Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шороон шуурга шуурна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голуудын сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

12 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах зорилгоор сүүлийн жилүүдэд нөөцийн мах бэлтгэн худалдаанд гаргаж байгаа. Харин өнгөрсөн хоёр жил Дархан-Уул, Орхон аймагт нөөцийн мах худалдан борлуулж эхэлсэн. Учир нь, бусад аймгийг бодвол харьцангуй олон хүн амтай гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яам үзсэн байна.

Тэгвэл ирэх жилийн хавар эдгээр аймгийн нөөцийн махны хэрэглээг “Дархан мийт фүүдс”, “Эрдмийт” компани хангах аж. Тэд тус бүр 1000 тонн мах бэлтгэн нийлүүлэх юм.

Харин нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан мах бэлтгэх компаниудын нэрс хараахан тодроогүй байна. Өөрөөр хэлбэл, “Нөөцийн махны менежер”-ийн төсөл сонгон шалгаруулалтын явцад “Мах маркет” компаниас гомдол гаргасан аж. Тиймээс сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар болж, энэ сарын 14-нөөс нээлттэй зарлаад буй аж. Шалгарсан компаниуд 12 мянган тонн мах бэлтгэн ирэх хавар хэрэглэгчдийн гарт хүргэх юм.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн эмнэлгийн хажууд хоёр шатахуун түгээх станц барьжээ

Манай улсад стандартын дагуу, ном журмаараа хийгддэг зүйлс бүр цөөрсөн. Тэр тусмаа шатахуун түгээх станцуудыг Монгол Улсын хууль дүрмийг мөрддөггүй хэмээн нийслэлийн иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг билээ. Энэ асуудал зөвхөн нийслэлийн иргэдэд тулгардаггүй аж.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдэд ийм нэгэн хүндрэлтэй асуудал тулгараад буй юм байна. Тодруулбал, энэ зун тус сумын “Эрүүл мэндийн төв”-ийн баруун, зүүн талд шатахуун түгээх станц зэрэгцүүлэн барьжээ.

Уг нь “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль” болон “Галын аюулгүйн норм, нормативын баримт бичиг”-т зааснаар шатахуун түгээх станцыг Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, хэвтэж эмчлүүлдэг эмчилгээний байгууллагуудын эдэлбэр газрын хилээс 100 метрээс дотогш зайд барихыг хориглоно хэмээн заасан байдаг.

Дэлгэрцогт суманд баригдсан шатахуун түгээх станцууд сумын эмнэлгээс 20 метр ч хүрэхгүй зайд баригдаж дээрх хуулийн заалтыг зөрчжээ. Мөн сумын төвд баригдаж буй шатахуун түгээх станц “Тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулахаар төлөвлөнө” хэмээн Монгол улсын барилгын норм ба дүрмийн 1.2-т тодорхой заасан байдаг.

Энэ бүх хууль дүрмийг зөрчин, шатахуун түгээх станцыг эмнэлгийн хажууд барьж байхад сумын засаг дарга болон Дундговь аймгийн Мэргэжлийн хяналт шаардлага тавиагүй нь үнэхээр хачирхалтай. Уг нь “Стандартын бус баригдаж буй шатахуун түгээх станцын барилга байгууламж барих үйл ажиллагааг Монгол улсын стандарт /MNS 4628-98/ зааснаар Мэргэжлийн хяналтын газар шууд зогсоох эрхтэй хэмээн заасан байдаг.

Дэлгэрцогт сумын иргэд шатахуун түгээх станц эмнэлгийг нь тойрч баригдсанаас хойш тухтай ч эмчлүүлж чадахгүй байгаагаа мэдэгдлээ. Учир нь өрөөндөө агаар оруулахаар салхивчаа онгойлгохоор шатахуун үнэртээд, зарим өвчтөнүүдийн толгой өвдөх, дотор муухай оргих энүүхэнд аж.

Хүн эрүүл болохын тулд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Харин Дэлгэрцогт сумын иргэд эрүүл болох нь бүү хэл шатахуун бүхий амьсгалж, залгилж байна. Цаашлаад тус шатахуун түгээх газруудад гал гарвал араасаа ямар их хор хохирол үзүүлж болохыг Дундговь аймгийн холбогдох албаны хүмүүс анхааралдаа авна биз ээ.

Categories
мэдээ нийгэм

1950-1960 оны барилгуудыг дэс дараатайгаар дахин төлөвлөлтөд хамруулах шаардлагатай гэж үзлээ

Нийслэлийн Засаг даргын “Үзлэг шалгалт зохион байгуулах тухай” А/632 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б. Бадралаар ахлуулсан ажлын хэсэг нь 1950-60-аад онд баригдсан орон сууцны барилгуудын чанар, аюулгүй байдалд үзлэг шалгалт зохион байгууллаа. Шалгалтын хүрээнд эдгээр барилгуудын үндсэн эрсдлийг тогтоож, мэргэжлийн чиглэлийн дүгнэлт гарган, болзошгүй аюултай үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн болгоомжгүй байдлаас үүсэх эрсдэл, эмзэг байдлыг бууруулах цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт гарган мэргэжил арга зүйн зааварчилгаа зөвлөгөө өгсөн байна. Шалгалтад нийт 76 барилга хамрагдсан бөгөөд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ.


Барилга байгууламж инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацаа дууссан. Барилгын дээврийн хөндийд хог, тоосонцор, шувууны сангас хуримтлагдсан, дээврийн хучилтанд реклам, сурталчилгааны самбарыг тооцоо судалгааг үндэслэхгүйгээр байрлуулсан, орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн нь чанар аюулгүй байдалд нөлөөлж газар хөдлөлтөнд тэсвэргүй болгосон байна. Мөн цахилгааны ачааллыг нэмэгдүүлсэн, аюулгүй байдал хангагдаагүй байгаа нь гамшгийн нөхцөл байдал үүссэн үед оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэл учруулах нөхцалийг бүрдүүлсэн байна гэж үзжээ. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай 1950, 1960 онд баригдсан, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөнд оруулан буулгаж, шинээр барилгажуулах ажлыг дэс дараатай гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулан цаашид хийх ажлын төлөвлөгөөг гаргах үүргийг холбогдох газруудад өглөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид төмсний нухашнаас хорджээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн зургаадугаар ангийн хүүхдүүд салат, төмсний нухашнаас хордлого авсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдлоо.

Зургаан хүүхдийн шинжилгээнээс “Staphylococcus aureus” буюу “Алтлаг стафилакокк” илэрсэн байна.

Тэдний идсэн салат, салатанд орсон хүнсний бүтээгдэхүүн, ус, арчдас болон ходоодны угаадсанд шинжилгээ хийхэд холимог салат, байцааны салат, ходоодны угаадаснаас “Staphylococcus aureus”, “Дархангэрэл” ХХК-ийн хиамнаас гэдэсний савханцар, “Staphylococcus aureus”, төмсний нухашнаас “Bacillius cereus”, “Staphylococcus aureus”, арчдаснаас гэдэсний савханцар илэрсэн аж.

Хүүхдүүд “Ургац баяр” тэмдэглэх гэж гэр гэртээ төрөл бүрийн салат, төмсний нухаштай бялуу, жимс, үзэм, чацарганы шүүс, будаа, хиамтай ороомог зэргийг ангидаа авчирчээ.
Үүнээс идсэн 16 хүүхэд хордлого авч сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад бие нь сайжирч эмнэлгээс гарсан. Бусад 16 хүүхэд, багш, ар гэрийнхний биеийн байдал хэвийн байна.

Categories
мэдээ нийгэм

Азийн топ модель Т.Туяамаа хайраа нууцалж байна

Азийн топ модель Т.Туяамааг загвар сонирхогчид андахгүй ээ. Түүнийг уншигч та бүхэн “Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзэн, “Хятад улсад болсон Олон улсын тэмцээнээс Азийн топ модель болж байснаар нь илүүтэй танина.

Ганц бие сайхан бүсгүйчүүдийг олон эртэй нэр холбогддог нь нууц биш. Тэрбээр Мөрөөдлийн театрын жүжигчин Болорчулуунтай үерхэж байгаад салсан гэдэг. Тэд арван жилийн ширээнээс буюу долоон жилийн өмнөөс Болорчулуунтай үерхэж, оюутан болоод хамт амьдарч байсан.

Өнгөрсөн онд бадарч Амай буюу Ж.Золбаяртай хэсэг хугацаанд үерхэж байгаад салсан. Хосууд “UBS Music Video Awards-2013” наадамд хамтдаа хөтлөлцөн ирж олонд хайраа зарласан. Гэвч Амай өөр бүсгүйг амьдралын ханиараа сонгож, тэдний харилцаа дуусгавар болсон билээ. Тэгвэл Мисс Т.Туяамаа өнгөрөгч есдүгээр сард хайртайгаа учирсан талаараа цахим найзууддаа дуулгасан. Түүний хайрын эзнээ ихэд нууцалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

УДБЭТ-ын хамт олон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулна

УДБЭТ-ын хамт олон 52 дахь тоглолтын улирлын нээлтээ хийж, уран бүтээл нөр их хөдөлмөртөө шамдан ажиллахын сацуу Улаанбаатар хотын ногоон байгууламжийг бага ч атугай хэмжээгээр нэмэгдүүлж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор театрынхаа урд талын явган хүний талбайг хөрсжүүлэн мод тарих гэж байна.

Тус үйл ажиллагаа нь 2014 оны 10-р сарын 18-ны 14:00 цагаас албан ёсоор эхлэх бөгөөд театрын удирдлагууд, уран бүтээлчид болон албан хаагчид бүгд гар бие оролцоно.

УДБЭТ-ын анги бүр өөрийн нэрэмжит модтой болж, Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах гэж байна.
Тус театрын өмнөх явган хүний талбай дээр автомашинууд гарч явган хүний явах зам, талбайг хааж, театрын ажиллагсдыг автомашины хорт утаагаар хордуулдаг байсныг театр 2013 онд өөрийн хүчээр хаалт хийж цэгцэлснээр одоо явган хүний талбайд автомашин явахаа болиод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийг авлигын эсрэг сургалтад хамрууллаа

Сэтгүүлчдэд зориулсан авлигын эсрэг сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. “Глоб интернэшнл” ТББ-аас санаачлан АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй “Засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн хүрээнд энэ удаагийн сургалтыг өндөр түвшний авлига гэж юуг ойлгох, энэ хүрээнд сэтгүүлчдийн олон нийтэд мэдээлэл хүргэхдээ анхаарах асуудлын хүрээнд явуулсан юм. Сургалтын үеэр “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал “Эрх мэдлийг хяна, их мөнгийг хяна” сэдвээр илтгэл тавьсан бол өндөр түвшний авлигын талаарх ойлголт, олон улсын чиг хандлагын асуудлаар “Эмэгтэй удирдагч сангийн Удирдах зөвлөлийн дарга В.Удвал сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон өндөр түвшний авлига, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх, бодит нөхцөл байдлын талаар санал солилцож, сонирхсон асуултад хариулсан юм. Мэргэжлийн хүрээнд эрсдэлтэй байдалд өртөх магадлал өндөртэй мэргэжил сэтгүүлчид юм гэсэн дүгнэлтийг олон улсын судлаачид гаргасан байдаг. Үүний үр дүнд сэтгүүлчдэд авлигын тухай боловсрол, мэдээлэл өгөх нь хамгийн зөв алхам гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Уг сургалтанд сэтгүүлчид идвэхтэй оролсон юм.

З.Батхуяг

Categories
мэдээ нийгэм

Г.Алтанхүүд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Хамтран амьдрагчаа зодож, амь насыг нь бүрэлгэсэн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдсоны эцэст өнгөрөгч наймдугаар сарын 12-нд болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг зөрүүтэй байсан учир дахин шалгахаар болсон юм.

Тэгвэл уг хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусч, прокурорт шилжүүлээд байгаа аж. Өнгөрөгч наймдугаар сард болсон анхан шатны шүүх хурлаар талийгаач 21 настай Ц-ийн үхлийн шалтгаан нь цөсний цорго цоорсон, гадны нөлөөгөөр хэвлийн хөндийн битүү гэмтэл үүссэний улмаас амиа алдсан гэж гаргасан билээ. Харин удаах шинжилгээний дүн мөн л үхлийн шалтгааныг эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарласан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийнхэн нийтийн цэвэрлэгээ хийлээ

Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлчүүд “Бүх нийтийн их цэвэрлэгээ” хийж байна. Уг цэвэрлэгээний ажлыг Нийслэлийн Засаг даргын ажлын албанаас санаачлан Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамрагдсан бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу, аж ахуйн нэгж байгууллагын орчин, үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэхээс гадна шон болон байгууламж дээр наасан зарлалын хуудсыг арилгасан юм. Ингэснээрээ хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг нэмэгдүүлж, иргэдийн аятай таатай орчинд эрүүл амьдрах боломжийг олгож бүрдүүлж байгаа гэдгийг зохион байгуулагчдийн зүгээс онцлон хэлж байлаа. Цэвэрлэгээнд иргэд хөдөлмөрчид идвэхтэй оролцон өөрсдийн амьдардаг гудамж, хорооныхоо хогийг хүртэл цэвэрлэж нийслэл хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулж байлаа. Мөн хоёр өдөр дараалан цэвэрлэгээ хийж байгаа аж ахуй нэгжүүд хүртэл байсан юм.

З.Батхуяг