Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл Улсын дээд шүүхэд хандав

Бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн хэргээр 1.6 жилийн хорих ял сонссон Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байгаа билээ.
Тэрбээр, найзуудтайгаа дарвиж явахдаа хар тамхи хэрэглэсэн байсныг Цагдаагийн ажилтнууд шуурхай илрүүлэн охидыг хорьсон билээ. Гэсэн ч Г .Сарангэрэл Х.Тэмүүжин сайдыг унагах гэсэн цагдаагийн хурандаа нарын золиосонд зохиомол хэрэг үүрлээ хэмээн эсэргүүцэж давж заалдсан билээ.
Гэсэн ч давж заалдах шатны шүүхээс Г.Сарангэрэлийн ялыг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл, түүний өмгөөлөгч Г.Батбаяр Улсын дээд шүүхэд ханджээ. Г.Сарангэрэлийг хурандаа нарын явуулгаар хорьсон учир ялаас чөлөөлж өгөхийг энэхүү хүсэлтэд дурьдсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Хууль сахиулахуйн инноваци“ хэлэлцүүлэг өрнүүлж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Хууль Сахиулахын Их сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Нээлттэй нийгэм форум хамтран “Хууль сахиулахуйн инноваци” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордны Их танхимд болж, эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар оролцож үг хэллээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ хууль сахиулах салбарт инновацийн бодлогыг хэрэгжүүлэх нь хууль сахиулах үйл ажиллагааг дэлхий нийтийн жишигт ойртуулахын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах хүчин зүйл болж байгааг онцлов. Мөн тэрээр “Эрх зүйн шинэчлэл, хууль зүйн салбарын шинэтгэлийн үйл явц эрчимтэй өрнөж, хууль сахиулах байгууллагууд хөгжлийн бодлогоо тодорхойлж буй энэ цаг үед хууль сахиулахын инновацийн тулгамдсан асуудалд судлаачдын анхаарлыг хандуулж байгаагаараа энэхүү хурлын ач холбогдол оршино. Нийгмийг түгшээсэн онц аюултай, зохион байгуулалттай, үндэстэн дамнасан, шинэ төрлийн гэмт үйлдлүүдийг хоцрогдсон техник хэрэгслээр илрүүлэх нотлох боломжгүйг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Иймээс энэ хурал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл ажиллагаанд инноваци буюу шинэ мэдлэг, технологийн ололт, бусад улс орнуудын тэргүүн туршлагыг шинжлэх ухааны үндэстэй, нэгдсэн бодлогоор нэвтрүүлэх асуудлыг хөндөх юм” гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ “Шинэ мэдлэгийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах боломжийг олгож буй “Инновацийн тухай хууль” батлагдан хэрэгжиж байна. Үүнтэй зэрэгцээд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх цогц бодлого биелэлээ олж буй энэ үед хууль сахиулах үйл ажиллагааны инновацийн асуудлыг энэ хурлаар хөндөх гэж байгаад баяртай байна. Цаашид Хууль зүйн байнгын хороо хууль, эрх зүйн тулгамдсан асуудлаар суурь болон хавсарга судалгаа явуулах, хууль боловсруулах, сурталчлах үйл ажиллагааны хүрээнд Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай нягт хамтран ажиллах болно” гэлээ.

Хууль зүйн салбарын хувьд инновацийн бүтээгдэхүүн нь шинээр батлагдаж буй хуулиуд хэмээн хуралд оролцож буй эрдэмтэн, судлаачид хэлэв. “Инновацийн тухай хууль” батлагдсанаас хойш “Тахарын албаны тухай”, “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай”, “Цагдаагийн албаны тухай”, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” зэрэг олон чухал хууль батлагдсан талаар судлаачид хэлж, цаашид хууль зүйн салбарынхан хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах шаардлагатай хэмээн санал нэгдлээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Хууль Сахиулахын Их сургуулийн захирал, профессор Р.Чингис, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа, ХБНГУ-ын Людвиг Максимилианы нэрэмжит Мюнхений Их сургуулийн Өмгөөллийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Бернд Шюнеманн нар болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид нийт 800 гаруй хүн оролцож Монгол Улсын хууль зүйн салбарын шинэтгэл, тулгамдсан асуудал, хууль сахиулах үйл ажиллагаан дахь сэтгэлгээний шинэтгэл, хууль зүйн салбарын инноваци, хандлага зэрэг олон чухал сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна гэж УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Сүхбаатарын замуудын хучилт үлджээ

Шинэчлэлийн Засгийн газар, Зам, тээврийн яамнаас аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг хэрэгжүүлж буй. Энэ ажлын хүрээнд энэ онд Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөөтэй байгаа юм.

Саяхан Өмнөговь аймгийн замыг ашиглалтад хүлээж авсан бөгөөд аравдугаар сардаа багтааж Хөвсгөл, Сүхбаатар аймгуудын замын ажлыг дуусгахаар зам барилгын гүйцэтгэгч компаниуд шаргуу ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн чиглэлийн 253.3 км зам тавихаас 229.02 км замын хучилтын ажил бүрэн дуусч, одоо 24.3 км замын хучилтын ажил үлдээд байгаа аж.

Харин Сүхбаатар аймгийн авто замын тухайд нийтдээ 177.9 км замын хучилт хийхээс 145.7 км замын хучилт хийгдэж, одоогоор 32.2 км замын хучилт үлдээд байна. Өдөртөө 2-3 км замын хучилтыг хийдэг зам, барилгын гүйцэтгэгч компаниуд гэрээт хугацаандаа замаа бүрэн тавьж дуусна гэсэн амлалтыг салбарын яамандаа өгөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Монголын инженерүүд Европын цөмийн судалгааны байгууллагын төсөлд оролцоно

Шинжлэх Ухааны Академийн Физик Технологийн Хүрээлэнгийн санаачлагаар Европын цөмийн судалгааны байгууллага /ЦЕРН/ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Их энергийн физикийн чиглэлд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг баталжээ. Тус хэлэлцээрт Монголын талаас Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЦЕРН-ийн талаас Гадаад харилцаа эрхэлсэн захирал ноён Р.Фосс нар Улаабаатар хотноо гарын үсэг зурлаа.

Их энергийн физикийн судалгаагаараа дэлхийн тэргүүн эгнээнд явж, хүн төрөлхтний шинжлэх ухааны танин мэдэхүй, технологийн ололт амжилтад тодорхой хувь нэмэр оруулж буй Европын цөмийн судалгааны байгууллага нь жаран жилийн түүхтэй аж. Нийт 70 орчим улстай хамтын ажиллагааны хэлэлцээртэй ажиллаж, физикийн судалгаа хийх сүүлийн үеийн мэдээлэл солилцох, технологи дамжуулах, олон түвшний сургалт зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг байна.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар их энергийн физикийн суурь судалгаа болон манай орны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд Монголын судлаачид, инженерүүд, техникийн ажилтнууд ЦЕРН-ийн судалгааны урт хугацааны төслүүдэд оролцох боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэгтэн хэргээ хүлээжээ

Өнгөрсөн сарын 15-нд бараа түгээхээр гараад алга болсон “АПУ” компанийн гэрээт борлуу­лагч “Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуягийн цогцсыг өнгөрөгч мяг­мар гариг буюу энэ сарын 2-ны өдөр 17.00 цагийн үед Налайх дүүргийн гуравдугаар хо­роонд байрлах нэгэн уурхайн гү­нээс олсон билээ. Үүний дараахан Цагдаагийн байгууллагаас уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэнг баривчилсан тухай мэдээлсэн юм.

Харин уг сэжигтэн мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Алтанхуягийг хөнөөснөө хүлээсэн байна. Тэрбээр БЗД-ийн 11 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч бөгөөд Б.Алтанхуягийг хөнөөгөөд тээвэрлэж явсан бараа бүтээгдэхүүнийг нь хамаатныхаа айлын хашаанд нуусан байсан нь илэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ

Олон улсын шилдэг уран бүтээлүүдийг үзэх боломжийг олгодог “Улаанбаатар олон улсын кино наадам” өнөөдөр “Тэнгис” кино театрт эхэллээ. Уг наадмыг ССАЖЯ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Туркийн элчин сайдын яам, Монголын урлагийн зөвлөл болон Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Наадам энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.

Эл наадмын зорилго нь Монголын кино урлагийн салбарын хөгжлийг хангах, тус салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх явдал аж.

Дашрамд сонирхуулахад, дэлхийн шилдэг арт хаус уран бүтээлүүдийг “Тэнгис” кино театрт 3000 төгрөгөөр үзэх боломжтой бөгөөд тасалбар тун эрэлттэй байгаа гэнэ шүү.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн зарим удирдлагуудыг сэлгэхээр болжээ

ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав цагдаагийн зарим байгууллагын удирдлагуудыг сэлгэн томилохоор болсон байна. Тухайлбал, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж.Амгалан ОХУ-ын Жанжин штабын академийн Аюулгүй байдлын факультетэд суралцахаар явсантай холбогдуулан түүний албан тушаалд ЦЕГ-ын Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын дарга П.Энхтогтохыг томилохоор төлөвлөжээ. Харин Хурандаа П.Энхтогтохын албан тушаалд туслах комиссар Н.Алтанбаганыг томилохоор болсон аж.

Мөн дээрх томилгоотой холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Эрхэмбаярыг ЦЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд очжээ. Харин Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн даргаар хэнийг томилох нь тодорхойгүй байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын түгээмэл өвддөг 10 өвчний шинж тэмдэг

Өвчин хэлж ирдэггүй ч бидний биед өөрийн дохиогоо өгсөөр л байдаг. Шинж тэмдэггүй “ДҮЛИЙ” гэгддэг элэгний өвчин хүртэл бидний биед шинээр нэмэгдсэн шинж тэмдэг буюу өөрийн “хэл”-ээр бидэнтэй ярьдаг. Гэвч үүнийг нь бид ойлгож сонсддоггүй гэж хэлж болно. Тэгвэл монголчуудын түгээмэл өвддөг 10 өвчний үед илрэх шинж тэмдгийг доор жагсаалаа.

Ходоодны шархлаа

Хэвлийн дээд хэсэгт өвдөнө

Шөнөдөө өвдөж эхлэх ба өвчнийг намжаахын тулд ямар нэг юм идэх хэрэгтэй болдог. Ихэнхдээ хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа цээж хорсох, дотор эвгүйрэх, гашуун зүйлээр огиулна

Өтгөн хатна, “А” гастритын vед тvvхий өндөгний эвгvй vнэрээр хэхрvvлэх тохиолдол бий.

Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд зөвхөн хар өнгөтэй, хатуу баас гарснаар л анх мэдэгддэг

Цөсний чулуу, үрэвсэл


Цөс vрэвссэн үед аюулхайгаас арай баруун тийш, баруун хавирганы нуман доогуур өвдөнө.

Цөс бусад эрхтэнээс илvv хvчтэй өвддөг бөгөөд хатгуулах маягтай, баруун гаp, дал мөр рvv дамжих хандлагатай өвддөг.

Цөсний өвчний vед ам хатах, гашуун оргих, гvйлгэх эсвэл өтгөн хатах, арьс загатнаж vе мөч бадайрч өвдөх зэрэг зовиур илэрдэг.

Цөс чулуутай болсон vед бөөлжис цутгах, хооллосны дараа аюулхай орчимд эвгvй болох, ам гашуу оргих, хэхрэх зэрэг шаналгаа илэрдэг.

Нойр булчирхайн үрэвсэл


Нойр булчирхайн өвчний vед хаана өвдөж байгаа нь тодорхой бус байдаг. Өвдөлт маш хурц, шаналгаа ихтэй , цоргих төөнөх маягтай, аюулхайгаас эгц ар тийш юм уу эсвэл зvvн талыг ороож өвдөнө.

Нойр булчирхайн өвчтэй хvмvvс голдуу өглөөгүүр тосорхог өтгөнөөр гvйлгэдэг. Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөнө. Урагш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед өвдөлт багасч гэдрэг харж хэвтэхэд улам нэмэгдэнэ.

Гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих

Хоолонд дургүй болох

Өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.

Сүрьеэ


Ядарч сульдах

Жин 5-10 кг хасах

Хоолонд дургүй болох

Тогтмол 37-37.5 хүртэл халуурах

Нүдний харц гялалзсан болох

Шөнө хөлрөх

Хоёр долоо хоног түүнээс дээш хугацаагаар ханиалгах

Цээжээр өвдөх

Цустай буюу цэртэй ханиалгах

Чихрийн шижин


Ам цангах, хатах

Ойрхон шээх

Ядарч сульдах, турах

Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох

Хараа муудах

Нойронд муу болох

Арьс загатнах

Яс сийрэгжилт


Яс сийрэгжилт гүн шатанд орсон үед өвчин эмгэгийн шинж тэмдэггүй ч нурууны хэлбэр өөрчлөгдөн бөгтөр болж эхэлдэг

Тухайн хүний өндрийн хэмжээ 2 болон түүнээс их см-ээр багасна. Гэхдээ хамгийн эхний сонгодог шинж тэмдэг нь ихэвчлэн ясны хугарал, гэмтэл байдаг.

Эрүүл яс тухайн хүний өндрийн хэмжээтэй өндрөөс унахад хугарч бэртдэггүй байх учиртай.

Даралт ихдэх өвчин

Толгой өвдөх, эргэх,

Чих шуугих,

Нойргүйдэх,

Бие сулрах, залхуу хүрэх,

Ямар нэг зүйлд санаа зовоод байгаа мэт болж ажил албандаа идэвх сулрах

Зарим хүнд чамархай орчим хүчтэй лугших, гарын хуруу бадайрах, ирвэгнэх, чичрүүдэс хүрэх

Амьсгаадах, цээж давчдах, явж байснаа гэнэт зогсохоос аргагүй болон хөл бадайрах.

Бөөрний үрэвсэл


Нуруу бөөрөөр хөшиж өвдөх

Хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх

Ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг

Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх

Бөөрний өвчин хүндэрсэн тохиолдолд мөчдөөр хаван үүснэ

Бөөрний архаг дутагдлын үед

Ядарч сульдах, хоолонд дургүй болох

Нойргүйдэх, огиж бөөлжих, хоолоо идэж чадахгүй болно

Бүр даамжраад ирэхээр цус багадалт, даралт ихэсч, бөөрний бүх үйл ажиллагаа алдагдана, эвшээхэд амнаас нь шээс үнэртэнэ

Зүрхний цусан хангамж дутагдах өвчин


Ихэнхдээ өвдөлт зүүн гар (хоёр гар руу), зүүн мөр, хүзүү, эрүү, зүүн дал заримдаа аюулхай руу дамжих мэтээр мэдрэгдэнэ.

Салхи сөрж явах, шатаар өгсөх үед өвчин илүү мэдрэгдэнэ

Эхлээд шагай орчим дараа нь шилбэ хавагнаж, орой болохын хэрээр нэмэгдсээр өглөөд алга болж эсвэл багасна.

Элэгний хатуурал


Ядарна, хоолонд дургүй болж гэдэс ходоод хямарна.

Арьс шөнө их загатнана.

Биеийн булчингийн дээд хэсэг гарын булчин шуугдаж багасна.

Гарын алга халуун оргиж халуун болно.

Эрэгтэй хүний хөх томорно.

Арьс хуурайшиж харлана.

Categories
мэдээ нийгэм

Цасан болон шороон шуурга шуурна

Маргаашнаас эхлэн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар хур тунадас орж хүйтрэх

тухай мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээнйи газраас мэдээллээ.

2014 оны 10 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2014 оны 10 дугаар сарын 09-нөөс 2014 оны 10 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 9-нд баруун зүгийн нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр сар хиртэнэ

Байгаль сонирхолтой үзэгдлүүдийн нэг болох сар хиртэлт өнөөдөр17:14 минутаас эхлэх аж. Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл нар, дэлхий, сар гурав дарааллаараа нэг шугаманд давхцах үед тохиодог билээ. Судлаачдын үзэж буйгаар 2014-2015 оны хооронд нийт дөрвөн удаа бүтэн сар хиртэлт тохиох бөгөөд өнөөдөр хоёр дахь удаагийн сар хиртэлт тохиох гэж байгаа нь энэ юм байна.

Номхон далайн баруун эрэг, Шинэ Зеланд, Австралийн зүүн эрэг болон Азийн орнуудад сарны дүрс хамгийн тод ажиглагдах гэнэ. Харин сар хиртэлтийн үргэлжлэх хугацаа нь сар тойрог замын огтлолцолтой харьцуулахад ямар байрлалд байгаагаас шалтгаалдаг бөгөөд энэ удаагийнх 2-9 минут үргэлжлэнэ гэжээ.