Categories
мэдээ нийгэм

Бэлэн гоймонгийн амтлагчийг хаягдал тосоор хийдэг гэв

Канадад амьдардаг Монголын иргэн олон улсын “OMNI 2” телевизийн сувгаар гарсан бэлэн гоймонгийн талаарх сэрэмжлүүлэг мэдээг илгээжээ. Тэрбээр “БНХАУ-д үйлдвэрлэдэг /康师傅/ Канг ши фу гэдэг бэлэн гоймонгийн дотор жижиг ууттай амтлагч байдаг. Түүнийг муу усны нүхнээс гаргаж авдаг хаягдал тосоор хийдэг тухай Хонгконгчууд дэлгэлээ” хэмээн мэдээлжээ. Энэ хүний илгээсэн хятад ханзаар хайлт хийхэд тус гоймонгийн үйлдвэрийн үйл ажиллагааны талаар 837 мянган илэрц гарч ирж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гэртээ хар тамхи нуусан байжээ

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, масууруулах бодистой тэмцэх хэлтсээс хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг гурван залууг өчигдөр саатуулан баривчилжээ.аН, Т, Х нар нь гэртээ хар тамхи, мансууруулах төрлийн 500 грамм бодисыг хадгалж, худалдан борлуулах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Сэжигтнүүдийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг гурван сар түдгэлзүүлэв

МХЕГ-ын дарга Д.Батмөнх энэ сарын нэгэнд Барилга хот байгуулалтын яаманд “Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай албан шаардлагыг хүргүүлсэн. Энэ дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар томилогдсон “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох” ажлын хэсгийнхэн хуралджээ. Уг хуралдаанаар барилга угсралтын “Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ тус компанийн тусгай зөвшөөрлийг МХЕГ-ын дүгнэлт болон цагдаа, шүүхийн байгууллагын шийдвэр гартал гурван сараар түдгэлзүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Буудай импортлох эрхийг хүчингүй болгожээ

ҮХААЯ, Үр тариа эрхлэгчдийн холбоо, улаан буудай импортлох зөвшөөрөл авсан гурилын үйлдвэрүүд, гурил импортлогч томоохон компаниуд хамтарсан уулзалт хийжээ. Энэ уулзалтаар тариаланчид, гурилын үйлдвэрүүд, яамны хооронд үүсээд байсан зөрчлийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Салбарын яамнаас дөрвөн компанид ОХУ-аас 49 мянган тонн буудай импортлох эрхийг өгөөд байсан. Харин энэ нь зарим гурилын үйлдвэр, тариаланчдын эсэргүүцэлтэй тулгарч багагүй асуудлыг үүсгээд байсан юм. Тиймээс гурван талын уулзалт хийж, гадаадаас оруулж ирэх буудайн хэмжээг тодорхой хэмжээгээр багасгаж, хүчингүй болгожээ. Ингэснээр тариаланчид буудайгаа гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх боломж нээгдэж буй юм. Харин буудайн үнийн хувьд гурилын үйлдвэр, тариаланчид хоорондоо тохиролцож шийдвэрлэх аж. Уг асуудалд салбарын яам оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх өлсгөлөн зарлана гэв

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн цагдан хоригдох хугацааг өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр дахин нэг сараар сунгаад буй. Тэрээр уг шийдвэрийг эсэргүүцэж ирэх долоо хонот өлсгөлөн зарлахаар болжээ. Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө зувчуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэд хурууны хээгээр хил нэвтэрнэ

Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь цахим шинэтгэлийн хүрээнд шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах зорилгоор “Э-иммигрэйшн” төслийг эхлүүлээд буй. Төслийн хүрээнд олон улсын түвшинд хүрсэн техник технологи ашиглаж улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, улмаар гадаадын иргэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг онлайнаар авах боломж бүрдүүлэх юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэлсэн. Тус программ ашиглалтад орсноор жолооч нар машинаасаа буухгүйгээр 20-30 секундын дотор хурууны хээгээ таниулан хил нэвтрэх болсон. Зөвхөн нүүрс тээврийн жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлээд зогсохгүй Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг хурууны хээгээр хил нэвтрүүлэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хороодыг шилэн кабельд холбох ажил үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж НИТХ-аар батлуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг анхан шатны нэгж хороодод шилжүүлснээр төрийн үйлчилгээ иргэнд ойртож, нийслэлийн иргэд чирэгдэлгүйгээр, хүнд сурталгүйгээр, олон шат дамжлагагүйгээр үйлчилгээ авах боломжтой” хэмээн онцолсон. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 12, Сүхбаатар дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 7, Хан-Уул дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн 6 хороог шилэн кабельд холбоод үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Тухайлбал, иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, байнгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн баталгааны цуцлалт, гэрлэлтийн баталгааны сэргээлт, дахин олголт, иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагааг олгож байна. Дээрх ажлын үргэлжлэл болох есөн дүүргийн үлдсэн 102 хороог батлагдсан хуваарийн дагуу үе шаттай холбох ажил эхлээд байна гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газар мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Допингийн эсрэг мэдээллийн цахим хуудас нээгджээ

“Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” төслийн хүрээнд www.antidoping.mn вэб хуудас нээгджээ. Тус сайт нь тамирчин, дасгалжуулагчид, спортын холбоодод зориулсан допингийн эсрэг зайн сургалтын мэдээллийн үндсэн бааз болгоход оршиж байгаа аж. Уг вэб хуудас нь дасгалжуулагч, тамирчин, спортын эмч, сэтгүүлч, сонирхогч хүн бүр допингийн эсрэг сонирхсон мэдээллээ иж бүрнээр нь авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм байна. Вэб хуудсанд зочилсоноор допинг гэж юу болох, допингийн эсрэг үйл ажиллагааны түүх, допингийн хяналтын хөтөлбөр, допингийн эсрэг дүрмийн зөрчил, допингийн шинжилгээ авах процедур, допинг хэрэглэсэн тохиолдолд авах арга хэмжээ, допинг хэрэглэхийн хор холбогдол, гарцаагүй допинг хэрэглэх тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай зэрэг бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг өрсөлдөх чадвараар тэргүүлжээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс боловсруулан гаргасан байна. Судалгааны дүнг нийтэд танилцуулахаар “Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган”-ыг аравдугаар сарын 8, 9-нд зохион байгуулсан юм. Уг чуулганы хаалт өчигдөр боллоо. Тус тайланг 2012 оноос эрхлэн гаргаж эхэлжээ. Ингэснээр аймаг бүр хөгжлийн бодлогоо тодорхойлох, үнэлэх боломжийг олгохоос гадна орон нутгийн удирдлагууд бүсийн хэмжээнд хэрхэн хамтран ажиллах гарц, шийдэлд хүргэхэд тустай юм байна. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргахад 140 үзүүлэлтийг харгалзсан аж. Монгол Улс өнгөрсөн жилийн байдлаар өрсөлдөх чадварын оноогоор 2012 оныхоос 39-өөс 62 болж өссөн ч эрэмбийн хувьд ямар ч өөрчлөлт гараагүй аж. Харин аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээр Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг тэргүүлжээ. Тайланг зөвхөн аймаг, орон нутгийн удирдлагууд биш, бодлого боловсруулагчид ч ашиглаж байгаа гэнэ. Тайланг үндсэн 140 шалгуур үзүүлэлтээр гаргажээ. Орхон аймаг гэхэд дэд бүтэц, бизнесийн орчин сайн гэсэн дүгнэлт гарчээ. Цаашид энэ давуу талаа ашиглавал илүү амжилт олно гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийнхөн хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Анкарагийн гудамжийн замын хөдөлгөөнийг түр хаана

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар Соёл Урлагийн Их Сургуультай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг 10 дугаар сарын 11-ний 11 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон нийслэлийн иргэд оролцдог тус өдөрлөгөөр СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьж, үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан ёслолын парад хийх юм. Мөн энэ үеэр нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага аж ахуйн нэгж, “Дулаан байр-Тохижилт” орон сууцны шилдэг СӨХ-г шалгаруулдаг уламжлалтай. Өдөрлөг болохтой холбогдуулан СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар хүртэлх замын хөдлөгөөнийг 10 дугаар сарын 10-ны 13 цагаас 11-ний 18 цаг хүртэл замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаана. Энэ хугацаанд тус чиглэлд явдаг нийтийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн Тээврийн газраас зохицуулалт хийж, маршрутыг өөрчилжээ. Өөрчлөгдсөн маршрутыг зургаар танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.