Categories
мэдээ нийгэм

Машины эд анги хулгайлах нь ихэсчээ

Энэ сарын 13-нд буюу уржигдар цагдаагийн байгууллагад машины дугуй хулгайд алдсантай холбоотой хоёр ч дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн байрны урд автомашины зогсоол дээр байсан “Гранд витара”, “Ист” машины дугуйг Орхон аймгийн харъяат, 19 настай Б гэгч бусадтай бүлэглэн хулгайлсан байсныг тус дүүргийн цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11-р хороонд хулгай хийсэн байж болзошгүй сэжиг бүхий хүн явж байна гэсэн дуудлага ирсэн. Шалгахад Баянзүрх дүүргийн 15-р хороонд оршин суух иргэний “Лексус 570” авто машины дөрвөн дугуй, түлхүүр багажийг хулгайлан явж байсан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд оршин суух, 30 настай Б-г саатуулсан. Түүнчлэн 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвгэрт “Тоёота приус”, “Гранд марк-2”, “Тоёота камри”, “Ланд круйзер” зэрэг 12 автомашины толийг сууриар нь хугалсан хэрэг гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх нарын шүүх хурал болно

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар өнөөдөр “Цэвэр агаар сан”-гийн экс удирдлага Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан, Д.Цэцгээ, Б.Чимэд-Эрдэнэ. Х.Болдмаа нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр болжээ.

Давж заалдах шатны шүүхээс “Цэвэр агаар сан”-гийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүхийг төвсийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учруулсан, хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үйлдэж ашигласан гэх үндэслэлээр найман жилийн хорих ял оногдуулсан юм. Харин Ерөнхий нягтлан бодогч М.Хуланд долоон жил, нягтлан бодогч Х.Болдмаад зургаа жил, аудит Б.Даваабаатарт таван жил нэг сар, БОЯ-ны Төрийн сангийн дарга асан Д.Цэцгээд таван жил нэг сар, н.Чимэд-Эрдэнэ таван жил нэг сарын хорих ял тус тус ногдуулж, шүүгдэгч Б.Алтантуяад нэг жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан байна. Харин Д.Гэрэл, М.Алтанбагана, Ж.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж байсан юм.

Хэргийг сануулбал, Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас санг удирдаж байсан Н.Хүрэлсүх нарыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй хэмээн үзэж, яллагдагчаар татсан юм. Энэ хэрэгт “Цэвэр агаар” сангийн экс дарга Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч байсан А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнийг сэжигтнээр тооцоод байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Шугам сүлжээний ажлын хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг зохион багуулах тухай” А/864 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны 2014 оны 59 дүгээр тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг гаргасан байна. ө Батлагдсан төсөл арга хэмжээнд шаардагдах 156 573 079 төгрөгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэжээ. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Гэр хорооллын хөгжлийн газарт үүрэг болголоо. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхчүүд 5000 мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн мод тарих өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагууБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс албад болон хороод ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалах, ард иргэдийн оролцоон дээр тулгуурлан”Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа.

Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Орлогч дарга С.Гантулга, Т.Батцогт, Т.Баясах, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон Тамгын газрын хэлтэс албадын ажилтан албан хаагчид, Нийтлэг үйлчилгээний газар- II, III, IV, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилчид нийт 650м2 талбайд 1200 ширхэг хайлаасыг16 дугаар хорооны Батлан хамгаалахын их сургуулийн хойд аюулгүйн тойргийн талбайд тарьж, хайлс хашлагатай болгосон юм. Мөн дүүргийн эвтэй 4-н амьтны хөшөө орчимд ургамлан хашлагыг нөхөн тарилт хийн, 960 хайлаасыг нэмж тарьсан.

Харин хороод цогцолбор байрны гаднах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалах үйлс нь иргэн бүрийн оролцоон дээр тулгуурлан, дүүргээс хүлээлэн өгсөн280 модыг хорооны гадна талбайд суулгаж, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулан ажилласан аж.

Түүнчлэн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” дүүргийн зүгээс иргэддээ зориулан жимсний мод болон гоёлын 845модыг тараасан юм. Харин “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд баянзүрхчүүд 5000 мод бут сөөгийг тарилаа гэж Баянзүрх дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

11-11 төвд Гаалийн дарга ажиллана

Долоо хоног бүрийг лхагва гаригт Засгийн газрын 11-11 төвд төрийн байгууллагуудын удирдлагууд ажиллаж, иргэдийн асуултад хариулдаг. Тэгвэл өнөөдөр 11-11 төвд Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат ажиллах юм байна. Тэрбээр гаалийн байгууллагын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхөө гадна иргэдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Харин иргэд асуултаа http://live.11-11.mn/ цахим хаягаар болон 11-11 дугаарын утсаар өгч болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Далайгаас өөр гарцгүй, газаргүй орнуудын зовлон гэж бас байж таараа

Эрт урьд цагт дээд өвөг маань тэнгис далайг гэтэлж ирээд “Болдсайхан эмч” нэрт нэгэн хөвүүн төрүүлснээс хойш дахиж араас уснаас ирэх тухай гомдол гаргаагүй санагдах юм. (МНТ номноос сурв) Харин буцаад далайдаа гарч тив дэлхийгээр тойрон бэдэрч арилжаа наймаа хийж байх тухай санал гомдлыг байнга тавьсаар ирсэн байдаг. Одоо бүр цаг сайхан болж Хятад улсын найман ч боомтоор гарах эрх нээгдэн Монголын далбаатай усан онгоцнууд ярайж өгөх нь.

Тэдгээрийг түрээсэлдэг, лизенц олгодог, туг далбаагаа ашиглуулах гээд маш ашигтай, янзын гоё албан тушаал байдаг гэж сонссоноос цаашгүй.

Жюль Верний “Нууцат арал” зохиол дээр гардаг лугаа амьдрал буцалж байсан ганц арлыг нь галт уул дэлбэлж орхивол хязгааргүй далайн дунд юу ч үгүй торойж үлдэх том жижиг олон ард түмэн бий. Ялангуяа дэлхий дулаарч, усанд үйж болзошгүй арлын Япон шиг олон улс орнуудын асуудлыг шийдэхийн тулд олон улсын байгууллагаас далайд гарцтай болгосны хариуд хуурай газрын гарцнаасаа илүүчлэх ээлж ирэхийг үгүйсгэх аргагүй юм.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 14-нөөс ОХУ руу визгүй зорчиж эхэлнэ

Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр байгуулсан билээ.
Тус хэлэлцээр нь 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг хэлэлцээрийн дагуу бүх төрлийн паспорттай хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчих боломжтой болж байгаа юм.
Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бага зэргийн хур тунадас орно

18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-19-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтэнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ахмад тамирчдыг сайд хүлээн авч уулзлаа

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр хүндийн өргөлт, чөлөөт бөх, хөнгөн атлетик, паурлифтинг зэрэг спортоор хичээллэж, 2007 оноос эхлэн дэлхийн томоохон тэмцээнүүд алт, мөнгө, хүрэл медаль авсан 22 ахмадыг хүлээн авч уулзлаа. Ахмад тамирчид өнөөдрийг хүртэл тив, дэлхийн тэмцээнээс 96 медаль авснаас 62 нь алт, 14 нь мөнгө, үлдсэн нь хүрэл ажээ. ССАЖЯ-наас Спортын тухай хуулийг удахгүй өргөн барих гэж байгаатай холбогдуулан ахмад тамирчдаас саналыг нь сонсож, ярилцлага өрнүүлсэн юм. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Спортын тухай хуулийн үзэл баримтлалыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар оруулж батлуулсан. Удахгүй хуулийг нь өргөн барихаар манайхаас бэлтгэж байна. Энэ хүрээнд нэгдүгээрт нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэвшил, сонирхогдчын спорт, мэргэжлийн спортыг дэмжихэд анхаарах юм. Сонирхогчдын гэдэг бүлэг дотор ахмадын сонирхогчдын биен тамирын спортыг дэмжих тал дээр хуульд заалт оруулах болно” хэмээсэн. Ахмад тамирчдын зүгээс тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад замын зардлыг буцаан олгодог болох зэргээр хуулиндаа тодорхой заалт оруулахыг сайдаас биечлэн хүслээ. Учир нь, тив, дэлхийн тэмцээнээс ахмад тамирчид өөрийн зардлаар яваад өндөр амжилт гаргаад ирэхэд, төр засгийн зүгээс санхүүгийн болон сэтгэл санааны ямар нэг дэмжлэг үзүүлдэггүй байдлыг өөрчлөх хэрэгтэйг ахмад тамирчид сануулав. Ахмадуудын энэхүү саналыг авч, хуулиндаа тусгахаар ажиллахаа ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл онцолсон юм. Дашрамд дурдахад, улсын төсвөөс жилд таван тэрбум төгрөгийг 24 төрлийн спортыг төрлийг дэмжихэд зориулан мөнгө зарцуулдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам барилгын ажилд үнэлгээ хийнэ

“Зам барилгын хүртээмжид хийх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэлгээ-2014” аяныг зохион байгуулж байна. Энэ аянаар төрийн байгууллагууд, нийгмийн үйлчилгээний салбарт баригдсан барилга байгууламжид явган хүний зам, гүүрэн гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломж бүрдсэн эсэх талаарх үнэлэлт дүгнэлтийг энэ сарын 14-20 ны өдрийн хооронд хийх аж.ХБИ –д зориулсан “Иргэний барилгын төлөвлөлтөд хөдөлгөөний хязгаарлалттай иргэдийн шаардлагыг тооцсон орон зайн орчин, үндсэн шаардлага 6055-2009”, “Авто замын байгууламж, явган хүний зам хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам Техникийн шаардлага MNS 5826-2006 болон зааврын талаар MNS 6056-2009” гэсэн гурван стандарт манай улсад хэрэгждэг аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус аяныг зохион байгуулахдаа дээрх стандарт үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээний хуудас ашиглан, сонгон авсан зам барилгууд дээр нэг бүрчлэн хэмжилт хийж, стандартын хэрэгжилт ямар байгааг дүгнэн гаргаж, зөрчилтэй барилга байгууламжуудыг тодруулан гаргаж дээрх стандартыг баримтлан ажилладаг байх талаар зөвшилцөх аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд бодитоор явж үзэн, бэрхшээл байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. Энэхүү үнэлгээний аяныг Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүд явуулж байгаа юм.

З.Батхуяг