Categories
мэдээ нийгэм

Т.Батаарын 22 найз маргааш ирнэ

Манай улс өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр АНУ-тай “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх” гэрээбайгуулсан.

Уг гэрээний хүрээнд Т.Батаараас хойш хууль бусаар хил давж АНУ-д очсон 22 үлэг гүрвэлийг эх оронд нь авчрах “Бид ирлээ” үйл ажиллагаа маргааш Туушин компаний хяналтын бүсэд болох гэж байна.

Эдгээр олдворуудыг 40 тоннын чингэлэгт 29 хайрцагт хуваан ачуулжээ. Нийт тээвэрлэлтийн зардал 100 мянга орчим ам.доллар болсон байна.

Дээрх үлэг гүрвэлүүд 68-80 сая жилийн настай бөгөөд долоон том, 15 жижиг үзмэр байгаа ажээ.

Эхний ээлжинд шууд үзэсгэлэнд тавихад бэлэн тав, зургаан үзмэрийг энэ сарын 31-ны өдөр үлэг гүрвэлийн музейд дэлгэн үзүүлэх юм байна.

Палеонтологи археологийн музейн шинэчлэл төслийн хүрээнд хууль бусаад хил нэвтэрсэн монголын үлэг гүрвэлүүдийг хайх ажлыг эрчимтэй явуулж байгаа бөгөөдодоогийн байдлаар Мияамид найм, Францад хоёр олдвор байгаа нь тогтоогдож, нутаг буцаахаар болжээ

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2635 тонн хог цэвэрлэжээ

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд 6899 аж ахуйн нэгжийн 37310 иргэн оролцоннийт 963886ам метр зам талбайгаас2635 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэжээ. Мөн нийтийн тээврийн35 байршлын автобусны эцсийн буудлуудыг цэвэрлэсэн байна.

Нийслэлийн 78 харьяа газар, агентлагийн 2879 ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцож Их тойруу, Их Монгол Улсын гудамж, Энхтайвны гүүрний урд хойд хэсгийн гүүрэн доогуурх эргэлттэй зам, Нарны замаас Хайлаастын далангийн үзүүр,Сэлбэ голыгцэвэрлэлээ. Мөн Дунд гол, Замын цагдаагийн төмөр замын гармаас Энгелсийн гүүр, Засгийн газрын ордноос 7 буудал, Нарны гүүрнээс Наран туулын уулзвар хүртэлх Нарны замыг цэвэрлэжээ.

Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Улаанбаатар сан, Улаанбаатар лифт, Өсвөр үе хүнс, Багачууд хүнс, Дотоод аудит гэх мэт байгууллагууд их цэвэрлэгээнд идэвхитэй оролцсон.

Баянгол дүүргийн “Сувилахуйн сургууль” , “Хаан” банк, “21 дүгээр зуун” ресторан, “Бадмаараг” төсөл, Туул 13-7 Ветьнам засвар, Гарма гаржид хийд,Москва комплекс, Жаргалан дэлгүүр”, Дэлгэрэх” СӨХ, Кинова төвийн урд байрлах Вьетнам авто засвар,”Галын дөл” СӨХ, “Гэрлэн чимэглэл” “УБ Палас”, “Алейка” бөөний төв, “Манай эмнэлэг” ӨЭМН, Хан-уул дүүргийн Мандах 68 СӨХ, “Элигант Хаус”, Сонгинохайрхан дүүргийн “Магнай шатахуун түгээгүүрийн станц” , Монгео ХХК, Сүлжуу ХХК, Нарны зайн үйлдвэр, Жинст өргөө ОС-ны контор, Ар жанар ХХК, Сайхан хангай дэлгүүр, Орчлон кафе, Андууд караоке, Өнөр кафе, Анар үсчин, Байгаль үсчин гэх мэт аж ахуйн нэгжүүд их цэвэрлэгээнд гараагүй байна. Цаашид цэвэрлэгээнд удаа дараа гараагүй, хог хаягдлын хуулийн дагуу орчны 50 м хүртэлх газраа цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын үхрийн махнаас татгалзав

ОХУ-д мах нийлүүлэх талаар нэг сарын өмнө тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины тохиролцсоны дагуу Өвөр Байгалын хязгаар Монголын үхрийн махыг импортлохгүй.

Өрнөдийн орнуудаас авсан эдийн засгийн хориг арга хэмжээний уршгийг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар даван туулж байна гэж тус хязгаарын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Сергей Новиченко мэдээлжээ.

“Махны хомсдолтой байгаа баруун бүс нутгийг манай бүс нутаг бүрэн хангана” гэж тэрбээр хэлсэн байна.

Түүнтэй Өвөр Байгалын хязгаарын парламентын даргын нэгдүгээр орлогч Сергей Михайлов санал нэгтэй байна. Тэрбээр “бидэнд одоогоор Монголын махыг импортлох шаардлага гараагүй байна” гэж мэдэгджээ.

Новиченкогийн хэлснээр, Монголын махыг зөвхөн нутаг дэвсгэрээрээ дамжуулан тээвэрлэх боломжтой. Энэ асуудлыг зөвхөн Өвөр Байгалын хязгаарын албан ёсны төлөөлөгчид хэлэлцэх боломжтой бөгөөд тэд 10 дугаар сарын 15-нд хэлэлцээ хийхээр Монголд очно гэж “Чита.ру” цахим хуудсанд мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Оросын түүхч 1932 оны бослогын талаарх номын дээжээ өргөн барив

Түүхч С.Л.Кузьмин, Ж.Оюунчимэг нарын бичсэн “Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого” хэмээх номын нээлт болон энэ асуудлаарх хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Зохиогчид 1932 оны зэвсэгт бослого юунаас болж яагаад гарах болсон нөхцөл байдал, босогчид хэнийг түшиглэсэн, бослого яагаад дарагдсан зэрэг асуултад өмнө нь хаалттай, хэвлэгдэж байгаагүй оросын архивын материалуудыг түшиглэн хариулахыг хичээжээ.

Тэд архивын олон эх сурвалж, баримт бичгүүдийг шүүн тунгааснаар үнэн хэрэгтээ энэ бослого гарах болсон шалтгаан нь түвд, япон буюу монголын дээд лам нар, феодалууд биш байжээ.Түүний дотоод шалтгаан нь тухайн үед МАХН-аас хэрэгжүүлсэн “зүүний нугалаа”, гадаад шалтгаан нь ЗСБНХУ-д БХК/б/Н-ын хэрэгжүүлж байсан социализмыг Монголд экспортлосон явдал байв гэж дүгнэсэн байна.

1922-1932 оны хооронд Монголд хуйвалдаан ба бослого 20 удаа гарч тэдгээр нь лам феодалуудын эсрэг биш, харин шинэ засгийн газрын эсрэг чиглэсэн бослогууд байсан байна. Эдгээрээс хамгийн өргөн хүрээтэй бослого 1932 онд гарсан бөгөөд түүнд үрэгдсэн босогчдын тоо 1915 хүн, засгийн газрын отрядуудаас 409 хүн алагдсан байна.

Зохиогчид номондоо, ОХУ, Монгол Улсын архивын 90 гаруй баримт, эх сурвалж, газрын зураг, гэрэл зургуудыг хавсаргажээ.

Энэ номыг хянан тохиолдуулсан О.Батсайхан нь 1932 онд Монголд болсон түүхэн үйл явдлын талаарх дотоод, гадаадын мэдээ, баримт бичгүүдийг харьцуулан үзэж, уг бослого гарахын өмнөх үйл явц, бослого гарах үеийн нөхцөл байдал, бослогын үйл явц, түүний үр дагавар, зорилго, арга, талуудын хүчний харьцаа зэргийг нягтлан үзэх оролдлого хийсэн нь сайшаалтай гэжээ.

Номын нээлтийн арга хэмжээ, хэлэлцүүлэгт номыг зохиогч С.Л.Кузьмин, Ж.Оюунчимэг болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны төлөөлөл оролцов.

Энэ номыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс ивээн тэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон 2791 хүний амь, 38 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

Сүүлийн хоёр жилд онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн 11,6 хувийг, барилга байгууламжийн 14 хувийг шинэчилж, нийт албан хаагчдын 91 хувийг зориулалтын хувцас хэрэглэлээр хангалаа. Аврах гал унтраах 8 ангийн барилга болон улсын нөөцийн механикжсан агуулахын барилга баригдаж байна. Болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд зарлан мэдээлэх орчин үеийн систем нэвтрүүлж, аврах ажиллагааны техник хэрэгсэлдээ парк шинэчлэл хийсэн нь манай салбарт томоохон дэвшил авчирлаа гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж хэллээ.

Газар хөдлөлт, байгалийн гамшиг зэрэг болзошгүй аюулын үеийн зарлан мэдээллийг өмнө нь утсан холбоогоор дамжуулдаг байсан бол ОБЕГ-ын дэргэд “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв” байгуулснаар дуут дохиолол, телевиз, радиогоор ард иргэдэд богино хугацаанд анхааруулга хүргэх нөхцөл бүрджээ. Онцгой байдлын албаны хэмжээнд 530-аад техник хэрэгсэл ашиглаж байгаагийн дийлэнх нь 40-45 жил ашиглагдсан, элэгдэж хоцрогдсон байна. Тэгвэл одоо гал сөнөөгч, аврагчид бүрэн тоноглолтой автомашин, квош, аль ч улиралд, байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завь зэргийг ашиглаж эхэлжээ. Эхний ээлжинд хамгийн эрсдэлтэй ажил гүйцэтгэдэг алба хаагчдынхаа ажиллах нөхцөлийг ийнхүү сайжруулсан, энэ шинэчлэлийг цаашид үе шаттай үргэлжлүүлнэ гэж ОБЕГ-ын удирдлагууд хэллээ.

Онцгой байдлын албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирснаар сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан 7558 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 2791 хүний амь нас, 38 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Онцгой байдлын албаны албан хаагчид дэлхийн халуун цэг Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо үүргээ нэр төртэй биелүүлэн мэргэжлийн ур чадвараа олон улсад таниулсаар байна. Удахгүй Монгол Улс олон улсад эрэн хайх, аврах багтай болно. НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үнэлгээний баг манай улсад ажиллаж, зөвлөмж өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу олон улсын түвшинд эрэн хайх, аврах үйл ажиллагаа явуулах чадвартай аврагчдыг бэлтгэнэ ОБЕГ-ын удирдлагууд онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д 53 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигыг 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилгоор “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн 375 жилийн ойг угтан 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн байдлаар тус шагналд давхардсан тоогоор 53 байгууллагыг нэр дэвшүүлсэн бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 28-ны өдөр 18 цагаас Баянгол ресторанд болно.

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ыг автозам, барилга, дэд бүтэц-инженерийн байгууламж, дэвшилтэт шинэ технологи бүхий үйлдвэр гэсэн дөрвөн салбарт шилдгийг тодруулна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д нэр дэвшүүлэх урилгыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Хөрөнгө оруулалтын газар, Өмчийн харилцааны газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам, тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн 9 дүүрэг, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Барилгын холбоо, Монголын авто замчдын холбоо гэх зэрэг байгууллагад хүргүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын зам талбайн тохижилт, бохирын цооногийн хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна зам талбайн тохижилт, бохирын цооногийн ажлыг зохион байгуулах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар бага сургууль, цэцэрлэгийн гадна зам талбайн тохижилт, бохирын цооногийн ажилд нийт 146,5 сая төгрөгөөр зарцуулах бөгөөд уг хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ БАГА
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН
ГАДНА ЗАМ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ, БОХИРЫН ЦООНОГИЙН
АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг
1 Гадна зам талбайн тохижилтын ажил 113,9
2 Бохирын цооног 32,6
НИЙТ 146,5
Categories
мэдээ нийгэм

Манайх эбола дэгдсэн орны иргэдэд виз олгохгүй

Эбола цусархаг халууралт халдварт өвчин 2013 оны сүүлээр Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад дэгдэж, одоогийн байдпаар АНУ, Испани, Сенегал Улсад бүртгэгдээд байгаа билээ.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тус өвчний тархалт өндөр байгаа бүс нутгийн иргэдэд тодорхойгүй хугацаагаар хувийн урилга, виз олгохгүй байгаа болно.
Манай байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэд эбола цусархаг халууралт халдварт өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг зөвлөж байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм

Хилийн мэргэжлийн хяналт шинэчлэгдэж байна

Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монгол Улсын Шадар сайдын “Жагсаалт батлах тухай” 2014 оны 60 дугаар тушаалаар “Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт”-ыг баталсан.

Уг тушаалын дагуу нийт 5744 ангиллын бараанд хяналт хийж байсан хуучин эрх зүйн орчинг шинэчлэн, эрсдэл багатай 3550 ангиллын барааг хилийн мэргэжлийн хяналтаас чөлөөлж гадаад худалдааг хөнгөвчлөх эрх зүйн орчинг бүрдүүлж, импортын хяналтын үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байгаа билээ.

Импортлогчид “Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт” -д ороогүй бараа импортлох тохиолдолд хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийхгүй бөгөөд хуульд заасны дагуу импортлогч нь хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах үүрэгтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчид нөлөөлвөл хариуцлага хүлээнэ

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр нөлөөллийн мэдүүлгийн асуудлаар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт есөн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлсэн байна. Нийт ирсэн нөлөөллийн мэдүүлгийн 56 хувь нь дарамтлах заналхийлэх, 22 хувь нь гүтгэх доромжлох, 11 хувь нь шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох, 11 хувь нь нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр шүүгчийн шийдвэрт нөлөөлөхийг завдсан байна. Үүнээс холбогдох хууль тогтоомжийн дагуу дээрх мэдүүлгэд ажиллагаа хийж таван хэргийг эрх бүхий байгууллагад шилжүүлснэс хоёр хэргийг шийдвэрлэж, торгуулийн арга хэмжээ оногдуулса бол хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Харин үлдсэн дөрвөн хэрэгт ажиллагаа хийж байгаа талаар мэдээллээ. Шүүгчид нөлөөлөхийг завдсан нь тогтоогдвол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл уг байгууллагыг албадан татан буулгах, 30 хүртэлх хоног баривчлах зэргээр арга хэмжээ авах юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөлд ирсэн дээрх есөн хэргийн олонх нь иргэний хэргүүд бөгөөд шүүгчийг гүтгэх, доромжлох, заналхийлэх байдлаар нөлөөлөхийг завджээ.

Харин шүүгч алдаатай буруу шийдвэр гаргасан тохиолдолд иргэд Шүүгчийн ёс зүйн хороонд хандах эрхтэй. Тус хороонд шүүгчтэй холбоотой 100 гаруй өргөдөл, гомдол иржээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 439 шүүгч ажиллаж байна.