Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төв талбайд 100 гаруй аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүнээ 20-50 хувийн хямдралтай худалдаална

Нийслэлийн 375 жилийн ойд зориулан “Нийслэлийн өдөр”-өөр буюу 10 сарын 29-ний өдөр Их эзэн Чингис хааны талбайд “Их хотын хямдрал 375” өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа болон хямдралтай худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжийн төлөөллүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал 375” өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцож, 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулна. Тухайлбал:

“Дархан нэхий” ХК -50 хувь, “Буян” ХХК өөрийн үйлвэрийн 100 нэр төрлийн барааг -50 хувь, “BEST SHOES” ХХК -50 хувь, “Эксклюзив” ХХК бүх бараандаа -50 хувь, “Саян-Уул” ХХК мах махан бүтээгдэхүүндээ 20 хувь, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, Транс трейд”, “Мах-Импекс”, “Очир дагинас”, “MCS кока кола” ХХК, “Миш маш” ХХК, “Тесо” корпораци, “Сүү”, “Алтантариа” ХХК, “НВЦ” ХХК-иуд Нийслэлийнхээ төрсөн өдрийн баяраар иргэддээ хямдрал, бэлэгтэй худалдаагаар үйлчлэх юм. Мөн өөрийн байрандаа Боса худалдааны төв 50 хувь, Үсчин,гоо сайхны газрууд хямдралтай тарифаар иргэдэд үйлчилнэ.

Энэхүү хямдрхалтай худалдааг нийслэлийн төв талбайгаас гадна дүүрэг бүрд зохион байгуулах юм.

-Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо “Яармаг” худалдааны төвийн гадна талбайд
– Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Цэрэндоржийн гудамж
-Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
– Баянгол дүүргийн 15 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө Байгаль эх цогцолборын гадна талбайд, 19 дүгээр хороо Ард Аюушийн гудамж “Смарт” худалдааны төвийн гадна талбайд
– Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Жуковын нэрэмжит талбайд тус тус болох юм.

Хямдралтай худалдаа Их эзэн Чингисийн талбайд 11 цагаас иргэдэд үйлчилж эхлэх бол 13:30 цагаас худалдааны цан цохиж албан ёсоор эхэлнэ. Энэ үеэр “НВЦ” ХХК 5 метр диаметртэй хамгийн том Омлет хийж, залуу тахианы тэжээллэг өндөгөө 180 төгрөгөөр худалдаалах бол Арьс ширний холбооноос Нийслэлийн ойг тохиолдуулан 375 хос арьсан бээлийг 50 хувийн хямдралтай борлуулах зэрэг олон бэлэг иргэддээ барихаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдийн хямдралтай худалдаж буй хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана. Хямдралтай худалдааг дэмжин ажиллаж, идэвхтэй оролцож буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөл “Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед түрээсийн мөнгө төлөхгүйгээр иргэддээ үйлчлэх боломж олгож байгаа зохион байгуулагчдад талархал илэрхийлээд, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнүүдээ хямдралтай худалдаална” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалах яаманд шинэ томилгоо хийгдлээ

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгч нарыг өнөөдөр шинээр томиллоо. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хурандаа Г.Сайханбаяр, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэчээр хурандаа П.Жаргалан, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бригадын генерал Г.Энхбаатар нарыг сонгон шалгаруулж томилсон байна.

Шинээр томилогдсон офицерууд бүгд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи буюу “Генералуудын академи”-ийг төгссөн бөгөөд цэргийн мэргэжил, дадлага туршлага зэргээрээ салбартаа тэргүүлэх төрийн алба хаагчид аж.

Categories
мэдээ нийгэм

Харүмафүжи их аварга түргэн тусламжийн автомашин бэлэглэжээ

Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 200 сая төгрөгийн өртөгтэй иж бүрэн тоноглогдсон автомашиныг бэлэглэжээ.

Хиймэл амьсгал хийх болон дусал залгах хэрэгслээр бүрэн тоноглогдсон тус машиныг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл болон Нэгдсэн эмнэлгийн хамт олон хүндэтгэн хүлээн авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хөршийг холбох төмөр зам Монголоор дайрна

ОХУ, БНХАУ-ын нийслэлийг өндөр хурдны төмөр замаар холбох төслийг хэрэгжүүлэх болсон тухай businessinsider.com цахим хуудас мэдээллээ. Ингэснээр Транс-Сибирийн аяллыг хоёр өдөрт багтаан хийх боломж бүрдэх юм байна.

Одоогоор Москвагаас Бээжин хүртэл аялахад зургаан өдөр зарцуулдаг аж. 7000 гаруй км энэхүү төмөр замыг тавихад 230 тэрбум ам.доллар (144 тэрбум фунт стерлинг)-ын хөрөнгө оруулах тооцоо гарчээ. Энэ нь Бээжингээс Гуанжоу хот хүртэлх буюу дэлхийн хамгийн урт хурдны төмөр замаас даруй гурав дахин урт байх гэнэ.

Тэгвэл дээрх төмөр зам Монголоор дайран өнгөрөхийг урд хөршийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Москвад айлчлах үеэр төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг томоохон бүтээн байгуулалт нь хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэдэл болох аж.

Хэрэв хурдны төмөр замын санхүүжилт түвэггүй шийдэгдвэл таван жилийн хугацаанд барих боломжтойг “Beijing times” сонин мэдээлжээ. Эхний ээлжинд Москвагаас Бүгд найрамдах Татар улсын нийслэл Казань хот хүртэл 803 км төмөр зам барих сонирхолтой байгаагаа БНХАУ-ын зүгээс илэрхийлснийг CCTV уламжилсан байна. Дашрамд дурдахад, зорчигчдыг хоёр хөршид галт тэргээр шууд хүргэх үйлчилгээг 1954 оноос эхлүүлж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Хан-Уул дүүрэгт дугаар сарын 04-нөөс 10-р сарын 17-ны өдрийн хооронд 32 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэж, 302 мэдээллийг захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгжид учирсан 21,2 сая төгрөгний хохирлыг нөхөн төлүүлжээ. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт Гамшиг, аюулт үзэгдэл , техникийн холбогдолтой ослын дуудлага ирээгүй. Гал түймрийн 6, гал түймрийн зөрчлийн 5 дуудлага, нийт 11 дуудлага ирснээс 1 гал түймрийг иргэд унтрааж, 10 гал түймрийг гал унтраах ангийн хүчээр унтраажээ.
Баянгол дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт – 892 зөрчил бүртгэгдэж нийт 10,972,000 төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Дүүргийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс цагдаа, мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтран дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр хүнсний худалдааны “ТОСА” төвд гэнэтийн шалгалт зохион байгуулсан ба шалгалтаар Тарваганы мах-1 ш, мөн тарваганы хүн мах болон дотор эрхтэн 24 боодол, нэрмэл архи 12 сав буюу 960 литрийг илрүүлэн хураан авч устгажээ. Зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийж зөрчилтэй, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 7 иргэнийг баривчлан түр саатуулж төвийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Түүнчлэн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт 13 удаагийн обьектын гал түймэр гарч үүнээс хогийн цэг шатсан 6 удаагийн дуудлага гарч Онцгой байдлын албан хаагчид голомтод үүрэг гүйцэтгэжээ.
Баянзүрх дүүрэгт гэмт хэргийн зөрчлийг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад нийт дуудлага 3,5 хувиар, гэмт хэргийн шинжтэй дуудлага 9,3 хувиар, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага 5,8 хувиар өссөн байна. 2014.10.03-ны өдрөөс 2014.10.17-ны өдрийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагагүй, гал түймрийн 42 дуудлагатай байлаа. Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 14 хоногийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд 3 удаа зохион байгуулжээ.
Налайх дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 14 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэн, 10 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, 129 мэдээллийг захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд 290000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн.Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нийт хэргийн 7 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр, 1 нь хүнд, 0 онц хүнд хэрэг байна.
14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сурагчидад сургалт явуулж, 2 дугаар хорооны Тайж, Нарлаг хэсгийн 130 айл өрхөд үзлэг шалгалт хийж 21 зөрчлийг газар дээр нь арилгуулж, таравган тахал өвчөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан хяналтын постыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс татан буулгажээ.
Сүхбаатар дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Захиргааны хариуцлагын тухай хуулиар 468 хүнийг 1,825,227 төгрөгөөр, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 6 хүнийг 1,450,000 төгрөгөөр, тамхины хяналтын тухай хуулиар 4 хүнийг 200,000 төгрөгөөр, эрүүлжүүлсэн 386 хүнийг 1,104730 төгрөгөөр торгож арга хэмжээ авчээ. Мөн зам тээврийн ослын холбогдолтой нийт 826 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 29, осол, зөрчлийн шинжтэй 39 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн 13-р хороо, Өрхийн эмнэлэгтэй хамтран тус хорооны иргэдэд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан. Сургалтад 60 иргэн хамрагдсан байна. Мөн дүүргийн “Блю скай” ХХК, “Оршил констракшн” ХХК, ЭМЖЖ эмнэлэгийн нийт 426 албан хаагчид гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулжээ.
Харин Багахангай дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй 5, захиргааны зөрчлийн шинжтэй 10 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос гэмт хэргийн шинжтэй 5, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 8 нэгжээр тус тус өссөн байна. Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 13 иргэнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 4 иргэнийг 75.000 төгрөгөөр торгож, 1 иргэнийг 20 хоног баривчлуулж захиргааны арга хэмжээ авсан байна.
Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар сарын 15-ны байдлаар Дүүргийн хэмжээнд эхний 14 хоногт гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд хулгайн гэмт хэрэг 9 буюу 45,0 хувийг, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэрэг 4 буюу 20,0 хувийг тус тус эзлэж байгаа нь нийт гэмт хэргийн 65,0 хувь байна. Иймд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг 14 хороодын нутаг дэвсгэрт машинт болон явган эргүүл хариуцсан чиглэлүүдийг өөрчлөн зохион байгуулснаар үйлдэгдсэн эзэнгүй хулгайлах гэмт хэргийн гаралт буурсан байна. Дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн 14 хоногийн хугацаанд объектын 24, Гамшиг ослын 3 удаагийн дуудлага гарч Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд шуурхай ажиллан иргэд аж ахуй нэгж байгууллагад учирч болох 180 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/634 захирамжийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын ажлын хэсэг Эмээлт, Баруунтурууны авто вокзалууд дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж хоногт дунджаар 900 – 1500 автомашинд хяналт шалгалтыг явуулж байна.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь 1-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг /54088 хүн ам бүхий/ хариуцан ажилладаг. Эдгээр хороодын хэмжээнд 2014 оны 9 сарын сүүлийн 14 хоногт 63, 2014 оны 10 сарын эхний 14 хоногт 62 гэмт хэрэг бүртгэгдэн 1 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1323 дуудлага мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 15 хоногоос 8 нэгжээр буюу 0,6 хувиар буурсан. Ирсэн дуудлага мэдээллийн 1266 нь жижүүрээр, 57 нь өргөдлөөр бүртгэгдсэн байна. Мөн Замын Цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүнээс гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 402 жолоочийг илрүүлэн эрхийг хасч замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцох боломжгүй 86 тээврийн хэрэгслийг түр саатуулан журамлажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уран барилгын хөгжлийн асуудлаар сургалт явуулав

Шинжлэх ухааны Академиас академичдын цуврал лекцийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ. 19 дэх удаагийн зочин эрдэмтнээр Академич, Монгол улсын Зөвлөх архитектор Д.Хайсамбуу уригдан оролцсон бөгөөд энэ сарын 17-ны өдөр Монгол-Япон төвийн их танхимд “Монгол уран барилгын хөгжил, онол аргазүй” сэдвээр лекц уншлаа. Тус лекцэд академичид, барилгын салбарын үе үеийн төлөөлөл, эрдэмтэн багш нараас гадна тус мэргэжлээр суралцаж буй оюутан залуучууд оролцсон юм.

Монгол улсын Зөвлөх архитектор Д.Хайсамбуу монголчуудын уран барилгын түүх, хөгжил, “монгол архитектур” гэж юу болох, түүний онцлог болоод өнөөгийн хотжилтын үйл явц, барилга бүтэн байгуулалтын онцлог, давуу болон дутагдалтай талуудыг эрдэмтэн хүний хувьд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж байв.

Академич хэлэхдээ “Манай улсад архитектурын нэгдсэн бодлого дутагдаж байна. Ингэснээр эдийн засгийн хүчийг илтгэсэн урьд хожид байгаагүй өвөрмөц хийцтэй тэнгэр баганадсан аварга барилгуудыг босгон хүчирхэгжүүлэх бодлого явагдах боллоо. Нөгөө талаар иргэд зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангаад эхэлсэн тул дийлдэхгүй болж энэ эмх цэгцгүй орон зай гудамж талбай үүсч байна. Хот сууринг барихдаа техникийн хөгжилтэй уялдуулсантай нийлж, байгалаас хамааралтай байдал нь улам алдагдах болж техник хэрэгслийн хүчээр байгалийг өөрчилж барих боллоо доо” хэмээн өнөөгийн хотжилтын талаарх байр сууриа илэрхийлсэн юм. Лекцийн төгсгөлд ШУА-ийн дэргэдэх “Эрдэм” клубээс академич Д.Хайсамбууд баяр хүргэн, талархал илэрхийлж “Алтан морь” гардуулан өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Гамшигт үзэгдэл нэмэгдэхийг анхаарууллаа

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, нөлөөллийн тухай тав дахь тайлан илтгэл хэвлэгдэн гарчээ. Дэлхийн 300 гаруй эрдэмтэд 2008 оноос хойш ажиллаж, 70 гаруй орны 1700 шахам эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын дүнг нэгтгэн уг тайлан илтгэлийг боловсруулж, 12000 гаруй мэргэжилтэн, судлаачдын саналыг тусгажээ. Уг тайлан илтгэлд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрт улам тодорхой ажиглагдаж, улс орнуудын байгаль орчин, нийгэм-эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар, нөлөө үзүүлж, ноцтой эрсдэл бий болгож байгааг дурджээ. Агаарын температур дахин хоёр градусаар нэмэгдвэл дэлхийн эдийн засгийн жилийн алдагдал 0.2-2 хувь хүрнэ хэмээн тооцоолсон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, учруулах үр дагавар нь 2007 онд гаргасан тайлан илтгэлийн үзүүлэлтээс төсөөлж байснаас ч ихээр давж, эрсдэл нь эрс нэмэгдсэнийг тэмдэглэсэн байна. Ингэхдээ ихэнх бүс нутгуудад хур тунадас өөрчлөгдөж, цас мөсөн бүрхүүл эрчимтэй хайлж байгаа нь усны нөөц болон чанарт ихээхэн нөлөө үзүүлж, энэ нөлөөлөл улам бүр нэмэгдэх шинжтэй байгааг анхааруулжээ. Мөн хуурай уур амьсгалтай зарим бүс нутагт улам хуурайших, улмаар гангийн учруулах хохирол нэмэгдэж байна. Ингэснээр таримал ургамал, ялангуяа үр тарианы ургамлын ургац зарим бүс нутагт 25 хүртэлх хувиар буурсныг тайлан илтгэлд дурдсан байна. Энэ нь ядуу орнуудын хүнсний аюулгүй байдал сөргөөр нөлөөлж эхэлжээ.

Мөн илтгэлд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэт халалт, хүйтрэл, хүчтэй салхи шуурга, аадар бороо, их цас, үер зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлийн учруулах хохирол улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ байдал цаашид улам нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний музейд шинэ үзмэр нэмэгдлээ

Монголын үндэсний музейд түр үзэсгэлэнгийн танхимд долоон сарын турш дэглэгдсэн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа өнгөрөгч долоо хоногт боллоо. Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийг ойг тохиолдуулан тус үзэсгэлэн өнгөрсөн дөрвөн сарын 08-нд нээж байсан юм. Үзэсгэлэнг энэ хугацаанд гадаад дотоодын нийт 55196 үзэгч үзэж сонирхохын сацуу өндөр дээд хэмжээний айлчлалаар ирсэн зочид төлөөлөгч үзэж сонирхжээ. Мөн Алтай ятгыг хоёр хөршийн төрийн тэргүүнийг айлчлалаар ирэхэд нь бэлгэнд өгсөн аж. Хаалтын ажиллагааны үеэр “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнг нээхэд хүндтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монголын Улсын засгийн газрын хүндэд өргөжлөлөөр шагналаа.

Мөн энэ үеэр МУИС-ын Археологи, антропологийн тэнхим болон Археологийн хүрээлэнгийнхэн Монголын үндэсний музейд шинэ үзмэрүүдийн дээжийг хүлээлгэн өглөө. Уг үзмэрүүдийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Төрбат ахлагчтай судлаачид Монгол Алтай судлалын хүрээлэнтэй хамтран 2008-2010 онд зургаан хадны оршуулага илрүүлсэн бөгөөд эдгээрийг ХБНГУ-д Сэргээн засварлажээ. Тус үзмэрүүд нь XIII-XY зууны үеийн монголчуудын эдийн соёлын биет дурсгал болох шибилгэр гэзэг, харцага малгай, эмэгтэй дээл, эсгий ширдэг зэрэг үнэт үзмэрүүд байлаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар –Дархан чиглэлд Рейлбусаар үйлчилж эхэллээ

Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрээр РА-2 төмөр замын рейлбусыг аравдугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд өдөр бүр аялуулахаар болсон байна.

Ингэхдээ Рейлбус нь өглөөний 09.40 цагт Улаанбаатараас гарч 13.33 цагт Дарханд хүрсэнээр, Дарханаас 13.54 цагт гарч, Улаанбаатарт 18.12 цагт ирэх аж. Улаанбаатар-Дарханы чиглэлийн РА-2 рейлбус Зүүнхараа, Мандал зэрэг өртөөгөөр дамжин өнгөрөх юм байна.

Рейлбусаар Улаанбаатар-Дарханы хооронд том хүн 20700, хүүхэд 8900 төгрөгийн, Улаанбаатар-Зүүнхараа хооронд том хүн 17300, хүүхэд 7300 төгрөгийн, Зүүнхараа-Дархан хооронд том хүн 15500, хүүхэд 6900 төгрөгийн үнэтэй тасалбараар тус тус зорчих гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт хотод дугуйн зам нээлтээ хийжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн залуусын “Зөв залуус” клубын санаачилсан “Эрүүл мэндийн зам” төслийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд дэмжиж, тус үйлдвэрийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүллээ. Орхон аймаг стандартын дагуу баригдсан, Монгол улсад хамгийн урт 5,6 км дугуйн замтай боллоо. Нээлтийн ёслолд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа, Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт, ОХУ-аас Орхон аймагт суугаа ерөнхий консул Р.Р.Ракшаев болон үйлдвэрийн цех нэгжийн удирдлагууд, ажилчны төлөөлөл оролцлоо. Эрүүл мэндийн зам нь 2 м өргөн, 5,6 км урт бөгөөд замыг зориулалтын дагуу ашигласан нөхцөлд 25-30 жил ашиглах боломжтой юм. “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд дахин шинэ төслийг амжилттай хэрэгжүүлж, Эрдэнэт хотын иргэд, үйлдвэрийн ажилчдынхаа эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн байна.