Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Намрын дунд сарын арван долоон

Монголчууд намрын дунд сарын арван долооны өдрийг хэзээнээс бэлгэшээж насны хань болох сэтгэлийн амрагтайгаа заяагаа зангиддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд бар өдөр давхцаж тал нутгийнхан унага тамгалах найраа хамтатган ёсолж байгаа. Эл билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд далан долоон хос гал голомтоо бадраах ёсоо үйлдлээ. Хөдөө нутагт ч олон хос тоонот гэрт толгой холбож, жаргалын дугараа мэлтрүүлж байгаа. Хүдэр залуус ороолон чавхдах унагадыг уургалан барилж, галд улайдсан тамгыг шархийтэл даран, хүлэг эрдэнээ эзний ёсоор тойлж байгаа. Намрын дунд сарын арван долооны өдөр орой намрын бороо шивэрч, уулсын орой будантан байна. Сэтгэлд гуниг, баяр ээлжлэн хургана. Угаас хүний амьдрал жаргалтай бас зовлонтой. Намар хэдий гунигтай ч залуу хосын сэтгэлд гэрэл гэгээтэй дурсамжаар дүүрэн үлддэгээрээ сайхан. “Жаргалтайн дэлгэр ээ” гэсэн уртын дууны шуранхай өргөө гэрийг нисгэх шахан жигүүрлэж, улаа бутарсан халмаг хүмүүс мөнөөх дууны үгийг гүйцэд мэдэхгүй ч “Ээ ээхийгээ” хэмээн баясгалантай сайхнаар түрэн дуулцгаана. Уяа шузга дээр мөнгөн тоног бүхий ганган боржигон эмээлтэй морьд молор эрдэнийн толгойгоо хаялан дүүхэлзэж, хазаарын амгайгаа хазлан эвшээцгээнэ. Залуу хос биесийг түшин жаргалтайхан залхуу маягаар талимааран хоймор голлоно. Өвгөд настан намбатайхан дүмбийцгээж, хэд гурван дугарааны дараа сургааль айлдан, “Халзан цагаан хонь, халтар гүүний унага аваарай” гэж халуун хошуут мал амлан мөнгөн аягатай сүүг цэнхэр хадган дээр мэлтэгнүүлэн барина. Найр хавтгайрч, өрх үүсгэж сум сунгасны жаргалтайн дэлгэр бүрдэнэ. Намрын дунд сарын арван долоонд найр хурим өрнөж, насны жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын 10 сарын 11, Санчир гараг. Билгийн тооллын18, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ эхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах , ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Хилээр нэвтрэхэд хэдхэн секунд л зарцуулна

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын санаачлагаар цахим гарц буюу автомат шалган нэвтрүүлэх төхөөрөмжтэй боллоо. Зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх нээлтийн ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд болж, цахим гарцаар анхны зорчигчийг хил нэвтрүүлсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллага, төслийн гүйцэтгэгч Sysone компани болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. Цахим гарцаар Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ, нүүрний зураг/-ийн тоон мэдээллийг ашиглан улсын хил нэвтрүүлнэ. Зорчигч нь өөрийн хурууны хээ, цээж зураг, гадаад паспорт, иргэний үнэмлэх эсвэл оршин суух үнэмлэхний мэдээллийг урьдчилан бүртгүүлж уг гарцаар үйлчлүүлэх эрхтэй болох аж. Ингэснээр нэг хүн дунджаар 14-18 секундын дотор хилээр нэвтрэх боломжтой боломжтой юм байна. Харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж уг арга хэмжээний нээлтийн үеэр “Энэ программ одоохондоо хязгаарлагдмал хүрээнд ажиллана. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс э-иммигрэйшн төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэн урьдчилсан бүртгэл хийлгэлгүй шууд нэвтрэх нөхцөл бүрдэнэ. Хязгаарлагдмал хүрээнд ажиллах хугацаанд тухайн иргэн нэг минут орчмыг өөрийн нүүрний зураг, хурууны хээн мэдээллийг өгөөд 15 секундын дараа нэвтэрнэ. Хурууны хээний тоон хэлбэрт шилжсэн мэдээллийг өөр зориулалтаар ашиглах боломжгүй, мэдээллийн санд тухайн зорчигчийн хурууны хээний зурган мэдээлэл хадгалагддаггүй учраас аюулгүй байдал бүрэн хангагдана. Цахим гарцаар зорчиж байгаа иргэн өөрийнхөө сонголтоор аль ч хэлбэрээр хилээр нэвтэрч болно” гэж ярилаа.

2015 оны нэгдүгээр сарын 1-нээс э-иммигрэйшн программ ашиглалтад орох аж. Үүний дараа Монгол Улсын иргэн заавал бүртгүүлэхгүйгээр хурууны хээгээр хил нэвтрэх боломжтой юм байна. Харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар УБЕГ-ын мэдээллийн сангаас хурууны хээний мэдээллийг татах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сэлбийг гурван жил цэвэрлэсэн хүүд С.Оюун сайд бэлэг өглөө

БОНХ-ийн Сайд С.Оюун Сэлбэ голын ойр ойрчмыг цэвэрхэн байлгахыг зорьдог 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишигийг хүлээн авч уулзаж, гэрэл зургийн аппарат, Улаан номын дээжээс бэлэглэлээ. С.Оюун сайд З.Буянхишиг хүүг магтаад “Хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлаж байвал эцэг эхчүүд ч хайрладаг болно. Хүүтэй хамт хог цэвэрлэх нь чухал ч, хог хаяхгүй байх хамгийн чухал” гэж хэлэв. Хүүгийнх найман жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 119 дүгээр хороонд нүүж иржээ. Тэр үеэс л хүү Сэлбэ голын ойролцоох хогийг цэвэрлэх болсон аж. З.Буянхишиг хүү “Зарим хүмүүс намайг гэртээ урьж халуун цай уулгадаг. Битгий шантраарай, голоо сайн цэвэрлээрэй, сайн хүүхэд байна, цаашид цэвэрлэнэ биз дээ гэж хэлдэг. Хагас, бүтэн сайн өдөр энэ хавийн айлууд бүгдээрээ нийлээд голынхоо хогийг цэвэрлэдэг болвол үнэхээр сайхан даа гэж боддог. Манай энэ хавийн айлууд нэг их хогоо хаядаггүй юмаа. Зарим нэг айл л хогоо хашаа давуулж шидчихдэг. Харин архи уудаг хүмүүс уусан архиныхаа шилийг хаядаг. Тэрийг нь жаахан хүүхдүүд тоглож байгаад гол руу шидэж хагалаад байдаг. Бас зуны улиралд хүмүүс машинаа голд угаачихаад хогоо орхиод явчихдаг” гэж ярилаа. Долоо хоног цэвэрлэхгүй байхад арван шуудай хог гардаг гэнэ. Хашааныхаа гадаа овоолохоор хогны машин ачдаггүй учраас өөрийнхөө хог гэж хэлээд ачуулдаг болжээ. Хүү хог хаядаг хүмүүст хандан “Ухамсартай байж хогоо битгий хаяж байгаасай гэж боддог. Хүүхэд эхээсээ төрөхдөө ямар ч муу бодол байхгүй төрдөг гэсэн. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ багаас нь байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад сургаасай. Хэрвээ намайг бага байхад өвөө эмээ, аав ээж нар маань байгаль орчноо хамгаал, гол усаа цэвэрхэн байлгаж хогийг нь цэвэрлэх хэрэгтэй гэж хэлдэггүй байсан бол би өнөөдөр Сэлбэ голын хогийг сайн дураараа цэвэрлэхгүй байсан байх. Бусад хүүхдүүдийн адил гадаа тоглоод л гүйх байсан” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайд дулааны станц барина

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хорин тавдугаар хурал өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөшөөрлийн хугацааг 5 жилээр сунгах асуудлыг шийдвэрлэснээс гадна “Энерго сервис монтаж” ХХК-д Дундговь аймгийн Сайнцагаан суманд Эрчим хүчний барилга байгууламж /35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц/ барих ,”Мандал Голомт”ХХК-д Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Эрчим хүчний барилга байгууламж /35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц/ барих тусгай зөвшөөрлүүдийг гурван жилийн хугацаатай олгов. Дээрх дулааны станцууд ашиглалтанд орсноор Мандалговь болон Алтай хотуудын дулаан хангамж найдвартай болж оршин суугчдын ая тухтай байдал дээшлэх юм.өМөн “Клин Энержи Ази” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах 50МВт-ын салхин цахилгаан станцын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай байгуулах Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах загвар гэрээг баталжээ.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг энэ сарын 27-нд ашиглалтад оруулна

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар засварлагдаж байгаа Бээжингийн гудамжийг энэ сарын 27-нд ашиглалтад оруулах гэж байна. Энэ гудамжны бүтээн байгуулалт ид үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 0.9 километр авто зам, 74 метр урттай гүүрийг бүрэн засварлаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Трансперенси Интернешнл” байгууллагатай авлигатай тэмцэх чиглэлээр хамтарна

Нийслэлийн цагдаагийн газраас авилгатай тэмцэх, иргэдэд өөрсдийн үйл ажиллагааг нээлттэй болгож ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Трансперенси Интернешнл” авлигын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах талаарх санал солилцох уулзалтыг зохион байгуулжээ.

Уулзалт ярилцлагад Нийслэлийн цагдаагийн газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, тус хэлтсийн гадаад харилцаа, гадаадын иргэдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Даваажаргал, Монгол Улс дахь “Трансперенси Интернешнл” авилгын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Төр-од, БНСУ дахь Трансперенси Интернешнл байгууллагын үүсгэн байгуулагч, Жуёонги аймгийн боловсролын газрын удирдагч профессор Жео-Сунг Ким нарын хүмүүс оролцсон байна.
Ярилцлагын үеэр Монгол Улсын цагдаагийн байгууллагад тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бусад орны цагдаагийн байгууллагын авилгатай хэрхэн тэмцэж байгаа талаар ярилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Дохионы хэлний сургагч багшийн сургалт эхэлжээ

Сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн газарт тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь, нас, эрүүл мэндээрээ хохирох явдал олон гардаг юм байна. Ийм шалтгаанаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн газар, онцгой байдлын албанд яаралтай түргэн тусламж хүсч мэдээлэл өгөх, мэдээлэл авах мессэж үйлчилгээг шинээр нээхээр ажиллаж эхэлжээ. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд дохионы хэлийг сурах зайлшгүй шаардлагатай байдаг учраас Нийслэлийн цагдаагийн газар холбогдох байгууллагатай хамтран дуудлагаар очиж буй цагдаа нарыг бэлтгэх, дохионы хэлний сургагч багшийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг энэ долоо хоногийн лхагва гаригаас эхлүүлжээ. Уг сургалт сарын турш үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтынхан барилгын компанийн захирлуудтай уулзлаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд барилгын салбарынхантай хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг зөвлөгөөнд барилгын салбарын 50 орчим төлөөлөл оролцож зөрчил маргаан, осол гэмтлийн талаар хэлэлцсэн юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлснээр энэ оны гуравдугаар улиралд зөвхөн барилгын салбарт 205 хүн үйлдвэрийн осолд өртсөнөөс 23 хүн амиа алдаж, 16 хүн тахир дутуу болж, 183 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ. Үүнээс үүдэлтэйгээр барилгын компаниудын техникийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид гаргасан бол төрийн байгууллагын хяналт, үнэлгээ хангалтгүй, улсын байцаагчдын орон тоо цөөн учраас бүх барилгууд дээр хяналт тавьж ажиллаж чаддаггүй, тухайн салбарын компаниуд ч дотоод хяналт, техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулдаггүй болохыг “Зуншин” ХХК –ийн ерөнхий инженер Ганбаатар, “ECC” ХХК –ийн хөдөлмөр, аюулгүйн ажиллагааны инженер Ч.Чинзориг нар хэлж байлаа. Мөн уг хэлэлцүүлгээр МХЕГ –аас хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, сургалт хөтөлбөрүүдээ танилцуулсан юм. Цаашид төр, хяналтын байгууллагын зүгээс энэ асуудал дээр хэрхэн ажиллах, барилгын салбартай холбоотой зөрчил маргааныг багасгах ямар арга, боломж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчдыг саналыг сонсож, сонирхсон асуултанд нь хариу өгч байлаа.

Categories
мэдээ нийгэм

Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалт 23 хувьтай байна

Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн бүтээн байгуулалтын ажил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд өнгөрөгч оны зургаадугаар сараас эхэлсэн. Уг төслийн хэрэгжилт ямар байгаатай ЗТЯ, ИНЕГ-ын удирдлагууд өчигдөр танилцжээ.

Төслийн бүтээн байгуулалтын ажлын явц 23 хувьд хүрчээ. Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр Японы “Мицубиши Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” корпораци ажиллаж байгаа аж. Туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй 40 гаруй компанийн 70 гаруй хувь нь Монголын аж ахуйн нэгжүүд юм байна. Төслийн хүрээнд 30 гаруй барилга байгууламж баригдах юм байна. Жилдээ гурван сая зорчигчид үйлчлэх үндсэн терминал, жилд 22 мянган онгоц хөөрч буух зурвас, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, гал унтраах авран хамгаалах албаны барилга, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан бохир цэвэр усны хангамжийн барилгууд, дулааны зуухны барилга болон 1490 метр урт инженерийн шугам сүлжээний хонгил барих ажлууд ид хийгдэж байна.