Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн цагаан таягтны өдөр” тохиож байна

“Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий даяар аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн дүрэв гаригт тэмдэглэдэг юм. Цагаан таягтнуудын олон улсын өдрийг “Хараагүй хүмүүсийн олон улсын холбоо”-ны санаачлагаар анх 1979 онд тэмдэглэжээ. Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хайсаар ирсэн байна.

Хараагүй иргэдийн бэлгэдэл болсон цагаан таягны түүх 1921 оноос эхлэлтэй. Британийн Бристоль хотод мэргэжлийн гэрэл зурагчин Жеймс Биггс золгүй тохиолдлоор сохорчээ. Тэрээр амьдралаа шинээр эхэлсэн ба түүний хар таягийг хүмүүс, жолооч нар анзаарахгүй байсан учраас таягаа цагаанаар будуулсан байна.

Таяг хүн бүрийн анхаарлыг татаж чадсан төдийгүй түүнийг удалгүй дэлхийн бусад орнуудын хараагүй хүмүүс авч хэрэглэх болсон аж. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 37 сая гаруй хараагүй хүмүүс амьдарч байна. Харин манай оронд 15 мянга гаруй хараагүй иргэн амьдарч байна.

Categories
мэдээ нийгэм

Боомоор өвчилсөн эмэгтэйн бие сайжирсан байна

Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Бунханы-Өгөөмөр”-ийн нэгдүгээр гудамжны 9 тоотод оршин суугч 44 настай, эмэгтэй иргэн Б өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн шинжилгээний хариугаар иргэн Б “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч байгаа аж. Мөн Төв аймгийн Лүн сумын хоёрдугаар багийн нутаг “Хөшгийн-Өвөр” гэдэг газар 13 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсө байна. Дээрх малыг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь батлагджээ. Иймд сумын Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэмийг тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн газарт ассан хээрийн түймрийг унтраажээ

Өчигдөр хоёр аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр ассан байна. Хээрийн түймрийг хамгийн ойр сум орон нутгийн иргэд, онцгой байдлын албан хаагчид нэгдэн цаг алдалгүй унтрааж, цурманд оруулжээ. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг “Долоон гүнт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран нийт 58 хүн ажиллаж, түймрийг цурманд оруулсан байна. Төв аймгийн Баян сумын 1 дүгээр багийн нутаг “Буйрын цагаан толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр сумын 22 иргэн ажиллаж, түймрийг унтраажээ. Төв аймгийн Архуст сумын 1 дүгээр багийн нутаг “Рашаантын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 12 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр сумын 100 иргэн ажиллаж, түймрийг унтраасан. Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бор-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт 69 хүн ажиллаж, түймрийг унтраасан байна

Categories
мэдээ нийгэм

Дараагийн сар хиртэлт ирэх дөрөвдүгээр сард тохино

Өчигдөр /X.08/ Монгол орны цагаар 17:14 минутанд эхэлсэн сар хиртэлт 59 минут үргэлжилсэн байна. НАСА-гийн эрдэмтэд 2014-2015 оны хооронд нийт дөрвөн удаа бүтэн сар хиртэлт тохионо гэж үзэж байгаа бөгөөд өчигдөр хоёр дахь удаагийн сар хиртэлт болжээ. Энэхүү байгалийн өвөрмөц үзэгдлийг НАСА шууд дамжуулсан бөгөөд Номхон далайн баруун эрэг, Шинэ Зеланд, Австралийн зүүн эрэг болон Азийн орнуудын оршин суугчид энгийн нүдээр харах боломжтой байсан аж. Хэвлэлүүд энэ удаагийн сар хиртэлтийг “Цуст сар” хэмээн онцлон тэмдэглэжээ. Гэхдээ сар дэлхийн агаар мандлын гадаргууг дайрч, агаар мандалд нарны цацраг сарниснаар сар улаан, улбар шар өнгөтэй болж харагддаг ба энэ нь ердийн үзэгдэл хэмээн эрдэмтэд тайлбарлажээ. Харин сарны бүтэн хиртэлт харьцангуй ховор тохиолддог бөгөөд ихэнх тохиолдолд үргэлжлэх хугацаа нь богино байдаг гэнэ. Судлаачид дараагийн сар хиртэлт ирэх оны дөрөвдүгээр сарын 15-нд болно гэж таамаглаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн хоёр хэрэг бүртгэгджээ

Энэ сарын 8-9-нийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1811 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 47 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар дөрвөн хүн нас барсан, хулгайлах гэмт хэрэг 13, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх хоёр, залилан мэхлэх үйлдэл хоёр, танхайрах 11 гэмт хэрэг гарчээ. Зам тээврийн хэрэг 20, осол 24 гарч, 24 хүн гэмтсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хилээр хууль бусаар байгалийн улаан чулуу нэвтрүүлэхийг завджээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомтоор зорчигч хууль бусаар байгалийн улаан чулуу хил нэвтрүүлэхийг завджээ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч Б.Уянга энэ сарын 6-ны өдөр улсын хилийн гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийсэн байна. Энэ үеэр тус аймгийн Гурвантэс сумын иргэн Н 50 кг байгалийн улаан чулуу автомашиндаа тээвэрлэж явсныг илрүүлж, гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Голын усыг хуримтлуулан нуур бий болгожээ

Завхан голын усыг хуримтлуулснаар 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт бий болсон байна. Энэ нь Тайширын усан цахилгаан станцын усан сан юм. Нутгийн иргэд нуураа Гэгээн нуур хэмээн нэрлэж, Монгол орны газрын зурагт тэмдэглүүлэх хүсэлтээ БОНХЯ-нд ирүүлсэн байна. БОНХ-ийн Сайд С.Оюун, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай нарын хамтарсан тушаалаар Гэгээн нуурыг Монгол орны газрын зурагт тэмдэглэн байрлуулах, усны нөөцөд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулагджээ.
Ажлын хэсгийнхэн нуурын байдалтай танилцаж, хэмжилт хийхээр удахгүй явна. Хэрвээ Гэгээн нуурыг газрын зурагт тэмдэглэж, усны нөөцөд бүртгэх ажлыг албажуулбал хүний гараар бүтсэн нуурыг газрын зурагт тэмдэглэн бүртгэх анхны тохиолдол болох юм. Нэн цэнгэг ус бүхий Гэгээн нууранд монгол хадран,алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг татварт дахин мөнгө төлөхөөр болсон байна

Гаалийн ерөнхий газрынхан өнгөрсөн онд Сангийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Улаанбаатар төмөр зам-” нийгэмлэгт бүрдүүлэлтийн дараахь шалгалт явуулж, их хэмжээний санхүүгийн зөрчил илрүүлсэн. Улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт 79.5 сая төгрөгийн торгуулийн акт тавьсныг тус нийгэмлэгийнхэн эсэргүүцэж шүүхэд хандсан юм. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх уг хэргийг хэлэлцэж “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг 48 сая төгрөгийн мөнгөн торгуулийг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Уг хэргийг өчигдөр Улсын дээд шүүх захиргааны журмаар хянан хэлэлцжээ. ЭӨчигдөр болсон шүүх хуралдаанаар тус нийгэмлэг татварт 112.2 сая төгрөг бус 5.3 сая төгрөг төлөх ёстой гэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг татварт дахин мөнгө төлөх нь тодорхой болжээ.

Categories
мэдээ нийгэм

Барааг тодорхойлон кодлоход мэргэшүүлжээ

Гаалийн ерөнхий газрын харьяа газар, хороодын барааны ангилал хариуцсан Гаалийн Улсын Байцаагч нарт Барааг Тодорхойлох Кодлох Уялдуулсан Системийн чиглэлээр “Мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтанд Улаанбаатар хот дахь гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Замын-Үүд дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Сайншанд дахь гаалийн газар, Дорнод аймаг дахь гаалийн газар, Гашуунсухайт дахь гаалийн газар, Орхон аймаг дахь гаалийн газар, Говь-Алтай аймаг дахь гаалийн хороо, Бичигт дэх гаалийн хороодоос нийт 30 Гаалийн Улсын Байцаагч нар хамрагдсан байна. Мэргэшүүлэх сургалт нь БТКУС-ийн жагсаалтын XVI хэсгийн 84, 85 дугаар бүлэгт хамаарах машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийг оновчтой зөв тодорхойлж ангилах, онол арга зүйн асуудлаар цогц мэдлэг олгох, жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нэг мөр ойлгох чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгдсэн юм. Мөн ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн ГУБ Н.Цолмон, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Энхтөр нар хичээл зааж, хариуцсан чиглэлээр шинэ мэдээ, мэдээлэл өгчээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Нэгэн сургаалыг уншаад бодохдоо…

Нэг лаа нөгөөгөө асаахдаа юугаач алддаггүй гэж нэгэн мэргэн хүн сургажээ. Харин үүний үр дүнд гэрэл л нэмэгддэг. Харанхуй өрөөнд нэг лаа гэрэлтэй, харин хоёр болбол бүүр илүү гэрэлтэх нь ойлгомжтой.

Мэргэд хэн нэгний оюун ухааныг гэгээрүүлэхэд ямар ч зардал гарахгүй харин үүний үр дүнд нийгэм илүү сайхан, илүү аз жаргалтай болдгийг л ингэж зүйрлэн хэлсэн байна. Тэгэхлээр мэддэг чаддаг зүйлээ бусдадаа харамгүй хэлж өгөх нь, мэдлэг туршлага дутмаг хүмүүст зааж зөвлөх нь та өөрөө өөртөө тусалж байгаа хэрэг аж.

Хүн болгон мэдлэг туршлагатай, ухаалаг амьдарч эхэлбэл нийгэм маань гэрэл гэгээгээр дүүрэн байх болно. Нийгэм илүү гэрэл гэгээтэй байвал танд л амар амгалан аз жаргалтай амьдрахад амар байна биз дээ. Орчин үед хүмүүс бүүр их нийгэмшсэн цагт амьдарч байна. Нийгмээс өөрийгөө тусгаарлах оролдлого бүр амжилтгүй болж ирсэн түүхтэй.

Иймээс хүн бүр өөрийнхөө амьдралыг ухаалаг, бас аз жаргалтай авч явах ёстой. Хүн болгон аз жаргалтай байвал энэ хүн төрөлхтөн тэр чигтэй аз жаргалтай байх болно. Тэгэхлээр яаж аз жаргалтай байх аргаа бусдадаа харамгүй хэлж өгөөрэй. Ингэлээ гээд хувь хүний нийгмийг бүрэлдүүлэх байр суурь чинь бүдгэрэхгүй шүү гэсэн сургаал юм даа гэж дээрх үгийг уншаад бодож байлаа.

Ж.САНДАГДОРЖ