсаас үхэр оруулж ирэхээр зэхэж байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Ийнхүү гаднаас саалийн гарц ихтэй шилмэл үүлдрийн үхэр оруулж ирж, саалийн аж ахуйг орчин үеийн стандартад нийцүүлэх, хүн амыг эрүүл хүнсээр хангахаар зорьж буйг албаныхан онцлов.

Categories
мэдээ нийгэм

Д.Батцогт Ардчилсан хүчний холбоонд нэгдлээ

Aрдчилсан хүчний холбооны нийслэлийн чуулган өнөөдөр болж байна. “Монголоо шинэлчилье” уриатай тус холбоонд эх орноо хөгжүүлэх, шинэчлэх хүсэлтэй гишүүд, дэмжигчдээр өдөр бүр эгнээгээ тэлж байгааг удирдагчид нь хэлж байсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батцогт тус холбоонд нэгдэж буйгаа зарлаж, Нийслэлийн чуулганд хүрэлцэн ирлээ.

Тэрбээр “Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд анхааралтай ажиглаж байсан. Тиймээс тус холбоонд нэгдэх шийдвэр гаргалаа” гэж ярьсан юм. Ардчилсан Хүчний Холбоо нь сонирхолын клубуудын үйл ажиллагаан дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага учраас намын харьяалал харгалзахгүй нэгдэх боломжтой байдаг.

Categories
мэдээ нийгэм

Захуудын чингэлгийн худалдааг зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болоод захуудын орчин нөхцөлд шалгалт явуулж цөөнгүй зөрчил илрүүлжээ. Тодруулбал, “Нарантуул”, “Барс”, “Хархорин”, “Меркури”, “Эрдэнэбулган”, “Энхжин”, “Бөмбөгөр” зэрэг долоон зах, худалдааны төв болон 980 түрээслэгчийг шалгалтад хамруулсан байна.

Шалгалтаар нийт 446 зөрчил илэрч, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөлд худалдаа эрхлэж байсан “Нарантуул”, “Барс” захуудын павильон, чингэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, зогсоосон байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Бүхий л худалдааны төв, захуудад хаяг шошгийн зөрчилтэй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа зөрчил нилээдгүй илэрсэн. Эдгээр зах, худалдааны төвүүдэд торгууль, шийтгэвэр оногдуулж ажиллалаа. Зориулалтын бус байранд худалдаа эрхэлж байгаа “Нарантуул”, “Барс” захуудын чингэлгийн худалдааг зогсоосон. Мөн таван аж ахуй нэгжид 28 сая төгрөгийн, 44 иргэн 7.4 сая төгрөгийн, эрх бүхий албан тушаалтанд 30.6 сая төгрөгийн торгууль оногдуулж, зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн даргад өрсөлдөгчид мэтгэлцэнэ

Улаанбаатар хот анх удаа Цагдаагийн газрын даргыг иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр дэвшигчдийн бас нэг үнэлгээ болох халз ярилцлага, мэтгэлцээн өнөөдөр аравдугаар сарын 05-ны 21.00 цагт UBS телевизээр шууд үзэгчдэд хүрнэ. Энэ үеэр нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, шүүгчдийн асуултад хариулах юм байна. Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд иргэд нийслэлийн ЗДТГ-ынwww.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун хэсэгт байрлах санал асуулгын цонхонд нэвтэрч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, саналаа өгөх боломжтой.

Санал асуулгыг шударга байлгах зорилгоор нэр дэвшигчдийн нэрийг нууцалж А, Б хэмээн тэмдэглэжээ. Санал авах ажиллагаа энэ сарын 08-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд иргэн таны санал сонгон шалгаруулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хотын удирдлагууд анхааруулав.

Энэ сонгон шалгаруулалтад иргэдийн оролцоотой сонгож, байгуулагдсан Нийслэлийн Иргэний зөвлөл голлох үүрэгтэй оролцож байгаа бөгөөд хөндлөнгийн хяналт тавьж, шууд ярилцлагын шүүгчээр ажиллах юм байна.