Categories
мэдээ нийгэм

Нэг сарын хугацаанд хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хорилоо

Нийслэлийн засаг даргын 2008 оны 191 тоот захирамжийн дагуу жил бүрийн гуравдугаар сарын 20-оос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-оос 11 дүгээр сарын 20-ны хооронд буюу авто зам эвдрэхэд эмзэг болсон газрын хөлдөлт, гэсэлтийн үед хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хорьж байхаар заасан билээ.

Энэхүү захирамжид тусгаснаар нийслэл хотын хотын авто замд бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг хийдэг. Хязгаарлалтанд хамрагдах гудамж зам нь 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо, Яармагийн товчооноос дотогш замууд хамаарна.Иймд хүнд даацын ачааны автомашинтай хувь хүн, албан байгууллагуудыг захирамжийг дагаж мөрдөхийг Нийслэлийн замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зам тээврийн ослоор хохирсон иргэдийн өдөр

Хууль зүйн яамнаас баталсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг өнөөдөр зохиохоор боллоо.

Өдөрлөгийн хүрээнд зам тээврийн осолд өртсөн таван тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар осолд орсон тайлбарын хамт таван ачигч автомашин дээр ачсан автомашин, цагдаа, эмнэлэг, шуурхай алба, эмнэлгийн автомашинууд, явган зорчигч иргэдийн цуваа өглөөний 10.00 цагт Баянзүрх дүүргийн нутаг Чулуун-Овооны аюулгүй тойргоос баруун тийш Энхтайваны өргөн чөлөөгөөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун чиглэлийн авто вокзал буюу Драгон төв орж, тэндээсээ Чингисийн талбай дээр ирэх юм. Чингисийн талбайд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг зохиож, иргэдэд ослоос урьдчилан сэргийлэх уриа, санамж сэрэмжлүүлэг, гарын авлага, ном, брошюр тараах юм.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

ОХУ руу 100 мянган тонн үхрийн мах нийлүүлнэ

ҮХААЯ-наасОрос улстай хийсэн хэлэлцээрийн дагуу махны экспортоо нэмэгдүүлэхээр болсон билээ. Одоогоор манай улс хойд хөршид жилд 10-11 мянган тонн мах нийлүүлдэг байна. Тэгвэл дээрх тоог 100-110 мянган тоннд хүргэнэ хэмээн ОХУ-ын үйлдвэрлэгчид тооцоолж буй аж. Ингэснээр манайх ОХУ-ын үхрийн махны гол нийлүүлэгчдийн нэг болох юм.

Үхрийн махны эхний тээвэрлэлтээ хийхэд бараг бэлэн болсон талаар ОХУ-ын мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Энэ нь Бразил, Өмнөд Америкийн орнуудаас өндөр зардлаар тээвэрлэдэг орон зайг нөхөх боломжтой гэж хойд хөршийн худалдан авагчид үзэж буй аж. “100.000 тонн гэдэг нь ОХУ-ын үхрийн махны нийт импортын 15-20 орчим хувь юм. Хөрш Монгол Улстай хамтран ажиллах нь маш ашигтай. Ялангуяа Уралын компаниудад ложистикийн хувьд давуу талтай” хэмээн тус улсын Махны холбооны тэргүүн Мушег Мамиконян өгүүлжээ. Одоогоор ОХУ-ын үхрийн махны импортын 80 орчим хувийг Латин Америкийн орнууд бүрдүүлдэг байна.

Өмнө нь манай улс энэ байр суурийг эзэлж байсан ч 2010 онд малын өвчин гарч, хориг тавьснаас хойш бүтээгдэх үүнээ нийлүүлэх боломжгүй болсныг дээрх цахим хуудсанд тэмдэглэжээ.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Бааварын хэргийг цагаатгажээ

“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаяр хоригдож байхдаа гал тавьсан гэх хэрэг нэлээдгүй дуулиан тарьж байсан. Тэгвэл түүнийг шүүхийн шийдвэрээр цагаатгасан байна. Тодруулбал, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх өчигдөр хэлэлцэж, Ш.Батбаярын цагдан хорих 461 дүгээр ангид гал тавьсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн цагаатгажээ. Энэ хэргийг шүүх хэлэлцэхдээ хорих ангийн албан хаагчдад ажил үүрэгтээ хайнга хандсан гэж оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг харин хэвээр үлдээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Жолооны ард зөв дадалтай байхыг уриалав

Өнөөдөр “Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр”. Энэ өдөр олон улсад зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж, жолоо барихдаа, замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөх зөв дадалтай болохыг уриалдаг уламжлалтай. Манай гариг дээр нэг жилд 1.3 сая хүн зам тээврийн ослоор амиа алдаж, 50 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог баримт байна. Манай улсад сүүлийн 15 жилд зам тээврийн ослоор 5041 хүн амиа алдаж, 11020 хүн хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд зам дээр 423 хүн нас барж, 1282 хөдөлмөрийн чадвараа алдсан харамсалтай тоо баримт байдаг. Энэ нь өдөр бүр нэгээс илүү хүн хэн нэгэн жолоочийн буруугаас цаг бусаар амиа алдаж байна гэсэн үг. Зам тээврийн ослын 97.2 хувь нь жолоочийн, 2.6 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болжээ. Тиймээс жолооч нар, явган зорчигчдод зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өөрөөсөө эхлүүлэх уриалгыг цагдаагийн байгууллагаас гаргажээ. Согтуугаар жолоо барихгүй байх, хамгаалалтын бүсээ тогтмол хэрэглэх, хурдаа тааруулах, жолооны ард гар утсаар ярихгүй байх зэрэг энгийн зүйлсийг өөртөө мөрдлөг болгоход л зам тээврийн ослоос сэргийлэх, өөрийнхөө болон бусдын амь насыг аврах бүрэн боломжтойг уриаллаа. Мөн явган зорчигч ногоон гэрэл ассан үед гарцаар гараад хэвшчихсэн байхад өөрийгөө зам тээврийн ослоос хамгаалах нөхцөл бүрдэх юм.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

“Шүгэлхүүгийн аялал” комик ном хэвлэгдэн гарлаа

Бага насны хүүхдийн насны онцлог, сэтгэхүйд тохирсон замын хөдөлгөөнд зөв аюулгүй оролцуулах, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох зорилгоор “Шүгэлхүү” баатарыг амьлуулан “Шүгэлхүүгийн аялал” нэртэй комик номын эхийг бэлтгэж хэвлүүлэн хүүхэд багачуудад тараахад бэлэн болоод байна. Уг номыг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн замын цагдаагийн газар хамтран гаргаж байгаа бөгөөд эхний ээлжинд 1000 ширхэгийг хэвлэн хүүхэд багачууддаа үнэ төлбөргүй тараахад бэлэн болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хаанаас ч Улаанбаатарын гудамжаар аялах боломжтой боллоо

2014 онд баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч “Google” компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлж байна. Google компанитай хоёр жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр маргааш Чингис хааны талбайд “Google street view” албан ёсны нээлтээ хийх гэж байна.

Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой болох юм.
Дэлхийн 60 орчим улсын 4000 орчим хотын 8 сая км замын дүрслэл өнөөдөр Google street view-д бүртгэгдээд байна. Street view- ийн тусламжтайгаар Вашингтон, Нью-Иорк, Лондон, Парис, Токио, Хонг-Конг, гэх мэт томоохон хотуудад аялал хийх боломж нээгдээд байгаа бол төв Азийн бүс нутагтаа Street view-д бүрэн хэмжээнд орж байгаа анхны хот нь Улаанбаатар болж байна.

Categories
мэдээ нийгэм

Залуу хүний заавал унших 100 номын жагсаалтын саналыг иргэдээс авна

Хорих ангид хүмүүжигчид ном уншиж ялын хоногоо хасуулах “Номоор нээе” төсөл 12 сараас хэрэгжиж эхлэх юм. Төслийн хүрээнд хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах үүнээс төсөлд шаардлагатай номын нэрсийг сонгон авах, шалгалтын тестийг боловсруулах, төслийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах, ШШГЕГ–т албан ёсоор ном болон тестийн шалгалтын материалыг хүлээлгэн өгөх, төслийн нэгдүгээр шат хэрэгжиж буй хорих ангиуд дээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байгаа аж.

Мөн залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргахад иргэдээс сошиал ертөнцөөр нээлттэй санал авах, мэргэжлийн байгууллагууд болох Монголын зохиолчдын эвлэл, Сэтгэл судлалын үндэсний төв, Монголын лектор төв, салбар яамд, их сургуулиуд руу албан бичиг хүргүүлсэн бөгөөд нэр хүндтэй хүмүүсээс мөн санал авч байгаа юм байна.

Төслийн нэгдүгээр үе шатанд хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэхь хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдах юм. Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбарынхан хандивын аянд нэгджээ

Монгол Улсын нэрийн хуудас, монголчуудын бахархал болсон “Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулууны гадаадад элэг шилжүүлэх эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” аян өрнөж байна. Энэхүү аяны хүрээнд энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд “Эгшгэн өргөл” хандивын тоглолт болох юм.

Боловсролын салбарынхан энэхүү аянд нэгдэн өөрсдийн сэтгэлийн хандивыг өргөхөөр шийджээ. Ингэхдээ аравдугаар 24-нд “Эгшгэн өргөл” тоглолтыг боловсролын салбарынханд зориулан дахин тоглуулахаар болсон байна. Монголын их дээд сургуулиудын консорциум энэхүү тоглолтод салбарынхаа эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчдийг хамруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Ариунбаатар олон улсын наадмын тэргүүн байр эзэллээ

Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж амжилт гаргаж байсан Улсын Филармонийн дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дахин олон улсын дуурийн наадмын тэргүүн байрыг эзэлсэн баяртай мэдээг дуулгалаа. Тэрбээр энэ удаад ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын 3-р уралдаанд амжилттай оролцон тэргүүн байрыг эзэллээ.

Сонирхуулахад, Г.Ариунбаатар ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дуучин байсан. Өдгөө Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд Монголын нэрт хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой хамтран “Монгол сонгодог” тоглолтоо хүргэж байсан билээ.