Categories
мэдээ нийгэм

“1”, “5” дугаартай хуванцар сав аюулгүй

Манай иргэд ундны ус, айраг, сүүгээ хуванцар саванд хийж, хадгалах нь түгээмэл болсон. 2008 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаанаас үзэхэд хот, хөдөө орон нутгийн айл өрхийн 63 хувь нь хүнсний бус хуванцар сав ашигладаг гэнэ. Иргэдийн санал хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүнсний зориулалтаар ашиглаж байгаа хуванцар саванд шинжилгээ хийлээ. Ингэхдээ “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хувцанцар савыг сонгон авчээ. Ийм саванд хадгалсан усан дахь хар тугалганы хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон манай улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс /хар тугалга-0,01мг/л/-ээс 60-800 дахин их, формальдегид дээд хэмжээнээс /формальдегид – 0,1 мг/л /-ээс 1800-6900 дахин их байгаа нь тогтоогдлоо. Хүнсний зориулалттай саванд формалины үлдэгдэл илрэх ёсгүй атал 27,0 – 53,43 мг/л хэмжээтэй гарч, цаг хугацаа явахын хэрээр улам ихэсч байна. Хуванцар саванд хадгалсан усан дахь төмөр, нитрит манайд мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй бол аммиак зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их байлаа. Саванд хадгалсан сүү, айрганд кадьми 0,001 мг/л-ээс бага, хар тугалга сүүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд дөрөв дахин их гарсан байна.Хар тугалга, химийн бусад бодис нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлэх эрсдэлтэй тул “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, “2”, “4” тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар сэрэмжлүүлж байна. Харин “1”, “5” дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд гэдэсний бүлгийн савханцараар өвчилжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгийн хүүхдүүд хоол хүнсээр дамжсан гэдэсний бүлгийн савханцараар өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хийсэн шинжилгээгээр цэцэрлэгийн ундны ус нянгийн бохирдолттой гарсан байна. Хордлого аван эмчлүүлж байсан хүүхдүүдийн бие сайжирч эмнэлгээс гарсан, одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа тухай аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага мэдээллээ. Аймгийн Засаг дарга цэцэрлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, инженерийн шугам сүлжээг засварлах зэрэг 26 заалт бүхий захирамж гарган хэрэгжүүлж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байна. Есдүгээр сар гарснаас хойш нийтийг хамарсан хоолны хордлого хэд хэдэн удаа гарсан учир хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ юунд анхаарах зэргийг тусгасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагчийн 20 заалттай зөвлөмжийг аймаг, нийслэлд хүргүүллээ. Мөн аймгууд “Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийн шаардлага хангахгүй, мэргэжлийн бус тогооч ажиллуулж байсан зөрчлийг илрүүлж, тогооч нарыг сургаж бэлтгэх явцад хяналт тавьж байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний валютийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдлаа

2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэн Ши Гуань биеэс тусдаа тээшиндээ их хэмжээний гадаад валютыг хийн, Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан хууль бус үйлдлийг Гаалийн ажилтнууд илрүүллээ. Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар тус гадаадын иргэний тээшинд эрсдэл тооцон, мэргэжлийн ур чадвар гарган нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд хар өнгийн чемоданд сэжиг бүхий эд зүйл байгаа нь тогтоогдсон байна. Биет үзлэг шалгалтыг хөндлөнгийн гэрч болон сэжигтэн этгээдийг байлцуулан хийхэд бараан өнгийн гялгар уутанд савласан БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох юань 100-тын дэвсгэртээр 4300 ширхэг буюу нийт 430000 юань илэрсэн байна. Энэ нь өнөөдрийн ханшаар 129000000 төгрөг болж байгаа бөгөөд гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд холбогдсон дээрх гадаад валютийг улсын орлого болгон хурааж, буруутай этгээдэд нэмж торгуулийн хариуцлага хүлээлгэлээ хэмээн ГЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гурилын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас улаанбуудай оруулж ирсэн гэв

Энэ жил манай улс 293 мянган га талбайд улаанбуудай тариалснаас 440 мянган тонн улаан буудайг үтрэм дээр хураан авах төлөвлөгөөтэй байгаа билээ.Өнгөрөгч долоо хоногт Үр тариа, газар тариалан эрхлэгчдийн холбооноос “Улаанбаатар гурил” компани удаан хугацаанд хадгалсан, чанарын шаардлага хангаагүй 40 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас оруулж ирж байна хэмээн мэдэгдэж байсан бол “Улаанбаатар гурил” компанийн эзэн Ц.Баатарсайхан “Гадуур цацагдаад байгаа шиг 60, 70 тонн чанаргүй улаан буудай биш. Нийт 49300 тонн улаан буудайг оруулж ирсэн” гэсэн тайлбар хийсэн юм. Мөн манай улсын улаан буудайнаас гаргаж авсан гурил урсац ихтэй байдаг учир ОХУ-аас оруулж ирж буй улаан буудайтай холисноор гурилын чанар сайжирна хэмээн үзжээ.

Categories
мэдээ нийгэм

“Монос”-ын жор баригчийн хэрэг прокурорт шилжжээ

Фенобаритал эмийг хүүхдийн тунгаар олгох байсныг андуурч том хүний тунгаар өгч, 16 нярайн эрүүл мэндийг хохироосон “Монос” группийн салбар эмийн сангийн жор баригч Э-д БГЛ-ийн цагдаагийн I хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.өТэгвэл түүнд холбогдох хэргийг өнгөрөгч долоо хоног харьяа дүүргийн прокурорт шилжүүлсэн байна. Э-д Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Энэхүү зүйл ангид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль, эсвэл 3-6 cap баривчлах, гурван жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодис борлуулах гэж байсан залуусыг барьжээ

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (ЗБГХТГ)-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд сүүлийн 14 хоногийн дотор хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, борлуулсан, бэлтгэсэн 19 хүнийг илрүүлжээ. Өчигдөр орой гэхэд дөрвөн хүнийг саатуулсан байна. Тэдний гурав нь мансууруулах бодис түүж бэлтгэж байсан бол нэг нь борлуулахаар авч явж байсныг газар дээр нь илрүүлэн, саатуулсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн “Төв аймгийн нутгаас 10 орчим кг хар тамхины төрлийн каннабис хэмээх ургамлыг түүж байсан Т, Б, Ц нарыг өчигдөр газар дээр нь саатууллаа. Энэ гурван залуу 1986 онд төрсөн, 28 настай. Тэднийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасны дагуу мансууруулах бодис борлуулах зорилгоор түүж бэлтгэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Сэжигтнүүдийг өчигдөр үдэш Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Ургамлын дээжээс Шүүхийн шинжилгээний үндэсний төвд илгээж шинжлүүлэхээр илгээлээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Маргааш улаан сар гарна

Сар дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сар хиртэлт гэдэг. Өөрөөр хэлбэл, нар, дэлхий, сар гурав нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд ороход сар хиртдэг. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг байна. Энэ жилийн аравдугаар сарын 8-ны орой буюу маргааш сарт хиртэлт болох бөгөөд судлаачдын мэдэгдэж буйгаар улаан сар гарахаараа онцлогтой юм. Номхон далай, Авсрали, Хойд Америк болон Азийн орнуудаас сарны дүрс хамгийн тод харагдах аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол маркийн музейн нээлт болно

Монгол маркийн түүхт 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд “Монгол шуудан” компаниас хэрэгжүүлж буй ажлын нэг бол Монгол маркийн музейг нээх явдал юм. Өнөөдөр тус музейн нээлт ТӨВ ШУУДАНГИЙН дугуй танхимд 12 цагт болох аж. Мөн энэ үеэр шинэ маркийг танилцуулж, уулзалт зохион байгуулна. Монгол маркийн музейнээс өнгөрсөн 90 жилийн хугацаан дахь түүхийн хуудсыг маркийн он тооллоор дарааллуулан харах боломжтой юм. 1924 оноос түүхээ бичиж буй МОНГОЛ МАРК-ын ховор нандин бүхнийг МАРКИЙН МУЗЕЙ энэ удаад дэлгэж байна.

Categories
мэдээ нийгэм

АЭХ-ныхон БНХАУ-д айлчлав

БНХАУ-ын комунист намын эмэгтэйчүүдийн байгууллагын урилгаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөл болох тус холбооны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн Барилга Хот Байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, СБД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч гишүүн Л.Нармандах, АЭХ-ны Хяналтын хорооны дарга, ЧД-ийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Э.Бадамгарав, АЭХ-ны нарийн бичгийн дарга Н.Рэгдэнгарав нар ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үед хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн, хамтран туршлага солилцож, бие биенээ дэмжин ажиллах тухай хэлэлцсэн юм.

Төлөөлөгчдийг бүх Хятадын комунист намын эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга Зихао Донгхуа хүлээн авч уулзан “Та бүхнийг намрын сайхан цагт манай оронд саатаж буйд таатай байна. Танай манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Саяхан манай улсын тэргүүн Ся Зяньпин танай оронд айлчилан хамтран ажиллах тухай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хятад Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын харилцаа батжих нь хоёр орны хамтын ажиллаагаа, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг юм. Бид ч үүний төлөө идэвхитэй ажиллахад бэлэн байна.” хэмээн онцолсон байна.

Тус уулзалтын хүрээнд хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллага харилцан туршлага солилцох, эмэгтэйчүүдийг мэргэшүүлэх, технологийн дэвшил ашиглах, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх, шинэ бизнес нээх, улс төр нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг сургалтуудыг харилцан зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Ганга нуурын чуулган”-ны тойм

“Ганга нуурын чуулган-2014” түүх соёл, байгаль экологийн төслийн нээлт, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ес дүгээр сарын 21-23-нд зохион байгуулсан. Уг чуулганд төслийн багийнханаас гадна эрдэмтэн докторууд, зохиолч яруу найрагч, урлаг уран сайхан, хэвлэл мэдээллийн төлөөллүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд гэх зэрэг нийт 600 гаруй хүн оролцсон ба Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга ёс заншлыг сэргээх зорилгоо биелүүлж чадсан томоохон арга хэмжээ боллоо хэмээн зохион байгуулагчид нь дүгнэж байна.

Сүхбаатар аймгийн Дарьгангын 6 сум болох Дарьганга, Онгон, Наран, Халзан, Асгат, Баяндэлгэр сумууд тус бүр өөрсдийн соёлын өвийг нэгтгэн бүртгэж авч Дарьганга нүүдэлчин ахуйг харуулсан үзэсгэлэн гаргажээ. Мөн Дарьганга ардын авъяастнуудын тоглолт, Хүн чулуун хөрөг, Алтан ургийн олдворуудын талаарх эрдэмтдийн ярилцлага, Дарьганга урлал давтагдашгүй хийц мөнгөн урлалын үзэсгэлэн, Дарьганга адууны соёлоо үзүүлсэн нь ард иргэдийнхээ уугуул соёл руугаа хандах хандлага хийгээд урам зоригийг сэргээсэн үйл явдал болов.

Өргөний голын хөвөөнөө “Дарьганга нүүдлийн соёл” хэмээх уламжлалт хэлхээ тоонот гэр бүхий айл нүүх ёсыг бүрэн хэмжээгээр үзүүлсэн ба шинэ нутаг сонгон гэр барих, нүүдэл тосох ёс, Дарьганга шавар зуух барих, шинэ нутагт идээ тахил өргөх, цай чанах, шимийн архи нэрэх ёс зэргийг толилуулсан юм.

Нүүдлийн шувуудын диваажин болсон газрын нүдэн Гангануурыг хамгаалах зорилгоор нуурын эхэнд 12 км ойн зурвас байгуулах эхлэлийг тавьж үрэл, бургас, улиас зэрэг 500 мод тарьсан ба хойшид Дарьгангад аялан зорчиж буй хүн бүрийг мод тарьж эх болсон байгалиа хамгаалахад уриаллаа.

Мөн Дарьганга эхнэрийн 60 иж бүрэн хувцас, янзаган хүрээ бүжгийн 60 хувцас, “Дарьганга өв” каталоги хийгдэж, мартагдаж байсан Дарьганга морин хуурын татлагыг 33 хүүхэд залууст зааж сурган, Дарьгангыг магтан дуулсан дуу шүлэг зохиогдон, уран дархчууд нь олон сайхан мөнгөн урлалыг шинээр бүтээх зэрэг олон үйл явдал өрнөв. “Гангануурын чуулган – 2014”-ийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью ЖуулчинТурс” компани, Соёл яруу найргийн академи хамтран зохион байгуулсан аж.