Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дараахь үйл явдлууд болно

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

-Байнгын хороод хуралдана.

-Хуульчийн мэргэжлийн шалгалт зарлагдсантай холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэл, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх нар Хууль зүйн үндэсний хүрээлэнд 12 цагаас мэдээлэл өгнө. Шинээр батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар энэ удаагийн шалгалтыг анх удаа цахимаар авч байгаа юм.

-Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулж буй хүний нөөцийн менежерүүдийн 5 дахь удаагийн уулзалт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд 9-18 цагийн хооронд болно.

Энэ удаагийн форум “Байгууллагын хөгжил- Хүний хүчин зүйл- удирдах эв дүй” сэдвийн дор хийгдэнэ. Иймд байгууллагынхаа дунд болон дээд шатны удирдлагуудын удирдах арга барил, хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулан, шинэ туршлагатай танилцаж, олон улсын чиг хандлагаас суралцах боломжийг олгох юм.

Categories
мэдээ нийгэм

Бага зэргийн хур тунадас орж, хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орох ажээ. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-19-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө дөрвөн хэм хүйтэнээс нэг хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Харин 19-нөөс эхлэн нутгийн хойд хэсгээр хүйтрэх юм байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хамгийн анхны ээж хэнээс төрсөн бэ?

Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад бусдыг шалгааж, хэцүүхэн асуултаар улалзуулж явсан удаа нэг бус. Харин одоо надад үе үе хүндхэн асуулт тавьж, “бүдрүүлдэг” нэг хүнтэй болсон. “Ээжээ, нарыг хэн асаадаг вэ” гэж гурван настай охин маань асуухад анх удаа би нэлээд хүнд байдалд орсон. Дунд сургуульд нар сар, одны тухай ямар нэгэн хичээл үзэж байсан ч тэрхэн үедээ тоймтой юм толгойд орж ирээгүй ээ. Харин саяхан охин маань их л энгийн асуултаар яриагаа эхэлдэг байгаа. “Ээжээ, та эмээгээс гарсан тийм ээ”, “Тийм ээ, миний хүү”, “Эмээ өөрийнхөө ээжээс гарсан тийм ээ”, “Тийм ээ”. “Тэгвэл бүүр хамгийн эхний эмээ хаанаас гарсан бэ?” гэхэд нь ахиад л мухардав. Адам, Ева, алимны мод, Бөртэ чоно, Гуа марал гэсэн хэдэн нэр санаанд буусан ч таван настай охинтой ярилцахад амаргүй сэдэв аж. Хэсэг бодож байгаад бурхан руу “чихлээ”. “Бурхан хамгийн эхний хүнийг бүтээсэн юм аа, миний охин” гэлээ дээ. Дундад зууны үед ч ээжүүд иймэрхүү л хариу өгдөг байсан биз.

Хөдөө малаа хариулж яваа малчин ээжээс би мэдлэгтэй биш бас ухаантай биш. XXI зуунд, мэдээллээр бөмбөгдүүлж явдаг ч сэтгэлд үлдэж хоцордог юм дэндүү цөөхөн. “Хүмүүс мэдэхгүй юмаа бурхантай холбож тайлбарладаг байсан” гэж түүхийн хичээл дээр багш ярьсан санагдана. Тиймээ, надад мэддэг юм их. Гэхдээ л бас хамгийн эхний ээж шиг “Бурхан”-аас өөр хариулт олдохгүй үе олон юм даа.

Б.Янжмаа

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Эрээний чиглэлд тогтмол нислэгтэй болов

ӨМӨЗО-ы Эрээн хот руу жилд давхардсан тоогоор 2.2 сая орчим монгол зорчдог гэсэн судалгаа гарчээ. Өчигдрөөс буюу энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатарын хоорондын шууд нислэг нээгдсэн талаар Эрээн хотын “Сайнус” олон улсын онгоцны буудлаас мэдээлсэн байна.

МR8861/8862 дугаартай нислэг нь долоо хоног бүрийн мягмар, пүрэв, ням гаригт нисэх аж. Улаанбатараас онгоц өглөө 7 цагаас нисч, Эрээн хотод 8 цаг 45 минутад газардана. Дахин Эрээн хотоос 9.15 цагаас нисч, Улаанбаатарт 11 цагт хүрэх юм байна.

Хоёр хотын хооронд ийнхүү тогтмол нислэг нээгдсэн нь Хятад болон Монголын агаарын шугамыг цаашид хөгжүүлж, хоёр талын эдийн засаг худалдаа, соёл, аялал жуулчлалын солилцоог ахиулах болно гэж Эрээний “Сайнус” Олон улсын нисэх онгоцны буудлын ажилтан мэдэгджээ.

Эрээн хотын нисэх буудал нь байгуулагдаад удаагүй Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал юм. Мөн 2800 м-ийн урттай 45 м-ийн өргөнтэй цемент бетон хучилт бүхий хөөрч буух зурвас, явгалах зам, перронтой, зорчигч үйлчилгээний хоёр хоолойтой аж.

Categories
мэдээ нийгэм

“Монголын хөгжил үндэсний нэгдэл” хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал ирүүлжээ

Хуулинд заасан заалтын дагуу “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХКомпани нь “Монголын хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн эзэмшиж байсан нийт хувьцааны 90% -ийн хяналтын багц хувьцааг худалдан авах санал гаргасныг Монголын Хөрөнгийн бирж олон нийтэд мэдээлсэн байна. Аливаа компанийн хяналтын багцыг худалдан авахдаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 22.1.1, 22.4 дэх заалтын дагуу хяналтын багцыг худалдан авах санал гаргагч нь СЗХ болон нийтэд зэрэг мэдэгдэж, хувийг биржид ирүүлсний дараа багцын арилжааг зохион байгуулах боломж нь нээгддэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зүрхний эмгэгийг бүрэн эмчлэх лаборатори нээгдлээ

Ерөнхий сайдын багцын 2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зүрхний оношилгоо, эмчилгээний тасагт хамгийн орчин үеийн өндөр технологийн шинэ лаборатори нээгдлээ. Хүүхдийн зүрх судасны эмгэгийг дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологиор оношилж, эмчлэх энэ лаборатори Азид 7 дахь нь болж суурилагдсан юм. Зүрхний катетер-ангиографийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Герман улсын Siemens пүүсээс авчээ.

Шинэ лабаритори нээгдсэнээр өмнө нь зөвхөн гадны эмч нарын баг ирэхэд л хийдэг байсан хүүхдийн зүрхний эмгэгийн нарийвчилсан оношилгоо, судсан дотуурх хагалгааг Монголын эмч мэргэжилтнүүд эх орондоо бие даан хийх боломжтой болж байна.

“Би 2007-2008 онд Туул ротари клубын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа зүрхний төрөлхийн эмгэгтэй 30 шахам хүүхдийг Солонгос улсад хагалгаанд явуулж байлаа. Энэ клубын шугамаар одоогийн байдлаар 300 гаруй монгол хүүхэд гадаадад эмчлүүлсэн. Тэгвэл одоо нарийн мэргэжил, өндөр технологи шаардсан өртөг ихтэй энэ төрлийн оношилгоо, эмчилгээг эх орондоо хийж чаддаг боллоо” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг лабораторийн нээлтэд оролцохдоо онцлоод, эмч мэргэжилтнүүдээ улам чадавхижуулан сургахыг эмнэлгийн удирдлагуудад захилаа. ЭХЭМҮТ өнгөрсөн хугацаанд эмч мэргэжилтнүүдээ Америк, Солонгос улсуудад сургаж дадлагажуулсан байна.

Лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулснаас хойшхи цөөхөн хоногийн дотор зүрхний төрөлхийн гажигтай 11 хүүхдэд эмчилгээ хийсний 6-д нь судсан дотуурх хагалгаа хийжээ. Энэ хүүхдүүд гадаадад эмчлүүлбэл тэрбум төгрөгийн зардал гаргах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Модон бөмбөгийхөн Малайзыг зорьжээ

Манай улсын модон бөмбөгийн шигшээ баг оюутны ДАШТ -д оролцохоор Малайз улсыг зорьжээ. Тус тэмцээн нь Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо энэ сарын 21 -26 –ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Манай шигшээ багийн бүрэлдэхүүнд Ш.Батжаргал, М.Сугарсүрэн, Б.Оюунтуяа, Б.Хишигжаргал, Г.Батбуян, Д.Мөнх-оргил, Г.Ижилцэцэг, Г.Энэрэл, Э.Энхтүвшин, Д.Даваадорж, Ц.Баасанжаргал, Б.Баянбулаг нар багтсан байна.Тэд энэ сарын 20 –ны өдрийг хүртэл Малайзийн Перлисийн их сургуулийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийгээд 21 –нээс эхлэн тэмцээндээ оролцох юм байна. Модон бөмбөгийн оюутны ДАШТ –д манай улсын шигшээ өмнө нь оролцож тавдугаар байранд орж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэвтрэх цэгүүдийг термокамераар хянаж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эбола өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй тохиолдолд авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангажээ. Одоогоор хилийн нэвтрэх цэгүүдэд термокамераар хяналт хийж буй аж. Халдварын нууц хугацаандаа зөөвөрлөгдөж, улс оронд орж ирсэн хойноо өвчлөх явдал гарч байгаа тул иргэд болгоомжтой, сэрэмжтэй байх, шаардлагагүй бол өвчлөл гарсан орнуудад зорчихгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай холбогдох газруудад мэдэгдэхийг тус байгууллагаас анхааруулж байна.

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн мэдээллээр энэ сарын наймны байдлаар дэлхийн 8 оронд 8471 хүн эбола вирусаар өвчилж, 4076 (48%) хүн нас баржээ. Тэдний 416 нь эрүүл мэндийн байгууллагуудын ажилтан байгаа бөгөөд 233 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Оргил рашаан сувилал”-д шаардлага хүргүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанид хийсэн санхүүгийн шалгалтын тайланг мэдээлэв. Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Тодруулбал, тус компанин нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүддээ хууль бусаар 20.5 сая төгрөгийн урамшуулал, томилолтын мөнгө олгосон байж. Мөн хуулийн фермтэй хамтран ажиллаж, сар бүр нэг сая төгрөг шилжүүлдэг байсан аж. Түүнчлэн тендер, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр компанидаа хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авч байсан зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс МХЕГ-ын улсын байцаагчид акт тогтоон, зөрчлөө арилгах албан шаардлагыг “Оргил рашаан сувилал” –д хүргүүлээд байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс CRIRSCO-гийн гишүүн боллоо

CRIRSCO буюу олон улсын нөөцийн стандартын хорооны ерөнхийлөгч Т.Эдмундо, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн ерөнхийлөгч Д.Дамба нар Монгол Улсыг CRIRSCO- гийн гишүүн байгууллагаар элсэн оруулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг байгууллагад Монгол Улсыг төлөөлж Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл, УУЯ-ны сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ нарыг гишүүнээр ажиллахыг санал тавьсаныг хүлээн зөвшөөрлөө. Манай улсын хувьд CRIRSCO 8 дахь гишүүн улс болж байгаа юм. ө CRIRSCO нь ашигт малтмалын нөөцийг тайлагнах ажлын олон улсын стандартын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор 1994 онд байгуулагдсан олон улсын байгууллага бөгөөд бүрэлдэхүүнд нь Австралийн JORC, Канадын CIM, Өмнөд Африкийн SAMREC, АНУ-ын SME, Чилийн Comision Minera, Европын PERC, ОХУ-ын НАЭН код хамаардаг. Тус байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэн орсноор Монгол орны ашигт малтмалын ордуудын нөөцийн тайлагнах асуудлыг олон улсын хэмжээнд нээлттэй болгож гаднын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдэж байна. Мөн Монгол Улсын үндэсний геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн, итгэмжлэгдсэн шинжээчид дэлхийн түвшинд оюун ухаанаа уралдуулах боломж нээгдэж байна.